Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 504

 

Ш.Ч-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Насанбат, хохирогч Ө.А, түүний өмгөөлөгч Н.Ичинхорлоо, нарийн бичгийн дарга Б.Дүүрэнжаргал нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 561 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 828 дугаар магадлалтай, Ш.Ч-т холбогдох 1808007300542 дугаартай эрүүгийн хэргийг хохирогч Ө.А-ын гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Ганзоригийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1990 онд төрсөн, эрэгтэй, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 485 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан Х овогт Ш-ын Ч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Ш.Ч-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Ч-ийг 600 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ш.Ч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хохирогчид учирсан хохирлын 1,788,947 төгрөгийг шүүгдэгчээс 8 сарын хугацаанд гаргуулж, хохирогчид олгохоор шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Ө.А-ын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд хохирогч Ө.А гаргасан гомдолдоо “...Мөрдөн байцаалтын шатанд би шинжээчийн дүгнэлттэй танилцаад хүлээн зөвшөөрөхгүй тухай хүсэлтээ бичгээр гаргасан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар миний хүсэлтийг мөрдөгч хангах, эсхүл хэрэгсэхгүй болгох шийдвэрийн аль нэгийг гаргах ёстой атал ямар ч шийдвэр гаргаагүй. Би эрх ашгаа хамгаалуулахаар өмгөөлөгч Б.У гэгчийг авсан боловч тэрээр шүүх хуралд архи уусан байдалтай орж өмгөөлөх үйл ажиллагаа явуулж чадаагүй. Өмгөөлөгч Б.У-ийн энэ байдлыг Хуульчдын холбоонд бичиж шалгуулахад 2017 онд залилангийн гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн хүн байсан бөгөөд холбоо нь түүний тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон юм. Өмгөөлөх эрхгүй Б.У биднийг хуурч шүүх хуралд орсноор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хохирогч миний хувьд өмгөөлүүлэх боломж нөхцөл хангагдаж чадсангүй. Мөн хуулийн 10.8 дугаар зүйлийн 1.1-д зааснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож болохгүй этгээд байсан. Энэ бүхнийг анхан шатны шүүх шалгах ёстой байсан гэж үзэж байна. Давж заалдах шатанд түүнээс татгалзаж, өөр өмгөөлөгч авсан байхад өөрөө дур мэдэн хуралд орсон. Давж заалдах гомдолдоо түүнийг шалгаж байгаа талаар Хуульчдын холбооны албан бичгийг хавсаргаж өгсөн боловч шүүх үүнийг анхаарч үзээгүйд гомдолтой байна. Шүүх Ш.Ч-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан гэм буруутай болохыг тогтоосон атлаа хохирогчийн нэхэмжилсэн 9,434,430 төгрөгөөс 3,788,947 төгрөгийг гаргуулан, үүнээс төлөгдсөн 2,000,000 төгрөгийг хасаж 1,788,947 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэсэн. Ингэхдээ хохирлын хэмжээ 4,100,139 төгрөг байхад 3,788,947 төгрөг гэж 311,192 төгрөгийг дутуу тооцсон. Энэхүү алдааг давж заалдах шатны шүүх засаагүй. Би 2 сар гаруй хугацаанд нүд болон хамартаа мэс засал хийлгэсэн учраас ажил хийж чадаагүй бөгөөд цэргийн байгууллагын ажилтан учраас нийгмийн даатгалын дэвтэр олгогддоггүй байхад шүүх цалин хөлсний зөрүү нийгмийн даатгалын дэвтрээр баталгаажаагүй гэж дүгнэж өвчтэй байсан хугацааны цалин, мөн эмчлүүлэх үедээ хэрэглэсэн хоол хүнс, унааны зардал зэрэг нотлох баримтууд байхад шүүгдэгчээс гаргуулж шийдвэрлээгүй. Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д заасны дагуу хөдөлмөрийн чадвар алдсан хугацааны цалин хөлс, эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбоотой гарсан зайлшгүй зардлыг хохирогчид төлөх үүргийг бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд хүлээх ёстой байхад давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулаагүй байна. Өөрөөр хэлбэл, шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2.1-д заасны дагуу хохирлын хэмжээг зөв тооцож чадаагүй. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулан шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд хохирогчийн өмгөөлөгч Н.Ичинхорлоо хэлсэн саналдаа “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэж байна. Хэргийн материалтай танилцсан баримтад хохирогч нь шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа бичсэн атал энэ талаар хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй байна. Шүүх хэргийн бодит хохирлыг зөв тогтоож чадаагүй, шийтгэх тогтоолд хохирол төлбөрийн тооцоог буруу бодсон. Гэтэл давж заалдах шатны шүүх магадлалдаа уг тооцоог тэр чигт нь буруу хуулж тусган, Иргэний хуулийн 497, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хохирогчид олгох хохирлыг зөв тооцож гаргаж чадаагүй. Эрхгүй өмгөөлөгч энэ хэрэгт эрх зүйн туслалцаа үзүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.14 дүгээр зүйлийн 2, 10.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зөрчигдсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Хохирогчийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг дэмжиж байна. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулах үндэслэлтэй” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор Ц.Насанбат гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “...Хохирогч гомдолдоо гурван үндэслэл дурдсан ба магадлалд өөрчлөлт оруулах хүсэлт гаргасан байсан. Уг гомдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 3.2-т заасан хууль зүйн үндэслэл байхгүй байгаа тул гомдлыг хэрэгсэхгүй болгох саналтай байна. Хохирлын тухайд шүүх баримтаар нотлогдсон хэмжээгээр хохирол төлбөрийг шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэж, үлдсэн хохирлыг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсэн. Шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг шийдвэрлэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал хуульд нийцсэн гэж үзэж байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ш.Ч нь 2018 оны 01 дүгээр сарын 31-нээс 02 дугаар сарын 01-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 39-10 тоотод Ө.А-ыг хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанд хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүх хууль ёсны бөгөөд үндэслэлтэй дүгнэлт хийжээ.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Ш.Ч-ийн гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчилж, хуульд заасан төрөл, хэмжээний дотор ял оногдуулж Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал бүхий зөрчил тогтоогдоогүй болно.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлүүлэхтэй холбогдуулж гаргасан хохирогч Ө.А-ын нэхэмжлэлийн үндэслэл, нотлогдсон байдалд үндэслэл бүхий дүгнэлт хийж, иргэний нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хангах үндэслэлгүйг тайлбарлаж, мөн заримыг нь нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдан хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт нотлох баримтад тулгуурлан гарсан байна.

Иймд хохирогч Ө.А-ын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 561 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 828 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хохирогч Ө.А-ын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                        ДАРГАЛАГЧ                                                  Б.ЦОГТ

                        ШҮҮГЧ                                                           Б.БАТЦЭРЭН

                                                                                               Д.ГАНЗОРИГ

                                                                                               Ч.ХОСБАЯР

                                                                                               Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН