Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2024/00074

 

 

 

2024 01 05 210/МА2024/00074

 

 В ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Д.Золзаяа, Д.Бямбасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 181/ШШ2023/03372 дугаар шийдвэртэй

В ХХК-ийн нэхэмжлэлтэй

А ХХК-д холбогдох

худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 148,504,474 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Бямбасүрэн илтгэснээр хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

 1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Хариуцагч А ХХК нь манай байгууллагатай 2018 оноос хойш хамтран ажиллаж, энэ хугацаанд өөрийн Сансар сүлжээ дэлгүүрүүдэд бараа материал авч борлуулдаг байсан.

1.1. 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн тооцооны үлдэгдлийн баталгаагаар 148,504,447 төгрөгийг төлөхөөр гарсан боловч уг төлбөрийг өнөөдрийг хүртэл төлж барагдуулаагүй. Манай байгууллага нь хариуцагчийг төлбөрөө төлөхийг удаа дараа шаардаж, шаардлага тавьсан боловч өнөөдрийг хүртэл төлбөрөө төлөхгүй байна.

1.2. В ХХК болон В ХХК нар нь бие даасан хуулийн этгээдүүд бөгөөд үйл ажиллагааны чиглэл нь өөр, өөр байдаг. Мөн В ХХК нь А ХХК-тай харилцдаг. Алтанжолоо импекс ХХК нь В ХХК-тай харилцдаг. Харин В ХХК нь А ХХК-тай харилцдаггүй тул тооцоо холилдсон гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй.

Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар 148,504,474 төгрөгийг хариуцагч А ХХК-иас гаргуулж өгнө үү гэв.

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:А ХХК болон АИ ХХК нь нэг эзэнтэй нэгдмэл ашиг сонирхол бүхий компаниуд бөгөөд эдгээр компаниудын санхүү А групп-д нэгтгэгдэж, группийн нэгдсэн удирдлага дор үйл ажиллагаагаа явуулдаг хоорондоо салшгүй холбоотой компаниуд юм.

Танай шүүхэд нэхэмжлэл гаргах, шүүхэд төлөөлөх итгэмжлэл олгосон В ХХК-ийн гүйцэтгэх захирал Л.Нв нь 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн 2020 оны 12 дугаар сарын 22-ны хооронд манай нэгдмэл ашиг сонирхол бүхий АИ ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаад ажлаас чөлөөлөгдсөн, үргэлжлүүлэн В ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа. Л.Н нь АИ ХХК-ийн эд хөрөнгө захиран зарцуулах, гэрээ хэлцэл байгуулах, компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдах эрх мэдэл бүхий гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан атлаа 2018 оны сүүлээс эхлэн В ХХК болон түүний нэгдмэл ашиг сонирхол бүхий компаниудын ажлыг давхар хийж, тэдний талд ажилладаг байсан талаар түүнийг ажлаас чөлөөлөгдсөний дараа бид сүүлд мэдсэн. Энэ нь түүний албаны цахим шуудангаас В ХХК-ийн ажилтнуудтай харьцаж байсан и-мэйлүүд болон гэрчийн мэдүүлгээр нотлогддог. Дээрхтэй холбогдуулан А групп ХХК-ийн санхүү бүртгэлийн газраас АИ ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Л.Н-тай холбоотой санхүүгийн тооцоо, өглөг, авлагад дотоод хяналт шалгалт хийж компанид их хэмжээний хохирол учруулсныг тогтоосон. Тодруулбал,

-АИ ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр В ХХК-ийн нэгдмэл ашиг сонирхол бүхий В ХХК-тай БА/051 дугаартай Худалдааны хамтын ажиллагааны гэрээ-г буюу ашиг сонирхлын зөрчилтэй гэрээг байгуулж, энэхүү гэрээгээр халхавчилж, В ХХК-аас борлуулалтын төлбөрийг бүрэн төлөөгүй байхад 100% борлуулалт хийсэн мэтээр хөнгөлөлт, урамшуулал нэрээр удаа дараагийн үйлдлээр үндэслэлгүй их хэмжээний мөнгө олгосон,

-Түүнчлэн эрх мэдлээ хэтрүүлэн, гэрээгээр халхавчилж гэрээнд огт тусгагдаагүй их хэмжээний барааг урамшуулал нэрээр В дистрибюшн ХХК-д үнэгүй олгож компанид хохирол учруулсан,

-В ХХК-ийн борлуулалтын гүйцэтгэл нь төлөвлөгөөнд хүрээгүй байхад төлөвлөгөөний дүнг гараар засварлаж, бодит байдлыг гуйвуулан, албан бичгийн хөнгөлөлт нэрийдлээр удаа дараа үндэслэлгүй төлбөр мөнгө олгосон,

-Маркетингийн хөтөлбөр нэрийдлээр уг хөтөлбөрт заасан борлуулалтын үнийн дүнд хүрээгүй байхад В ХХК-ийн 14 ажилтныг Турк улсад аялах эрхийн бичгийн үнэ гэж В ХХК-ийн АИ ХХК-д төлөх төлбөрөөс хассан,

-Компанийн өмчлөлийн нийт 100 гаруй нэр төрлийн бараа, материал, мөнгийг хувьдаа авч ашигласан, Компанийн зардлаар 2019 онд ХБНГУ-д зохион байгуулагдсан Anuga үзэсгэлэнд оролцохдоо холбоо тогтоосон компаниудаас ирүүлсэн мэдээлэл, хамтран ажиллах хүсэлтийг манай компаниас нуун далдалж, В ХХК-д шууд дамжуулан илгээсэн зэргээр В ХХК-тай үгсэн хуйвалдаж өөртөө болон уг компанид илт давуу байдал тогтоон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглаж, Алтанжолоо импекс ХХК-д нийт 135,190,040 төгрөгийн хохирол учруулсан нь тогтоогдсон. Бид үүнийг мэдсэн даруйдаа 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Эрүүгийн цагдаагийн албаны эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газарт гомдол гаргасан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад прокуророос Эрүүгийн хуулийн 22 дугаар зүйлийн 22.12 Хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах заалтыг үндэслэн хэргийн харьяаллыг Авлигатай тэмцэх газарт шилжүүлсэн. Мөрдөн шалгах ажиллагааны явцад дараах 4 удаагийн аудит болон шинжээчийн дүгнэлтүүд гарч хохирлууд тогтоогдсон.

Дээр дурдсаны дагуу Л.Н нь В ХХК, түүний нэгдмэл ашиг сонирхол бүхий В ХХК нь хоорондоо салшгүй холбоотой ба тэд үгсэн хуйвалдаж, АИ ХХК-д их хэмжээний хохирол учруулсан үйлдлийг буюу Л.Н-т холбогдох эрүүгийн 210200183 тоот хэргийг Нийслэлийн прокурорын газрын хяналтад Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа юм. Одоогийн байдлаар мөрдөн шалгах ажиллагаа дуусаагүй байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасныг үндэслэн уг хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч А ХХК-аас 148,504,474 /нэг зуун дөчин найман сая таван зуун дөрвөн мянга дөрвөн зуун далан дөрвөн/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч В ХХК-д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч В ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 900,473 төгрөгийг Улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч А ХХК-иас 900,473 /есөн зуун мянга дөрвөн зуун далан гурван/ төгрөгийг гаргуулж В ХХК-д олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

4.1. Хариуцагч А ХХК-аас 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн шүүх хуралдаанд шүүгчийн татгалзлын шатанд шүүгчээс татгалзах тухай үндэслэл бүхий хүсэлтийг гаргасан. Хариуцагч нь шүүгчээс татгалзан гаргах тухай хүсэлтийн үндэслэлээ хэрэгт ач холбогдол бүхий баримт гаргуулах хүсэлтийг хангахаас татгалзахдаа урьдчилаад хэргийг шийдвэрлэсэн байсан хуульд зааснаар хүсэлт гаргасан мөн өмгөөлөгч авах эрхээр хангасан боловч дараагийн хуралд өмгөөлөгч хэргийн материалтай танилцах хүсэлт гаргавал авахгүй, танайх мөнгөө төл, тодорхой зүйл дээр хурал хойшлууллаа гэж загнасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа эхэлсэн хугацаанаас эхлэн шүүгчийн дарамт шахалтад үг хэлэх, хүсэлт гаргах эрхээ хязгаарлуулсан тул хариуцагч талд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1.3-т зааснаар татгалзан гаргах хүсэлт гаргасныг өөрөө шийдвэрлээд цааш шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн.

Шүүгч хүсэлт шийдвэрлэхдээ Улсын дээд шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 05 дугаар тогтоолын ...хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан хүсэлтийг шийдвэрлэсэнтэй холбогдуулан татгалзсан нь хуульд заагаагүй үндэслэлд хамаарна гэж тодорхой тайлбарласныг буруу ойлгож хэрэглэсэнд гомдолтой байна. Шүүгч нь манай тайлбарыг сонсох хүсэлгүй, урьдчилан маргааныг шийдвэрлэсэн, хэргийн оролцогчийн эрхийг эдлүүлэхгүй гэх дарамт шахалтаас шалтгаалан шүүгчийг шударгаар шийдвэрлэх эсэхэд үндэслэл бүхий эргэлзээ төрж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1.3-т заасныг үндэслэн шударга бус шүүгчээс татгалзсан болно. Гэтэл шүүгч уг хүсэлтийг буруу шийдвэрлэж, татгалзлыг өөрөө шийдвэрлэж тэмдэглэлд тусгах хэлбэрээр захирамж гаргахгүй хэргийг шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй. Шүүгчийг татгалзан гаргах хүсэлтийн агуулгыг ойлгоогүй, өөрийн үзэмжээр буруу тайлбарлан хэрэглэвэл шүүхэд шүүгчээс татгалзах хэргийн оролцогчийн эрх хэрэгжих боломжгүй нөхцөл үүснэ.

4.2. Нотлох баримт гаргуулах хүсэлтийг хангаагүй бөгөөд шүүхийн шийдвэрт нотлох баримт гаргаагүй гэж дурдаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3-т зааснаар нотлох баримт гаргуулах эрхийг эдлүүлээгүй мөртлөө нотлох баримт гаргаагүй гэж гарч байгаа шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй. Давж заалдах гомдол процессын алдаа болон маргааны үйл баримтын хүрээнд шүүгчийн зан харилцаа, дарамтнаас шалтгаалан нотлох баримтаа бүрдүүлж чадаагүй, хэргийн үйл баримтыг бүрэн тогтоогоогүй тул материаллаг эрх зүйн гомдол гаргаагүй болно.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

Хариуцагчаас шүүх хуралдаанд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1.3-т заасны дагуу татгалзсан гэж тайлбарлаж байна. Гэтэл хүсэлт шийдвэрлэхээс өмнө шүүгч татгалзал асуухад байхгүй гэж хариулсан, хүсэлтийг шийдвэрлэсний дараа татгалзал байна, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1.3-т заасны дагуу шударгаар шийдвэрлэх боломжгүй гэж үзэж байна гэж хүсэлт гаргасан.

Дарааллын хувьд өөрсдөө алдаатай хүсэлт гаргасан. Хүсэлтийг шүүх хүлээж аваагүй нь үндэслэлтэй гэж үзэж байна. Тухайн шүүх хуралдаан 3 удаа хариуцагчийн хүсэлтийг хангаж хойшилж байсан. 4 дэх удаагийн шүүх хуралдаан орж хэргийг хянан шийдвэрлэсэн. Шүүх ямар нэгэн процессын алдаа гаргаагүй гэж үзэж байна, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ХЯНАВАЛ:

 1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасан үндэслэл тогтоогдсон тул шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

 2. Нэхэмжлэгч В ХХК нь хариуцагч А ХХК-д холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 148,504,474 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.4-т зааснаар хэргийн оролцогч нь хуульд заасан үндэслэлээр шүүгчийг татгалзан гаргах эрхтэй.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүгчийг татгалзан гаргах хүсэлт гаргасныг шүүгч хүсэлт шийдвэрлэхтэй холбогдуулан хүсэлт хангаагүй гэх үндэслэлээр шүүгчийг татгалзах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2 дахь хэсэгт заасан шүүгчийг татгалзаж үл болно гэсэн заалтад нийцнэ гэж тайлбарласан байна. Иймд хариуцагч талаас гаргасан шүүгчийг татгалзан гаргах тухай хүсэлт үндэслэлгүй байна гэж тайлбарлан шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулж, хэргийг хянан шийдвэрлэжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасны дагуу хэрэг хэлэлцэж эхэлснээс хойш хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан хүсэлтийг шийдвэрлэсэнтэй холбогдуулан татгалзан гаргасан хүсэлтийг гаргаагүйд тооцож хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүгч үзвэл энэ талаар тэмдэглэлд тусгаж шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулж болно. Харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хэрэг хэлэлцэж эхлээгүй байхад буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 103 дугаар зүйлийн 103.1 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаан даргалагч шүүх бүрэлдэхүүнийг зарлан шүүх хуралдааны нарийн бичгийн даргыг танилцуулж, тэдгээрийг татгалзан гаргах эрхтэйг зохигчийн төлөөлөгчид тайлбарлан өгөхөд татгалзан гаргах хүсэлт гаргасан байна. Энэ тохиолдолд шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 103 дугаар зүйлийн 103.2 дахь хэсэгт зааснаар татгалзан гаргах хүсэлтийг энэ хуулийн 92 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэхээр, 92 дугаар зүйлийн 92.8 дахь хэсэгт ерөнхий шүүгч дангаар хэрэг хянан шийдвэрлэх явцад түүнийг татгалзсан бол шүүгчдийн зөвлөгөөн олонхийн саналаар шийдвэрлэн тогтоол гаргахаар тус тус заажээ.

Иймд тухайн шүүхийн ерөнхий шүүгчийг татгалзсан хэргийн оролцогчийн хүсэлтийг өөрөө шийдвэрлэсэн нь буруу байх тул энэ талаар гаргасан хариуцагч талын давж заалдах гомдлыг хангах үндэслэлтэй.

4. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцааж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 181/ШШ2023/03372 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 900,473 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

  

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА

 Д.БЯМБАСҮРЭН