Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 181/ШШ2023/02796

 

2023 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 181/ШШ2023/02796

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Амармэнд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: “В” ХХК -ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: “Х Д” ХХК,

 

Хариуцагч: “Л” ХХК -д холбогдох,

 

Даатгалын гэрээний үүрэгт 66,391,465 төгрөгийг “Х Д” ХХК-иас гаргуулах,

Дутсан ачаанд ногдох тээврийн зардалд илүү төлсөн 3,162,665.67 төгрөгийг “Л” ХХК-иас гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Балжинням, хариуцагч “Х Д” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, гэрч Л.О, Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Б нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ”В” ХХКнь “Л” ХХК-тай 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс №2020/580 тоот Тээвэр зуучлалын үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулсан. Талуудын хооронд байгуулсан гэрээний 2.1.13-т Зуучлагч нь Гадаад ачаа тээврийн даатгалын гэрээний ерөнхий нөхцөлд заагдсаны дагуу үйлчлүүлэгчийн ачааг даатгана гэж заасан. Энэхүү гэрээний заалтын дагуу “Л” ХХК нь “Х Д” ХХК-тай Гадаад тээврийн ачаа барааны даатгалын гэрээг байгуулж, даатгалын гэрээний нөхцөлийг манай байгууллагад танилцуулж, бидний зүгээс даатгалын нөхцөлийг хүлээн зөвшөөрч хамтран ажилласан. 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Жи Ти Ай Казакстан ХХН-ээс нийлүүлсэн 3 нэр төрөл бүхий тамхитай контейнерийг Туушин ХХК-ийн гаалийн хяналтын талбайд гаалийн улсын байцаагч, талуудын төлөөллийг байлцуулан шалгахад бичиг баримтын дагуу 770 хайрцаг тамхи ирэх ёстойгоос 650 хайрцаг тамхи ирж 120 хайрцаг тамхи дутсан бөгөөд энэ талаар талууд акт үйлдэн гарын үсэг зурж, фото зураг болон видео бичлэгээр баталгаажуулсан. Уг асуудлаар Худалдаа аж үйлдвэрийн танхимын экспертийн дүгнэлт гарч, 120 хайрцаг тамхи тээвэрлэлтийн явцад алга болсон гэж тодорхойлсон. “В” ХХК-ийн зүгээс Тээвэр зуучлалын үйлчилгээ үзүүлэх гэрээ-ний 2.2.8, 3.5, 5.2-д заасан үүргээ биелүүлэн ачаа бараа хүлээн авахдаа барааны дутагдлын талаар тогтоож, холбогдох байгууллагуудад нь мэдэгдэж акт, фото зураг, видео бичлэгээр баталгаажуулан ажилласан. Мөн гэрээний 5.4-д заасны дагуу хохирол барагдуулах хүсэлтээ холбогдох баримтуудын хамт 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр “Л” ХХК-иар дамжуулан “Х Д” ХХК-д хүргүүлсэн. “Х Д” ХХК-ийн зүгээс нөхөн төлбөр гаргуулах материалыг хүлээн авснаас хойш бараг 4 сарын хугацаа өнгөрсний дараа буюу 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Нөхөн төлбөр олгохоос татгалзах тухай шийдвэр гаргасныг “Л” ХХК-ийн 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 0395/22 тоот албан бичгээр манай байгууллагад ирүүлсэн. “Х Д” ХХК нь ... ачаа бараа нь Монгол улс руу тээвэрлэгдэн ирэх замдаа гаалийн шалгалтад ороогүй, сэлгэн ачилт хийгдээгүйн зэрэгцээ чингэлгийн лац хөндөгдөөгүй ирсэн. Энэ нь даатгалын тохиолдол болсон гэж үзэж үндэслэлгүй, 120 хайрцаг алга болсныг нотлох боломжгүй гэсэн үндэслэлээр нөхөн төлбөр олгохоос татгалзсан байна. Манай компанийн зүгээс уг шийдвэрийг эс зөвшөөрч Санхүүгийн зохицуулах хороонд гомдол гаргасан бөгөөд Хорооноос ... даатгалын маргааныг урьдчилан шийдвэрлэх боломжгүй тул нөхөн төлбөрийн маргааныг Иргэний журмаар шүүхэд хандан шийдвэрлүүлэхийг зөвлөсөн албан хариу ирүүлсэн. “Л” ХХК болон “Х Д” ХХК-ийн хооронд байгуулагдсан Гадаад ачаа тээврийн даатгалын гэрээ-ний дагуу даатгалын эрсдэлийн нэг болох хулгайн эрсдэл-д тухайн бараа хэсэгчлэн болон бүхлээрээ алдагдахыг хамааруулсан байна. Хулгай гэдэг нь нууц, далдуур мэдэгдэлгүйгээр авах гэсэн утгыг агуулдаг бөгөөд энэ тохиолдолд тээвэрлэгчид бараа шилжсэнээс хойш буюу тээвэрлэлтийн явцад 120 хайрцаг тамхи алга болсон. Тээвэрлэлтийн явцад бараа дутсан буюу тамхи алга болсон нь 2021.11.24-ний өдөр Глобал линк логистик болон Казакстан компанийн хооронд хийгдсэн бараа хүлээн авсан-хүлээлгэн өгсөн актаар тогтоогдсон. Энэ тохиолдолд даатгагч даатгалын тохиолдол болсон гэж үзэн нөхөн төлбөрийг хууль буюу гэрээнд заасан хэмжээнд олгох ёстой. “Х Д” ХХК нь Даатгалын тухай хуулийн 8.5.3-д даатгалын гэрээнд зааснаас бусад шалтгаанаар хохирол учирсан гэж үзэн нөхөн төлбөр олгохоос татгалзсан. “Х Д” ХХК-ийн нийтэд санал болгосон гадаад ачаа тээврийн даатгалд даатгуулсан ачаа бараа нь тээвэрлэлтийн явцад алга болж, манай компанид бодит хохирол учирсан тул даатгуулагчид мөнгөн төлбөр төлөх нөхцөл үүссэн. Энэ тохиолдолд даатгагч байгууллага нь Даатгалын тухай хуулийн 8.5.3-т заасныг өөрт ашигтай байдлаар тайлбарлаж, даатгалын гэрээнд зааснаас бусад шалтгаанаар хохирол учирсан гэж үзэх үндэслэлгүй. Иймд, Даатгалын гэрээний хугацаанд даатгалын тохиолдол бий болж, даатгуулсан эд хөрөнгөд хохирол учирсан байх тул Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-д заасны дагуу даатгалын нөхөн төлбөрт хариуцагч "“Х Д” ХХК-иас 66,391,465 төгрөгийг гаргуулж өгнө үү.

1.1. Мөн “В” ХХКболон “Л” ХХК-ийн хооронд 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр байгуулсан Тээвэр зуучлалын үйлчилгээ үзүүлэх гэрээ-ний 4.1-т Үйлчлүүлэгч нь урьдчилан бичгээр харилцан тохиролцсон хөлс болон тухайн тээвэр зохион байгуулахад гарсан аливаа нэмэлт зардлыг ачаа эцсийн хүрэх өртөө, боомтод ирснээс хойш 3 хоногт багтаан тэдгээрийн нэхэмжлэхийн үндэслэн төлнө гэж заасан. Манай компанийн зүгээс 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Жи Ти Ай Казакстан ХХН-ээс нийлүүлсэн 3 нэр төрөл бүхий 770 хайрцаг тамхины тээвэрлэлтийн хөлсийг бүрэн төлсөн. Манай компанид ачаа бараа дутсан, алга болсон бодит хохирол учирснаас гадна огт хүлээн аваагүй 120 хайрцаг ачаанд тээвэрлэлтийн зардал төлсөн хохирол нэмж учраад байна. Иймд 120 хайрцаг дутсан ачаанд ногдох тээвриш зардал буюу 3,162,665.67 төгрөгийг хариуцагч “Л” ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

2.1. Хариуцагч “Х Д” ХХК нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Х Д” ХХК болон Даатгуулагч “Л” ХХК нар нь харилцан тохиролцсоны үндсэн дээр 2021 оны 11 сарын 01-ний өдөр Г21346237 тоот Гадаад ачаа тээврийн даатгалын гэрээ-г 1 жилийн хугацаатай байгуулсан. Даатгуулагч “Л” ХХК нь “В” ХХК-тай 2021 оны 01 сарын 15-ны өдрийн 12020/580 дугаартай Тээвэр зуучлалын үйлчилгээ үзүүлэх гэрээгээр хамтран ажиллаж, “В” ХХК-ийн захиалгаар Казахстан улсаас 2021 оны 11 сарын 24-ний өдөр ТКЖГ446288-7/943999201 дугаартай чингэлэг бүхий ачааг төмөр замаар тээвэрлэн 2021 оны 12 сарын 16-ны өдөр захиалагч талд хүлээлгэн өгөхөд нийт захиалгын 770 хайрцаг тамхи ирэх ёстойгоос 120 хайрцаг тамхи дутаж /алга болсон/ нийт 23,000 ам.доллар буюу 66,194,000 төгрөгийн хохирол учирсан гэх нөхөн төлбөрийн нэхэмжлэл хүссэн материалыг манай холбогдох алба нэгж хүлээн авч хянаж үзсэн. Материалд цугласан нийт баримтуудыг судалж үзэхэд тус ТКЖГ446288-7/943999201 дугаартай чингэлэг бүхий ачаа барааг илгээгч тал бүрэн ачуулж, тээвэрлэгч тал бүрэн хүлээн авч тээвэрлэсэн гэх актыг ирүүлсэн боловч эцсийн цэг буюу 2021 оны 12 сарын 16-ны өдөр захиалагч талд ирэхдээ дутаж ирсэн байдаг. Үүнтэй холбогдуулан бараа ачих үеийн бичлэг, зураг зэргээс шалган үзэхэд хяналтын дүрс бичлэгт тухайн тээврийн хэрэгслийн улсын дугаар харагдахгүй, зөвхөн нэг талын хаалганы лац хийгдэж байгаа нь харагддаг ч нөгөө талын хаалганы лацыг хэдийд хийсэн болох нь тодорхойгүй байдаг. Мөн ачааг 2021 оны 11 сарын 24-ний өдөр Казахстан улсын Алма-Ата боомтод байх чингэлэг рүү илгээгчийн агуулахаас ачилт хийгдсэн гэдэг боловч чингэлэгтэй ачаа 2021 оны 12 сарын 01-ний өдөр буюу 7 хоногийн дараа Монгол улс руу тээвэрлэх замд гарсан. Тус 7 хоногийн хугацаанд 770 хайрцаг ачаа бараанд ямар эрсдэл үүссэнийг тогтоох боломжгүй. Анх ачилт хийх үеийн дүрс зургийг хүлээн авах үеийн дүрс зурагтай харьцуулан харахад хайрцагнуудын эхний эгнээний байрлал өөрчлөгдөж солигдсон зэрэг нь хайрцаг дээрх барааны тэмдэг, түгжээний ором зэргээс харагддаг боловч 2021 оны 12 сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 сарын 14-ний өдрийг хүртэл Монгол улс руу тээвэрлэгдэн ирэх замын турш ачаа барааны лац хөндөгдөөгүй, гаалийн шалгалтад ороогүй, сэлгэн ачилт хийгдээгүй нь хэрэгт авагдсан баримтуудаар тус тус тогтоогддог. Г21346237 тоот Гадаад ачаа тээврийн даатгалын гэрээний 8.1.5 болон 8.1.6-д зааснаар Даатгалын тохиолдол бий болсны улмаас учирсан хохирлын шалтгаан нөхцөл, хэмжээг үнэн зөв тогтоохын тулд хууль хяналтын байгууллага, цагдаа, галын байгууллага, эмнэлэг, хөндлөнгийн байгууллага зэрэг мэргэжлийн холбогдох байгууллагаар шалгуулж акт, дүгнэлт тогтоолгох үүргийг даатгуулагч хүлээсэн байдаг боловч дээрх тохиолдолд даатгуулагч болон “В” ХХКнар нь хохирлын шалтгааныг мэргэжлийн байгууллагаар тогтоолгоогүй байх тул ямар шалтгаант нөхцөлийн улмаас хулгайн эрсдэл гарсан нь тодорхойгүй, хулгайн гэмт хэрэг үйлдэгдсэн эсэх нь нотлогдохгүй байх тул манай даатгалаас дараах хууль тогтоомж, гэрээний холбогдох зүйл, заалтыг үндэслэн нөхөн төлбөр олгохоос татгалзсан болно. Үүнд: а/ Г21346237 тоот даатгалын гэрээний нөхөн төлбөр олгохоос татгалзах нөхцөлийн 9.13.3 дахь заалт Даатгалын тохиолдол болсныг нотлох боломжгүй; б/ Мөн гэрээний 14.3.12.7.8 дах заалт Илгээгчээс ачааг дутуу илгээсэн, ачааны сав баглаа боодол ... анхны илгээгчээс гарсан байдлаас өөрчлөгдсөн тохиолдолд ачаанд учирсан хохирол, түүний үр дагавар; в/ Даатгалын тухай хуулийн 8.5.3 дахь Даатгалын гэрээнд зааснаас бусад шалтгаанаар хохирол гарсан гэх заалтыг үндэслэн нөхөн төлбөр олгохоос татгалзаж шийдвэрлэсэн тухайгаа даатгуулагч болон Санхүүгийн Зохицуулах хороонд тайлбарын хамтаар хүргүүлсэн болно. Иймд дээрх хулгайн эрсдэл нотлогдохгүй байгаа нь даатгалын тохиолдол болсон гэж үзэх үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

2.2. Хариуцагч “Л” ХХК шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “В” ХХКнь 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Казакстан улсын Алматы боомтоос ачааг тээвэрлүүлэхээр захиалга өгсөн ба манай компаниас Алматы-Иркутск-Наушки -Улаанбаатар замналаар тээвэрлэгдэх 6770 ам.долларын үнийн саналыг гарган өгсөн. “В” ХХК-ийг үнийн саналыг баталгаажуулсны дараа тээвэрлэлтийн үйл ажиллагааг зохион байгуулан 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Джей Ти Ай Казакстан илгээгчтэй ТКЯ11446288-7 дугаар бүхий ачаа Туушин ХХК-ийн гаалийн хяналтын талбайд ирсэн. 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр ачааны олголтыг хийх үед бичиг баримтын дагуу 770 хайрцаг тамхи ачигдсан гэх боловч ачааг хүлээн авах үед “В” ХХКболон “Л” ХХК-аас төлөөлөл байлцан гаалийн улсын байцаагчийн хамт шалгахад бодит байдал дээр 650 хайрцаг тамхи хүлээн авсан ба үүний дагуу МҮХАҮТ-ийн шинжээчийг байлцуулан ачааг тоолон 120 хайрцаг тамхи бичиг баримт дээр бичигдсэн тооноос дутсан талаар мэргэжлийн байгууллагын дүгнэлт гаргуулсан. “В” ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Хохирол барагдуулах хүсэлт гаргах тухай №21/705 албан бичгийн дагуу “Х Д” ХХК-д 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр №1715/21 албан бичгээр хохирол барагдуулах хүсэлт гаргасан боловч 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдөр “Х Д” ХХК-иас нөхөн төлбөр олгохоос татгалзсан хариуг №06-325 албан бичгээр мэдэгдсэн. 2022 оны 06-р сарын 02-ны өдөр “В” ХХК-аас тус шүүхэд хандсан дутсан гэх 120 хайрцаг ачаанд оногдох тээврийн зардал болох нэхэмжилсэн 3,162,665.67 төгрөгийг “Л” ХХК нь барагдуулах тухайгаа 2022 оны 06-р сарын 28-ны өдрийн №0816/22 албан бичгээр “В” ХХК-д мэдэгдсэний дагуу “В” ХХК-д 3,162,665.67 төгрөгийг шилжүүлсэн болно гэжээ.

3. Зохигчид дараах баримтуудыг гарган хавтаст хэрэгт өгсөн байна:

Нэхэмжлэгчээс:

-   Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт,

-   Итгэмжлэл,

-   Хуулийн этгээдийн гэрчилгээний хуулбар,

-   №682 Нэхэмжлэх, орчуулгын хамт,

-   №10 Сав баглаа боодлын жагсаалт,

-   Дутсан ачааны инвойс дүнгийн тооцоолол,

-   Дутсан ачаанд ногдох тээврийн зардлын тооцоолол,

-   Фото зураг,

-   №2020/580 Тээвэр зуучлалын үйлчилгээ үзүүлэх гэрээ,

-   №КZ MN I 102 08428 Гарал үүслийн бичиг,

-   №5568 Тээврийн зардал гарсан тухай мэдэгдэл,

-   Ачаа хүлээлцэх баримт,

-   №01/2021 Бараа хүлээн авсан тухай акт,

-   №2067 Бараа хүлээн авсан-хүлээлгэн өгсөн акт,

-   2021-2022 оны ”Л” ХХК-ийн даатгалын нөхцөл,

-   ”Х Д” ХХК-ийн даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзсан №06-325 мэдэгдэл,

-   ”Х Д” ХХК-ийн №0395/22 “В” ХХК-д хүргүүлсэн тайлбар,

-   ”В” ХХК-ийн Санхүүгийн зохицуулах хороонд гаргасан №22/196 гомдол,

-   Санхүүгийн зохицуулах хорооны “В” ХХК-д хүргүүлсэн №9/2272 хариу,

-   Ачилтын үеийн бичлэг бүхий СD 2 ширхэг,

Хариуцагч ”Х Д” ХХК-иас:

-   Хуулийн этгээдийн гэрчилгээний хуулбар,

-   №Г21346237 Гадаад ачаа тээврийн даатгалын гэрээ,

-   2022 оны 01 сарын 25-ны өдөр Улаанбаатар хот дахь Гаалийн газрын харьяа туушин дахь гаалийн хэсэг хүргүүлсэн №06-092 албан тоот,

 

Хариуцагч ”Л” ХХК-иас:

-   ”В” ХХК-д хүргүүлсэн тээврийн үнийн санал,

-   2022 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн “В” ХХК-иас “Л” ХХК-д хүргүүлсэн 3,162,665.07 төгрөгийн нэхэмжлэх,

-   ”Л” ХХК-ийн “В” ХХК-д 3,162,665.07 төгрөг төлсөн банкны дансны хуулга зэргийг ирүүлжээ.

 

Шүүгчийн захирамжаар:

-   Гаалийн ерөнхий газраас №02-2131006-22-I00563R мэдүүлгийн дугаартай гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг,

-   Гаалийн ерөнхий газраас №02-2131006-22-I00810R мэдүүлгийн дугаартай гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг,

-   Гаалийн ерөнхий газраас №02-2201012-21-I00028R мэдүүлгийн дугаартай гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг,

-  Гаалийн ерөнхий газраас №02-2131006-22-I01201R мэдүүлгийн дугаартай гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг баримт зэргийг хавсаргасан байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

4. Нэхэмжлэлийн шаардлагаас “Х Д” ХХК-д холбогдох хэсгийг бүхэлд нь хангаж, “Л” ХХК-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

5. “В” ХХКнь “Л” ХХК-тай Тээвэр зуучлалын үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулсан, мөн Гадаад тээврийн ачаа барааны даатгалын гэрээ-ний дагуу “Х Д” ХХК-д өөрийн тээврийн үйлчилгээнд хамаарах ачаа, барааг даатгуулсан бөгөөд гадаад түнш болох Жи Ти Ай Казакстан ХХК-иас нийлүүлсэн тамхийг 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Туушин ХХК-ийн гаалийн хяналтын талбайд буулгаж, ачааг задлахад захиалгын дагуу 770 хайрцаг тамхи ирэх ёстойгоос 650 хайрцаг тамхи ирсэн, 120 хайрцаг тамхи дутсаныг баримтжуулан баталгаажуулсан. Худалдаа аж үйлдвэрийн танхимын экспертийн дүгнэлтээр 120 хайрцаг тамхи тээвэрлэлтийн явцад алга болсныг тодорхойлсон. Нэхэмжлэгчийн зүгээс даатгалын тохиолдол үүссэнтэй холбоотойгоор хохирол барагдуулах хүсэлтээ тээвэрлэгч “Л” ХХК-иар дамжуулан “Х Д” ХХК-д хүргүүлсэн боловч нөхөн төлбөр олгохоос татгалзаж шийдвэрлэсэн. Улмаар уг шийдвэрийг эс зөвшөөрч Санхүүгийн зохицуулах хороонд гомдол гаргахад шүүхэд хандан шийдвэрлүүлэхийг зөвлөсөн. Даатгалын гэрээний хугацаанд даатгалын тохиолдол бий болж, даатгуулсан эд хөрөнгөд хохирол учирсан тул даатгалын нөхөн төлбөрт хариуцагч "“Х Д” ХХК-иас 66,391,465 төгрөгийг гаргуулна гэж маргажээ.

5.1. Түүнчлэн “В” ХХКболон “Л” ХХК-ийн хооронд байгуулсан Тээвэр зуучлалын үйлчилгээ үзүүлэх гэрээ-нд үйлчлүүлэгч нь урьдчилан бичгээр харилцан тохиролцсон хөлс болон тухайн тээвэр зохион байгуулахад гарсан аливаа нэмэлт зардлыг ачаа эцсийн хүрэх өртөө, боомтод ирснээс хойш 3 хоногт багтаан тэдгээрийн нэхэмжлэхийн үндэслэн тээвэрлэгдсэн ачаа тутамд бодитоор төлөхөөр тохиролцсоны дагуу 770 хайрцаг тамхины тээвэрлэлтийн хөлсийг бүрэн төлсөн. Бодит байдалд ачаа бараа дутсан, алга болж бодит хохирол учирсан тул хүлээн аваагүй 120 хайрцаг ачаанд тээвэрлэлтийн зардал үндэслэлгүйгээр төлсөн тул 120 хайрцаг дутсан ачаанд ногдох тээврийн зардалд 3,162,665.67 төгрөгийг хариуцагч “Л” ХХК-иас гаргуулна гэж тус тус маргажээ.

6. Хариуцагч “Х Д” ХХК нь “Л” ХХК-тай Гадаад ачаа тээврийн даатгалын гэрээ байгуулсан, “Л” ХХК нь “В” ХХК-тай 2021 оны 01 сарын 15-ны өдрийн 12020/580 дугаартай Тээвэр зуучлалын үйлчилгээ үзүүлэх гэрээгээр хамтран ажиллаж, “В” ХХК-ийн захиалгаар Казахстан Улсаас 770 хайрцаг тамхи ирэх ёстойгоос нийт 120 хайрцаг тамхи дутуу ирсэнтэй холбоотойгоор нөхөн төлбөр гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч хянасан боловч талуудын хооронд байгуулсан даатгалын гэрээнд заасны дагуу даатгалын тохиолдол болсныг нотлох боломжгүй, гэрээнд зааснаар нөхөн төлбөр олгох боломжгүй зохицуулалтад уг тохиолдол нь хамаарсан, мөн Даатгалын тухай хуулийн Даатгалын гэрээнд зааснаас бусад шалтгаанаар хохирол гарсан гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

6.1. Хариуцагч “Л” ХХК нь “В” ХХК-тай 770 хайрцаг ачааг тээвэрлүүлэхэд нь 6770 ам.доллараар тохирсон, улмаар тээвэрлэлтийн үйл ажиллагааг зохион байгуулсан боловч бодит байдал дээр 650 хайрцаг тамхийг хүлээн авсан, 120 хайрцаг тамхи дутсан талаар мэргэжлийн байгууллагын дүгнэлт гарсан. “В” ХХК-иас 120 хайрцаг ачаанд оногдох тээврийн зардалд 3,162,665.67 төгрөгийг нэхэмжилснийг “В” ХХК-д бүрэн шилжүүлсэн гэж тайлбарлажээ.

7. Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдсон болно.

8. “В” ХХКнь өөрийн ачаа барааны улс хоорондын тээврийн үйл ажиллагааг гүйцэтгүүлэх зорилгоор “Л” ХХК-тай 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр №2020/580 Тээвэр зуучлалын үйлчилгээ үзүүлэх гэрээ-г байгуулжээ.

8.1. Талуудын хооронд байгуулсан гэрээний 2.1.13-т Зуучлагч нь Гадаад ачаа тээврийн даатгалын гэрээний ерөнхий нөхцөлд заагдсаны дагуу үйлчлүүлэгчийн ачааг даатгана. Даатгалын нөхцөлийг урьдчилан Үйлчлүүлэгчид танилцуулна гэж заасны дагуу харилцан тохиролцож, “В” ХХК-иас даатгагчийг зөвшөөрсний үндсэн дээр гадаад ачаа тээврийн даатгалын гэрээг “Х Д” ХХК-тай “Л” ХХК байгуулан хамтран ажиллажээ. /хх-28-30, 39-42/

8.2. Улмаар “Л” ХХКболон “Х Д” ХХК-ийн хооронд 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн №Г21346237 дугаартай Гадаад ачаа тээврийн даатгалын гэрээ-г байгуулжээ. /хх-83/

8.3. Энэхүү даатгалын гэрээнд зааснаар даатгуулагч талыг төлөөлж “Л” ХХК, даатгагч талыг төлөөлж “Х Д” ХХК нар гэрээ байгуулсан тул даатгуулагч даатгалын зүйлээ даатгагчид даатгуулах, даатгагч нь гэрээнд заасан эрсдэл үүссэн тохиолдолд нөхөн төлбөр олгохтой холбоотой гэрээний үндсэн нөхцөл нь “Л” ХХК, “Х Д” ХХК-д тус тус хамаарах тул эдгээр нь гэрээний талууд болжээ.

8.4. Зохигчдын байгуулсан гэрээний даатгалын зүйл нь тээвэрлэгдэж байгаа ачаа бараа байх ба даатгалын зүйлд хохирол учирсан тохиолдолд эрсдлийн улмаас хохирол, тохирсон болзол бүрдэхэд эд хөрөнгөд учирсан гэм хорыг нөхөн төлөх агуулга байгаагаас үзэхэд тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.1-д заасан гэм хорын даатгалын гэрээ байгуулагдсан, мөн хуулийн 431 дүгээр зүйлийн 431.2, 431.3-т заасан даатгалын гэрээг хүчин төгөлдөр гэж үзэх шаардлагыг хангажээ.

9. Даатгуулагч “Л” ХХК нь “В” ХХК-тай байгуулсан Тээвэр зуучлалын үйлчилгээ үзүүлэх гэрээ-нд заасан үндсэн үүргийн хүрээнд олон улсын ачаа тээвэрлэлтийг гүйцэтгэх явцад “В” ХХК-ийн эд хөрөнгөд даатгалын тохиолдол үүсч, “В” ХХК-ийн өмчлөлийн бараа, бүтээгдэхүүнд дутагдал илэрсэнтэй холбоотойгоор “В” ХХКнь өөрт учирсан хохирлыг даатгалын гэрээний дагуу нөхөн төлүүлэх зорилгоор “Л” ХХК-иар дамжуулан “Х Д” ХХК-д холбогдох хүсэлтийг гаргасан боловч даатгагч нь даатгалын тохиолдлыг нотлох боломжгүй, талуудын хооронд байгуулсан даатгалын гэрээний нөхөн төлбөр олгохгүй байх нөхцөлд хамаарах хохиролд тооцогдох тул даатгалын гэрээнд тусгагдаагүй бусад шалтгааны улмаас учирсан хохирол гэж эс зөвшөөрсөн нь маргааны үндэслэл болжээ.

9.1. Даатгалын гэрээний тал нь “Л” ХХК боловч даатгалын хураамжийг “В” ХХКтөлсөн, даатгалын зүйл болох нэхэмжлэгчийн тээвэрлэгдэж байгаа ачаа бараа, өмчид хохирол үүссэн, мөн шүүхэд нэхэмжлэх эрхийг хэрэгжүүлэх этгээдийн талаар хэн алин нь маргаагүй, даатгалын тохиолдол буюу бараа бүтээгдэхүүнд дутагдал гарч бодит хохирол тохиолдсон этгээд нь “В” ХХК-д хамаарч байх тул нэхэмжлэгч шаардах эрхийг хэрэгжүүлэх эрхтэй гэж дүгнэв.

10. Үүссэн нөхцөл байдлын талаар хэрэгт авагдсан баримтаас дүгнэн үзэхэд “В” ХХКнь 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр №682 нэхэмжлэх, сав баглаа боодлын жагсаалт №10 зэргээр Джей Ти Ай Казахстан ХХК-иас LD Platinum нэртэй тамхи-300 хайрцаг, LD Violet /Super Slims/ нэртэй тамхи-270 хайрцаг, LD Pink/Super Slims/ нэртэй тамхи-200 хайрцаг, нийт 770 хайрцаг тамхийг захиалжээ. /хх-орчуулга 11, 13, эх хувь-143,144/

10.1. Улмаар, тээвэрлэгч “Л” ХХК-тай хамтран ажилладаг Globalink logistic худалдагч JTI Kazakhstan LLC, оператор агуулах Warehouse Outsorcing ХХК нар нь 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хадгалагчийн агуулахаас тээвэрлэгчийн автомашинд янжуур тамхи ачсан тухай 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн Бараа хүлээн авсан-хүлээлгэн өгсөн акт №2067-ыг үйлдэж, гарын үсэг зуржээ.

10.2. Уг актад ...Лац:№1034686, 1034669, чингэлэг: TKRU 4462887, гэж тэмдэглэн, 2021 оны 11 сарын 24-ний өдрийн №4025524213 дугаартай барааны зарлагын баримтын дагуу нэр төрлөөр 770 авдар тоо хэмжээ бүхий барааг Худалдан авагчийн төлөөлөгчид хүлээн авсан болно. Ажил үйлчилгээ бүрэн гүйцэтгэсэн. Тоо хэмжээ болон чанарын талаар талуудад гомдол санал байхгүй. Алмата-Улаанбаатар хот, гэж бичигдсэн, Globalink logistic худалдагч JTI Kazakhstan LLC, оператор агуулах Warehouse Outsorcing ХХК нарын төлөөлөгч нар гарын үсэг зурж бараа бүтээгдэхүүнийг хүлээлцсэн акт үйлджээ. /хх-37 орчуулга, эх хувь-хх-173, үзлэгээр бэхжүүлсэн-хх-136/

10.3. 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Ж Т А Казакстан ХХК-иас нийлүүлсэн дээр дурдсан 3 нэр төрөл бүхий тамхитай контейнерийг Туушин ХХК-ийн гаалийн хяналтын талбайд задлахад “В” ХХК-ийн захиалгын дагуу ачигдсан 770 хайрцаг бүхий 3 нэр төрөл бүхий тамхинаас LD Violet /Super Slims/ нэртэй тамхинаас 72 хайрцаг, LD Pink/Super Slims/-нэртэй тамхинаас 48 хайрцаг буюу нийт 120 хайрцаг дутсан үйл баримт тогтоогджээ.

10.4. Монголын Худалдаа аж үйлдвэрийн танхимын шинжээч Л.О 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн №0002877 дүгнэлт гаргасан ба уг дүгнэлтэд Казакстан улсаас нийлүүлэгдсэн 3 нэр төрөл бүхий тамхитай контейнерийг Туушин ХХЗ-ийн гаалийн хяналтын талбайд гаалийн улсын байцаагч болон бусад эрх бүхий төлөөллийн хамт буулган шалгахад тамхи бичиг баримтын дагуу 770 хайрцаг ирэх ёстой байсан бөгөөд бодит байдалд 650 хайрцаг тамхи ирж 120 хайрцаг дутуу ирсэн болно. Дутуу ирсэн нэр төрлөөр LD Violet /Super Slims/ нэртэй тамхинаас 72 хайрцаг, LD Pink/Super Slims/-нэртэй тамхинаас 48 хайрцаг буюу нийт 120 хайрцаг болно. Дээрх дутуу ирсэн тамхи нь тээвэрлэлтийн явцад үүссэн зөрчил байлаа. Хохирлын дүн 23,304.00 ам.доллар гэж тодорхойлсон байна. /хх-7/

10.5. Түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийн дагуу Улаанбаатар хот дахь гаалийн газраас шүүхийн журмаар нотлох баримт гаргуулахаар шийдвэрлэсэнтэй холбоотойгоор тус газраас ирүүлсэн албан бичигт “В” ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Туушин ХХК-ийн гаалийн хяналтын бүсэд ирсэн TKRU 4462887 дугаартай чингэлэг задрахад гаалийн хяналт шалгалтаар бичиг баримтад тусгагдсан тоо ширхэгээс 120 хайрцаг тамих дутсан тул Худалдаа аж үйлдэрийн танхимаас 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 0002877 экспертизийн актаар тогтоогдсон хохирлын хэмжээг үндэслэн гаалийн бүрдүүлэлтийн 451 горимоор 650 хайрцаг тамхины бүрдүүлэлт хийгдсэн талаар дурджээ. /хх-98-110/

10.6. Тодруулбал, 770 хайрцаг тамхийг хүлээн авах ёстой байхад бодит байдалд 120 хайрцаг дутсан буюу 650 хайрцаг тамхийг хүлээн авснаас шалтгаалан даатгалын тохиолдол үүссэн гэж нэхэмжлэгч маргасныг хариуцагч эс зөвшөөрч үндэслэлийг дараах байдлаар тайлбарласан.

11. Тус ТКЖГ446288-7/943999201 дугаартай чингэлэг бүхий ачаа барааг илгээгч тал бүрэн ачуулж, тээвэрлэгч тал бүрэн хүлээн авч тээвэрлэсэн гэх актыг ирүүлсэн боловч эцсийн цэгт дутсан зөрчил илэрсэн. Бараа ачих үеийн бичлэг, зураг зэргээс үзэхэд хяналтын дүрс бичлэгт тухайн тээврийн хэрэгслийн улсын дугаар харагдахгүй, зөвхөн нэг талын хаалганы лац хийгдэж байгаа нь харагддаг ч нөгөө талын хаалганы лацыг хэдийд хийсэн болохыг тодорхойлох баримтгүй, мөн ачааг 2021 оны 11 сарын 24-ний өдөр Казахстан Улсын Алма-Ата боомтод байх чингэлэг рүү илгээгчийн агуулахаас ачилт хийгдсэн гэдэг боловч чингэлэгтэй ачаа 2021 оны 12 сарын 01-ний өдөр буюу 7 хоногийн дараа Монгол Улс руу тээвэрлэх замд гарсан. Тус 7 хоногийн хугацаанд 770 хайрцаг ачаа бараанд ямар эрсдэл үүссэнийг тогтоох боломжгүй. Анх ачилт хийх үеийн дүрс зургийг хүлээн авах үеийн дүрс зурагтай харьцуулан харахад хайрцагнуудын эхний эгнээний байрлал өөрчлөгдөж солигдсон зэрэг нь хайрцаг дээрх барааны тэмдэг, түгжээний ором зэргээс харагддаг боловч 2021 оны 12 сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 сарын 14-ний өдрийг хүртэл Монгол Улс руу тээвэрлэгдэн ирэх замын турш ачаа барааны лац хөндөгдөөгүй, гаалийн шалгалтад ороогүй, сэлгэн ачилт хийгдээгүй нь тогтоогдсон, 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Г21346237 тоот Гадаад ачаа тээврийн даатгалын гэрээний 8.1.5 болон 8.1.6-д зааснаар Даатгалын тохиолдол бий болсны улмаас учирсан хохирлын шалтгаан нөхцөл, хэмжээг үнэн зөв тогтоохын тулд хууль хяналтын байгууллага, цагдаа, галын байгууллага, эмнэлэг, хөндлөнгийн байгууллага зэрэг мэргэжлийн холбогдох байгууллагаар шалгуулж акт, дүгнэлт тогтоолгох үүргийг даатгуулагч хүлээсэн боловч хохирлын шалтгааныг мэргэжлийн байгууллагаар тогтоолгоогүй байх тул ямар шалтгаант нөхцөлийн улмаас хулгайн эрсдэл гарсан нь тодорхойгүй, хулгайн гэмт хэрэг үйлдэгдсэн эсэх нь нотлогдоогүй гэсэн үндэслэл,

11.1. Түүнчлэн Г21346237 тоот даатгалын гэрээний нөхөн төлбөр олгохоос татгалзах нөхцөлийн 9 дүгээр зүйлийн 9.13.3 дахь заалт Даатгалын тохиолдол болсныг нотлох боломжгүй тохиолдолд даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзана,

11.2. Мөн гэрээний 14 дүгээр зүйлийн 14.3.12.7.8-д Илгээгчээс ачааг дутуу илгээсэн, ачааны сав баглаа боодол ... анхны илгээгчээс гарсан байдлаас өөрчлөгдсөн тохиолдолд ачаанд учирсан хохирол, түүний үр дагавар-ыг даатгагч хариуцахгүй, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.3-т Даатгалын гэрээнд зааснаас бусад шалтгаанаар хохирол гарсан гэх заалтыг үндэслэн нөхөн төлбөр даатгалын тохиолдлын эрсдэлийг хариуцах боломжгүй гэж тайлбарлажээ.

12. Шүүх дараах үндэслэлээр даатгалын тохиолдол үүссэн гэж үзэв. Учир нь дээр дурдсан тээвэрлэгч “Л” ХХК-тай хамтран ажилладаг Globalink logistic худалдагч JTI Kazakhstan LLC, оператор агуулах Warehouse Outsorcing ХХК нар нь 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хадгалагчийн агуулахаас тээвэрлэгчийн автомашинд янжуур тамхи ачсан тухай 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн Бараа хүлээн авсан-хүлээлгэн өгсөн акт №2067-ыг үйлдэж, гарын үсэг зурсан баримтаар ...Лац:№1034686, 1034669, чингэлэг: TKRU 4462887, гэж тэмдэглэн, 2021 оны 11 сарын 24-ний өдрийн №4025524213 дугаартай барааны зарлагын баримтын дагуу нэр төрлөөр 770 авдар тоо хэмжээ бүхий барааг Худалдан авагчийн төлөөлөгчид хүлээлгэн өгсөн талаар тодорхойлсон байхаас гадна Улаанбаатар хот дахь гаалийн газраас ирүүлсэн албан бичигт “В” ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Туушин ХХК-ийн гаалийн хяналтын бүсэд ирсэн TKRU 4462887 дугаартай чингэлэг задрахад гаалийн хяналт шалгалтаар бичиг баримтад тусгагдсан тоо ширхгээс 120 хайрцаг тамхи дутсан тул Худалдаа аж үйлдвэрийн танхимаас 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 0002877 экспертизийн актаар тогтоогдсон хохирлын хэмжээг үндэслэн гаалийн бүрдүүлэлтийн 451 горимоор 650 хайрцаг тамхины бүрдүүлэлт хийгдсэн талаар тодорхойлжээ.

13. Гадаад ачаа тээврийн даатгалын гэрээний 1.3 дугаар зүйлийн 1.3.5-д даатгалын тохиолдол гэж даатгуулсан зүйл даатгалын эрсдэлийн улмаас учирсан хохирол, тохиролцсон болзол бүрдэхийг ойлгохоор зохицуулсан ба 770 хайрцаг тамхинаас 120 хайрцаг дутсан асуудал нь дээр дурдсан баримтуудаар нотлогдсон тул даатгалын тохиолдол үүссэн гэж үзэх үндэслэлтэй гэж дүгнэв.

14. Даатгуулагчаас нэхэмжлэлийн шаардлагыг татгалзсан бас нэг үндэслэл нь талуудын хооронд байгуулсан гэрээний 14 дүгээр зүйлийн 14.3.12.7.8-д Илгээгчээс ачааг дутуу илгээсэн, ачааны сав баглаа боодол, лац анхны илгээгчээс гарсан байдлаас өөрчлөгдсөн тохиолдолд ачаанд учирсан хохирол, түүний үр дагаврыг даатгагч хариуцахгүй гэсэн зохицуулалт байх боловч хэрэгт авагдсан баримтаар илгээгчээс анхнаасаа барааг дутуу илгээсэн гэх үйл баримт хөдөлбөргүй тогтоогдоогүй болно.

14.1. Тодруулбал, хариуцагчийн гаргасан хүсэлтийн дагуу шүүхийн журмаар тухайн тамхийг контейнерт ачиж байгаа үйл явцыг баталгаажуулсан дүрс бичлэгт талуудыг байлцуулан шүүхээс үзлэг хийхэд нийт 770 хайрцаг тамхи буюу хэрэгт авагдсан фото зурагт 770 хайрцаг /хх-20/ гэж тодорхойлсон байдлаар ачигдаж дууссан үйл явц, мөн контейнерын хаалгыг хаан, зүүн талын хаалгыг лацдаж байгаа мэт үйл явцыг бэхжүүлсэн боловч баруун талын хаалгыг лацадсан эсэх нь агуулахын доош хаагддаг хаалга хаагдсанаар цаашид харагдахгүй болсон, дүрс бичлэгийн баримт ийнхүү дуусгавар болсон байдаг.

14.2. Хэдийгээр тухайн бичлэгт контейнерын хаалгыг бүрэн лацдаж буй үйл баримтыг тодорхой баримтжуулаагүй хэдий ч хэрэгт цугларсан бусад бичгийн баримтаар 770 хайрцаг тамхийг хүлээлгэн өгсөн талаар, мөн тухайн тамхинаас 120 хайрцаг дутсан талаарх үйл баримтыг нэхэмжлэгч нотолсон тохиолдолд няцаах үүргийг хариуцагч хүлээнэ.

14.3. Тодруулбал, тухайн бичлэг хийгдсэнээс хойших хугацаанд буюу тээвэрлэлтийн явцад зөрчил үүсээгүй буюу илгээгчээс тээвэрлэгчид хүлээлгэн өгөх хугацаанд бараа алга болсон тохиолдолд даатгагч хариуцахгүй гэж тайлбарласнаа хариуцагч нотлох үүрэгтэй.

15. Иймд илгээгчээс ачааг дутуу илгээсэн талаарх үйл баримт хөдөлбөргүй тогтоогдоогүй тохиолдолд шүүх зөвхөн үзлэгээр бэхжүүлсэн дүрс бичлэгт үндэслэн барааг илгээгч тал анхнаас нь дутуу илгээсэн байж болзошгүй гэж дүгнэх үндэслэлгүйгээс гадна ачааны сав баглаа боодол, лац анхны илгээгчээс гарсан байдлаас өөрчлөгдөөгүй байгаа тохиолдолд даатгалын гэрээний гэрээний 14 дүгээр зүйлийн 14.3.12.7.8-д Илгээгчээс ачааг дутуу илгээсэн, ачааны сав баглаа боодол, лац анхны илгээгчээс гарсан байдлаас өөрчлөгдсөн тохиолдолд ачаанд учирсан хохирол, түүний үр дагаврыг даатгагч хариуцахгүй гэснийг үндэслэн нөхөн төлбөр олгохоос татгалзах үндэслэлгүй гэж үзэв.

16. Тухайн тамхийг ачсан контейнерын лац нь гадны нөлөө зэргээр хөдлөөгүй, мөн контейнерыг гадны ямар нэгэн нөлөөгөөр эвдэлсэн, тээвэрлэлтийн явцад онгойлгож 120 хайрцаг тамхийг гаргаж авсан гэх үйл баримт хэрэгт авагдсан баримтаар нотлогдоогүй хэдий ч үзлэг хийгдсэн бичлэгээр 770 хайрцаг тамхийг ачсан үйл баримт тогтоогдсон, мөн худалдагч, тээвэрлэгч нарын хооронд хийгдсэн актаар 770 хайрцаг тамхийг хүлээлгэн өгсөн, хүлээн авсан талаар баримтаар тодорхойлогдсон тохиолдолд, мөн тухайн ачаа барааг нээх үйл явцад 120 хайрцаг дутсан тохиолдол илэрхий байгаагаас үзэхэд даатгалын тохиолдол бий болсон гэж үзэх үндэслэлтэй.

17. Хариуцагчийн татгалзаж буй үндэслэл болох илгээгчээс ачааг дутуу илгээсэн гэх үйл баримт хэрэгт авагдсан баримтаар нотлогдоогүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй гэж үзэв.

18. Түүнчлэн хариуцагч талаас тухайн даатгалын тохиолдол бий болсон эсэх асуудлаар маргахдаа даатгуулагч талаас холбогдох баримтыг дутуу бүрдүүлж өгсөн, мөн гадаад ачаа тээврийн гэрээний 9.1.8.1-д заасан шаардлагатай тохиолдолд цагдаагийн байгууллагын тодорхойлолт, /хилээс гадна болсон хулгайн эрсдэлийг Монгол улсын газар нутагт үйлдсэн тохиолдолд гаалийн бүрдүүлэлтийн деклараци/ зэргийг бүрдүүлж өгөх ёстой байсан боловч нэхэмжлэгч бүрдүүлж өгөөгүй гэж маргасан.

19. Нэхэмжлэгч тал нь тээвэрлэгч “Л” ХХК-иас даатгалын тохиолдол бий болоход бүрдүүлэх баримт, материалын талаарх зааврыг цахим шуудангаар ирүүлсний дагуу бүх баримтыг бүрдүүлж өгсөн, мөн ”Л” ХХК болон “Х Д” ХХК нарын хооронд байгуулсан Ачаа тээврийн даатгалын гэрээг шүүхийн журмаар хариуцагчаас гаргуулахаас өмнө гэрээний зохицуулалтыг мэдэх боломжгүй байсан тул “Л” ХХК-ийн шаардсан баримтуудыг гаргаж өгсөн гэж тайлбарлаж, маргажээ.

19.1. “Х Д” ХХК-иас даатгалын нөхөн олговор олгохоос татгалзахдаа бичиг баримтын бүрдэл дутуу гэсэн үндэслэлийг заагаагүй байх тул энэ нь хэрэг маргааныг хянан шийдвэрлэхэд ач холбогдолгүй гэж үзэв. Түүнчлэн “Л” ХХК-иас баримт бичиг бүрдүүлэх шаардлагын хүрээнд ирүүлсэн майл хаягт үзлэг хийлгэх хүсэлтийн дагуу шүүхээс үзлэг хийж “Л” ХХК-иас “В” ХХК-ийн бүрдүүлэх ёстой баримт бичгийн жагсаалтыг илгээсэн байсныг нэхэмжлэгчийн хүсэлтээр тус байгууллагын ажилтан Н.Одонтуяагийн мэйлд үзлэг хийх замаар бэхжүүлэн авсан байна. /хх-126-136/

20. Зохигчид даатгалын тохиолдол бий болсонтой холбоотойгоор үүссэн нөхөн төлбөр буюу нэхэмжлэлийн шаардлагад хамаарах 120 хайрцаг тамхины мөнгөн дүн 23,304 ам.доллар буюу 66,391,465 төгрөгийн талаар маргаагүй тул дээр дурдсан үндэслэлүүдээр тамхины худалдан авсан үеийн үнэ болох нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд 66,391,465 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв. /хх-15/

     I.       Хариуцагч “Л” ХХК-д холбогдуулан гаргасан дутсан ачаанд ногдох тээврийн зардал 3,162,665.67 төгрөгийн шаардлагын тухайд

21. “В” ХХКнь “Л” ХХК-д 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Жи Ти Ай Казакстан ХХН-ээс нийлүүлсэн 3 нэр төрөл бүхий 770 хайрцаг тамхины тээвэрлэлтийн хөлсийг бүрэн төлсөн боловч 120 хайрцаг ачааг дутуу хүлээн авсан, энэ хэмжээгээр тээвэрлэлтийн зардлыг илүү төлсөн тул 120 хайрцаг дутсан ачаанд ногдох тээврийн зардал буюу 3,162,665.67 төгрөгийг хариуцагч “Л” ХХК-иас гаргуулахаар шаардсан.

22. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдөр 3,162,665.67 төгрөгийг хариуцагч “Л” ХХК нь нэхэмжлэгч “В” ХХК-д буцаан төлсөн талаарх баримтыг шүүхэд гаргасныг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч мараагүй байна. /хх-91-92/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д Энэ хуулийн 106.3, 106.4-т зааснаар хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх хариуцагчийн зөвшөөрөл, нэхэмжлэгчийн татгалзал, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана гэж заасныг баримтлан нэхэмжлэгч “В” ХХК-ийн 3,162,665.67 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч “Л” ХХК нь биелүүлснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.   Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, 443 дугаар зүйлийн 443.1 дэх хэсгийг баримтлан 66,391,465 төгрөгийг хариуцагч “Х Д” ХХК-иас гаргуулж, нэхэмжлэгч “В” ХХК-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч “В” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 3,162,665.67 төгрөгийг хариуцагч “Л” ХХК нь биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгч ”В” ХХК-иас улсын  тэмдэгтийн хураамжид төлсөн 506,000 төгрөгийг  улсын төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч  “Х Д” ХХК-иас 489,907 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч  ”В” ХХК-д, хариуцагч ”Л” ХХК-иас 65,552 гаргуулж, нэхэмжлэгч “В” ХХК-д тус тус олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй. Гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АМАРМЭНД