Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2023/01999

 

 

 

 

 

   2023         11            17                                         210/МА2023/01999

 

Ц.С-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

            Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Ерөнхий шүүгч Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 102/ШШ2023/03302 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ц.С-ийн хариуцагч “М-” ХХК-д холбогдуулан гаргасан ажлын хөлс нийт 10,934,000 төгрөг гаргуулах тухай маргаантай хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн, Ерөнхий шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.У, хариуцагчийн төлөөлөгч М.Б, түүний өмгөөлөгч Ч.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Миний бие 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдөр “М-” ХХК-ийн Ж-тын аманд баригдаж байгаа Ж-т төсөлд гүйцэтгэгчээр ажилласан бөгөөд мөн төслийн хэд хэдэн блок барилгын арматурын ажлыг хийж хүлээлгэн өгсөн. Энэ хугацаанд “М-” ХХК инженергүй байсан учир давхар инженерийн ажлыг гүйцэтгэсэн. Өмнөх ажлын хөлсөнд 126,000,000 гаруй төгрөг авсан, энэ талаар маргаан байхгүй. Одоо нэхэмжилж буй 10,934,000 төгрөг тооцоонд ороогүй. 5, 6 дугаар сарын цалин 6,000,000 төгрөг, арматурын бэлдцийн үнэлгээ 2,934,000 төгрөг, G-13-ын нэгдүгээр давхрын мужааны ажлын хөлс 2,000,000 төгрөг,  нийт 10,934,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү. Нэхэмжлэлийн үнэ 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр ажил хүлээлцсэн актаар баталгаажсан байдаг. Хариуцагч ажил хүлээлцсэн өдрөөс хойш өгөх ёстой мөнгөнөөс нэг ч төгрөг өгөөгүй. Та нар мужаан олоод ажлаа хийлгэж байгаарай, би дараа нь хөлсийг нь өгнө гэсний дагуу н.Баярсайхан гэдэг хүн олж мужааны ажлыг хийлгэсэн. Мужаан урьдчилгаа хөлс нэхэж байгаа талаар Б.Ц- захиралд хэлэхэд “та өөрөөсөө өгч бай дараа нь өгье” гэхээр нь зөвшөөрөөд 2 удаагийн гүйлгээгээр 2,000,000 төгрөг шилжүүлсэн. Иймд нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

   2.Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Нэхэмжлэлээр шаардаж буй төлбөрийг төлсөн бөгөөд үүнтэй холбоотой нотлох баримтуудыг хэрэгт гаргаж өгсөн. Ц.С- нь G-13 барилгын ажлыг дуусгаагүй орхиж явсан. Түүний хоёр сарын цалин 6,000,000 төгрөгийг хоёр удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн. Шилжүүлсэн төлбөрийг тооцвол 16,236,000 төгрөгийг нэхэмжлэгч илүү авсан байдаг. Дансны хуулга дээр сарын цалинг өөрийнх нь данс руу 04 дүгээр сарын 10, 05 дугаар сарын 24-ний өдрүүдэд шилжүүлсэн. 08 дугаар сарын 03-

ны өдөр цалин гүйцэтгэл гэж дахин 4,000,000 төгрөг авсан. Манайх мужаан авч ажиллуулах шаардлагагүй байсан. Би мужаан авч ажиллуулаарай гэж хэлээгүй. Сүүлд нь компани өөрөө мужаан авч ажиллуулсан. Бүх мөнгө өөрийнх нь дансаар орсон. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

            3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “М-” ХХК-аас ажил гүйцэтгэх гэрээний үүргийн биелэлтэд 10,934,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ц.С-ид олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 204,845 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 204,845 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэжээ.

            4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байна. Шүүх хуралдааны явцад зохигчоос нотлох баримт бүрдүүлэх талаар хүсэлт гаргаагүй байхад шүүх өөрийн санаачилгаар нотлох баримт гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх заалтыг ноцтойгоор зөрчсөн. Улсын Дээд шүүхийн 2008 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн зөвлөмжид “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг хэргийн оролцогч өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй” гэж заасан. Өөрөөр хэлбэл, нотлох баримтаар дамжуулан хэргийн оролцогч өөрийн ашиг сонирхлыг шүүхэд илэрхийлдэг тул шүүх аливаа этгээдийн гаргаж ирсэн баримтад эргэлзэхгүйгээр итгэх, түүнийг үнэлэхгүйгээр шийдвэрийн үндэслэл болгох нь нэг талын ашиг сонирхолд хөтлөгдөх, шүүх хөндлөнгийн байр сууриа алдах ноцтой үр дагаварт хүргэдэг. Шүүх өөрөө санаачилгаар нотлох баримт бүрдүүлдэггүй явдал нь эрх зүйн маргааныг тасалж, хуулийн дагуу хянан шийдвэрлэдэг байгууллагын хөндлөнгийн, хараат бус байр суурийн илэрхийлэл юм. Гэтэл шүүх өөрийн санаачилгаар нотлох баримт гаргуулахаар шийдвэрлэсэн нь нотлох баримт бүрдүүлэх, цуглуулах талаар зохицуулсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтойгоор зөрчсөн үйлдэл бөгөөд шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт хувийн сонирхолтой оролцсон байх магадлалтай.

            4.а.Шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн талаар: Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу үнэлээгүй. Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсгийг үндэслэл болгон, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасны дагуу захиалагч буюу хариуцагч талаас ажлын үр дүнг хүлээн авах ёстой. Гэтэл нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлага нотолсон баримт болгож “Ажлын гүйцэтгэлийг үнэлэх акт” гэсэн нэг хуудас баримт дээр нэхэмжлэгч Ц.С- нь өөрөө 2 гарын үсэг зурсан байгаагаас харахад нэхэмжлэгч нь өөрөө, өөртөө ажил хүлээлгэн өгсөн гэж ойлгогдохоор байна. Мөн дээрх баримтыг шүүх үнэлж, дүгнэхдээ “ажлын гүйцэтгэлийг үнэлэх актыг бичгээр үйлдэж, гарын үсэг зурж баталгаажуулсанд хэн аль нь маргахгүй байна” гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Учир нь хариуцагч талаас анхнаасаа нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөөгүй талаар тайлбар, мэдүүлгийг шүүхэд гаргаж байсан бөгөөд өөрийн татгалзлаа нотолж, нэхэмжлэгч талд төлбөр төлж дуусгасан талаарх баримт болох мөнгө шилжүүлсэн баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Хариуцагчийн нэхэмжлэгч талд шилжүүлсэн мөнгөний баримтууд дээр гүйлгээний утгыг тодорхой бичсэн байхад хариуцагч талын гаргаж өгсөн баримтуудыг үнэлээгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5.Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга: Ажлын гүйцэтгэлийг үнэлэх актын талаар талууд маргасан. Тус актыг үйлдсэн хүн нь Ц.С- бөгөөд н.Цолмонхишиг хянаж хүлээж авсан. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь талбай дээр байдаггүй байсан. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан. Ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн бөгөөд Ц.С- нь ажлаа хүлээлгэн өгч, М- ХХК нь хүлээн авсан. Нэмэгдүүлсэн шаардлагын талаар гэрч асууж тодруулсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримтыг гаргуулахаар шүүх хуралдааныг хойшлуулах боломжтой. Үндэслэлгүйгээр шаардаагүй хийсэн ажлынхаа хөлсийг авахаар шаардсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

   1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2.Нэхэмжлэгч Ц.С- нь хариуцагч “М-” ХХК-д холбогдуулан цалин 6,000,000 төгрөг, гүйцэтгэсэн ажлын хөлс 2,934,000 төгрөг, мужааны цалинд төлсөн 2,000,000 төгрөг, нийт 10,934,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3.Зохигчид 2022 оны 03 дугаар сард харилцан тохиролцож, нэхэмжлэгч Ц.С- нь хариуцагч “М-” ХХК-ийн хэрэгжүүлж буй “Ж-т” хотхоны төсөлд талбайн инженерээр ажиллах, мөн арматурын бэлдэц хийх, хариуцагч нь тохирсон хөлсийг төлөхөөр тохиролцсон болох нь талуудын тайлбараар тогтоогдсон байна.

 

3.а.Нэхэмжлэгч Ц.С- нь хэргийн 5 дугаар талд авагдсан ажлын гүйцэтгэлийг үнэлэх актыг үндэслэн цалин 6,000,000 төгрөг, арматурын бэлдцийн хөлс 2,934,000 төгрөг нийт 8,934,000 төгрөгийг хариуцагч “М-” ХХК-аас нэхэмжилсэн.

 

3.б.Дээрх “Ажлын гүйцэтгэлийг үнэлэх акт”-ыг талууд 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр үйлдсэн байх бөгөөд тус баримтад “цалин 2 сар” 6,000,000 төгрөг, G13 1-р давхар арматур бэлдэц 720,000 төгрөг, G13 2-р давхар арматур бэлдэц 576,000 төгрөг, Ж-т 3 H3 суурь арматур 1,638,000 төгрөг, нийт дүн 8,934,000 төгрөг гэж, харилцан гарын үсэг зурж баталгаажуулсан буюу хоёр талын үйлдсэн тус баримт нотолгооны ач холбогдолтой.

 

3.в.Анхан шатны шүүх дээрх баримтыг үндэслэн, цалин 6,000,000 төгрөг, арматурын бэлдцийн хөлс 2,934,000 төгрөг нийт 8,934,000 төгрөгийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй боловч нэхэмжлэлийн шаардлага тус бүрд хамаарах хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглээгүй байгааг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой гэж үзлээ.

 

Тодруулбал, арматурын бэлдцийн хөлс 2,934,000 төгрөг гаргуулах шаардлага нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаанд хамаарч байгаа талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн. Харин талбайн инженерээр ажилласны цалин 6,000,000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд нэг тал нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, нөгөө тал нь хөлс төлөх үүргийг тус тус хүлээсэн байгаагаас үзвэл талуудын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй.

 

3.г.Иймд нэхэмжлэгч Ц.С- нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт зааснаар 8,934,000 төгрөгийг хариуцагч “М-” ХХК-аас шаардах эрхтэй гэж үзнэ.

 

3.д.Хариуцагч “М-” ХХК-ийн хувьд 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр ажлын гүйцэтгэлийг үнэлэх актыг үйлдсэнээс хойшхи цаг хугацаанд нэхэмжлэгч Ц.С-ид төлбөл зохих 8,934,000 төгрөгийн төлбөрийн үүргийг гүйцэтгэсэн гэх байдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй.

 

3.е.Хэрэгт авагдсан дансны хуулга болон шилжүүлгийн баримтууд нь 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс өмнөх буюу талуудын ажлын гүйцэтгэлийг үнэлэх акт үйлдсэнээс өмнөх цаг хугацаанд хамаарч байх тул нэхэмжлэгч Ц.С-ид төлбөл зохих ажлын хөлсийг төлсөн гэх хариуцагч талын тайлбар, гомдол үндэслэлгүй.

4.Мужааны цалин 2,000,000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд нэхэмжлэгч нь уг шаардлагын үндэслэлээ “... “Ж-т” хотхоны төслийн ажилд би мужаан олж ажиллуулсан бөгөөд тухайн үед хариуцагч “М-” ХХК-ийн захирал М.Цолмонхишиг нь “чи хүн олоод цалинг нь өгчих, дараа мөнгийг нь өгье” гэсэн, би өөрөөсөө мужааны цалинд 2,000,000 төгрөг шилжүүлсэн” гэж тайлбарлажээ. /хх-ийн 36-р тал/

 

4.а.Нэхэмжлэгч нь дээрх шаардлагаа нотлохоор өөрийн “Хаан банк”-ны дансны хуулгыг нотлох баримтаар гаргаж, тухайн төслийн ажилд хамтран ажилласан гэх Э.Шинэбаярыг гэрчээр асуулгасан. Гэвч эдгээр баримтууд нь тухайн шаардлагыг эргэлзээгүй нотолсон баримт гэж үзэхэд учир дутагдалтай байна.

Өөрөөр хэлбэл, хариуцагч компанийн өмнөөс 2,000,000 төгрөгийг бусдад шилжүүлсэн гэх дансны гүйлгээний утга болон тус мөнгийг хүлээн авсан данс эзэмшигч хэн болох зэрэг нөхцөл байдал тодорхой бус байхад анхан шатны шүүх уг шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх журамд нийцээгүй байна. /хх-ийн 54-55-р тал/

 

4.б.Иймд энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул нэхэмжлэлээс 2,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүхэлдэхүүн дүгнэв.

 

5.Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, хариуцагч “М-” ХХК-аас 8,934,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ц.С-ид олгож, нэхэмжлэлээс 2,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 102/ШШ2023/03302 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг “Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 359 дүгээр зүйлийн 359.1, 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “М-” ХХК-аас 8,934,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ц.С-ид олгож, нэхэмжлэлээс 2,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж,

2 дахь заалтын “... 56.1 ...” гэснийг “56.2” гэж,  “... 204.845 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 204.845 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.” гэснийг “204,845 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “М-” ХХК-аас 157,894 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.С-ид олгосугай.” гэж тус тус өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч талаас төлсөн 189,894 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ц.АЛТАНЦЭЦЭГ

                       ШҮҮГЧИД                                 Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Г.ДАВААДОРЖ