Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 101/ШШ2023/04478

 

 

 

 

 

 

 

 

 

 

2023 10 16

101/ШШ2023/04478

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: С ХХК нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Э.Б холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэг болон бусад зардалд нийт 2,583,780 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Ц,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Даваадорж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч С ББСБ ХХК-ийн төлөөлөгч Б.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Иргэн Э.Б нь С ББСБ-тай 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдөр ЗГ2019-061 тоот зээлийн гэрээ байгуулан 10,000,000 төгрөгийг 36 сарын хугацаатай 1 сарын 3,8 хувийн хүүтэй шуурхай зээл авсан. Э.Б нь нийт 15 удаагийн төлөлтөөр 10,385,000 төгрөгийн төлөлт хийсэн байдаг. Үүнээс хойш ямар нэгэн төлөлт хийгээгүй бөгөөд зээлийн эргэн төлөлтийн хугацаа 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр дууссан байдаг. Э.Б нь зээл авсан цагаасаа эхлэн хугацаа хэтрүүлж, төлөлтийг хоцроож байсан ба бидний зүгээс удаа дараа гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардаж ирсэн хэдий ч тус шаардлагуудыг хүлээж аваагүй учир 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Зээлийн гэрээний төлбөр төлөх хугацаа хэтэрснийг анхааруулах мэдэгдэл, 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Зээлийн хугацаа хэтэрсэн анхааруулах мэдэгдэл-ийг тус тус гэрийн хаягаар хүргүүлсэн байдаг. Бидний зүгээс удаа дараа гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардаж ирсэн хэдий ч тус шаардлагуудыг хүлээж аваагүй учир 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн №ФГ2019-061 тоот Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ-ний холбогдох заалтын дагуу 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр эээлийн барьцаа хөрөнгө болох 0 УНД улсын дугаартай А маркийн автомашиныг хураан авч, борлуулсан байдаг. №ФГ2019-061 тоот Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ-ний 4.2.3-т Фидуцийн зүйлийг эзэмших, ашиглах, хадгалахтай холбогдон үүсэх бүхий л эрсдэл, хохирол, зардал болон хадгалалт, хамгаалалтыг бие даан хариуцах, өнгө үзэмж, чанар, үнэлгээг бууруулахгүй, бүрэн бүтэн байдлыг хангах заалтын дагуу машиныг ашиглах хугацааны торгууль болох 766,500 төгрөг, зээлийн үлдэгдэл 1,817,280 төгрөг, нийт 2,583,780 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч Э.Б, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хариуцагч Э.Бийн зүгээс уг 10,000,000 төгрөгийн зээлийн эргэн төлөлтөнд нийт 10,385,000 төгрөгийг төлсөн болно. Гэвч цар тахлаас үүдэн зээлээ төлөх боломжгүй болж ББСБ-ийн захирал Б.Цийн зүгээс зээлийн үлдэгдэл төлбөр 11,300,000 төгрөгийн үлдэгдэлтэй байна хэмээн мэдэгдсэний дагуу 2021 оны 9 дүгээр сард барьцаанд байсан автомашиныг би өөрөө хөөцөлдөж худалдан борлуулж харилцан тохиролцож машин зарсан мөнгө болох 12,300,000 төгрөгийг бүхэлд нь ББСБ-д төлж амаар харилцан тохиролцож зээлийн гэрээгээ хаасан болно. Бидний байгуулсан зээлийн гэрээний дагуу өөрийн авсан 10,000,000 төгрөгийн хариу нийт 22,685,000 төгрөгийг төлж нэхэмжлэгч байгууллагыг төлөөлж захиралтай нь тохирч зээлийн гэрээг 2021 оны 9 дүгээр сард хаасан болно. Машиныг ашигласан хугацааны торгуулийг төлөхөд татгалзах зүйлгүй.

Иймд нэхэмжлэгчийн зүгээс хэт их мөнгөний хойноос улаарч 2021 онд амаар тохирч хаасан зээлийн гэрээний дагуу үлдэгдэл төлбөр хийсвэрээр гарган ирж шаардаж байгаа нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэв.

 

3. Нотлох баримт: Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, С ББСБ ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн ЗГ2019-061 дугаартай Зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, мөн өдрийн ФГ2019-061 дугаартай Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/, Зээл төлөлтийн дансны хуулга, нэхэмжлэгчийн итгэмжлэл, Зээл хүсэгч иргэний өргөдлийн маягт, Э.Бийн 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн өргөдөл, 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 109 дугаартай, 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 265 дугаартай Зээл хугацаа хэтэрснийг анхааруулах мэдэгдэл-үүд, баталгаат шуудангийн баримт, Тээврийн хэрэгслийн дэлгэрэнгүй мэдээлэл, тээврийн хэрэгслийн гэрчилгээ /хуулбар/, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэх /хуулбар/, 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ-г тус тус нэхэмжлэгч нь шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн,

Хариуцагчийн хариу тайлбар, хариуцагчийн итгэмжлэлийг ирүүлсэн, өөр бичгийн баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.

 

4. Зохигчдын хүсэлтээр шүүхийн бүрдүүлсэн баримт: Авто тээврийн үндэсний төвийн 2023 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 003 дугаартай албан бичгээр 0 УНД улсын дугаартай тээврийн хэрэгслийн лавлагааг ирүүлсэн, тус төвийн 2023 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 215 дугаартай албан бичгээр тээврийн хэрэгслийн бүртгэл, өмнөх өмчлөгчдийн мэдээлэл, С ББСБ-ын 2023 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн Нэр шилжүүлэх тухай албан бичиг, тус ББСБ-ын улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, Б.Бгийн иргэний үнэмлэх, тээврийн хэрэгслийн гэрчилгээ, тээврийн хэрэгслийн бүртгэлийн маягтууд, Э.Б болон Ч.Х нарын иргэний үнэмлэх, С ББСБ-ын 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн Нэр шилжүүлэх тухай албан бичиг, 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн итгэмжлэл зэргийг бүрдүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч С ББСБ ХХК нь хариуцагч Э.Бд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үлдэгдэл төлбөр 1,817,280 төгрөг, машиныг ашиглах хугацааны торгууль 766,500 төгрөг, нийт 2,583,780 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

2. Хариуцагч Э.Б нь 10,000,000 төгрөгийн зээл авсан бөгөөд зээлийн эргэн төлөлтөнд 10,385,000 төгрөгийг төлсөн, мөн машиныг худалдан борлуулсаны 12,300,000 төгрөг, нийт 22,685,000 төгрөгийг төлсөн ба бүх зээлийн үлдэгдлийг ийнхүү хаахаар тохирсон тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй, машиныг ашигласан хугацааны торгуулийг төлөхөд татгалзах зүйлгүй гэх тайлбарыг гарган маргаж байна.

 

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

3а. С ББСБ ХХК нь Э.Бтэй 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдөр ЗГ2019-061 дугаартай Зээлийн гэрээ-г байгуулж, 10,000,000 төгрөгийг нэг сарын 3,8 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, шуурхай зээлийн зориулалтаар зээлүүлжээ.

 

Мөн өдрөө А4 маркийн цагаан өнгийн, А арлын дугаартай, 0 УНД улсын дугаартай автомашиныг дээрх зээлийн гэрээний үүргийн биелэлтийг баталгаажуулах зорилгоор ФГ2019-061 дугаартай Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/-г байгуулж, уг автомашины эзэмших эрхийг С ББСБ ХХК-д шилжүүлж, Э.Б нь машиныг ашиглаж байсан болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар тогтоогдож байна.

 

3б. Зээлийн эргэн төлөх хуваарийн дагуу 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдрөөс эхний төлөлт хийгдэж, сар бүрийн 25-ны өдөр үндсэн зээл болон хүүгийн төлбөрийг төлөхөөр талууд харилцан тохиролцсон, гэрээ байгуулагдсанаас хойш Э.Б нь зээлийн хүүд 2019 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр 570,000 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 1,479,591 төгрөг, 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 894,981 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 485,184 төгрөг, 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 504,271 төгрөг, 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдөр 1,000,000 төгрөг, 2020 оны 7 дугаар сарын 13-ны өдөр 1,000,000 төгрөг, 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 533,357 төгрөг, 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 287,615 төгрөг, 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 312,278 төгрөг, 2021 оны 02 дугаар сарын 12-ны өдөр 582,592 төгрөг, 2021 оны 3 дугаар сарын 29-ний өдөр 600,000 төгрөг, 2021 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр 500,000 төгрөг, 2021 оны 5 дугаар сарын 04-ний өдөр 473,177 төгрөг, 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 597,594 төгрөг, нийт 15 удаагийн төлөлтөөр 9,820,640 төгрөгийг төлсөн байна.

 

Зээлийн гэрээний хугацаанд нэхэмжлэгч нь нэмэгдүүлсэн хүүд нийт 564,360 төгрөгийг тооцон авсан байна.

 

Эдгээр зээлийн эргэн төлөлтөөс үзэхэд Э.Б нь хуваарийн дагуу төлөлтийг хийдэггүй, удаа дараа эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж байсан, зээлийн хугацаа хэтэрснийг анхааруулах мэдэгдлийг зээлдэгчид өгч байсан болох нь тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид зээлдүүлэгч гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ, мөн хуулийн 235 дугаар зүйлийн 235.1-д Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээгээр /цаашид "фидуци" гэх/ үүрэг хүлээгч нь мөнгө төлөх үндсэн үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор хөдлөх эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлэх, үүрэг хүлээгч үндсэн үүргээ хугацаанд гүйцэтгэсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч уг эд хөрөнгийг түүнд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар зохигчдын хооронд зээлийн гэрээ болон фидуцийн гэрээ тус тус байгуулагджээ.

 

3в. Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/-ний 3.1-д Зээлдэгч зээлийн эргэн төлөлтийн хуваарийг 30-аас дээш хоног зөрчиж, зээлийн төлбөрийг зохих ёсоор төлөөгүй эсхүл энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд ББСБ зөрчлөө арилгахыг шаардсан албан бичиг хүргүүлэх бөгөөд тухайн хугацаанд зөрчлөө арилгаагүй бол ББСБ фидуцийн зүйлийг хураан авч, бусад иргэн, хуулийн этгээдэд худалдан борлуулж, худалдан борлуулсан нийт дүнгээр шаардлага хангуулна гэж заасны дагуу С ББСБ ХХК нь автомашиныг хураан авч, 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ-ний дагуу А4 маркийн цагаан өнгийн, А арлын дугаартай, 0 УНД улсын дугаартай автомашиныг 12,300,000 төгрөгөөр Б.Бат-Амгалан, Г.Чулуунчимэг нарт худалдаж, Б.Бат-Амгалангийн эзэмшилд шилжсэн болох нь зохигчдын тайлбар, Авто тээврийн үндэсний төвөөс ирүүлсэн баримт зэргээр тогтоогдож байна.

 

3г. Ийнхүү нэхэмжлэгч нь фидуцийн зүйл болох автомашиныг 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 12,300,000 төгрөгөөр худалдан борлуулж, 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн байдлаарх зээлийн хүүгийн төлбөрт 3,859,720 төгрөгийг, үндсэн зээлийн үлдэгдэл төлбөрт 8,182,720 төгрөгийг тус тус суутган авч, үндсэн зээлийн үлдэгдэл нь 1,817,280 төгрөг байгаа болох нь Зээл төлөлтийн дансны хуулга, зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

 

4. Зохигчдын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний хугацаа 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр дуусгавар болохоор байх бөгөөд гэрээний үүргийн зөрчилтэй холбоотой буюу зээлдэгчийн удаа дараа зээлийн төлөлтийг хугацаандаа биелүүлээгүйтэй холбоотойгоор нэхэмжлэгч нь зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсан нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй гэж заасан зохицуулалтад нийцсэн, мөн хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй байна.

 

5. Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно..., 453 дугаар зүйлийн 453.1-д Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж заажээ.

 

Зохигчдын хооронд байгуулсан гэрээний 2.7-д Зээлдэгч энэхүү гэрээний Хавсралт №1-д заасан эргэн төлөх графикт хугацаанд зээл зээлийн хүүний төлбөрийг төлж барагдуулаагүй бол зээл төлөгдөх хуваарьт өдрийн дараахь өдрөөс эхлэн энэхүү гэрээний 2.1.3-т заасан зээлийн хүүг үргэлжлүүлэн төлөхөөс гадна 2.1.3-т заасан үндсэн хүүний 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүүг зээл эргэн төлөлтийн графикт хугацаанд нийцүүлэх хүртэл хугацаанд төлөхөөр талууд харилцан тохиролцов гэж тохирсон байх боловч энэхүү заалт нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно. Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээд, мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдээс олгох зээлд анзыг хэрэглэхгүй гэсэн зохицуулалтад нийцэхгүй, өөрөөр хэлбэл зээлийн гэрээний үндсэн хугацаа дуусаагүй, нэмэгдүүлсэн хүүгийн хувьд гэрээний хариуцлага тул гэрээний хугацаа дуусах үеийн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүүг төлөх учиртай.

 

Зээл төлөлтийн дансны хуулга-аас үзвэл гэрээний хугацаа дуусаагүй байхад нэхэмжлэгч нь хариуцагчийн төлсөн 564,360 төгрөгийг нэмэгдүүлсэн хүүд тооцсон байх тул үүнийг үндсэн зээлийн төлбөрийн үлдэгдлээс хасч тооцох нь зүйтэй байна.

 

Зээлийн үлдэгдэл төлбөр 1,817,280 төгрөгөөс нэмэгдүүлсэн хүүд тооцсон 564,360 төгрөгийг хасахад 1,252,920 төгрөгийг хариуцагч нь нэхэмжлэгчид төлөхөөр байна.

 

6. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар зээлийн эргэн төлөлтийн хуваарийг хариуцагч нь удаа зөрчиж байсан болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгч нь зээлийн гэрээний хугацаанд нийт 13,680,360 төгрөгийг хүүд тооцсоныг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна. Мөн зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийг төлөлгүй хугацаа хэтрүүлж байсан нь хариуцагчийн төлсөн төлбөрөөс үндсэн зээлд тооцон хасалт хийх үндэслэлгүй байсан байна.

 

7. А4 маркийн цагаан өнгийн, А арлын дугаартай, 0 УНД улсын дугаартай автомашиныг хариуцагч Э.Б нь 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл унаж явах нөхцөлтэйгээр ашиглаж байсан байх бөгөөд Автотээврийн үндэсний төвийн Тээврийн хэрэгслийн дэлгэрэнгүй мэдээлэл-ээс үзэхэд энэхүү ашигласан хугацаа буюу 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл нийт 16 зөрчил гаргаж, 2 зөрчилд ногдох торгуулийг төлж, 14 зөрчилд ногдох 646,500 төгрөгийг төлөөгүй болох нь тогтоогдож байна. Энэ хугацааны торгуулийн хувьд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч маргахгүй гэсэн тайлбарыг гаргаж байх тул гаргуулах нь зүйтэй байна.

 

Мөн машиныг худалдан борлуулсан 12,300,000 төгрөгт торгууль орсон, машиныг 2021 оны 9 дүгээр сард хураан авч, зээлийг хаасан гэх тайлбарыг хариуцагч тал гаргаж байх тул эдгээр тайлбар, татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна.

 

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр зээлийн үлдэгдэл төлбөрт 1,252,920 төгрөг, машины торгуулийн төлбөрт 646,500 төгрөг, нийт 1,899,420 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 56,290.48 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Бэс нэхэмжлэлийн хангагдсан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 45,341 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 227 дугаар зүйлийн 227.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч Э.Бэс зээлийн гэрээний үүрэг болон бусад зардалд нийт 1,899,420 /нэг сая найман зуун ерэн есөн мянга дөрвөн зуун хорь/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч С ББСБ ХХКолгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс 684,360 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтзийн хураамжид төлсөн 56,290.48 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Бэс улсын тэмдэгтийн хураамжид 45,341 /дөчин таван мянга гурван зуун дөчин нэг/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч С ББСБ ХХКолгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭНХЖАРГАЛ