Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 561

 

    Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,

            Нарийн бичгийн дарга Б.Энхжаргал,

            Улсын яллагч Ц.Гансүлд,

            Хохирогч Ө.А, түүний өмгөөлөгч Б.Уранчимэг,

            Шүүгдэгч Ш.Ч, түүний өмгөөлөгч О.Баярбаясгалан нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Ш-н Ч-т холбогдох эрүүгийн 1808007300542 дугаартай хэргийг 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн,

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

            Шүүгдэгч Ш.Ч нь 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 01-нд шилжих шөнө иргэн Ө.А-ыг хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад :  

            Шүүгдэгч Ш.Ч нь 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 01-нд шилжих шөнө иргэн Ө.А-ыг хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

            - хохирогч Ө.А-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн... 2018 оны 01 дүгээр сарын 31-ний орой 21 цагийн үед хамт ажиллаж байсан Э ахын гэрт дэлгүүрээс Хараа нэртэй архи аваад очсон. Тэгээд Э ахтай авсан архиа уугаад сууж байхад гаднаас Э ахын дүү гэх 2 хүн орж ирээд бид нар миний авсан архийг хувааж уусан...Э ахын 2 дүүг гэрт нь хүргэж өгөөд буцаад цэнэглэж үлдээсэн гар утсаа авах гээд Э ахын гэрт ирэхэд гэрийн хүмүүс бүгд унтах гээд байж байсан. Би тэрнээс хойш зарим зүйлийг санахгүй байгаа, нэг сэрэхэд намайг Ч зодож байсан. Ч миний нүүрэнд өшиглөөд гараараа нүүр лүү цохиод байсан. Х эгч Оогий 2 хүрч ирээд Чийг надаас салгаж холдуулсан...Ч миний нүүрэнд хөлөөрөө 2-3 удаа өшиглөөд гараараа бас зүүн талын нүд рүү 2-3 удаа цохисон...гэх мэдүүлэг /хх-12-14/,

            - гэрч Г.О-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Барс-1 зах дээр ажлаа хийж байгаад оройтоод 23 цагийн үед Э ахын гэрт очиход гэрийнхэн нь болон Ч байсан. Э ах орон дээр согтуу байдалтай унтаж байсан. Тэгээд би хоол халааж идээд унтах гээд хэвтэж байхад шөнө 01 цагийн үед А гаднаас согтуу байдалтай орж ирээд Э ахын орны хөлд суугаад Ч бид 2-ыг хараагаад байхаар нь би Ч-т хандаж А-ыг унтуул гэж хэлэхэд Ч босоод Аыг унтуулах гээд суганаас нь өргөхөд А Чийн өөдөөс салаавчаа гаргаад ам нүүр лүү нь түлхээд байсан. Тэгтэл Ч унт гээд нүүр лүү нь алгадаад газар унагаасан. А босож ирээд Ч-ийг өшиглөөд тэр 2 хоорондоо барьцалдаад цохилцохоор нь би босоод Ч-ийг татаад А-ыг орон дээр түлхээд унагаасан. Тэгтэл Х эгч босож ирээд “та нар боль” гэхээр нь би буцаад орон дээрээ очоод унтсан. А сууж байгаад гараад явсан...Ч А-ыг 2 удаа нүүр лүү нь гараараа алагдсан. А гаднаас орж ирэхэд бие нь ямар нэгэн бэртэл гэмтэл байгаагүй...гэх мэдүүлэг /хх-23-24/,

            - гэрч Г.Х-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн...2018 оны 01 дүгээр сарын 31-ний орой. ...бид нар унтаж байхад А гаднаас орж ирээд зүүн талын орон дээр суугаад Чтэй маргалдаад шүлсээ шалан дээр хаяад байсан. Ч газар орондоо хэвтэж байгаад босоод А-ыг унт гээд хэлтэл А өөдөөс нь салаавчаа гаргаад Ч-ийн ам руу хийгээд байсан. Энэ үед Ч Аын нүүр лүү гараараа 2 алгадах шиг болохоор нь босож очоод боль унт гэхэд Ч буцаад орондоо орсон. А орны хөлд сууж байгаад гараад явсан...” гэх мэдүүлэг /хх-25-27/

            - гэрч Ц.Н мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...2018.01.31-с 2018.02.01-нд шилжих шөнө 01 цаг өнгөрч байхад...А манай гэрт ирэхдээ нүд хамар нь улайж жоохон хавдсан байдалтай байсан. Тэгээд өглөө босоход хамрын 2 талын хэсэг нь хавдсан, ам хамар нь шороо болсон байдалтай байсан. Мөн өмсөж явсан хувцас нь шороо болсон, подволк нь жоохон цус болсон байсан...Яасан юм бэ гэхэд Чтэй зодолдсон байх гэж хэлсэн...А архи уухаараа тавьтаргүй, агсам зан ааштай...гэх мэдүүлэг /хх-30-32/,  

            - шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 2188 дугаартай:...Ө.А-ын биед тархи доргилт, зүүн ухархайн дотор хана болон хамрын ясны хугарал, зүүн нүдний дээд, доод зовхи, баруун нүдний дотор булан, зүүн чихний дэлбэнгийн цус хуралт, зүүн нүдний доод зовхи, хамрын нуруу, зүүн хөмсөг, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, дээд уруулын язрал, цус хуралт, 2 шүдний эмтрэл, баруун бугуйн зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна...гэх дүгнэлт /хх-37/,

            - шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 412 дугаартай...№2188 шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна. Ө.А-ын биед тархи доргилт, зүүн ухархайн дотор хана болон хамрын ясны хугарал, зүүн нүдний дээд, доод зовхи, баруун нүдний дотор булан, зүүн чихний дэлбэнгийн цус хуралт, зүүн нүдний доод зовхи, хамрын нуруу, зүүн хөмсөг, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, дээд уруулын язрал, цус хуралт, 2 шүдний эмтрэл, баруун бугуйн зулгаралт бүхий гэмтлүүд учиржээ. Дээрх тархи доргилт, зүүн ухархайн дотор хана болон хамрын ясны хугарал, зүүн нүдний дээд, доод зовхи, баруун нүдний дотор булан, зүүн чихний дэлбэнгийн цус хуралт, зүүн нүдний доод зовхи, хамрын нуруу, зүүн хөмсөг, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, дээд уруулын язрал, цус хуралт, 2 шүдний эмтрэл гэмтэл тус бүрдээ Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Баруун бугуйн зулгаралт гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /хх-43/,

            - шүүгдэгч Ш.Ч-ийн мөрдөн байцаалтад өгсөн:...тухайн өдрийн шөнийн 1 цагийн үед А гаднаас орж ирээд Э ахын унтаж байсан орны доод талд суугаад газар шүлсээ хаяад чанга яриад орилоод байхаар нь би босоод А-ыг унтуулах гээд урдаас нь суганаас нь тэврэхэд миний аманд салаавч хийхээр нь алгадаад орон дээр унагаасан. Тэгтэл А босож ирээд миний зүүн талын хөл рүү өшиглөхөөр нь зөрүүлээд баруун гараараа А-ын хамар, нүд хавьцаа нэг удаа гараараа цохисон...Би А-ын зүүн талын шанаа хавьцаа гараараа алгадах нүд, хамар хавьцаа 1 удаа гараараа цохисон...гэх мэдүүлэг /хх-55-59/ болон  шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

 

            Иймд шүүгдэгч Ш.Ч-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

            Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, зүйлчлэлд хийсэн хууль зүйн дүгнэлт:      

 Тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын зөрчилгүй, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хангалттай байна. 

 

            Шүүгдэгчид холбогдох гэмт хэргийг нотолж буй хэрэгт цугларч, шүүх хуралдаанд шинжлэгдсэн нотлох баримтын шууд ба шууд бус эх сурвалжийг харьцуулан шалгаж, үнэлэхэд шүүгдэгч, хохирогч, гэрчээс мэдүүлэг авахдаа хуульд заасан үндэслэл, журмыг зөрчсөн, гэрч нар илтэд худал мэдүүлсэн, шинжээч худал дүгнэлт гаргасан гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдоогүй тул шүүгдэгчид холбогдох тухайн гэмт хэргийн зүйлчлэлийг зөв гэж үзнэ.   

            Хохирогч нь мөрдөн байцаалтын шатанд 8.496.301 төгрөг /хх-122-141/ шүүхийн хэлэлцүүлэгт нэмж өмгөөлөгчийн хөлс 800.000 төгрөг, эмчийн үзлэгийн 138.000 төгрөг нийт 9.434.430 төгрөг нэхэмжилжээ.

            Хууль ёсны шаардлага хангасан, тухайн гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан эрүүл мэндийн хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой гэж үзэн ”ЭМЖЖ” ХХК-д төлсөн 25.000 төгрөг /х-131/, 80.000 төгрөг /х-134/, 1.459.755 төгрөг /х-137/, 75.000 төгрөг /136/ буюу нийт 1.639.755 төгрөг /х-124/, мөн эмчийн үзлэг, шинжилгээ, эм тарианы 311.192 төгрөг буюу 35.000 төгрөг /х-130/, 8.000 төгрөг /х-131/, 120.000 төгрөг / х-131/, 20.000 төгрөг /х-132/, 15.500 төгрөг /х-132/, 32.952 төгрөг /х-134/, 43.000 төгрөг /х-135/, 23.240 төгрөг /х-137/, 13.500 төгрөг /х-140/, нүдний ухархайн хугаралтай холбоотойгоор Йонсей эмнэлэгт мэс засал хийлгэсэн /окулапластик/ гэх хуулийн этгээдийн тамга тэмдэг, гарын үсэг бүхий 1.700.000 төгрөг /х-141/, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан эмчийн үзлэгийн 138.000 төгрөг нийт 3.788.947 төгрөгийг  хангаж, үүнээс төлөгдсөн 2.000.000 төгрөгийг хасч, 1.788.947 төгрөг төлөгдөх үндэслэлтэй гэж үзэв.   

            Хохирогчийн биед  зүүн ухархайн дотор хана болон хамрын ясны хугарал, зүүн нүдний дээд, доод зовхи, баруун нүдний дотор булангийн цус хуралт үүссэн болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байх тул нүдний ухархайн мэс заслыг Йонсей эмнэлэгт хийлгэсэн гэх хохирогчийн мэдүүлэг, хохирлын тамга тэмдэг, гарын үсэг бүхий баримтыг хууль бус гэж үгүйсгэх үндэслэл, баримтгүй байх тул 1.700.000 төгрөгийг хангаж шийдвэрлэснийг тодотгохын зэрэгцээ хэрэв тухайн баримтыг хууль бус гэж үзэх тохиолдолд жич шалгуулах нь шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарт нээлттэй болохыг тэмдэглэв.    

            Хохирогч нь өөрийн ажлаас чөлөө авсан эсэх, чөлөө нь ямар хугацаатай,  цалинтай чөлөө эсэх, цалин хөлсний хэмжээ, зөрүү нийгмийн даатгалын дэвтэр зэрэг баримтаар давхар баталгаажаагүй байх тул ажилгүй байсан хугацааны цалинг, мөн бодитой эмчилгээ хийгдээгүй байх тул шүдний эмчилгээний төлбөр гэх 1.500.000 төгрөгийг, хуулиар өмгөөлөгч авахыг хохирогчид үүрэг болгосон үндэслэлгүй  бөгөөд хохирогч өмгөөлөгч авах төлбөрийн чадваргүй гэж үзэх баримтгүй байх тул өмгөөлөгчийн хөлсийг, гэмт хэргийн улмаас учирсан гэмтэлтэй шалтгаант холбоотой гэж үзэх үндэслэлгүй хоол хүнс, унаа, утасны нэгж, бусад хохирлыг тус тус хангах боломжгүй, харин хохирогч гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэх бусад хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээв.       

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хийсэн хууль зүйн дүгнэлт:

            Тус гэмт хэрэг үйлдэгдэхэд хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн байгааг үгүйсгэх үндэслэлгүй байна.  

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.4-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.    

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан прокурорын саналын хүрээнд нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэв.

Бусад асуудал: 

Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.   

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:  

 

            1. Шүүгдэгч Ш.Ч-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Ч-ийг 600 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ш.Ч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д  зааснаар хохирогчид учирсан хохирлын 1.788.947 төгрөгийг шүүгдэгчээс 8 сарын хугацаанд гаргуулж, хохирогчид олгосугай. 

 

            5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.         

 

            6. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

            7. Эрх бүхий прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

            8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.Ч-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.