Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Намсрайн Нарангэрэл |
Хэргийн индекс | 182/2023/01784/И |
Дугаар | 182/ШШ2023/03061 |
Огноо | 2023-11-01 |
Маргааны төрөл | Цалин хөлсний маргаан, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 11 сарын 01 өдөр
Дугаар 182/ШШ2023/03061
2023 11 01 | 182/ШШ2023/03061 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: оршин суугч, Ж.Ч- -гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Т ХК / -д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Ажилгүй байсан хугацааны цалин 23,383,720,90 төгрөг гаргуулах тухай
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Ж.Ч-,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Мөнгөнцэцэг,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Эрдэнэболд,
Хариуцагчийн өмгөөлөгч Г.Ганцэцэг,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Жаргалсайхан нарыг оролцуулан хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ж.Ч- нь хариуцагч Т ХК-д холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин 23,383,720,90 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:
1.Нэхэмжлэгч Ж.Ч- шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Т ХК-ийн гүйцэтгэх захирлаар 1996 оноос ажиллаж байгаад 2010 оны 05 дугаар сарын 13-ний өдөр Т ХК-ийн ТУЗ-ийн шийдвэрээр ажлаас халагдсан. Чингэлтэй дүүргийн шүүхийн 2010 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 1488 тоот шийдвэр, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2011 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 96 тоот тогтоолоор гүйцэтгэх захирлын ажилд эгүүлэн тогтоосон. Чингэлтэй дүүргийн шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 182/ШШ2018/00327 тоот шийдвэр, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 947 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 001/ХТ2018/01304 тоот тогтоолоор “... ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 28,575,744.00 төгрөгийг хариуцагчаас гаргуулсугай” гэж шийдвэрлэж байсан. Намайг ажилд эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэр гарснаас хойш 12 жилийн нүүр үзэж байгаа бөгөөд энэ хугацаанд Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 001/ХТ/2018/01304 тоот тогтоолоор ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлсийг нэг сард 300,000 төгрөгөөр тооцож байсан боловч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл 320,000 төгрөг болж, 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл 420,000 төгрөг болж, 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 550,000 төгрөг тус тус өөрчлөгдөөд байна.
Иймд 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл 218 хоногийн дундаж цалин хөлсийг нэг сард 300,000 төгрөгөөр тооцож /300,000:21.5/x218 хоног =3,041,860.47 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл 251 хоногийг тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 320,000 төгрөгөөр тооцож /320,000:21.5/х744 хоног =3,735,813.95 төгрөг, 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл 744 хоногийг тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 420,000 төгрөгөөр тооцож /420,000:21.5/х744 хоног =14,533,953.50 төгрөг, 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш нэхэмжлэл гаргасан 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 81 хоногийг одоо мөрдөгдөж буй хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 550,000 төгрөгөөр тооцож /550,000:21.5/х81= 2,072,093.02 төгрөг нийт 1294 хоногийн цалин хөлс болох 23,383,720.90 төгрөгийг хариуцагч Т ХК-иас гаргуулна гэв.
2.Хариуцагч Т ХК шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Эрдэнэболд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Компанийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.Төлөөлөн удирдах зөвлөл нь энэ хууль болон компанийн дүрмээр хувьцаа эзэмшигчдийн хурлын бүрэн эрхэд хамааруулснаас бусад дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ, 76.1.8.компанийн гүйцэтгэх удирдлагыг сонгох, өөрчлөх, түүний бүрэн эрхийг тогтоох гэж заасан байна. Т ХК-ийн дүрмийн 7.2-д Төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэн эрхийг зааж өгсөн ба 7.2.2ж дэх хэсэгт компанийн гүйцэтгэх удирдлагыг сонгох, өөрчлөх, түүний бүрэн эрхийг тогтоох, эрхтэй гэж заасны дагуу Ж.Ч-г ажилд нь эгүүлэн томилох үүрэг нь Т ХК биш, Т ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн эрх хэмжээнд хамаарах асуудал юм. Ж.Ч- нь өөрөө 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс хойш тасралтгүй Т ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр одоо хүртэл ажиллаж байна. Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байх хугацаандаа гүйцэтгэх захирлын ажилдаа эгүүлэн тогтоолгох тухай ямар нэгэн санал, хүсэлт, мэдэгдэл ирүүлж байгаагүй. Ж.Ч- нь 1958 оны 08 дугаар сарын 20-ны өдөр төрсөн 65 настай бөгөөд 2018 оноос хойш 5 жилийн хугацаанд ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулахаар шүүхэд хандаж байгаагүй бөгөөд тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэв.
3.Нэхэмжлэгчээс нотлох баримтаар Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2010 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 1488 дугаар шийдвэр, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2011 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 96 дугаар тогтоол, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 182/ШШ2018/00327 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 947 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 001/ХТ2018/01304 дугаар тогтоол, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Хариу мэдэгдэх 4-650 дугаар хуудас зэрэг баримтыг,
Хариуцагчаас нотлох баримтаар Т ХК-ийн ТУЗ-ийн 2021 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 04, 06, 09 тоот тогтоол болон 02 тоот тэмдэглэл, 2014 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 02 тоот тэмдэглэл, 2013 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 09 тоот тогтоол болон хурлын 05 тоот тэмдэглэл, Т ХК-ийн ТУЗ-ийн 2013 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 38 тоот албан бичиг, Т ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн ээлжит хурлын 03 тоот тогтоол, 2018 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн ээлжит хурлын 03 тоот тогтоол, 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн ээлжит хурлын 03 тоот тогтоол, 2021 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн ээжлит хурлын 03 тоот тогтоол, 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн ээлжит хурлын 03 тоот тогтоол, 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн ээлжит хурлын 03 тоот тогтоол, Т ХК-ийн ТУЗ-ийн 2018-2023 оны хурал болон гарсан шийдвэрийн жагсаалтууд, 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 639 дугаар гүйцэтгэх хуудас, Шүүхийн шийдвэрийн албадан гүйцэтгэх тухай 183/ШЗ2021/08259 дугаар шүүгчийн захирамж, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 183/ШШ2019/00984 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 1358 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 001/ХТ2021/00079 дугаар тогтоол, Т ХК-ийн дүрэм, шүүх хуралдааны үед нэмэлт тайлбар зэрэг бичгийн баримтыг шүүхэд гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж үзлээ.
4.Нэхэмжлэгч Ж.Ч- нь хариуцагч Т ХК-д холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин 23,383,720,90 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гарган, нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Ажил олгогч шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй гэж тайлбарлав.
5.Хариуцагч Т ХК нь нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Ж.Ч-г ажилд нь эгүүлэн томилох үүрэг нь Т ХК биш, Т ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн эрх хэмжээнд хамаарах асуудал бөгөөд нэхэмжлэгч нь 65 насанд хүрсэн тул ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор шаардах үндэслэлгүй гэж маргажээ.
6.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2010 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 1488 дугаар шийдвэр, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2011 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 96 дугаар тогтоол, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 182/ШШ2018/00327 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 947 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 001/ХТ2018/01304 дугаар тогтоол, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Хариу мэдэгдэх 4-650 дугаар хуудас, Т ХК-ийн ТУЗ-ийн 2021 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 04, 06, 09 тоот тогтоол болон 02 тоот тэмдэглэл, 2014 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 02 тоот тэмдэглэл, 2013 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 09 тоот тогтоол болон хурлын 05 тоот тэмдэглэл, Т ХК-ийн ТУЗ-ийн 2013 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 38 тоот албан бичиг, Т ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн ээлжит хурлын 03 тоот тогтоол, 2018 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн ээлжит хурлын 03 тоот тогтоол, 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн ээлжит хурлын 03 тоот тогтоол, 2021 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн ээжлит хурлын 03 тоот тогтоол, 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн ээлжит хурлын 03 тоот тогтоол, 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн ээлжит хурлын 03 тоот тогтоол, Т ХК-ийн ТУЗ-ийн 2018-2023 оны хурал болон гарсан шийдвэрийн жагсаалтууд, 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 639 дугаар гүйцэтгэх хуудас, Шүүхийн шийдвэрийн албадан гүйцэтгэх тухай 183/ШЗ2021/08259 дугаар шүүгчийн захирамж, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 183/ШШ2019/00984 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 1358 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 001/ХТ2021/00079 дугаар тогтоол, Т ХК-ийн дүрэм, зохигчдын тайлбар зэрэг бичгийн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
7.Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2010 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 1488 дугаар шийдвэрээр “Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан Т ХК-ийн ТУЗ-ийн 2010.5.13-ний өдрийн 07, 08 тоот тогтоолыг хүчингүй болгож, гүйцэтгэх захирлын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговор, урамшуулал нэхэмжилсэн Ж.Ч-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж шийдвэрлэжээ. /хавтаст хэргийн 5-6 тал/
8.Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2011 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 96 тоот тогтоолоор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2010 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 1144 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2010 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 1488 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “ажилгүй байсан хугацааны олговор, урамшуулал нэхэмжилсэн Ж.Ч-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэснийг “ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 1,333,333 төгрөгийг Т ХК-иас гэргуулж Ж.Ч-д олгох, нэхэмжлэлийн шаардлагаас улиралд олгох урамшуулал 3000 ам долларыг жич шийдвэрлэх эрхтэй болохыг дурьдсугай гэж өөрчилсүгэй” гэж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр, магадлал, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болжээ. /хавтаст хэргийн 7-11 тал/
9.Нэхэмжлэгч Ж.Ч-гийн хариуцагч Т ХК-д холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин, урамшуулал гаргуулах, эрүүл мэнд, Нийгмийн даатгалын шимтгэлийн нөхөн төлүүлэх тухай иргэний хэргийг Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 182/ШШ2018/00327 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх заалтыг баримтлан хариуцагч Т ХК-иас 47,626,240 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ж.Ч-д олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт зааснаар Т ХК нь Ж.Ч-гийн дээрх олговроос зохин суутгалыг хийж, түүний нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийх үүрэгтэй болохыг дурьдсугай” гэж шийдвэрлэсэн байна. /хавтаст хэргийн 12-16 тал/
10.Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 947 дугаар магадлалаар “Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 182/ШШ2018/00327 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 47,626,240 гэснийг 44,233,333 гэж, 5 дахь заалтын 396,081 гэснийг 379,117 гэж тус тус өөрчилж шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй” гэж шийдвэрлэж, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн шүүх хуралдааны 001/ХТ2018/01304 дугаар тогтоолоор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 947 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтын 44,233,333 гэснийг 28,575,744 гэж өөрчлөн, нэхэмжлэлийн шаардлагаас 15,657,589 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай гэсэн нэмэлт оруулж, 379,117 гэснийг 300,829 гэж өөрчлөн магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангасугай” гэж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр, магадлал, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон байна. /хавтаст хэргийн 17-23, 24-28 тал/
11.Нэхэмжлэгч Ж.Ч- нь дээрх шүүхийн шийдвэр, магадлал тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс хойш 4 жил 6 сар 28 хоногийн хугацаанд дахин шүүхэд хандаагүй бөгөөд 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдөр нэхэмжлэл гарган иргэний хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байх ба уг маргааныг тухайн үед үйлчилж байсан Хөдөлмөрийн тухай хуулиар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
12.Нэхэмжлэгч Ж.Ч- нь Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 182/ШШ2018/00327 дугаар шийдвэр гарсан өдрөөс 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг шаардаж шүүхэд хандсан гэж шүүх хуралдаанд нэхэмжлэлийн үндэслэл шаардлагаа тодруулсан.
13.Ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар олгох үндэстэй.
14.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй бөгөөд сайн дураар биелүүлээгүй тохиолдолд хуульд заасан үндэслэл журмын дагуу албадан гүйцэтгэдэг.
15.Дээрх шийдвэрт гүйцэтгэх хуудас бичигдэж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа талаар нэхэмжлэгч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 4-650 тоот “Хариу мэдэгдэх хуудас”-ыг ирүүлсэн. /хавтаст хэргийн 50 тал/
16.Ажилтан ажлаас чөлөөлөгдөж, ажилгүй болох, шүүхэд мэдүүлэх эрхээ хэрэгжүүлэх, шүүх уг нэхэмжлэлийн дагуу үүсгэсэн иргэний хэргийг хянан шийдвэрлэх нь ажил олгогчийн хууль бус шийдвэр гаргаснаас үүсэх эрх зүйн үр дагавар мөн тул ажилтны ажлаас халагдсанаас хойш ажилд эгүүлэн тогтоох тухай шүүхийн хүчин төгөлдөр болсон шийдвэрийг ажил олгогчоос биелүүлэх хүртэлх хугацаа Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасан ажилгүй байсан бүх хугацаанд хамаарах тул ажил олгогч шүүхийн шийдвэрийг биелүүлэх хүртэлх хугацааны цалинтай тэнцэх олговор олгох үүрэгтэй боловч нэхэмжлэгч Ж.Ч- 1958 оны 08 дугаар сарын 20-ны өдөр төрсөн бөгөөд 2008 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 60 нас хүрсэн үйл баримт нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байна.
17.Хөдөлмөрийн тухай хууль /1990 он/-ийн 40 дүгээр зүйлийн 40.1.Хөдөлмөрийн гэрээг дараахь үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно”, 40.1.3.ажилтан 60 нас хүрч өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн” гэж зохицуулжээ.
18.Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ж.Ч- нь “Миний бие Т ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж, сард 1,000,000 төгрөгийн цалин хөлс авдаг учраас өндөр насны тэтгэвэр тогтоолгоогүй байна. Нийгмийн даатгалын газраас ажлаас чөлөөлсөн тушаалаа өгөөд өндөр насны тэтгэвэр тогтоолгох боломжтой гэсэн хариу өгсөн” гэж тайлбарлав.
19.Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 001/ХТ2018/01304 дугаар тогтоолын хянавал хэсэгт “...Ажилтны нэг сарын дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг 300,000 төгрөгөөр тогтоосон Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн хуралдааны 2011 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 96 дугаар тогтоол хуулийн хүчин төгөлдөр тул одоо нэхэмжилж буй шаардлагад хамаарах хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг шийдвэрлэхэд энэ үйл баримтыг дахин нотлох шаардлагагүй бөгөөд энэ талаар гаргасан хариуцагчийн өмгөөлөгчийн гомдол үндэслэлтэй байна” гэж дүгнэжээ.
20.Гэтэл нэхэмжлэгч нь 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдрөөс 2018 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл 218 хоногийг дундаж цалин хөлсийг нэг сард 300,000 төгрөгөөр тооцож /300,000:21.5/x218 хоног =3,041,860.47 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл 251 хоногийг тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 320,000 төгрөгөөр тооцож /320,000:21.5/х744 хоног =3,735,813.95 төгрөг, 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл 744 хоногийг тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 420,000 төгрөгөөр тооцож /420,000:21.5/х744 хоног = 14,533,953.50 төгрөг, 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш нэхэмжлэл гаргасан 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 81 хоногийг одоо мөрдөгдөж буй хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 550,000 төгрөгөөр тооцож /550,000:21.5/х81= 2,072,093.02 төгрөг нийт 1294 хоногийн цалин хөлс болох 23,383,720.90 төгрөгийг гаргуулахаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцон шаардсан нь үндэслэлгүй гэж үзнэ.
21.Харин нэхэмжлэгч нь 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдрөөс 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл нийт 1294 хоногийн цалин хөлстэй тэнцэх олговрыг сард 300,000 төгрөг /300,000:21,5=нэг өдөрт 13,953 төгрөгөөр тооцож нийт 18,055,182 төгрөгөөр тооцох байжээ.
22.Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3 дахь заалтад зааснаар ажилтан 60 нас хүрч өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн байх тул нэхэмжлэгч Ж.Ч-гийн 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт нийт 23,383,720,90 төгрөгийг хариуцагч Т ХК-иас гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
23.Хариуцагч Т ХК-ийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь урьдчилан шийдвэрлүүлэх журмыг хэрэглээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох тухай хүсэлт гаргасныг хангах үндэслэлгүй.
24.Учир нь нэхэмжлэгч Ж.Ч-гийн урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоосон шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хүлээн авч, хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2 дахь хэсэгт заасан журмыг хэрэглэх шаардлагагүй гэж үзсэн болно.
25.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтад заасан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 274,869 төгрөгийг буцаан олгох үндэслэлтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Хөдөлмөрийн тухай /1999 оны/ хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч Т ХК-иас урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 23,383,720,90 төгрөг гаргуулах нэхэмжлэгч Ж.Ч-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтад заасан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ж.Ч-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 274,869 төгрөгийг Улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.НАРАНГЭРЭЛ