Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 181/ШШ2023/03288

 

 

 

 

 

 

 

 

 

 

2023 10 17 181/ШШ2023/03288

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Оюунтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ВА СӨХ-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Г.О-д холбогдох,

Дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардалд 1,726,664 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар О.Ариунтуул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ВА СӨХ шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагадаа: Сүхбаатар дүүргийн 08 дугаар хороо, 11 дүгээр хороолол, Оюутны гудамж, 17 дугаар байр, 1002 тоот оршин суугч, өмчлөгч Г.О нь ашигласан гэрэл цахилгаан, дулаан, ус, хог, лифт, болон СӨХ-ын төлбөрөө огт төлөхгүй хүндрэл учруулж, нийт оршин суугчид болон СӨХ-г хохироож байгаа цөөхөн айлуудын нэг юм.

СӨХ нь 1002 тоотын өмчлөгч Г.Оийн эхнэр Г.Дд холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргаж, орон сууцны байшингийн дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардал буюу СӨХ-ын төлбөрийг гаргуулсан. Гэтэл үүнээс хойш ахиад төлбөрөө огт төлөөгүй тул 2021 оны 04 дүгээр сараас 2023 оны 05 дугаар сарыг дуустал хугацааны СӨХ-ны зардал болох нийт 1,726,664 төгрөгийг нэхэмжилж байна.

Манай ВА СӨХ нь хуулийн дагуу оршин суугчдын хурлаасаа байгуулагдаж, оршин суугчдын хурлаасаа дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлаа тогтоосон. СӨХ-ийн төлбөр 2021 онд 62,564 төгрөг байсан бөгөөд цахилгаан дулаан, хог тээврийн зардал нэмэгдсэнээр 2022 оны 1 сараас 70,564 төгрөг болсон байгаа.

Иймд манай СӨХ-ны 17 байрны 1002 тоотын оршин суугч Г.Оээс дундын өмчлөлийн талбайн засвар үйлчилгээний зардал болох нийт 1,726,664 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Г.О шүүхэд гаргасан тайлбартаа: Г.Г нь хуулийн дагуу оршин суугчдийн хурал зарлаж Удирдах зөвлөл, Хяналтын зөвлөл байгуулахгүйгээр хуурамч материал, хуурамч гарын үсэг цуглуулан ВА СӨХ гэр гэрчилгээ гаргуулан авч өөрийн тогтоосон үнэ тарифаар оршин суугчдаас төлбөр нэхэмжлэн аваад хувьдаа шамшигдуулж байгаа этгээд юм.

Иймээс Г.Г нь Воли апартмент 17 дугаар байрны СӨХ-ийг болонВА СӨХ -г төлөөлөх эрхгүй гэж үзэж байгаа тул оршин суугчдийн төлөөлөл Г.Год холбогдуулан Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа бөгөөд хэрэг шалгагдаж байгаа. Г.Г нь СӨХ-г төлөөлөн шүүхэд нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд биш юм. Иймд нэхэмжлэлийг бүхлээр нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Нотлох баримт: нэхэмжлэгч талаас ВА СӨХ -ны 20/135 дугаартай гэрчилгээ, ВА Сууч өмчлөгчдийн холбооны удирдах зөвлөлийн 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн №06 дугаартай тогтоол, Өр төлбөрийн тооцоо, Хурлын шийдвэр гаргасан оршин суугчдийн санал, оршин суугчдийн хурлын протокол, Удирдах зөвлөлийн хурлын протокол, ВА СӨХ -ны дүрэм, А.Тэгшжаргалын тодорхойлолт, А.Артурын тодорхойлолт, Ц.Оргилболдын тодорхойлолт, О.Ариунаагийн тодорхойлолт, Хурлын шийдвэр гаргасан оршин суугчид гэх баримт, Санал, Уриалга, Жиди ХХК-ийн 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн №08 дугаартай мэдэгдэл, Ай Ти Партнерс ХХК-ийн 2023 оны 01 дүгээр сарын 24-ны өприйн №23/02 дугаартай төлбөрийн өргөдөл барагдуулсан тухай баримт, 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн төлбөрийн баримт, нэхэмжлэх, Тооцооны үлдэгдэлийн баталгаа, 2022.08.18-ны өдрийн 181/ГХ2022/00823 дугаар Шүүхийн гүйцэтгэх хуудас, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022.02.23-ны өдрийн 312 дугаар магадлал, Жиди ХХК-ийн 2020.09.20-ны өдрийн А/19 дугаар албан бичиг зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн. хариуцагч талаас нотлох баримт гаргаж өгөөгүй, шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлээгүй байна.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ВА СӨХ нь хариуцагч Г.Од холбогдуулан дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээний төлбөр 1,726,664 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч Г.О нь Г.Г хуурамч баримт ашиглан ВА СӨХ -ны гэрчилгээг авсан, СӨХ-г төлөөлөх эрхгүй этгээд шүүхэд нэхэмжлэл гаргасан гэх үндэслэлээр маргаж байна.

 

 Шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ. Учир нь:

 

1. Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, 11 дүгээр хороолол, Оюутны гудамж, 17 дугаар байрны оршин суугчид нь 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдөр хуралдаж, ВА СӨХ -г байгуулсан байх бөгөөд Сүхбаатар дүүргийн Засаг дарга нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-т заасан эрхийн хүрээнд холбогдох бичиг баримт, СӨХ-ны хурлын шийдвэрийг үндэслэн ВА СӨХ -г 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр СӨХ-ны бүртгэлд бүртгэж гэрчилгээ олгожээ. /хх-ийн 3, 22-31 хуудас/

Мөн ВА СӨХ -ны Удирдах зөвлөлийн 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн №06 дугаар тогтоолоор ВА СӨХ -ны гүйцэтгэх захирлаар Г.Гыг 3 жилийн хугацаагаар томилжээ. /хавтаст хэргийн 4 хуудас/

Эдгээр баримтаас дүгнэхэд Г.Г нь ВА СӨХ -г төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй тул хариуцагчийн тайлбар үндэслэлгүй байна.

 

2. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022.02.23-ны өдрийн 312 дугаар магадлалаар 17 байрны 1002 тоотын өмчлөгч Г.Дгаас 2019 оны 12 дугаар сараас 2021 оны 11 дүгээр сарыг дуустал хугацааны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээний төлбөрт нийт 1,612,286 төгрөг гаргуулж ВА СӨХ -д олгожээ. /хавтаст хэргийн 46-49 хуудас/

 

Хариуцагч Г.О нь 17 байрны 1002 тоотын өмчлөгч биш гэж маргаагүй бөгөөд энэ талаар шүүхэд баримт гаргаагүй.

 

3. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт Сууц өмчлөгч нь ... дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд төлнө гэж, мөн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2.3-т сууц өмчлөгч нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд тогтоосон хэмжээгээр оролцох үүрэгтэй гэж тус тус заасан тул хариуцагч Г.О нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардлыг СӨХ-нд төлөх үүрэгтэй.

 

Хариуцагч Г.О нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээний төлбөрт 2021 оны 12 сард 62,564 төгрөг, 2022 оны 01 сараас хойш 70,564 төгрөг төлөх үүрэгтэй болох нь хэрэгт авагдсан 17 байрны 1002 тоот Г.Оийн өр, төлбөрийн тооцоо, Төрийн банк ХХК-ийн гүйлгээний баримт зэргээр тогтоогдож байна.

 

Шүүхийн шийдвэрээр 2021 оны 11 дүгээр сарыг дуустал хугацааны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээний төлбөрийг гаргуулж шийдвэрлэсэн тул хариуцагч Г.Оээс 2021 оны 12 дугаар сараас 2023 оны 05 дугаар сарыг дуусталх хугацааны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний төлбөрт нийт 1,262,152 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ВА СӨХ -нд олгож, нэхэмжлэлээс үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

ВА СӨХ , Г.Г нарт холбогдох иргэний хэрэг шүүхэд хянагдаж байгаа гэх үндэслэл нь хариуцагч Г.Оийг хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхэд нь саад болохгүй тул орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээний төлбөр гаргуулж шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

  ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 148 дугаар зүйлийн 148.2.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Г.Оээс 1,262,152 /нэг сая хоёр зуун жаран хоёр мянга нэг зуун тавин хоёр/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ВА СӨХ -нд олгож, нэхэмжлэлээс 464512 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар ВА СӨХ -ны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 42,580 төгрөгийг улсын төсвийн орлогодл хэвээр үлдээж, хариуцагч Г.Оээс 34,842 /гучин дөрвөн мянга найман зуун дөчин хоёр/ төгрөгийг гаргуулж ВА СӨХ -нд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ОЮУНТУЯА