Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2024/00062

 

2024 01 03 210/МА2024/00062

 

 

Б.ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, Ерөнхий шүүгч Г.Даваадорж, шүүгч М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 101/ШШ2023/04512 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: Б.

Хариуцагч: Г А

Нэхэмжлэлийн шаардлага: Гийн даргын 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн Й/00 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, эмчилгээ эрхэлсэн орлогч даргын ажилд эгүүлэн томилуулах, шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацааны ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, түүнд ногдох нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 101/ШШ2023/0000 дугаар шийдвэр гарсанаас хойш ажилд эгүүлэн авсан 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны олговорт 4,696,002 төгрөг гаргуулах, түүнд ногдох нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалангийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Р, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Энхзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1 Г А-ын даргын 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн Б/43 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.9, 80 дугаар зүйлийн 80.1.2, 80.1.4-т заасныг үндэслэн Б.тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлсөн. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 101/ШШ2023/0000 дугаар шийдвэрээр Б.ыг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны олговрыг олгохоор шийдвэрлэсэн.

1.2 Г А нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсанаар хариуцагч нь 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр А-00 дугаар тушаалаар Б.ыг ажилд эгүүлэн томилсон.

1.3 Миний бие 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан тул 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр эмнэлгээс гараад ажил дээр очсон. Гэтэл намайг ажил тасалсан үндэслэлээр тухай өдөр буцаан халсан тушаалыг гаргасан. Хариуцагч нь шүүхийн шийдвэрийг биелүүлсэн дүр үзүүлж, ажил эхэлсэн өдрөө буюу хөдөлмөрийн харилцаа үүсгэж, ажил хүлээлцээгүй атлаа ажил тасалсан гэх зөрчил болон өмнө нь шүүхээр шийдвэрлэсэн асуудлаар ажлаас дахин халсан нь үндэслэлгүй.

1.4 Иймд Нийслэлийн шүд эрүү нүүрний төвийн даргын 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн Й/00 дугаартай хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан тушаалыг хүчингүй болгуулж, эмчилгээ эрхэлсэн орлогч даргын ажилд эгүүлэн томилж, шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацааны ажилгүй байсан хугацааны олговорт 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдрөөс хойш ажлын 128 хоног ба 11,131,264 төгрөгийг гаргуулж, түүнд ногдох нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн төлүүлж, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 101/ШШ2023/0000 дүгээр шийдвэр гарсанаас хойш ажилд эгүүлэн авсан 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны олговорт 4,696,002 төгрөгийг гаргуулж, түүнд ногдох нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн төлүүлж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1 Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 101/ШШ2023/0000 дугаар шийдвэрийн дагуу Г А-ын даргын 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн Б/58 дугаар тушаалаар Б.ыг хуучин эрхэлж байсан ажилд нь буюу тус төвийн Эмчилгээ эрхэлсэн орлогч даргын албан тушаалд томилсон. Тухайн тушаал гарсан өдөр буюу 2023 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр тус төвийн менежер Б.С нь Б.тай түүний 9109-0609 дугаарын утсаар холбогдож ...таныг ажилд томилсон тушаал гарсан тул 2023 оны 4 дүгээр сарын 07-ны өдрөөс ажилдаа ороорой гэж мэдэгдээд тушаалын нэг хувийг түүнд telegram-ын чатаар явуулсан.

2.2 Б. нь ажилд эгүүлэн томилсон тушаал гарсныг мэдсэн атлаа 2023 оны 04 дүгээр сарын 13-ныг хүртэлх хугацаанд ажилдаа огт ирээгүй, мөн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа гэсэн боловч энэ талаарх эмнэлгийн магадлагаа, холбогдох баримтыг ирүүлээгүй, 3 хоног ажил тасалсан. Иймд Хөдөлмөрийн дотоод журмын 17.4.1.11-д ажилтан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр нэг сарын дотор 3 ба түүнээс дээш өдөр ажил тасалсан бол ажил эрхлэлтийн харилцааг захиргааны санаачлагаар цуцлана гэж заасныг үндэслэн түүнтэй байгуулсан хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон.

2.3 Б.ыг тус төвийн даргын 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн Б/43 дугаар тушаалаар ажлаас чөлөөлсөнөөс хойш Авилгатай тэмцэх газрын 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 04/16933 дугаартай ...Гийн эмчээр ажиллаж байсан Б. нь эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлснийхээ төлөө үйлчлүүлэгчээс ...албан бус төлбөр авахгүй байх, ...иргэдээс жагсаалтад зааснаас бусад тусламж, үйлчилгээнд төлбөр авах, эмч, мэргэжилтнүүд иргэдтэй шууд төлбөр тооцоо хийх, улсын эмнэлэгт ажиллаж буй зөвлөх эмч болон бусад эмч, мэргэжилтэн тухайн эмнэлэг дээр байрлах хувийн эмнэлэгт давхар ажиллах, хувийн журмаар ажлын байрандаа төлбөрт үйлчилгээ эрхлэх, эм, био бэлдмэл, биологийн идэвхт бодис зарах гэсэн хориглосон хэм хэмжээг тус тус зөрчсөн гэх албан бичгийг ирүүлсэн. Б. нь эмчээр ажиллаж байхдаа тус төвөөр үйлчлүүлсэн үйлчлүүлэгчийн аргагүй байдлыг ашиглаж Д.Дагийсүрэнгээс албан тушаалаа урвуулан ашиглаж, тодорхой хэмжээний эмчилгээ үйлчилгээний төлбөрийг өөрийн хувийн дансаар авч хувьдаа ашигласан болох нь тогтоогдсон тул энэ нь түүнийг ажлаас чөлөөлөх тушаалын нэг үндэслэл болсон. Иймд нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй, хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

3.1 Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Б.ыг Гийн Эмчилгээ эрхэлсэн орлогч дарга-ын ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөх олговорт 15,827,266 төгрөгийг хариуцагч Г А-аас гаргуулж, нэхэмжлэгч Б.д олгож, Б.ын эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулахыг хариуцагчид даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 90,086 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, нэхэмжлэгч Б.д олгож, хариуцагч Г А-аас улсын тэмдэгтийн хураамжид 237,086 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулж шийдвэрлэсэн.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1 Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Монгол Улсын Засгийн газрын 49 дүгээр тогтоол, Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас ирүүлсэн 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн Чиглэл хүргүүлэх тухай албан бичиг буюу шүүр ажиллагааны тухай тодорхой үнэлээгүй, олон нийтэд ил тод мэдээллийг захиргааны актыг авч үзээгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт хэм хэмжээний актуудын дараалал буюу эрэмбийг тогтоосон байх бөгөөд 1-т Хөдөлмөрийн тухай хууль, 2-т Монгол Улсын бусад хууль буюу манай нөхцөлд Авлигын эсрэг хууль, 3-т Захиргааны хэм хэмжээний акт буюу манай нөхцөлд Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн дүрэм, МУЗГ холбогдох тогтоол гэх дарааллын дагуу авч үзэх байтал нотлох баримтуудаас эрэмбийн 6, 7-д эрэмбэлэх хэм хэмжээг үнэлжээ. Ингэснээр Авлигатай тэмцэх газрын 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 04/16933 тоот албан бичиг, МУЗГ-аас Авлигатай тэмцэх жил болгон зарласан тогтоол, түүнийг хэрэгжүүлэх үүрэг даалгавар буюу МУЗГ ХЭГ-аас ирүүлсэн чиглэл, Эрүүл мэндийн сайдын 2013 оны 466 тушаалаар баталсан Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн дүрэм-ийн дагуу үйл ажиллагаа явуулсан ажлын хэсгийн дүгнэлтийн ач холбогдлыг алдагдуулж нотлох баримтын бодит байдлыг алдагдуулжээ.

2022 оны 12 дугаар сард өмнөх шүүхийн маргаан эцэслэн шийдвэрлэгдээгүй байсан. 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр ажилд буцаан томилсон өдрөөс эхлэн холбогдох МУЗГ, АТГ-аас ирүүлсэн албан бичиг, Ёс зүйн асуудлыг хянан шийдвэрлэх боломж үүссэний дагуу ёс зүйн асуудлыг хянан шалгаж шийдвэрлэсэн байхад тухайн цаг хугацаанд буюу 2022 оны 12 дугаар сард ёс зүйн зөрчил шалгах боломж байгаагүйг авч үзээгүй, нэхэмжлэгч Б. нь холбогдох асуудлаар ёс зүйн хариуцлага өмнө нь хүлээж байгаагүй.

4.2 Б. нь ажил тасалсан байсныг шүүхээс мөн авч хэлэлцээгүй. Шүүх ажил тасалсан гэх үндэслэл, түүнтэй холбоотой нотлох баримтыг нэхэмжлэгчид ашигтай байдлаар тайлбарласан. Эмнэлгийн 11012304120029 дугаар бүхий хуудас нь өнөөдрийг хүртэл хариуцагчид ирээгүй бөгөөд нэхэмжлэгчээс зөвхөн шүүхэд гаргаж өгсөн. Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2021 оны А/38 дугаар тушаалаар баталсан Эмнэлгийн хуудас олгох, хянах журам-ын 3.7.1-т үйлчилгээ авч дууссанаас хойш ажлын 5 өдрийн дотор эмнэлгийн хуудсыг эмнэлэг олгох тухай байна. Б. нь эмнэлгээс гарсан өдөр буюу 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өглөө 09 цагт баталгаажуулж авсан. Нэхэмжлэгч нь тухайн нотлох баримтыг хариуцагчид өгөх үүргээ биелүүлээгүй, биелүүлэх оролдлого гаргаагүй.

4.3 Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нотлох баримт гаргуулахаар 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүсэлт өгсөн бөгөөд шүүхээс захирамж гарч тодорхой нотлох баримтуудыг Нийгмийн даатгалын ерөнхий газраас гаргуулахыг даалгасан байх бөгөөд тус хүсэлт бүрэн биелэгдээгүй. Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2021 оны А/38 дугаар тушаалаар баталсан Эмнэлгийн хуудас олгох, хянах журам-ын дагуу хэвтэн эмчлүүлж буй тохиолдолд байгууллагын дарга, эрхэгч баталгаажуулахаар заасан. Баянгол дүүргийн амбулаторийн эмч Б.Энхцэцэг яагаад баталгаажуулсныг тодруулахыг хүссэн боловч Нийгмийн даатгалын ерөнхий газраас 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 01/1873 дугаартай албан бичиг, уг бичгээр ирүүлсэн нотлох баримтуудад дээрх асуудлыг орхигдуулж шүүгчийн захирамж биелэгдээгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хариу тайлбарын агуулга:

5.1 Хөдөлмөрийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.3, 2.5 дахь хэсэгт заасан эрх зүйн хэм хэмжээ тогтоосон актууд хоорондоо зөрчилдвөл хуулийн 2.3 дахь хэсгийг хэрэглэх зохицуулалт. Хэрэгт авагдсан баримтууд болон хариуцагчийн дурдаад буй Засгийн газрын 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн Чиглэл хүргүүлэх тухай албан бичиг, Авлигатай тэмцэх газрын 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн албан бичиг Эрүүл мэндийн сайдын 2013 оны 466 дугаар тушаалаар баталсан Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн дүрэм-ийн дагуу шалгалт хийсэн гэх ажлын хэсгийн дүгнэлтүүд нь нэхэмжлэгчийн гаргасан гэх зөрчилд хамааралгүй. Засгийн газрын баталсан 5Ш хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө, авч хэрэгжүүлэх ажлын чиглэл юм.

5.2 Нийгмийн даатгалын Ерөнхий газрын даргын 2021 оны А-38 тоот тушаалаар баталсан Эмнэлгийн хуудас олгох, хянах журам-ын 3.7.1-т эмнэлгийн үйлчилгээ авч дууссанаас хойш ажлын 5 өдрийн дотор эмнэлгийн хуудсыг эмнэлэг олгохоор зохицуулсан. Иймд ажилтан урьдчилж эмнэлгийн хуудсаа авах боломжгүй байсан тул эмчилгээ дууссан 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр эмнэлгээс гарахдаа листээ бичүүлэн авч, маргааш нь буюу 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр ажилд очиход ажил тасалсан гэх үндэслэлээр ажлаас халсан байсан. Иймд шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 123.3 дахь хэсгийг зөв дүгнэн хэрэглэсэн ба ажилтны хүндэтгэн үзэх шалтгаан нөхцөлийн тодруулалгүйгээр ажлаас халсан нь буруу болно.

Нөгөөтэйгүүр ажил олгогч шүүхийн шийдвэрийн дагуу ажилтныг ажилд нь эгүүлэн авахдаа тухайн ажилтантай ажил хүлээлцэх ёстой. Хариуцагчаас ажилд эгүүлэн авсан тушаал болон ажлыг нь хүлээлгэн өгөөгүй, хөдөлмөр эрхлэлтийн харилцаа эхлээгүй байхад ажил тасалсан гэх зөрчлөөр ажлаас халсан нь үндэслэлгүй.

5.3 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн хүсэлтээр баримт цуглуулах шүүгчийн захирамж гарсан. Хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаан 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдөр болоход хариуцагчаас захирамжийн биелэлт хангагдаагүй, нотлох баримтууд дутуу гэж үзсэн бол энэ талаар хүсэлтээ гаргаж шийдвэрлүүлэх боломжтой байсан боловч ямар нэгэн хүсэлт гаргаагүй.

 

5.4 Хариуцагч нь нэхэмжлэгчийн тус төвд 2014 онд эмчийн ажлын байранд ажиллаж байх үеийн үйл баримтад холбогдуулан 2 удаа давхардуулан сахилгын шийтгэл ногдуулаад байгаа нь хуулийн дээрх заалтыг зөрчиж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг гомдлын хүрээнд хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч Б. нь хариуцагч Г А-т холбогдуулан тус төвийн даргын 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн Й/00 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, эмчилгээ эрхэлсэн орлогч даргын ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 101/ШШ2023/0000 дугаар шийдвэр гарснаас хойш ажилд эгүүлэн авсан 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны олговорт 4,696,002 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэл гаргажээ.

2.1 Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг ...Б. нь ажилд эгүүлэн томилсон тушаал гарсныг мэдсэн атлаа ажилдаа ирээгүй тасалсан, ...ёс зүйн зөрчил гаргасан нь тогтоогдсон гэх агуулгаар эс зөвшөөрч маргажээ.

3. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 101/ШШ2023/0000 дугаар шийдвэрээр Б.ыг Г А-ын эмчилгээ эрхэлсэн орлогч даргын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 12,522,672 төгрөг гаргуулан Б.д олгож, уг олговроос зохих шимтгэл тооцон нэхэмжлэгчийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг Г А-т даалгаж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болжээ. /хх 10-15/

3.1 Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг хариуцагч биелүүлээгүй тул шүүгчийн 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 101/ШЗ2023/08058 дугаар захирамжаар шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр гүйцэтгэх хуудас бичигдсэн. /хх 8-9/

3.2 Шүүхийн шийдвэрийн дагуу Г А-ын даргын 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн Б/58 дугаар тушаалаар Б.ыг 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдрөөс эмчилгээ эрхэлсэн орлогч даргын албан тушаалд эгүүлэн томилж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг шимтгэлийг зохих журмын дагуу суутган төлж, дэвтэрт бичилт хийж, ажилгүй байсан хугацааны цалин 12,522,672 төгрөг олгожээ. /хх 21-22/

4. Нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн томилсон шүүхийн шийдвэр гарсан 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс хариуцагч шийдвэрийг биелүүлсэн 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хүртэлх нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны олговорт 4,696,002 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт нийцсэн байна.

5. Г А-ын даргын 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн Й/00 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасныг үндэслэн Б.ыг ...Б.Дагийсүрэнгээс албан тушаалаа урвуулан ашиглаж тодорхой хэмжээний эмчилгээ үйлчилгээний төлбөрийг өөрийн хувийн дансаар авч, хувьдаа ашигласан нь Авлигатай тэмцэх газрын 2022 оны 04/16933 дугаар албан бичиг болон бусад нотлох баримтаар тогтоогдсон, ...3 хоног ажилдаа ирээгүй гэх үндэслэлээр түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан. /хх 24/

5.1 Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т зааснаар ажилтан нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан тохиолдолд ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно.

5.2 Талуудын хооронд 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр байгуулагдсан 1-01 дугаартай хөдөлмөрийн гэрээний 14.1.1-т ажилтан Ажил олгогчийн Хөдөлмөрийн дотоод журам болон энэхүү гэрээгээр хориглосон заалтыг зөрчсөн, 14.1.8-д Хөдөлмөрийн дотоод журамд ...хөдөлмөрийн гэрээ цуцлах ...тухайлан заасан зөрчил гаргасан гэх ноцтой зөрчил гаргасан, мөн Хөдөлмөрийн дотоод журмын 17.4.1.11-т ажилтан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр нэг сарын дотор 3 ба түүнээс дээш өдөр ажил тасалсан тохиолдолд ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах талаар заажээ. /хх 62-94/

5.3 Нэхэмжлэгч нь 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөс 04 дүгээр сарын 12-ны өдрийн хооронд Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвд хэвтэн эмчлүүлж байсан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон байхаас гадна /хх 175-181/ нэхэмжлэгч нь энэ талаар хариуцагчийг шүүхийн шийдвэрийн дагуу нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн томилсон 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн Б/58 дугаар тушаалыг 04 дүгээр сарын 07-ны өдөр нэхэмжлэгчид мэдэгдэх цаг хугацаанд мэдэгдсэн нь талуудын шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдож байна. /хх 187/

5.4 Иймд анхан шатны шүүх нэхэмжлэгчийг Хөдөлмөрийн дотоод журмын 17.4.1.11-т заасан ноцтой зөрчил гаргаагүй буюу 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрөөс 04 дүгээр сарын 12-ны өдрийн хооронд ажил таслаагүй гэж дүгнэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасныг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

6. Нэхэмжлэгч нь дээрх хугацаанд эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн талаарх эмнэлгийн хуудсыг ажил олгогчид гаргаж өгөөгүй нь түүнийг ажил тасалсан гэж үзэх үндэслэл болохгүй. Учир нь, ажил олгогч нь ажилтанг хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан буюу ажил тасалсан гэх үндэслэлээр сахилгын шийтгэл ногдуулах тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт заасан ажиллагааг гүйцэтгэж, эмнэлгийн хуудсыг тодруулах боломжтой байжээ. Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...нэхэмжлэгч нь эмнэлгийн хуудсаа хариуцагчид ирүүлээгүй гэх давж заалдах гомдлыг хангахгүй.

7. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 101/ШШ2023/0000 дугаар шийдвэрээр Г А-ын даргын 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн Й/00 дугаар тушаалын үндэслэл болсон 2014 онд нэхэмжлэгч нь Б.Дагийсүрэнгээс эмчилгээ үйлчилгээний төлбөрийг өөрийн хувийн дансаар авсан талаарх үйл явдлыг зөрчилд хамаарахгүй талаар дүгнэсэн. /хх 119/ Анхан шатны шүүх дээрх шийдвэрийг үндэслэн сахилгын нэг зөрчилд хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг давхардуулан олгохгүй гэж дүгнэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.7 дахь хэсэгт нийцсэн байна. Өөрөөр хэлбэл, дээрх үйл явдлыг зөрчилд тооцохгүй талаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гарсан байхад хариуцагч нь сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг ёс зүйн зөрчил гэх агуулгаар өөрчилж, Авлигатай тэмцэх газрын 2022 оны 04/16933 дугаар албан бичиг болон 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн ажлын хэсгийн хяналт шалгалтын дүгнэлтийг /хх 106-107/ үндэслэн нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т нийцэхгүй. Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжлэгчийн ёс зүйн зөрчил гаргасныг тогтоосон гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

7.1 Түүнчлэн, ажил олгогч нь ажилтанд сахилгын шийтгэл ногдуулахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт заасан ажиллагааг гүйцэтгээгүй талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн байх тул энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй.

8. Шүүгчийн 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 101/ШЗ2023/22784 дугаар захирамжаар Нийгмийн даатгалын ерөнхий газрын Эмнэлэг хөдөлмөрийн магадлах төв комиссоос нотлох баримт гаргуулахаар шийдвэрлэсний дагуу нотлох баримт хэрэгт авагдсан. /хх 170-180/ 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс шүүгчийн захирамжид заасан нотлох баримттай холбоотой хүсэлт гаргаагүй байна. /хх 183/ Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...шүүгчийн захирамж биелэгдээгүй гэх давж заалдах гомдол үндэслэлгүй.

9. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 101/ШШ2023/04512 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч талаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 237,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

 

ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН