Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2023/02000

 

2023 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2023/02000

 

“В” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, Ерөнхий шүүгч Г.Даваадорж, шүүгч Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 181/ШШ2023/02796 дугаар шийдвэртэй,

 

“В” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

“даатгал” ХХК, “Л” ХХК-д тус тус холбогдох,

 

Даатгалын гэрээний үүрэгт 66,391,465 төгрөгийг “даатгал” ХХК-аас,

Дутагдсан ачаанд ногдох тээврийн зардалд илүү төлсөн 3,162,665 төгрөгийг “Л” ХХК-аас тус тус гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч “даатгал” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Балжинням, хариуцагч “даатгал” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Буянжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. “В” ХХК нь “Л” ХХК-тай 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 2020/580 тоот “Тээвэр зуучлалын үйлчилгээ үзүүлэх гэрээ” байгуулсан. Гэрээний 2.1.13-т “Зуучлагч нь гадаад ачаа тээврийн даатгалын гэрээний ерөнхий нөхцөлд заагдсаны дагуу үйлчлүүлэгчийн ачааг даатгана” гэж зааснаар “Л” ХХК нь “даатгал” ХХК-тай “Гадаад тээврийн ачаа барааны даатгалын гэрээ”-г байгуулсан. Даатгалын гэрээний нөхцөлийг манай байгууллагад танилцуулж, бидний зүгээс даатгалын нөхцөлийг хүлээн зөвшөөрч хамтран ажилласан.

1.2. 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр” Ж” ХХН-ээс нийлүүлсэн 3 нэр төрөл бүхий тамхитай контейнерийг “Т” ХХК-ийн гаалийн хяналтын талбайд гаалийн улсын байцаагч, талуудын төлөөллийг байлцуулан шалгахад бичиг баримтын дагуу 770 хайрцаг тамхи ирэх ёстойгоос 650 хайрцаг тамхи ирж 120 хайрцаг тамхи дутсан бөгөөд энэ талаар талууд акт үйлдэн гарын үсэг зурж, фото зураг болон видео бичлэгээр баталгаажуулсан. Уг асуудлаар Худалдаа аж үйлдвэрийн танхимын экспертийн дүгнэлт гарч, 120 хайрцаг тамхи тээвэрлэлтийн явцад алга болсон гэж тодорхойлсон.

1.3. “В” ХХК-ийн зүгээс “Тээвэр зуучлалын үйлчилгээ үзүүлэх гэрээ”-ний 2.2.8, 3.5, 5.2-т заасан үүргээ биелүүлэн ачаа бараа хүлээн авахдаа барааны дутагдлын талаар тогтоож, холбогдох байгууллагуудад нь мэдэгдэж акт, фото зураг, видео бичлэгээр баталгаажуулан ажилласан. Мөн гэрээний 5.4-т заасны дагуу хохирол барагдуулах хүсэлтээ холбогдох баримтуудын хамт 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр “Л” ХХК-аар дамжуулан “даатгал” ХХК-д хүргүүлсэн.

1.4. “даатгал” ХХК-ийн зүгээс нөхөн төлбөр гаргуулах материалыг хүлээн авснаас хойш бараг 4 сарын хугацаа өнгөрсний дараа буюу 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдөр нөхөн төлбөр олгохоос татгалзах тухай шийдвэр гаргасныг “Л” ХХК-ийн 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 0395/22 тоот албан бичгээр манай байгууллагад ирүүлсэн. “даатгал” ХХК нь “... ачаа бараа нь Монгол улс руу тээвэрлэгдэн ирэх замдаа гаалийн шалгалтад ороогүй, сэлгэн ачилт хийгдээгүйн зэрэгцээ чингэлгийн лац хөндөгдөөгүй ирсэн. Энэ нь даатгалын тохиолдол болсон гэж үзэж үндэслэлгүй, 120 хайрцаг алга болсныг нотлох боломжгүй” гэсэн үндэслэлээр нөхөн төлбөр олгохоос татгалзсан байна.

1.5.Манай компанийн зүгээс уг шийдвэрийг эс зөвшөөрч Санхүүгийн зохицуулах хороонд гомдол гаргасан бөгөөд хорооноос даатгалын маргааныг урьдчилан шийдвэрлэх боломжгүй тул нөхөн төлбөрийн маргааныг иргэний журмаар шүүхэд хандан шийдвэрлүүлэхийг зөвлөсөн хариу ирүүлсэн.

1.6.“Л” ХХК болон “даатгал” ХХК-ийн хооронд байгуулагдсан “Гадаад ачаа тээврийн даатгалын гэрээ”-ний дагуу  хулгайн эрсдэлд тухайн бараа хэсэгчлэн болон бүхлээрээ алдагдахыг хамааруулсан байна. “Хулгай” гэдэг нь нууц, далдуур, мэдэгдэлгүйгээр авах гэсэн утгыг агуулдаг бөгөөд  тээвэрлэгчид бараа шилжсэнээс хойш буюу тээвэрлэлтийн явцад 120 хайрцаг тамхи алга болсон. Тээвэрлэлтийн явцад бараа дутсан буюу тамхи алга болсон нь 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр “Глобал линк логистик” болон Казакстанийн компанийн хооронд хийгдсэн бараа хүлээн авсан-хүлээлгэн өгсөн актаар тогтоогдсон. Энэ тохиолдолд даатгагч даатгалын тохиолдол болсон гэж үзэн нөхөн төлбөрийг хууль буюу гэрээнд заасан хэмжээнд олгох ёстой.

Даатгагч байгууллага нь Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.3-т заасныг өөрт ашигтай байдлаар тайлбарлаж байна.  

Иймд даатгалын гэрээний хугацаанд даатгалын тохиолдол бий болж, даатгуулсан эд хөрөнгөд хохирол учирсан байх тул Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасны дагуу даатгалын нөхөн төлбөрт хариуцагч "даатгал” ХХК-аас 66,391,465 төгрөгийг гаргуулж өгнө үү.

1.7. Мөн “В” ХХК болон “Л” ХХК-ийн хооронд 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр байгуулсан “Тээвэр зуучлалын үйлчилгээ үзүүлэх гэрээ”-ний 4.1-т “Үйлчлүүлэгч нь урьдчилан бичгээр харилцан тохиролцсон хөлс болон тухайн тээвэр зохион байгуулахад гарсан аливаа нэмэлт зардлыг ачаа эцсийн хүрэх өртөө, боомтод ирснээс хойш 3 хоногт багтаан тэдгээрийн нэхэмжлэхийн үндэслэн төлнө” гэж заасан. Манай компанийн зүгээс 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр “Ж” ХХН-ээс нийлүүлсэн 3 нэр төрөл бүхий 770 хайрцаг тамхины тээвэрлэлтийн хөлсийг бүрэн төлсөн. Манай компанид ачаа бараа дутсан, алга болсон бодит хохирол учирснаас гадна огт хүлээн аваагүй 120 хайрцаг ачаанд тээвэрлэлтийн зардал төлсөн хохирол нэмж учраад байна.

Иймд 120 хайрцаг дутагдсан ачаанд ногдох тээврийн зардал буюу 3,162,665 төгрөгийг хариуцагч "Л" ХХК-аас гаргуулж өгнө үү.

 

2. Хариуцагч “даатгал” ХХК-ийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. “даатгал” ХХК болон даатгуулагч “Л” ХХК нар нь харилцан тохиролцсоны үндсэн дээр 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр “Гадаад ачаа тээврийн даатгалын гэрээ”-г 1 жилийн хугацаатай байгуулсан. Даатгуулагч “Л” ХХК нь “В” ХХК-тай 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 12020/580 дугаартай “Тээвэр зуучлалын үйлчилгээ үзүүлэх гэрээ”-гээр хамтран ажиллаж, “В” ХХК-ийн захиалгаар Казахстан улсаас 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр ТКЖГ446288-7/943999201 дугаартай чингэлэг бүхий ачааг төмөр замаар тээвэрлэн 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр захиалагч талд хүлээлгэн өгөхөд нийт захиалгын 770 хайрцаг тамхи ирэх ёстойгоос 120 хайрцаг тамхи дутагдаж /алга болсон/ нийт 23,000 ам.доллар буюу 66,194,000 төгрөгийн хохирол учирсан гэх нөхөн төлбөрийн нэхэмжлэл хүссэн материалыг манай холбогдох алба нэгж хүлээн авч хянаж үзсэн.

2.2. Материалд цугласан нийт баримтуудыг судалж үзэхэд тус ТКЖГ446288-7/943999201 дугаартай чингэлэг бүхий ачаа барааг илгээгч тал бүрэн ачуулж, тээвэрлэгч тал бүрэн хүлээн авч тээвэрлэсэн гэх актыг ирүүлсэн боловч эцсийн цэг буюу 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр захиалагч талд ирэхдээ бараа дутаж ирсэн байдаг. Үүнтэй холбогдуулан бараа ачих үеийн бичлэг, зураг зэргээс шалган үзэхэд хяналтын дүрс бичлэгт тухайн тээврийн хэрэгслийн улсын дугаар харагдахгүй, зөвхөн нэг талын хаалганы лац хийгдэж байгаа нь харагддаг ч нөгөө талын хаалганы лацыг хэдийд хийсэн болох нь тодорхойгүй байдаг. Мөн ачааг 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Казахстан улсын Алма-Ата боомтод байх чингэлэг рүү илгээгчийн агуулахаас ачилт хийгдсэн гэдэг боловч чингэлэгтэй ачаа 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр буюу 7 хоногийн дараа Монгол улс руу тээвэрлэх замд гарсан. Тус 7 хоногийн хугацаанд 770 хайрцаг ачаа бараанд ямар эрсдэл үүссэнийг тогтоох боломжгүй. Анх ачилт хийх үеийн дүрс зургийг хүлээн авах үеийн дүрс зурагтай харьцуулан харахад хайрцагнуудын эхний эгнээний байрлал өөрчлөгдөж солигдсон зэрэг нь хайрцаг дээрх барааны тэмдэг, түгжээний ором зэргээс харагддаг боловч 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл Монгол улс руу тээвэрлэгдэн ирэх замын турш ачаа барааны лац хөндөгдөөгүй, гаалийн шалгалтад ороогүй, сэлгэн ачилт хийгдээгүй нь хэрэгт авагдсан баримтуудаар тус тус тогтоогддог.

2.3. “Гадаад ачаа тээврийн даатгалын гэрээ”-ний 8.1.5 болон 8.1.6-д зааснаар даатгалын тохиолдол бий болсны улмаас учирсан хохирлын шалтгаан нөхцөл, хэмжээг үнэн зөв тогтоохын тулд хууль хяналтын байгууллага, цагдаа, галын байгууллага, эмнэлэг, хөндлөнгийн байгууллага зэрэг мэргэжлийн холбогдох байгууллагаар шалгуулж акт, дүгнэлт тогтоолгох үүргийг даатгуулагч хүлээсэн байдаг боловч дээрх тохиолдолд даатгуулагч болон “В” ХХК нь хохирлын шалтгааныг мэргэжлийн байгууллагаар тогтоолгоогүй байх тул ямар шалтгаант нөхцөлийн улмаас хулгайн эрсдэл гарсан нь тодорхойгүй, хулгайн гэмт хэрэг үйлдэгдсэн эсэх нь нотлогдохгүй байх тул манай даатгалаас дараах хууль тогтоомж, гэрээний холбогдох зүйл, заалтыг үндэслэн нөхөн төлбөр олгохоос татгалзсан болно. Үүнд: а/ даатгалын гэрээний нөхөн төлбөр олгохоос татгалзах нөхцөлийн 9.13.3 дахь заалт “Даатгалын тохиолдол болсныг нотлох боломжгүй”; б/ Мөн гэрээний 14.3.12.7.8 дах заалт “Илгээгчээс ачааг дутуу илгээсэн, ачааны сав баглаа боодол ... анхны илгээгчээс гарсан байдлаас өөрчлөгдсөн тохиолдолд ачаанд учирсан хохирол, түүний үр дагавар”; в/ Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.3-т заасан “Даатгалын гэрээнд зааснаас бусад шалтгаанаар хохирол гарсан” гэх заалтыг үндэслэн нөхөн төлбөр олгохоос татгалзаж шийдвэрлэсэн тухайгаа даатгуулагч болон Санхүүгийн зохицуулах хороонд тайлбарын хамтаар хүргүүлсэн болно.

Иймд дээрх хулгайн эрсдэл нотлогдохгүй байгаа нь даатгалын тохиолдол болсон гэж үзэх үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй.

 

3. Хариуцагч “Л” ХХК-ийн татгалзал, тайлбарын агуулга:

3.1. “В” ХХК нь 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Казакстан улсын Алматы боомтоос ачааг тээвэрлүүлэхээр захиалга өгсөн ба манай компаниас Алматы-Иркутск-Наушки -Улаанбаатар замналаар тээвэрлэгдэх 6770 ам.долларын үнийн саналыг “В” ХХК баталгаажуулсны дараа тээвэрлэлтийн үйл ажиллагааг зохион байгуулан 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр “Д” илгээгчтэй ТКЯ11446288-7 дугаар бүхий ачаа “Т” ХХК-ийн гаалийн хяналтын талбайд ирсэн. 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр ачааны олголтыг хийх үед бичиг баримтын дагуу “770 хайрцаг тамхи ачигдсан” гэх боловч “В” ХХК болон “Л” ХХК-аас төлөөлөл байлцан гаалийн улсын байцаагчийн хамт шалгахад бодит байдал дээр 650 хайрцаг тамхи хүлээн авсан ба үүний дагуу МҮХАҮТ-ийн шинжээчийг байлцуулан ачааг тоолон 120 хайрцаг тамхи бичиг баримт дээр бичигдсэн тооноос дутагдсан талаар мэргэжлийн байгууллагын дүгнэлт гаргуулсан.

3.2. “В” ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Хохирол барагдуулах хүсэлт гаргах тухай 21/705 дугаар албан бичгийн дагуу “даатгал” ХХК-д 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 1715/21 дугаар албан бичгээр хохирол барагдуулах хүсэлт гаргасан боловч 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдөр 06-325 албан бичгээр “даатгал” ХХК-аас нөхөн төлбөр олгохоос татгалзсан хариуг өгсөн.

3.3. “В” ХХК-ийн нэхэмжилсэн 3,162,665 төгрөгийг “Л” ХХК-аас шилжүүлсэн болно.

 

4. Анхан шатны шүүхийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, 443 дугаар зүйлийн 443.1 дэх хэсгийг баримтлан 66,391,465 төгрөгийг хариуцагч “даатгал” ХХК-аас гаргуулж, нэхэмжлэгч “В” ХХК-д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч “В” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 3,162,665.67 төгрөгийг хариуцагч “Л” ХХК нь биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгч “В” ХХК-иас улсын  тэмдэгтийн хураамжид төлсөн 506,000 төгрөгийг  улсын төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч “даатгал” ХХК-аас 489,907 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “В” ХХК-д, хариуцагч “Л” ХХК-аас 65,552 гаргуулж, нэхэмжлэгч “В” ХХК-д тус тус олгож шийдвэрлэжээ.

 

5. Хариуцагч “даатгал” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

5.1. “даатгал” ХХК болон “Л” ХХК-иуд нь Даатгалын тухай хууль, Иргэний хуулийн 431, 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсгийг тус тус үндэслэн “Гадаад ачаа тээврийн даатгалын гэрээ”-г хэлэлцэн тохиролцож байгуулсан.

“даатгал “ХХК нь даатгалын гэрээний дагуу нөхөн төлбөр олгохоос татгалзсан шийдвэрээ үндэслэлтэй гэдгийг тогтоох, нотлох үүднээс дараах баримтуудыг хамаарал бүхий этгээдээс нотлох баримтын шаардлагыг хангуулан анхан шатны шүүхэд гаргасан. Үүнд:

а.2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр ТКЖГ446288-7/943999201 дугаартай чингэлэгт бараа ачих үеийн хяналтын дүрс бичлэгийг “В” ХХК-аас гаргуулж шүүхийн журмаар үзлэг хийлгэсэн. Үзлэгээр тус хяналтын дүрс бичлэгт чингэлэгний баруун талын хаалгыг лацаддаг боловч зүүн талын хаалгыг лацадсан үйл баримт илрээгүй.

б.Мөн тус ачаа нь 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл Монгол улс руу тээвэрлэгдэн ирэх замын туршид гаалийн хяналт шалгалтад ороогүй, сэлгэн ачилт хийгдээгүй, ачаа барааны лац хөндөгдөөгүйг нотолсон тамга тэмдэг бүхий баримтыг зуучлагч байгууллага болох “Л “ХХК-аас гаргуулсан.

в. Гэрч Б.Бгийн мэдүүлэгт “... Л ХХК нь тус ачаа тээвэрлэлтийн явцад ямар нэг хариуцлага алдаагүй, бидний хүлээх хариуцлага биш” гэдгээ хүлээн зөвшөөрсөн.

г. Гэрч н.О нь өөрийн гаргасан экспертийн дүгнэлтээ хамгаалж чадаагүй, ямар баримтыг үндэслэж, ямар журмаар дүгнэлт гаргаснаа санадаггүй, тайлбарлаж чаддаггүй нөхцөл байдлууд тус тус илэрсэн.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 14.3-т “... тухайн бичлэг хийгдсэнээс хойших хугацаанд буюу тээвэрлэлтийн явцад зөрчил үүсээгүй буюу илгээгчээс тээвэрлэгчид хулээлгэн өгөх хугацаанд бараа алга болсон тохиолдолд даатгагч хариуцахгүй гэж тайлбарласнаа нотлох үүрэгтэй” гэсэн байх бөгөөд бид тээвэрлэлтийн явцад зөрчил үүсээгүйг нотлох гаалийн хяналт шалгалтад ороогүй, сэлгэн ачилт хийгдээгүй, ачаа барааны лац хөндөгдөөгүйг нотолсон баримтыг дээр дурдсанчлан “Л” ХХК-аас гаргуулсан.

Мөн 16-д заасан “...Тухайн тамхийг ачсан контейнерын лац нь гадны нөлөө зэргээр хөдлөөгүй, контейнерыг гадны ямар нэгэн нөлөөгөөр эвдэлсэн, тээвэрлэлтийн явцад онгойлгож 120 хайрцаг тамхийг гаргаж авсан гэх үйл баримт хэрэгт авагдсан баримтаар нотлогдоогүй хэдий ч ... барааг нээх үйл явцад 120 хайрцаг дутагдсан тохиолдол илэрсэн байгаагаас үзэхэд даатгалын тохиолдол бий болсон” гэсэн байх бөгөөд энэхүү агуулгаас харахад шүүх хулгайн эрсдэлийг нотлогдсон үйл баримт хэрэгт авагдаагүй гэдгийг хүлээн зөвшөөрсөн хэрнээ хулгайн эрсдэл мөн байна гэдэг ойлгомжгүй, тодорхойгүй, 2 талтай эргэлзээтэй шийдвэр гаргасан байгаа нь учир дутагдалтай байна.

Дээрхээс үзэхэд анхан шатны шүүх нь хариуцагчийн хүсэлтээр гаргуулсан дээрх нотлох баримтуудыг үнэн зөв үнэлээгүй, мөн гэрчүүдийн мэдүүлгийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд авч хэлэлцээгүй нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт нийцэхгүй, хууль зүйн үндэслэлгүй, зөвхөн нэхэмжлэгч талын эргэлзээ бүхий нотлох баримт дээр үндэслэж, нэг талыг барьсан шийдвэр гаргасан.

5.2. Мөн зөвхөн “Ачаа бараа хүлээлцэх акт”-аар тухайн ачаа илгээгчээс бүрэн бүтэн ачигдсан гэж үзэхэд эргэлзээтэй ба тамхи ачиж байгаа үйл явцыг харуулж байгаа бичлэг дээрх тээврийн хэрэгслийн дугаар нь харагддаггүй захиалагчийн барааг тээвэрлэж ирсэн тээврийн хэрэгсэл мөн эсэх нь ч эргэлзээ бүхий байдаг.

Аливаа хэрэг тохиолдол нь хууль зүйн талаасаа хөдөлбөргүй нотлох баримтад тулгуурлан нотлогдох, тогтоогдох ёстой. Хэдийгээр ачаа барааг задалж үзэхэд 120 хайрцаг дутсаныг дагалдах баримт бичиг харуулж байгаа ч дутагдсан шалтгаант нөхцөл нь хулгайн үйлдлийн улмаас гарсан эрсдэл гэдэг нь нэхэмжлэгч талаас гаргасан баримтаар тогтоогдох боломжгүй тул “даатгал” ХХК нь “Даатгалын тохиолдол болсоныг нотлох боломжгүй” гэх үндэслэлээр нөхөн төлбөрийг олгохоос татгалзаж шийдвэрлэсэн.

Иймд хэргийн материалд авагдсан Санхүүгийн Зохицуулах Хорооны “...даатгалын тохиолдол болсон нь нотлогдохгүй байна” гэх дүгнэлт, нотлох баримтууд болох ачааг ачсан үеийн лац хийгдээгүй хяналтын камерын бичлэг, тухайн ачаанд тээвэрлэлтийн явцад зөрчил үүсээгүйг нотолсон баримт болон гэрчүүдийн мэдүүлгийг хэрэгт ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлэн, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.

 

6. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:

6.1. Даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4, гадаад ачаа тээврийн даатгалын гэрээний 1.3.5-д “даатгалын тохиолдол" гэж даатгуулсан зүйлд учирсан хохирол, тохиролцсон болзол бүрдэхийг ойлгоно” гэж заасан. Даатгуулсан зүйл буюу бараанаас 120 хайрцаг тамхи алга болж хохирол учирсан тул даатгалын гэрээнд заасан болзол бүрдсэн гэж үзнэ. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

6.2. Даатгалын тохиолдол гарсны дараа даатгалын нөхөн төлбөр гаргуулах хүсэлтээ холбогдох баримтуудын хамт “Л” ХХК-аар дамжуулж, “даатгал” ХХК-д хүргүүлсэн.

Даатгалын тухай хуулийн 8.4.4-т “шаардлагатай гэж үзвэл холбогдох мэргэжлийн байгууллагын гаргасан дүгнэлт, тодорхойлолт”, гадаад ачаа тээврийн даатгалын гэрээний 9.1.4-д “даатгагч шаардлагатай гэж үзсэн тохиолдолд хохирлын шалтгаан, хэмжээний талаар мэргэжлийн байгууллагын тодорхойлолт”, 9.1.8.1-д “шаардлагатай тохиолдолд цагдаагийн байгууллагын тодорхойлолт, гаалийн бүрдүүлэлтийн декларацийг нөхөн төлбөрийн материалд хавсаргана” гэж тус тус заасан. Хариуцагч талаас даатгалын нөхөн төлбөрийг шийдвэрлэх 4 сарын хугацаандаа нэмэлтээр баримт шаардаагүй атлаа шүүхэд ирсний дараа гаалийн бүрдүүлэлтийн деклараци, цагдаагийн байгууллагын тодорхойлолтыг өгөөгүй гэж маргаж байгаа нь үндэслэлгүй.

Манай компанийн хувьд даатгалын нөхөн төлбөрийн асуудлыг шийдвэрлэх хүртэл 650 хайрцаг тамхиа гаалийн байгууллагаас авч чадахгүй тодорхой хугацаа өнгөрсөн. Бизнесийн байгууллага, тамхи өөрөө хугацаатай бүтээгдэхүүн учир 650 авдар тамхиа гаалийн байгууллагаас авч худалдан борлуулах шаардлагатай байгаа талаар “Л” ХХК-аар дамжуулж “даатгал” ХХК-д хүсэлт хүргүүлсэн. Уг хүсэлтийг үндэслэж “даатгал” ХХК-аас бараагаа авахад татгалзах зүйлгүй гэсэн албан тоотыг Улаанбаатар хотын гаальд хүргүүлснээр бид бараагаа авч цагдаагийн байгууллагад хандах боломжгүй болсон. Өөрөөр хэлбэл, цагдаагийн байгууллагаар тухайн асуудлыг тодорхойлуулсан эсэхээс үл хамааран даатгалын тохиолдол үүссэн гэдгийг “даатгал” ХХК хүлээн зөвшөөрсөн агуулга харагдаж байна.

6.3. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлсэн. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар эрсдэл тээвэрлэгчид шилжсэнээс хойш 120 хайрцаг тамхи алга болсон учир даатгагчийн хариуцах ёстой хохирол учирсан.

6.4. Хариуцагчийн гомдолдоо дурдаж буй гэрчийн мэдүүлэг нь хариуцагчийн татгалзлыг нотлоогүй. Тухайлбал, гэрч Б.Б нь шүүх хуралдаанд “Глобал линк логистик бараа хүлээн авснаас хойш үүссэн эрсдэлийг манайх хариуцна” гэж, гэрч н.О “тээвэрлэгч компанид барааг шилжүүлэн өгснөөс хойш хүлээн авагч барааг хүлээн авах хүртэлх хугацаанд 120 хайрцаг тамхи алга болсон тул тээвэрлэлтийн явцад үүссэн хохирол гэж үзнэ” гэж тус тус мэдүүлсэн. Дээрх мэдүүлгээс үзэхэд хариуцагч талын татгалзлыг шууд нотолсон агуулга бүхий мэдүүлгийг өгөөгүй.

6.5. Нэхэмжлэлийн шаардлагаа нотлохоор гаргаж өгсөн ачилтын үеийн бичлэгт шүүх үзлэг хийсэн. Үзлэгийн явцад нэг талын хаалгыг лацдаад нөгөө талын хаалгыг лацдах үйлдэл хийгдэж байх үед агуулахын хаалга хаагдаж бичлэг нь дууссан. Тус бичлэгээс тухайн хаалгыг лацадсан, лацдаагүй гэж таамаглал дэвшүүлж маргах үндэслэлгүй, тогтоох боломжгүй. Лацдасны дараах зургийг бидэнд ирүүлсэн бөгөөд хэрэгт хавсаргасан. Мөн тээвэрлэгч талын ажилтнууд барааг ачилцах үед хамт байлцаж, тухайн барааг хүлээн авсан, хүлээлгэн өгсөн талаар акт үйлдэж, талууд гарын үсэг зурсан бичгийн нотлох баримт хэрэгт авагдсан. Хариуцагч талаас камер унтарсны дараа бараагаа авсан мэтээр таамаглал дэвшүүлж маргадаг. Хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлж шүүх шийдвэрлэсэн учир үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагч “даатгал” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянаж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж дүгнэв.

 

2. Нэхэмжлэгч “В” ХХК нь хариуцагч, “Л” ХХК-д тус тус холбогдуулан даатгалын гэрээний үүрэгт 66,391,465 төгрөгийг “даатгал” ХХК-аас, дутагдсан ачаанд ногдох тээврийн зардалд илүү төлсөн 3,162,665 төгрөгийг “Л” ХХК-аас тус тус гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч “Л” ХХК зөвшөөрч, хариуцагч “даатгал” ХХК эс зөвшөөрч маргажээ.

 

3.1. “В” ХХК болон “Л” ХХК-ийн хооронд 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр “Тээвэр зуучлалын үйлчилгээ үзүүлэх гэрээ” байгуулсан байна. Тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 413 дугаар зүйлийн 413.1 дэх хэсэгт зааснаар тодорхойлогдох худалдааны зуучлалын харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр байна.

 

3.2. “В” ХХК нь “Ж” компаниас 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 3 нэр төрлийн 770 хайрцаг тамхи худалдан авсан, уг 770 хайрцаг тамхийг “Л” ХХК-ийн хамтран ажилладаг тээвэр зуучийн “Г” компани 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр “Ж” компанийн агуулахаас хүлээн авч Казакстан улсаас Монгол улс руу тээвэрлэж, контейнер 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр “Т” ХХК-ийн талбайд ирсэн байх бөгөөд мөн оны 12 дугаар сарын 16-ны өдөр контейнерыг нээхэд 120 хайрцаг тамхи дутагдсан үйл баримтыг анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд зөв тогтоожээ.

 

4. Тээвэр зуучлалын үйлчилгээ үзүүлэх гэрээний 2.1.13-т зааснаар “В” ХХК-д даатгалын нөхцөлийг урьдчилан танилцуулж, тээвэрлэх 770 хайрцаг тамхи бүхий ачааг “Л” ХХК болон “даатгал” ХХК-ийн хооронд 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр байгуулагдсан “Гадаад тээврийн даатгалын гэрээ”-ний дагуу даатгуулсан талаар талууд маргаагүй. Тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 441 дүгээр зүйлийн 441.1 дэх хэсэгт заасан бусад этгээдэд ашигтайгаар даатгах даатгалын гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр байна.

 

4.1. Иргэний хуулийн 441 дүгээр зүйлийн 441.2 дахь хэсэгт “Ашиг сонирхол бүхий этгээд зөвхөн даатгалын баталгааг өөртөө авсан тохиолдолд даатгуулагчтай зөвшилцөхгүйгээр гэрээнд заасан эрхээ эдлэх буюу ийнхүү эрхээ хэрэгжүүлэхээр шүүхэд хандах эрхтэй” гэж заажээ.

Хариуцагч “Л” ХХК нь 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 0395/22 тоот албан бичгийг “В” ХХК-д илгээсэн бөгөөд уг албан бичигт даатгалын байгууллагатай даатгалын нөхөн төлбөрийг төлүүлэх хүсэлт гаргасан боловч даатгалын байгууллагаас татгалзсан хариу ирүүлснийг мэдэгджээ. Улмаар энэ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагч “Л” ХХК нь оролцохдоо нэхэмжлэгч “В” ХХК-ийг даатгалын нөхөн төлбөрийг авах эрхгүй гэж маргаагүй тул Иргэний хуулийн 441 дүгээр зүйлийн 441.2 дахь хэсэгт зааснаар даатгуулагч “Л” ХХК нь ашиг сонирхол бүхий этгээд болох “В” ХХК-д даатгалын гэрээнд заасан эрхээ эдлэхийг зөвшилцөж зөвшөөрсөн гэж дүгнэх учир нэхэмжлэгч нь даатгалын нөхөн төлбөрийг шаардах эрхтэй болно. 

 

4.2. Хариуцагч “даатгал” ХХК нь гадаад ачаа тээврийн даатгалын гэрээний 9.13.3-т зааснаар даатгалын тохиолдол болсоныг нотлох боломжгүй, түүнчлэн гэрээний 14.3.12.7.8-д зааснаар “Илгээгчээс ачааг дутуу илгээсэн, ачааны сав баглаа боодол, лац анхны илгээгчээс гарсан байдлаас өөрчлөгдсөн тохиолдолд ачаанд учирсан хохирол, түүний үр дагавар”-ыг хариуцахгүй гэх үндэслэлээр даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзсан.

“Гадаад ачаа тээврийн даатгалын гэрээ”-ний 14.3.1.2.7.8 дахь заалтад “... лац анхны илгээгчээс гарсан байдлаас өөрчлөгдсөн тохиолдолд ачаанд учирсан хохирол, түүний үр дагавар”-ыг даатгагч байгууллага нөхөн төлбөр олгохгүй гэж тохиролцжээ. 

Тамхи ачигдсан контейнерыг нээхэад лац хөдлөөгүй үйл баримтад талууд маргаагүй, лац анхны илгээгчээс гарсан байдлаас өөрчлөгдөөгүй болох нь 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн бараа хүлээлгэн өгсөн акт болон 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн бараа хүлээн авсан тухай акт, ачаа тээврийн дагалдах баримт бичгээр тус тус тогтоогдсон.

Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт зааснаар нөхөн төлбөр олгохгүй талаар тохиролцсон “Гадаад ачаа тээврийн даатгалын гэрээ”-ний 14.3.1.2.7.8 дахь заалтын “... лац анхны илгээгчээс гарсан байдлаас өөрчлөгдсөн тохиолдолд ачаанд учирсан хохирол, түүний үр дагавар” гэх нөхцлийг үгийн шууд утгаар тайлбарлавал лацанд өөрчлөлт ороогүй бол нөхөн төлбөр олгохоор тохиролцсон гэж дүгнэхээр байна.  

Иймд анхан шатны шүүх хариуцагч “даатгал” ХХК-аас 66,391,465 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “В” ХХК-д олгосон нь Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, 443 дугаар зүйлийн 443.1 дэх хэсэгт тус тус нийцжээ.

 

5. Хариуцагч “Л” ХХК-аас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдөр нэхэмжлэгч “В” ХХК-д дутагдсан ачаанд хамаарах зардал 3,165,665 төгрөгийг буцаан төлсөн тул анхан шатны шүүх хариуцагч “Л” ХХК-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 160.5 дахь хэсэгт нийцсэн.

 

6. Дээрх үндэслэлээр хариуцагч “даатгал” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтгэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.   

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 181/ШШ2023/02796 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч “даатгал” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч “даатгал” ХХК-аас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 489,907 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

   ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Г.ДАВААДОРЖ

 

          ШҮҮГЧ                                      Э.ЗОЛЗАЯА