Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 104/ШШ2023/00477

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Уранзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Налайх дүүргийн *******, ******* тоотод оршин суух, ******* овогт *******гийн *******гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Налайх дүүргийн *******д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Налайх дүүргийн *******ийн даргын 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн тоот тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Л.*******,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.,

түүний өмгөөлөгч Ж.Батзоригт, Н.

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ц.Ууганчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Л.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би *******ийн салбарт 27 дахь жилдээ эмчээр ажиллаж байна. 2023 оны эхний 2 дугаар улиралд Дотоод 2 удаа үйлчлүүлэгч болон эмчийн хоород тушаал шийдвэр өөрчлөгдсөн, мөн дарааллын дагуу үйлчлүүлэх шаардлага тавьсны улмаас үл ойлголцол үүссэн хэдий ч иргэн буруу ойлгосноо ухааран эмчээс уучлалт гуйж бичгээр баталгаажуулсан билээ. Гэтэл *******ийн дарга Л. нь 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн тоот тушаалд удаа дараа үйлчлүүлэгчидтэй ёс зүйгүй харьцсан гомдол ирсэн гэх шалтгаанаар сануулах хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулсан. Уг үйлдэл нь Иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 19.1, 20.1 дэх заалтыг зөрчин ёс зүйгүй харьцсан талаар баримтгүйгээр дээрх гомдолд дүгнэлт хийж тайлбар авахгүйгээр үндэслэлгүй шийтгэл ногдуулсанд гомдолтой байна. Гэрч , нар нь надтай үл ойлголцол үүссэн гэх боловч дараа нь буруу ойлгосоноо баримтаар тодорхойлж өгсөн, мөн Д. гэх хүний гомдол нь надад хамааралгүй тул би уг тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй, тушаалыг үндэслэлгүй гэж үзэж байна, .. иймд уг тушаалыг хүчингүй болгож өгнө үү... гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г., түүний өмгөөлөгч Ж.Батзоригт, Н. нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  ...Л.*******гийн нэхэмжлэл үндэслэлгүй. 2023 оны буюу 1 жилийн хугацаанд иргэдээс гаргасан гомдол болон 11-11 төвөөс ирсэн гомдлууд нь Л.******* эмчийн ёс зүй, харилцаа хандлагатай холбоотой байдаг. Иргэдээс амаар 3 гомдол гаргасан боловч уг иргэд нь сүүлдээ гомдлоо татаж авсан байдаг, өөрөөр хэлбэл гэрч Б. 13а маягт авах гэж, аавынхаа эмчилгээний талаар асуухад нэхэмжлэгч эмч ёс зүйгүй харилцсан байдаг, эмчийн гаргаж байгаа үйлдэл дээр үйлчлүүлэгч аман болон бичгийн хэлбэрээр гомдол гаргасан. Дараа нь уучлалт гуйгаад буруу ойлгосон гэдэг нь гомдол гаргаагүй гэж үзэхгүй. Тангараг өргөсөн эмчийн хувьд холбогдох дүрэм журмуудыг мөрдөж ажиллах үүрэгтэй. Л.******* эмч өөрийгөө ёс зүйгүй үйлдэл гаргаагүй гэдэг боловч Эмнэлгийн мэргэжилтний Ёс зүйн дүрмийн 3.1, 3.1.1, 3.1.4, 3.5 дахь заалтууд, мөн Монгол улсын засгийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 33 дугаар тогтоолын дагуу үйлчлүүлэгчидтэйгээ соёлтой боловсон, ёс зүйтэй харилцах ёстой. Ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар ажилчдад цалин хөлсөх олгох, алдаа гаргасан бол хариуцлага тооцох бүрэн эрхтэй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт зааснаар Л.*******д сахилгын шийтгэл оногдуулах тушаал гаргасан. Тиймээс ажилтан алдаагаа хүлээн зөвшөөрч дутагдлаа засаж, харилцаа хандлагаа өөрчилж ажиллах хэрэгтэй байх. Ажил олгогчийн гаргасан 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн Б/115 сахилгын шийтгэл оногдуулах тушаал хууль зүйн үндэслэлтэй, үйлчлүүлэгч нартай удаа дараа ёс зүйгүй харьцсан нь гэрчүүдийн тодорхойлолт, гомдол зэргээр нотлогддог тул уг тушаалыг хэвээр үлдээж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.. гэв.

Нэхэмжлэгч талаас дараах баримтыг гаргаж өгсөн байна. Үүнд: Налайх дүүргийн *******ийн даргын 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн дугаар тушаал, Налайх дүүргийн Хөдөлмөрийн эрхийн зохицуулах гурван талт хорооны хуралдааны тэмдэглэл/шийдвэр, иргэн Д.ийн гомдлын талаарх бүртгэл хяналтын карт, иргэн Б.ийн 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр хийж өгсөн тодорхойлолт, иргэн Д.гийн тодорхойлолт, Ш., Ж. нарын тодорхойлолт зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн.

Хариуцагч талаас Налайх дүүргийн *******ийн 2023 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн Удирдлагын зөвлөгөөний хурлын тэмдэглэл 10, Д., Д. нарын гомдол гаргасан тухай бүртгэл хяналтын карт зэргийг баримтаар гаргаж өгсөн байна.

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

  Нэхэмжлэгч Л.******* нь хариуцагч Налайх дүүргийн *******д холбогдуулан сахилгын шийтгэл ногдуулсан 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн тоот тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

  Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ....би сахилгын зөрчил гаргаагүй, иргэн , нартай үл ойлголцол гарсныг ёс зүйн зөрчил гэж үзсэн нь үндэслэлгүй, тэр иргэд дараа нь надтай уулзаж, уучлалт гуйж тодорхойлолт хийж өгсөн байхад уг асуудлыг судлахгүйгээр үйлчлүүлэгчидтэй ёс зүйгүй харьцсан гэх баримт байхгүй байхад сануулах арга хэмжээ авсанд гомдолтой байна... гэж,

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч .. ******* эмчийн зан харьцаатай холбогдуулан иргэн , нар *******ийн дарга д амаар гомдол гаргасан, гэтэл ******* эмч нь уг иргэдтэй дараа нь уулзаж ийнхүү тодорхойлолт хийлгэж байгаа нь өөрийнхөө үйлдлийг зөвтгөх гэсэн арга юм, мөн үйлчлүүлэгч нь 11-11 төвд гомдол гаргаж байсан. Нэхэмжлэгч нь Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн дүрмийн 3.1, 3.1.1, 3.1.4, 3.5 дахь заалтууд зөрчсөн үйлдэл гаргасан... гэж маргаж байна.

Шүүхээс хөдөлмөрийн маргаантай харилцаатай холбогдуулан нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргах хуульд заасан хугацаа хэтрүүлсэн үйл баримтад дүгнэлт хийж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

Нэхэмжлэгч Л.******* нь Налайх дүүргийн *******д Дотоод шүүрлийн кабинетын эмчээр ажилладаг бөгөөд тус *******ийн төвийн даргын 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн дугаар тушаалаар үйлчлүүлэгчидтэй удаа дараа ёс зүйгүй харьцсан гэх үндэслэлээр түүнд сануулах сахилгын шийтгэл ногдуулжээ.

Нэхэмжлэгч нь  хөдөлмөрийн Сануулах сахилгын шийтгэл ногдуулсан ажил олгогчийн шийдвэр үндэслэлгүй талаарх гомдлоо урьдчилан шийдвэрлүүлэхээр Налайх дүүргийн хөдөлмөрийн эрхийн зохицуулах гурван талт хороонд хандаж, талуудын маргаан шийдэгдээгүй тул шүүхэд хандсан нь Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1-д заасантай нийцнэ.

Гэвч нэхэмжлэгч Л.******* нь Налайх дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 01 тоот шийдвэрийг тухайн өдрөө хүлээн авч гарын үсэг зурсан хэдий ч шүүхэд 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдөр нэхэмжлэлээ гаргасан нь Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн хуулийн 154 дугаар зүйлийн 154.8-д заасантай нийцэхгүй байна.

Хөдөлмөр нийгмийн түншлэлийн гурван талт хорооны 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 05 дугаар тогтоолоор баталсан Сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны дүрэм-ийн 3.16-д Хороо маргааныг зохицуулж чадаагүй бол хороо урьдчилан шийдвэрлэх ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл, эсхүл шийдвэр гаргаж, маргалдагч талууд ажлын гурван өдөрт багтаан хүргүүлнэ гэж заасан байна.

Хэрэгт авагдсан баримтаар Налайх дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны 01 дүгээр шийдвэрийг маргалдагч тал болох нэхэмжлэгч Л.******* нь 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдөр танилцаж гардаж авсан болох хавтаст хэргийн 03 дугаар талд авагдсан гурван талт хорооны шийдвэрт зурагдсан нэхэмжлэгчийн гарын үсгээр нотлогдох бөгөөд нэхэмжлэгч уг шийдвэрийг гардан авснаас хойш ажлын 10 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргах хуулийн хугацааг хэтрүүлэн 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдөр нэхэмжлэл гаргасан байна.

Хөдөлмөрийн эрхийн харилцаатай холбоотой маргаан нь тусгайлсан хуулиар буюу шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийн хугацааг Хөдөлмөрийн тухай хуулиар нарийвчлан зохицуулсан энэ хугацааг хөдөлмөрийн маргааныг шийдвэрлэхэд салгаж болохгүй ба талууд хуульд заасан нэхэмжлэл гаргах хугацааны талаар маргаагүй хэдий ч шүүх 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдөр гурван талт хорооны шийдвэрийг гардаж авч гарын үсэг зурсан нотлох баримтыг үгүйсгэн нэхэмжлэгчийг шүүхэд нэхэмжлэл гаргах хуулийн хугацаа хэтрүүлээгүй гэж үзэж хэргийг шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлэх зарчимд нийцэхгүй юм.

Хөдөлмөрийн тухай хуулийн /шинэчилсэн найруулга/-ийн 154 дүгээр зүйлийн 154.8-д Сум дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны энэ хуулийн 154.5-д заасан тэмдэглэлийг хүлээн авснаас хойш, эсхүл энэ хуулийн 154.7-д заасан шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш ажлын 10 хоногийн дотор маргалдагч тал шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй хэмээн зохицуулжээ.

Нэхэмжлэгч тал гурван талт хорооны шийдвэрийг хүлээн авснаас хойш хойш ажлын 10 өдрийн дотор буюу 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдөр шүүхэд гомдлоо гаргах эрхтэй байсан боловч 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдөр буюу ажлын 8, хуанлийн 10 хоногийн дараа шүүхэд гомдлоо шүүхэд хандсан нь хуульд заасан хугацааг хэтрүүлсэн гэж үзэхээр байна.

Хуулийн дээрх зохицуулалтаар гомдол гаргах эрх үүссэн үеэс шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг тоолох бөгөөд хөдөлмөрийн харилцааны маргалдагч нэг тал өөрийн эрхээ зөрчигдсөн талаар шүүхэд хандахыг мэдсэн, хэрэгт авагдсан баримтаар Налайх дүүргийн тэй нэхэмжлэгч Л.******* 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдөр гарын үсэг зурж танилцсан байх тул тухайн өдрөөс хойш ажлын 10 хоногт шүүхэд хандах эрхээ хэрэгжүүлэх учиртайг мэдсэн ба шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэх хүндэтгэн үзэх шалтгаан хавтаст хэрэгт цугларсан баримтаар нотлогдохгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т зохигч, түүний төлөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх эрхтэй, нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлтэйгээ холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлсэн хүндэтгэн үзэх шалтгааныг нотолсон баримтаа өөрөө гаргаж өгөх үүргээ хэрэгжүүлээгүй тул нэхэмжлэлийн хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж дүгнэв.

  Уг нэхэмжлэл нь гомдлоор авч хэлэлцэх маргаан тул нэхэмжлэгч Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Л.*******гийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдав.

  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 158 дугаар зүйлийн 158.1.1, 154 дүгээр зүйлийн 154.8-д зааснаар нэхэмжлэгч Л.*******гийн гаргасан Налайх дүүргийн *******ийн даргын 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн тоот тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 56.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

  

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.УРАНЗАЯА