Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2023/02161

 

 

2023 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2023/02161

 

 

“А ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Цогтсайхан, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 101/ШШ2023/04478 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: “А ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Б-эд холбогдох,

2,583,780 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Цогтгэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

Б-э нь “А ББСБ” ХХК-тай 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдөр ЗГ2019-061 тоот зээлийн гэрээ байгуулан 10,000,000 төгрөгийг 36 сарын хугацаатай 1 сарын 3,8 хувийн хүүтэй зээлж авсан. Б-э нь нийт 15 удаагийн төлөлтөөр 10,385,000 төгрөгийн төлөлт хийсэн. Үүнээс хойш ямар нэгэн төлөлт хийгээгүй бөгөөд зээлийн эргэн төлөлтийн хугацаа 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр дууссан.

Зээлдүүлэгчээс 2022 оны 04 дүгээр сарын 29, 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр тус тус зээлийн хугацаа хэтэрсэн мэдэгдлийг зээлдэгчид хүргүүлсэн.

Улмаар 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн №ФГ2019-061 тоот үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээний холбогдох заалтын дагуу 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр эээлийн барьцаа хөрөнгө болох 17-** УНД улсын дугаартай Сузуки Эс Экс /Suzuki SX/ маркийн автомашиныг хураан авч, бусдад худалдан борлуулсан.

Иймд автомашиныг ашиглах хугацааны торгууль 766,500 төгрөг, зээлийн үлдэгдэл 1,817,280 төгрөг, нийт 2,583,780 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

Б-э нь 10,000,000 төгрөгийн зээлийн эргэн төлөлтөнд 10,385,000 төгрөгийг төлсөн боловч цар тахлаас үүдэн зээлээ төлөх боломжгүй болсон. Улмаар 2021 оны 09 дүгээр сард барьцаанд байсан автомашиныг харилцан тохиролцож, 12,300,000 төгрөгөөр бусдад худалдан борлуулж, мөнгийг тус банк бус санхүүгийн байгууллагад өгч, зээлийн гэрээг дуусгавар болгосон.

Зээлдэгчээс 10,000,000 төгрөгийн зээлийн төлбөрт 22,685,000 төгрөгийг төлсөн тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Харин автомашиныг ашигласан хугацааны торгуулийг төлөхөд татгалзахгүй.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 227 дугаар зүйлийн 227.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч Б-ээс зээлийн гэрээний үүрэг болон бусад зардалд нийт 1,899,420 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ”А ББСБ” ХХК-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс 684,360 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 56,290.48 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б-ээс улсын тэмдэгтийн хураамжид 45,341 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ”А ББСБ” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга

Анхан шатны шүүх машины торгуулийн төлбөр 646,500 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн үндэслэлээ хариуцагчаас хүлээн зөвшөөрсөн гэж үзсэн. Гэвч хариуцагч талаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа эхэлсэн үеээс эхлэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргасан.

Гэрээний хавсралтаар нийт эргэн төлөлтөд 19,354,694 төгрөг үндсэн зээл, хүүгийн хамт төлөхөөр тохирсон байдаг бөгөөд хариуцагчийн зүгээс өөрийн төлөх зээлийн гэрээний үүргийг давуулан биелүүлсэн байдаг.

Гэвч нэхэмжлэгч талаас түүний төлсөн төлбөрийг суутган үлдэх үндсэн зээлээс гэрээгээр тохирсон хүү тооцоогүй дандаа үндсэн зээл 10,000,000 төгрөгийн 3.8 хувиар хүү тооцон үндэслэлгүй хэт өндөр хүү нэхэмжилж байгаад шүүхээс зөв дүгнэлт хийгээгүй.

Нэхэмжлэгч нь барьцааны зүйлийг худалдан борлуулахаас өмнө зээлийн эргэн төлөлтөд 10,385,000 төгрөг төлсөнг хүлээн зөвшөөрдөг боловч тухайн төлбөрөөс хэдэн төгрөгийг хүү болон үндсэн зээлд тооцон суутган авсан, үндсэн зээлийн хэдэн төгрөгт холбогдох хэсгээс хүүг тооцсонг огт ялгаж зааглан нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ өөрөө нотлох үүргээ биелүүлээгүй.

Хэрэв хариуцагчийн төлсөн төлбөрийг үндсэн зээлээс хасаж тооцолгүй нийт зээлийн төлбөрийг гаргавал 10,000,000 төгрөгийн сарын 3.8 хувийн хүү нь 380,000 төгрөг болж байгаа.

Нэхэмжлэгч тал хугацаанаас өмнө гэрээг цуцалж барьцааны зүйлийг 2022 оны 01 дүгээр сард худалдан борлуулсан байх тул нийт 35 сарын хугацаанд зээлийн гэрээ хүчинтэй байх тул үндсэн зээл 10,000,000 төгрөг, 35 сарын хүү 13,300,000 төгрөг, нийт 23,300,000 төгрөг төлөхөөс хариуцагч нь 22,685,000 төгрөгийг төлсөн.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

5. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: Зээлийн үлдэгдлээс зээлийн хүү тооцдог учир хариуцагчийн гомдол үндэслэлгүй. Зохих тооцооллын үндсэн дээр нэхэмжлэл гаргасан. Иймд шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч ”А ББСБ” ХХК нь хариуцагч Б-эд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,817,280 төгрөг, хохиролд 766,500 төгрөг, нийт 2,583,780 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. ”А ББСБ” ХХК нь Б-этэй 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдөр зээлийн гэрээг байгуулж, 10,000,000 төгрөгийг нэг сарын 3,8 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлдүүлсэн,

мөн өдөр талууд үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/-г байгуулж, Б-э нь Сузуки Эс Экс 4 /Suzuki SX4/ маркийн цагаан өнгийн, 17-** УНД улсын дугаартай автомашины өмчлөх эрхийг “А ББСБ” ХХК-д шилжүүлсэн байна.

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа, мөн хуулийн 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт заасан фидуцийн гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр талаар зөв дүгнэжээ.

 

3.1. Зээлийн гэрээний 2.1.3, 2.4-т зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хувь хэмжээг талууд тохиролцсон нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсгийн зохицуулалтад нийцсэн.

 

3.2. Зээлийн гэрээний хэрэгжилтийн явцад хариуцагч нь 9,820,640 төгрөгийг зээлийн төлбөрт төлж, мөн үүргийн зөрчил үүссэнтэй холбогдуулан “А ББСБ” ХХК нь 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр фидуцийн зүйл болох Сузуки Эс Экс 4 /Suzuki SX4/ маркийн цагаан өнгийн, 17-** УНД улсын дугаартай автомашиныг 12,300,000 төгрөгөөр бусдад худалдан борлуулсан.

  Автомашин худалдан борлуулах үеийн байдлаар хариуцагч нь зээлийн үндсэн төлбөр 10,000,000 төгрөг, хүү 13,680,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 872,457 төгрөг, нийт 24,552,457 төгрөгийн үүрэгтэй байсан ба тэрээр 9,820,640 төгрөгийг мөнгөн хэлбэрээр, 12,300,000 төгрөгийг автомашины үнээр тус тус төлж нийт  22,120,640 төгрөгийн үүргийг гүйцэтгэсэн. Түүний зээлийн үүргийг тодорхойлбол үндсэн төлбөр 2,123,720 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 308,097 төгрөг, нийт 2,431,817 төгрөгийн үүргийг тэрээр гүйцэтгээгүй байжээ.

 

3.3. Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно гэж заасан.

Хуулийн дээрх зохицуулалтад үндэслэн зохигч нь зээлийн гэрээний 2.4-т зээлийн эргэн төлөлтийн хуваарь зөрчигдсөн тохиолдол бүрт нэмэгдүүлсэн хүү тооцохоор харилцан тохиролцсон байна.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь гэрээний хугацаа дууссан эсэхээс үл хамааран зээлийн эргэн төлөлтийн хуваарь зөрчигдсөн тохиолдол бүрт нэмэгдүүлсэн хүү шаардах эрхтэй.

Анхан шатны шүүх нэмэгдүүлсэн хүүгийн талаарх зохигчийн тохиролцоог анхаараагүйгээс нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт суутган тооцсон 564,360 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагаас хасч тооцож алдаа гаргасныг ийнхүү залруулан дүгнэв.

 

3.4. Иймд нэхэмжлэгч нь зээлийн үндсэн төлбөр 2,123,720 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 308,097 төгрөг, нийт 2,431,817 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй.

Харин анхан шатны шүүх хариуцагчаас зээлийн үндсэн төлбөр 1,252,920 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлэсэн, мөн нэхэмжлэгч нь нэмэгдүүлсэн хүүг хассан шийдвэрт гомдол гаргаагүй тул талуудын зарчмыг үндэслэн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж дүгнэлээ. 

Энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй.

 

4. Хариуцагч Б-э нь 17-** УНД улсын дугаартай автомашиныг ашиглах явцдаа 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийг хүртэлх хугацаанд захиргааны зөрчил гаргасны улмаас үүссэн 646,500 төгрөгийн торгуулийг төлөөгүй, харин нэхэмжлэгч төлсөн нь баримтаар тогтоогджээ.

Иймд анхан шатны шүүх уг төлбөрийг Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дэх хэсэг зааснаар хохиролд тооцож мөн хэмжээгээр  нэхэмжлэлийн шаардлагыг хангасан нь үндэслэлтэй.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн дээрх шаардлага, үндэслэлийн талаар маргаагүй бөгөөд шийдвэрийн энэ хэсгийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдол хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул  холбогдох гомдлыг хангахгүй.

 

 5. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 101/ШШ2023/04478 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах орхисугай.

 

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 45,341 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Э.ЗОЛЗАЯА  

 

                               ШҮҮГЧИД                                       Д.ЦОГТСАЙХАН

 

                                                                                     Т.БАДРАХ