Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 101/ШШ2023/04512

 

 

 

 

 

 

 

 

 

 

2023 10 18

101/ШШ2023/04512

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Б.Д нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: НШЭНТ холбогдох

 

НШЭНТийн даргын 2023 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн Б/60 дугаартай хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан тушаалыг хүчингүй болгуулж, эмчилгээ эрхэлсэн орлогч даргын ажилд эгүүлэн томилуулах, шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацааны ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, түүнд ногдох нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 101/ШШ2023/00419 дүгээр шийдвэр гарсанаас хойш ажилд эгүүлэн авсан 2023 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны олговорт 4,696,002 төгрөг гаргуулах, түүнд ногдох нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Э,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Даваадорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б.Д, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын 154 дүгээр зүйлийн 154.2.1-д заасны дагуу хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан тухай ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор /байгууллага хөдөлмөрийн маргаан таслах комиссгүй тул/ хуулийн 154.6-д заасны дагуу Баянзүрх дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандсан болно. Нийслэлийн Баянзүрх дүүргийн засаг даргын 2023 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 38 дугаар хүсэлт шийдвэрлэх боломжгүй хариуг 2023 оны 5 дугаар сарын 03-ны өдөр хүлээн аваад гомдлоо Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8, 158 дугаар зүйлийн 158.1.1-д заасныг тус тус үндэслэн дараах гомдлын шаардлага гаргаж байна.

НШЭНТийн даргын 2022 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн Б/43 дугаартай тушаалаар тус төвийн эмчилгээ эрхэлсэн орлогч даргаар ажиллаж байсан Б.Д намайг Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.9, 80 дугаар зүйлийн 80.1.2, 80.1.4 дэх заалтыг тус тус үндэслэн надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлсөн. Дээрх шийдвэрийг эс зөвшөөрч миний бие зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр шүүхэд хандан шийдвэрлүүлсэн ба Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 101/ШШ2023/00419 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч намайг урьд эрхэлж байсан ажилд маань эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны олговрыг ШЭНТөөс гаргуулж олгохоор шийдвэрлэсэн. Хариуцагч байгууллага шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр шүүгчийн захирамжийг гаргуулж Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсанаар хариуцагч байгууллага 2023 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр Б-58 тоот тушаалаар намайг шүүхийн шийдвэрт заасан ажилд маань эгүүлэн томилсон. Эл өдөр миний бие өвчтэй эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан тул 2023 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр эмнэлгээс гараад очсон. Гэтэл ажилдаа очсон өдөр буцаан халсан тушаалыг зөрүүлээд надад гардуулсан ба тушаалын үндэслэлийг үзвэл өмнө намайг ажлаас халсан шийдвэрийн үндэслэлтэй адил үндэслэлээр болон ажил тасалсан гэж дахин халжээ. Шүүхэд хянан хэлэлцэгдэж, хуулийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт баталгаажсан, үндэслэлгүй болох нь тогтоогдсон үйл баримтаар дахин ажлаас халж байгаа нь Үндсэн хуульд заасан иргэн хүний хөдөлмөрлөх нөхцлийг хязгаарласан ноцтой зөрчсөн асуудал гэж ойлгож байна. Шүүхийн шийдвэрийг биелүүлсэн дүр үзүүлж ажил эхэлсэн өдрөө буюу хөдөлмөрийн харилцаа үүсгэж ажил хүлээлцэж ажил үүрэгтэй холбоотой бичиг баримт сандал ширээг маань хүлээлгэж өгөөгүй байж ажил тасалсан гэх зөрчил болон өмнө шүүхээр шийдвэрлэсэн асуудлаар ажлаас дахин халж байгаа нь нэхэмжлэгч намайг ямар нэг аргаар ажиллуулахгүй байх хүсэл сонирхлоо хууль зөрчин гүйцэтгэж байх тул энэхүү үйлдлийг таслан зогсоож өгөхийг хүсэхээс гадна ажлаас чөлөөлсөн тушаалд ажил тасалсан гэх өдрүүдэд миний бие эмнэлэгт хэвтэн эмчилгээ хийлгэж байсан болно.

Иймд НШЭНТийн даргын 2023 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн Б/60 дугаартай хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан тушаалыг хүчингүй болгуулж, эмчилгээ эрхэлсэн орлогч даргын ажилд эгүүлэн томилж, шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацааны ажилгүй байсан хугацааны олговорт 2023 оны 4 дүгээр сарын 13-ны өдрөөс хойш ажлын 128 хоног ба 11,131,264 төгрөгийг гаргуулж, түүнд ногдох нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн төлүүлж, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 101/ШШ2023/00419 дүгээр шийдвэр гарсанаас хойш ажилд эгүүлэн авсан 2023 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны олговорт 4,696,002 төгрөгийг гаргуулж, түүнд ногдох нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн төлүүлж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч НШЭНТ ТБАГУТҮГ, итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 101/ШШ2023/00419 дугаартай шийдвэрийн дагуу НШЭНТийн даргын 2023 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн Б/58 дугаар тушаалаар Б.Дыг хуучин эрхэлж байсан ажилд нь буюу тус төвийн Эмчилгээ эрхэлсэн орлогч даргын албан тушаалд томилсон. Тухайн тушаал гарсан өдөр буюу 2023 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр тус төвийн менежер Б.С нь Б.Дтай түүний 9109-0609 дугаарын утсаар холбогдож ...таныг ажилд томилсон тушаал гарсан тул 2023 оны 4 дүгээр сарын 07-ны өдрөөс ажилдаа ороорой гэж мэдэгдээд тушаалын нэг хувийг түүнд telegram-ын чатаар явуулсан. Б.Д нь ажилд эгүүлэн томилсон тушаал гарсныг мэдсэн атлаа 2023 оны 4 дүгээр сарын 13-ныг хүртэлх хугацаанд ажилдаа огт ирээгүй, мөн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа гэсэн боловч энэ талаарх эмнэлгийн магадлагаа, холбогдох баримтыг ирүүлээгүй, 3 хоног ажил тасалсан тул НШЭНТийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн А/67 дугаар тушаалын хавсралтаар баталсан Хөдөлмөрийн дотоод журмын 17.4.1.11-д ажилтан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр нэг сарын дотор 3 ба түүнээс дээш өдөр ажил тасалсан бол ажил эрхлэлтийн харилцааг захиргааны санаачлагаар цуцлахаар заасныг үндэслэн түүнтэй байгуулсан хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон. Б.Дыг тус төвийн даргын 2022 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн Б/43 дугаартай тушаалаар ажлаас чөлөөлсөнөөс хойш Авилгатай тэмцэх газраас 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 04/16933 дугаар албан бичигт ...НШЭНТийн эмчээр ажиллаж байсан Б.Д нь эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлснийхээ төлөө үйлчлүүлэгчээс ...албан бус төлбөр авахгүй байх, ...иргэдээс жагсаалтад зааснаас бусад тусламж, үйлчилгээнд төлбөр авах, эмч, мэргэжилтнүүд иргэдтэй шууд төлбөр тооцоо хийх, улсын эмнэлэгт ажиллаж буй зөвлөх эмч болон бусад эмч, мэргэжилтэн тухайн эмнэлэг дээр байрлах хувийн эмнэлэгт давхар ажиллах, хувийн журмаар ажлын байрандаа төлбөрт үйлчилгээ эрхлэх, эм, био бэлдмэл, биологийн идэвхт бодис зарах гэсэн хориглосон хэм хэмжээг тус тус зөрчсөн гэх албан бичгийг ирүүлсэн. Б.Д нь эмчээр ажиллаж байхдаа тус төвөөр үйлчлүүлсэн үйлчлүүлэгчийн аргагүй байдлыг ашиглаж иргэн Д.Дгээс албан тушаалаа урвуулан ашиглаж, тодорхой хэмжээний эмчилгээ үйлчилгээний төлбөрийг өөрийн хувийн дансаар авч хувьдаа ашигласан болох нь тогтоогдсон тул энэ нь түүнийг ажлаас чөлөөлөх тушаалын нэг үндэслэл болсон. Мөн иргэн Д.Дгээс манайд Б.Дд холбогдуулан удаа дараа гомдол ирүүлээд байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэгт заасныг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3. Нотлох баримт: Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Баянзүрх дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицууулах гурван талт хорооны хуралдааны 2023 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 38 дугаартай тэмдэглэл, Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 2022 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 12 дугаартай тогтоол, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 101/ШЗ2023/08058 дугаартай захирамж, мөн өдрийн 101/ГХ2023/00759 дугаартай гүйцэтгэх хуудас, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 101/ШШ2023/00419 дугаартай шийдвэр, Хөдөлмөрийн чадван түр алдсаны эмнэлгийн хуудас №11012304120029, 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 1-01 дугаартай хөдөлмөрийн гэрээ, НШЭНТийн даргын 2023 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн Б/58 дугаартай тушаал, уг тушаалын хавсралт, 2023 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн Б/60 дугаартай тушаал, Б.Дын иргэний үнэмлэх, Б.Дын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, нэхэмжлэгчийн итгэмжлэлийг тус тус нэхэмжлэгч нь шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн,

Хариуцагчийн улсын бүртгэлийн гэрчилгээ, хариуцагчийн итгэмжлэлүүд, хариуцагчийн хариу тайлбар, иргэн н.Дгийн өргөдөл, 2023 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн Б/60 дугаартай тушаал, Авлигатай тэмцэх газрын 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 04/16933 дугаартай албан бичиг, 2023 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн Б/58 дугаартай тушаал, НШЭНТийн 2023 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 1/183 дугаартай албан бичиг, 2023 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 1/133 дугаартай албан бичиг, 2023 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн ажлын хэсгийн хяналт шалгалт, дүгнэлт, 2023 оны 4 дүгээр сарын 03-ны А/20 дугаартай тушаал, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын 2023 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн ХЭГ/595 дугаартай албан бичиг, 2023 оны 4 дүгээр сарын 1 болон 2 дугаар хагасын цалингийн тодорхойлолтыг тус тус хариуцагч нь шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн байна.

 

4. Зохигчдын хүсэлтээр бүрдүүлсэн нотлох баримт: НШЭНТийн даргын 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн А/67 дугаартай тушаал, уг тушаалын хавсралт хөдөлмөрийн дотоод журам, Эрүүл мэндийн сайдын 2013 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 446 дугаартай тушаал, уг тушаалын хавсралт Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээ, Нийгмийн даатгалын ерөнхий газраас Б.Дын эмнэлгийн хуудасны цахим бүртгэл, эмнэлгийн хуудасны мэдээлэл цэс дэх бүртгэлийг тус тус зохигчдын хүсэлтээр шүүх бүрдүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б.Д нь хариуцагч НШЭНТ ТБАГУТҮГ-т холбогдуулан НШЭНТийн даргын 2023 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн Б/60 дугаартай хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан тушаалыг хүчингүй болгуулж, эмчилгээ эрхэлсэн орлогч даргын ажилд эгүүлэн томилж, шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацааны ажилгүй байсан хугацааны олговорт 2023 оны 4 дүгээр сарын 13-ны өдрөөс хойш ажлын 128 хоног ба 11,131,264 төгрөгийг гаргуулж, түүнд ногдох нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн төлүүлж, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 101/ШШ2023/00419 дүгээр шийдвэр гарсанаас хойш ажилд эгүүлэн авсан 2023 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны олговорт 4,696,002 төгрөгийг гаргуулж, түүнд ногдох нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

2. Хариуцагч нь шүүхийн шийдвэрийн дагуу Б.Дыг ажилд нь эгүүлэн томилсон боловч тэрээр ажилдаа ирээгүй, мөн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа гэсэн боловч энэ талаарх эмнэлгийн магадлагаа, холбогдох баримтыг ирүүлээгүй, 3 хоног ажил тасалсан, Авилгатай тэмцэх газраас 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 04/16933 дугаар албан бичгийн дагуу эмнэлгийн ажилтны ёс зүйг зөрчиж, үйлчлүүлэгчээс албан тушаалаа урвуулан ашиглаж, тодорхой хэмжээний эмчилгээ үйлчилгээний төлбөрийг өөрийн хувийн дансаар авч хувьдаа ашигласан болох нь тогтоогдсон тул Б.Дыг ажлаас чөлөөлсөн нь үндэслэлтэй гэж маргаж байна.

 

3. Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзэв.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4а. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 101/ШШ2023/00419 дугаартай шийдвэрээр Б.Дыг НШЭНТийн эмчилгээ эрхэлсэн орлогч даргын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 12,522,672 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгож, уг олговроос зохих шимтгэл тооцон нэхэмжлэгчийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн ба энэхүү шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

 

Дээрх шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж 2023 оны 3 дугаар сарын 29-ний өдөр гарч, мөн өдөр 101/ГХ2023/00759 дугаартай гүйцэтгэх хуудас олгогджээ.

 

4б. НШЭНТийн даргын 2023 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн Б/58 дугаартай Б.Дыг ажилд эргүүлэн томилох, ажилгүй байсан хугацааны олговор олгох, шимтгэл нөхөн төлөх тухай тушаалаар Эмчилгээ эрхэлсэн орлогч даргаар ажиллаж байсан Б.Дыг ажилд нь эргүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон тул 2023 оны 4 дүгээр сарын 07-ны өдрөөс хөдөлмөрийн гэрээ байгуулж, эмчилгээ эрхэлсэн орлогч даргын албан тушаалд эгүүлэн томилсон байна.

 

4в. НШЭНТийн даргын 2023 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн Б/60 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, 80.1.4, Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 2023-2024 оныг авилгатай тэмцэх жил болгон зарлах тухай 49 дүгээр тогтоол, Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын 2023 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн Чиглэл хүргүүлэх тухай ХЭГ/595 дугаар албан бичгийн 7, 11 дүгээр заалт, НШЭНТийн дүрмийн 6.1 дэх хэсэг, Авлигатай тэмцэх газрын 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 04/16933 тоот Журмын хэрэгжилт хангуулах тухай албан бичиг, Эрүүл мэндийн сайдын 2013 оны 466 дугаар тушаалаар баталсан Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээ-ний 3.25, Төвийн хөдөлмөрийн дотоод журмын 17 дугаар зүйлийн 17.4.1.6, 17.4.1.9, 17.4.1.11 дэх хэсгийн тус тус үндэслэн

Эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Б.Д нь тус төвөөр үйлчлүүлсэн үйлчлүүлэгчийн аргагүй байдлыг нь ашиглаж иргэн Д.Дгээс албан тушаалаа урвуулан ашиглаж тодорхой хэмжээний эмчилгээ үйлчилгээний төлбөрийг өөрийн хувийн дансаар авч хувьдаа ашигласан нь Авлигатай тэмцэх газрын 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 04/16933 тоот албан бичиг болон бусад нотлох баримтаар тогтоогдсон, ажилд нь эргүүлэн авах тушаал гарснаас хойш хүндэтгэн үзэх шалтгаангүй ажлын 3 хоног ажилдаа ирээгүй тул 2023 оны 4 дүгээр сарын 13-ны өдрөөр тасалбар болгон хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас нь чөлөөлжээ.

 

4г. Б.Д нь дээрх ажлаас чөлөөлсөн тушаалыг хүлээн авч, Баянзүрх дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандаж, 2023 оны 5 дугаар сарын 02-ны өдөр Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.5-д заасны дагуу хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлэх арга хэмжээ дуусгавар болсон гэх хариуг хүлээн авч, улмаар 2023 оны 5 дугаар сарын 04-ний өдөр шүүхэд гомдлын шаардлагаа гаргажээ.

 

Эдгээрээс үзвэл нэхэмжлэгч Б.Д нь хөдөлмөр эрхлэлтийн харилцаатай холбоотой гомдлыг Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1-д хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл түүнийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор гэж заасны дагуу гаргаж, урьдчилан шийдвэрлүүлэн, мөн хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8-д Сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны энэ хуулийн 154.5-д заасан тэмдэглэлийг хүлээн авснаас хойш, эсхүл энэ хуулийн 154.7-д заасан шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдрийн дотор маргалдагч тал шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй гэж зааснаар хуулийн хугацаанд гомдлын шаардлагыг шүүхэд гаргасан байна.

 

5. Нэхэмжлэгч Б.Дыг ажлаас чөлөөлсөн тушаалд тус төвөөр үйлчлүүлсэн үйлчлүүлэгчийн аргагүй байдлыг нь ашиглаж иргэн Д.Дгээс албан тушаалаа урвуулан ашиглаж тодорхой хэмжээний эмчилгээ үйлчилгээний төлбөрийг өөрийн хувийн дансаар авч хувьдаа ашигласан нь Авлигатай тэмцэх газрын 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 04/16933 тоот албан бичиг болон бусад нотлох баримтаар тогтоогдсон гэх үндэслэлийн тухайд:

 

5а. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 101/ШШ2023/00419 дугаартай шийдвэрээр Б.Дыг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилсон ба энэхүү хэрэг, маргаанд хариуцагч нь ажил олгогчийн зөвшөөрөлгүй эрхэлж байгаа үйл ажиллагаатай өрсөлдсөн, давхцсан ажил үйлчилгээ эрхэлсэн гэх үндэслэл-ийг гаргаж, энэ нь Б.Дыг иргэн Б.Хд төвөөс гадуур эмчилгээ, үйлчилгээ үзүүлж, 800,000 төгрөгийг авсан болох нь Авлигатай тэмцэх газрын албан бичиг, Нийслэлийн Прокурорын газрын прокурорын 2022 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 326 дугаар хэрэг бүртгэлийн хэрэг нээхээс татгалзах тухай тогтоолоор нотлогдоно гэж тайлбарласныг хэрэгт авагдсан баримтуудаар зөрчилд хамаарахгүйн дээр уг үйл явдал нь 2014 онд болсон байна гэж дүгнэсэн.

 

Дээрх шүүхийн шийдвэрт дурдсан үйл баримтын талаар буюу шийдвэр гарахаас өмнөх цаг хугацаа болох 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 04/16933 дугаартай Журмын хэрэгжилт хангуулах тухай албан бичигт ...НШЭНТийн эмчээр ажиллаж байсан Б.Д нь эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх явцад иргэнээс 800,000 төгрөгийн төлбөрийг 2014 оны 7 дугаар сарын 31-ний өдөр гаргуулсан нь тухайн үед мөрдөгдөж байсан ... эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээг тус тус зөрчсөн байна. Иймд энэ төрлийн зөрчил гаргахгүй байх, авлига, ашиг сонирхлыг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хүчин төгөлдөр үйлчилж буй Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн дүрэм, Төлбөртэй тусламж, үйлчилгээний журмыг чанд мөрдөж ажиллах талаар холбогдох арга хэмжээг авч ажиллахыг үүгээр мэдэгдье гэжээ.

 

5б. НШЭНТийн даргын 2023 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн А/20 дугаартай Ажлын хэсэг байгуулах тухай тушаалаар авлигатай тэмцэх Шүүр ажиллагааны хэрэгжилтийг хангах, дараах хууль тогтоомж, шаардлагыг зөрчиж томилогдсон этгээдийг олж тогтоох ажлын хэсгийг ахлагч болон нарийн бичгийн дарга, 2 гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулжээ.

 

Б.Дыг 2023 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр ажилд томилсон тушаалыг ажил олгогчийн зүгээс гаргасны маргааш 4 дүгээр сарын 07-ны өдөр Ажлын хэсгийн хяналт шалгалт, дүгнэлт-ийг дээрх тушаалаар томилогдсон ажлын хэсэг хяналт, шалгалт хийж ...Эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Б.Д нь тус төвөөр үйлчлүүлсэн үйлчлүүлэгчийн аргагүй байдлыг нь ашиглаж иргэн Д.Дгээс албан тушаалаа урвуулан ашиглаж эмчилгээ үйлчилгээний төлбөрийг өөрийн хувийн дансаар авч хувьдаа ашигласан нь Авлигатай тэмцэх газрын 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 04/16933 тоот албан бичиг болон бусад нотлох баримтаар тогтоогдсон..... Авилгын эсрэг хууль, 2023 оны Засгийн газрын 49 дүгээр тогтоолын дагуу Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын 2023 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн Чиглэл хүргүүлэх тухай ХЭГ/595 тоот албан бичгийн 7, 11 дүгээр заалтыг зөрчиж байна. Албан тушаалаа урвуулан ашиглаж хээл хахууль авах, ашиг сонирхлын зөрчил гаргах, эргээд ажилдаа томилогдож болдог гэсэн буруу ойлголт эмнэлгийн ажилчдын дунд төрүүлж, авилгыг өөгшүүлэх хандлагатай байгаа нь ажиглагдсан тул ажлын хэсгийн гишүүд уг ажилтны асуудлыг дээд шатны байгууллагад уламжлан шийдвэрлүүлэх саналтай байгааг үүгээр мэдэгдэж байна гэсэн дүгнэлтийг гаргажээ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3-т Ажил олгогч хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэж, тайлбар авч, сахилгын зөрчлийн шинж, үр дагаврыг харгалзан энэ хуулийн 123.2-т заасан хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг сонгож хэрэглэнэ. Хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэрийг бичгээр гаргана гэж зааснаар сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө ажилтан Б.Дд дээрх ажлын хэсгийн дүгнэлтийг мэдэгдэж, тайлбар авах ажиллагааг ажил олгогчийн зүгээс хийгээгүй байна.

 

Нөгөөтэйгүүр тус шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 101/ШШ2023/00419 дугаартай шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон, энэхүү шүүхийн шийдвэрээр иргэн Б.Дгээс гаргасан гомдолтой холбоотой асуудал дүгнэгдэж, эрүүгийн журмаар шалгах ажиллагаа дуусч, хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан байх ба Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.7-д зааснаар сахилгын нэг зөрчилд хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг давхардуулан ногдуулахгүй гэсэн зохицуулалтад нийцэхгүй байна. Хариуцагч нь эмнэлгийн ажилтны ёс зүйн зөрчилтэй холбон тайлбарлаж байх боловч өмнө нь энэ асуудлаар сахилгын шийтгэл тухайн цаг хугацаанд ногдуулах бүрэн боломжтой байсан.

 

5в. НШЭНТ нь Б.Дыг ажлаас чөлөөлөхдөө төвийн Хөдөлмөрийн дотоод журмын 17.6.3-т заасны хэрхэн баримталсан нь тодорхойгүй байна.

 

6. Б.Дыг ажилд нь эргүүлэн авах тушаал гарснаас хойш хүндэтгэн үзэх шалтгаангүй ажлын 3 хоног ажилдаа ирээгүй гэх үндэслэлийн тухайд:

 

6а. Хариуцагч нь нэхэмжлэгчийг ажилд томилсон тушаалыг 2023 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр гаргаж, түүнд утсаар мэдэгдэхэд Б.Д нь өвчтэй эмнэлэгт хэвтэж байгаа талаар амаар мэдэгдсэн болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

 

6б. Б.Д нь 2023 оны 4 дүгээр сарын 05-ны өдрөөс 4 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвд хэвтэн эмчлүүлсэн болох нь Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 01/1873 дугаартай албан бичиг, уг албан бичгээр ирүүлсэн Б.Дын №11012304120029 дугаар бүхий эмнэлгийн хуудасны цахим бүртгэл, Эмнэлгийн хуудасны мэдээлэл цэс дэх бүртгэл, Хөдөлмөрийн чадвар түр алдсаны эмнэлгийн хуудас зэргээр тогтоогдож байна.

 

6в. Хариуцагч нь эмнэлэгт хэвтэж байгаа талаарх эмнэлгийн магадлагаа, хөдөлмөрийн чадвар түр алдсаны эмнэлгийн хуудас зэргийг нэхэмжлэгч нь ирүүлээгүй гэх боловч Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн А/38 дугаар тушаалын хавсралт Эмнэлгийн хуудас олгох, хянах журам-ын 3.7.1-д Хөдөлмөрийн чадвар түр алдсаны эмнэлгийн хуудсыг тусламж, үйлчилгээ авч дууссанаас хойш ажлын 5 өдрийн дотор эрүүл мэндийн байгууллага өвчтөнд олгохоор заасан байх тул эмнэлэгт хэвтсэн даруйдаа болон хэвтэн эмчлүүлж байх үедээ хөдөлмөрийн чадвар түр алдсаны эмнэлгийн хуудсыг Б.Д нь НШЭНТд ирүүлэх боломжгүй байсан байна.

 

6г. НШЭНТийн Хөдөлмөрийн дотоод журмын 17.4.1.11-д Ажилтан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр нэг сарын дотор 3 ба түүнээс дээш өдөр ажил тасалсан бол ноцтой зөрчил гэж үзэж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг захиргааны санаачлагаар цуцлахаар заасан байх боловч дээр дурдсанаар энэхүү журамд заасан үндэслэл бүрдээгүй, ажил олгогчийн зүгээс ажилтныг ажилдаа ирээгүй шалтгаан, нөхцөл байдлыг сайтар нягтлахгүйгээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан гэж үзсэн нь үндэслэлгүй байна.

 

Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч Б.Дыг НШЭНТийн Эмчилгээ эрхэлсэн орлогч даргын ажил, албан тушаалд эгүүлэн томилох нь зүйтэй гэж үзэв.

 

7. Нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацааны ажилгүй байсан хугацааны олговорт 2023 оны 4 дүгээр сарын 13-ны өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл ажлын 128 хоногоор тооцон 11,131,264 төгрөгийг гаргуулж, түүнд ногдох нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн төлүүлэх-ээр гаргасан нэхэмжлэлийн шаардлагын тухайд Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно гэж заажээ.

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалын хавсралт Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 2.3, 2.3.5-д хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон тохиолдолд түүнд урьд эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд олгох олговор-ыг Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу ажилтанд олгох олговрыг тооцох дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын цалин хөлсөөр, 1.6-д хуанлийн жилийн нэг сарын дундаж ажлын өдрийг 21 өдрөөр тооцохоор журамласан байна.

 

7а. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 101/ШШ2023/00419 дугаартай шийдвэрээр Б.Дын нэг сарын дундаж цалин хөлс 1,826,238 төгрөгийг 21 хоногт хувааж, нэг өдрийн цалинг 86,963 төгрөгөөр тогтоосон ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт тул нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны ажлын 128 хоногоор тооцоход 11,131,264 төгрөгийг ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговорт хариуцагчаас гаргуулах нь зүйтэй байна.

 

7б. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д ажилтныг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулах, хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлөх, тайлагнах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулах нь ажил олгогчийн үүрэг ба нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг зохих журмын дагуу бичилт хийж, холбогдох суутгалыг хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

8. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 101/ШШ2023/00419 дугаартай шийдвэрээр Б.Дыг ажилд нь эгүүлэн томилж, уг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон боловч НШЭНТ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ гэж заасны дагуу ажилтныг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн томилоогүй.

 

Улмаар мөн хуулийн 11.2-т Шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэнэ, 185 дугаар зүйлийн 185.1.1-д төлбөр авагч шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр хүсэлт гаргасан гэж тус тус зааснаар Б.Д хүсэлт гаргаж, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 101/ШЗ2023/08058 дугаартай Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж гарч, мөн өдрийн 101/ГХ2023/00759 дугаартай гүйцэтгэх хуудас олгогджээ.

 

Нэхэмжлэгч нь шийдвэр гарсан 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс хойш ажилд эгүүлэн авсан 2023 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр хүртэлх ажлын 54 хоногоор тооцон ажилгүй байсан хугацааны олговорт 4,696,002 төгрөгийг гаргуулж, түүнд ногдох нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргасан нь үндэслэлтэй байна.

 

9. Энэхүү нэхэмжлэлийн шаардлага бүхий хэрэг нь гомдлоор хэлэлцэх маргаан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 90,086 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, нэхэмжлэгчид олгож, хариуцагчаас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 15,827,266 /11,131,264 + 4,696,002/ төгрөгийн нэхэмжлэлд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 237,086 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Дыг НШЭНТийн Эмчилгээ эрхэлсэн орлогч дарга-ын ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөх олговорт 15,827,266 /арван таван сая найман зуун хорин долоон мянга хоёр зуун жаран зургаа/ төгрөгийг хариуцагч НШЭНТ ТБАГУТҮГ-аас гаргуулж, нэхэмжлэгч Б.Дд олгож, Б.Дын эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулахыг хариуцагчид даалгасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 90,086 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, нэхэмжлэгч Б.Дд олгож, хариуцагч НШЭНТ ТБАГУТҮГ-аас улсын тэмдэгтийн хураамжид 237,086 /хоёр зуун гучин долоон мянга наян зургаа/ төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭНХЖАРГАЛ