Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 182/ШШ2017/02490

 

2017 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 182/ШШ2017/02490

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:  Х ХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ТОСК-т холбогдох

Ажил гүйцэтгэх гэрээний төлбөр, алданги 193,031,594.8 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Б, хариуцагчийн төлөөлөгч Б.Итгэлбат, А.Цэлмэг, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн төлөөлөгч Б.Д, Д.Г хуралдааны нарийн бичгийн дарга С.Тэмүүлэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани нь Барилга хот байгуулалтын яамтай байгуулсан 2005 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 01/06 тоот гэрээ, 2006 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 06/109 тоот гэрээний дагуу 1 дүгээр хороолол-Орбит чиглэлийн цэвэр усны шугам, өргөтгөлийн насос станцын барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэсэн. 2006 оны 12 дугаар сарын 01-нд 1 дүгээр ээлжийн БУА-д, 2007 оны 12 дугаар сарын 25-нд 2 дугаар ээлжийн БУА-д техникийн комисс ажилласан боловч цаашид хэрэглэгч байхгүй учир ашиглагч байгууллага иж бүрэн хүлээж аваагүй юм.

2013, 2014, 2015 онуудад дээрх барилга байгууламжийг иж бүрнээр ашиглалтанд оруулах асуудал хэд хэдэн удаа эрчимтэй яригдаж, нэмэгдэж хийгдэх ажлууд, түүний хөрөнгө болон техникийн шийдлийн талаар хэлэлцэж байсны дагуу өргөлтийн насос станцын гадна цахилгааны шинээр хийх болон сэргээн засварлах кабель, тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээ хийх хөрөнгө 175,483,268 төгрөгийг Дэд бүтэц төслөөс санхүүжүүлэхээр болж,*******/сахүүжүүлэх үүрэг хүлээж/, Барилгын хөгжлийн төв /Захиалагч/,  ХК /гүйцэтгэгч/-ийн хооронд 2015 оны 10 дугаар сарын 20-нд гурвалсан гэрээ байгуулан, БУА-ыг хйиж гүйцэтгэж 2015 оны 11 сарын 13-нд улсын комиссоор хүлээлгэн өгсөн боловч өнөөдрийг хүртэл санхүүжилт хийгдээгүй байна.

Манай компани нь*******ТӨААТҮГ-аас санхүүжилт олгохыг удаа дараа шаардсан боловч одоо болтол олголгүй манай компанийг хохироосоор байна. Иймд Төрийн орон сууцны копораци ТӨААТҮГ-аас Хүрд ХК-ийн гүйцэтгэсэн ажлын санхүүжилт болох 175,483,268 төгрөг, гэрээний алданги 17,548,326.8 төгрөг, нийт 193,031,594.8 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хүрд ХК-ийн нэхэмжлэлтэй ТОСК ТӨААТҮГ-т холбогдох 193,031,594.8 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт дараах тайлбарыг гаргаж байна.

Нэхэмжлэлд дурдсанаар Х ХК нь 2005 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Барилга, хот байгуулалтын яамтай 01-06 тоот гэрээ байгуулж тухайн барилга угсралтын ажлыг эхлүүлсэн байх ба энэ үед манай байгууллага үүсгэн байгуулагдаагүй байсан.*******ТӨААТҮГ нь Орон сууцны төв нэртэйгээр 2007 онд байгуулагдсан байдаг.

Тус нэхэмжлэлдээ дурдсанаар цэвэр усан сангийн цахилгааны техникийн нөхцлийн дагуу өргөлтийн насос станцын гадна цахилгаан хангамжийн зураг төсөв боловсруулах барилга угсралтын ажлыг гүйцэтгэх хөрөнгө болох 175,483,268 төгрөгийг Дэд бүтэц төслийн хэмнэлтийн хөрөнгөөс гаргахаар болж, тохирсон тухайгаа бичжээ.

Гэтэл энэ хөрөнгийг манай байгууллагаас шаардах болсон нь учир байдлын хувьд ойлгомжгүй, тодорхойгүй үндэслэлгүй гэж үзэж байгаа юм. Учир нь нэхэмжлэлийн төгсгөл хэсэгт дурдсан манай байгууллага, Барилгын хөгжлийн төв, Хүрд ХХК-ийн хооронд 2015 оны 10 сарын 20-ны өдөр байгуулсан гурвалсан гэрээ нь манай байгууллагын гэрээний бүртгэл, гэрээний жагсаалтанд байхгүй байгаа буюу манай байгууллагатай байгуулсан гэрээ биш байна гэж үзэхэд хүрч байна.

Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2-т гэрээг байгуулсан тооцох нөхцлүүд байдаг бөгөөд гэрээг бичгээр байгуулахаар хуульд заасан буюу талууд тохиролцсон бол талууд нэг баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурах буюу гэрээний саналыг зөвшөөрснөө илэрхийлсэн тал гарын үсгээ зурсан захидал, албан бичиг телефакс эдгээртэй адилтгах баримт бичгийг нөгөө тал хүлээн авснаар гэж заасан байна. Гэтэл манайд ийм албан бичиг, түүнтэй адилтгах материал олдохгүй байхаар үл барам нэхэмжлэлд дурдаад байгаа гэрээ нь ч байхгүй байгаа юм.

Эдгээр бүгдээс тухайн гэрээг манай байгууллага Хүрд ХК-тай байгуулаагүй, урьд нь тус компанитай хамтарч ажиллаж байгаагүй учир нэхэмжилсэн 193,031,594.8 төгрөгийг олгох үндэслэлгүй гэж үзэж байна.

Төрийн орон сууцны корпораци ТӨААТҮГ нь эрх бүхий дээд байгууллагаас баталж, зөвшөөрсөн төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэх эрхтэй байдаг. Энэ төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэх тухай дээд шатны байгууллагын шийдвэр гараагүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авах боломжгүй байна гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Барилгын хөгжлийн төв шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дэд бүтэц төслийн удирдах хорооны 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн хуралдаанаар Хүрд ХК-ийн гүйцэтгэж байгаа ажлыг хэрхэн санхүүжүүлэх тухай яриа болсон. ТОСК тухайн үед БХБЯ-тай байгуулсан гэрээний дагуу Дэд бүтэц төслөөс ажлын санхүүжилтийг бүрэн хүлээж авсан байсан. Энэ ажлаас гарах хэмнэлтээс Х ХК-ийн ажлыг санхүүжүүлэх боломжтой гэж яригдсан. Ингээд ТОСК нь Дэд бүтэц, Барилгын хөгжлийн төврүү өгөх, Дэд бүтэц нь Х ХК-нд өгөх байсан. ТОСК манайд мөнгөө өгөхгүй байна, өгчихвөл бид Хүрд ХК-нд шилжүүлнэ гэж Дэд бүтцийнхэн ярьж байсан. Энэ хувилбар хэрэгжихгүй байсан тул ТОСК, Дэд бүтэц, БХТ гэж гэрээ байгуулсан. Иймд энэ төлбөрийг ТОСК төлөх учиртай гэжээ.

Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Хүрд ХК нь хариуцагч*******ТӨААТҮГ-т холбогдуулан Ажил гүйцэтгэх, санхүүжүүлэх гурвалсан гэрээний дагуу санхүүжүүлэгч талын хүлээсэн үндсэн үүргийн гүйцэтгэлд 175,483,268 төгрөг, алдангийн төлбөрт 17,548,326.8 төгрөг, нийт 193,031,594.8 төгрөг гаргуулахыг хүсэж нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж, 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдөр нэг талаас захиалагч Барилгын хөгжлийн төв, нөгөө талаас гүйцэтгэгч Хүрд ХК, гуравдагч талаас санхүүжүүлэгч Төрийн орон сууцны корпораци (ТОСК)-ийн хооронд барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан бөгөөд тус гэрээний дагуу гүйцэтгэгч тал ажлаа бүрэн хийж гүйцэтгэсэн тул санхүүжүүлэгч талаас гэрээний үүргийг биелүүлж төлбөрөө бидэнд шилжүүлэх үндэстэй. Барилгын ажил гүйцэтгэх гэрээнд ерөнхийдөө 10 хувийн алданги авдаг практиктай тул тус дүнгээр алданги нэхэмжилж байна гэж тайлбарлажээ.

Хариуцагч, нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, Тус гэрээнд ТОСК-ийн талаас гарын үсэг зурсан байх боловч ТОСК-ийг санхүүжүүлэгч гэж үзэх боломжгүй байна. Учир нь гэрээнд санхүүжүүлэгч гэх этгээд ямар үүрэг гүйцэтгэх, ямар хуваариар гүйцэтгэх зэрэг зохицуулалт тусгагдаагүй бөгөөд гүйцэтгэгчид төлбөр төлөх үндсэн үүргийг захиалагчид ногдуулж заасан нь гэрээний 7, 8 дахь зохицуулалтаас тодорхой харагдана. ТОСК аливаа төсөлд санхүүжүүлэгчээр хэзээ ч оролцдоггүй. Бидэнд санхүүжилт хийх хөрөнгө, эх үүсвэр ч байхгүй, захиалагчийн төлөөлж Буянт-Ухаа төсөл дээр л ажиллаж байсан. гэж маргаж байна.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Барилгын хөгжлийн төв нэхэмжлэлийн шаардлагыг дэмжих байр суурьтай оролцож байх бөгөөд итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ганбаатар Миний бие тухайн үед энэ ажлын санхүүжилтийг шийдвэрлэх хуралд оролцож байсан. Уг хурлаар Буянт-Ухаа-1 төсөл (уг төсөлд Дэд бүтэц төслийн нэгж санхүүжүүлэгчээр, ТОСК захиалагчаар оролцож байсан)-ийн санхүүжилтээс тодорхой хэмжээний хөрөнгө хэмнэгдэж байгааг маргаан бүхий энэ ажлын санхүүжилт болгон ашиглахаар яриа тохироо болж энэхүү гурван талт гэрээг байгуулсан гэх агуулга бүхий тайлбар өгч байна.

Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад тогтоогдсон дараах үйл баримтаар шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Үүнд:

1.   Нэхэмжлэгч Хүрд ХК нь 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн огноотой 2015/248 тоот Барилгын ажил гүйцэтгэх гэрээний дагуу Баянголын амны орон сууцны хороололд баригдсан цэвэр усны шугамын өргөлтийн насос станцын гадна цахилгаан хангамжийн ажлыг 175,483,268 төгрөгөөр хугацаандаа хийж гүйцэтгэн улсын комисст хүлээлгэн өгчээ. /хх-ийн 23-42 дугаар тал/

 

2.   Хавтаст хэргийн 20 дугаар талд авагдсан Барилгын ажил гүйцэтгэх гэрээнд*******ТӨААТҮГ-ийг төлөөлж А.Гантулга, Барилгын хөгжлийн төвийг төлөөлж Б.Баярсайхан, Хүрд ХК-ийг төлөөлж Б.Энхжаргал нар гарын үсэг зуран баталсан байна.*******ТӨААТҮГ нь тус гэрээнд санхүүжүүлэгч гэсэн нэрээр гарын үсэг зурж гэрээ байгуулахад оролцсон байх боловч гэрээний агуулгаас тус байгууллага нь санхүүжүүлэгчийн хувьд тусгайлан ямар эрх эдэлж, үүрэг хүлээж буй нь тодорхойгүй, энэ талаар тодорхой зохицуулсан зүйл үгүй байна.

Маргаан бүхий гэрээ болох 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн огноотой 2015/248 тоот Барилгын ажил гүйцэтгэх гэрээнд энэхүү гэрээ нь 2005 оны 01/06 тоот гэрээ, 2006 оны 06 тоот гэрээний салшгүй хэсэг байна гэж заасан байх ба 2015/248 тоот гэрээний 6-д Захиалагч, Санхүүжүүлэгч, Гүйцэтгэгч нь гэрээний ерөнхий болон тусгай нөхцөлд заасан эрх, үүрэг хариуцлага хүлээнэ гэж заажээ. Маргаан бүхий 2015/248 тоот гэрээнд ерөнхий ба тусгай нөхцөл гэх баримтууд байхгүй, зураг, гүйцэтгэгчийн ирүүлсэн үе шатны ажлын хуваарь, ажил гүйцэтгэх хуваарь гэх хавсралтуудтай болох нь гэрээний 5 дахь заалтад тусгагдсан байна. Харин тус гэрээний салшгүй хэсэг гэгдэж буй 2005 он 01/06 тоот гэрээ, 2006 оны 06 тоот гэрээнд ерөнхий ба тусгай нөхцлүүд тус тус байна. Эдгээр гэрээний ерөнхий ба тусгай нөхцлийг нотлох баримтын шаардлага хангуулан гаргаж өгөх боломжгүй болохоо нэхэмжлэгч талаас өмнөх шүүх хуралдаанд илэрхийлж байсны зэрэгцээ талуудаас энэ талаар тусгайлсан хүсэлт тавьж байгаагүй болно. Түүнчлэн ТОСК ТӨААТҮГ нь 2013 онд үүсгэн байгуулагдсан болох нь хавтаст хэргийн 50 дугаар талд авагдсан тус байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байх бөгөөд 2005, 2006 онд гэрээ байгуулагдах үед ийм байгууллага байгаагүй, эдгээр гэрээг гагцхүү захиалагч, гүйцэтгэгч нарын хооронд байгуулсан, тус гэрээнд санхүүжүүлэгч гэх байгууллага оролцоогүй гэх асуудлаар зохигч, гуравдагч этгээд ижил байр суурьтай байна. Иймд маргаан бүхий гэрээний салшгүй хэсэг гэх 2005 оны 01/06 тоот гэрээ, 2006 оны 06 тоот гэрээнд санхүүжүүлэгчийн талаар тусгай үүрэг заагдаагүй гэх тэдгээрийн тайлбар үндэслэл бүхий гэж дүгнэлээ. Түүнчлэн 2005 оны 01/06 тоот гэрээ, 2006 оны 06 тоот гэрээний ажил гүйцэтгэгдэж дууссан гэж зохигчид тайлбарлаж байх тул эдгээр гэрээнд хожим буюу ТОСК үүсгэн байгуулагдсанаас хойш нэмэлт, өөрчлөлт оруулсан байх үндэсгүй байна.

Маргаан бүхий гэрээний 7-д Гүйцэтгэгч нь гэрээний дагуу захиалагчийн төлөх төлбөрийг үндэслэн энэхүү гэрээний бүх нөхцөл, болзолд нийцүүлэн гэрээнд заасан ажлыг гүйцэтгэж, зөрчил ажлын доголдол арилгах үүрэг хариуцлага хүлээж байна. гэж, 8-д Захиалагч нь гэрээний дагуу гүйцэтгэгчийн хийх ажил болон зөрчил, ажлын доголдол арилгах үйлчилгээг үндэслэн төлбөрийг гүйцэтгэгчид төлөх үүрэг хариуцлага хүлээж байна гэж заажээ.

Дээрх байдлаар тус гэрээг баталсан хэсэг болон байгуулсан хэсэгт ТОСК санхүүжүүлэгч гэж гарын үсэг зурсан боловч гэрээний агуулга хэсэгт төлбөр төлөх үүргийг захиалагч Барилгын хөгжлийн төв хүлээх байдлаар томьёолсон нь гэрээг тайлбарлахад тодорхойгүй байдал үүсгэж байна. Иймд гэрээний агуулгыг үгийн шууд утгаар тайлбарлах боломжгүй гэж үзэж, гэрээ байгуулахад удирдлага болгосон баримт бичигт суурилан дүгнэлт өгөх нь Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.6-д нийцнэ гэж үзлээ.

3.   Маргаан бүхий гэрээг талууд байгуулахдаа Барилга хот байгуулалтын сайдын 2015 оны 38 дугаар тушаал, Дэд бүтэц, Дэд бүтэц эрчим хүч төслийн удирдах хорооны 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 2 дугаар хурлын шийдвэрийг удирдлага болгожээ. Барилга хот байгуулалтын сайдын 38 дугаар тушаалаар Дэд бүтэц, Дэд бүтэц-эрчим хүч төслүүдийн удирдах хороог үүсгэн байгуулсан байх бол 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн Төслийн удирдах хорооны 2 дугаар хурлын тэмдэглэлээр Хүрд ХК-ийн гүйцэтгэсэн маргаан бүхий ажлыг эхлүүлэх, санхүүжүүлэх асуудлыг хэлэлцсэн байна. /хх-ийн 95, 97-103 дугаар тал/

Маргаан бүхий гэрээний ажил болох Баянголын амны орон сууцны хороололд баригдсан цэвэр усны шугамын өргөлтийн насос станцын гадна цахилгаан хангамжийн ажлыг уг хуралдаанаар нэмэлт 8 дугаар асуудал болгон хэлэлцсэн байх ба уг ажлын төсвийг батлуулан, Дэд бүтэц төслийн хэмнэсэн төсвөөс гарган гүйцэтгүүлэхийг Барилгын хөгжлийн төв-д үүрэг болгон шийдвэрлэсэн байна. /хх-ийн 102 дугаар талын арын нүүр/

Энэхүү нөхцөл байдлаас дүгнэвэл Хүрд ХК-аар хийлгүүлсэн гэх цэвэр усны шугамын өргөлтийн насос станцын гадна цахилгаан хангамжийн ажлын санхүүжилтийг тухай ажлын захиалагчаар оролцож байсан Барилгын хөгжлийн төв Дэд бүтэц төслийн хэмнэлтээс гарган гүйцэтгэгч компанид олгох ажлыг зохион байгуулах үүрэг хүлээсэн байх ба уг агуулгаар талуудын хооронд байгуулсан гэрээний 7, 8 дугаар заалтыг ойлгон тайлбарлах үндэстэй байна. Харин ТОСК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарлаж буй тухайн үед Буянт Ухаа 1 төсөлтэй холбоотойгоор Дэд бүтэц төсөлтэй холбоотой ажилладаг байсан нь дээрх гэрээнд санхүүжүүлэгч гэх нэрийн дор гарын үсэг зурах шалтгаан болсон, гэхдээ бидэнд санхүүжүүлэх ямар ч эх үүсвэр байгаагүй бөгөөд уг асуудлыг захиалагч Барилгын хөгжлийн төв зохицуулна гэж ойлгосон гэх тайлбар үндэслэл бүхий гэж үзлээ.

Эдгээр үйл баримтад суурилан санхүүжүүлэгч гэх нэрийн дор гэрээнд гарын үсэг зурсан боловч ямар хуваариар, хэрхэн санхүүжилт хийх эрх үүргийг тодорхой заагаагүй байх тул ТОСК ТӨААТҮГ-нд тус гэрээгээр санхүүжүүлэгчийн эрх, үүрэг үүсээгүй гэж үзэж Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасны дагуу түүнд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Энэ нь нэхэмжлэгч гүйцэтгэсэн ажлын хөлсөө холбогдох этгээдээс шаардах эрхээ хэрэгжүүлэхэд нь саад болохгүйг дурдаж байна.

Хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Дэд бүтэц төслийг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцуулах хүсэлтийг хариуцагчаас гаргасан боловч тус төсөл татан буугдсан гэх үндэслэлээр энэ хүсэлтээсээ татгалзсан болно.

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнтэй холбогдуулан Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,123,108.0 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх үндэстэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.    Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасны дагуу нэхэмжлэгч Хүрд ХК-ийн*******ТӨААТҮГ-т холбогдуулан гаргасан ажил гүйцэтгэх гэрээний төлбөр, алданги 193,031,594.8 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.    Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,123,108.0 төгрөгийг улсын орлогод хэвээр болгосугай.

 

3.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д заасны дагуу шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан арга, журмын дагуу шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа явуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад зөвшөөрсүгэй.

 

4.    Шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй. Гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

5.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд түүний төлөөлөгч, өмгөөлөгч, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАЯРМАА