Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2023/02109

 

 

 

 

 

 

 

 

    2023          12            04                                        210/МА2023/02109

 

 

Б.Н ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч Т.Бадрах, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 181/ШШ2023/03109 дугаар шийдвэртэй

Б.Н ын нэхэмжлэлтэй, ГЕГ-т холбогдох

Ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 14,437,746 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Энхзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. Улсын дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 326 дугаар тогтоолоор Б.Н намайг ажлаас халсан Гаалийн ерөнхий газрын даргын тушаалыг хүчингүй болгож, ажилд буцаан томилогдох хүртэл ажилгүй байсан хугацааны цалин хөлс түүнтэй адилтгах орлогыг нөхөн олгож эрүүл мэнд, нийгмийн даатгалыг төлж нөхөн бичилт хийхийг ГЕГ-т даалгасан. Улмаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 181/ШШ2020/01194 дугаар шийдвэрээр 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн хугацааны цалин хөлсийн нөхөн олговрыг хариуцагчаас гаргуулан шийдвэрлэснийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 210/МА2022/01477 дугаар магадлалаар хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

1.2. Гаалийн ерөнхий газрын даргын 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн №6/150 тушаалаар Б.Н намайг Гаалийн ерөнхий газрын харьяа Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газарт гаалийн улсын байцаагчаар эгүүлэн томилсон.

Иймд 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрөөс 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хүртэлх хугацааны цалин хөлс, түүнтэй адилтах орлоготой тэнцэх олговор 14,437,746 төгрөгийг Гаалийн ерөнхий газраас гаргуулж, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлж, нөхөн бичилт хийхийг даалгаж өгнө үү гэжээ.   

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

Гаалийн ерөнхий газраас шүүхийн шийдвэрийг биелүүлж, Гаалийн ерөнхий газрын даргын 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн №Б/150 тушаалаар Б.Н ыг Гаалийн ерөнхий газрын харьяа Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газарт гаалийн улсын байцаагчаар эгүүлэн томилсон. Мөн тогтоолд заасан нөхөх олговор олгох, нөхөн бичилт хийх чиглэлээр холбогдох тооцоо судалгаа гаргаж, байгууллагын төсөвт тусгагдаагүй дээрх зардлын санхүүжилтийг шийдвэрлүүлэхээр Сангийн яаманд хандаад байна. Б.Н нь Гаалийн ерөнхий газрын харьяа Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газарт ажилладаг тул манай байгууллага цалинтай тэнцэх олговорыг хариуцах боломжгүй.

Иймд Б.Н ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7 дахь хэсэгт заасны дагуу Гаалийн ерөнхий газраас 12,470,743 төгрөгийг гаргуулж Б.Н д олгож, нэхэмжлэлээс 1,967,003 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, уг олговороос ажилтны холбогдох татвар, нийгмийн даатгалын шимтгэлийг суутган, нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын хураамжийг нөхөн төлж, дэвтэрт нөхөн бичилт хийхийг ГЕГ-т даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Н ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 230,139 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Гаалийн ерөнхий газраас 214,482 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Н д олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1. Б.Н ын нэхэмжилсэн 14,437,746 төгрөгийг тооцолсон арга тодорхой бус, аудит, байгууллагын санхүү хариуцсан нэгж зэрэг эрх бүхий санхүүгийн байгууллагаар тогтоолгоогүй, биечлэн ажилласан тохиолдолд гаалийн улсын байцаагчид улирал тутамд олгодог үр дүнгийн урамшууллыг үндэслэлгүй нэхэмжилсэн байхад нэхэмжлэлийг хангасан, нэхэмжилж байгаа нөхөх олговрыг бодитой тогтоолгох зорилгоор цалин олгогч байгууллага болох Улс хоорондын шуудан, илгээмж дэх гаалийн газраас цалин хөлсийг бодуулж гаргуулахыг даалгуулах тухай хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хүсэлтийг шүүх хүлээж аваагүй зэргээр хариуцагчийн эрхийг зөрчсөн.

4.2. Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д иргэнийг, эсхүл улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийг төрийн албанд хууль бусаар томилсон, чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ гэж заасан. Гаалийн ерөнхий газрын одоогийн дарга ажлаас халаагүй, нэхэмжлэлд заасан хугацаа, үйл явцад хамааралгүй, шинээр томилогдсон удирдлага дээрх хуульд заасан буруутай албан тушаалтан биш тул буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ гэж заасныг зөрчиж шийдвэр гаргасан. Иймд анхан шатны шүүх хууль хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

5. Нэхэмжлэгч давж заалдах гомдолд тайлбар гаргаагүй болно.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д зааснаар шийдвэрийг хэвээр үлдээв.

2. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

3. Нэхэмжлэгч Б.Н нь хариуцагч ГЕГ-т холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 14,437,746 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3.а. Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 326 тогтоолоор Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 128/ШШ2020/0230 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 368 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, Б.Н ын нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Гаалийн ерөнхий газрын даргын 2019 оны 09 сарын 26-ны өдрийн Б/466 дугаар тушаалыг хүчингүй болгож, Б.Н ын ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорыг хуульд заасан журмын дагуу нөхөн олгож, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч Гаалийн ерөнхий газрын даргад даалгаж шийдвэрлэсэн бөгөөд уг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болжээ. /хх-ийн 14-16/

3.б. Дээрх шүүхийн шийдвэрийг хариуцагч биелүүлээгүй учир Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 181/ШШ2022/01194 дугаар шийдвэрээр нэхэмжлэгчийн ажилгүй байсан 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 28,636,512 төгрөгийг Гаалийн ерөнхий газраас гаргуулж нэхэмжлэгч Б.Н д олгож, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэснийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 210/МА2022/01477 дугаар магадлалаар хэвээр үлдээж шийдвэрлэсэн бөгөөд уг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон. /хх-ийн 5-13/

 3.в. Гаалийн ерөнхий газрын даргын 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн №Б/150 тушаалаар Б.Н ыг Гаалийн ерөнхий газрын харьяа Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газарт гаалийн улсын байцаагчаар томилж, шүүхийн шийдвэрийг биелүүлсэн болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байна. Дээрх үйл баримтыг шүүх зөв тогтоосон байна.

3.г. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй. Хариуцагч байгууллага 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдөр шүүхийн шийдвэрийг биелүүлсэн энэ өдөр хүртэл эрхийн зөрчил үргэлжилсэн хэвээр байсан тул шүүхийн шийдвэр гарсан 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрөөс хойш нэхэмжлэгчийг ажилд томилсон гэх 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийг хүртэлх хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг хариуцагчаас шаардах эрхтэй.

3.д. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасан бөгөөд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 181/ШШ2022/01194 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч Б.Н ын сарын дундаж цалин хөлсийг 1,418,629 төгрөг, нэг өдрийн дундаж цалинг 65,983 төгрөг болохыг тогтоосон байна.

3.е. Анхан шатны шүүх Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 181/ШШ2022/01194 дугаартай шийдвэрийг үндэслэн 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдрөөс 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл хугацаанд хариуцагч Гаалийн ерөнхий газраас дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 12,470,743 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Н д олгож, үлдэх 1,967,003 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, олговорт ногдох нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл хураамжийг төлж, нөхөн бичилт хийхийг даалгаж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн  127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.  Иймд энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

4. Түүнчлэн, нэхэмжлэгчийг ажлаас халах тушаалыг хариуцагч байгууллагын өмнөх дарга гаргасан нь нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор төлөхөөс чөлөөлөх үндэслэл болохгүй.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн      167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 181/ШШ2023/03109 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч байгууллага нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

          

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Ц.АЛТАНЦЭЦЭГ

                                  ШҮҮГЧИД                                      Т.БАДРАХ

                                                                             Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ