Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 183/шш2023/01910

 

 

 

 

 

2023 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 183/ШШ2023/01910

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

   Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, ** дугаар хороо, *** тоотод оршин суух, регистрийн дугаар ********, Б овогтой Ч-ийн Х-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, ** дугаар хороо, өөрийн байранд байрлах, регистрийн ****** дугаартай, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны харьяа Х газар /цаашид Х газар гэх/-т холбогдох,

Ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, холбогдох дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, 2023 оны 3 дугаар сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.Х, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Пүрэвсүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Ч.Х нь хариуцагч Х газарт холбогдуулан Ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, холбогдох дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. Миний бие 2021 оны 8 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн Х газрын харьяа С дулааны станцад ажилд ороод үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлөгдсөнийг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны ******** дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны ******** тоот магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2022 оны ********** тоот тогтоолоор тус тус тогтоож, 2021 оны 11 дүгээр сарын 01-нээс 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин, эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж бичилт хийлгэх, мөн ажилд эгүүлэн томилох шийдвэр гарч, уг шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа хийгдсэн байгаа. Миний бие 2023 оны 1 дүгээр сард ажилдаа орсон боловч Х газрын Захиргаа удирдлагын газрын дарга Б.Э-д 2022 оны 3 дугаар сарын 15-наас 2023 оны 1 дүгээр сарыг хүртэлх хугацааны цалин хөлс, эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалын асуудлыг шийдээд өгөөч гэж хүссэн боловч манайд Хөдөлмөрийн маргаан таслах комисс байхгүй гэсэн учир миний бие Хан-Уул дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандсан. Гэвч Х газрын Захиргаа удирдлагын газрын дарга тус хуралдаанд ирж зөвшилцөлд хүрч асуудлыг шийдвэрлээгүй. Иймд ажилгүй байсан хугацаа болох 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс 2023 оны 1 дүгээр сарыг дуустал нийт 10 сарын цалин, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж бичилт хийхийг хариуцагч Х газарт даалгаж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч Х газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э шүүхэд гаргасан тайлбартаа: Тус газрын С дулааны станцийн ашиглалтын өмнөх захиргаанд туршилтын 3 сарын хугацаатай Ч.Х нь бичиг хэргийн ажилчнаар 2021 оны 8 дугаар сарын 13-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд ажилласан ба тус газрыг татан буулгах шийдвэр гарснаар тэрээр ажлаас чөлөөлөгдсөн. Гэвч тэрээр уг ажлаас чөлөөлөгдсөн шийдвэрийг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргаснаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн ********* дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн ********* дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн ********** дугаар тогтоолоор тус тус нэхэмжлэгч Ч.Х-г С дулааны станцийн Бичиг хэргийн ажилтнаар ажиллуулахаар томилж, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор олгохыг даалгаж шийдвэрлэсний дагуу тус байгууллагын даргын 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн ***** дугаар тушаалаар С дулааны станцийн Бичиг хэргийн ажилтанаар ажиллуулахаар шийдвэр гарч, цалинг олгож, нөхөн бичилт хийж, шийдвэрийн хэрэгжилтийг бүрэн хангаж ажилласан. Ч.Х нь Х газрын Захиргаа удирдлагын албанд гаргасан албан хүсэлтдээ эмчилгээтэй байгаа тул ажлаа гүйцэтгэх боломжгүй байгаагаа бичгээр илэрхийлсэн. Гэтэл Хөдөлмөрийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2-т зааснаар хүндэтгэн үзэх шалтгаанаар бичгээр хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй бол 10 хоногийн дотор багтаан ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулах үүрэгтэй байхаар заасан. Гэтэл Ч.Х энэхүү хугацааг хэтрүүлж 2023 оны 2 дугаар сарын 01-ний өдөр ирж ажил үүргээ гүйцэтгэхээр ирж, хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулсан байна. Бичиг хэргийн ажилтан Ч.Х аас 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс 2023 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл хугацааны лист өгөхдөө А х ХХК-ийн нэрээр бичүүлж ирсэн нь алдаатай байх бөгөөд уг алдаатай эмнэлгийг магадлагааг үндэслэн бид цалинг нөхөн олгох боломжгүй. Эмнэлгийн хуудсаар цалин, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөгдөхөөр журамлагдсан байх тул байгууллагын нэр дээр эмнэлгийн хуудас бичигдээгүй үед Ч.Х-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй болохыг тайлбарлаж байна. Түүнчлэн Ч.Х нь анх ажилд томилогдохдоо хуурамч диплом ашиглан ажилд томилогдож, улмаар шүүхийн шийдвэрийн дагуу төрийн байгууллагаас 4.223.460 төгрөгийг гаргуулж үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байна гэж үзэж байна. Энэхүү хуурамч дипломтой холбоотой асуудлаар холбогдох газарт шалгуулахаар хандсан болно. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Нэхэмжлэгчээс 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн хөдөлмөрийн гэрээ, Х газрын даргын 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн **** дугаар тушаалын хуулбар, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхний хуулбар, Хан-Уул дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2023 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн хуралдааны тэмдэглэл, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн ******* дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн *********** дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн ************ дугаар тогтоолын хуулбар зэргийг ирүүлсэн.

 

4. Хариуцагчаас Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны харьяа Х газар орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, тус газраас Б.Э-д олгосон итгэмжлэл, өмгөөлөгч Ц.О-той байгуулсан хууль зүйн туслалцаа үзүүлэх тухай гэрээ, сөрөг нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэлийн шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамж 52.225 төгрөг төлсөн баримт, Боловсролын ерөнхий газрын 2023 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн ***** дугаар албан бичгийн хуулбар, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн ********* дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн ********** дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн *********** дугаар тогтоолын хуулбар, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн ********** дугаар гүйцэтгэх хуудас, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоолын хуулбар, албан тушаалын тодорхойлолт, Х газрын даргын 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн ****** дугаар тушаалын хуулбар, ажилтны анкет, дипломын хуулбар, хөдөлмөрийн гэрээний хуулбар, эмнэлгийн хуудас, эмнэлгийн магадлагаа, Ч.Х-ийн гаргасан хүсэлтийн хуулбарууд зэргийг тус тус ирүүлсэн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч нь Шүүхийн шийдвэр гарсан хугацаанаас хойш ажилд томилсон тушаал гарах хүртэл ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор болон ажилд томилогдсон хугацаанаас хойш буюу 2022 оны 12 дугаар сар, 2023 оны 1 дүгээр сард олгогдоогүй цалинг тус тус гаргуулах, мөн энэхүү хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх, холбогдох дэвтрүүдэд нөхөн бичилт хийхийг даалгуулах тухай хэмээн шаардах эрхээ тодорхойлсон.

Харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Шүүхийн шийдвэр гарсныг биелүүлсэн, мөн хуурамч баримт бичиг ашиглан ажилд томилогдож төрийн байгууллагыг хохироосон, дахин хохироох үндэслэл бий болох тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй хэмээн маргав.

3. Нэхэмжлэгч Ч.Х нь шүүхийн шийдвэрийн дагуу Х газрын даргын 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн ***** дугаар тушаалаар С дулааны станцийн Бичиг хэргийн ажилтнаар томилогджээ.

Уг хугацаанаас хойш 3 сарын дотор Хан-Уул дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандсан байх ба уг хорооноос 2023 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 31 дүгээр тэмдэглэл гарч, маргалдагч талууд тохиролцоогүйг тэмдэглээд ажиллагааг дуусгавар болгосон байна.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.2, 154.8-д заасан хугацааны дотор шүүхэд нэхэмжлэлээ гаргасан байх тул уг нэхэмжлэлийг хүлээн авч, хянан шийдвэрлэсэн болно.

4. Нэхэмжлэгч Ч.Х-г Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн ********** дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн ********** дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн *********** дугаар тогтоолын дагуу хариуцагч Х газрын даргын 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн ******* дугаар тушаалаар С дулааны станцийн Бичиг хэргийн ажилтны албан тушаалд томилсон нь хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараар тогтоогдож байна.

5. Нэхэмжлэгч нь уг шүүхийн шийдвэрийн дагуу ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор буюу 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх нөхөн олговорт 4.142.234 төгрөгийг хүлээн авсан, харин одоо шүүхийн шийдвэр гарснаас хойш ажилд томилсон шийдвэр гарах хүртэл буюу 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь үндэслэлтэй, нэхэмжлэгч шаардах эрхтэй байна.

6. Хэдийгээр хариуцагч нь энэхүү нэхэмжлэлийг эс зөвшөөрч, Боловсролын ерөнхий газрын 2023 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн ***** дугаар албан бичгийн хуулбарыг ирүүлж, нэхэмжлэгчийг хуурамч диплом ашиглан ажилд томилогдсон хэмээн маргасан боловч энэхүү үндэслэл нь Ч.Х-г 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр ажлаас чөлөөлөх үндэслэл болоогүй, харин өөр үндэслэлээр ажлаас чөлөөлж, уг асуудлаар талууд шүүхэд маргаан үүсгэсэн байна.

Тэгэхээр нэгэнт шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгч ажилдаа эгүүлэн тогтоогдсон байх бөгөөд уг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болж, бүрэн биелэгдэх хүртэл хугацаанд тодорхой цаг хугацаа шаардагдсан, уг хугацаанд авах ёстой байсан цалин олговрыг олгох эсэхийг энэхүү шүүхийн шийдвэрээр тогтоохоос бус, нэхэмжлэгчийн ажлаас чөлөөлөгдсөн үндэслэл нь хуульд нийцсэн эсэхийг хэлэлцэхгүй болно.

Нөгөө талаар, Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 127 дугаар зүйлийн 127.1Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно гэж заасныг дурдах нь зүйтэй.

7. Нөхөн олговрын хэмжээний тухайд нэхэмжлэгч нь яг хэдэн төгрөг гаргуулахаар шаардаж байгаагаа тодорхойлоогүй боловч шүүх өмнөх шүүхийн шийдвэрээр тогтоосон хэмжээ буюу 900.000 төгрөгийг 21,5 ажлын хоногт хувааж нэг өдрийн дундаж цалинг 41.860 төгрөгөөр тооцов.

Учир нь нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөгдөх шийдвэр гарах үед 1999 оны Хөдөлмөрийн тухай хууль мөрдөгдөж байсан тул уг хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгоно.

Ингээд 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс 31-ний өдрийг дуустал хугацааны ажлын 12 хоног, 2022 оны 4 дүгээр сарын ажлын 21 хоног, 2022 оны 5 дугаар сарын ажлын 22 хоног, 2022 оны 6 дугаар сарын ажлын 21 хоног, 2022 оны 7 дугаар сарын ажлын 16 хоног, 2022 оны 8 дугаар сарын ажлын 23 хоног, 2022 оны 9 дүгээр сарын ажлын 22 хоног, 2022 оны 10 дугаар сарын ажлын 21 хоног, 2022 оны 11 дүгээр сарын ажлын 21 хоног, нийт ажлын 179 хоногт 41.860 төгрөгийг үржүүлэхэд 7.492.940 төгрөг байх ба үүнийг хариуцагч байгууллагаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.

Дээрх хугацааны Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд заасан нийтээр тэмдэглэн өнгөрүүлэх баярын өдрүүдийг ажлын өдрөөс хасаж тооцсон болно.

8. Түүнчлэн Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т Ажил олгогчийн буруугаас нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй даатгуулагчид учирсан хохирлыг ажил олгогч бүрэн хариуцаж төлнө гэж заасан тул нэхэмжлэгч Ч.Х-ийн 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг дуустал хугацаанд төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг хариуцагч байгууллагаар бүрэн төлүүлнэ.

9. Харин Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1, 8 дугаар зүйлийн 8.2.1-т зааснаар эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг ажил олгогч, даатгуулагч хоёул тэнцүү хувь хэмжээгээр сар бүр төлөхөөр заасан тул нэхэмжлэгчийн эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг ажил олгогч, даатгуулагч нараас тэнцүү хэмжээгээр нөхөн төлүүлж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт холбогдох нөхөн бичилт хийхийг хариуцагч Х  газарт даалгаж шийдвэрлэлээ.

10. Харин нэхэмжлэлд дурдсан 2022 оны 12 дугаар сарын болон 2023 оны 1 дүгээр сард авах ёстой байсан цалинг олгоогүй гэх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нэхэмжлэгч өөрөө нотлоогүй, хэдэн төгрөг нэхэмжилж байгаа нь тодорхойгүй байна.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч ямар үндэслэлээр, яагаад тухайн саруудад авах ёстой байсан хэдэн төгрөгийн цалингаа аваагүй болохоо нотлоогүй ба үүнтэй холбогдох нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, эсхүл лавлгааны баримтаа шүүхэд ирүүлээгүй, мөн хариуцагч талаас ирүүлсэн Ч.Х-ийн өгсөн гэх эмнэлгийн магадлагаа, хөдөлмөрийн чадвар түр алдсаны эмнэлгийн хуудас гэх баримтууд нь нотлох баримтын шаардлага хангаагүй байна.

Тэгэхээр нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын энэхүү үндэслэл, шаардлага нь тодорхойгүй байх тул уг хэсгийг хэрэгсэхгүй болгов.

11. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Ч.Х улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагч Х газраас нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх, холбогдох дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг, ажилгүй байсан хугацаааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор 7.492.940 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 134.837 төгрөг, нийт 205.037 төгрөг гаргуулж Хан-Уул дүүргийн Төрийн сангийн ******** тоот дансанд оруулна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хууль /1999 оны/-ийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.5-д зааснаар хариуцагч Хэсэгчилсэн инженерийн хангамжийн удирдах газраас ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор 7.492.940 /долоон сая дөрвөн зуун ерэн хоёр мянга есөн зуун дөч/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ч.Х-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2022 оны 12 дугаар сар болон 2023 оны 1 дүгээр сарын цалинг гаргуулах, уг хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, холбогдох дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Хөдөлмөрийн тухай хууль /1999 оны/-ийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2, Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1, 8 дугаар зүйлийн 8.2.1-д зааснаар нэхэмжлэгч Ч.Х-н ажилгүй байсан 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг дуустал хугацаанд төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг хариуцагч байгууллагаар бүрэн төлүүлж, харин эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг ажил олгогч, даатгуулагч нараас тэнцүү хэмжээгээр нөхөн төлүүлж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч Х газарт даалгасугай.

 

3. . Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Ч.Х улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагч Х газраас улсын тэмдэгтийн хураамж 205.037 /хоёр зуун таван мянга гучин долоо/ төгрөг гаргуулж Хан-Уул дүүргийн Төрийн сангийн ******* тоот дансанд оруулсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА