Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2022/01981

 

 

 

 

.............-ББСБ ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Т.Бадрах, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 101/ШШ2022/03712 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч .............-ББСБ ХХК-ийн хариуцагч .............-д холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 317,409,277.19 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Наранзаяа, түүний өмгөөлөгч Н.Баярхүү, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтансүх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Содномдорж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

.............-ББСБ ХХК нь .............-тэй 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр ЗГ1310001103 дугаартай зээлийн гэрээ байгуулж 10,000,000 төгрөгийг нэг сарын хугацаатай, 4 хувийн хүүтэй зээлсэн. .............- нь дээрх зээлээс үндсэн зээлд 968,685 төгрөгийг, зээлийн хүүд 4,970,036 төгрөгийг, нэмэгдүүлсэн хүүд 145,377 төгрөг төлсөн. Мөн өдөр ЗГ1310001104 дугаартай зээлийн гэрээ байгуулж 5,000,000 төгрөгийг нэг сарын хугацаатай, 4 хувийн хүүтэй зээлж авснаар үндсэн зээлд 367,700 төгрөгийг, зээлийн хүүд 2,536,813 төгрөгийг, нэмэгдүүлсэн хүүд 75,000 төгрөг төлсөн.

2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр ЗГ1310001180 дугаартай зээлийн гэрээг Ж.Алтангадас, .............- нартай байгуулж 48,000,000 төгрөгийг 4 сарын хугацаатай, 4 хувийн хүүтэй зээлсэн. Зээлдэгч нар үндсэн зээлд 649,000 төгрөгийг, зээлийн хүүд 56,988,025 төгрөгийг, нэмэгдүүлсэн хүүд 6,483,473 төгрөг төлсөн. 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр ЗГ1310001198 дугаартай зээлийн гэрээ байгуулж 20,000,000 төгрөгийг хоёр сарын хугацаатай, 4 хувийн хүүтэй зээлж авснаар үндсэн зээлд 923,049 төгрөгийг, зээлийн хүүд 14,020,471 төгрөгийг, нэмэгдүүлсэн хүүд 523,379 төгрөг төлсөн.

2018 оны 07 дугаар сарын 26-ны өдөр ЗГ1310001707 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 24,000,000 төгрөгийг таван сарын хугацаатай, 4 хувийн хүүтэй зээлж авснаар үндсэн зээлд 20,106,320 төгрөгийг, зээлийн хүүд 6,169,175 төгрөгийг, нэмэгдүүлсэн хүүд 136,498 төгрөгийг тус тус төлсөн.

2018 оны 08 дугаар сарын 17-ны өдөр ЗГ1310001738 дугаартай зээлийн гэрээ байгуулж 20,000,000 төгрөгийг хоёр сарын хугацаатай, 4 хувийн хүүтэй зээлж авснаар үндсэн зээлд 560,110 төгрөгийг, зээлийн хүүд 4,480,000 төгрөгийг, нэмэгдүүлсэн хүүд 107,889 төгрөг төлсөн байна.

2018 оны 02 дугаар сарын 6-ны өдөр Б-ЗГ08/100/18 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 30,000,000 төгрөгийг гурван сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй зээлдүүлсэн. Мөн 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 35,000,000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 10,000,000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 5,000,000 төгрөгийг тус тус дансаар шилжүүлсэн. Эдгээр зээлийн төлбөрийг төлөөгүй тул .............-гээс зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт үндсэн зээлд 183,432,824 төгрөг, зээлийн хүү 121,127,742 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 12,848,692 төгрөг, нийт 317,409,258 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

Зээлийн гэрээ байгуулсан болон төлөлт хийсэн дүнгийн талаар маргахгүй боловч зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцооллыг хэрхэн бодсон нь тодорхойгүй байна. 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр байгуулсан зээлийн гэрээнд .............- гарын үсэг зураагүй тул хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхгүй. 2018 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн зээлийн гэрээний хариуцагч солигдсон тул уг зээлийн төлбөрийг .............- хариуцахгүй. Мөн П.Эрдэнэбаатараас шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг .............-ББСБ ХХК шаардах эрхгүй. Иргэний хуульд заасан шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч .............-гээс 52,248,812.1 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч .............-ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 265,160,445.9 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 3,622,803 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч .............-гээс 419,194 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч .............-ББСБ ХХК-д олгож шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.1. Нэхэмжлэгч байгууллагын хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал П.Эрдэнэбаатар .............-д байгууллагаараа дамжуулан зээл олгосноос гадна өөрийн данснаасаа 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 35,000,000 төгрөг, мөн оны 12 дугаар сарын 07-ны өдөр 10,000,000 төгрөг, 12 дугаар сарын 08-ны өдөр 5,000,000 төгрөг, 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр 30,000,000 төгрөг, нийт 80,000,000 төгрөг зээлсэн. П.Эрдэнэбаатар иргэний хэрэг үүссэнээс хойш 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. П.Эрдэнэбаатар нь .............-ББСБ ХХК-тай 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр зээлийн гэрээний үүргийг шаардах эрхийг шилжүүлэх гэрээг байгуулсан. Гэтэл анхан шатны шүүхээс шаардах эрх шилжүүлсэн гэрээг нэхэмжлэгчийг шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш байгуулсан гэсэн дүгнэсэн.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт зааснаар бусдын нэрийн өмнөөс шаардах эрхийг нь шилжүүлэн авсан бол нэхэмжлэл гаргаж болох талаар зохицуулсан. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх үед нэхэмжлэгч байгууллага нь бусдын нэрийн өмнөөс нэхэмжлэл гаргах эрхтэй буюу шаардах эрхийг хуулийн дагуу шилжүүлэн авсан байсан.

Мөн 2018 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн ЗГ1310001707 дугаар зээлийн гэрээ хэрэгт нотлох баримтаар авагдаагүй гэсэн үндэслэлээр тухайн гэрээний дагуу олгосон 24,000,000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосон. Хариуцагч 24,000,000 төгрөгийг авсан талаар маргаагүй.

4.2. Талуудын хооронд байгуулагдсан гэрээ болон хуульд зааснаар зээлийг олгож эхэлснээс хойш хүү тооцно. Зээлийн хүүг үндсэн зээлийн үлдэгдлийг жилийн зээлийн хүүгээр үржүүлэн нэг жилийн хугацаанд бодогдох хүүг авна. Үүний дараа өмнөх тооцсон дүнг жилийн бодит хоног болох 365 хоногт хуваан 1 хоногт бодогдох хүүг тооцно. Хоногийн хүүгээ бодогдох ёстой зээлийн хоногоор үржүүлэн үндсэн зээлийн үлдэгдлээс тооцно. Нэмэгдүүлсэн хүүг зээлийн хүүгийн өр үүссэн тохиолдолд тооцно. Зээлдэгч зээлийн төлбөрийг нэмэгдүүлсэн хүү, зээлийн хүү, үндсэн зээл гэсэн дарааллаар төлнө. Гэтэл шүүх зээлийн тооцоолол тодорхой бус гэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:

5.1. .............-д холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргасан гэх тайлбар үндэслэлгүй. Нэхэмжлэл гаргах эрх нь нээлттэй байсан. Иргэний хуулийн 216 дугаар зүйлд үүргийн гүйцэтгэх дарааллыг тогтоосон. .............-ББСБ ХХК нь иргэнтэй зээлийн гэрээ байгуулсан тул стандарт нөхцөл яригдана. Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт үүргийн гүйцэтгэл нь төлөх хугацаа болсон бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол тэргүүн ээлжид шүүхийн зардал, дараа нь үндсэн үүрэг, эцэст нь хүүг төлүүлнэ гэж заасан. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан тул шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаж шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй байна.

 

1. Нэхэмжлэгч .............-ББСБ ХХК нь хариуцагч .............-д холбогдуулан;

1.а. 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн ЗГ1310001103 дугаар зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 9,039,314.54 төгрөг, зээлийн хүү 9,508,065.51 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 962,280.45 төгрөг, нийт 19,509,660.54 төгрөг,

1.б. 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн ЗГ1310001104 дугаар зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 4,632,209.63 төгрөг, зээлийн хүү 4,866,329.01 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 491,851.93 төгрөг, нийт 9,990,390.57 төгрөг,

1.в. 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн ЗГ1310001198 дугаар зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 19,076,950.89 төгрөг, зээлийн хүү 16,241,950.86 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,289,531 төгрөг, нийт 36,608,443 төгрөг,

1.г. 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн ЗГ1310001180 дугаар зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл үндсэн зээл 47,350,785.96 төгрөг, зээлийн хүү 17,582,321.88 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 487,159.70 төгрөг, нийт 65,420,267,54 төгрөг,

1.д. 2018 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 3,893,673.82 төгрөг, зээлийн хүү 4,866,783.22 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 585,144.30 төгрөг, нийт 9,345,601.34 төгрөг,

1.е. 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн ЗГ1310001738 дугаар зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 19,439,889.33 төгрөг, зээлийн хүү 20,422,412.93 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,065,707.58 төгрөг, нийт 41,928,009.84 төгрөг,

Мөн П.Эрдэнэбаатар .............-д 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 35,000,000 төгрөг, мөн оны 12 дугаар сарын 07-ны өдөр 10,000,000 төгрөг, 12 дугаар сарын 08-ны өдөр 5,000,000 төгрөг, 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр 30,000,000 төгрөг шилжүүлсэн тул нийт 317,409,258 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргасан.

 

2. П.Эрдэнэбаатар нь .............-ББСБ ХХК-тай 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн зээлийн гэрээний үүргийг шилжүүлэх гэрээг байгуулж, .............-д 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр 30,000,000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 35,000,000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 10,000,000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр зээлсэн 5,000,000 төгрөгийн тус тус зээлсэн ба дээрх гэрээний үүрэгт нийт 134,606,904 төгрөгийг шаардах эрхийг шилжүүлсэн байна. (хх-10, 244)

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэд хэдэн нэхэмжлэгч буюу хэд хэдэн хариуцагч хамтран оролцож болно гэж заасан. Иймд П.Эрдэнэбаатар .............-д зээлсэн мөнгөн хөрөнгийг шаардахад .............-ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй хэрэгт хамтран нэхэмжлэгчээр оролцох эсэхийг анхан шатны шүүх тодруулаагүй атлаа түүний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь буруу байна.

 

3. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2 дахь хэсэгт банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээг бичгээр байгуулна гэж заасан. Гэтэл анхан шатны шүүхээс хариуцагчийн гарын үсэг зураагүй гэх ЗГ1310001198 дугаартай гэрээний дагуу шаардах эрхийн үндэслэлийг тодруулах нь талуудын хооронд үүссэн маргаанд эрх зүйн дүгнэлт хийхэд ач холбогдолтой. Тодруулбал, хэлцлийн хүчин төгөлдөр байдлын талаар шүүх дүгнэх учиртай.

 

4. Хариуцагч зээлийн гэрээний үүргийг шаардах хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж маргасан тул хариуцагчаас төлсөн төлбөрийг аль гэрээний үүрэгт тооцох талаар эрх зүйн дүгнэлт хийгээгүй талууд энэ талаар бүрэн мэтгэлцээгүй байхаас гадна шүүх Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт заасан зохицуулалтыг тухайн маргаанд зөв тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэхээргүй байна.

 

Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүх хэргийн оролцогчдын эрх зүйн байдлыг зөв тодорхойлж чадаагүй, талуудын хоорондох зээлийн маргааны талаар хийвэл зохих дүгнэлтийг хийгээгүй байгааг давж заалдах шатны шүүхээс зөвтгөн дүгнэж шийдвэрлэх боломжгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 101/ШШ2022/03712 дугаар шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дугаар зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,483,752 төгрөгийг буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН

 

ШҮҮГЧИД Т.БАДРАХ

 

Н.БАТЗОРИГ