Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2024/00096

 

 

 

 

 

2024 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2024/00096

 

2024 01 08 210/МА2024/00096

 

Ц.Г-, Ө.Э- нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 сарын 10-

ны өдрийн 181/ШШ2023/03168 дугаар шийдвэртэй,

Ц.Г-, Ө.Э- нарын нэхэмжлэлтэй, Н- ББСБ

ХХК-д холбогдох,

2021 оны 09 сарын 30-ны өдөр байгуулсан үл хөдлөх эд хөрөнгийг зээлийн төлбөрт тооцон шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох, хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгаж, 312,439,356 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч талын давж заалдах журмаар гаргасан гомдолд үндэслэн шүүгч Э.Энэбишийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Энхжин, түүний өмгөөлөгч Д.Түвшинтамир, хариуцагчийн өмгөөлөгч Б.Баяраа, П.Анударь, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. Нэхэмжлэгч нар нь "Н- ББСБ" ХХК-тай 2017 оны 03 сарын 20-ны өдөр байгуулсан зээлийн гэрээгээр 150,000,000 төгрөгийг 6 сарын хугацаатай авсан ч зээлээ төлж чадаагүй тул 2017 оны 08 сарын 07-ны өдөр дахин зээлийн гэрээ байгуулж 28,000,000 төгрөгийн зээл авсан. Зээлийн хугацаа хэтэрч, хүү хуримтлагдсаар 2018 оны 03 сарын 28-ны өдрийн байдлаар үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг нэгтгэн дүгнэж 236,500,000 төгрөгийн хэмжээгээр дахин зээлийн гэрээ байгуулж,  -103.75 м.кв талбайтай 4 өрөө орон сууц, мөн 13.7 м.кв талбайтай - автомашины зогсоолыг үргэлжлүүлэн барьцаалж ипотекийн гэрээг байгуулсан.

1.2. Үүнээс хойшхи хугацаанд бизнесийн үйл ажиллагаа доголдсоноор зээлээ төлж чадахгүйд хүрч, ББСБ-ын удирдлагуудтай уулзаж, төлбөр төлөх хугацааг хойшлуулахыг хүссэн ч хүлээж аваагүй ба Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 сарын 29-ний өдрийн - шүүгчийн захирамжаар зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

1.3. Шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгэх ажиллагаа явагдаж 338,310,643.33 төгрөг төлөх болсон ба төлбөрөө нэг жилийн хугацаанд төлж хөрөнгөө буцаан авах нөхцөлөөр "Үл хөдлөх эд хөрөнгийг зээлийн төлбөрт тооцон шилжүүлэх гэрээ"-г 2021 оны 09 сарын 23-ны өдөр байгуулсан. Энэ хугацаанд ББСБ нь хөрөнгийг бусдад худалдахгүй, бид төлбөрийг гэрээний хугацаанд төлж чадаагүй бол үл хөдлөх эд хөрөнгө ББСБ-ын өмчлөлд үлдэхээр тохиролцсон. Гэтэл энэхүү гэрээ нь Иргэний хуулийн 171 дүгээр зүйлийн 171.3 дахь хэсэгт заасныг зөрчиж байгуулагдсан тул мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэл болно.

1.4. Гэрээ байгуулснаас хойш бид төлбөрийг төлж чадаагүй ч ББСБ-аас нэмэлт хугацаа тогтоож өгснөөр бид орон сууцаа худалдаж төлбөрөө төлөхөөр болж худалдан авагч олсон. Төлбөрийг 2022 оны 10 сарын дундуур төлөх саналыг ББСБ-д тавихад зөвшөөрсөн. Худалдан авагч орон нутагт байгаа хугацааг 2022 оны 10 сарын 26-ны өдөр болгохыг ББСБ-аас хүсэхэд мөн зөвшөөрсөн ч худалдан авагчтай гэрээ байгуулж, орон сууцны нэр шилжүүлэх, төлбөрийг төлөхөөр ББСБ-ын захирал Г.Мөнхболортой холбогдоход 2022 оны 10 сарын 25-ны өдөр орон сууцыг бусдад худалдсан гэсэн. Үүний улмаас ББСБ-д шаардлага тавихад татгалзсан хариу өгсөн.

1.5. Хариуцагч нь гэрээнд нэмэлт хугацаа тогтоосон атлаа хууль, гэрээгээ зөрчин үл хөдлөх эд хөрөнгийг бусдад худалдсан нь Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэгт "Хуульд заасан бөгөөд талууд гэрээгээр тохиролцсон бол барьцааны зүйлээс шаардлагыг шүүхээс гадуур хангаж болно" гэж заасныг зөрчсөн. Иймд Ө.Э-, Ц.Г- болон "Н- ББСБ" ХХК-ийн хооронд 2021 оны 09 сарын 30-ны өдөр байгуулсан Үл хөдлөх эд хөрөнгийг зээлийн төлбөрт тооцон шилжүүлэх гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгаж "Н- ББСБ" ХХК-аас 312,439,356.67 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Ө.Э-, Ц.Г- нар нь Н- ББСБ ХХК-тай 2017 оны 03 сарын 20-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 150,000,000 төгрөгийг, мөн 2017 оны 08 сарын 09-ний өдрийн зээлийн гэрээгээр 28,000,000 төгрөгийг, мөн 2018 оны 03 сарын 28-ны өдрийн зээлийн гэрээгээр 236,500,000 төгрөгийг тус тус зээлсэн. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Стадион оргил /17011/, Дөрвөн улирлын цэцэрлэг, 1 дүгээр байр, 212 тоот, 103,75 м.кв талбайтай 4 өрөө орон сууц, мөн 13,7 м.кв талбайтай - автомашины зогсоолыг үргэлжлүүлэн барьцаалж 2018 оны 03 сарын 20-ны өдрийн Ипотекийн гэрээг байгуулсан. Зээлдэгч нар төлбөрөө хугацаанд нь төлөөгүй тул шүүхэд нэхэмжлэл гаргасан. Зохигч эвлэрч Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 сарын 29-ний өдрийн - шүүгчийн захирамжаар зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон.

2.2. Шийдвэр биелэгдээгүй тул шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа явагдаж 2020 оны 6 сард барьцаа хөрөнгийг 410,237,000 төгрөг болохыг шинжээч тогтоосон. Барьцаа хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдах үед цар тахал гарсан, эдийн засгийн хямрал нүүрлэсэн зэргийг харгалзан төлбөр төлөгч Ө.Э-, Ц.Г- нарт боломж олгож талууд "Үл хөдлөх хөрөнгийг зээлийн төлбөрт тооцон шилжүүлэх гэрээ" байгуулан улсын бүртгэлд бүртгүүлж, 2021 оны 09 сарын 27-ны өдрийн -тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон.

2.3. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон нь Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3, 29.1.4-т нийцсэн. Дээрх гэрээгээр төлбөр төлөгчийн эрх, ашиг сонирхлыг хамгаалж нэг жилийн хугацаанд орон сууцыг төлбөр авагч худалдахгүй, энэ хугацаанд төлбөр төлөгч нар 338,310,643.33 төгрөгийг төлсөн тохиолдолд орон сууцаа буцаан авахаар заасан ч төлбөрийг төлөөгүй тул бусдад худалдсан. Энэ нь бүгд төлбөр төлөгчийн хүсэл зоригийн хүрээнд явагдсан ба хууль зөрчөөгүй, эрхийг дордуулаагүй. Мөн хариуцагчийн гэрээний хугацааг сунгаж, хугацаа тогтоогоогүй. Гэрээгээр орон сууцыг төлбөртөө тооцон авсан нь хуульд нийцсэн тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч Н- ББСБ ХХК-аас 121,689,356.67 төгрөг гаргуулж нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн эрх залгамжлагч Ц.Г-т олгож, нэхэмжлэлээс 2021.09.30-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгийг зээлийн төлбөрт тооцон шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох, 190,750,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Ө.Э-, Ц.Г- нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4,147,855 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж, хариуцагч Н- ББСБ ХХК-аас 766,397 төгрөг гаргуулан нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн эрх залгамжлагч Ц.Г-т олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ө.Э-, Ц.Г- нар нь хариуцагч Н- ББСБ ХХК,   Д.О-нарт холбогдуулан гаргасан Н- ББСБ ХХК болон иргэн Д.О-нарын хооронд 2022.10.25-ны өдөр байгуулагдсан Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох, -103.75 мкв талбайтай 4 өрөө орон сууц, 13.7 мкв талбайтай - автомашины зогсоолыг буцаан шилжүүлэхийг Д.О-д даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Д.О-ийн нэхэмжлэгч Ц.Г-т холбогдуулан гаргасан - орон сууц болон тус байрны - автомашины зогсоолыг хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх, 28,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.О-ээс сөрөг нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжид 2023.05.04-ний өдөр төлсөн 70,200 төгрөг, 2023.05.16-ны өдөр төлсөн 297,950 төгрөгийг тус тус улсын орлогоос буцаан гаргуулж Д.О-д олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1. Шийдвэрт "Хариуцагч "Н- ББСБ" ХХК-ийг хууль болон гэрээгээр орон сууц, автозогсоолыг төлбөртөө шилжүүлэн авсан гэж үзэх боломжгүй тyл Иргэний хуулийн 179 дүгээр зүйлийн 179.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч "Н- ББСБ" ХХК нь дээрх орон сууц, автозогсоолыг худалдан борлуулсан үнээс шүүхийн шийдвэр, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардал болох 338,310,643.33 төгрөгийн төлбөрөө авч, үлдэх 61,689,356.67 төгрөгийг Ө.Э-, Ц.Г- нарт буцаан олгох үүрэгтэй" гэжээ. Шүүх ямар хуульд заасан үндэслэлээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмаар төлбөрт тооцон шилжүүлсэн барьцаа хөрөнгийг хууль, гэрээгээр төлбөртөө шилжүүлэн авсан гэж үзэхгүй гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна. Үүнээс өөр ямар хэлбэрээр барьцаа хөрөнгийг төлбөртөө тооцон авахыг хууль, гэрээнд үндэслэсэн гэж үзэхийг дүгнээгүй. Хэргийн баримтуудаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардал, төлбөрийг төлж улмаар уг ажиллагаа дуусгавар болсон нь маргаангүй үйл баримт юм. Иймд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмаар шилжсэн аливаа хөрөнгийн тухайд төлбөр төлөгч буюу анхны өмчлөгч этгээд шаардлага гаргах хуулийн үндэслэл байхгүй.

4.2. Хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх ажиллагааны журмаар шилжсэн хөрөнгийн талаар төлбөр төлөгч, авагч талууд маргалдаад байвал хэзээ ч төлбөр барагдаж дуусгавар болохгүй байх үр дагавартай. Түүнчлэн өмчлөгч болсон манай компани төлбөртөө авсан хөрөнгөө хэнд, хэзээ, ямар үнээр зарах, түүнчлэн бага үнээр зарж эрсдэл хүлээх эсхүл өндөр үнэ хүргэж зарах зэрэг өмчлөгчийн туйлын эрх юм. Хэрэв анхан шатны шүүхийн дүгнэсэн шиг шийдээд байвал манай байгууллагын барьцаанд хураагдаж улмаар ихэнх тохиолдолд бага үнээр худалдсан хөрөнгийн үнийн зөрүү буюу алдагдлыг бид бас нэхэмжлэх эрхтэй байна.

4.3. Нэхэмжлэгч нар шүүхэд маргаан үүсгэх замаар эдийн засгийн давуу байдал олж авч, улмаар манай байгууллагыг хохироох нөхцөл үүсгэснийг шүүхээс дүгнээгүй. Манай байгууллагаас Ө.Э-, Ц.Г- нарт 2017 оноос хойш удаа дараа боломж олгож, улмаар шүүхийн маргаан үүссэний дараа ч хүлээцтэй хандаж өөртөө хохиролтой гэрээгээр 1 жилийн хугацаа олгосон ч уг хугацаанд төлбөр төлөгч нар төлбөрөө төлөөгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагаас 60,000,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Хариуцагчийн давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга:

5.1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2019 онд талуудын эвлэрлийг баталсан. Шүүх хэрэгт авагдсан баримт, хариуцагчийн тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар үнэлж зөв шийдвэрлэсэн. Шийдвэрт Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасныг 198 дугаар зүйлийн 198.2 дахь хэсэгт заасантай нийцүүлэн зөв тайлбарлаж хэрэглэсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3-д заасны дагуу орон сууцны өмчлөх эрх шилжсэн гэж үзэх үндэслэлгүй. Учир нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагчид шилжүүлэх үед талууд давхар гэрээ байгуулсан. Анхан шатны шүүх тухайн гэрээний агуулгыг төлбөрөө бүрэн төлсөн нөхцөлд өмчлөх эрхийг хүлээн авагч буцаан шилжүүлж авах эрхтэй гэрээ байгуулсан гэж үзсэн. 1 сарын нэмэлт хугацаа олгосон. Миний бие 10 сарын 23-ны өдөр Н- ББСБ ХХК-ийн өмнөх захиралтай уулзахад, н.О гэх хүнд үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлээгүй байсан. Бидний хувьд худалдаж авах хүнээ олчихоод очиж уулзсан. Гэтэл 2 өдрийн дараа Д.О-гэх хүнд худалдсан, буцаан өгөхгүй гэсэн.

5.2. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.2 дахь хэсэгт заасныг үндэслэн гэрээний 1.3, 2.4, 2.5, 2.8, 2.9-т заасныг харьцуулж зөв тодорхойлсон. Учир нь Н- ББСБ ХХК-д 338,000,000 төгрөгийн төлбөр төлөх үүрэгтэй. Анхан шатны шүүх төлбөртөө тооцон авсан гэж үзэх үндэслэлгүй гэсэн нь үндэслэлтэй. Хариуцагч талаас төлбөртөө тооцож шилжүүлж авсан гэж, буцаан худалдан авах нөхцөлтэй худалдах-худалдан авах гэрээ хийсэн гэж 2 агуулгаар зөрүүтэй тайлбарласан. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасантай нийцсэн шийдвэр гаргасан. Учир нь нэхэмжлэгч нар хариуцагчид шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр 338,310,643 төгрөгийг төлөх үүрэг хүлээсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан тул шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагч талын гаргасан гомдлын үндэслэлээр хязгаарлалгүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хянан үзээд хариуцагч талын давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч Ц.Г-, Ө.Э- нар хариуцагч Н- ББСБ ХХК-д холбогдуулан 2021 оны 09 сарын 30-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгийг зээлийн төлбөрт тооцон шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох, хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаварт 312,439,356 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Зохигчийн тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлэхэд дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

3.1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 04 сарын 29-ний өдрийн - захирамжаар Н- ББСБ ХХК-ийн зээлийн гэрээний үүрэгт 336,092,033.33 төгрөгийг хариуцагч Ө.Э-, Ц.Г- нараас гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг хариуцагч нар зөвшөөрч, төлбөрийг 2019 оны 08 сарын 01-ний өдрийн дотор бүрэн төлөхөөр зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ. /1хх 9-16, 197-207/

3.2. Төлбөр төлөгч нар уг шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй үндэслэлээр шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа явагдсан, Уг ажиллагааны явцад талууд харилцан тохиролцож барьцаа хөрөнгө болох - 103.75 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууц, мөн 13.7 м.кв талбайтай - автозогсоолыг зээлийн төлбөрт тооцон шилжүүлэх нөхцөлтэй "Үл хөдлөх эд хөрөнгийг зээлийн төлбөрт тооцон шилжүүлэх гэрээ"-г 2021 оны 09 сарын 23-ны өдөр байгуулжээ. Уг гэрээнд эрх шилжүүлэгч буюу Ө.Э-, Ц.Г- нар 2022 оны 09 сарын 30-ны өдрийн дотор 338,310,643.33 төгрөгийг эрх шилжүүлэн авагч буюу Н- ББСБ ХХК-д бүрэн төлсөн нөхцөлд орон сууц, автозогсоолыг буцаан авах, энэ хугацаанд уг үл хөдлөх хөрөнгийг Н- ББСБ ХХК захиран зарцуулахгүй байх үүргийг тус тус хүлээсэн байна. /1хх 7-8/

3.3. Талуудын дээрх тохиролцоог үндэслэн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 09 сарын 27-ны өдрийн №21-10/736 дугаартай тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгожээ. /1хх 49-50/

3.4. Нэхэмжлэгч нар 2022 оны 09 сарын 30-ны өдрийн дотор гэрээнд заасан 338,310,643.33 төгрөг төлөх үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй, харин 2022 оны 10 сарын 27-ны өдөр 60,000,000 төгрөгийг төлжээ. Хариуцагч тал 2022 оны 10 сарын 25-ны өдөр дээрх орон сууцыг иргэн Д.О-д 400,000,000 төгрөгөөр худалдаж, Д.О-уг орон сууц, автозогсоолын өмчлөгчөөр 2022 оны 10 сарын 31-ний өдөр улсын бүртгэлд бүртгэгдсэн нь хэрэгт нотлох баримтаар авагдсан гэрээ, улсын бүртгэлийн гэрчилгээ, талуудын тайлбараар тогтоогдож байна. /1хх 18, 53-57, 246-248, 2хх 1-14, 33-36/

 

4. Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааны журмаар хөрөнгийг албадан худалдан борлуулахад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 74 дүгээр зүйлд заасны дагуу дуудлага худалдааны орлогыг хуваарилдаг. Гэтэл шүүх энэ талаархи суурь зохицуулалт болох Иргэний хуулийн 179 дүгээр зүйлийг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул хариуцагч талын гаргасан гомдлыг хангаж, хариуцагчаас 60,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч нарт олгохоор шийдвэрлэж, шийдвэрт өөрчлөлт оруулна.

4.1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.5-д зааснаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгохоор тохиролцож байгуулсан гэрээний үүргээ нэхэмжлэгч нар биелүүлээгүй явдалд хариуцагчийг буруутгах үндэслэлгүй. Үл хөдлөх эд хөрөнгийг захиран зарцуулахгүй байх хариуцагчийн гэрээгээр хүлээсэн үүрэг дуусгавар болсноор өмчлөлд нь шилжсэн хөрөнгийг захиран зарцуулах хариуцагчийн эрх Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт зааснаар үүсэх тул нэхэмжлэгч нар орон сууц, автозогсоолыг худалдан борлуулсны үнийн зөрүү 61,689,357 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхгүй. Учир нь өмчлөгчийн хөрөнгөө захиран зарцуулах эрхэд хязгаарлалт тогтоосон гэрээний үүрэг дууссан байна.

4.2. Мөн талуудын тохиролцоог үндэслэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3-т зааснаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсонд төлбөр төлөгч буюу нэхэмжлэгч нар маргаагүй байхад хариуцагч нь орон сууц, автозогсоолыг хууль, гэрээнд зааснаар төлбөртөө шилжүүлэн авсан гэж үзэхгүй гэсэн шүүхийн дүгнэлт үндэслэлгүй болжээ. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох талуудын тохиролцоо, түүний үр дагавар нь барьцаа хөрөнгийг дуудлага худалдааны журмаар худалдан борлуулах, дуудлага худалдааны орлогыг талуудад хуваарилахтай холбоотой Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль болон Иргэний хуулийн 179 дүгээр зүйлийн 179.1 дэх хэсэгт заасан зохицуулалтад хамаарахгүй.

 

5. Иймд хариуцагч Н- ББСБ ХХК нь гэрээгээр тохиролцсон хугацаа өнгөрсний дараа үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулсан нь Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй байх тул энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй.

 

6. Нэхэмжлэгч нар төлбөр төлөх хугацаа өнгөрсний дараа 60,000,000 төгрөгийг хариуцагчид төлсөн нь гэрээний үүрэгт хамаарахгүй. Хариуцагч нь үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөлдөө бүрмөсөн шилжүүлэн авсан тул нэхэмжлэгч нарын хариуцагчид төлсөн төлбөрийг хариуцагчаас буцаан гаргуулахаар шүүх шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасантай нийцсэн байна.

 

7. Нэхэмжлэгч талаас 2021 оны 09 сарын 30-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгийг зээлийн төлбөрт тооцон шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох шаардлагыг нэхэмжлэлийн бие даасан шаардлага гэж үзэх үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч тал тус хэлцлийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгосноор түүнд 312,439,356 төгрөгийг хариуцагчаас шаардах эрх үүснэ гэсэн агуулгаар үндэслэлээ тодорхойлсныг анхан шатны шүүх анхаараагүй байна.

Тухайн шаардлага нь хариуцагчаас 321,439,356 төгрөг гаргуулахыг хүссэн шаардлагын үндэслэл болох тул бие даасан шаардлага гэж үзэхгүй бөгөөд энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлтийг залруулж, шийдвэрийн тогтоох хэсэгт найруулгын өөрчлөлт оруулна.

 

8. Нэхэмжлэгч нар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хамтран хариуцагч Д.О-д холбогдох нэхэмжлэлээс татгалзсныг тус шүүхийн шүүгчийн 2023 оны 07 сарын 25-ны өдрийн 12596 дугаартай захирамжаар шийдвэрлэсэн агуулгатай байна. Гэвч шүүх шийдвэрийн тогтоох хэсэгт сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсэгт заасантай нийцээгүй байх тул тогтоох хэсгийн 4 дэх заалтыг хассан өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж үзлээ.

 

9. Дээрх үндэслэлээр хариуцагч талын давж заалдах гомдлыг хангаж, хариуцагч Н- ББСБ ХХК-аас 60,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Г-, Ө.Э- нарт олгож, нэхэмжлэлээс үлдэх 252,439,356 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 сарын 10-ны өдрийн 181/ШШ2023/03168 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч Н- ББСБ ХХК-аас 60,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн эрх залгамжлагч Ц.Г-т олгож, нэхэмжлэлээс үлдэх 252,439,356 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн найруулж, ,

2 дахь заалтын ...56.1... гэснийг 56.2 гэж, ...766,397 төгрөг... гэснийг 457,950 төгрөг гэж, шийдвэрийн 4 дэх заалтыг хасч, 5, 6,7 гэсэн дугаарлалтыг 4, 5, 6 гэж,

7 дахь заалтын ...7 хоног... гэснийг 14 хоног гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагч талын давж заалдах гомдлыг хангасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дугаар зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Н- ББСБ ХХК-ийн төлсөн 466,397 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД

 

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

Э.ЭНЭБИШ