Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2023/02118

 

 

 

 

 

 

 

 

2023 12 06 210/МА2023/02118

 

 

 

ӨА СӨХ-ны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Ш.Оюунханд, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 181/ШШ2023/03288 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч: ӨА СӨХ

Хариуцагч: Г.Л

 

Нэхэмжлэлийн шаардлага: Дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардалд 1,726,664 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалангийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хариуцагчийн өмгөөлөгч Ц.Энхбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1 Сүхбаатар дүүрэг, 0 дугаар хороо, 00 дүгээр хороолол, Оюутны гудамж, 00 дугаар байр, 100000 тоот орон сууцны оршин суугч, өмчлөгч Г.Л нь ашигласан гэрэл цахилгаан, дулаан, ус, хог, лифт, болон СӨХ-ны төлбөрөө 2021 оны 04 дүгээр сараас 2023 оны 05 дугаар сарыг дуустал хугацааны зардал 1,726,664 төгрөгийг төлөөгүй.

Иймд дундын өмчлөлийн талбайн засвар үйлчилгээний зардалд нийт 1,726,664 төгрөгийг Г.Лээс гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1 СӨХ-ны дарга гэх Г. нь хуулийн дагуу оршин суугчдын хурал зарлаж Удирдах зөвлөл, Хяналтын зөвлөл байгуулахгүйгээр хуурамч материал, хуурамч гарын үсэг цуглуулан ӨА СӨХ-ны гэрчилгээ гаргуулан авч, өөрийн тогтоосон үнэ тарифаар оршин суугчдаас төлбөр авдаг. Иймд Г. нь ӨА СӨХ-г төлөөлөх эрхгүй, шүүхэд нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд биш. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

3.1 Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 148 дугаар зүйлийн 148.2.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Г.Лээс 1,262,152 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ӨА СӨХ-д олгож, нэхэмжлэлээс 464,512 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар ӨА СӨХ-ны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 42,580 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Лээс 34,842 /гучин дөрвөн мянга найман зуун дөчин хоёр/ төгрөгийг гаргуулж ӨА СӨХ-нд олгож шийдвэрлэсэн.

 

4. Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1 Шүүх хуралдаан 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 10 цагт товлогдсон боловч хариуцагчийн өмгөөлөгч нь Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр эхэлсэн Эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгчөөр оролцож шүүх хуралдаан 4 дэх өдрөө үргэлжилж байсан тул шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг шүүхийн албан ёсны и-майл хаяг руу 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 09 цаг 28 минутад хүргүүлсэн. Шүүх хүсэлтийг хүлээн авсан болох нь хэрэгт авагдсан баримт болох и-мэйл хаягийн баримтаар тогтоогдож байна. Иймд шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

5. Нэхэмжлэгч тал давж заалдах гомдолд хариу тайлбар гаргаагүй, давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцоогүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаад, гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч ӨА СӨХ нь хариуцагч Г.Лт холбогдуулан дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардалд 1,726,664 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг ...ӨА СӨХ-ны захирал Г. нь тус сууц өмчлөгчдийн холбоог төлөөлөх эрхгүй гэж эс зөвшөөрч маргажээ.

 

3. Сүхбаатар дүүргийн Засаг даргаас ӨА СӨХ-г Сүхбаатар дүүргийн СӨХ-ны бүртгэлд бүртгэж, 20/135 дугаартай гэрчилгээг 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр олгож, ӨА СӨХ-ны удирдах зөвлөлийн 2022 оны 0 дугаар сарын 29-ний өдрийн 06 дугаар тушаалаар ӨА СӨХ-ны гүйцэтгэх захирлаар Г.ыг 3 жилийн хугацаатай томилсон тушаал хүчинтэй байх тул тул тэрээр ӨА СӨХ-г төлөөлөн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй /хх 4, 22-27/ талаар анхан шатны шүүхийн дүгнэлт Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4.4-т заасантай нийцсэн байна.

 

4. Хариуцагч Г.Л нь 17 байрны 100000 тоотод оршин суудаг, өмчлөгч мөн эсэхэд талууд маргаагүй.

 

4.1 Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчөөс сууц өмчлөгчдийн холбоонд төлөх үүрэгтэй.

 

4.2 Сууц өмчлөгч Г.Л нь 2022 оны 05 сараас 2023 оны 04 сарыг дуустал хугацааны дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон зардал болох 1,262,152 төгрөгийг төлөөгүй болох нь хэрэгт авагдсан Воли 17-р байр 100000 тоот Г.Лийн өр, төлбөрийн тооцоо гэсэн баримтаар тогтоогдсон. /хх 6-7/ Хариуцагч үүнийг баримтаар үгүйсгээгүй, маргаагүй.

 

Иймд анхан шатны шүүх хариуцагч Г.Лээс 1,262,152 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ӨА СӨХ-нд олгож шийдвэрлэсэн нь дээрх хуулийн заалтад нийцжээ.

 

5. Хариуцагчийн өмгөөлөгч 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 09 цаг 28 минутад шүүх хуралдаан хойшлуулах тухай хүсэлт ирүүлсэн. Шүүгчийн 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 181/ШЗ2023/17347 дугаар захирамжаар хариуцагчийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй үндэслэлээр нэхэмжлэгчийн хүсэлтийг харгалзан хариуцагчийн эзгүйд шүүх хуралдааныг явуулсныг буруутгахгүй.

 

Учир нь, шүүх хуралдаан 10 цаг 13 минутад эхэлсэн байх бөгөөд хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтээ 09 цаг 28 минутад шүүхийн цахим хаягт илгээснийг боломжит хугацаанд шүүхэд хүргүүлсэн гэж үзэхгүй. Иймд хариуцагчийн өмгөөлөгчийн ...шүүх хүсэлтийг хүлээн авалгүйгээр хариуцагчийн өмгөөлөгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэх давж заалдах гомдлыг хангахгүй.

 

6. Анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсэгт Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.2.3-т заасан орон сууц өмчлөгчийн үүрэгтэй холбоотой зохицуулалтыг баримталсан нь хууль хэрэглээний хувьд оновчгүй болсон байх тул уг хэсгийг хассан өөрчлөлт оруулна.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 181/ШШ2023/03288 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын , 148 дугаар зүйлийн 148.2.3 гэснийг хасч, дахь гэснийг дэх гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 34,842 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР

 

ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД

 

М.БАЯСГАЛАН