Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 101/ШШ2023/04550

 

 

 

 

 

 

 

 

 

 

2023 10 20

101/ШШ2023/04550

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: З ББСБ ХХК нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Э.А холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 182,802,373.19 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Б,

Харицагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Даваадорж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч З ББСБ ХХК, итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Ш ББСБ ХХК буюу нэхэмжлэгч З ББСБ ХХК нь хариуцагч Э.Атэй дараах зээлийн гэрээнүүдийг байгуулж зээл олгосон болно. Үүнд: 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр ЗГ1 310001103 тоот зээлийн гэрээгээр 10,000,000 төгрөгийг 1 сарын хугацаатай, 4 хувийн хүүтэй, 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр ЗГ1310001104 тоот зээлийн гэрээгээр 5,000,000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй, 1 сарын хугацаатай, 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр ЗГ1310001180 тоот зээлийн гэрээгээр 48,000,000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй 4 сарын хугацаатай, 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр ЗГ1310001198 тоот зээлийн гэрээгээр 20,000,000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй 2 сарын хугацаатай, 2018 оны 7 дугаар сарын 26-ны өдөр ЗГ1310001707 тоот зээлийн гэрээгээр 24,000,000 төгрөгийг сарын 4,4 хувийн хүүтэй 5 сарын хугацаатай, 2018 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн ЗГ1310001738 тоот зээлийн гэрээгээр 20,000,000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй 2 сарын хугацаатай тус тус зээлдүүлж нийт 127,000,000 төгрөгийн зээл олгосон. Хариуцагч Э.А нь дээрх зээлийн гэрээнүүдийн дагуу зээлийн төлбөрийг хуваарийн дагуу төлөх үүрэгтэй байсан боловч энэхүү үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, зээлийн гэрээний хугацаа, эргэн төлөлтийн хуваариа зөрчсөний улмаас дараах зээлийн гэрээний үүрэг үүсээд байна. Гэрээ тус бүрээр тооцвол:

2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн ЗГ1310001103 тоот зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 960,685.46 төгрөг, хүү 4,970,036.65 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 145,377.89 төгрөг буюу нийт 6,076,100 төгрөг төлсөн бөгөөд үлдэгдэл үндсэн зээл 9,039,314.54 төгрөг, хүү 9,508,065.51 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 962,280.45 төгрөг, нийт 19,509,660.50 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн ЗГ1310001104 тоот зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 367,790.37 төгрөг, хүү 2,536,813.27 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 75,156.36 төгрөг буюу нийт 2,979,760 төгрөгийг төлж, үлдэгдэл үндсэн зээл 4,632,209.63 төгрөг, хүү 4,866,329.01 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 491,851.93 төгрөг, нийт 9,990,390.57 төгрөг, 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн ЗГ1310001180 тоот зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 649,214.04 төгрөг, хүү 56,988,052.81 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 6,483,073.15 төгрөг буюу нийт 64,120,340 төгрөгийг төлж, үлдэгдэл үндсэн зээл 47,350,785.96 төгрөг, хүү 17,582,321.88 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 487,159.70 төгрөг, нийт 65,420,267.54 төгрөг, 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн ЗГ1310001198 тоот зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 923,049.11 төгрөг, хүү 14,020,471.15 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 529,309.74 төгрөг буюу нийт 15,472,830 төгрөгийг төлсөн бөгөөд үлдэгдэл үндсэн зээл 19,076,950.89 төгрөг, хүү 16,241.950.86 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,289,541.65 төгрөг, нийт 36,608,443.40 төгрөг, 2018 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн ЗГ1310001707 тоот зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 20,106,326.18 төгрөг, хүү 6,169,175 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 136,498.82 төгрөг буюу нийт 26,412,000 төгрөг төлж, үлдэгдэл үндсэн зээл 3,893,673.82 төгрөг, хүү 4,866,783.22 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 585,144.30 төгрөг, нийт 9,345,601.34 төгрөг, 2018 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн ЗГ1310001738 тоот зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 560,110.67 төгрөг, хүү 4,480,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 107,989.33 төгрөг буюу нийт 5,148,100 төгрөгийг төлсөн бөгөөд үлдэгдэл үндсэн зээл 19,439,889.33 төгрөг, хүү 20,422,412.93 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,065,707.58 төгрөг, нийт 41,928,009.84 төгрөг тус тус төлөх үүрэг үүссэн. Дээрх зээлийн гэрээнүүдийн дагуу нийт зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 103,432,824.17 төгрөг, хүү 73,487,863.41 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5,881,685.61 төгрөг, нийт 182,802,373.19 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилж байна гэв.

 

2. Хариуцагч Э.Агийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч нь нийт 6 гэрээний дагуу нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Эдгээр гэрээнүүд нь сунгагдаагүй бөгөөд эхний гэрээний хувьд хүү шаардах эрхтэй юу, эрхгүй юу, 3 дахь гэрээний хувьд Ж.А гэдэг хүн төлөөд дуусчихсан байхад дахин гэрээний үүрэг шаардаж байна. 4 дэх гэрээ нь бичгээр байгуулах ёстой байдаг, Э.А гарын үсэг зураагүй, хүү шаардах эрхгүй, сунгаж байгаа бол мэдэгдэх үүрэгтэй, хүү шаардах эрхгүй. Өмнөх гэрээний харилцааг дуусгавар болгоогүй атлаа тасалдуулдаг, Э.Аг мөнгө төлөхөөр зээлүүдэд нь хуваагаад хийчихдэг. Иргэний хуульд заасан зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

3. Нотлох баримт: Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, З ББСБ ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Санхүүгийн зохицуулах хорооны даргын оноосон нэрийг өөрчлөхийг зөвшөөрөх тухай тушаалын хуулбар, З ББСБ ХХК-ийн тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, нэхэмжлэгчийн итгэмжлэл, зээлийн тооцооны хүснэгт, 2017.12.12-ны өдрийн ЗГ1310001103 дугаартай, 10,000,000 төгрөгийн зээлийн гэрээ, эргэн төлөлтийн хуваарь, дансны хуулга, 2017.12.12-ны өдрийн ЗГ1310001104 дугаартай, 5,000,000 төгрөгийн зээлийн гэрээ, эргэн төлөлтийн хуваарь, дансны хуулга, 2018.01.05-ны өдрийн ЗГ1310001180 дугаартай, Ж.А, Э.А нартай байгуулсан 48,000,000 төгрөгийн зээлийн гэрээ, эргэн төлөлтийн хуваарь, дансны хуулга, 2018.01.08-ны өдрийн ЗГ1310001198 дугаартай, 20,000,000 төгрөгийн зээлийн гэрээ, эргэн төлөлтийн хуваарь, дансны хуулга, 2018.08.17-ны өдрийн ЗГ1310001738 дугаартай, 20,000,000 төгрөгийн зээлийн гэрээ, эргэн төлөлтийн хуваарь, дансны хуулга, 24,000,000 төгрөгийн дансны хуулга, нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлага, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2018.02.06-ны өдрийн Б-ЗГ08/100/18 дугаартай зээлийн гэрээ, эргэн төлөлтийн хуваарь, дансны хуулга, П.Э гэх иргэний Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, З ББСБ ХХК-ийн Хас банкны дансны хуулгууд, нэхэмлэгчийн өмгөөлөгчийн хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, нэхэмжлэгчийн итгэмжлэл, П.Эаас З ББСБ ХХК-д зээлийн гэрээний үүргийг шаардах эрхийг шилжүүлэх гэрээ, ПХХК-иас З ББСБ ХХК-д зээлийн гэрээний үүргийг шаардах эрхийг шилжүүлэх гэрээ, ПХХК-ийн 29,850,000 төгрөгийг Э.Ад шилжүүлсэн шилжүүлгийн мэдээлэл баримт, ПХХК-ийн Хаан банкны дансны хуулга, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага, нэхэмжлэлийн тодруулсан шаардлагыг тус тус нэхэмжлэгч нь шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн байна.

Хариуагчийн хариу тайлбар, хариуцагчийн итгэмжлэл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөөлөгчийн хариу тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.

 

4. Шүүх зохигчдын хүсэлтээр: З ББСБ ХХК-ийн хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаа, З ББСБ ХХК-ийн 1310001180, 1310001707 тоот дансны хуулга /Э.А/, Ш ББСБ ХХК-ийн Хаан банкны депозит дансны хуулга, Ш ББСБ ХХК-ийн 2015 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 08/01/15 дугаартай тушаал, З ББСБ ХХК-ийн зээлдэгч Э.Агийн зээлийн тооцоо, Хас банк дахь З ББСБ ХХК-ийн 0 тоот дансны хуулгууд, Хаан банк дахь 0 тоот депозит дансны хуулга, З ББСБ ХХК-ийн 2022.08.22-ны өдрийн 146/02/22 дугаартай албан бичиг, Ш ББСБ ХХК-ийн 2015.08.03-ны өдрийн 13/01/15 дугаартай тушаалыг тус тус зохигчдын хүсэлтээр бүрдүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч З ББСБ ХХК нь хариуцагч Э.Ад холбогдуулан анх зээлийн гэрээнүүдийн үүрэгт үндсэн зээл 103,432,824.17 төгрөг, хүү 73,487,863.41 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5,881,685.61 төгрөг, нийт 182,802,373.19 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2022 оны 5 дугаар сарын 19-ний өдөр 134,606,904 төгрөг гаргуулах-аар нэмэгдүүлж, нийт 317,409,277.19 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаарджээ.

 

1а. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа 2023 оны 6 дугаар сарын 20-ны өдөр тодруулж, зээлийн гэрээнүүдийн үүрэгт үндсэн зээл 103,432,824.17 төгрөг, хүү 73,487,863.41 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5,881,685.61 төгрөг, нийт 182,802,373.19 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилжээ.

 

2. Хариуцагч нь зарим зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй, хүү авах эрхээ алдсан, гэрээнүүдийн хувьд хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан зэргээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

3а. З ББСБ ХХК өмнө нь Ш ББСБ ХХК нэртэй байсан байх ба оноосон нэрээ өөрчилснийг 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлсэн болох нь Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 508 дугаартай Оноосон нэрийг өөрчлөхийг зөвшөөрөх тухай тушаал, З ББСБ ХХК-ийн хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаагаар тогтоогдож байна.

 

3б. З ББСБ ХХК нь Ш ББСБ ХХК гэсэн оноосон нэртэй байхдаа Э.Атэй 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр ЗГ1310001103 тоот зээлийн гэрээгээр 10,000,000 төгрөгийг 1 сарын хугацаатай, 4 хувийн хүүтэй, 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр ЗГ1310001104 тоот зээлийн гэрээгээр 5,000,000 төгрөгийг 1 сарын хугацаатай, 4 хувийн хүүтэй, 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр ЗГ1310001180 тоот зээлийн гэрээгээр 48,000,000 төгрөгийг 4 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй, 2018 оны 8 дугаар сарын 17-ны өдөр ЗГ1310001738 тоот зээлийн гэрээгээр 20,000,000 төгрөгийг 2 сарын хугацаатай, 4 хувийн хүүтэй тус тус нийт 4 гэрээг бичгээр байгуулжээ.

Энэхүү гэрээнүүдээс 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн ЗГ1310001180 тоот зээлийн гэрээг Э.А болон Ж.А нартай байгуулсан байна.

 

Зохигчдын хооронд байгуулсан дээрх гэрээнүүд нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид "зээлдүүлэгч" гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж, 451.2-т хуульд өөрөөр заагаагүй бол зээлийн гэрээг бичгээр хийнэ гэж, 452 дугаар зүйлийн 452.1-д зээлдүүлэгчээс олгох зээл нь хүүтэй буюу хүүгүй байж болно, 452.2-т зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно. Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс олгох зээлд анзыг хэрэглэхгүй гэж тус тус зохицуулсан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ байна.

 

Талууд гэрээний агуулгыг Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар өөрсдөө тодорхойлж, чөлөөтэй байгуулах эрхийн хүрээнд гэрээг байгуулсан, мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т зааснаар хийгдсэн, тэдгээрийн хүсэл зоригийн илэрхийлэл нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д зааснаар хүчин төгөлдөр байна.

 

3в. Зохигчдын хооронд байгуулагдсан гэх 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн ЗГ1310001198 дугаартай 20,000,000 төгрөгийн зээлийн гэрээнд хариуцагч Э.А нь гарын үсэг зураагүй боловч З ББСБ ХХК нь 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр 20,000,000 төгрөгийг Э.Агийн Хаан банкин дахь 0 тоот дансанд, мөн 2018 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн ЗГ1310001707 тоот гэрээний үүрэг шаардаж байх боловч уг гэрээг нэхэмжлэгч нь шүүхэд бичгээр ирүүлээгүй, харин 2018 оны 7 дугаар сарын 26-ны өдөр 24,000,000 төгрөгийг Э.Агийн Хаан банкин дахь 0 тоот дансанд тус тус шилжүүлсэн болох нь З ББСБ ХХК-ийн Хас банкин дахь 0 тоот дансны хуулгуудаар тогтоогдож байна.

 

Энэхүү 2 гэрээний хувьд ЗГ1310001198 дугаартай гэрээнд зээлдэгч гарын үсэг зураагүй, ЗГ1310001707 дугаартай гэрээг хэрэгт ирүүлээгүй боловч Э.А нь нийт 44,000,000 /20,000,000+24,000,000/ төгрөгийг өөрийн дансаар дамжуулан авсан, гэрээний үүрэгт үндсэн зээл болон хүүгийн зохих төлбөрийг төлж байсан байх тул Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-д эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр зохигчдын хооронд мөн хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар зээлийн гэрээ байгуулсанд тооцох үндэслэлтэй юм.

 

3г. Дээрх бичгээр байгуулсан зээлийн гэрээ болон дансаар шилжүүлэн авсан зээлийн үүрэгт Э.А нь дараах байдлаар зээлийн төлөлт хийсэн байна. Үүнд:

-       2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн ЗГ1310001103 тоот зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлд 960,685.46 төгрөг, хүүд 4,970,036.65 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 145,377.89 төгрөг, нийт 6,076,100 төгрөг төлөгдөж, сүүлийн төлөлтийг 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хийсэн,

-       2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн ЗГ1310001104 тоот зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлд 367,790.37 төгрөг, хүүд 2,536,813.27 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 75,156.36 төгрөг, нийт 2,979,760 төгрөг төлөгдөж, сүүлийн төлөлтийг 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хийсэн,

-       2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн ЗГ1310001180 тоот зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлд 649,214.04 төгрөг, хүүд 56,988,052.81 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 6,483,073.15 төгрөг, нийт 64,120,340 төгрөг төлөгдөж, сүүлийн төлөлтийг 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хийсэн,

-       2018 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн ЗГ1310001738 тоот зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлд 560,110.67 төгрөг, хүүд 4,480,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 107,989.33 төгрөг, нийт 5,148,100 төгрөг төлөгдөж, сүүлийн төлөлтийг 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хийсэн,

-       2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн ЗГ1310001198 тоот зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлд 923,049.11 төгрөг, хүүд 14,020,471.15 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 529,309.74 төгрөг, нийт 15,472,830 төгрөг төлөгдөж, сүүлийн төлөлтийг 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хийсэн,

-       2018 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн ЗГ1310001707 тоот зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлд 20,106,326.18 төгрөг, хүүд 6,169,175 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 136,498.82 төгрөг, нийт 26,412,000 төгрөг төлөгдөж, сүүлийн төлөлтийг 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хийсэн болох нь зээлийн дансны хуулгууд, зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

 

4. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил, мөн хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, эсхүл үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана гэж заажээ.

 

Зохигчдын хооронд байгуулагдсан зээлийн гэрээнүүд сунгагдаагүй, хариуцагч Э.А нь дээрх зээлийн гэрээнүүдийн хугацаа дууссан ч зээлийн эргэн төлөлтийг 2019 оны 02 дугаар сарын 22, 2019 оны 10 дугаар сарын 16, 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл тус тус гүйцэтгэж байсан, нэхэмжлэгч нь шүүхэд 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдөр нэхэмжлэл гаргасан байх тул хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй байна.

 

5. З ББСБ ХХК нь Э.А, Ж.А нартай 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр ЗГ1310001180 дугаартай гэрээг байгуулж, 48,000,000 төгрөгийг 4 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэйгээр, зээлийг Э.Агийн дансанд шилжүүлсэн, Ж.А нь 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хүүд 960,000 төгрөг, 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хүүд 960,000 төгрөг, 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдөр 2,340,000 төгрөг, 2020 оны 7 дугаар сарын 02-ны өдөр 10,000,000 төгрөг, 2020 оны 7 дугаар сарын 17-ны өдөр 8,000,000 төгрөг, 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 37,630,000 төгрөгийг тус тус төлснөөс зохих журмын дагуу үндсэн зээл болон хүү, нэмэгдүүлсэн хүүг суутган тооцсон, Э.А нь 4,230,340 төгрөгийг төлсөн, гэрээний хугацаа 2018 оны 5 дугаар сарын 05-ны өдөр дуусгавар болсон боловч энэ хугацаанд үндсэн зээлээс төлөлт хийгдээгүй, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д тус тус зааснаар зээлдүүлэгч нь үндсэн гэрээний хугацааны хүү болон хэтэрсэн хугацааны хүү шаардах эрхтэй юм.

 

Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д Үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ, 242.3-т Үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна гэж тус тус зааснаар Э.А, Ж.А нар нь хамтран үүрэг гүйцэтгэгчид бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч буюу нэхэмжлэгч З ББСБ ХХК нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох тул дээрх зээлийн гэрээний үүрэгт үлдэгдэл төлбөрийг Э.Агээс шаардах эрхтэй байна.

 

Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно... гэж заасан бөгөөд гэрээний хугацаа 2018 оны 5 дугаар сарын 05-ны өдөр дуусахаар байхад нэхэмжлэгч нь нэмэгдүүлсэн хүүд 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр 8,817.77 төгрөг, 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдөр 129,586.10 төгрөг, нийт 138,403.87 төгрөгийг тооцсон нь энэхүү зохицуулалтад нийцэхгүй тул үндсэн зээлээс хасч тооцох нь зүйтэй.

 

6. 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн ЗГ1310001198 тоот гэрээнд Э.А нь гарын үсэг зураагүй боловч түүний дансанд 20,000,000 төгрөгийг шилжүүлсэн, дээр дурдсанаар зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар зээлийн гэрээ байгуулсанд тооцсон, уг гэрээг бичгээр байгуулаагүй тул талуудыг энэхүү гэрээгээр хүү тохирсон гэж үзэхгүй тул үндсэн зээл 20,000,000 төгрөгөөс нийт төлсөн 15,472,830 төгрөгийг хасч, 4,527,170 төгрөгийг хариуцагч нь нэхэмжлэгчид төлөх нь зүйтэй байна.

 

7. 2018 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн ЗГ1310001707 тоот гэрээ хэрэгт авагдаагүй боловч дансны хуулгаар Э.Агийн 0 тоот Хаан банкны дансанд 24,000,000 төгрөгийг шилжүүлсэн, дээр дурдсанаар зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар зээлийн гэрээ байгуулсанд тооцсон, уг гэрээг бичгээр байгуулаагүй, талуудыг энэхүү гэрээгээр хүү тохирсон гэж үзэхгүй тул зээлд нийт 26,412,000 төгрөг төлөгдсөн байх ба үндсэн зээл 24,000,000 төгрөгөөс 2,412,000 төгрөгийн илүү төлөлтийг нэхэмжлэлийн шаардлагаас хасч тооцох нь зүйтэй байна.

 

8. Нэхэмжлэгч нь 2021 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн байдлаар хүү тооцсон байх бөгөөд ЗГ1310001103, ЗГ1310001104, ЗГ1310001180, ЗГ1310001738 тоот зээлийн гэрээнүүдийн хувьд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хэтэрсэн хугацааны хүү тооцох, хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т зааснаар нэмэгдүүлсэн хүү тооцох эрхтэй юм.

 

9. ЗГ1310001103 тоот гэрээний үүрэгт 19,509,660.50 төгрөг, ЗГ1310001104 тоот гэрээний үүрэгт 9,990,390.57 төгрөг, ЗГ1310001180 тоот гэрээний үүрэгт 65,281,863.67 /65,420,267.54- нэмэгдүүлсэн хүүд тооцсон 138,403.87 төгрөгийг хасч/ төгрөг, ЗГ1310001738 тоот гэрээний үүрэгт 41,928,009.84 төгрөг, нийт 136,709,924.58 төгрөгийг Э.А нь төлөх үүрэгтэй, уг төлбөрөөс ЗГ1310001198 тоот болон ЗГ1310001707 тоот гэрээний дагуу төлсөн төлөлтийн зөрүү 6,939,170 /4,527,170 + 2,412,000/ төгрөгийг хасч, 129,770,754.58 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс 53,031,618.61 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 3,622,803 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Агээс нэхэмжлэлийн хангагдсан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 806,804 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч З ББСБ ХХКолгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч Э.Агээс зээлийн гэрээнүүдийн үүрэгт 129,770,754.58 /нэг зуун хорин есөн сая долоон зуун далан долоон мянга долоон зуун тавин дөрвөн төгрөг, тавин найман мөнгө/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч З ББСБ ХХКолгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс 53,031,618.61 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3,622,803 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Агээс улсын тэмдэгтийн хураамжид 806,804 /найман зуун зургаан мянга найман зуун дөрөв/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч З ББСБ ХХК олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар тус шүүхийн шүүгчийн 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 101/ШЗ2022/06125 дугаартай Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай захирамж нь давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэл хугацаанд хэвээр үйлчилэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭНХЖАРГАЛ