Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2018/00483

 

 

 

 

 

2018 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2018/00483

 

 

 

 

Хүрд ХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ч.Цэнд, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 182/ШШ2017/02490 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Хүрд ХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Төрийн орон сууцны корпораци ТӨААТҮГ-т холбогдох

Ажил гүйцэтгэх гэрээний хөлс 175 483 268 төгрөг, алданги 17 548 326 8 төгрөг, нийт 193 031 594 8 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандах илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бат-Эрдэнэ, Б.Мөнхбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Цэлмэг, Б.Итгэлбат, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ганбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бат-Эрдэнэ шүүхэд гаргасан тайлбартаа: Хүрд ХХК нь Барилга хот байгуулалтын яамтай байгуулсан 2005 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 01/06 тоот гэрээ, 2006 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 06/109 тоот гэрээний дагуу 1 дүгээр хороолол, Орбит чиглэлийн цэвэр усны шугам, өргөтгөлийн насос станцын барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэсэн. 2006 оны 12 дугаар сарын 01-нд 1 дүгээр ээлжийн БУА-д, 2007 оны 12 дугаар сарын 25-нд 2 дугаар ээлжийн БУА-д техникийн комисс ажилласан боловч цаашид хэрэглэгч байхгүй учир ашиглагч байгууллага иж бүрэн хүлээж аваагүй юм. 2013, 2014, 2015 онуудад дээрх барилга байгууламжийг иж бүрнээр ашиглалтад оруулах асуудал хэд хэдэн удаа эрчимтэй яригдаж, нэмэгдэж хийгдэх ажлууд, түүний хөрөнгө болон техникийн шийдлийн талаар хэлэлцэж байсны дагуу өргөлтийн насос станцын гадна цахилгааны шинээр хийх болон сэргээн засварлах кабель, тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээ хийх хөрөнгө 175 483 268 төгрөгийг Дэд бүтэц төслөөс санхүүжүүлэхээр болж, Төрийн орон сууцны корпораци ТӨААТҮГ /санхүүжүүлэх үүрэг хүлээж/, Барилгын хөгжлийн төв /Захиалагч/, Хүрд ХК /гүйцэтгэгч/-ийн хооронд 2015 оны 10 дугаар сарын 20-нд гурвалсан гэрээ байгуулан, БУА-ыг хийж гүйцэтгэж 2015 оны 11 сарын 13-нд улсын комиссоор хүлээлгэн өгсөн боловч өнөөдрийг хүртэл санхүүжилт хийгдээгүй. Төрийн орон сууцны корпораци ТӨААТҮГ-аас санхүүжилт олгохыг удаа дараа шаардсан боловч одоо болтол олголгүй компанийг хохироосоор байна. Иймд Төрийн орон сууцны корпораци ТӨААТҮГ-аас Хүрд ХК-ийн гүйцэтгэсэн ажлын санхүүжилт болох 175 483 268 төгрөг, гэрээний алданги 17 548 326 8 төгрөг, нийт 193 031 594 8 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Цэлмэг, Б.Итгэлбат нар шүүхэд гаргасан тайлбартаа: Хүрд ХК нь 2005 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Барилга, хот байгуулалтын яамтай 01-06 тоот гэрээ байгуулж тухайн барилга угсралтын ажлыг эхлүүлсэн байх ба энэ үед Төрийн орон сууцны корпораци ТӨААТҮГ нь үүсгэн байгуулагдаагүй байсан ба 2007 онд Орон сууцны төв нэртэйгээр байгуулагдсан. Тус нэхэмжлэлдээ дурдсанаар цэвэр усан сангийн цахилгааны техникийн нөхцөлийн дагуу өргөлтийн насос, станцын гадна цахилгаан хангамжийн зураг төсөв боловсруулах барилга угсралтын ажлыг гүйцэтгэх хөрөнгө болох 175 483 268 төгрөгийг Дэд бүтэц төслийн хэмнэлтийн хөрөнгөөс гаргахаар болж, тохирсон тухайгаа бичжээ. Гэтэл энэ хөрөнгийг манай байгууллагаас шаардах болсон нь ойлгомжгүй, тодорхойгүй, үндэслэлгүй гэж үзэж байгаа юм. Учир нь нэхэмжлэлийн төгсгөл хэсэгт дурдсан манай байгууллага, Барилгын хөгжлийн төв, Хүрд ХХК-ийн хооронд 2015 оны 10 сарын 20-ны өдөр байгуулсан гурвалсан гэрээ нь манай байгууллагын гэрээний бүртгэл, гэрээний жагсаалтад байхгүй, манай байгууллагатай байгуулсан гэрээ биш байна гэж үзэхэд хүрч байна.

Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2-т гэрээг байгуулсанд тооцох нөхцөлүүд байдаг бөгөөд гэрээг бичгээр байгуулахаар хуульд заасан буюу талууд тохиролцсон бол нэг баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурах буюу гэрээний саналыг зөвшөөрснөө илэрхийлсэн тал гарын үсгээ зурсан захидал, албан бичиг телефакс эдгээртэй адилтгах баримт бичгийг нөгөө тал хүлээн авснаар гэж заасан байна. Гэтэл манайд ийм албан бичиг, түүнтэй адилтгах материал олдохгүй байхаар үл барам нэхэмжлэлд дурдаад байгаа гэрээ нь ч байхгүй байгаа юм. Тухайн гэрээг манай байгууллага Хүрд ХК-тай байгуулаагүй, урьд нь тус компанитай хамтарч ажиллаж байгаагүй учир нэхэмжилсэн 193 031 594 8 төгрөгийг олгох үндэслэлгүй. Төрийн орон сууцны корпораци ТӨААТҮГ нь эрх бүхий дээд байгууллагаас баталж, зөвшөөрсөн төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэх эрхтэй байдаг. Энэ төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэх тухай дээд шатны байгууллагын шийдвэр гараагүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авах боломжгүй байна гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дэд бүтэц төслийн удирдах хорооны 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн хуралдаанаар Хүрд ХК-ийн гүйцэтгэж байгаа ажлыг хэрхэн санхүүжүүлэх тухай яриа болж, Төрийн орон сууцны корпораци тухайн үед БХБЯ-тай байгуулсан гэрээний дагуу Дэд бүтэц төслөөс ажлын санхүүжилтийн хэмнэлтээс Хүрд ХК-ийн ажлыг санхүүжүүлэх боломжтой гэж яригдсан. Ингээд Төрийн орон сууцны корпораци ТӨААТҮГ нь Дэд бүтэц, Барилгын хөгжлийн төв рүү өгөх, Дэд бүтэц нь Хүрд ХК-д өгөх байсан. Төрийн орон сууцны корпораци ТӨААТҮГ манайд мөнгөө өгөхгүй байна, өгчихвөл бид Хүрд ХК-д шилжүүлнэ гэж Дэд бүтцийнхэн ярьж байсан. Энэ хувилбар хэрэгжихгүй байсан тул Төрийн орон сууцны корпораци ТӨААТҮГ, Дэд бүтэц, БХТ гэж гэрээ байгуулсан. Иймд энэ төлбөрийг Төрийн орон сууцны корпораци ТӨААТҮГ төлөх учиртай гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч Хүрд ХК-ийн Төрийн орон сууцны корпораци ТӨААТҮГ-т холбогдуулан гаргасан ажил гүйцэтгэх гэрээний төлбөр, алданги 193 031 594 8 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 123 108 0 төгрөгийг улсын орлогод хэвээр олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Энхжаргал давж заалдах гомдолдоо: Манай компани БХБЯамны захиалгаар Баянголын амны Бор толгой дээр хийгдсэн Усан санг цэвэр усаар хангах шугам хоолой, өргөлтийн насос станцын барилга угсралтын ажил хийж гүйцэтгэсэн юм. Үүний 3-р үе шатны ажил болох өргөлтийн насос станцын цахилгааны кабель, хаалттай дэд өртөөний 175 483 268 төгрөгийн төсөвт өртөгтэй ажлыг хийж гүйцэтгэх захиалагч Барилгын Хөгжлийн Төв, санхүүжүүлэгч Төрийн орон сууцны корпораци ТӨААТҮГ гүйцэтгэгч Хүрд ХК-ийн хооронд 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 2015/248 тоот гурвалсан гэрээ байгуулсан. Манай компани гэрээний үүргийн дагуу барилга угсралтын ажлыг хийж 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр улсын комисс ажиллуулан ашиглалтад өгсөн. Гэтэл Төрийн орон сууцны корпораци ТӨААТҮГ гэрээний үүргээ биелүүлэлгүй хийсэн ажлын гүйцэтгэл 175 483 268 төгрөгийг санхүүжүүлэхгүй 3 жил болж хохироож байна.

Энэхүү 2015/248 тоот гэрээгээр гүйцэтгэх барилга угсралтын ажил нь 2005 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 01/06 тоот гэрээ, 2006 оны 12 дугаар 06-ны өдрийн 6 тоот гэрээгээр гүйцэтгэсэн ажлын үргэлжлэл мөн боловч, цаг хугацааны уртад шинээр үүссэн нөхцөл байдалтай уялдан нэмэлтээр зайлшгүй хийх шаардлагатай ажилтай холбогдон байгуулагдсан гэрээ юм. Энэхүү гэрээг байгуулах шийдвэрийг БХБЯамны Төрийн нарийн бичгийн дарга Р.Эрдэнэбүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг Дэд бүтэц төсөл, Барилгын хөгжлийн төв хамтран тохиролцож тухайн үед Буянт-Ухаа хорооллын инженерийн байгууламжийн ажлын хөрөнгийн хэмнэлтээс /гүйцэтгэгч нь Төрийн орон сууцны корпораци ТӨААТҮГ байсан/ гаргах боломжтой гэж үзэж Төрийн орон сууцны корпораци ТӨААТҮГ-ыг санхүүжүүлэгчээр татан оролцуулж, харилцан тохиролцож, Төрийн орон сууцны корпораци ТӨААТҮГ хүлээн зөвшөөрсний үндсэн дээр гурвалсан гэрээ байгуулсан.

Гэрээний 5-т энэхүү гэрээ нь энд дурдсан ажлыг гүйцэтгэх талаарх талуудын хоорондын эцсийн тохиролцоо болох, мөн энэхүү гэрээ нь урьд өмнө үйлдсэн бүх хэлцлийг орлох эрх зүйн чадвартайг тодорхой заасан байхад нягталж үзээгүй. Гэрээний дагуу хийж гүйцэтгэсэн барилга угсралтын ажлын өртөг болох 175 483 268 төгрөг, алданги 10 хувь болох 17 548 326 төгрөг нийт 193 031 594 төгрөгийг Төрийн орон сууцны корпораци ТӨААТҮГ-аас гаргуулж өгнө үү гэж Дүүргийн анхан шатны шүүхэд хандсан боловч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 198 дугаар зүйлийн 198.6, 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасанд нийцүүлэн шийдвэрлэсэн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2015/248 тоот гэрээний 8 дахь хэсэгт Барилгын хөгжлийн төв нь төлбөр гүйцэтгэх үүрэг хариуцлага хүлээсэн нь ажлын гүйцэтгэлийг гүйцэтгэгчээс хүлээн авч улмаар улсын комиссын акт, ажлын гүйцэтгэлийн нэхэмжлэлийг Төрийн орон сууцны корпораци ТӨААТҮГ-т гардуулан өгснөөр Төрийн орон сууцны корпораци ТӨААТҮГ санхүүжүүлэх үүрэг нь үүсэх ёстой юм. Иймд нэхэмжлэлийг нягтлан үзэж ажлын гүйцэтгэлийн төлбөрийг санхүүжүүлэгч Төрийн орон сууцны корпораци ТӨААТҮГ, захиалагч Барилгын хөгжлийн төвөөс гаргуулан өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хоорондын маргаанд хамааралтай нотлох баримтыг бүрдүүлэх болон үнэлэх журмыг зөрчөөгүй, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Хүрд ХК нь хариуцагч Төрийн орон сууцны корпораци ТӨААТҮГ-т холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний хөлс болох 175 483 268 төгрөг, алданги 17 548 327 төгрөг, нийт 193 031 595 төгрөгийг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Хүрд ХК нь Барилга хот байгуулалт, нийтийн аж ахуйн үндэсний төвтэй 2005 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 01/06 тоот гэрээ, 2006 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 06/109 тоот гэрээ байгуулан 1 дүгээр хороолол-Орбит чиглэлийн цэвэр усны шугам, өргөтгөлийн насос станцын барилга угсралтын ажлыг гүйцэтгэж эхэлсэн. Хүрд ХК, Барилгын хөгжлийн төв болон Төрийн орон сууцны корпораци ТӨААТҮГ-ийн хооронд 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 2015/248 дугаар Барилгын ажил гүйцэтгэх гэрээ-г байгуулж, дээрх барилга угсралтын ажил буюу Улаанбаатар хот 1 дүгээр хороолол, Баянголын амны орон сууцны хороололд баригдсан цэвэр усны шугамын өргөлтийн насос станцын гадна цахилгаан хангамжийн ажлыг үргэлжлүүлэн хийж гүйцэтгэн 2015 оны 11 сарын 13-ны өдөр ашиглалтад оруулан хүлээлгэн өгсөн үйл баримт тогтоогдсон байна. Энэ талаар талууд маргаагүй.

/Х.х-ийн 5-8, 9-12,13-19, 20-22, 23-24 дүгээр тал/

Харин хариуцагч Төрийн орон сууцны корпораци ТӨААТҮГ нь дээрх ажлын хөлсийг хариуцан төлөх эсэх, нэхэмжлэгчийн өмнө үүрэг хүлээсэн эсэхэд марган мэтгэлцсэн.

Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт Хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй гэж заасан бөгөөд аливаа этгээдэд үүрэг хуулиар эсхүл гэрээгээр үүснэ.

Төрийн орон сууцны корпораци ТӨААТҮГ нь Хүрд ХК-ийн өмнө дээрх ажлын хөлсийг төлөх үүрэг үүссэн буюу үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө мөнгө төлөх үүрэг хүлээсэн гэх үйл баримтыг нотлох баримт хэрэгт байхгүй байна.

Талуудын хоорондын 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 2015/248 дугаар гэрээнд зааснаар Барилгын хөгжлийн төв захиалагчаар, Хүрд ХК гүйцэтгэгчээр, Төрийн орон сууцны корпораци санхүүжүүлэгчээр тус тус оролцохоор тодорхойлж, уг гэрээний 8-д Захиалагч нь гэрээний дагуу гүйцэтгэгчийн хийх ажил болон зөрчил, ажлын доголдол арилгах үйлчилгээг үндэслэн гэрээний төлбөрийг гүйцэтгэгчид төлөх үүрэг хариуцлага хүлээж байна гэжээ.

Мөн зохигчдын өөрийн шаардлага, татгалзлын үндэс болгож буй гэрээний салшгүй хэсэг болох гэрээг үндэслэсэн нотлох баримт буюу Төслийн удирдах хорооны 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн хурлын 2 дугаар тэмдэглэлд маргаан бүхий барилга угсралтын ажлыг эхлүүлэх болон санхүүжилтийн талаар хэлэлцсэн, мөн нэмэлт 8 дугаар асуудал болгон хэлэлцэж ажлын төсвийг батлуулан, Дэд бүтэц төслийн хэмнэсэн төсвөөс гарган гүйцэтгүүлэхийг Барилгын хөгжлийн төв /Б.Баярсайхан/-д даалгаж шийдвэрлэсэн болохыг тус тус дурдсан байна.

/Х.х-ийн 102 дугаар тал/

Барилга угсралтын ажил гүйцэтгэх 2015/248 дугаар гэрээнд санхүүжүүлэгчээр нэрлэгдэж, гарын үсэг зурснаар шууд гэрээний дагуу төлбөр төлөх үүрэг хүлээсэн буюу ажил гүйцэтгэгчид ажил захиалсан этгээд гэж үзэх нь учир дутагдалтай.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.

Эдгээрээс үзэхэд хариуцагч Төрийн орон сууцны корпораци ТӨААТҮГ-т Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажлын хөлс төлөх үүрэг үүссэн гэж үзэх үндэслэлгүй байна. Иймд анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байх бөгөөд хариуцагчийн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй болно.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 182/ШШ2017/02490 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 123 800 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дах хэсэгт зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

 

Б.НАРМАНДАХ