Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 11 сарын 09 өдөр

Дугаар 102/ШШ2023/04033

 

  

 

 

                                   

 

 

 

 

 

 

 

2023 оны 11 сарын 09 өдөр                     Дугаар 102/ШШ2023/04033              Улаанбаатар хот

 

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

         Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ариунаа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч  ”Т банк ХХК

  

Хариуцагч М.Н

 

Хариуцагч М.Н нарт холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 147.531.101 төгрөг 38 мөнгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Б, А.Ё, С.Э

 Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.А

ТОДОРХОЙЛОХ нь:

       

1.Нэхэмжлэгч Т банк ХХК, хариуцагч М.Н, М.Н нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 147.531.101 төгрөг 38 мөнгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийг гаргажээ.

 

         2.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараахь байдлаар тодорхойлж байна. Үүнд:

         3.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

        Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээлд 74.859.312.11 төгрөг, хүүд 68.742.808.99 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 4.198.980.28 төгрөг нийт 147.531.101.38 төгрөгийг гаргуулж, эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000 дугаартай бүртгэлтэй барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргасныг шийдвэрлэж өгнө үү, гэжээ.

 

4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ё шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 Зээлийн гэрээг анх 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдөр байгуулж 80.000.000 төгрөгийг жилийн 26.4 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай олгосон.

Мөн барьцааны гэрээг мөн өдөр байгуулж зээлдэгчийн өөрийн өмчлөлийн орон сууцыг үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалсан.

Зээлдэгч нар дээрх төгрөгийг хувийн хэрэгцээндээ зарцуулна гэж зээл авсан. Зээлийг хувийн хэрэгцээнд авч байгаа учраас Т банк ХХК-аас нарийвчилж үзэхэд төвөгтэй байдаг.

Зээлдэгч нэгэнтээ барьцаа хөрөнгө барьцаалж байгаа учраас зээлийг юунд зарцуулах нь тодорхой бус байдаг.

 Манайд анх өгсөн мэдээллээр ноос, ноолууран бүтээгдэхүүнийг худалдан борлуулах зуучлалын үйл ажиллагаа явуулна гэж аваад удаа дараа гэрээгээ зөрчиж сүүлдээ эвлэрэн хэлэлцэх боломжгүй болж шүүхэд хандсан.

        Зээлийн ашиглалтыг Банк, эрх бүхий хуулийн этгээд мөнгөн төлбөр тооцооны тухай хуульд зааснаар зээлийг зээлдэгч ашиглаад явж байгаа гэж үзэж байгаа.

         Зээлдэгч үндсэн зээлээс 5.140.687.89 төгрөг, хүүд 10.290.000 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 1.000.000 төгрөг төлсөн.

            Зээл хэвийн үргэлжилсэн хугацаанд буюу тооцоолол хийхээс өмнө төлсөн байдаг, гэжээ.

      

5.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 Хэлэх тайлбар байхгүй. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбарыг дэмжиж байна, гэжээ.

 

         6.Хариуцагч М.Н шүүхэд гаргасан тайлбартаа:

         Нэхэмжлэгч зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээлд 74.859.312.11 төгрөг, хүүд 68.742.808.99 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 4.198.980.28 төгрөг нийт 147.531.101.38 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

         Бидний хувьд Т банк ХХК-тай 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдөр 0000000 дугаартай “Зээлийн гэрээ” байгуулж, 80.000.000 төгрөгийг, жилийн 26.4 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай зээлсэн.

        Тухайн мөнгийг бизнесийн эргэлтийн хөрөнгийг нэмэгдүүлэх зорилгоор авсан боловч 2020 онд дэлхийн улс орнуудад гарсан ковид-19 өвчний улмаас бизнесийн үйл ажиллагаа бүрэн зогссон.

       Үүний улмаас зээл эргэн төлөлтийн хугацааг хэтрүүлсэн асуудал байгаа.

        Гэвч  бидний зүгээс энэ талаараа зээлдүүлэгчид хүсэлт тавьж зээл эргэн төлөлтийн нөхцлийг уян хатан байдлаар өөрчилж өгөхийг хүссэн хүсэлтийг байнга бичгээр өгч байсан болно.

        Дэлхийн хэмжээнд үүссэн нөхцөл байдлын улмаас бизнесийн үйл ажиллагаа бүрэн зогссон нөхцлийг хэргийг шийдвэрлэхдээ харгалзах үзэж шийдвэрлэж өгнө үү, гэжээ.

       

        7.Хэрэгт цугларсан нотлох баримтууд:

    

         8.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн гэрчилгээ, З.Б, А.Ё, С.Э нарт олгосон итгэмжлэл, 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн Зээл болон барьцааны гэрээ, зээл эргэн төлөлтийн хуваарь, зжжлийн дансны харилцагчийн хуулга, М.Н-ийн өмчлөлийн орон сууцны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, М.Нийн Т банк ХХК-д гаргасан өргөдөл, 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 00 дугаартай Зээлийн гэрээний үүрэг биелүүлэх мэдэгдэл, М.Н-ийн “Т” банкны “ ХХК-ийн “Я” тооцооны төвд гаргасан өргөдөл 3 удаагийн өргөдөл, 2021 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 01 дугаартай Зээлийн гэрээний үүрэг биелүүлэх мэдэгдэл

 

        9.Хариуцагч М.Н-ийн иргэний үнэмлэхний хуулбар, хариу тайлбар, Ж.Б олгосон М.Н, М.Н нарын итгэмжлэл, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б өмгөөлөгч Д.Б байгуулсан Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг өгчээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

          1.Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдснийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв

 

           2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Б, А.Ё нар шаардах эрхийн үндэслэлээ “хариуцагч нарт удаа дараа гэрээний үүргээ биелүүлэхийг шаардсан боловч зээлийн төлбөрийг төлөхгүй байгаа учраас төлбөрөө шаардаж шүүхэд хандсан” гэж тайлбарлав.

 

          3.Хариуцагч М.Н, М.Н нар зээл авснаа зөвшөөрч зээлийг төлөх талаар маргаагүй болно.

 

          4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэхээр заасны дагуу хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 11 цаг 00 минутанд товлогдсон шүүх хуралдааны товтой өөрийн биеэр танилцан “Шүүх хуралдааны тов мэдэгдэх хуудсан дээр гарын үсгээ зурж баталгаажуулж, хариуцагчийн өмгөөлөгч Д.Б 0000-0000 дугаартай гар утсанд залгаж шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “за ойлголоо” гэсэн хариуг өгсөн байх бөгөөд хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн өмгөөлөгч нар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй учраас түүний эзгүйд шүүх хуралдааныг үргэлжлүүлж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

         5.Хэрэгт авагдсан нотлох баримтаар дараахь үйл баримт тогтоогдож байна.

 

         6.Нэхэмжлэгч Т банк ХХК, хариуцагч М.Н, М.Н нартай 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдөр 0000000 дугаартай “Зээл болон барьцааны гэрээ” байгуулж, хэрэглээний зээлийн зориулалтаар 80.000.000 төгрөгийг, жилийн 26.4 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай зээлсэн бөгөөд барьцаанд М.Н-ийн өмчлөлийн эрхийн улсын Ү-0000000 дугаарт бүртгэлтэй, ....... дүүрэг, 3 дугаар хороолол, 8 дугаар хороо, ..........гудамжны 00-А дугаар байрны 00 тоот, 56.64 метр квадрат талбайтай, 2 өрөө орон сууцыг барьцаалж гэрээг байгуулсан нь зохигчдын тайлбар, зээл эргэн төлөлтийн хуваариар тогтоогдож байна.

          7.Иймээс талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний харилцаа үүссэн байна гэж шүүх дүгнэлээ.

          8.Хавтас хэргийн 3 дугаар хуудсанд авагдсан Улсын бүртгэлийн 00000000, регистерийн 00000 дугаартай хуулийн этгээдийн гэрчилгээгээр Т банк ХХК зээлийн үйл ажиллагааг эрхлэх эрхтэй хуулийн этгээд болох нь батлагдаж байна.

        

         9.Иргэний хуулийн 451 дугаар зүйлийн 451.1 дэх хэсэгт банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд буюу зээлдүүлэгч нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч гэрээнд заасан хугацаанд мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг хүлээхээр заажээ.

 

         10.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нар зээлийг авсан, төлөх эсэх талаар маргаагүй бөгөөд нэхэмжлэгчийн тайлбар, бичгийн баримтаар зээлдэгч нар гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй, зээл эргэн төлөлтийн хуваарийг зөрчсөн нь тогтоогдож байх тул Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэгтэй байна.

         11.Талуудын хооронд байгуулсан барьцааны гэрээ Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1,156 дугаар зүйлийн 156.1, 156.2, 166 дугаар зүйлийн 166.1 дэх хэсэгт заасны дагуу гэрээг бичгээр байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлэх үндэслэл шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ болох нь тогтоогдож байна.

         12.Зээлийн тооцоололыг бодоход:

         Нэхэмжлэгч 2020 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийг хүртлэх зээлийн төлбөрийг нэхэмжилсэн.

 

                           -Үндсэн зээл 74.859.312 төгрөг

                           -Нийт зээлд 2 жил, 4 сар, 19 хоногийн хүү бодогдоно.

                          -74.859.312 төгрөгийн жилийн хүү 26.4 хувь

                          -74.859.312 х 26.4%= 19.762.858.04 төгрөг /жилийн хүү/

                          -19.762.858.04:12 сар=1.646.904 төгрөг / сарын хүү/

                          -1.646.904:30 /хоног/=54.896.03 төгрөг /хоногийн хүү/

                          -2 /жил х 19.762.858.04 төгрөг= 39.525.717 төгрөг

                          -4 /сар/ х 1.646.904 = 6.587.619.44 төгрөг

                          -19 /хоног/ х 54.896.03 төгрөг = 1.043.024 төгрөг

                           -74.859.312+39.525.716+6.587.619.44+1.043.024=122.015.678 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 21.316.443 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэх нь хуульд нийцнэ гэж үзлээ.

 

          13.Монгол улсын Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан эдийн засгийг дэмжих чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай” 000 дугаартай “Тогтоол”-ын 8 дугаарт банк, банк бус, санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршооноос иргэд, аж ахуйн нэгжүүдэд олгосон зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийн хугацааг зээлдэгчийн хүсэлтийг харгалзан нэмэгдүүлсэн хүү, торгууль, алданги тооцохгүйгээр зээлдэгчид ямар нэгэн дарамт үүсгэхгүй байхаар төлбөрийн чадварт нь нийцүүлэн гэрээнд өөрчлөлт оруулах зохицуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлэх” гэж зааснаар зээлийн төлбөрөөс нэмэгдүүлсэн хүү 4.198.980 төгрөг 28 мөнгийг чөлөөлсөн болохыг дурдах нь зүйтэй.

 

          14.Зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.7 дэх хэсэгт зааснаар зээлдүүлэгчийн зээл олгосон дүнгийн 1 хувьтай тэнцэх хэмжээний шимтгэлийг зээлдэгч нараас авсан заалтад хариуцагч нар маргаан үүсгэж шүүхэд хандаагүйг дурдах нь зүйтэй.

             

          15.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 965.806 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамж 768.028 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

       

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн

           115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

    

  1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч М.Н, М.Н нараас зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 122.015.678 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Т банк ХХК-д олгож, үлдсэн 21.316.443 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

          2.Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар төлбөрөө төлөөгүй тохиолдолд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг М.Н-ийн өмчлөлийн эрхийн улсын Ү-000000 дугаарт бүртгэлтэй, ........ дүүрэг, 3 дугаар хороолол, 8 дугаар хороо, ...... ......... гудамжны 00-А дугаар байрны 00 тоот, 56.64 метр квадрат талбайтай, 2 өрөө орон сууцыг дуудлага худалдаагаар худалдаж, худалдаж борлуулсан үнээс нэхэмжлэлийн шаардлагыг хангуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн газарт даалгасугай.

       

           2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 965.806 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамж 768.028 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

   3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

  4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Г.АРИУНАА