Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Пүрэвдоржийн Соёл-Эрдэнэ |
Хэргийн индекс | 125/2017/0040/з |
Дугаар | 112 |
Огноо | 2018-03-12 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2018 оны 03 сарын 12 өдөр
Дугаар 112
Ч.Н-ын нэхэмжлэлтэй,
Ховд аймгийн Хөдөлмөр, халамжийн
үйлчилгээний газрын даргад
холбогдох захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч: Ч.Тунгалаг
Шүүгчид: Г.Банзрагч
Б.Мөнхтуяа
Д.Мөнхтуяа
Илтгэгч шүүгч: П.Соёл-Эрдэнэ
Нэхэмжлэлийн шаардлага: 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн Б/58 дугаар тушаалын биелэлтийг хангуулж, цалин хөлс бууруулахгүйгээр мэргэшил, мэргэжлийн дагуу өөр ажил албан тушаалд томилон ажиллуулахыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж бичилт хийлгэх,
Ховд аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 34 дүгээр шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 221/МА2017/0866 дугаар магадлалтай,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б, өмгөөлөгч Ж.Э-ын гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Өмнөх шүүхийн шийдвэр:
1. Ховд аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 34 дүгээр шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2, 27.2.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ч.Н-ын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 221/МА2017/0866 дугаар магадлалаар: Ховд аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 34 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэжээ.
3. Хариуцагчийн өмгөөлөгч Ж.Э-ын хяналтын журмаар гаргасан гомдлын агуулгад: Нэхэмжлэгч шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа Ч.Нохойжав би урьд нь Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн даргаар ажиллаж байхдаа ТЗ-9 цалингийн шатлалаар цалинждаг байсан одоо энэ шатлалыг бууруулахгүйгээр албан тушаалд томилохыг даалгах, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т зааснаар цалин хөлс бууруулахгүйгээр өөр ажил албан тушаалд шинэчлэн ажиллуулахыг хүсч, бусад шаардлагаа дэмжиж байна гэж тодруулсан.
4. Нэхэмжлэгч Ч.Н-ыг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний Ерөнхий газрын даргын 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн Б/58 дугаар тушаалаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн. Ховд аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газарт, газрын дарга ТЗ-9, хэлтсийн дарга ТЗ-7, мэргэжилтнүүд ТЗ-5 шатлалаар цалинждаг бөгөөд нэхэмжлэгч ТЗ-9 зэрэглэлийн цалингийн шатлалаар бууруулахгүйгээр албан тушаалд томилуулах нэхэмжлэлийн шаардлага нь Ч.Н нь өөрийгөө Ховд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргад томилуулах нэхэмжлэлийн шаардлага гэж ойлгогдсон. Энэ талаар нэхэмжлэгч Ч.Н нь цалингийн шатлалын талаар маргаагүй бөгөөд шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хуулинд заасны дагуу хангалттай тодруулсан.
5. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын ТЗ-9 дэх шатлалаар цалинждаг ганц албан тушаалтан нь Ховд аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын дарга юм. Хэрвээ нэхэмжлэгчийг уг шатлалаар цалинжих албан тушаалд томилуулъя гэвэл Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний Ерөнхий газрын дарга томилох ёстой. Өмнө нь 2012 оноос 2016 онд Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэс байсан. Ховд аймгийн Хөдөлмөрийн хэлтэс, Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсүүд нэгдэж Ховд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар болсон.
6. Нэхэмжлэгч Ч.Н-ын Ховд аймгийн Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн даргын чиг үүрэг өөрчлөгдсөн. Үүнд: 1. Хүн ам, гэр бүлийн хөгжлийн чиг үүргийг хэрэгжүүлж байгаад Хүүхэд гэр бүл залуучуудын хөгжлийн газар руу чиг үүрэг шилжсэн. Төсөв захиран зарцуулах эрх өөрчлөгдсөн. Албан тушаалын зэрэглэлийн хувьд ТЗ-9 цалинждаг байсан бол ТЗ-7 буюу дэс түшмэлээр цалинждаг болсон бөгөөд Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний Ерөнхий газрын чиг үүргээр аж ахуйн нэгж байгууллага болон түүний салбар, нэгж нэгтгэн улмаар нэхэмжлэгч Ч.Н-ыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байхад Ховд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт холбогдуулан нэхэмжлэл гаргаж хариуцагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн.
7. Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.4 заасны дагуу Хөдөлмөр, Нийгэм хамгааллын сайдын 2016 оны 9 дүгээр сарын 12-ний өдрийн Б/82 дугаар тушаалаар Ховд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргыг томилсон бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4 зааснаас үзвэл төрийн жинхэнэ албан хаагчид 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг тухайн байгууллагаас олгох баталгааны аль нэгийг төрийн жинхэнэ албан хаагчид олгох нь захиргааны байгууллагад хуулиар олгогдсон үүрэг байх бөгөөд Ховд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн А/03 дугаартай “Тэтгэмж олгох тухай” тушаалд хуулийн холбогдох заалтыг үндэслэн 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг олгож Ч.Н-ын төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгааг хангасан.
8. Өөрөөр хэлбэл, Ховд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар нэхэмжлэгчид хуульд заасан 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг олгосон А/03 тушаал хүчин төгөлдөр байхад Ч.Н нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-д заасныг үндэслэн цалин хөлс бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд ажиллуулах нэхэмжлэл нь үндэслэлгүй бөгөөд зайлшгүй гуравдагч этгээдийн эрх ашиг хөндөгдөнө. Шүүх таамгаар ажил албан тушаалд томилохыг даалгах эрх хэмжээ байхгүй гэж үзэж байна.
9. Нэхэмжлэгч нь цалин хөлс бууруулахгүйгээр буюу ТЗ-9 шатлалын цалингаар хэлтсийн даргын албан тушаалд томилуулах гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан бөгөөд хэлтсийн дарга нь албан тушаалын ТЗ-7 зэрэглэлд хамаардаг болох нь Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Халамжийн хэлтсийн даргын ажлын байрны тодорхойлолтоор, мөн бусад хэлтсийн дарга нар мөн албан тушаалын ТЗ-7 зэрэглэлд хамаардаг болох нь нэхэмжлэгч болон хариуцагч нарын тайлбар зэргээр нотлогдон тогтоогдсон. Иймд нэхэмжлэгчийн ТЗ-9 албан тушаалын зэрэглэлээр хэлтсийн даргын албан тушаалд томилуулах шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй юм.
10. Ч.Н нь Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт ажиллаж байгаа хүмүүсийн хэн нэгний эрх ашиг хохирохоор нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэлийн шаардлага нь тодорхой бус, хуулийн дагуу гаргаагүй. Нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөнтэй холбогдуулан Захиргааны ерөнхий хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 93 дугаар зүйлийн 93.1, Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.3-т тус тус заасан урьдчилан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан үндэслэл журам зөрчсөн байгааг давж заалдах шатны шүүх анхаарсангүйд гомдолтой байна.
11. Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэгч Ч.Н нь анх Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт шилжүүлэн ажиллуулахтай холбогдуулан гаргасан тушаалын биелэлтийг хангуулж, нийгмийн халамжийн хэлтсийн даргын албан тушаалд томилуулахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийлгэж 2016 оны 12 сарын 02-ны 14 дугаартай Төрийн албаны Зөвлөлийн Ховд аймаг дахь салбар зөвлөлийн тогтоол Ч.Н-ын гомдлыг хянан шийдвэрлэсэн. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн Б/58 дугаартай тушаалын хэрэгжилтийг хангуулахаар даалгасан тогтоол хуулийн дагуу хүчин төгөлдөр болсон байна. Нэхэмжлэгч Ч.Н нь нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн гэх боловч Ч.Нохойжав нь анх Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт шилжүүлэн ажиллуулахтай холбогдуулан гаргасан тушаалын биелэлтийг хангуулах нэхэмжлэлийн шаардлага өөрчлөгдөөгүй гэж харагддаг.
12. Нэхэмжлэгч Ч.Н-ын Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн тогтоолыг биелүүлэхгүй байгаа бол Захиргааны ерөнхий хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1.1-д "...захиргааны актыг батлан гаргасан байгууллага гүйцэтгэнэ..." гэж заасны дагуу Төрийн албаны зөвлөлийн Ховд аймаг дахь салбар зөвлөлд хандаж, Захиргааны ерөнхий хуулийн 85 дугаар зүйлд заасан ажиллагааг хийлгэх ёстой. Хариуцагч нь төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн тогтоолыг хуулийн дагуу хүчин төгөлдөр болсон. Нэхэмжлэгч Ч.Н-ын нэхэмжлэлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-т зааснаар захиргааны хэргийн шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэл байгааг анхаарсангүй бөгөөд хэргийн оролцогчдыг чирэгдүүлж дахин хэлэлцүүлэхээр буцаасанд гомдолтой байна.
13. Иймд магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
14. Давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
15. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн б/58 дугаар тушаалаар “Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэс, Хөдөлмөрийн хэлтсийг нэгтгэсэн” гэх үндэслэлээр Ховд аймгийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн даргаар ажиллаж байсан, нэхэмжлэгч Ч.Н-ыг ажлаас чөлөөлж, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт шилжүүлсэн байна.
16. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь хэсэгт зааснаар албан тушаалын чиг үүрэг хэвээр хадгалагдаж үлдсэн бол түүнийг тухайн албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаалын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байгаа албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг харгалзан, тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан шалгаруулж авахаар зохицуулжээ.
17. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн б/21 дүгээр тушаалаар Ховд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын бүтэц, орон тоог баталсан байх бөгөөд Нийгмийн халамжийн хэлтсийн дарга, Хөдөлмөр эрхлэлтийн хэлтсийн дарга тус бүр 1 орон тоотой байхаар тогтоосон байна. Тухайн тохиолдолд захиргааны байгууллагын бүтэц өөрчлөгдсөн боловч албан тушаалын чиг үүрэг хэвээр хадгалагдаж үлдсэн, Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн даргаар ажиллаж байсан нэхэмжлэгч шинэчлэн батлагдсан Нийгмийн халамжийн хэлтсийн даргын орон тоонд ажиллаж болохгүй шалтгаан нөхцөл тодорхойгүй байна.
18. Нэхэмжлэгчийн тухайд анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа шинэчлэн батлагдсан Нийгмийн халамжийн хэлтсийн даргын албан тушаалд томилохыг даалгах нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн боловч нэхэмжлэгчийн хүсэл зориг өөрчлөгдөөгүй байхад анхан шатны шүүх нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг зөв тодорхойлж чадаагүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.
19. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт зааснаар шүүх хэрэгт хамааралтай нотлох баримтыг бүх талаас нь бүрэн судлах үүрэгтэй бөгөөд одоо маргаан бүхий албан тушаалд ажиллаж байгаа Б.А-г гуравдагч этгээдээр татаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах, хариуцагчаас ямар үндэслэлээр маргаан бүхий албан тушаалд түүнийг томилох болсон үндэслэлийг тодруулах, Б.А нь уг ажлын байрны шаардлагыг хэрхэн хангасан, өмнө нь ямар байгууллагад, ямар албан тушаалын чиг үүрэг хэрэгжүүлж байсан зэргийг цуглуулах нь хэрэгт ач холбогдолтой байна.
20. Дээрх үндэслэлүүдээр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүнээс үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127 дугаар зүйлийн 127.2.1-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 221/МА2017/0866 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ТУНГАЛАГ
ШҮҮГЧ П.СОЁЛ-ЭРДЭНЭ