Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 181/ШШ2023/03168

 

 

 

 

 

 

 

 

 

 

2023 10 10 181/ШШ2023/03168

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Оюунтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ө.Э

Нэхэмжлэгч: Ц.Г нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: НФИ ХХК -д холбогдох,

2021.09.30-ны өдөр байгуулсан Үл хөдлөх эд хөрөнгийг зээлийн төлбөрт тооцон шилжүүлэх гэрээ-г хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох, хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгаж, 312,439,356 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч, нэхэмжлэгч Ө.Эын эрх залгамжлагч Ц.Г, түүний өмгөөлөгч Д.Түвшинтамир, М.Э, хариуцагч НФИ ХХК -ийн өмгөөлөгч Б.Б, гэрч Э.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Болорчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ө.Э,Ц.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагадаа: Иргэн Ө.Э, Ц.Г нар нь НФИ ХХК -тай анх 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 30 дугаартай "Зээлийн гэрээ"-г байгуулан 150,000,000 төгрөгийн зээлийг 6 сарын хугацаатай авсан байдаг ба уг зээлээ хугацаанд нь төлж чадаагүй тул тус ББСБ-аас 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдөр 77 дугаартай "Зээлийн гэрээ"-г байгуулан 28,000,000 төгрөгийн зээл авч, хуримтлагдсан хүүг төлсөн байдаг.

Улмаар анх авсан зээлийн төлбөр бүрэн төлөгдөхгүй хугацаа хэтэрч байсны улмаас дахин хүү хуримтлагдсаар 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү зэргийг нэгтгэн дүгнэж, 236,500,000 төгрөгийн хэмжээнд дахин 142 дугаартай "Зээлийн гэрээ"-г байгуулан зээлийг 12 сарын хугацаанд төлөх нөхцөлтэйгээр тохиролцсон.

Нөхөр бид хоёрын хувьд тус ББСБ-аас анх зээл авахдаа барьцаалсан эрхийн улсын бүртгэлийн Ү-22***** дугаарт бүртгэлтэй, ХУД ******* талбайтай 4 өрөө орон сууц. 13.7 м.кв талбайтай 90 тоот автомашины зогсоолыг үргэлжлүүлэн барьцаалж 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдөр 142 дугаартай "Ипотекийн гэрээ"-г мөн байгуулсан. Ингээд үүнээс хойш бизнесийн үйл ажиллагаа маань доголдож, санхүүгийн хүндрэлтэй нөхцөл байдалд орсны улмаас мөн л зээлээ төлж чадахгүйд хүрч, ББСБ-ын удирдлагуудтай биечлэн уулзаж, төлбөр төлөх хугацааг хойшлуулж өгөхийг хүссэн боловч хүлээж авалгүй 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан тул талууд эвлэрэн хэлэлцсэнээр 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 183/ШШ2019/01003 дугаар шүүгчийн захирамжаар зохигчдын эвлэрлийг баталсан билээ.

Дээрх шүүгчийн захирамжаар талуудын хооронд байгуулагдсан 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 142 дугаартай "Зээлийн гэрээ"-ний дагуу 336,092,033.33 төгрөг болон улсын тэмдэгтийн хураамжид 954,305 төгрөгийг нийт 337,046,068,33 төгрөгийг иргэн Ц.Э, Ц.Г нараас гаргуулж НФИ ХХК -д олгуулахаар шийдвэрлэсэн.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгэх ажиллагааны явцад ББСБ-ын зүгээс орон сууцаа худалдан борлуулж, шүүгчийн захирамжид заагдсан 337,046,338.33 төгрөг, үүн дээр дахин улсын тэмдэгтийн хураамжид 954,305 төгрөг, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардал 150,000 төгрөг, шинжээчийн зардал 160,000 төгрөг, нийт 338,310,643.33 төгрөгийг төлж барагдуулах нэг жилийн хугацаа олгох саналыг нөхөр бид хоёрт тавьсны дагуу 2021 оны 09 дүгээр сарын 23-ны едер "Үл хөдлөх эд хөрөнгийг зээлийн төлбөрт тооцон шилжүүлэх гэрээ"-г байгуулан үл хөдлөх эд хөрөнгийг ББСБ гэрээнд заасан хугацааны турш өмчлөхөөр зөвшилцөж, уг хугацаанд ББСБ-ын өр төлбөрийг барагдуулаагүй бол үл хөдлөх эд хөрөнгө ББСБ-ын өмчлөлд үлдэх нөхцөлтэй гэрээг байгуулсан юм.

Гэтэл Монгол Улсын Иргэний хуулийн 171 дүгээр зүйлийн 171.3 дахь хэсэгт "Үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг бүрэн буюу хэсэгчлэн хангаагүй бол үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх түүнд шилжинэ гэж тохирсон хэлцэл хуульд өөрөөр заагаагүй бол хүчин төгөлдөр бус байна." гэж заасан тул талуудын хооронд байгуулагдсан "Үл хөдлөх эд хөрөнгийг зээлийн төлбөрт тооцон шилжүүлэх гэрээ" нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэл болно.

Үүнээс гадна гэрээ байгуулснаас хойш гэрээнд заасан хугацаанд бид ББСБ-д гэрээнд заасан төлбөрийг төлж чадаагүй бөгөөд хариуцагч ББСБ нь нэмэлт хугацаа тогтоож өгсний дагуу нөхөр бид хоёр орон сууцыг худалдан борлуулж өр төлбөрөө төлөхөөр болж, маргаан бүхий орон сууц, зогсоолыг худалдан авах худалдан авагч олсон тухай, мөн төлбөрийг 2022 оны 10 дугаар сарын дундуур төлөх боломжтой болохоо илэрхийлсэн талаар ББСБ-ын Гүйцэтгэх захирал Г.Мтой биечлэн уулзаж хэлэхэд зөвшөөрч, худалдан авагч нь 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр ББСБ дээр очиж гэрээ байгуулан төлбөрийг төлөхөөр тохиролцсон.

Гэтэл тухайн иргэн хөдөө орон нутагт байгаагаас шалтгаалж, хугацааг 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдөр болгож өгөхийг хүссэний дагуу миний бие өөрийн охины хамт ББСБ-ын Гүйцэтгэх захирал Г.Мтой 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр уулзахад хүсэлтийг хүлээн авсан тул мөн өдөр худалдан авагчтай гэрээ байгуулж, орон сууцыг нар дээр нь шилжүүлэх, зээлийн төлбөрийг ББСБ-ын дансанд төлөхөөр ББСБ-ын Гүйцэтгэх захирал Г.Мтой холбогдоход 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр орон сууцыг өөр хүнд худалдсан гэх мэдээллийг өгсөн юм.

Үүнийх нь дагуу тус ББСБ-д хууль ёсны шаардлага тавьж, зээлийн үүргийн гүйцэтгэлд 60,000,000 төгрөгийг төлж, худалдан авагчийн нэр дээр үл хөдлөх эд хөрөнгүүдийг шилжүүлэх талаарх гэрээ хэлцлийг байгуулахыг шаардахад хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцүүлнэ гээд маргааш нь татгалзсан гэх хариуг өгсөн.

Хариуцагч ББСБ-ын дээрх үйлдэл нь буюу "Үл хөдлөх эд хөрөнгийг зээлийн төлбөрт тооцон шилжүүлэх гэрээ"-гээр тохиролцсон хугацааг сунгаж нэмэлт хугацаа тогтоосон атлаа хууль, гэрээг зөрчиж үл хөдлөх эд хөрөнгийг бусдад худалдан борлуулсан нь Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-д "Хуульд заасан бөгөөд талууд гэрээгээр тохиролцсон бол барьцааны зүйлээс шаардлагыг шүүхээс гадуур хангаж болно." гэж заасныг зөрчсөн байна.

Зүй нь тухайн үл хөдлөх эд хөрөнгө нь 2022 оны 10 дугаар сарын байдлаар тооцоход 590,750,000 төгрөгөөр үнэлэгдэж байсан хөрөнгө бөгөөд одоогийн зах зээлийн ханш нь 646,500,000 төгрөгийн үнэлгээтэй хөрөнгө юм.

Гэтэл хариуцагч ББСБ нь "Зээлийн гэрээ"-ний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор барьцаалсан ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хэт үнэгүйдүүлэн бусдад худалдаж, зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулсан нь хуульд нийцэхгүй байна.

Гэхдээ хариуцагч ББСБ нь 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Д.О гэх иргэнд нэхэмжлэгч иргэдийн үл хөдлөх эд хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн Ү-22*****дугаарт бүртгэлтэй, ХУД ***** 103.75 м.кв талбайтай 4 өрөө орон сууц, 13.7 м.кв талбайтай 90 тоот автомашины зогсоолыг 400,000,000 төгрөгөөр худалдаж, тухайн иргэний нэр дээр өмчлөх эрхийг шилжүүлж өгсөн байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д "Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй." гэж заасны дагуу 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх боломжгүй нөхцөл байдлыг үүсгэжээ.

Иймээс нэхэмжлэгч нь "Үл хөдлөх эд хөрөнгийг зээлийн төлбөрт тооцон шилжүүлэх гэрээ"-ний дагуу зээлийн төлбөрт төлсөн 60,000,000 төгрөгийг, мөн үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэ /2022 оны 10 дугаар сарын байдлаарх/ болох 590,750,000 төгрөгөөс Хан- Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 183/ШШ2019/01003 дугаар шүүгчийн захирамж болон "Үл хөдлөх эд хөрөнгийг зээлийн төлбөрт тооцон шилжүүлэх гэрээ"-ний дагуу ББСБ-д төлөгдөх 338,310,843.33 төгрөгийг хасч, 252,439,356.67 төгрөгийн хамт буюу нийт 312,439,356.67 төгрөгийг НФИ ХХК -иас гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна

Иймд иргэн Ө.Э, Ц.Г болон НФИ ХХК - ийн хооронд 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр байгуулагдсан "Үл хөдлөх эд хөрөнгийг зээлийн төлбөрт тооцон шилжүүлэх гэрээ"-г Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт заасныг баримтлан хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгаж НФИ ХХК -иас 312,439,356.67 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Хариуцагч НФИ ХХК шүүхэд гаргасан хариу тайлбар, татгалзалдаа: Нэхэмжлэгч нар нь өөрсдийн орон сууцны өмчлөх эрхийг хариуцагчид шилжүүлсэн хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулж, буцаан шилжүүлэхийг шаарджээ.

Ийнхүү шаардлагынхаа үндэслэлийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хэсгийн хууль зөрчсөн хэлцэл... гэсэн нөхцөлийг зөрчсөн гээд зөрчсөн хуулийг Иргэний хуулийн 171 дүгээр зүйлийн 171.3-д Үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг бүрэн буюу хэсэгчлэн хангаагүй бол үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх түүнд шилжинэ гэж тохирсон хэлцэл хуульд өөрөөр заагаагүй бол хүчин төгөлдөр бус байна гэж заасан байна. Гэвч дараах зүйлсийг анхаарах хэрэгтэй. Үүнд:

1. Талуудын хооронд гэрээний эрх зүйн харилцаа үүссэн тухайд: Иргэн Ө.Э, Ц.Г нар нь НФИ ХХК -тай 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 30 тоот зээлийн гэрээг байгуулан 150,000,000 төгрөгийн зээлийг, 2017 оны 08 дугаар сарын 09-ны өдөр 33 тоот гэрээг байгуулан 28,000,000 төгрөгийн зээлийг, 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдөр 142 тоот зээлийн гэрээг байгуулан 236,500,000 төгрөгийг тус тус олгожээ.

142 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах арга болох барьцааны гэрээ байгуулж нэхэмжлэгч нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлтэй Ү-22***** дугаарт бүртгэлтэй, ХУД **************** м.кв талбайтай 4 өрөө орон сууц, 13,7 м.кв талбайтай 90 тоот автоомашины зогсоолыг үргэлжлүүлэн барьцаалж 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 142 дугаартай Ипотекийн гэрээ-г мөн байгуулсан.

Харин зээлдэгч нар нь төлбөрөө хугацаанд нь төлөөгүй тул шүүхэд нэхэмжлэлийг гаргасан байдаг.

2. Гэрээний үүргийг Шүүхийн шийдвэрээр гүйцэтгүүлэхээр тогтоосон тухайд: Ийнхүү зээлдэгч нар нэхэмжлэлийг гардан авч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эвлэрэн хэлэлцэхээр болж, Хан Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 183/ШШ2019/01003 дугаар шүүгчийн захирамжаар зохигчдын эвлэрлийг баталсан билээ.

Дээрх шүүгчийн захирамжаар талуудын хооронд байгуулагдсан 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 142 дугаартай дугаартай Зээлийн гэрээ"-ний дагуу 336,092,033.33 төгрөг болон улсын тэмдэгтийн хураамжид 954,305 төгрөгийг нийт 337,046,068.33 төгрөгийг иргэн Ө.Э, Ц.Г нараас гаргуулж НФИ ХХК -д олгуулахаар шийдвэрлэж, хэрэв хариуцагч төлбөрийн үүргээ сайн дураар гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар заасан.

Ийнхүү шүүхээс дээрх барьцааны гэрээг үндэслэн шийдвэр гаргасан нь Иргэний хуулийн 174, 175 дугаар зүйлүүдэд бүрэн нийцсэн болно.

3. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны тухайд: Шүүхийн шийдвэрт заасан хугацаандаа мөн төлбөрөө төлөөгүй тул дараагийн арга хэмжээ болох шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүсэлт гаргасан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас хуульд заасан журам, шүүхийн шийдвэрт заасны дагуу холбогдох ажиллагааг хийж төлбөр авагч болон төлбөр төлөгчийн саналыг авч 2020 оны 6 дугаар сард хөрөнгийг шинжээч томилж 410,237,000 төгрөгөөр тогтоосон. Энэхүү үнэлгээг төлбөр төлөгч эс зөвшөөрч үнэлгээг хүчингүй болгуулах, дахин үнэлгээг тогтоолгох шаардлага бүхий гомдлыг шүүхэд гаргасан ба Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 183 //ШШ2020/02729 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 12 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 001/XT2021/01033 дугаар тогтоолоор тус тус гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

4. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон тухайд: Улмаар барьцааны хөрөнгийг дуудлага худалдаанд оруулахаар болох үед бидний зүгээс цар тахал гарсан, эдийн засгийн хямрал нүүрлэсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан өөрсдийн эрх ашгийг хоёрт тавьж харилцагчид болох Ө.Э, Ц.Г нарт дахин нэг удаа боломж олгож барьцааны хөрөнгийг шүүхийн шийдвэрийн төлбөрт тооцон шилжүүлэхээр болж талуудын хооронд байгуулагдсан "Үл хөдлөх хөрөнгийг зээлийн төлбөрт тооцон шилжүүлэх гэрээ"-г нотариатаар гэрчлүүлэн Улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлж, 2021 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр 21-10/736 дугаар тогтоолоор Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон байдаг.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3, 29.1.4 дэх хэсэгт тус тус нийцэх тул хууль зөрчсөн зүйл байхгүй юм. Дээрх гэрээнд төлбөр төлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг хамгаалсан нэг онцлог зохицуулалт нь нэг жилийн хугацаанд төлбөр авагчийн орон сууцны төлбөрийг мөн хэмжээгээр шилжүүлсэн тохиолдолд орон сууцыг буцаан шилжүүлж болохоор заасан хэдий ч энэхүү зохицуулалтыг төлбөр төлөгч нь өөрөө хэрэгжүүлээгүй тул өөр бусад гуравдагч этгээдэд орон сууцыг худалдсан байгааг дурдах нь зүйтэй. Иймд дээрх нөхцөл байдал, үйл баримтууд нь бүгд төлбөр төлөгч нарын хүсэл зоригийн хүрээнд явагдсан ба ямар нэгэн хууль тогтоомж зөрчсөн, нэхэмжлэгч нарын эрхийг дордуулсан зүйл байхгүй.

Хариуцагчийн зүгээс Үл хөдлөх эд хөрөнгийг зээлийн төлбөрт тооцон шилжүүлэх гэрээ"-ний хугацааг сунгаж нэмэлт хугацаа тогтоосон зүйл огт байхгүй. Энэхүү гэрээгээр орон сууцыг төлбөртөө тооцон авсан нь хуульд нийцсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Нотлох баримт: нэхэмжлэгч талаас нотариатын 2021.09.23-ний өдрийн 1018 дугаар баримт бичиг гэрчилсэн тэмдэглэл, 2021.09.23-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгийн зээлийн төлбөрт тооцон шижлүүлэх гэрээ, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019.04.29-ний өдрийн 183/ШШ2019/01003 дугаар захирамж, 2018.03.28-ны өдрийн 142 дугаар Зээлийн гэрээ, зээлийн төлбөр, хүүг төлөх хуваарь, зээлийн хүү тооцоолол, 2018.03.28-ны өдрийн 142 дугаар Ипотекийн гэрээ, Ө.Эын үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Ө.Э, Ц.Г нарын 2022.10.27-ны өдрийн хүсэлт, Худалдаа хөгжлийн банкны 2022.10.27-ны өдрийн орлогын ордер, НФИ ХХК -ийн 2022.10.28-ны өдрийн 123/22 дугаар албан бичиг, 2017.03.20-ны өдрийн 30 дугаар Зээлийн гэрээ, зээлийн хүү тооцоолол, 2017.08.07-ны өдрийн 77 дугаар Зээлийн гэрээ, зээлийн хүү тооцоолол, 2017.08.07-ны өдрийн 77 дугаар Ипотекийн гэрээ, Тодорхойлолт, Хаанбанкны Г.Энх-Оргилын дансны үлдэгдлийн тодорхойлолт, Делтамон ХХК-ийн Орон сууцны үнэлгээний тайлан зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн байна.

Хариуцагч талаас Монгол улсын дээд шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 001/ХТ2021/01033 дугаар тогтоол, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 21-10/736 дугаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоол, 2021.09.27-ны өдрийн 1-222/18133 дугаар албан бичиг, НФИ ХХК -ийн 2022.09.30-ны өдрийн 110/22 дугаар, 2022.10.28-ны өдрийн 123/22 дугаар албан бичиг, Д.Отэй байгуулсан 2022.10.25-ны өдрийн Үл хөдлөх эл хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, орон сууцны өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Ө.Э, Ц.Г НФИ ХХК нарын Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гаргасан өргөдөл, хүсэлт, Д.Оийн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, НФИ ХХК -ийн 86/21 дугаар албан бичиг, Тэнхлэг Зууч ХХК-ийн 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн №23/01 дугаартай албан бичиг зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн.

Шүүхийн журмаар Голомтбанкны 2022.10.25-ны өдрийн Мемориалын баримт, Хан Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн №131 дугаартай албан бичиг, түүний хавсралт 188 хуудас орон сууц, автозогсоолын өмчлөх эрхийн лавлагаа зэргийг бүрдүүлсэн байна.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ө.Э, Ц.Г нар нь хариуцагч НФИ ХХК -д холбогдуулан 2021.09.30-ны өдөр байгуулсан Үл хөдлөх эд хөрөнгийг зээлийн төлбөрт тооцон шилжүүлэх гэрээ-г хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох, хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгаж, 312,439,356 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Нэхэмжлэгч нар гэрээ хүчин төгөлдөр бус гэх үндэслэлээр орон сууц, автозогсоолын зах зээлийн үнээс шүүхийн шийдвэрээр хариуцагчид төлөх төлбөрийг хасч, зөрүүг гаргуулах болон хариуцагчид шилжүүлсэн мөнгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, шилжүүлсэн мөнгийг нь буцаан шилжүүлсэн, орон сууц авто зогсоолыг төлбөртөө шилжүүлэн авсан, гэрээ хүчинтэй гэж маргаж байна.

 

2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Ө.Э, Ц.Г нар нь нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэж, хамтран хариуцагчаар Д.Оийг татаж, НФИ ХХК болон иргэн Д.О нарын хооронд 2022.10.25-ны өдөр байгуулагдсан Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ-г Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-д заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох, Хан-Уул дүүрэг, 01 дүгээр хороо, Стадион оргил, Дөрвөн улиралын цэцэрлэг, 1 дүгээр байр, 212 тоотод байрлах, 103.75 мкв талбайтай 4 өрөө орон сууц, 13.7 мкв талбайтай 90 тоот автомашины зогсоолыг буцаан шилжүүлэхийг Д.Од даалгах шаардлага гаргасан. Хариуцагч Д.О нь нэхэмжлэгчид холбогдуулан өөрийн өмчлөлийн ХХУД ********, 212 тоот орон сууц болон тус байны 90 тоот автомашины зогсоолыг хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх, 28,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан. /2-р хавтаст хэргийн 17-21, 58-62, 73-74 хуудас/

Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн эрх залгамжлагч Ц.Г нь нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилж, хамтран хариуцагч Д.Од холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан. /2-р хавтаст хэргийн 106-109, 135 хуудас/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1, 73.2 дах хэсэгт зааснаар хариуцагч нь үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлүүлэхийн тулд сөрөг нэхэмжлэл гаргах, сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай тооцогдох байвал шүүх сөрөг нэхэмжлэлийг үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлэхээр тус тус зохицуулсан. Нэхэмжлэгчид нь хамтран хариуцагч Д.Од холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзснаар, хариуцагч Д.Оийн сөрөг нэхэмжлэлийг шүүх шийдвэрлэх боломжгүй тул сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Дээрхи үндэслэлээр нэхэмжлэгч нарын хамтран хариуцагчаар Д.Оийг татаж, түүнд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хариуцагч Д.Оийн сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн мөнгийг буцаан олгох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Ө.Э нас барсан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д заасны дагуу түүний эхнэр, нэхэмжлэгч Ц.Гийг нэхэмжлэгч Ө.Эын эрх залгамжлагчаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан.

 

Шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ. Учир нь:

 

4. Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаар дараахи үйл баримт тогтоогдож байна.

4.1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 183/ШШ2019/01003 дугаар Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар НФИ ХХК -ийн зээлийн гэрээний үүрэгт 336,092,033.33 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг хариуцагч Ө.Э, Ц.Г нар хүлээн зөвшөөрч, 2019.08.01-ний өдрийн дотор бүрэн төлөхөөр зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. /1-р хавтаст хэргийн 9-16, 197-207 хуудас/

 

4.2. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт дээрхи захирамжийг албадан гүйцэтгэх ажиллагаа явагдаж, барьцаа хөрөнгө болох Хан-Уул дүүрэг, ************************ өрөө орон сууц, 13.7 мкв талбай бүхий 90 тоот автозогсоолын зах зээлийн үнэлгээг Сэлэнгэ Эстимэйт ХХК 2020.06.11-ний өдрийн байдлаар 410,237,000 төгрөг болохыг тогтоосон. Төлбөр төлөгч Ө.Э, Ц.Г нар нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан уг үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ тогтоосон ажиллагаа хуульд нийцсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. /1-р хавтаст хэргийн 45-48, 210-214 хуудас/

 

4.3. НФИ ХХК болон Ө.Э, Ц.Г нар нь 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгийг зээлийн төлбөрт тооцон шилжүүлэх гэрээ-г байгуулж, зээлийн төлбөр болон шүүгчийн захирамжийн нийт 338,310,643.33 төгрөгийн биелэлтийг хангуулахаар, барьцааны Хан-Уул дүүрэг, **************************** өрөө орон сууц, 13.7 мкв талбай бүхий 90 тоот автозогсоолыг төлбөрт тооцон өмчлөх эрхийг шилжүүлэх, өмчлөх эрхийг шилжүүлэн авснаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар дахь гүйцэтгэх баримт бичгийг дуусгавар болгон хаах, өмчлөх эрх шилжүүлэгч нь 2022.09.30-ны өдрийн дотор 338,310,643.33 төгрөгийн төлбөрөө бүрэн төлж барагдуулан шилжүүлсэн үл хөдлөх эд хөрөнгөө буцаан шилжүүлж авах, өмчлөх эрх шилжүүлэн авагч нь дээрхи хугацааны дотор үл хөдлөх хөрөнгийг бусдад худалдан борлуулахгүй байхаар тохиролцжээ. /хавтаст хэргийн 7-8 хуудас/

 

4.4. 2021.09.23-ны өдөр төлбөр төлөгч Ө.Э, Ц.Г, төлбөр авагч НФИ ХХК нар нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шүүхийн шийдвэрт заасан төлбөр болон ажиллагааны зардал 338,310,643.33 /шүүгчийн захирамжид заасан 337,046,338.33 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 954,305 төгрөг, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардал 150,000 төгрөг, шинжээчийн зардал 160,000 төгрөг/ төгрөгийн төлбөрт Ө.Эын өмчлөлийн Хан-Уул дүүрэг, ***************************** мкв талбай бүхий 4 өрөө орон сууц, 13.7 мкв талбай бүхий 90 тоот автозогсоолыг төлбөр авагч НФИ ХХК -д өмчлөх эрхийг шилжүүлэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар олгож өгнө үү гэсэн хүсэлт гаргасны дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь орон сууц болон автозогсоолыг төлбөр авагчийн өмчлөлд шилжүүлж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3-т заасныг үндэслэн 2021.09.27-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон байна. /хавтаст хэргийн 49-50, 57-60, 215-245 хуудас/

 

4.5. 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгийг зээлийн төлбөрт тооцон шилжүүлэх гэрээ-нд заасан 2022.09.30-ны өдрийн дотор өмчлөх эрх шилжүүлэгч нь 338,310,643.33 төгрөгийг төлөөгүй гэх үндэслэлээр НФИ ХХК нь иргэн Д.Отэй 2022.10.25-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ-г байгуулж, Хан-Уул дүүрэг, ************************* өрөө орон сууцыг 13.7 мкв талбай бүхий 90 тоот автозогсоолын хамт 400,000,000 төгрөгөөр худалдаж, худалдан авагч Д.О нь орон сууц болон автозогсоолын өмчлөгч болжээ. /1-р хавтаст хэргийн 53-57, 246-248, 2-р хавтаст хэргийн 1-14, 33-36 хуудас/,

 

5. Талууд 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгийг зээлийн төлбөрт тооцон шилжүүлэх гэрээ-г хүчин төгөлдөр эсэх, уг гэрээний хугацааг сунгасан эсэх талаар маргасан.

 

5.1. Хэлцэл, гэрээ хүчин төгөлдөр болоход тавигдах шалгуур нь субъект, агуулга, хэлбэр болон субъектив талын шинжүүд байна.

Талуудын Үл хөдлөх эд хөрөнгийг зээлийн төлбөрт тооцон шилжүүлэх гэрээ нь, субъектүүдын хувьд эрх зүйн зохих чадамжтай, субъектын шинжийг үгүйсгэх нөхцөл байдалгүй, субъектив шинж буюу тухайн хэлцэл байгуулах талуудын дотоод зорилго, гадагш илэрхийлсэн хүсэл зоригийн илэрхийлэл хоёр нийцсэн, хэлбэрийн хувьд талуудын гарын үсэг зурагдсан энгийн хэлбэртэй бичгийн хэлцлийн шаардлагыг тус тус хангасан байна.

Харин хэлцлийн агуулгын хувьд хууль зөрчиж байгаа эсэхийн хувьд талууд маргаж байх тул тусгайлан дүгнэлт хийх нь зүйтэй.

Иргэний хуулийн зохицуулалтын дагуу хэлцэл агуулгын хувьд хүчин төгөлдөр бус байх нь хууль зөрчсөн, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан байх бөгөөд хууль зөрчсөн гэх агуулга нь хуулиар хориглосон, хуульд хүчин төгөлдөр бус байхаар зохицуулсан байдаг.

 

5.2. Хариуцагч Үл хөдлөх эд хөрөнгийг зээлийн төлбөрт тооцон шилжүүлэх гэрээ-г Иргэний хуулийн 171 дүгээр зүйлийн 171.3-д заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж тайлбарлаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Иргэний хуулийн 171 дүгээр зүйлийн 171.3 дахь хэсэг нь үл хөдлөх эд хөрөнгийн барьцаа /ипотек/-ны гэрээний үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагад хамааралтай, ипотекийн зүйлийг шүүхийн бус журмаар худалдан борлуулахыг хязгаарлах агуулгатай. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.04.29-ний өдрийн 1003 дугаар захирамжаар Ө.Э, Ц.Г нараас зээлийн төлбөрт 336,092,033.33 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэсэн, шүүхийн шийдвэрийн дагуу барьцааны үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулах ажиллагаа хийгдэж байхад талууд дээрхи гэрээг байгуулсан тул уг зохицуулалт нь гэрээнд хамааралгүй байна.

Тодруулбал, Үл хөдлөх эд хөрөнгийг зээлийн төлбөрт тооцон шилжүүлэх гэрээ нь шүүхийн шийдвэрийн дагуу албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулах ажиллагаа хийгдэж байгаа үл хөдлөх эд хөрөнгийг, төлбөр төлөгч, төлбөр авагч нар харилцан тохиролцож 1 жилийн дотор төлбөр төлөгч өөрөө худалдаж төлбөрийг барагдуулах зорилгоор төлбөр авагчийн өмчлөлд шилжүүлсэн тул дээрхи хуулийн зохицуулалтад хамааралгүй байна.

 

Иймд талуудын хооронд байгуулагдсан 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгийг зээлийн төлбөрт тооцон шилжүүлэх гэрээ нь хуульд нийцсэн хүчин төгөлдөр тул нэхэмжлэлийн Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар 2021.09.30-ны өдөр байгуулсан Үл хөдлөх эд хөрөнгийг зээлийн төлбөрт тооцон шилжүүлэх гэрээ-г хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох, хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

6. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар, гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж заасны дагуу 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгийг зээлийн төлбөрт тооцон шилжүүлэх гэрээ-ний 2.4, 2.5-д зааснаар өмчлөх эрх шилжүүлэгч Ө.Э, Ц.Г нар нь 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 338,310,643.33 төгрөгийн төлбөрийг бүрэн төлж барагдуулах, заасан хугацаанд төлбөрөө бүрэн төлсөн нөхцөлд Өмчлөх эрх хүлээн авагчид шилжүүлсэн үл хөдлөх эд хөрөнгөө буцаан шилжүүлэн авах эрхтэй байхаар тохиролцсон. /1-р хавтаст хэргийн 8 хуудас ар тал/

 

Нэхэмжлэгч Ө.Э, Ц.Г нар нь дээрхи гэрээнд заасны дагуу 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 338,310,643.33 төгрөгийг төлөөгүй талаар маргаагүй.

Харин НФИ ХХК -ийг дээрхи хугацааг 1 сараар сунгасан гэж тайлбарласныг хариуцагч эс зөвшөөрч маргасан.

Шүүх гэрч Э.Дий мэдүүлэг, НФИ ХХК -ийн 2022.09.30-ны өдрийн Мэдэгдэл, шаардлага хүргүүлэх тухай болон 2022.10.28-ны өдрийн Хүсэлт, шаардлагын хариу хүргүүлэх нь албан бичгүүд, зохигчийн тайлбарыг харьцуулан үзэхэд хугацааг 1 сараар сунгасан болох нь тогтоогдохгүй байна.

 

7. Хариуцагч НФИ ХХК нь 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгийг зээлийн төлбөрт тооцон шилжүүлэх гэрээ-гээр орон сууц, авто зогсоолыг шүүхийн шийдвэрт заасан төлбөр болон ажиллагааны зардал 338,310,643.33 /шүүгчийн захирамжид заасан 337,046,338.33 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 954,305 төгрөг, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардал 150,000 төгрөг, шинжээчийн зардал 160,000 төгрөг/ төгрөгийн төлбөртөө тооцон шилжүүлэн авсан тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэж маргаж байна.

 

7.1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1.Энэ хуулийн 72.1, 72.2-т заасны дагуу дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй хөрөнгийг төлбөр авагчид иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахад гарсан зардлыг хасаж төлбөртөө суутган авахыг санал болгоно. Хэрэв төлбөр авагч авахаас татгалзсан, эсхүл хуульд заасан хугацаанд хариу ирүүлээгүй бол худалдан борлогдоогүй эд хөрөнгийг төлбөр төлөгчид, гүйцэтгэх баримт бичгийг төлбөр авагчид буцаана гэж, 73.3.Дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй үл хөдлөх хөрөнгийг энэ хуулийн 55 дугаар зүйлд заасны дагуу тогтоосон үнээр төлбөр авагчид санал болгоно. Худалдан борлогдоогүй хөрөнгийн үнэ гүйцэтгэх баримт бичигт заасан төлбөрийн шаардлагаас илүү дүнтэй бол төлбөр авагч үнийн дүнгийн зөрүүг төлснөөр худалдан борлогдоогүй хөрөнгийг хүлээн авах эрх нээгдэнэ гэж, 73.6.Худалдан борлогдоогүй хөрөнгийг төлбөр авагчид шилжүүлэх тухай шийдвэрийг шийдвэр гүйцэтгэгчийн саналыг үндэслэн ахлах шийдвэр гүйцэтгэгч гаргаж, хөрөнгө хүлээлцсэн тухай тэмдэглэл үйлдэнэ гэж тус тус заасан.

 

Маргаан бүхий Хан-Уул дүүрэг, ************************** өрөө орон сууц, болон 13.7 мкв талбай бүхий 90 тоот автозогсоолыг албадан дуудлага худалдаагаар худалдах ажиллагаа хийгдээгүй тул шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөрт тооцон төлбөр авагчид шилжүүлсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна.

 

7.2. Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.2Гэрээний аль нэг нөхцөлийн утга нь ойлгомжгүй бол түүний агуулгыг бусад нөхцөл болон гэрээний ерөнхий агуулгатай харьцуулах замаар тодорхойлно гэж заасны дагуу 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгийг зээлийн төлбөрт тооцон шилжүүлэх гэрээ-ний 1.1, 2.2 дахь заалтын агуулгыг гэрээ байгуулах болсон нөхцөл буюу үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулах ажиллагаа явагдах гэж байсан нөхцөл, гэрээний 1.3, 2.4, 2.5, 2.8, 2.9 дэх заалтуудтай харьцуулан дүгнэхэд орон сууц, автозогсоолыг 338,310,643.33 төгрөгийн төлбөрт тооцон шилжүүлсэн гэж үзэх боломжгүй, гэрээнд заасан хугацаанд төлбөрийг төлж, буцаан шилжүүлэн авахаар тохиролцсон байна.

 

8. Нэхэмжлэлийн орон сууц, автозогсоолын зах зээлийн үнэ 590,750,000 төгрөгөөс шүүхийн шийдвэрээр хариуцагчид төлөх 338,310,643.33 төгрөгийг хасч, 252,439,356.67 төгрөгийг гаргуулах шаардлагын тухайд,

 

8.1. Талуудын хооронд байгуулагдсан 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгийг зээлийн төлбөрт тооцон шилжүүлэх гэрээ хуулийн хүчин төгөлдөр тул хүчин төгөлдөр бус байх хэлцлийн үр дагаварыг арилгуулах, буцаан шаардах шаардлагын хүрээнд нэхэмжлэлийг хангах хууль зүйн үндэслэлгүй юм.

 

8.2. 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгийг зээлийн төлбөрт тооцон шилжүүлэх гэрээ-ний 2.9-д Гэрээний 2.4-д заасан хугацаанд Өмчлөх эрх шилжүүлэгч нь төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй нөхцөлд Өмчлөх эрх хүлээн авагч нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийг бие даан бусдад худалдан борлуулах эрх нь нээлттэй болно гэж заажээ.

Уг заалтын дагуу хариуцагч НФИ ХХК нь 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөс хойш орон сууц болон авто зогсоолыг бусдад худалдан борлуулах эрхтэй бөгөөд иргэн Д.Отэй 2022.10.25-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ-г байгуулж, Хан-Уул дүүрэг, ****************** талбай бүхий 90 тоот автозогсоолын хамт 400,000,000 төгрөгөөр худалджээ.

 

8.3. Хариуцагч НФИ ХХК -ийг хууль болон гэрээгээр орон сууц, автозогсоолыг төлбөртөө шилжүүлэн авсан гэж үзэх боломжгүй тул Иргэний хуулийн 179 дүгээр зүйлийн 179.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч НФИ ХХК нь дээрх орон сууц, автозогсоолыг худалдан борлуулсан үнээс шүүхийн шийдвэр, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардал болох 338,310,643.33 төгрөгийн төлбөрөө авч, үлдэх 61,689,356.67 төгрөгийг Ө.Э, Ц.Г нарт буцаан олгох үүрэгтэй.

 

8.4. Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн эрх залгамжлагч Ц.Г нь орон сууц, автозогсоолыг худалдан борлуулсан үнээс хариуцагч НФИ ХХК -д төлөх төлбөрийг хасаж, зөрүүг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар шаардах эрхтэй байна.

 

Иймд хариуцагч НФИ ХХК -иас зөрүү 61,689,356.67 төгрөгийг гаргуулж, Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн эрх залгамжлагч Ц.Гт олгох үндэслэлтэй байна.

 

9. Нэхэмжлэлийн 2021.09.23-ны өдрийн гэрээний дагуу 2022.10.27-ны өдөр төлсөн 60,000,000 төгрөгийг буцаан гаргуулах шаардлагын тухайд,

 

Нэхэмжлэгч Ө.Э, Ц.Г нар нь 2022.10.27-ны өдөр НФИ ХХК -ийн Худалдаа хөгжлийн банкны 42**********тоот дансанд 60,000,000 /жаран сая/ төгрөгийг 01003 тоот захирамж, 2021.09.23-ны гэрээний төлөлт гүйлгээний утгатайгаар шилжүүлжээ. /хавтаст хэргийн 18 хуудас/

 

Хариуцагч НФИ ХХК нь уг мөнгийг буцаан төлсөн байх ёстой гэж тайлбарлаж байгаа боловч энэ талаар баримтыг шүүхэд ирүүлээгүй.

 

2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгийг зээлийн төлбөрт тооцон шилжүүлэх гэрээ-ний 2.4-д заасан хугацаа дууссан үндэслэлээр хариуцагч НФИ ХХК нь 2022.10.25-ны өдөр иргэн Д.Од Хан-Уул дүүрэг, ********************************* 4 өрөө орон сууцыг 13.7 мкв талбай бүхий 90 тоот автозогсоолын хамт худалдаж, гэрээнд заасан 338,310,643.33 төгрөгийн төлбөрөө суутгаж авсан тул нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн эрх залгамжлагч Ц.Г нь 2022.10.27-ны өдөр төлсөн 60,000,000 /жаран сая/ төгрөгөө Иргэний хуулийн 492.1.1-д заасны дагуу буцаан шаардах эрхтэй байна.

 

10. Дээрх үндэслэлүүдээр хариуцагч НФИ ХХК -иас 121,689,356.67 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн эрх залгамжлагч Ц.Гт олгож, нэхэмжлэлээс 2021.09.30-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгийг зээлийн төлбөрт тооцон шилжүүлэх гэрээ-г хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох, 190,750,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

11. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд,

Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн зарим шаардлага хангагдаж байгаа тул түүнд тооцогдох улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаар төлүүлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасан зохицуулалтад нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

  ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч НФИ ХХК -иас 121,689,356.67 /нэг зуун хорин нэгэн сая зургаан зуун наян есөн мянга гурван зуун тавин зургаан төгрөг жаран долоон мөнгө/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн эрх залгамжлагч Ц.Гт олгож, нэхэмжлэлээс 2021.09.30-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгийг зээлийн төлбөрт тооцон шилжүүлэх гэрээ-г хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох, 190,750,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Ө.Э, Ц.Г нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4,147,855 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч НФИ ХХК -иас 766,397 /долоон зуун жаран зургаан мянга гурван зуун ерэн долоон/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн эрх залгамжлагч Ц.Гт олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч Ө.Э, Ц.Г нар нь хариуцагч НФИ ХХК , Д.О нарт холбогдуулан гаргасан НФИ ХХК болон иргэн Д.О нарын хооронд 2022.10.25-ны өдөр байгуулагдсан Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ-г хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох, Хан-Уул дүүрэг, 01 дүгээр хороо, Стадион оргил, Дөрвөн улиралын цэцэрлэг, 1 дүгээр байр, 212 тоотод байрлах, 103.75 мкв талбайтай 4 өрөө орон сууц, 13.7 мкв талбайтай 90 тоот автомашины зогсоолыг буцаан шилжүүлэхийг Д.Од даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2-д зааснаар хариуцагч Д.Оийн нэхэмжлэгч Ц.Гт холбогдуулан гаргасан Хан-Уул дүүрэг, 01 дүгээр хороо, Стадион оргил /17011/, Дөрвөн улирал цэцэрлэг гудамж, 1 дүгээр байр, 212 тоот орон сууц болон тус байны 90 тоот автомашины зогсоолыг хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх, 28,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар хариуцагч Д.Оийн сөрөг нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжид 2023.05.04-ны өдөр төлсөн 70,200 төгрөг, 2023.05.16-ны өдөр төлсөн 297,950 төгрөгийг тус тус Улсын орлогоос буюу Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс, орон нутгийн төсвийн орлогын тэмдэгтийн хураамжийн 100200600941 тоот данснаас буцаан гаргуулж Д.Од олгосугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ОЮУНТУЯА