Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2024/00016

 

 

 

 

 

 

2023 оны 12 сарын 22 өдөр Дуга210/МА2024/00016

 

 

ТБ ХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Э.Золзаяа, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 102/ШШ2023/04033 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: ТБ ХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: М.Н, М.На нарт холбогдох,

 

Зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 147,531,101 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг зохигчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Баярцэцэг, А.Ёндонжамц, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Баяржавхлан, түүний өмгөөлөгч Д.Батбаяр шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. ТБ ХК болон М.Н, М.На нарын хооронд 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдөр 104400587320 дугаар Зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр зээлдүүлэгч нь 80,000,000 төгрөгийг, жилийн 26,4 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай олгосон.

Мөн дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн хангуулахаар 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдөр 104400587320 дугаартай Барьцааны гэрээ байгуулж, М.Нийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2205061011 дугаартай, Баянгол дүүрэг, 8-р хороо, Дилав хутагт Жамсранжав гудамж, 23А байр, 14 тоотод байрлах, 56,64 мкв, 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан.

Зээлийн ашиглалтыг Банк, эрх бүхий хуулийн этгээд мөнгөн төлбөр тооцооны тухай хуульд зааснаар зээлийг зээлдэгч ашиглаад явж байгаа гэж үзэж байгаа.

 

1.2. Зээлдэгч нар үндсэн зээлээс 5,140,687.89 төгрөг, хүүнд 10,290,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 1,000,000 төгрөг төлсөн. Зээл хэвийн үргэлжилсэн хугацаанд буюу тооцоолол хийхээс өмнө дээрх төлөлтийг хийсэн байдаг.

Иймд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээлд 74,859,312.11 төгрөг, хүүнд 68,742,808.99 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 4,198,980.28 төгрөг, нийт 147,531,101.38 төгрөгийг гаргуулж, эрхийн улсын бүртгэлийн Ү-2205061014 дугаартай бүртгэлтэй барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргасныг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч М.Нийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Бидний хувьд ТБ ХК-тай 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдөр 104400587320 дугаартай Зээлийн гэрээ байгуулж, 80,000,000 төгрөгийг, жилийн 26.4 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай зээлсэн.

2.2. Тухайн мөнгийг бизнесийн эргэлтийн хөрөнгийг нэмэгдүүлэх зорилгоор авсан боловч 2020 онд дэлхийн улс орнуудад гарсан Ковид-19 өвчний улмаас бизнесийн үйл ажиллагаа бүрэн зогссон. Үүний улмаас зээл эргэн төлөлтийн хугацааг хэтрүүлсэн асуудал байгаа.

Гэвч бидний зүгээс энэ талаараа зээлдүүлэгчид хүсэлт тавьж зээл эргэн төлөлтийн нөхцлийг уян хатан байдлаар өөрчилж өгөхийг хүссэн хүсэлтийг байнга бичгээр өгч байсан болно.

Дэлхийн хэмжээнд үүссэн нөхцөл байдпын улмаас бизнесийн үйл ажиллагаа бүрэн зогссон нөхцлийг хэргийг шийдвэрлэхдээ харгалзан үзэж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагч М.Нахариу тайлбар гаргаагүй болно.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч М.Н, М.Нанараас зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 122,015,678 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ТБ ХК-д олгож, үлдсэн 21,316,443 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар төлбөрөө төлөөгүй тохиолдолд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг М.Нийн өмчлөлийн эрхийн улсын Ү-2205061014 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 3 дугаар хороолол, 8 дугаар хороо, Дилав хутагт Жамсранжавын гудамжны 23-А дугаар байрны 14 тоот, 56.64 метр квадрат талбайтай, 2 өрөө орон сууцыг дуудлага худалдаагаар худалдаж, худалдаж борлуулсан үнээс нэхэмжлэлийн шаардлагыг хангуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн газарт даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 965,806 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамж 768,028 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

5.1. ТБ ХК нь зээлдэгч Мэдрээгийн Н /РД:ЖИ72122707/, хамтран зээлдэгч Мөнхжаргалын На/РД:М396052025/ нараас нийт 147,531,101.38 төгрөг гаргуулах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2205061014 дугаартай барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэл гаргасан.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хуралдаж шийдвэрийг гаргасан.

Дээрх шийдвэр нь хүү тооцооллоо хийхдээ нэхэмжилсэн он, cap, өдрийг 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдөр байхыг 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдөр гэж андуурч тооцон бүтэн жилийн хүүг тооцолгүй үлдээсэн алдаа гарсан байна.

5.2. Мөн нэмэгдүүлсэн хүү 4,198,980.28 төгрөгийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон чөлөөлсөнд санал нийцэхгүй байна. Энэ нь №104400587320 тоот Зээлийн гэрээний 2.1.5 дэх хэсэгт Нэмэгдүүлсэн хүү: Зээлийн хүүгийн 20/хорин/ хувь байна. Үндсэн зээл, зээлийн хүүг зээлийн эргэн төлөлтийн хуваарьт хугацаандаа төлөөгүй тохиолдолд дараагийн өдрөөс эхлэн Гэрээний хугацааг хэтрүүлсэнд тооцож эргэн төлөлтийг хуваарийн дагуу хугацаандаа төлөөгүй үндсэн зээлийн дүнгээс нэмэгдүүлсэн хүүг тооцно, мөн Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид зээлдүүлэгч гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ., мөн хуулийн 453.1 Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй., Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хорөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт Зээлдэгч зээлийг зээлийн гэрээнд заасны дагуу төлөөгүй, эсхүл хууль, зээлийн гэрээнд заасан үндэслэлээр зээлдүүлэгчийн нэг талын санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалсан бол зээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү, зээлийн гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлнө. гэсэн заалтуудыг зөрчиж шийдвэрлэсэн гэж үзэж байна.

Иймд Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн ... нэхэмжлэлийн шаардлагаас 21,316,443 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай., мөн нэмэгдүүлсэн хүү 4,198,980.28 төгрөгийг чөлөөлсөн гэх заалтуудыг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

6. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагч нараас гаргасан тайлбарын агуулга:

Анхан шатны шүүх 21,316,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна. ТБ ХК-ийн гаргасан гомдол үндэслэлгүй байна гэжээ.

 

7. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

7.1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11-р сарын 09-ний өдрийн 102/ШШ2023/04033 тоот шийдвэрээр М.Н, М.Нанараас зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 122,015,678 төгрөгийг гаргуулж төлбөрөө төлөөгүй тохиолдолд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг М.Нийн өмчлөлийн эрхийн улсын Ү-2205061014 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 3-р хороолол, 8-р хороо, Дилав хутагт Жамсранжавын гудамжны 23А байрны 14 тоот хаягт байрлах, 56.64 метр квадрат талбайтай 2 өрөө орон сууцыг дуудлага худалдаагаар худалдаж, нэхэмжлэлийн шаардлагыг хангуулахаар шийдвэрлэсэн байна. Итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна.

 

7.2. Анхан шатны шүүхээс зээлийн тооцоололыг бодохдоо хүүнд 2 жил, 4 сараар тооцож зээлийн хүүнд 39,523,717 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь тухайн зээлийн хугацаанд хариуцагчийн бизнесийн үйл ажиллагаа явуулах боломжгүй байсан, түүнчлэн олон улсад бий болсон цар тахлын нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж шүүхээс уян хатан хандах боломжтой байсан.

Тиймээс Баянгол дүүргийи Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11-р сарын 09-ний өдрийн 102/ШШ2023/04033 тоот шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

8. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчээс гаргасан тайлбарын агуулга:

8.1. Зээлдэгч М.Н зээлийн төлбөрөө төлөх талаар удаа дараа хүсэлт гаргаж, манай талаас зээлээ төлөх хугацаа олгож байсан. Ковид цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан Засгийн газрын гаргасан тогтоол шийдвэрийн дагуу орон сууцны зээлийн төлбөрийг хойшлуулж, бусад зээлийн хувьд зөрчилгүй тохиолдолд үндсэн зээлийн төлбөрийг хойшлуулж, хүүг сар бүр төлөх замаар гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулж, зээлийн графикийг өөрчилсөн. Энэ талаар зээлдэгчид хэлж, зөрчлөө арилгах, үндсэн зээлийн төлбөрийг хойшлуулж, зөвхөн хүү төлж явах боломжтой гэдэг талаар хэлж байсан.

8.2. Хариуцагч нарт зөрчлөө арилгаж чадахгүй байхад нь шүүхэд хандах талаар хэлэхэд битгий шүүхэд хандаач, барьцаанд байгаа байр бидний ганц зүйл, зөрчлөө арилгах болно, хугацаа өгөөч гэж хүсэлтүүд гаргаж байсан. Бид зээлдэгчийн нөхцөл, бизнесийн байдлыг ойлгон хугацаа олгож, хүсэлтийг хүлээн авч, графикаа өөрчлөх боломжтой талаар хэлж, уян хатан хандаж байсан. Зээлийн гэрээний дагуу үүргээ гүйцэтгэх ёстой гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсгийн зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүйгээр хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон найруулгын өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч ТБ ХК нь хариуцагч М.Н, М.Нанарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 147,531,101 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө буюу Баянгол дүүрэг, 8-р хороо, Дилав хутагт Жамсранжав гудамж, 23А байр, 14 тоотод байрлах, 56,64 мкв, 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

3. ТБ ХК болон М.Н, М.Нанарын хооронд 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдөр 104400587320 дугаар Зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр зээлдүүлэгч нь 80,000,000 төгрөгийг, жилийн 26,4 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай зээлдүүлэх, зээлдэгч нь зээл, хүүг буцаан төлөхөөр харилцан тохиролцсон байна./хх-6-8/

 

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж зөв тодорхойлж, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаарх дүгнэлт үндэслэлтэй болжээ.

 

4. ТБ ХК болон М.Н, М.Нанарын хооронд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн хангуулах зорилгоор 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдөр 104400587320 дугаартай Барьцааны гэрээ байгуулж, М.Нийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2205061011 дугаартай, Баянгол дүүрэг, 8-р хороо, Дилав хутагт Жамсранжав гудамж, 23А байр, 14 тоотод байрлах, 56,64 мкв, 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан байна.

 

ТБ ХК нь тэргүүн ээлжинд өөрийн шаардлагаа хангуулах зорилгоор үүрэг гүйцэтгүүлэгч тодорхой үл хөдлөх эд хөрөнгө барьцаалж, улсын бүртгэлд бүртгүүлэх хуулийн шаардлага хангасан хүчин төгөлдөр барьцааны гэрээ байгуулсан талаар анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 164 дүгээр зүйлийн 164.1, 165 дугаар зүйлийн 165.1 дэх хэсгийн заасантай тус тус нийцжээ./хх 9-15/

 

5. Зээлдүүлэгч ТБ ХК нь 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдөр зээлийн мөнгөн хөрөнгө болох 80,000,000 төгрөгийг зээлдэгч М.Нийн дансанд шилжүүлэн зээлийн гэрээний үүргээ биелүүлсэн, зээлдэгч нар нь үндсэн зээлд 5,140,687 төгрөг, зээлийн хүүнд 10,290,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 1,000,000 төгрөг төлсөн үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон./хх-11/

 

6. Зохигчид зээлийн гэрээний үндсэн төлбөрийн үлдэгдэл дүнгийн хэмжээнд маргаагүй, харин зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр нь маргааны зүйл болж, талуудын давж заалдах гомдлын үндэслэл болжээ.

 

Давж заалдах шатны шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

 

6.1. Нэхэмжлэгч нь 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 104400587320 дугаартай Зээлийн гэрээ-ний үүргийг 2020 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл 40 сар 19 хоногоор тооцож, нийт 68,472,809 төгрөгийн хүү шаардсан байхад анхан шатны шүүх зээлийн гэрээний хугацааг 2020 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл 28 сар 19 хоногоор буруу тооцож, хариуцагч нараас 47,156,366 төгрөгийн зээлийн хүү гаргуулахаар шийдвэрлэсэн алдаа гаргасныг залруулна.

 

Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл буюу 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл хугацаанд нийт 78,762,808 төгрөгийн хүү төлөх үүрэг үүсчээ. Хариуцагч нарын зээлийн хүүнд төлсөн 10,290,000 төгрөгийг хасч тооцоход 68,472,809 төгрөгийн хүү төлөх үүрэгтэй байна.

 

Иймд, хариуцагч М.Н, М.Нанараас үндсэн зээлд 74,859,312 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 68,472,809 төгрөг, нийт 143,332,121 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ТБ ХК-д олгосон өөрчлөлт оруулна. Энэ талаарх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

6.2. Анхан шатны шүүх зээлийн нэмэгдүүлсэн хүү 4,198,980 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шийдэл нь зөв боловч Монгол улсын Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан эдийн засгийг дэмжих чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай 183 дугаар тогтоолыг үндэслэж, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрөөс чөлөөлсөн дүгнэлтийг залруулна.

 

Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 141 дүгээр зүйлийн 141.4-д Зээлдэгч энэ хуулийн 141.1, 141.2-т заасны дагуу хөнгөлөлттэй зээлийн хүү, алданги төлөх эрхтэй бөгөөд бусад нэмэгдүүлсэн хүү, шимтгэл, хураамж төлөх үүргээс чөлөөлөгдөх, барьцаалан зээлдүүлэх газарт барьцаалсан хөрөнгөөрөө үүргийн гүйцэтгэлийг хангуулахгүй байхыг шаардах эрхтэй. гэж зааснаар талуудын хоорондын зээлийн харилцааны үргэлжилсэн хугацаа нь энэ хуулийн үйлчлэлд хамаарч байх тул 4,198,980 төгрөгийн нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрөөс чөлөөлөгдөнө. Энэ талаар гаргасан нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

 

6.3. Хариуцагч нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийн зээлийн хүүгийн төлбөрт 39,525,717 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн хэсгийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

 

Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.7 дахь хэсэгт Төрөөс хэрэгжүүлж байгаа орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй хүүтэй зээлийн төлбөрийн үүргийн гүйцэтгэлийг зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийн үлдэгдэл хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хойшлуулах, мөн хугацаагаар зээлийн гэрээний хугацааг сунгах асуудлыг Засгийн газартай хамтран хэрэгжүүлнэ. гэж,

Монгол улсын Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан эдийн засгийг дэмжих чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай 183 дугаар тогтоолын 7 дахь хэсэгт Төрөөс хэрэгжүүлж байгаа орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй нөхцөлтэй зээлийн 2021 оны 7 дугаар сарын 1-ний өдөр хүртэлх хугацааны үндсэн болон хүүгийн төлбөрийг зээлдэгчийн хүсэлтэд үндэслэн хойшлуулах, ингэхдээ үлдэгдэл төлбөрийн хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр зээлийн гэрээний хугацааг сунгах зохицуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг... гэж тус тус заажээ.

 

Хариуцагч нарын ТБ ХК-аас хэрэглээний зээлийн зориулалтаар авсан зээлийн хүү нь төрөөс хэрэгжүүлж байгаа орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй хүүтэй зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрт хамаарахгүй тул Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан хүүгийн төлбөрийг төлөх боломжгүй талаар гаргасан гомдол үндэслэлгүй.

 

7. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсгийн зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүйгээр хэргийг бүхэлд нь хянах эрх хэмжээний хүрээнд анхан шатны шүүхийн шийдвэр нэхэмжлэгч байгууллагын хэлбэр болон тогтоох хэсгийн 2 дахь заалтад Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын нэрийг буруу бичсэн техник алдааг залруулах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсэгт заасан шаардлагад нийцнэ. Өөрөөр хэлбэл шүүхийн шийдвэр биелэгдэх боломжтой байх нөхцөлийг бүрдүүлэхэд ач холбогдолтой.

 

7.1. Хэрэгт авагдсан хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр нэхэмжлэгч ТБ ХХК нь компанийн хэлбэрийг өөрчилж, хувьцаат компани буюу ХК болсон байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт ТБ ХХК гэж алдаатай бичсэнийг ТБ ХК гэж залруулах нь зүйтэй.

 

7.2. Мөн шийдвэрийн 2 дахь заалтад ... Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт ... гэж байгууллагын нэрийг буруу бичсэнийг ... Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт ... гэж зөвтгөн өөрчилнө.

 

8. Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 102/ШШ2023/04033 дугаар шийдвэрийн

 

тогтоох хэсгийн 1 дэх заалтад ...122,015,678 ... гэснийг ... 143,332,120 ... гэж,

 

тогтоох хэсгийн 2 дахь заалтыг ...Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн газарт ... гэснийг ... Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт ... гэж өөрчлөн найруулж,

 

тогтоох хэсгийн 3 дахь заалтад ... 768,028 ... гэснийг ... 874,611 ... гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасны дагуу, давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 285,528 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож, мөн хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч М.Нээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 356,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Ч.ЦЭНД

 

ШҮҮГЧИД  Э.ЗОЛЗАЯА

 

С.ЭНХБАЯР