Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 210/МА2023/01683

 

     2023        08           30                                       210/МА2023/01683

 

Ч.Хгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч С.Энхбаяр, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 12-ний өдрийн 183/ШШ2023/01910 дугаар шийдвэртэй,

 

Ч.Хгийн нэхэмжлэлтэй,

“У” ОНӨААТҮГ-т холбогдох,

 

Ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, төлснийг баталгаажуулахыг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнээ, түүний өмгөөлөгч Т.Мөнхбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Золзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Ч.Х нь 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн Хэсэгчилсэн инженерийн хангамжийн удирдах газрын харъяа Сэлбэ дулааны станцад ажиллаж байгаад үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлөгдсөн.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 183/ШШ2022/00657 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний давж заалдаах шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 210/МА2022/00906 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 001/ШХ2022/00833 дугаар тогтоолоор тус тус ажилд эгүүлэн тогтоож, 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн бөгөөд уг шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа хийгдсэн.

1.2. Нэхэмжлэгч нь 2023 оны 01 дүгээр сард ажилдаа орсон тул ажилгүй байсан хугацаа болох 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сарыг дуустал нийт 10 сарын цалин, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажуулахыг хариуцагч “Хэсэгчилсэн инженерийн хангамжийн удирдах газар” ОНӨААТҮГ-т даалгаж өгнө үү.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Тус газрын Сэлбэ дулааны станцын ашиглалтын өмнөх захиргаанд Ч.Х нь туршилтын 3 сарын хугацаатай бичиг хэргийн ажилтнаар 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд ажилласан ба тус газрыг татан буулгах шийдвэр гарснаар ажлаас чөлөөлөгдсөн.

Гэвч шүүх Ч.Хг Сэлбэ дулааны станцын бичиг хэргийн ажилтны ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор олгохыг даалгаж шийдвэрлэсэн. Иймд тус байгууллагын даргын 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/235 дугаар тушаалаар Сэлбэ дулааны станцын бичиг хэргийн ажилтнаар ажиллуулахаар шийдвэрлэж, цалинг олгож, нөхөн бичилт хийж, шийдвэрийн хэрэгжилтийг бүрэн хангаж ажилласан.

2.2. Ч.Х нь Хэсэгчилсэн инженерийн хангамжийн удирдах газрын захиргаа удирдлагын албанд гаргасан албан хүсэлтдээ “эмчилгээтэй байгаа тул ажлаа гүйцэтгэх боломжгүй” байгаагаа бичгээр илэрхийлсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт “Хүндэтгэн үзэх шалтгаанаар хөдөлмөрийн гэрээг бичгээр үйлдээгүй бол ажилтныг ажил үүргээ гүйцэтгэж эхэлснээс хойш ажил олгогч ажлын 10 өдрийн дотор хөдөлмөрийн гэрээг нөхөн байгуулах үүрэгтэй” гэж заасан. Гэтэл Ч.Х нь тушаал гарснаас хойш 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдөр ирж хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулсан.

2.3. Ч.Хгийн байгууллагад өгсөн 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэлх хугацааны листэд “Аз хээр” ХХК гэж бичигдсэн алдаатай байх бөгөөд уг алдаатай эмнэлгийн магадлалыг үндэслэн бид цалинг нөхөн олгох боломжгүй. Эмнэлгийн хуудсаар цалин, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөгдөхөөр журамлагдсан байх тул байгууллагын нэр дээр эмнэлгийн хуудас бичигдээгүй үед Ч.Хгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй.

2.4. Түүнчлэн Ч.Х нь хуурамч диплом ашиглан ажилд томилогдож, улмаар шүүхийн шийдвэрийн дагуу төрийн байгууллагаас 4,223,460 төгрөгийг гаргуулж үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэж байна. Энэхүү хуурамч дипломтой холбоотой асуудлаар холбогдох газарт шалгуулахаар хандсан тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Хөдөлмөрийн тухай хууль /1999 оны/ 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.5-д зааснаар хариуцагч Хэсэгчилсэн инженерийн хангамжийн удирдах газраас ажилгүй байсан үеийн хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор 7,492,940 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ч.Хд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх “2022 оны 12 дугаар сар болон 2023 оны 1 дүгээр сарын цалинг гаргуулах, уг хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шитгэлийг нөхөн төлүүлэх, холбогдох дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгуулах тухай” хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Хөдөлмөрийн тухай хууль /1999 оны/-ийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2, Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1, 8 дугаар зүйлийн 8.2.1-д зааснаар нэхэмжлэгч Ч.Хгийн ажилгүй байсан 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг дуустал хугацаанд төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг хариуцагч байгууллагаар бүрэн төлүүлж, харин эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг ажил олгогч, даатгуулагч нараас тэнцүү хэмжээгээр нөхөн төлүүлж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч Хэсэгчилсэн инженерийн хангамжийн удирдах газарт даалгаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ч.Х улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагч Хэсэгчилсэн инженерийн хангамжийн удирдах газраас улсын тэмдэгтийн хураамж 205,037 төгрөг гаргуулж Хан-Уул дүүргийн Төрийн сангийн 100200100941 тоот дансанд оруулж шийдвэрлэжээ.  

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

4.1. Манай байгууллага нь өөрийн эрхээ хэрэгжүүлсэн буюу тухайн нэхэмжлэгчтэй дахин хөдөлмөрийн гэрээ хийх хүртэлх үйл явдлыг шүүх тухайн хэргийг хянан шийдвэрлэхдээ анхаараагүй. Нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрээр ажилд эгүүлэн тогтоогдож, 2022 оны 09 дүгээр сарын 16 өдөр Улсын дээд шүүхийн тогтоол гарсан даруйд ажилдаа орох талаар хүсэлт өгсөн баримт байхгүй. Шүүх зөвхөн манай байгууллага 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдөр тушаал гаргаж ажилд авсан өдрийг онцгойлон авч үзээд байхаас нэхэмжлэгч нь 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд юу хийж явсан бэ гэдгийг тодорхойлоогүй. Манай байгууллагаас нэхэмжлэгчид утсаар болон биечлэн уулзаж анхааруулж, зөвлөж байсан.

4.2. Бид байгууллагын дотоод журмын дагуу нэхэмжлэгчээс анх ажилд орсон цагаас нь эхлэн эзэмшсэн мэргэжлийн диплом эсвэл хуулбарыг өгөхийг шаардсан боловч энэхүү хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй явсаар 2023 оны 02 дугаар сард дипломын хуулбараа ирүүлсэн. Боловсролын үнэлгээний төвөөс лавлагаа хүсэхэд уг дипломын дугаарт өөр хүн бүртгэлтэй байгаа талаар хариу ирүүлсэн. Энэ талаарх тайлбараа шүүх хуралдаанд гаргасан боловч шүүх хэргийг тал бүрээс нь бодитой дүгнэлгүй, хэт нэг талыг барьж Хөдөлмөрийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.

Шүүхэд гаргасан тайлбартаа хуурамч дипломтой холбоотой асуудлаар Хан-Уул дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст шалгуулж байгаа талаар удаа дараа илэрхийлсээр байхад шүүх тус тайлбарыг хүлээж авалгүй хэргийг шийдсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8, 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасныг тус тус зөрчиж шийдвэр гаргасан.

4.3. Нэхэмжлэгчийг ажлаас халах шийдвэр гаргасан этгээд тухайн иргэний хэрэгт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлд заасан гуравдагч этгээдээр оролцох шаардлагатай байсан. Учир нь Төрийн албаны тухай хуулиар хэрэв ажилтныг ажлаас хууль бус халсан нь тогтоогдсон тохиолдолд тухай халах тушаал гаргасан дарга тухайн ажилтны улсаас нөхөн олгосон цалин хөлсийг төлдөг хуулийн зохицуулалттай. Гэтэл анхан шатны шүүх гуравдагч этгээдээр тухайн ажлаас халах шийдвэрийг гаргасан этгээдийг хуульд заасны дагуу оролцуулаагүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор хязгаарлалгүй бүхэлд нь хянаад, шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй байна. 

 

2. Нэхэмжлэгч Ч.Х нь хариуцагч “Хэсэгчилсэн инженерийн хангамжийн удирдах газар” ОНӨААТҮГ-т холбогдуулан ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, төлснийг баталгаажуулахыг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3.1. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1-д зааснаар талууд ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрын асуудлаар Хан-Уул дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандсан, тус хорооноос талууд тохиролцоогүйг тэмдэглэж маргаан шийдвэрлэх ажиллагааг дуусгавар болгожээ. /хх 8-10/

Нэхэмжлэгч нь дээрх гурван талт хорооны тэмдэглэлийг 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8 дахь хэсэгт заасанд нийцсэн байна.

 

3.2. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 183/ШШ2022/00657 дугаар шийдвэрээр Ч.Хг Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны харъяа “Хэсэгчилсэн инженерийн хангамжийн удирдах газар” ОНӨААТҮГ-ын бичиг хэргийн ажилтан албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговорт хариуцагчаас 4,791,763 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын хураамжийг нөхөн төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн байх ба уг шийдвэрийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 210/МА2022/00906 дугаар магадлалаар ажилгүй байсан хугацааны олговрын хэмжээг 4,142,234 төгрөг болгон өөрчилж, улсын тэмдэгтийн хураамжид өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 001/ШХТ2022/00833 дугаар тогтоолоор хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзсан байна. /хх 11-22/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нотлохгүй болно.

 

3.4. Хариуцагч байгууллагын даргын 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/237 дугаар тушаалаар Ч.Хг мөн өдрөөс эхлэн Сэлбэ дулааны станцын бичиг хэргийн ажилтнаар ажиллуулахаар шийдвэрлэсэн байна. /хх 6/

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх байтал хариуцагч байгууллага нь дээр дурдсан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй болох нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 183/ГХ2022/01692 дугаар гүйцэтгэх хуудас, Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 22-12/777 дугаар тогтоолоор тус тус тогтоогджээ. Шүүхийн шийдвэрийг хариуцагч байгууллага нь 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдөр биелүүлж, ажилтныг урьд эрхэлж байсан ажилд нь ажиллуулахаар болсон тушаалыг гаргажээ./хх 65-66, 70/

 

4.1. Иймд нэхэмжлэгч нь ажилд эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэр хүчинтэй болсон  2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс түүнийг ажилд эгүүлэн томилсон 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорыг шаардах эрхтэй байх ба энэ олговорт 7,492,940 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор анхан шатны шүүх шийдвэрлэсэн нь тооцооллын хувьд зөв боловч 1999 оны Хөдөлмөрийн тухай хууль баримталсан нь хууль хэрэглээний алдаатай болжээ. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргах үед буюу 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр үйлчилж байсан тул энэ хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт заасны дагуу түүний шаардах эрхийг тодорхойлох юм.  

4.2. Түүнээс гадна хариуцагч байгууллага нь хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг  өөрөө  биелүүлээгүй тохиолдолд ажилтныг ажилд орох өргөдлөө  2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл гаргаагүй гэх агуулгаар гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй болжээ. Учир нь ажилтны хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн хариуцагч байгууллага нь  шүүхийн шийдвэрийг биелүүлэх ёстой болохоос шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг ажилтан ажил олгогчид хандаж өргөдөл гаргах зохицуулалт хуульд байхгүй болно.

 

5. Нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтрийн бичилт цахим суурьтай болсон нь нийтэд илэрхий баримт тул холбогдох шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажуулалт хийх зохицуулалтын хүрээнд нэхэмжлэлийн шаардлагыг хуульд нийцүүлэн тодорхойлох тул шүүхийн шийдвэрийн   тогтоох хэсэгт холбогдох өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

6. Хариуцагч “У” ОНӨААТҮГ-ын эрх бүхий этгээдээс итгэмжлэгдсэн төлөөлөгчид тус байгууллагыг шүүхэд төлөөлөн оролцох бүрэн эрхийг олгосон байх тул тушаал гаргасан этгээдийг тусгайлан гуравдагч этгээдээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах шаардлагагүй,  энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

6.1. Түүнчлэн хариуцагч байгууллага нь нэхэмжлэгчийг 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр ажлаас чөлөөлөхдөө хөдөлмөрийн гэрээний туршилтын хугацаа дууссан гэх үндэслэл заахдаа түүнийг хуурамч диплом ашиглаж ажилд орсон гэх байдлыг тушаалд тусгаагүй, энэ талаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, мэтгэлцээн явагдаагүй байна.  Шүүхийн шийдвэрийг биелүүлээгүйгээс ажилтан цалин хөлсөө авч чадаагүйтэй холбоотой олговор гаргуулах нэхэмжлэлтэй энэ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаагаар өмнө нь шийдвэрээр тогтоогдсон үйл баримтын талаар дахин маргахгүй болно.

Түүнээс гадна ажилтны мэргэжлийн үйл ажиллагаатай холбоотой бичиг баримтын зөрчил байгаа эсэх талаар хариуцагч байгууллагаас шийдвэр гараагүй тул давж заалдах гомдолд дурдсан ажилтны мэргэжлийн дипломын хүчинтэй эсэх асуудал нь энэ маргаанд хамааралгүй.    

 

7. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 12-ний өдрийн 183/ШШ2023/01910 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “Хөдөлмөрийн тухай хууль /1999 оны/-ийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1” гэснийг “Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1” гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтын “Хөдөлмөрийн тухай хууль /1999 оны/-ийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2” гэснийг “Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7” гэж, “нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг” гэснийг “баталгаажуулалт хийхийг” гэж  тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны харьяа хэсэгчилсэн инженерийн хангамжийн удирдах газар” ОНӨААТҮГ-аас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 134,837 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ш.ОЮУНХАНД

 

                                         ШҮҮГЧИД                                      С.ЭНХБАЯР

 

                                                                                                Э.ЗОЛЗАЯА