Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 102/ШШ2023/02012

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2023 оны 05 сарын 23 өдөр                    Дугаар 102/ШШ2023/02012                              Улаанбаатар хот

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

         

 Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ариунаа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч Т.Э

                       

Хариуцагч , Н.Ш.Г холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: Үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

                        

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Б

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т

           Шинжээч Б.Батзаяа, Н.Х

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.А

ТОДОРХОЙЛОХ нь:

 

         1.Нэхэмжлэгч Т.Э, хариуцагч Н.Ш.Г холбогдох үнэлгээ хүчингүй болгуулах нэхэмжлэлийг гаргажээ.

 

         2.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дараахь үндэслэлээр тодорхойлж байна. Үүнд:

 

         3.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

          Иргэн Т.Э-оос Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд үнэлгээ хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн үндэслэлийн хувьд Монголын олон улсын үндэсний абтирын 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 000 дугаартай Шийдвэрээр нэхэмжлэгч “Ц” ХХК-д нэхэмжлэлийн шаардлагаас 588.633.000 төгрөг, арбитрын зардалд 8.054.800 төгрөг нийт 596.687.800 төгрөгийг хариуцагч Т.Э, Н.Б нараас гаргуулахаар шийдвэрлэсэн.

         Энэ шийдвэрийн дагуу Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс арбитрын шийдвэрийг баталгаажуулах захирамж болон гүйцэтгэх хуудас гарч шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулсан.

               Дээрх шийдвэрийн хүрээнд иргэн Н.Б, Т.Э нар Нийслэлийн Баянгол дүүргийн 0 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах дундын өмчлөлийн талбай дээрээ хамтарч орон сууц барьсан. Уг орон сууцны хөрөнгө оруулагч болон гүйцэтгэгчээр Ц ХХК ажилласан байдаг. Орон сууц ашиглалтанд орж дуусаад талууд хүртэх ёстой хувь хэмжээгээ хүртээд хамтран ажиллах гэрээний үйл ажиллагаа дууссан. Үүнтэй холбоотойгоор хөрөнгө оруулагч Ц ХХК тухайн барилгад оруулсан хөрөнгө оруулалтын төлбөрийг иргэн Н.Б, Т.Э нараас шаарддаг. Үүнээс харахад арбитрын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагч иргэн Н.Б, Т.Э нар хоёулаа байсан. Шийдвэр ч мөн энэ хоёр иргэнээс тухайн төлбөрийг гаргуулахаар шийдвэрлэсэн.

             Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын явагдаад иргэн Н.Б дээр ямар нэгэн эд хөрөнгө байхгүй гэж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас тайлбарладаг.

            Харин нэхэмжлэгч Т.Э өөрийн эд хөрөнгө буюу тухайн маргаан бүхий барилгаас өөрийн хүртсэн барилга дээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас битүүмжлэл хийгдээд, эд хөрөнгө хураах  тогтоол гарч үүнтэй холбоотойгоор эд хөрөнгө үнэлэх ажиллагаа хийгдсэн.

           Үүний дагуу Х ХХК-ийн 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн хөрөнгө үнэлгээний тайлангаар Т.Э ын өмчлөлийн Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, “Замчид”-ын гудамжны 000 дугаар байрны 16 тоот, 60 метр квадрат талбайтай, 2 өрөө орон сууцанд хөрөнгийн үнэлгээ хийж, 194.720.190 төгрөгөөр үнэлсэн. Марган бүхий Х ХХК-ийн үнэлгээний тайлангаас үзэхэд дараахь зөрчлүүд илэрсэн гэж үзэж байна. Үүнд:

           Үнэлгээний тайлангийн 1 дүгээр зүйлийн 1.7 дахь хэсэгт үнэлгээний хугацаа гэсэн тайлангаас үзэхэд 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 0000 дугаартай Тогтоолын дагуу үнэлгээ хийсэн байхад 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр биет үзлэг хийсэн гэж тэмдэглэсэн.

          Хөрөнгийн үнэлгээ хийлгэх тогтоол 11 дүгээр сарын 10-ны өдөр гарсан байхад хөрөнгийн үнэлгээний тайланд дурдахдаа 10 дугаар сарын 10-ны өдөр үзлэг хийсэн гэж дурдаад байгаа нь он, цаг дарааллын хувьд зөрчилтэй гэж харж байна.

         Хоёрдугаарт: Тухайн тайлангийн үнэлгээг тогтоохдоо зах зээлийн хандлагыг авч үзсэн гэсэн боловч зөвхөн “unegui.mn” сайт дээр байгаа барилгын хийц, бүтэц, ашиглалтанд орсон огноо зэргийг харгалзахгүйгээр тодорхой бус гурван орон сууцны зарын дагуу зах зээлийн ханш, хандлагыг тодорхойлоод байдаг.

         Гуравдугаарт: Тайлангийн 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт үнэлгээний зүйл түүний тодорхойлолт гэсэн хэсэгт дээрх орон сууцыг хотын бүсчлэлийн “А” зэрэгт хамаарах гэж тодорхойлсон.

         Гэтэл 2022 оны 01 дүгээр хагас жилийн үл хөдлөх хөрөнгийн судалгаанаас үзэхэд тухайн үл хөдлөх хөрөнгийн дундаж үнээр метр квадрат нь 4.000.000 төгрөг гэсэн судалгаа олон нийтэд тавигдсан.

         2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн тайлангаар маргаан бүхий орон сууцны барилгын метр квадрат талбай 3.245.336 төгрөгөөр үнэлэгдсэн.

         Энэ гурван үндсэн зөрчлийг үндэслээд Х ХХК 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн хөрөнгө үнэлгээний тайланг бодит бус алдаатай, бүрэн судлагдаагүй, зах зээлийн ханшаас илт багаар үнэлэгдэж төлбөр төлөгчийн эрхийг зөрчсөн тул холбогдох хууль тогтоомжийн дагуу хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү, гэжээ.

 

          4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

                Монголын олон улсын ба Үндэсний арбитрын 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 176 дугаартай Шийдвэрээр Т.Э, Н.Б нараас 596.687.800 төгрөгийг гаргуулж, “Ц” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн.

          Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 00000 дугаартай Тогтоолоор үүсгэсэн. Төлбөр төлөгч Т.Э-ын өмчлөлийн Баянгол дүүрэг, 22 дугаар хороолол, 1 дүгээр хороо, “Замчид”-ын гудамжны 222 дугаар байрны 16 тоот, эрхийн улсын Ү-00000 дугаарт бүртгэлтэй, 60 метр квадрат талбайтай, 2 өрөө орон сууцыг 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 000000 дугаартай Тогтоолоор битүүмжилж, 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 000000 дугаартай Тогтоолоор хурааж, Иргэний хуулийн 177 дугаар зүйлд зааснаар өөрийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгөнд үнийн саналаа өгөх эрхтэйг танилцуулж энэ талаар шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл хөтөлсөн.

          Төлбөр төлөгч Т.Э өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөө 300.000.000 төгрөгөөр үнэлснийг, төлбөр төлөгч Н.Болдбаатар, төлбөр авагч Ц ХХК-ийн гүйцэтгэх удирдлага н.Хотед танилцуулахад дээрх үнэлгээнд харилцан тохиролцох боломжгүй, шинжээч томилуулах хүсэлтийг ирүүлсэн.

          Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйл, 55 дугаар зүйлийн 55.2.2 дахь хэсэгт заасны дагуу 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 11/366 дугаартай “Шинжээч томилох тухай тогтоол”-оор Б.Б шинжээчээр томилж, зах зээлийн үнийг тогтоолгоход 194.720.190 төгрөгөөр үнэлэгдсэнийг 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 0000 дугаар Албан бичгээр Т.Эод мэдэгдэж тэмдэглэлээр баталгаажуулсан.

          Иймээс шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул үнэлгээ хүчингүй болуулах нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү, гэжээ.

 

           5.Хавтас хэрэгт цугларсан нотлох баримтууд:

 

           6.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхний хуулбар, Д.Г олгосон итгэмжлэл, “Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, Н.Ш.Г газрын 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 000000 дугаартай Мэдэгдэл, 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн “Т” ХХК-ийн Хөрөнгө үнэлгээний тайлан, Монголын үндэсний худалдаа үйлдвэрийн танхимын дэргэдэх Монголын олон улсын ба Үндэсний арбитрын 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 176 дугаартай Шийдвэр, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 000/ШЗ0000/00000 дугаартай Шүүгчийн захирамж, 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 1038 дугаартай Гүйцэтгэх хуудас, 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 19250178 дугаартай Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоол, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрыг төлбөр төлөгчид явуулсан 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 00000 дугаартай Албан бичиг, 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 0000 дугаартай Анхны албадан дуудлага худалдаа явуулах тогтоол

 

           7.Хариуцагчаас Ц.Т олгосон итгэмжлэл, Монголын үндэсний худалдаа үйлдвэрийн танхимын дэргэдэх Монголын олон улсын ба Үндэсний арбитрын 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 000 дугаартай Шийдвэр, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 0000000 дугаартай Шүүгчийн захирамж, 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 1038 дугаартай Гүйцэтгэх хуудас, 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 0000 дугаартай Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоол, 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 000 дугаартай Нийслэлийн Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн Албан бичиг, 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 000000 дугаартай Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 00000 дугаартай Эд хөрөнгө хураах тогтоол, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 0000 дугаартай Шинжээч томилох тухай тогтоол, шинжээчид хууль тайлбарласан болон шинжээчээр оролцохоос татгалзсан эсэхийг тодруулсан тэмдэглэл, “Хөрөнгө эстимэйт” ХХК-ийн хуулийн этгээдийн гэрчилгээ, 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн Шинжээчийн дүгнэлт, үнэлгээий тайланг хүлээлцсэн баримт, 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Шинжээчийн дүгнэлт, 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 01/19 дугаартай Албан бичиг, “Хөрөнгө эстимэйт” ХХК-ийн итгэмжлэл, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрыг төлбөр төлөгчид явуулсан 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 4-00000 дугаартай Албан бичиг, 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 0000 дугаартай Анхны албадан дуудлага худалдаа явуулах тогтоол гарч, төлбөр төлөгч Т.Эод хүргүүлсэн 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 000000 дугаартай Мэдэгдэл, 2022 оны 11 дүгээр сарын 01, 08-ны өдрийн төлбөр төлөгч Т.Э-той уулзсан тэмдэглэл, 2022 оны 11 дүгээр сарын 01, 08-ны өдрийн 00000, 0000 дугаартай Шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл, 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн Т.Э-ын үнийн санал гаргах өргөдөл, төлбөр төлөгч Н.Б үнийн саналын хүсэлт, 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн төлбөл төлөгч Н.Б ярилцсан шийдвэр гүйцэтгэгийн тэмдэглэл, 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн төлбөр авагчтай ярилцсан шийдвэр гүйцэтгэгийн тэмдэглэл, төлбөр авагчийн 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 00 дугаартай Үнэ хаялцуулах дуудлага худалдаа явуулах хүсэлтийг өгчээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

 1.Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

         2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г нэхэмжлэлийн шаардах эрхийн үндэслэлээ “Үл хөдлөх хөрөнгийг үнэлсэн хөрөнгө үнэлгээний тайлан алдаатай, бодит бус, зах зээлийн ханшнаас илт багаар үнэлж, төлбөр төлөгчийн эрхийг зөрчсөн” гэж тайлбарлав.

 

         3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т “Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа болон шинжээч үнэлгээ тогтоохдоо хуулийн дагуу явуулсан. Нэхэмжлэгч шийдвэр гүйцэтгэх ажиллагааг удаашруулах зорилготой байна. 2018 оноос хойш төлбөрөө төлөөгүй. Мөн үл хөдлөх хөрөнгийг зах зээлийн үнээс доогуур үнэлсэн гэдгийг баримтаар нотлож чадахгүй байна” гэж татгалзлаа илэрхийлж байна.

 

         4.Хавтас хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараахь үйл баримт тогтоогдож байна.

 

         5.Монголын үндэсний худалдаа үйлдвэрийн танхимын дэргэдэх Монголын олон улсын ба Үндэсний арбитрын 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 000 дугаартай Шийдвэрээр Т.Э, Н.Б нараас 588.633.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Ц ” ХХК-д олгож, “Ц” ХХК-аас 162.128..026 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 69.650.149 төгрөгийг хангаж, үлдсэн 92.477.877 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

         6.Зохигчид арбитрын хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу төлбөрөө сайн дураараа төлөөгүй талаар маргаагүй бөгөөд харин төлбөрийг төлүүлэх шийдвэр гүйцэтгэл ажиллагаа хууль зөрчсөн гэж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч мэтгэлцэж байна.

 

         7.Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар төлбөр төлөгч гомдол гаргах эрхтэй.

        

         8.Талуудын тайлбар, хэрэгт цугларсан бичгийн баримтаас үзэхэд хариуцагч байгууллага маргаан бүхий үүргийн гүйцэтгэлийг хангуулах үл хөдлөх хөрөнгийн талаар доорхи ажиллагааг явуулжээ.    

 

         9.Н.Ш.Г Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 0000 дугаартай Шүүгчийн захирамжийг 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 0000 дугаартай “Гүйцэтгэх хуудас”-ын хамт хүргүүлж, тус байгууллага 000 дугаартай тойргийн шийдвэр гүйцэтгэгч, дэслэгч Ч.Энхтуяад шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахыг зөвшөөрч, 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Шийдвэр гүйцэтгэлийн хувийн хэргийг нээн, 00000 дугаартай “Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай” тогтоолыг гарсан байна.

 

       10.Улмаар шийдвэр гүйцэтгэгчийн 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 0000 дугаартай Албан бичгийн хариуг Нийслэлийн ......... дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэс ирүүлэхдээ “иргэн Т.Э-ын өмчлөлийн ..... дүүрэг, 2 дугаар хороолол, 1 дүгээр хороо, “Замчид”-ын гудамжны 000 дугаар байрны 5, 16, 14, зоорийн давхарын 1 тоот зогсоолын захиран зарцуулах эрхийг түдгэлзүүллээ” гэж 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 000 дугаартай Албан бичгээр хариуцагчид хүргүүлсэн нь тогтоогдож байна.

 

      11.Түүнчлэн шийдвэр гүйцэтгэгч 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 00000 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”-оор үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх хөдлөх хөрөнгийг битүүмжилж, 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 000000 дугаартай “Тогтоол”-оор эд хөрөнгийг хураах арга хэмжээг авчээ.

         

      12.Иймээс хариуцагч дээрх хуульд заасан ажиллагаануудыг явуулсны даргаагаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт заасныг баримтлан талуудад үнийн саналаа ирүүлэх “Мэдэгдэл”-ийг хүргүүлж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1 дэх хэсэгтэй нийцсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулсан байна гэж дүгнэлээ.

 

       13.Төлбөр төлөгч “Мэдэгдэл”-ийн дагуу үл хөдлөх хөрөнгө болох орон сууцаа 300.000.000 төгрөгөөр үнэлсэн үнийн саналыг төлбөр авагч зөвшөөрөөгүй, харилцан тохиролцоогүй, үр дүнд хүрээгүйн улмаас Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 0000 дугаартай Шинжээч томилох тухай тогтоол гарч, шинжээч Б.Б шинжээчээр томилж, эрх, үүрэг танилцуулсан үйл баримт тогтоогдож байна.

 

       14.Эрх бүхий байгууллагаас томилсон шинжээч 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Шинжээчийн дүгнэлтээ ирүүлж, хариуцагч Н.Ш гүйцэтгэх газар, төлбөр төлөгчид 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 0000 дугаартай Албан бичгээр ....... дүүрэг, 0 дугаар хороолол, 1 дүгээр хороо, “Замчид”-ын гудамжны 222 дугаар байрны 16 тоот, 60 метр квадрат талбайтай, 2 өрөө орон сууц 194.720.190 төгрөгөөр үнэлэгдсэнийг мэдэгдэхэд нэхэмжлэгч үнийн саналыг эс зөвшөөрсөн тул хариуцагчийн зүгээс 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 13/07 дугаартай Анхны албадан дуудлага худалдаа явуулах тогтоол гарч, төлбөр төлөгч Т.Эод 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 000000 дугаартай “Мэдэгдэл”-ээр хүргүүлсэн болох нь нотлох баримтаар нотлогдож байна.

 

       15.Шүүхийн хэлэлцүүлгийн явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г үл хөдлөх хөрөнгийг үнэлсэн шинжээчийн тайлангаар орон сууцыг зах зээлийн үнээс хэт багаар үнэлж, төлбөр төлөгчийн эрхийг зөрчсөн дүгнэлт гаргасан гэж маргаж байна.

 

        16.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ болгож “Т” ХХК-ийн 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн Х.Ү тайлангаар орон сууц 207.180.000  төгрөгөөр үнэлэгдсэн тул 194.720.190 төгрөгөөр үнэлсэн шинжээчийн үнэлгээг хүлээн зөвшөөрөх боломжгүй мөн хөрөнгө үнэлгээний тайлан гурван үндэслэлээр алдаатай гэж маргаж байгаа бөгөөд шинжээч Б.Батзаяа, Н.Харьболд нарын мэдүүлгээр шинжээч нарын үнэлгээ хийсэн цаг хугацаа ялгамжтай түүнчлэн шинжээч нар аль алиныхаа гаргасан хөрөнгө үнэлгээний тайланг үгүйсгэж няцаагаагүй, хууль зөрчөөгүй, шинжилгээ хийх олон улсын стандартыг баримталсан, орон сууцны үнийн зөрүү тухайн нөхцөл байдлаасаа шалтгаалан өөрчлөгдөх боломжтой талаар маргаагүй зөвшөөрсөн тайлбарыг гаргасан ба нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасны дагуу зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн гэх нэхэмжлэлийн шаардлагаа нотлож чадаагүй өөрөөр хэлбэл үл хөдлөх эд хөрөнгө шинжээчийн тогтоосон үнээс илүү үнээр зарагдах байсан гэх тайлбарыг баталж чадаагүй,  хариуцагч нэхэмжлэгчийн эрхийг зөрчөөгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

        17.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод үлдээхээр шийдвэрлэв.

           

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 

           115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэттгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Т.Эын нэхэмжлэлтэй, хариуцагч Н.Ш.Г холбогдох үнэлгээ хүчингүй болгуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй. 

  

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Г.АРИУНАА