Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2024/00014

 

 

 

 

 

 

 

   2023       12            22                                    210/МА2024/00014

 

 

Л.Н-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч С.Энхбаяр, Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 104/ШШ2023/00477 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Л.Н-гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч ННТ-д холбогдох,

ННТ-ийн даргын 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн Б/105 тоот тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Б, Н.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

Би ННТ-д дотоод шүүрлийн кабинетын их эмчээр ажилладаг. Тус төвийн даргын 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн Б/105 тоот тушаалаар намайг үйлчлүүлэгч нартай удаа дараа ёс зүйгүй харилцсан гэсэн үндэслэлээр сануулах сахилгын шийтгэл ногдуулсан. Иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, 20 дугаар зүйлийн 20.1 дэх заалтын дагуу надаас гомдлын талаар тайлбар аваагүй, дүгнэлт хийлгүйгээр үндэслэлгүй сахилгын шийтгэл ногдуулсанд гомдолтой байна. Гомдол гаргасан үйлчлүүлэгч н.А, н.Б нар нь буруу ойлголцсон байснаа ойлгосон тул гомдол саналгүй гэх тайлбараа дараа нь бичгээр өгсөн. Харин Д.Б гэх үйлчлүүлэгчийн гомдол нь надад хамааралгүй байсан. Иймд уг тушаалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч талын тайлбарын агуулга:

2023 оны буюу 1 жилийн хугацаанд 11-11 төвөөс ирсэн гомдлууд нь Л.Н- эмчийн ёс зүй, харилцаа хандлагатай холбоотой байсан. Иргэдээс амаар 3 гомдол гаргасан боловч уг иргэд сүүлдээ гомдлоо татаж авсан.

Дотоод шүүрлийн булчирхайн кабинетийн эмч Л.Н-гийн ёс зүй, харьцааны асуудалтай холбогдуулан Засгийн газрын 11-11 төвөөр дамжуулан 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Налайх дүүргийн иргэн Д.Б, 2023 оны 04 дүгээр сард Налайх дүүргийн иргэн А, Эрүүл мэндийн яамны мэргэжилтэн н.Н, Налайх дүүргийн иргэн н.Б нараас ирсэн гомдлууд байдаг.

Тангараг өргөсөн эмчийн хувьд холбогдох дүрэм журмуудыг мөрдөж ажиллах үүрэгтэй. Л.Н- эмч өөрийгөө ёс зүйгүй үйлдэл гаргаагүй гэх боловч Эрүүл мэндийн сайдын 2019 оны 406 дугаар тушаалаар батлагдсан Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн дүрмийн 3 дугаар бүлгийн 3.1.2, 5 дугаар бүлгийн 5.4, 8 дугаар бүлгийн 8.2, 8.6 дахь заалтуудыг зөрчсөн байдаг. Ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар ёс зүйн алдаа гаргасан бол хариуцлага тооцох бүрэн эрхтэй тул  2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн Б/115 тоот тушаалаар Л.Н-д сахилгын шийтгэл оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй. Тус Эрүүл мэндийн төвөөр үйлчлүүлсэн н.А, Б.Б, Д.Б нартай удаа дараа ёс зүйгүй харилцсан нь гэрчүүдийн тодорхойлолт, гомдол зэргээр нотлогддог тул уг тушаалыг хэвээр үлдээж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 158 дугаар зүйлийн 158.1.1, 154 дүгээр зүйлийн 154.8-д зааснаар нэхэмжлэгч Л.Н-гийн гаргасан ННТ-ийн даргын 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн Б/105 тоот тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 56.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

 

4. Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.а. Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Миний бие нь нэхэмжлэлдээ Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны шийдвэрийг хавсаргасан. Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны шийдвэр, тэмдэглэлийг би гардан авах үедээ тухайн хүнээс гардуулсан баримт шаардахад “баримт өгдөггүй” гэж байсан.

4.б. Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны шийдвэрийг гардан авснаас хойш ажлын 10 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргах хуулийн хугацааг хэтрүүлэн 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдөр нэхэмжлэл гаргасан гэж шүүх дүгнэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь хэргийг шийдвэрлэхдээ хэт нэг талд буюу хариуцагч талд ашигтай байх боломжийг харж дүгнэсэнд гомдолтой байна.

Түүнчлэн, шүүх Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдаан хэдийд болсон, тухайн хурлын шийдвэр, тэмдэглэлийг хэзээ гардуулсан талаар хэргийн оролцогч талуудаас асууж тодруулаагүй байж, хэрэгт авагдсан баримтыг шууд гардаж авсан хугацаа гэж дүгнэсэн нь учир дутагдалтай. Надад Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн хуралдааны тэмдэглэл, шийдвэрийг 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдөр гардуулж өгсөн бөгөөд уг шийдвэрийг гардуулахдаа дээр дурдсанчлан ямар нэгэн баримт үйлдээгүй, тухайн хурал нь бүхэл бүтэн 3,4 цаг үргэлжилсний эцэст Налайх Эрүүл мэндийн төвийн дарга Л.Б бидэнтэй эвлэрэх боломжтой гэснээр хурал дуусгавар болоод тухайн өдрөөс хойш асуудал шийдэгдэхгүй явсаар надад 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдөр хорооны нарийн бичиг н.Н гэж хүн надад хурлын тэмдэглэл, шийдвэрийг гардуулж өгөөд, хугацаандаа шүүхдээ хандаарай гэж хэлсэн. Иймд шүүхээс шүүхэд хандах хугацаа хэтрүүлсэн гэж үзэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй.

Дээрх нөхцөл байдлыг дүгнэн үзэж, анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэргийн бодит нөхцөл байдалд дүгнэлт өгч чадаагүй, миний эрхийг хохироож хэргийг шийдвэрлэсэн тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга:

Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн хурал 3-4 цаг үргэлжилсний эцэст эвлэрэх боломжтой гэснээр хурал дуусгавар болсон учраас асуудал шийдэгдэхгүй явсан гэжээ. Гэтэл Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны шийдвэрийн 4 дэх хэсэгт талууд харилцан тохиролцоогүй, гомдол гаргагч тал ажлын байрны тодорхойлолтод заасан албан үүргээ биелүүлэх, хувийн зан харилцаа, харилцааны соёл дээр анхаарах гээд тодорхой чиглэл өгсөн. Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны 3.16 дахь хэсэгт шийдвэр гарснаас хойш 3 хоногийн дотор талуудад хүрэх ёстой гэсэн заалт байгаа. Нэхэмжлэгч хугацаа алдсан гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрт найруулгын өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

1. Нэхэмжлэгч Л.Н- нь хариуцагч ННТ-д холбогдуулан ННТ-ийн даргын 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн Б/105 тоот сахилгын шийтгэл ногдуулсан тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг  хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

2. Нэхэмжлэгч Л.Н- нь хариуцагч ННТ-д Дотоод шүүрлийн кабинетын эмчээр ажилладаг ба тус Эрүүл мэндийн төвийн даргын 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн Б/105 дугаар тушаалаар үйлчлүүлэгчидтэй удаа дараа ёс зүйгүй харьцсан гэх үндэслэлээр түүнд сануулах сахилгын шийтгэл ногдуулсан байна. /хх2/

 

3. Нэхэмжлэгч нь сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг эс зөвшөөрч Налайх дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гомдол гаргасан байх ба уг хорооны 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн хуралдаанаар гомдлыг хэлэлцээд, талууд эвлэрч чадаагүй, харилцан тохиролцоогүй үндэслэлээр урьдчилан шийдвэрлэх ажиллагааг дуусгавар болгож, уг шийдвэрийг хүлээн авснаас хойш 10 хоногийн дотор шүүхэд хандах эрхтэйг заажээ./хх 3/

 

4. Нэхэмжлэгч нь дээрх хорооны тэмдэглэл, шийдвэрийг 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдөр гардан авч, шүүхэд нэхэмжлэлээ гаргасан гэх боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч тус хорооны шийдвэрийг хэзээ гардаж авсан тухайгаа баримтаар нотлоогүй байх тул дээрх хорооны хуралдаан хийгдсэн 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдөр тухайн шийдвэрийг хүлээн авсанд тооцож, энэ өдрөөс хойш 10 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг тоолж, уг хугацааг хэтрүүлсэн гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй байна.

 

Иймд нэхэмжлэгч хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлж шүүхэд нэхэмжлэл гаргасан талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8 дахь хэсэгт “Сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны энэ хуулийн 154.5-д заасан тэмдэглэлийг хүлээн авснаас хойш, эсхүл энэ хуулийн 154.7-д заасан шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдрийн дотор маргалдагч тал шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй.” гэж заасантай нийцсэн байх тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй.

 

5. Түүнчлэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдааныг нотлох баримт шаардлагатай гэх үндэслэлээр хойшлуулах эсэх нь анхан шатны шүүхийн эрх хэмжээнд хамаарах юм. Харин зохигчид өөрийн тайлбараа баримтаар нотлох, уг баримтыг цуглуулах, гаргах үүрэгтэй. Иймд анхан шатны шүүх нэг талыг баримтлан хэргийг шийдвэрлэсэн гэх нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.

 

6. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад хариуцагчийн нэрийг орхигдуулсныг засаж, хүчин төгөлдөр үйлчилж байгаа Хөдөлмөрийн тухай хуульд “шинэчилсэн найруулга” гэх тодотгол хэрэглэх шаардлагагүй учраас найруулгын өөрчлөлт оруулна.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн    167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 104/ШШ2023/00477 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1, 154 дүгээр зүйлийн 154.8 дахь хэсэгт зааснаар хариуцагч ННТ-д холбогдуулан гаргасан ННТ-ийн даргын 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн Б/105 тоот тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Л.Н-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Э.ЗОЛЗАЯА

 

        ШҮҮГЧИД                                   С.ЭНХБАЯР

 

Ц.АЛТАНЦЭЦЭГ