Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 102/ШШ2023/03302

 

 

 

 

 

 

 

 


2023 оны 09 сарын 19 өдөр Дугаар 102/ШШ2023/03302 Улаанбаатар хо

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ариунаа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч  Ц.С

 

Хариуцагч М.Х ХХК-д холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: 10.934.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянаад   

                    

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгч Ц.С

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч И.Э

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.М

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Ц.С, хариуцагч М.Х ХХК-д холбогдуулан гэрээний үүргийн биелэлтэд 10.934.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг гаргажээ.

 

2.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараахь байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

3.Нэхэмжлэгч Ц.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдөр М.Х ХХК-ийн Ж-ын аманд баригдаж байгаа Ж төсөлд гүйцэтгэгчээр ажилласан бөгөөд мөн төслийн хэд хэдэн блок барилгын арматурын ажлыг өмнө нь хийж дуусгаад хүлээлгэн өгсөн.

Энэ хооронд М.Х ХХК инженергүй байсан учир давхар инженерийн ажлыг гүйцэтгэсэн.

Өмнөх ажлаа хийж дуусгасны дараа нь маргаж байгаа ажлыг 2022 оны 05 дугаар сараас эхэлсэн гэж ажил хүлээлцэх хуудсан дээр бичигдсэн боловч энэ ажил 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрөөс эхлээд 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдөр гаргаад зогсонги байдалд орсон.

Зогсонги байдалд орсон ч гэсэн бид 07 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл армотурын ажлыг үргэлжлүүлж хийсэн.

Ерөнхийдөө энэ компанид ажиллах хугацаандаа нийт 126.000.000 гаруй төгрөгийн ажлыг хийж, хөлс мөнгө нь хоцорч орж ирсэн ч дээрх төлбөрийг шилжүүлсэнд маргахгүй. Бид ганц ажил хийгээгүй.

Хариуцагчийн шилжүүлсэн гээд байгаа мөнгө миний нэхэмжилж байгаа мөнгөтэй цаг хугацааны хувьд таарч байдаг.

Түүнээс одоо нэхээд байгаа 10.934.000 төгрөгийн шилжүүлээгүй. Тооцоонд орооогүй. Хэрэгт өөрт байгаа бүх баримтаа өгсөн.

Нэхэмжилсэн 10.934.000 төгрөгнөөс миний 5,6 дугаар сарын цалин, надад сарын 3.000.000 төгрөгийн цалин өгнө гэж тохиролцсноор 6.000.000 төгрөг, 0-13-ын 1 дүгээр давхрын арматурын бэлдэцийн үнэлгээ 720.000 төгрөг, G-13-ын 2 дугаар давхрын арматурын бэлдэцийн үнэлгээ 576.000 төгрөг, Ж-3 H3-ын суурь арматурын үнэлгээ 1.638.000 төгрөг нийт 8.934.000 төгрөг нэмээд 0-13-ын нэгдүгээр давхрын мужааны ажлын хөлс 2.000.000 төгрөг буюу нийт 10.934.000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Энэ нэхэмжлэлийн үнэ 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр ажил хүлээлцсэн актаар баталгаажсан байдаг.

Дээрх ажлын арматурын ажлын хөлс нийлээд 1.638.000 төгрөг үүн дээр цалин, мужааны хөлс нэмэгдсэн.

Хариуцагч ажил хүлээлцсэн өдрөөс хойш өгөх ёстой мөнгөнөөс нэг ч төгрөг өгөөгүй.

Мөнгө шилжүүлсэн гээд баахан дансны хуулга өгсөн байсан. Үүнээс харахад нэхэмжлээд байгаа мөнгийг нэгтгээд юмуу, тус тусад нь шилжүүлсэн зүйл огт байхгүй.

Өмнөх ажлын хөлс яваад байдаг. Хариуцагч мужаан авах шаардлагагүй гэж яриад байгааг ойлгохгүй юм.

Бид бол арматур бэлдэж зангиддаг. Түүнээс биш мужааны ажил хийдэггүй.

Эдгээр ажил хоорондоо ялгаатай. Арматур хийхийн тулд тойруулж хийх хашлага хаалтыг мужаанууд хийдэг.

Анх биднээс Б.Ц захирал, Б.Б төрсөн дүү бариилгын ажлыг биечлэн хариуцаж хийлгэж байсан хүн гуйсан.

Та нар мужаан олоод ажлаа хийлгэж байгаарай, би дараа нь хөлсийг нь өгнө гэсний дагуу зараас н.Баярсайхан гэдэг мужааныг олоод хийлгэсэн.

Мужаан урьдчилгаа хөлс нэхэж байгаа талаар Б.Ц захиралд хэлэхэд та өөрөөсөө өгч байгаач би танд дараа нь өгье гэхээр нь зөвшөөрөөд 2 удаагийн гүйлгээгээр өөрийнхөө хэрэгт баримтаар өгсөн данснаас харахад 1.000.000, 1.000.000 төгрөгөөр 2.000.000 төгрөгийг шилжүүлсэн.

Гэтэл хүнээр ажлын хөлсөө шилжүүлээд өгөөч гэж гуйж хийлгээд дараа нь өгөхгүй мужаан авах шаардлагагүй байсан гэж хэлээд, би дураараа мужаан авсан юм шиг ярьж болохгүй. Мужаан байхгүй бол арматурын бэлдэцийг хийх боломжгүй, гэжээ.

 

4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл тайлбай дээр хийсэн ажилтайгаа уялдаж өгдөггүй.

Эхний нэхэмжлэл дээр 05 дугаар сарын 22-ны өдрөөс 11 дүгээр сарын хооронд ажилласан.

Дараагийн нэхэмжлэл дээр 03 дугаар сарын 07-ны өдрөөс ажилласан гэж байна.

Энэ нь он, сарын хувьд манайд бодиттой ажилласан он, сартай зөрдөг.

Хоёрдугаарт нэхэмжлээд байгаа бүх мөнгөн төлбөрүүдийг би өөрийнхөн гаргаж өгсөн дансны хуулга мөн хавтаст хэрэгт нэмэлтээр 94-112 хуудаст баримтаар хавсаргаж өгсөн.

Тэгэхээр би, нэхэмжлэгчид өгөх ямар ч өр төлбөр байхгүй.

Хавтаст хэргийн 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн Шүүх хурлын тэмдэглэлийн 4 дүгээр хуудаст хэлсэн байгаа. Би ч бас хэлсэн.

Анхнаасаа 2 сарын хугацаатай ажлаа хийгээд дуусгая, энэ хоёр сарын цалинг 05 дугаар сарын 24, 04 дүгээр сарын 10-ны өдөрт 2 удаагийн гүйлгээгээр шилжүүлж 6.000.000 төгрөгийг барагдуулсан.

Мөн 2.000.000 төгрөгийг нэхэж байгаа бөгөөд ерөнхийдөө энэ хүнийг талбай дээр инженер хийж байгаа болохоор итгээд түүний гүйцэтгэсэн наръядын дагуу бүх төлбөрийг шилжүүлсэн.

Гэтэл нэмэлтээр гаргаад байгаа 0-13 гэдгийг гэрч мэдүүлсэн ба 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн Шүүх хурлын тэмдэглэлийн 9 дүгээр хуудаст бий.

Ц.Сийн яриад байгаа G-13 гэдэг байшинг барьж чадаагүй материалын хомсдолоос ажил зогссон уу? гэхэд гэрч тийм гэдэг. Гэрч нэхэмжлэгчийн өөрийнхөн авчирсан гэрч.

Түүний хоёр сарын цалин 6.000.000 төгрөгийг хоёр удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн.

Энэ гүйлгээнүүдийг нэмэхээр манайхаас 16.236.000 төгрөгийг нэхэмжлэгч илүү авсан тооцоо гардаг. Үүнийг нотлох баримтууд бий.

Монгол улсад хүн юу ч хийхгүй байх хамгийн зөв юм байна.

Тодорхой ажил хийе, бүтээе гэхээр дээрээс, доороос бүгд дарамталдаг.

Бид хоёрын дунд маргасан зүйл байгаа тэр нь ажилтай холбоотой.

Тэгсэн гээд миний ажлыг иймэрхүү байдлаар 2022 оны 12 дугаар сараас хойш данс хаалгаж, удаа дараа шүүх хуралдааныг хойшлуулсан.

Манай зүгээс нэг ч удаа шүүх хуралдааныг хойшлуулаагүй.

Гэтэл нэхэмжлэгч шүүх хуралдааныг 7 удаа хойшлуулж байна.

Тэгээд ярьж байгаа зүйл нь логикгүй, нэхэмжлэл он, сар, цаг хугацааны дэс дараалалгүй.

Хамгийн гол нь мөнгө аваагүй гэдэг мөртлөө өөрсдөө дансны хуулгаа баримтаар өгсөн байдаг.

Дансны хуулга дээр сарын цалинг өөрийнхөн данс руу 04 дүгээр сарын 10, 05 дугаар сарын 24-ний өдрүүдэд шилжүүлсэн.

Мөн тухайн үед хийгээгүй ажил дээр наръяд бичүүлээд 07 дугаар сарын 24-ний өдөр авсныг мэдэхгүй байна.

Би дүүтэйгээ сүүлд очоод ажлаа нягтлаад үзэхэд тэр ажил хийгдээгүй байхад 2.000.000 төгрөгийг 07 дугаар сарын 24-ний өдөр шилжүүлүүлж авсан байна.

Дахиад 08 дугаар сарын 03-ны өдөр цалин гүйцэтгэл гэж 4.000.000 төгрөгийг авсан.

Манайх мужаан авч ажиллуулах шаардлагагүй байсан. Би мужаан авч ажиллууулаарай гэж хэлээгүй. Сүүлд нь компани өөрөө мужаан авч ажиллуулсан.

Нэхэмжлэгч дансны хуулгаа 07 дугаар сарыг дуустал гаргаж өгсөн.

Энэ бүх мөнгө өөрийнхөн дансаар орсон. Сая өөрөө ажлын хөлс 126.000.000 гаруй төгрөг авсан талаар хэллээ.

Тйимээс нэхэмжилсэн мөнгийг хүлээн зөвшөөрөхгүй, гэжээ.

 

5. Хавтас хэрэгт цугларсан нотлох баримтууд

 

6.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхний хуулбар,7 дугаартай, ажлын гүйцэтгэлийг үнэлэх агкт, Х банкны дансны хуулга, Х.Ц, С.У нарт олгосон итгэмжлэл

 

7.Хариуцагчаас хуулийн этгээдийн улсын бүртэглийн гэрчилгээ, М.Б олгосон итгэмжлэл, хариу тайлбар, Х банкны шилжүүлэгийн мэдээлэл, 1 дугаартай Ажлын гүйцэтгэлийг үнэлэх акт, Ц.Сийн дансанд шилжүүлсэн төлбөрийн гүйлгэээий мэдээлэлийг өгчээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

 

2.Нэхэмжлэгч Ц.С нэхэмжлэлийн шаардах эрхээ үндэслэлээ хариуагчийн Жаргалант хотхоны барилгын артатурын ажлыг хийхээр тохиролцоод хийсэн. Нэхэмжилж байгаа 10.934.000 төгрөг өмнөх ажлын хөлснөөс тусдаа мөнгө буюу 2022 оны 03 дугаар сараас эхлэж хийсэн ажлын хөлс. Энэ мөнгөнд миний хоёр сарын цалин 6.000.000 төгрөг, мужааны хөлс 2.000.000, 0-13, Жаргалант-3 H3-ын суурийн болон арматурын бэлдэц хийсний хөлс 2.934.000 төгрөг болсон. Бид хоёр талаасаа ярилцаад 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр тооцоо нийлэн акт үйлдснээс хойш өнөөдрийг хүртэл ажлын хөлсийг өгөөгүй учраас шүүхэд хандсан. Өмнө нь хариуцагчийн хэд хэдэн блок барилгын арматурын ажлыг хийсэн багаад хөлсөнд 126.000.000 орчим төгрөг авсан маргахгүй. Энэ хөлсөнд дээрх мөнгө ороогүй. Миний дансны хуулгаас харагдана. Над руу шилжүүлсэн гээд байгаа мөнгө өмнөх ажлын үлдэгдэл хөлс орж ирсэн.Цаг хугацааны хувьд давхцаж байгаа гэж тайлбарлав.

 

3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б нэхэмжилсэн ажлын хөлсийг шилжүүлж тооцоо дууссан. Хэрэгт өгсөн дансны хуулгаар нотлогдоно. Харин манай компани илүү мөнгө төлсөн байна. Мужаан авах шаардлагагүй байхад мужаан авё ажиллуулсан гэж татгалзлаа илэрхийлж байна.

 

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараахь үйл баримт тогтоогдож байна.

 

5.Нэхэмжлэгч Ц.С, хариуцагч М.Х ХХК-ийн хэрэгжүүлж буй Ж хотхоны барилгын эхний арматурын ажлыг хийж гүйцэтгэхээр 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрөөс эхлээд 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл ажиллахаар харилцан тохиролцож ажлыг хийж гүйцэтгээд ажлын хөлс өгсөн, авсан талаар талууд маргахгүй байна.

 

6.Харин зохигчдын тайлбар, бичгийн баримтаас үзэхэд, 2022 оны 03 дугаар сараас 0-13-ын 1, 2 дугаар давхрын арматурын бэлдэц, Жаргалант-3 H3-ын суурь арматур цутгах ажлыг хийхээр тохиролцсон ажлын хөлсний талаар мэтгэлзэж байна.

 

7.Зохигчид маргаан бүхий ажлыг хийж дууссан талаар С цалин 2 сар, 04 дүгээр сарын 14-ний өдрөөс 06 дугаар сарын 15-ны өдөр 6.000.000 төгрөг, 0-13-ын 1 дүгээр давхрын арматурын бэлдэцийн үнэлгээ 720.000 төгрөг, 0-13-ын 2 дугаар давхрын арматурын бэлдэцийн үнэлгээ 576.000 төгрөг, Ж-3 H3-ын суурь арматурын үнэлгээ 1.638.000 төгрөг нийт 8.934.000 төгрөг, ажил эхэлсэн 2022 оны 05 дугаар сарын 22-ны өдөр, ажил дууссан 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр гэж 7 дугаартай, ажлын гүйцэтгэлийг үнэлэх актыг бичгээр үйлдэж, гарын үсгээ зурж баталгаажуулсанд хэн аль нь маргахгүй байна.

 

8.Иймээс Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн байна гэж шүүх дүгнэлээ.

 

9.Тодруулбал, ажил гүйцэтгэх гэрээний агуулга нь ажил гүйцэтгэгч өөрийн эсхүл захиалагчийн материалаар хэлэлцэн тохиролцсон ажлыг гүйцэтгэх, захиалагч ажлыг хүлээн авч, хөлсийг төлөх үүргийг хүлээдэг.

 

10.Тухайн нөхцөл байдлаас харахад Иргэний хуулийн 346 дугаар зүйлийн 346.2 дахь хэсэгт заасны дагуу хариуцагчийн материал, санхүүлжилтээр нэхэмжлэгч арматурын бэлдэц хийж дуусгах, ажлын үр дүнг захиалагчид хүлээлгэн өгөхөөр тохиролцжээ.

 

11.Мөн хуулийн 343 дугаар зүйлийн 343.2 дахь хэсэгт зааснаар ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн бөгөөд хариуцагч ажлын хөлс төлснөөр шаардах эрх нь бий болж, нэхэмжлэгч ажлын үр дүнг хүлээлгэн өгснөөр хөлсөө бүрэн авах үүрэгтэй.

12.Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б ажлын хөлсийг төлсөн гэж маргасан ба хариуцагчийн нотлох баримтаар гаргаж өгсөн 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрөөс 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдрийг хүртлэх мөнгөн шилжүүлгийг нэхэжмлэгч өмнөх ажлын үлдэгдэл хөлс шилжиж озөвшөөрнө, акт үйлдсэн 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс хойш ажлын хөлсийг төлөх ёстой атал төлөөгүй гэх тайлбар гаргасныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нотлох баримтаар нотлож үгүйсгэж, чадахгүй байна.

 

13.Өөрөөр хэлбэл, хариуцагч дээрх шилжүүлсэн хугацааны төлбөрөөс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох цалин, ажлын хөлс, мужааны цалин 10.934.000 төгрөгийг нийтэд нь эсхүл тус тус бүрээр нь шилжүүлсэн гэдгийг баримтаар нотлоогүй тул хариуцагчийн татгалзал, тайлбар үндэслэлгүй гэж дүгнэлээ.

 

14.Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.1, 346 дугаар зүйлийн 346.1 дэх хэсэгт зааснаар зохигчид гүйцэтгэсэн ажлын хөлсний хэмжээг тохиролцож, ажил гүйцэтгэгч ажлын үр дүнг хүлээлгэн өгч, хариуцагч, нэхэмжлэгчид 3.000.000 төгрөгийн цалин өгөхөөр тохиролцсон талаар маргаагүй мөн мужааныг нэхэмжлэгч захиалагчийн зөвшөөрөлгүй авч ажиллуулсан гэдгийг баримтаар нотлоогүй ба захиалагч хөлс төлөх үүргээ биелүүлээгүй үйл баримт талуудын тайлбар, бичгийн баримт, гэрчийн мэдүүлгээр тогтоогдож байх тул хариуцагчаас 10.934.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 204.845 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 204.845 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн

115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч М.Х ХХК-аас ажил гүйцэтгэх гэрээний үүргийн биелэлтэд 10.934.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ц.Сид олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 204.845 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 204.845 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.АРИУНАА