Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 181/ШШ2023/03372

 

 

 

 

 

 

 

 

 

2023 10 20 181/ШШ2023/03372

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Оюунтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ВФ ХХК -ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: АЖТ ХХК -д холбогдох,

Худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 148,504,474 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Ариунтуул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ВФ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагадаа: Хариуцагч АЖТ ХХК нь манай байгууллагатай 2018 оноос хойш хамтран ажиллаж, энэ хугацаанд өөрийн Сансар сүлжээ дэлгүүрүүдэд бараа материал авч борлуулдаг байсан. 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн тооцооны үлдэгдлийн баталгаагаар 148,504,447 төгрөгийг төлөх үлдэгдэлтэй гарсан боловч уг төлбөрийг өнөөдрийг хүртэл төлж барагдуулаагүй. Манай байгууллагын зүгээс хариуцагчийг төлбөрөө төлөх талаар удаа дараа шаардаж, шаардлага тавьсан боловч удахгүй төлнө, өнөө маргаашгүй гэх зүйл ярьсаар өнөөдрийг хүртэл төлбөрөө төлөхгүй байгаа учир шүүхэд хандсан.

ВФ ХХК болон ВФД ХХК К нар нь бие даасан хуулийн этгээдүүд бөгөөд үйл ажиллагааны чиглэл нь өөр, өөр байдаг. Мөн ВФ ХХК нь АЖТ ХХК-тай харилцдаг. АЖИ ХХК нь ВФД ХХК К-тай харилцдаг. Харин ВФ ХХК нь АЖИ ХХК -тай харилцдаггүй тул тооцоо холилдсон гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй.

Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар 148,504,474 төгрөгийг хариуцагч АЖТ ХХК -иас гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч АЖТ ХХК нь шүүхэд гаргасан хариу тайлбар, татгалзалдаа: Алтай жолоо трейд ХХК болон АЖИ ХХК нь нэг эзэнтэй нэгдмэл ашиг сонирхол бүхий компаниуд бөгөөд эдгээр компаниудын санхүү Алтай жолоо групп дээр нэгтгэгдэж, группийн нэгдсэн удирдлага дор үйл ажиллагаагаа явуулдаг хоорондоо салшгүй холбоотой компаниуд юм.

Танай шүүхэд нэхэмжлэл гаргах, шүүхэд төлөөлөх итгэмжлэл олгосон ВФ ХХК -ийн гүйцэтгэх захирал Л.Н нь 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн 2020 оны 12 дугаар сарын 22-ны хооронд манай нэгдмэл ашиг сонирхол бүхий АЖИ ХХК -ийн Гүйцэтгэх захирал-аар ажиллаж байгаад ажлаас чөлөөлөгдөн, шууд үргэлжлүүлэн ВФ ХХК -ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа болно.

Л.Н нь АЖИ ХХК -ийн эд хөрөнгө захиран зарцуулах, гэрээ хэлцэл байгуулах, компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдах эрх мэдэл бүхий гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан атлаа 2018 оны сүүлээс эхлэн ВФ ХХК болон түүний нэгдмэл ашиг сонирхол бүхий компаниудын ажлыг давхар хийж, тэдний талд ажилладаг байсан талаар түүнийг ажлаас чөлөөлөгдсөний дараа бид сүүлд мэдсэн. Энэ нь түүний албаны цахим шуудангаас ВФ ХХК -ийн ажилтнуудтай харьцаж байсан и-мэйлүүд болон гэрчийн мэдүүлгээр нотлогддог.

Дээрхтэй холбогдуулан АЖ группийн санхүү бүртгэлийн газраас АЖИ ХХК -ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Л.Нтай холбоотой санхүүгийн тооцоо, өглөг, авлагад дотоод хяналт шалгалтыг хийж компанид их хэмжээний хохирол учруулсныг тогтоосон. Тодруулбал,

1.АЖИ ХХК -ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр ВФ ХХК -ийн нэгдмэл ашиг сонирхол бүхий ВФД ХХК К-тай БА/051 дугаартай Худалдааны хамтын ажиллагааны гэрээ-г буюу ашиг сонирхлын зөрчилтэй гэрээг байгуулж, энэхүү гэрээгээр халхавчилж, ВФД ХХК К-аас борлуулалтын төлбөрийг бүрэн төлөөгүй байхад 100% борлуулалт хийсэн мэтээр хөнгөлөлт, урамшуулал нэрээр удаа дараагийн үйлдлээр үндэслэлгүй их хэмжээний мөнгө олгосон,

2. Түүнчлэн эрх мэдлээ хэтрүүлэн, гэрээгээр халхавчилж гэрээнд огт тусгагдаагүй их хэмжээний барааг урамшуулал нэрээр ВФД ХХК К-д үнэгүй олгож компанид хохирол учруулсан,

3. ВФД ХХК К-ийн борлуулалтын гүйцэтгэл нь төлөвлөгөөнд хүрээгүй байхад төлөвлөгөөний дүнг гараар засварлаж, бодит байдлыг гуйвуулан, албан бичгийн хөнгөлөлт нэрийдлээр удаа дараа үндэслэлгүй төлбөр мөнгө олгосон,

4. Маркетингийн хөтөлбөр нэрийдлээр уг хөтөлбөрт заасан борлуулалтын үнийн дүнд хүрээгүй байхад ВФД ХХК К-ийн 14 ажилтныг Турк улсад аялах эрхийн бичгийн үнэ гэж ВФД ХХК К-ийн АЖИ ХХК -д төлөх төлбөрөөс хассан,

5. Компанийн өмчлөлийн бараа материал, мөнгөнөөс нийт 100 гаруй нэр төрлийн бараа, материал, мөнгийг хувьдаа авч ашигласан, Компанийн зардлаар 2019 онд ХБНГУ-д зохион байгуулагдсан Anuga үзэсгэлэнд оролцохдоо холбоо тогтоосон компаниудаас ирүүлсэн мэдээлэл, хамтран ажиллах хүсэлтийг манай компаниас нуун далдалж, ВФ ХХК -нд шууд дамжуулан илгээсэн зэргээр ВФ ХХК -тай үгсэн хуйвалдаж өөртөө болон уг компанид илт давуу байдал тогтоон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглаж, АЖИ ХХК -д нийт 135,190,040 төгрөгийн хохирол учруулсан нь тогтоогдсон.

Бид үүнийг мэдсэн даруйдаа 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Эрүүгийн цагдаагийн албаны эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газарт гомдол гаргасан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад прокуророос Эрүүгийн хуулийн 22 дугаар зүйлийн 22.12 Хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах заалтыг үндэслэн хэргийн харъяаллыг Авлигатай тэмцэх газарт шилжүүлсэн. Мөрдөн шалгах ажиллагааны явцад дараах 4 удаагийн аудит болон шинжээчийн дүгнэлтүүд гарч хохирлууд тогтоогдсон.

Дээр дурдсаны дагуу Л.Н нь ВФ ХХК , түүний нэгдмэл ашиг сонирхол бүхий ВФД ХХК К нь хоорондоо салшгүй холбоотой ба тэд үгсэн хуйвалдаж, АЖИ ХХК -д их хэмжээний хохирол учруулсан үйлдлийг буюу Л.Нт холбогдох эрүүгийн 210200183 тоот хэргийг Нийслэлийн прокурорын газрын хяналтад Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа юм. Одоогийн байдлаар мөрдөн шалгах ажиллагаа дуусаагүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-дэх заалтыг үндэслэн уг хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Нотлох баримт: нэхэмжлэгч талаас ВФ ХХК -ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Тооцооны үлдэгдэлийн баталгаа 2 ширхэг, Авлагын товчоо тайлан буюу төлбөрийн жагсаалт, Харилцагчийн авлагын дэлгэрэнгүй гүйлгээ дэлгүүр тус бүрээр 36 ширхэг, 2018.05.03-ны өдрийн 383 дугаар Худалдааны хамтын ажиллагааны гэрээ зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн, хариуцагч талаас АЖТ ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээг нотлох баримтаар гаргаж өгсөн, шүүхийн журмаар Авлигатай тэмцэх газрын 2023.06.07-ны өдрийн 03/10082 дугаар албан бичгийг бүрдүүлсэн байна.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ВФ ХХК нь хариуцагч АЖТ ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 148,504,474 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Нэхэмжлэгч ВФ ХХК нь худалдааны хамтын ажиллагааны гэрээний дагуу хариуцагч АЖТ ХХК-ийн сүлжээ дэлгүүрүүдэд шингэн хүнс /ундаа, ус/ нийлүүлсэн боловч үнийг төлөөгүй гэх үндэслэлээр нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, ВФ ХХК -ийн гүйцэтгэх захирал Л.Ныг АЖИ ХХК -ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр ВФ ХХК -ийн нэгдмэл ашиг сонирхол бүхий ВФД ХХК К-тай БА/051 дугаартай Худалдааны хамтын ажиллагааны гэрээ-г буюу ашиг сонирхлын зөрчилтэй гэрээг байгуулж, энэхүү гэрээгээр халхавчилж, ВФД ХХК К-аас борлуулалтын төлбөрийг бүрэн төлөөгүй байхад 100% борлуулалт хийсэн мэтээр хөнгөлөлт, урамшуулал нэрээр удаа дараагийн үйлдлээр үндэслэлгүй их хэмжээний мөнгө олгосон, албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглаж, АЖИ ХХК -д хохирол учруулсан гэх үндэслэлээр маргаж байна.

 

Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ. Учир нь:  

 

1. ВФ ХХК нь АЖТ ХХК-тай 2018.05.03-ны өдрийн 383 дугаар Худалдааны хамтын ажиллагааны гэрээ-г байгуулж, нийлүүлэгч ВФ ХХК нь хүнсний чанар, стандартын шаардлага хангасан биет байдлын болон эрхийн доголдолгүй, хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээнд нийцсэн бүтээгдэхүүнийг нийлүүлэх, борлуулагч АЖТ ХХК нь бараа бүтээгдэхүүнийг борлуулах, төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээжээ. /хавтас хэргийн 33-37 хуудас/

Уг гэрээний 12.1-д зааснаар гэрээг 1 жилийн хугацаатай байгуулсан байх бөгөөд 12.2-д гэрээ дуусахаас 7 хоногийн өмнө нөгөө талдаа сунгах эсэхээ бичгээр мэдэгдээгүй бол гэрээг 12.1-д заасан хугацаа дуусмагц дуусгавар болсонд тооцохоор заажээ.

 

Ийнхүү гэрээ дуусгавар болох нөхцлийг талууд гэрээнд заасан боловч ВФ ХХК -иас АЖТ ХХК-ийн сүлжээ дэлгүүрүүдэд шингэн хүнсийг нийлүүлж, АЖТ ХХК нь нийлүүлсэн бүтээгдэхүүнийг борлуулж, төлбөрийг төлж байсан болох нь зохигчийн тайлбар, Харилцагчийн авлагын дэлгэрэнгүй гүйлгээ баримтуудаар тогтоогдож байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.2-д зааснаар худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй байна.

 

2. Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг.

 

Нэхэмжлэгч ВФ ХХК нь 2021.03.03-наас 2021.12.21-ныг дуустал хугацаанд АЖТ ХХК-ийн сүлжээ дэлгүүрүүдэд шингэн хүнсийг нийлүүлж, талууд төлбөр тооцоог нийлж, АЖТ ХХК нь нийт 148,504,474 төгрөгийн төлбөрийг төлөөгүй болох нь талуудын Тооцооны үлдэгдэлийн баталгаа 2 ширхэг, Авлагын товчоо тайлан, Харилцагчийн авлагын дэлгэрэнгүй гүйлгээ зэрэг баримтуудаар тогтоогдож байна. /хавтаст хэргийн 7-12 хуудас/

 

Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1.Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж заасан.

Хариуцагч АЖТ ХХК нь Тооцооны үлдэгдэлийн баталгаа-гаар баталгаажуулсан шингэн хүнсний үнэ 148,504,474 төгрөгийн төлбөрийг төлсөн талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй.

 

3. Хариуцагч АЖТ ХХК-ийн Л.Н нь АЖИ ХХК -ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр ВФ ХХК -ийн нэгдмэл ашиг сонирхол бүхий ВФД ХХК К-тай БА/051 дугаартай Худалдааны хамтын ажиллагааны гэрээ-г буюу ашиг сонирхлын зөрчилтэй гэрээг байгуулж, энэхүү гэрээгээр халхавчилж, ВФД ХХК К-аас борлуулалтын төлбөрийг бүрэн төлөөгүй байхад 100% борлуулалт хийсэн мэтээр хөнгөлөлт, урамшуулал нэрээр удаа дараагийн үйлдлээр үндэслэлгүй их хэмжээний мөнгө олгосон, албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглаж, АЖИ ХХК -д хохирол учруулсан гэх тайлбар энэ маргаанд хамааралгүй байна. Тодруулбал,

 

3.1. Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар хуулийн этгээд нь өөрийн нэрээр эрх, үүрэг хүлээдэг, үйл ажиллагаанаасаа бий болох үр дагаварыг өөрийн эд хөрөнгөөрөө хариуцдаг.

ВФ ХХК болон ВФД ХХК К, АЖТ ХХК болон АЖИ ХХК нар нь бие даасан хуулийн этгээдүүд байх бөгөөд үйл ажиллагааны чиглэл нь өөр өөр гэдэгт зохигч маргаагүй.

Мөн ВФ ХХК нь АЖТ ХХК-тай худалдааны хамтын ажиллагааны гэрээ байгуулсан, АЖИ ХХК нь ВФД ХХК К-тай худалдааны хамтын ажиллагааны гэрээ байгуулсан гэх нэхэмжлэгчийн тайлбарыг хариуцагч үгүйсгээгүй.

Иймд иргэн Л.Нын АЖИ ХХК -ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа компанид хохирол учруулсан гэх байдал болон АЖИ ХХК -ийн ВФД ХХК К-тай байгуулсан гэрээний төлбөр тооцоо нь энэ хэрэгт хамааралгүй байна.

3.2. Хариуцагч АЖТ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь АЖТ ХХК болон АЖИ ХХК нарын төлбөр тооцоо холилдсон гэж тайлбарлаж байгаа боловч ямар байдлаар холилдсон нь ВФ ХХК -иас нийлүүлсэн шингэн хүнсний төлбөр тооцоонд хэрхэн хамааралтай болохыг нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй.

 

3.3. Авилгатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсээс иргэн Л.Ныг өөрийн хамаарал бүхий ВФД ХХК К-тай хамтран ажиллах гэрээ байгуулан, их хэмжээний хохирол учруулсан, мөнгө угаасан байж болзошгүй гэх хэрэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа гэх байдал нь нэхэмжлэгч ВФ ХХК -ийн АЖТ ХХК-иас нийлүүлсэн шингэн хүнсний төлбөрийг гаргуулах маргаанд хамааралгүй байна. /хавтаст хэргийн 29-32 хуудас/

Иймд хариуцагч АЖТ ХХК-ийн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэх тайлбар хууль зүйн үндэслэлгүй байна.

 

4. Хариуцагч АЖТ ХХК нь ВФ ХХК -ийн нийлүүлсэн шингэн хүнсний төлбөрийг төлөх үүргээ зохих ёсоор, шударгаар гүйцэтгээгүй, нийт 148,504,474 төгрөгийн төлбөрийг төлөөгүй болох нь баримтаар тогтоогдож байх тул ВФ ХХК -ийн нэхэмжлэлийг хангах хууль зүйн үндэслэлтэй байна.

 

5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэлд улсын тэмдэгтийн хураамж 900,473 төгрөг төлөх үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 900,473 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлага хангагдсан тул улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасан зохицуулалтад нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

  ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч АЖТ ХХК-аас 148,504,474 /нэг зуун дөчин найман сая таван зуун дөрвөн мянга дөрвөн зуун далан дөрвөн/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ВФ ХХК -д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ВФ ХХК -ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 900,473 төгрөгийг Улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч АЖТ ХХК-иас 900,473 /есөн зуун мянга дөрвөн зуун далан гурван/ төгрөгийг гаргуулж ВФ ХХК -д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ОЮУНТУЯА