Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 102/ШШ2023/01689

 

 

 

 

 

2023 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 102/ШШ2023/01689

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Э ХХК 

 

Хариуцагч: Г

 

Хариуцагч:Б

 

Нэхэмжлэлийн шаардлага: 2,318,916,000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогч:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б

Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнгөнсаран

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Хариуцагч Л.Б, Л.Г нарт холбогдох нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нэхэмжлэгч дараах байдлаар тайлбарласан. Үүнд:

Нэхэмжлэгч Э ХХК нь 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Л.Б болон Л.Г нартай Зээлээр техник худалдах-худалдан авах гэрээ байгуулсан. Уг гэрээгээр хариуцагч нар нь Э ХХК-ийн УБ, УБ улсын дугаартай, Hyundai r500 LC-7 маркын 2 ширхэг экскаваторыг 1 ширхэгийг 430,000,000 төгрөгөөр, нийт 860,000,000 төгрөгөөр худалдан авахаар болсон. Төлбөрийг хариуцагч нар 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн дотор урьдчилгаа 50,000,000 төгрөгийг бэлнээр төлөх, мөн Эрдэнэт хотод байрлах Л.Б-ын нэр дээрх Надежда хотхоноос 2 өрөө орон сууцыг 65,000,000 төгрөгт тооцон шилжүүлэх, үлдэх 745,000,000 төгрөгийг худалдан авагч тал 2019 оны 6 дугаар сарын 20-ны дотор 30,000,000 төгрөг, 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдөр 100,000,000 төгрөг, 2019 оны 7 дугаар сарын 25-ны дотор 270,000,000 төгрөг, 2019 оны 8 дугаар сарын 25-ны дотор 345,000,000 төгрөгөөр худалдагч талд төлж дуусгахаар болсон. Харин гэрээний 2.4-т Худалдан авагч төлбөрийг хугацаандаа төлөөгүй бол хөрөнгийг түрээсийн журмаар ашиглуулсанд тооцож нэг сарын нэг техникийн түрээсийн төлбөрт 45,000,000 төгрөгөөр тооцож, нийт нэг сарын 90,000,000 төгрөгөөр цаашид тооцож түрээсээр ажиллуулснаар худалдагч талд төлбөр төлнө гэж заасан. Мөн гэрээнд төлбөрийг заасан хугацаандаа төлөхгүй хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.5 хувийн алданги төлөхөөр тохиролцсон. Ингээд хариуцагч нар нэхэмжлэгчид Эрдэнэт хотод байрлах Л.Б-ын нэр дээрх Надежда хотхоноос 2 өрөө орон сууцыг 65,000,000 төгрөгт тооцож М.М гэж хүний нэр рүү шилжүүлсэн, мөн урьдчилгаа төлбөр дээр нэмж нийт 65,470,000 төгрөгийг түлшээр тооцож, нийтдээ 130,470,000 төгрөгийг төлсөн. Үүнээс өөр байдлаар хариуцагч нар ямар нэг төлбөр төлөөгүй, гэрээний үүргээ удаан хугацаанд биелүүлэхгүй явсан. Улмаар хариуцагч нар нь 30-42 УБ эксковаторыг ашиглах явцдаа шатааж, их хэмжээний эвдрэл гэмтэл, хохирол учруулсан юм.

Ингээд худалдах-худалдан авах гэрээ цаашдаа хэрэгжихгүй нь тодорхой болсон бөгөөд хариуцагч Л.Б нь 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Э ХХК-д хандаж ...зээлээр техник худалдах-худалдан авах гэрээнд заасны дагуу үүргээ биелүүлж чадаагүй тул хоёр экскаваторыг буцаан өгч, учирсан хохирлыг барагдуулах, эксковаторыг ашигласан түрээсийн болон засварын төлбөрийг төлж барагдуулах тухай баталгаа гаргаж өгсөн. Нэхэмжлэгчийн зүгээс 30-45 УБ улсын дугаартай эксковаторыг 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр акт үйлдэж хүлээлцсэн ба 30-42 УБ улсын дугаартай эксковаторыг уурхайгаас 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр компанийн зүгээс очиж өөрийн зардлаар ачиж авч ирсэн болно. Ингээд нэхэмжлэгч Э ХХК-ийн зүгээс хариуцагч Л.Б, Л.Г нарт холбогдуулж дараах шаардлагуудыг гаргасан. Үүнд:

1/ 1,480,530,000 төгрөгийн шаардлага: 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн №03/05.19 тоот Зээлээр техник худалдах-худалдан авах гэрээ-ний дагуу хариуцагч төлбөрөө тогтоосон хугацаанд бүрэн төлөөгүй учир тус гэрээний 2.5 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч нарын гэрээний дагуу хүлээсэн үүрэг нь түрээсийн гэрээ болж өөрчлөгдсөн. Иймд 30-45 УБ улсын дугаартай, Hyundai r500 LC-7 маркын эксковаторын гэрээ байгуулан хүлээлгэж өгсөн 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдрөөс 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл хугацааны түрээсийн төлбөр нь 711,000,000 төгрөг болсон. Харин 30-42УБ улсын дугаартай, Hyundai r500 LC-7 маркын эксковаторын 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл хугацааны түрээсийн төлбөр нь 900,000,000 төгрөг, нийт 1,611,000,000 төгрөг болсон. Үүнээс хариуцагч нараас гэрээний дагуу шилжүүлэн өгсөн 65,000,000 төгрөгийн үнэ бүхий орон сууц /Эрдэнэт хотод байрлах Л.Б-ын нэр дээрх Надежда хотхонд байх 2 өрөө орон сууц/, 65,470,000 төгрөгийн үнэ бүхий түлш, нийт 130,470,000 төгрөгийг хасахад түрээсийн үлдэгдэл нь 1,480,530,000 төгрөг болно. Уг мөнгийг хариуцагч нараас гаргуулна.

2/ 98,121,000 төгрөгийн шаардлага: Хариуцагч нар 30-42УБ улсын дугаартай, Hyundai r500 LC-7 маркын эксковаторыг ашиглах явцдаа шатааж, их хэмжээний эвдрэл, хохирол учруулсан. Иймд уг эксковаторыг засварлахад зарцуулсан 89,121,000 төгрөг, эксковаторыг уурхайгаас нь очиж тээвэрлүүлэхэд төлсөн 9,000,000 төгрөг, нийт 98,121,000 төгрөгийг хариуцагч нараас нэхэмжилнэ.

3/ Алданги 740,265,000 төгрөгийн шаардлага: 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн №03/05.19 тоот Зээлээр техник худалдах-худалдан авах гэрээ-ний үүргээ хариуцагч нар хугацаанд нь биелүүлээгүй. Ийм учраас гэрээний 3.4 дэх заалтын дагуу 740,265,000 төгрөгийн алдангийг нэхэмжилж байна. Бид алдангийг үүргээ гүйцэтгээгүй хугацаанаас тоолсон болно.

Хариуцагч Л.Бын гэрээг Л.Г байгуулсан болохоос би гэрээг байгуулаагүй гэж байгаа нь үндэслэлгүй. Учир нь Л.Б болон Л.Г нар нь ах дүү бөгөөд бичил уурхай хамтдаа эрхэлдэг. Хэдийгээр нэхэмжлэгч нь 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн №03/05.19 тоот Зээлээр техник худалдах-худалдан авах гэрээ-г Л.Гтай бичгээр байгуулсан боловч Л.Б нь гэрээг давхар амаар байгуулсан болох нь хэрэгт авагдсан №03/05.19-1 тоот Нэмэлт гэрээ-гээр, түүний хийж өгсөн акт, мөн бусад бичгийн баримтуудаар нотлогддог. Өөрөө ч гэсэн энэ талаар шүүхэд тайлбарыг өмнө нь өгч байсан, маргаж байгаагүй.

 

2. Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй. 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдөр №03/05.19 тоот Зээлээр техник худалдах-худалдан авах гэрээ-г нэхэмжлэгчтэй байгуулж 30-42 УБ, 30-45 УБ улсын дугаартай, 2 ширхэг эксковаторыг зээлээр худалдан авсан. Учир би Булган аймгийн Бүрэгхангай суманд бичил уурхайн ажил эрхлэх үүднээс 2 эксковаторыг худалдаж авахаар болсон. Гэрээг байгуулах үед би өөрөө хөдөө байсан учир дүү Г очиж гэрээнд гарын үсэг зурсан. Урьдчилгаа төлбөрт нийт 130,470,000 төгрөгийн үнэ бүхий орон сууц болон түлш өгсөн. Ингээд Булган аймаг, Бүрэгхангай сумын нутагт 2 эксковаторыг ажиллуулсан. Хоёр экскаваторыг 2019 оны 5 дугаар сард худалдан авсан боловч ажиллах газартаа 2019 оны 7 дугаар сарын 30-ны өдөр зөөж аваачсан ба 2019 оны 8 дугаар сарын 01-нд уурхайн ажил эхэлсэн. Ер нь бол 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн №03/05.19 тоот Зээлээр техник худалдах-худалдан авах гэрээ-ний оролцогч нь Л.Б биш тул уг гэрээний үүргийг хариуцахгүй. Нэхэмжлэгч нь бидний хүлээж авсан 2 эксковаторыг бусдад худалдах буюу захиран зарцуулах эрхгүй байсан. Учир нь уг 2 техник нь Капитрон банкны барьцаанд байсан. Мөн 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн №03/05.19 тоот Зээлээр техник худалдах-худалдан авах гэрээ-ний 2.5, 2.6 дахь заалтууд нь хуульд нийцээгүй, байгуулагдсан цагаасаа хойш хүчин төгөлдөр бус, тэгээд ч уг гэрээг нэхэмжлэгч нь биднийг хуурч мэхлэх замаар хийсэн гэж үзэж байгаа. Бид нар худалдааны гэрээ байгуулсан болохоос ямар ч түрээсийн гэрээ байгуулаагүй. Хэрэгт авагдсан 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн №02/20 тоот Эксковатор хүлээлцэх акт, 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн Баталгаа гаргах тухай бичгийн баримтуудад би гарын үсэг зураагүй, ийм баримтуудыг үйлдэж байснаа мэдэхгүй байна гэжээ.

 

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Капитрон банк ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: Манай банк Э ХХК-тай 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдөр 3003-2018/65 тоот зээлийн гэрээ байгуулж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах эд хөрөнгө өмчлөх гэрээг байгуулсан. Уг гэрээгээр 30-42 УБ, 30-45 УБ дугаартай 2 ширхэг эксковаторыг  банк түр нэр дээрээ шилжүүлэн авсан. Э ХХК зээлийн гэрээний үүргийг биелүүлэхийн тулд 2019 оны 5 дугаар сарын 19-ний өдөр зээлээр худалдах худалдан авах гэрээ байгуулсан. Энэ гэрээний үүргийн гүйцэтгэлийн үр дүнд банкны зээлийн гэрээ давхар биелэх боломжтой гэрээ байсан тул гэрээг нь дэмжиж ажилласан. Банк фидуцийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардан Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан ба тус шүүхийн шүүгчийн 2019 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 182/ШШ2019/01211 дүгээр захирамжаар Э ХХК 1,453,654,360 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь дэмжиж байна гэжээ.  

 

4. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд О. шүүхэд гаргасан тайлбартаа: Э ХХК нь хариуцагч нараас зээлээр худалдах-худалдан авах гэрээний үүрэг шаарджээ.Энэхүү гэрээний харилцаанд миний бие оролцоогүй, ямар нэг эрх, үүрэг хүлээгээгүй, талуудын хооронд үүссэн маргаанд хамааралгүй. Энэхүү маргааныг эцэслэн шийдвэрлэсэн тохиолдолд шүүхээс гарах шийдвэр нь миний хууль ёсны эрх, ашигт нөлөөлөхгүй гэж үзэж байна гэжээ.

 

5. Нэхэмжлэгчийн зүгээс дараах нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: компанийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /1 хавтас, 6/, компанийн дүрмийн хуулбар /1 хавтас, 7-10/, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхийн газрын 2021 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 04Б/475 тоот албан бичиг, хавсралт /1 хавтас, 11-12/, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 182/ШШ2019/01025 дугаар Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжийн хуулбар /1 хавтас, 13-16/, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 182/ГХ2019/00599 дүгээр Шүүхийн гүйцэтгэх хуудасны хуулбар /1 хавтас, 17/, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 182/ШШ2019/01211 дүгээр Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжийн хуулбар /1 хавтас, 18-19/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 20300448/121-1 тоот Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолын хуулбар /1 хавтас 20-21/, Голомт банкны дансны хуулга /1 хавтас 22/, Худалдаа хөгжлийн банкны дансны хуулга /1 хавтас 23/, Капитрон банкны депозит дансны хуулга /1 хавтас 24/, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1 хавтас 25/, Э ХХК-ийн 2019 оны санхүүгийн тайлан /1 хавтас 26-28/, Э ХХК-ийн 2020 оны 4 дүгээр улирлын санхүүгийн тайлан /1 хавтас 29-33/, 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн Давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээний хуулбар /1 хавтас 34/, Бага-наймганы уурхайн баруун болон зүүн хана нурсан талаарх актууд /1 хавтас 35-39/, фото зургууд /1 хавтас 40-42/, Төв аймгийн Заамар сумын Засаг даргын 2019 оны 6 дугаар сарын 25-ны өпотйг 4/222 тоот албан бичгийн хуулбар /1 хавтас 43/, Төв аймгийн Заамар сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 2019 оны 4 дүгээр сарын 09-ний 19-04-312/07 тоот албан бичгийн хуулбар /1 хавтас 44/, 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 19-04-312/27 тоот албан бичгийн хуулбар /1 хавтас 45/, шүүхэд төлөлөөх итгэмжлэл /1 хавтас 46/, 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 03/05.19 тоот Зээлээр техник худалдах, худалдан авах гэрээ / 1 хавтас 47-48/, Эксковатор хүлээлцэх акт /1 хавтас 49-50/, 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн Баталгаа гарах тухай бичгийн баримт /1 хавтас 51-52/, зарлагын баримтууд /1 хавтас 53-62/, Экскэватор тээвэрлэж ирсэн болон засвар хийсэн зардлын баримт /1 хавтас 63/, Капитрон банк ХХК-ийн 2021 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 13/183 тоот албан бичиг /1 хавтас 64/, Капитрон банк ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /1 хавтас 65/, 2018 оны 6 дугаар сарын21-ний өдрийн №3003/2018/65-5 тоот Фидуцийн гэрээ-ний хуулбар /1 хавтас 66-67/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Эвлэрэрүүлэн зуучлагчийн 2021 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 100 тоот Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэгдэл /1 хавтас 68-70/, Э ХХК-ийн 2020 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 01/030 тоот мэдэгдэл /1 хавтас 168/,

 

6. Хариуцагч нарын зүгээс дараах нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: шүүхэд төлөөлөх итгэмжлэл /1 хавтас 81/, О.ын хүсэлтийн хуулбар /1 хавтас 111-112, 116-117/, О.-Л.Б нарын бэлэн мөнгөний тооцоо нийлсэн бичгийн баримт /1 хавтас 113/, 2019 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 2 тоот бичиг уурхан нөхөрлөлтэй байгуулах гэрээний хуулбар /1 хавтас 118-122/, 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 02/2019 тоот Хөрөнгө оруулж, хамтран ажиллах гэрээ-ний хуулбар /1 хавтас 123-129/, нэмэлт гэрээний хуулбар /1 хавтас 180/, Суварга ойл ХХК-ийн 2021 оны 9 дүгээр арын 005 тоот гомдол /1 хавтас 181-183/, 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 21/01 тоот хүсэлт /1 хавтас 134/, 2021 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 21/03 тоот хүсэлт /1 хавтас 135/, 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 004 тоот гомдол /1 хавтас 136137/, Булган аймгийн Прокурорын газрын 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 4/146 тоот хариу мэдэгдэх хуудас /1 хавтас 138/, Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Гал түймрийн улсын хяналтын байцаагчийн 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 31/02/18 тоот Гал түймэр гарсан тухай актын хуулбар /1 хавтас 168/, Хаан банкны депозит дансны хуулга /1 хавтас 170/.

 

7. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Капитрон банк ХХК-ийн зүгээс дараах нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн фидуцийн гэрээний хуулбар /1 хавтас 171-172/.

 

8. Нэхэмжлэгчийн хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шүүхийн зүгээс бүрдүүлсэн үүнд: Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /2 хавтас 43-63/

 

9. Ц.Боос гэрчийн мэдүүлэг авсан /1 хавтас 178-181/.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

2019 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Э ХХК болон Л.Г нар №03/05.19 тоот Зээлээр техник худалдах-худалдан авах гэрээ байгуулжээ. Уг гэрээгээр талууд дараах гол нөхцөлүүдийг харилцан тохирсон байна. Үүнд:

1/ Э ХХК нь 30-42УБ, 30-45 УБ улсын дугаартай, Hyundai r500 LC-7 маркын 2 ширхэг эксковаторыг 1 ширхэгийг 430,000,000 төгрөгөөр, нийт 860,000,000 төгрөгөөр худалдан авагч тал болох Л.Гт худалдана /гэрээний 1.1, 1.2, 1.3, 2.1, 2.2 заалтууд/;

2/ Нийт төлбөрөөс худалдан авагч тал худалдагчид 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн дотор урьдчилгаанд 50,000,000 төгрөгийг бэлнээр төлнө /гэрээний 2.3, 2.4 заалтууд/;

3/ Эрдэнэт хотод байрлах Л.Бын нэр дээрх Надежда хотхоноос 2 өрөө орон сууцыг худалдан авч буй талын өөрийн сонгосон байрыг 65,000,000 төгрөгт тооцон шилжүүлнэ /гэрээний 2.3, 2.4 заалтууд/;

4/ Үлдэх 745,000,000 төгрөгийг худалдан авагч тал 2019 оны 6 дугаар сарын 20-ны дотор 30,000,000 төгрөг, 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдөр 100,000,000 төгрөг, 2019 оны 7 дугаар сарын 25-ны дотор 270,000,000 төгрөг, 2019 оны 8 дугаар сарын 25-ны дотор 345,000,000 сая төгрөгөөр худалдагч талд төлж дуусгана/гэрээний 2.4 заалт/;

5/ Худалдан авагч төлбөрийг хугацаандаа төлөөгүй бол хөрөнгийг түрээсийн журмаар ашиглуулсанд тооцож нэг сарын нэг техникийн түрээсийн төлбөрт 45,000,000 төгрөгөөр тооцож, нийт нэг сарын 90,000,000 төгрөгөөр цаашид тооцож түрээсээр ажиллуулснаар худалдагч талд төлбөр төлнө /гэрээний 2.5 заалт/.

6/ Худалдан авагч тал төлбөрийг барагдуулснаар техникийн нэрийг шилжүүлнэ.

 

2021 оны 7 дугаар сарын 28-ны өдөр нэхэмжлэгч Э ХХК нь хариуцагч Л.Г, Л.Б нарт холбогдуулж нийт 2,318,916,000 төгрөгийг гаргуулахаар шүүхэд хандсан ба шаардлага тус бүрийн задаргааг дараах байдлаар тайлбарлав. Үүнд:

 

1/ 1,480,530,000 төгрөгийн шаардлага:

 

Дээрх шаардлагын үндэслэлээ нэхэмжлэгч ...2019 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн №03/05.19 тоот Зээлээр техник худалдах-худалдан авах гэрээ-ний дагуу хариуцагч төлбөрөө тогтоосон хугацаанд бүрэн төлөөгүй учир тус гэрээний 2.5 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч нарын гэрээний дагуу хүлээсэн үүрэг /түрээс болж/ өөрчлөгдсөн. Иймд 30-45 УБ улсын дугаартай, Hyundai r500 LC-7 маркын эксковаторын 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдрөөс 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл хугацааны түрээсийн төлбөр 711,000,000 төгрөг, 30-42УБ улсын дугаартай, Hyundai r500 LC-7 маркын эксковаторын 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл хугацааны түрээсийн төлбөр 900,000,000 төгрөг, нийт 1,611,000,000 төгрөг болсон. Үүнээс хариуцагч нараас гэрээний дагуу шилжүүлэн өгсөн 65,000,000 төгрөгийн үнэ бүхий орон сууц /Эрдэнэт хотод байрлах Л.Бын нэр дээрх Надежда хотхонд байх 2 өрөө орон сууц/, 65,470,000 төгрөгийн үнэ бүхий түлш, нийт 130,470,000 төгрөгийг хасахад түрээсийн үлдэгдэл нь 1,480,530,000 төгрөг болно гэж тайлбарласан.

 

2/ 98,121,000 төгрөгийн шаардлага:

 

Дээрх шаардлагын үндэслэлээ нэхэмжлэгч ...хариуцагч нар 30-42УБ улсын дугаартай, Hyundai r500 LC-7 маркын эксковаторыг ашиглах явцдаа шатааж, их хэмжээний эвдрэл, хохирол учруулсан. Иймд уг эксковаторыг засварлахад зарцуулсан 89,121,000 төгрөг, эксковаторыг уурхайгаас нь очиж тээвэрлүүлэхэд төлсөн 9,000,000 төгрөг, нийт 98,121,000 төгрөгийг хариуцагч нараас нэхэмжилнэ гэж тайлбарласан.

 

3/ Алданги 740,265,000 төгрөгийн шаардлага:

 

Дээрх шаардлагын үндэслэлээ нэхэмжлэгч ...2019 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн №03/05.19 тоот Зээлээр техник худалдах-худалдан авах гэрээ-ний үүргээ хариуцагч нар хугацаанд нь биелүүлээгүй тул уг гэрээний 3.4 дэх хэсэгт заасны дагуу алдангийг гаргуулна. Алдангийг үүргээ гүйцэтгээгүй хугацаанаас тоолсон гэж тайлбарласан.

 

Шүүх хуралдаанд хариуцагч нарын зүгээс өөрсдийн татгалзлаа ...2019 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн №03/05.19 тоот Зээлээр техник худалдах-худалдан авах гэрээ-ний оролцогч нь Л.Б биш тул уг гэрээний үүргийг хариуцахгүй, ... Капитрон банкны зүгээс 2 эксковаторыг бусдад худалдах буюу захиран зарцуулах эрхийг нэхэмжлэгчид олгоогүй, ...2019 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн №03/05.19 тоот Зээлээр техник худалдах-худалдан авах гэрээ-ний 2.5, 2.6 дахь заалтууд нь хуульд нийцээгүй, байгуулагдсан цагаасаа хойш хүчин төгөлдөр бус, ...2019 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн №03/05.19 тоот Зээлээр техник худалдах-худалдан авах гэрээ-г биднийг хууран мэхэлж хийлгэсэн гэсэн агуулгаар тайлбарлаж байна.

Нэг. Гэрээний талууд:

 

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчид өөрийн шаардлага болон татгалзлаа нотлох, нотлох баримтаа шүүхэд цуглуулж өгөх үүрэгтэй ба энэхүү үүргийнхээ хүрээнд гэрч асуулгах, шинжээч томилуулах, үзлэг болон туршилт хийлгэх, шүүхийн журмаар нотлох баримт гаргуулах зэрэг эрхүүдийг эдэлдэг.

 

Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч Л.Б болон Л.Г нар нь 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн №03/05.19 тоот Зээлээр техник худалдах-худалдан авах гэрээ-ний оролцогч мөн гэх тайлбараа нотлох үүднээс хэрэгт дараах баримтуудыг өгсөн. Үүнд:

 

1. №03/05.19-1 тоот Нэмэлт гэрээ. Гэрээг Э ХХК болон Л.Б нар байгуулсан бөгөөд талууд дараах гол нөхцөлүүдийг харилцан тохирчээ. Үүнд:

1/ Талуудын хооронд байгуулсан 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн №03/05.19 тоот Зээлээр техник худалдах-худалдан авах гэрээ-нд нэмэлт өөрчлөлт оруулахаар энэхүү гэрээг байгуулав.

2/ Төв аймгийн Заамар суманд байрлах Тод алт уурхай буюу түрээслэгчээс өөрөөс нь шалтгаалсан бичиг баримтын бүрдэл дутуу, хууль бус үйл ажиллагаа явуулсан зэрэг түрээслүүлж буй уурхайтай холбоотой асуудлаас болж улсаас үйл ажиллагааг зогсоох, техник хэрэгсэл хураагдах болон удаан хугацаагаар лацдуулах зэрэг ямар нэг асуудлаас болж манай техникт учирсан хохирлыг тухайн техникийн үнэ болох нэг техникийн үнэ 430,000,000 төгрөгөөр тооцож, нийт 2 техникийг 860,000,000 төгрөгөөр тооцож хохирлыг бүрэн төлж барагдуулна.

 

2. 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн №02/20 тоот Эксковатор хүлээлцэх акт /1 хавтас, хх49/. Уг актыг нэг талаас Э ХХК-ийг төлөөлж Д.М, нягтлан бодогч Б.Мөнхзул, хуульч Б.Баясгалан, нөгөө талаас Л.Б, мөн засварчин Г нар үйлдсэн гэж тодорхойлсон. н.Г, Л.Б, Д.М нар гарын үсгээ зурсан ба дараах агуулга бүхий нөхцөл байдлыг баримтжуулсан. Үүнд:

1/ Эксковаторын засварын зардал, ажлын хөлс орсон үнэ 193,109,200 төгрөг болно.

2/ ...харагдах байдал: гадна талаасаа галд шатсан, ...мотор солих, хөдөлгүүрийн компьютер солих шаардлагатайг талууд зөвшилцөв....

3/ ...Л.Б моторыг засаж холбоод ойрын өдрүүдэд Заамар суманд байгаа 30-42 УБ эксковаторыг засварчин н.Гд хүлээлгэж өгнө. Өгөхдөө Л.Б моторыг тавьж асааж өгнө. Трайлерыг н.Г гаргана. 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдрөөс 19-ний өдрийн хооронд моторыг засч асааж өгнө, ...засварчин н.Гийн засвар дээр орж ирэхэд бэлэн болгоно.

4/ ...30-42 УБ эксковаторын моторт н.Г баталгаа өгөхгүй болно.

 

3. 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн хариуцагч Л.Бын Э ХХК-д Баталгаа гаргах тухай бичгийн баримт. Уг баримтад дараах утга бүхий зүйлс бичигджээ. Үүнд: ...Миний бие Л овогтой Б өөрийн төрсөн дүү Л овогтой Г бид 2 Э ХХК-тай 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Hyundai r500 LC-7 /30-42УБ, 30-45УБ/ улсын дугаартай 2 ширхэг эксковаторуудыг зээлээр худалдах-худалдан авах 02/05.19 тоот гэрээний нөхцөлийг тохирч гэрээ байгуулсан. Гэрээнд гарын үсэг зурах үед би Заамар суманд байсан тул дүү Л.Г гарын үсэг зурж, миний бие Заамар суманд байрлах Э ХХК-ийн уурхайгаас өөрийн биеэр очиж 2 эксковаторуудыг хүлээн авсан. 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдөр би хотод ирж Э ХХК-ийн оффист 03/05.19-1 тоот нэмэлт гэрээг байгуулсан болно. Өнөөдрийг хүртэл миний бие болон миний дүү Л.Г нь зээлээр техник худалдах-худалдан авах 02/05.19 гэрээнд заасан үүргээ биелүүлж чадаагүй тул дээрх 2 ширхэг эксковаторуудыг Э ХХК-д хүлээлгэн өгөхөөр тохиролцов. 30-45УБ дугаартай нэг эксковаторыг галд шатаасан, их хэмжээний засвар орох тул мэргэжлийн компаниар оношилгоо, засвар, үнэлгээг хийлгэж гарсан дүнгээр хохирлыг барагдуулах болно. 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл эксковаторыг ашигласан түрээсийн төлбөр, тоног төхөөрөмж, засвар үйлчилгээ хийж болон бусад төлбөр, хохирлыг бүрэн төлж барагдуулна. Техникийг хүлээлгэн өгөхөд Э ХХК төлөөлөгч нар Л.Б миний бие акт үйлдэн хүлээлцэн, эвдрэл гэмтлийг баримтжуулж, мэргэжлийн газраар дүгнэлт, оношилгоо хийлгэн хүлээлгэн өгөв гэжээ.

 

4. 2021 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн №100 дугаартай Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагчийн Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусавар болсон тухай тэмдэглэл /1 хавтас, 68 хуудас/.

 

Дээрх тэмдэглэлд хариуцагч Л.Б ...Э ХХК-ийн захирал бид 2 найзууд бөгөөд уулзаж ярилцсан. Би хөдөө орон нутагт алтны уурхай ажиллуулах зөвшөөрөлтэй, тухайн орон нутгаас үйл ажиллагаа явуулахыг зогсоосон, уг бичиг баримтыг Э ХХК-ийн захирал хамт хөөцөлдөж бүтээж өгье гэсэн. Түүний хэлсэнчлэн үйл ажиллагаа хэвийн явагдаж эхэлбэл түүнээс олсон орлогоосоо нэхэмжилсэн мөнгөн дүнг төлөх боломжтой байдлаар ярилцсан. Түүнээс биш би өнөөдөр хугацаа тохирч мөнгөн дүнг төлөх боломжгүй байна гэсэн тайлбарыг эвлэрүүлэн зуучлах ажиллагааны явцад өгсөн талаар тусгагджээ.

 

Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д Иргэний эрх зүйн харилцаа дараахь үндэслэлээр үүснэ, 8.1.1-д хуульд заасан буюу заагаагүй боловч агуулгын хувьд хуульд үл харшлах хэлцэл, 39 дүгээр зүйлийн 39.1-д Иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл /эс үйлдэхүй/-г хэлцэл гэнэ, 43 дугаар зүйлийн 43.1-д Амаар хийх хэлцлийг дараахь тохиолдолд хийсэн гэж үзнэ, 43.1.1-д хэлцлийн гол нөхцөлийн талаар талууд хэлэлцэн тохиролцсон гэжээ.

 

Мөн Иргэний хэргийн оролцогчдоос хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан тайлбар нотлох баримтаар үнэлэгдэхийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 25.2.2, 37 дугаар зүйлийн 37.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсгүүдэд заасан.

 

Дээр дурдсан баримтуудыг, хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Бын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан тайлбарууд, мөн шүүх хуралдаанд гаргасан ...би Булган аймгийн Бүрэгхангай сумын нутагт бичил уурхайн ажил эрхлэх үүднээс 2 эксковаторыг худалдаж авахаар болсон, ...өөрөө хөдөө байсан учир дүү Г очиж гэрээг байгуулсан гэх тайлбартай харьцуулан судлахад 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн №03/05.19 тоот Зээлээр техник худалдах-худалдан авах гэрээ нь Э ХХК болон Л.Б, Л.Г нарын хооронд байгуулагдсан ба талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн, уг гэрээ нь хуулийн хүчин төгөлдөр байна гэж шүүхээс дүгнэлээ.

 

Шүүх хуралдаанд хариуцагч Л.Б ...2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн №02/20 тоот Эксковатор хүлээлцэх акт, 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн Э ХХК-д Баталгаа гаргах тухай бичгийн баримтуудад би гарын үсэг зураагүй, ийм баримтуудыг үйлдээгүй гэж маргасан. Гэвч хариуцагч өмнө нь буюу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад энэ талаар маргаагүй, эдгээр баримтууд хүчин төгөлдөр, хуульд нийцсэн эсэхийг шалгуулах тухай холбогдох хүсэлтүүдийг шүүхэд гаргаж байгаагүй болно.

 

Хоёр. Гэрээний хүчин төгөлдөр байдал:

 

2019 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн №03/05.19 тоот Зээлээр техник худалдах-худалдан авах гэрээ-ний 2.4-т 2019 оны 6 дугаар сарын 20-ны дотор 30,000,000 төгрөг, 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдөр 100,000,000 төгрөг, 2019 оны 7 дугаар сарын 25-ны дотор 270,000,000 төгрөг, 2019 оны 8 дугаар сарын 25-ны дотор 345,000,000 сая төгрөгөөр худалдагч талд төлж дуусгана, 2.5-д Худалдан авагч төлбөрийг хугацаандаа төлөөгүй бол хөрөнгийг түрээсийн журмаар ашиглуулсанд тооцож нэг сарын нэг техникийн түрээсийн төлбөрт 45,000,000 төгрөгөөр тооцож, нийт нэг сарын 90,000,000 төгрөгөөр цаашид тооцож түрээсээр ажиллуулснаар худалдагч талд төлбөр төлнө гэж тус тус заасан.

 

Дээр дурдсанчлан хариуцагч ...2019 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн №03/05.19 тоот Зээлээр техник худалдах-худалдан авах гэрээ-ний 2.5, 2.6 дахь заалтууд нь хуульд нийцээгүй, байгуулагдсан цагаасаа хойш хүчин төгөлдөр бус, ...гэрээг биднийг хууран мэхэлж хийлгэсэн, ...банкнаас зөвшөөрөл авалгүй гэрээ хийсэн гэж татгалзлаа тайлбарласан ба энэхүү тайлбар үндэслэл муутай гэж үзэв. Учир нь:

 

1. Байгуулагдсан цагаасаа хүчин төгөлдөр байх үндэслэлгүй хэлцлийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлд жагсаан бичсэн ба мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл, 56.1.8-д хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэсэн байна.

 

2019 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн №03/05.19 тоот Зээлээр техник худалдах-худалдан авах гэрээ-ний 2.4 дэх заалтаар талууд төлбөр төлөх хугацаа-г, харин 2.5 дахь заалтаар үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүйгээс бий болох эрсдлийн үеийн хохирлын хэмжээг хэрхэн тооцох агуулгаар урьдчилан тохиролцсон гэж үзэхээр байх бөгөөд ийнхүү тохиролцсон явдал нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсгийг зөрчөөгүй байна.

 

2. Хэрэгт Капитрон банк ХХК-ийн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлалд хандсан 2021 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 13/183 тоот Хүсэлт гаргах тухай албан бичиг авагдсан. Уг албан бичигт дараах мэдээлэл тусгагджээ. Үүнд:

... Э ХХК нь манай банктай 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдөр 3003-2018/65 тоот зээлийн гэрээ байгуулсан бөгөөд үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдөр 3003-2018/65-5 тоот Эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/-г байгуулсан. Уг гэрээгээр Э ХХК-ийн өмчлөлийн Hyundai r500LC-7, crawler маркийн, ННIHNВ02РВ0000510, ННIНNВ02КВ0000508 арлын дугаартай, 3042 УБ, 3045 УБ улсын дугаартай 2 ширхэг эксковаторыг үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор харилцан тохиролцож банкны өмчлөлд түр шилжүүлсэн болно. Э ХХК нь дээрх 2 эксковаторыг худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангах талаар манай банкинд мэдэгдсэн бөгөөд банкны зүгээс зөвшөөрөл олгосны дагуу Л.Г, Л.Б нарт худалдаж, 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Зээлээр худалдах худалдан авах гэрээ-г байгуулсан. Худалдан авагч нарын зүгээс худалдах-худалдан авах гэрээний дагуу төлбөрийг төлж барагдуулахгүй үүргийн гүйцэтгэлийг хангуулахад саад учруулж байна гэж үзэж байна. Иймд Э ХХК нь уг Зээлээр худалдах худалдан авах гэрээ-ний дагуу Л.Г, Л.Б нараас төлбөр гаргуулахаар эвлэрүүлэн зуучлалын журмаар болон шүүхийн журмаар маргааныг шийдвэрлүүлэхэд гуравдагч этгээд болох Капитрон банкны эрх ашигт сөргөөр нөлөөлөхгүй гэж үзэж байгаа тул татгалзах зүйлгүй болно гэжээ.

 

Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Капитрон банк ХХК-ийг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр татан оролцуулсан ба тус банкнаас ... Э ХХК-тай 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдөр 3003-2018/65 тоот зээлийн гэрээ байгуулж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах эд хөрөнгө өмчлөх гэрээг байгуулсан. Уг гэрээгээр 30-42 УБ, 30-45 УБ дугаартай 2 ширхэг эксковаторыг  банк түр нэр дээрээ шилжүүлэн авсан. Э ХХК зээлийн гэрээний үүргийг биелүүлэхийн тулд 2019 оны 5 дүгээр сарын 19-ний өдөр зээлээр худалдах худалдан авах гэрээ байгуулсан. Энэ гэрээний үүргийн гүйцэтгэлийн үр дүнд банкны зээлийн гэрээ давхар биелэх боломжтой гэрээ байсан тул гэрээг дэмжиж ажилласан. ...ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь дэмжиж байна гэсэн тайлбарыг өгсөн.

 

Дээрх бичгийн баримтыг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь тайлбар, байр суурьтай харьцуулан судлахад хариуцагчийн ...2019 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн №03/05.19 тоот Зээлээр техник худалдах-худалдан авах гэрээ нь хүчин төгөлдөр бус, учир нь нэхэмжлэгч нь банкнаас зөвшөөрөл авалгүйгээр хариуцагчтай хэлцэл хийсэн гэх татгалзал үндэслэлгүй.

 

3. Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д Хэлцэл хийх зорилгоор бусдыг хууран мэхэлсэн бол мэхлэгдсэн этгээд уг хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шаардах эрхтэй. Энэ тохиолдолд хууран мэхэлсэн этгээд ашиг хонжоо олох, эсхүл мэхлэгдсэн этгээдэд гэм хор учруулах зорилготой байсан эсэх нь хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцоход нөлөөлөхгүй гэжээ.

 

Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заагдсан хэлцлүүд заавал шүүхээр хүчин төгөлдөр бус гэж тогтоогдох шаардлагагүй. Учир нь хуулиар тогтоосон журмыг зөрчиж хийсэн хэлцэл анхнаасаа хүчин төгөлдөр байна.

 

Харин Иргэний хуулийн 59 дүгээр зүйлд заагдсан хэлцэл нь шүүхийн шийдвэрийн үндсэн дээр хүчин төгөлдөр бус гэж тооцогдох бөгөөд сонирхогч этгээд энэ зүйлд заасан хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах үндэслэл байгааг мэдсэнээс хойш нэг жилийн дотор нөгөө талдаа гомдлын шаардлага гаргах эрхтэй.

 

Хариуцагч нарын зүгээс 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн №03/05.19 тоот Зээлээр техник худалдах-худалдан авах гэрээ-г Иргэний хуулийн 59 дүгээр зүйлд заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бус гэж тооцуулах шаардлага гаргаагүйгээс гадна хэрэгт цугларсан баримтуудаар хариуцагч нарын ...гэрээг хууран мэхэлж байгуулсан гэх татгалзал тогтоогдохгүй байна.

 

Гурав.

 

2019 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн №03/05.19 тоот Зээлээр техник худалдах-худалдан авах гэрээ нь хүчин төгөлдөр учир нэхэмжлэгч уг гэрээний үүргийг хариуцагч нараас шаардах эрхтэй. Харин шүүхээс зохигчийн тайлбаруудыг хэрэгт цугларсан баримтуудтай харьцуулан судлаад нэхэмжлэлийн шаардлагуудын зарим хэсгийг дараах үндэслэлүүдээр хангаж шийдвэрлэв. Үүнд:

 

1/ 1,480,530,000 төгрөгийн шаардлага:

 

Хариуцагч нарын зүгээс 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн №03/05.19 тоот Зээлээр техник худалдах-худалдан авах гэрээ-ний дагуу нэхэмжлэгчид 65,000,000 төгрөгийн үнэ бүхий орон сууц, 65,470,000 төгрөгийн түлш, нийт 130,470,000 төгрөгийг төлсөн талаар маргаангүй.

 

Хэрэгт цугларсан баримтуудаас үзэхэд хариуцагч нар дээр дурдсанаас өөр төлбөрийг төлөөгүй байх бөгөөд энэ байдлыг гэрээний 2.5 дахь хэсэгт заасан нөхцөл бүрдсэн гэж үзнэ.

 

Иймд 30-45 УБ улсын дугаартай, Hyundai r500 LC-7 маркын эксковаторын 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдөр /гэрээ байгуулж техникийг хүлээн авсан/-өөс 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр /талуудын акт үйлдсэн/-ийг хүртэл хугацааны түрээсийн төлбөр 711,000,000 төгрөг, 30-42УБ улсын дугаартай, Hyundai r500 LC-7 маркын эксковаторын 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдөр /гэрээ байгуулж техникийг хүлээн авсан өдөр/-өөс 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр /эксковаторыг нэхэмжлэгч очиж авсан өдөр/-ийг хүртэл хугацааны түрээсийн төлбөр 900,000,000 төгрөг, нийт 1,611,000,000 төгрөгөөс хариуцагч нараас гэрээний дагуу шилжүүлэн өгсөн нийт 130,470,000 төгрөгийг хасахад үлдэгдэл нь 1,480,530,000 төгрөг болно. Уг мөнгийг хариуцагч Л.Б, Л.Г нараас гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэх нь 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн №03/05.19 тоот Зээлээр техник худалдах-худалдан авах гэрээ-ний 2.5-д Худалдан авагч төлбөрийг хугацаандаа төлөөгүй бол хөрөнгийг түрээсийн журмаар ашиглуулсанд тооцож нэг сарын нэг техникийн түрээсийн төлбөрт 45,000,000 төгрөгөөр тооцож, нийт нэг сарын 90,000,000 төгрөгөөр цаашид тооцож түрээсээр ажиллуулснаар худалдагч талд төлбөр төлнө, Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй гэж заасантай тус тус нийцнэ гэж шүүхээс үзлээ.

 

2/ 98,121,000 төгрөгийн шаардлага:

 

...хариуцагч нар 30-42УБ улсын дугаартай эксковаторыг ашиглах явцдаа шатааж, их хэмжээний эвдрэл, хохирол учруулсан. Иймд уг эксковаторыг засварлахад зарцуулсан 89,121,000 төгрөг, эксковаторыг уурхайгаас нь очиж тээвэрлүүлэхэд төлсөн 9,000,000 төгрөг болсон гэж өөрийн шаардлагын үндэслэлээ тайлбарласан.

 

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй, 227 дугаар зүйлийн 227.1-д Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй, 227.2-т Нэг тал нь гэрээнээс татгалзсан явдалд нөгөө тал нь буруугүй бол энэ хуулийн 227.1-д заасан үндэслэл хамаарахгүй, 227.3-т Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно гэж тус тус заасан.

 

2019 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн №03/05.19 тоот Зээлээр техник худалдах-худалдан авах гэрээ хариуцагчийн буруугаас шалтгаалан дуусгавар болсон нь хэрэгт цугларсан баримтуудаар тогтоогдсон.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн HHIHNB02KB0000508 арлын, 30-42 УБ улсын дугаартай эксковаторт 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс хойшхи хугацаанд хичнээн төгрөгийн засвар, үйлчилгээ хийсэн болохыг тогтоолгохоор хөндлөнгийн шинжээч томилсон ба 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 80 тоот шинжээчийн дүгнэлтэд ...Э ХХК-ийн эксковаторт хийсэн засварын ажлын нийт дүн 37,600,000 төгрөг гэж тусгагджээ.

 

Иймд эксковаторыг засварлахад зарцуулсан гэх 89,121,000 төгрөгийн хэмжээнд бус харин шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон 37,600,000 төгрөгийн хэмжээнд нэхэмжлэл хангагдах боломжтой. Мөн нэхэмжлэгч 30-42 УБ улсын дугаартай эксковаторын тээврийн зардалд 9,000,000 төгрөгийг зарцуулсан болох нь баримтаар тогтоогдсон учир энэ талаарх шаардлагыг хангаж шийдвэрлэх нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт нийцнэ.

 

3/ Алданги 740,265,000 төгрөгийн шаардлага:

 

Хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэх бөгөөд хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийхийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1, 232.3 дахь хэсгүүдэд заажээ.

 

Мөн Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэжээ.

 

2019 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн №03/05.19 тоот Зээлээр техник худалдах-худалдан авах гэрээ-ний 3.4-т Худалдан авагч ...төлбөрийг заасан хугацаанд төлөхгүй хугацаа хэтэрсэн тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5 хувиар тооцож алданги төлнө гэж заасан байна.

 

Гэрээнээс татгалзаж гэрээ дуусгавар болж буй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг хангах арга болох алданги шаардах эрх Иргэний хуулийн 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт зааснаар салгаж үл болох эрх буюу нэмэгдэл үүргийн хувьд дуусгавар болно. Иймд алданги гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагч Л.Б, Л.Г нараас нийт 1,657,600,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэгч Э ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 661,316,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсгүүдэд нийцнэ гэж шүүхээс дүгнэв.

 

Дөрөв.

 

Нэхэмжлэгч Э ХХК нь шүүхэд хандахдаа 3,000,000 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид урьдчилж төлсөн ба үлдэх хэсгийг тус шүүхийн шүүгчийн 2021 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 102/шз2021/09156 дугаар захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаагаар хойшлуулсан.

 

Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг хангагдсантай холбоотойгоор нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3,000,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс 464,530 төгрөгийг, хариуцагч нараас 8,445,950 төгрөгийг тус тус гаргуулан улсын орлогод оруулах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.4, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 227 дугаар зүйлийн 227.3, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч Л.Б, Л.Г нараас 1,657,600,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 661,316,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.4, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3,000,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс 464,530 төгрөгийг, хариуцагч нараас 8,445,950 төгрөгийг тус тус гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шүүхийн шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ХАНГАЛ