Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 181/ШШ2023/03109

 

 

 

 

 

 

 

 

 

 

2023        10          06                                      181/ШШ2023/03109

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Оюунтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б.Н-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ГЕГ-д холбогдох,

Ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 14,437,746 төгрөг гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, бичилт хийхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Болорчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Улсын дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 326 дугаар тогтоолоор Б.Н намайг ажлаас халсан ГЕГ даргын тушаалыг хүчингүй болгож, ажилд буцаан томилогдох хүртэл ажилгүй байсан хугацааны цалин хөлс түүнтэй адилтгах орлогыг нөхөн олгож эрүүл мэнд, нийгмийн даатгалыг төлж нөхөн бичилт хийхийг ГЕГт даалгасан.

Тус иргэний хэргийн шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 181/ШШ2020/01194 дугаар шийдвэрээр миний 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн хоорондох хугацааны цалин хөлсийн нөхөн олговрыг хариуцагчаас гаргуулан шийдвэрлэснийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 210/МА2022/01477 дугаар магадлалаар хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

ГЕГ даргын 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн №6/150 тушаалаар Б.Н намайг ГЕГ харьяа Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газарт гаалийн улсын байцаагчаар эгүүлэн томилсон.

Иймд ГЕГраас 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрөөс 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хүртэлх хугацааны цалин хөлс, түүнтэй адилтах орлоготой тэнцэх олговор 14,437,746 төгрөгийг гаргуулж өгнө үү. Мөн миний эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг төлж, нөхөн бичилт хийхийг даалгаж өгнө үү гэв.

 

Хариуцагч ГЕГраас шүүхэд гаргасан тайлбартаа болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:ГЕГ нь Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн №326 тогтоолоор даалгасны дагуу "Шүүхийн шийдвэр биелүүлж Б.Ныг албан тушаалд эгүүлэн томилох тухай" ГЕГ даргын 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн №Б/150 тушаалаар түүнийг ГЕГ харьяа Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газарт гаалийн улсын байцаагчаар эгүүлэн томилсон.

Түүнчлэн, тогтоолд заасан нөхөх олговор олгох, нөхөн бичилт хийх чиглэлээр холбогдох тооцоо судалгаа гаргаж, байгууллагын төсөвт тусгагдаагүй дээрх зардлын санхүүжилтийг шийдвэрлүүлэхээр Сангийн яаманд хандаад байгаа.

Б.Н нь ГЕГ харьяа Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газарт ажилладаг тул манай байгууллага цалинтай тэнцэх олговорыг хариуцах боломжгүй. Иймд Б.Нын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэв.

 

Нотлох баримт: нэхэмжлэгч талаас Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 181/ШШ2022/01194 шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 210/МА2022/01477 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 326 тогтоол, Б.Нын иргэний үнэмлэх лавлагаа, Б.Нын оршин суугаа хаягийн лавлагаа, Сүхбаатар дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны тэмдэглэл зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн. Хариуцагч талаас нотлох баримт гаргаагүй, шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлээгүй байна.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Н ньГЕГт холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 14,437,746 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл болон эрүүл мэндийн даатгалын хураамжийг нөхөн төлж, бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

ХариуцагчГЕГ нэхэмжлэгчийн нэхэмжилж буй мөнгө төсөвт тусгагдаагүй, нэхэмжлэгч Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газарт ажилладаг тул манайх хариуцахгүй гэж маргаж байна.

 

Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ. Учир нь:

 

1. Нэхэмжлэгч Б.Н нь Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 127 дугаар зүйлийн 127.1-д заасан урьд нь эрхэлж байсан ажлыг гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг гаргуулах шаардлага гаргасан ба мөн хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2, 154.2.2эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш 90 хоногийн дотор хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр маргаан таслах комисст, маргаан таслах комиссгүй бол сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандахаар заасан.

Ажил олгогчийн ажилд нь эгүүлэн тогтоосон шийдвэр гарснаар Б.Нын Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д заасан олговор гаргуулах тухай гомдол гаргах эрхийн хугацааг тоолох бөгөөд Б.Ныг ажилд нь 2023 оны 02 дугаар сарын 13ий өдрөөс томилсон, Б.Н шүүхэд нэхэмжлэлээ 2023.05.02-ны өдөр гаргасныг тус шүүхийн шүүгчийн 2023.05.09-ний өдрийн захирамжаар урьдчилан шийдвэрлүүлэх журам зөрчсөн үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан, Сүхбаатар дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2023.05.12-ны өдрийн хуралдааны тэмдэглэлээр талууд эвлэрээгүй үндэслэлээр ажиллагааг дуусгавар болгосноор Б.Н нь шүүхэд нэхэмжлэлээ 2023.05.25-ны өдөр гаргасан болох нь тус тус тогтоогдож байна. /хавтаст хэргийн 1, 20-25 хуудас/

Иймд нэхэмжлэгч Б.Н хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэх журмыг хэрэглэсэн, Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д зааснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдаж, шүүхэд гомдол гаргах хугацаа хэтрээгүй байна.

 

2. Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 326 тогтоолоор Б.Нын нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, ГЕГ даргын 2019 оны 09 сарын 26-ны өдрийн Б/466 дугаар тушаалыг хүчингүй болгож, Б.Нын ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорыг хуульд заасан журмын дагуу нөхөн олгож, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч ГЕГ даргад даалгаж шийдвэрлэжээ. /хавтаст хэргийн 14-16 хуудас/

 

Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 61 дүгээр зүйлийн 61.1.2-т зааснаар хүнийг урьд нь эрхэлж байсан ажлын байранд эгүүлэн тогтоох тухай ...шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон бол ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар хүнийг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн авах үүрэгтэй.

ГЕГ даргын 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн №Б/150 тушаалаар шүүхийн шийдвэрийн дагуу Б.Ныг ГЕГ харьяа Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газарт гаалийн улсын байцаагчаар томилсон болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байна.

 

3. Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 127 дугаар зүйлийн 127.1-д Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно гэж заасан ба түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд гэдэгт ажилтныг ажлаас халах тухай ажил олгогчийн шийдвэр гарснаас хойш түүнийг ажилд нь эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаа орохоос гадна шүүхийн шийдвэр гарснаас хойш уг шийдвэрийг биелүүлж, урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаа орно.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.05.18-ны өдрийн 1194 дүгээр шийдвэрээр Б.Нын ажилгүй байсан 2020.09.14-ны өдрөөс 2022.05.18-ны өдрийг хүртэл хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт ГЕГраас 28,636.512 төгрөгийг гаргуулж Б.Нд олгорж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, бичилт хийхийг Гаалийн еранхий газарт даалгаж шийдвэрлэснийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022.08.10-ны өдрийн 1477 дугаар магадлалаар хэвээр үлдээсэн байна. /хавтаст хэргийн 5-13 хуудас/

Иймд нэхэмжлэгч Б.Н нь дээрхи шүүхийн шийдвэр гарсан 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрөөс ажилд томилсон 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорыг шаардах эрхтэй байна.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д зааснаар Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй.

ГЕГар нь Б.Ныг шүүхийн шийдвэрээр тогтоосон албан тушаалд нь 2023 оны 02 дугаар сарын 13ы өдрийг хүртэл томилоогүй, шүүхийн шийдвэрийг биелүүлээгүйгээс нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрх зөрчигдсөн, эрхийн зөрчил үргэлжилсэн байна.

 

5. ГЕГ Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газар нь ГЕГ харъяа бөгөөд албан тушаалтныг томилох, чөлөөлөх эрхийг ГЕГ дарга хэрэгжүүлдэг тул нэхэмжлэгчийг Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газарт ажилладаг гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хариуцахгүй гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй байна. Мөн нэхэмжилж буй мөнгө төсөвт тусгагдаагүй гэх тайлбар нь Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д заасан ажил олгогч нөхөн олговор олгох үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй тул хариуцагч ГЕГ татгалзал хууль зүйн үндэслэлгүй байна.

 

6. Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ийн дагуу нэхэмжлэгч Б.Нын сарын дундаж цалин 1,418,629 төгрөг, 1 өдрийн дундаж цалин 65,983 төгрөг болох нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.05.18-ны өдрийн 1194 дүгээр шийдвэрээр тогтоогдож байна. /хавтаст хэргийн 8 хуудас/

Ийнхүү Б.Нын сарын дундаж цалин шүүхийн шийдвэрээр тогтоогдсон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-д зааснаар дахин нотлох шаардлагагүй юм.

 

Ажилгүй байсан хугацааг 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдрөөс 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл 8 сар 17 хоногоор тооцоход 1,418,629 х 8 сар = 11,349,032 төгрөг, 65,983 төгрөг х 17 хоног = 1,121,711 төгрөг, 11,349,032 + 1,121,711 = 12,470,743 төгрөгийн олговорыг олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

7. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д зааснаар, Ажил олгогч нь ажилтныг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулах, хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлөх, тайлагнах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулах үүрэгтэй тул хариуцагчГЕГт дээрхи олговороос холбогдох татвар, нийгмийн даатгалын шимтгэлийг суутган тооцож олгон, нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын хураамжийг нөхөн төлж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах үндэслэлтэй байна.

 

8. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид 230,139 төгрөгийг нэхэмжлэгч Б.Н төлсөн ба нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасны дагуу хариуцагчаас 214,482 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

  ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7 дахь хэсэгт заасны дагуу ГЕГраас 12,470,743 /арван хоёр сая дөрвөн зуун далан мянга долоон зуун дөчин гурав/ төгрөгийг гаргуулж Б.Нд олгож, нэхэмжлэлээс 1,967,003 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, уг олговороос ажилтны холбогдох татвар, нийгмийн даатгалын шимтгэлийг суутган, нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын хураамжийг нөхөн төлж, дэвтэрт нөхөн бичилт хийхийгГЕГт даалгасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Нын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 230,139 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ГЕГраас 214,482 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Нд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ОЮУНТУЯА