Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 210/ма2023/01430

 

 

 

 

 

 

 

 

2023 07 05 210/МА2023/01345

 

 

Д.Э ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 181/ШШ2023/01426 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Д.Э ын хариуцагч Ц.Б од холбогдуулан гаргасан эрүүл мэндэд учирсан хохиролд 26,722,750 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Д, хариуцагч Ц.Б , хариуцагчийн өмгөөлөгч Л.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга: Миний бие 2016 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Ц.Б нь * маркийн * УНИ дугаартай автомашинд жолоодож явахдаа Замын хөдөлгөөний хууль, журам зөрчсөний улмаас машин онхолдож осол гарсан. Энэ ослын улмаас миний нурууны нугалам хугарч хүндэвтэр гэмтэл учирсан. Миний бие осолд орсон үеэс эхлэн биеийн эрүүл мэнд муудаж нуруугаар болон толгой их өвдөж шөнө унтаж чадахгүй, алхаж явж чадахгүй олон сар болж байна. Ц.Б нь миний нуруу хугарч хүндэвтэр гэмтэл учирсныг мэдсээр байж биеийн байдлыг асуугаагүй, уулзаагүй, эмчилгээний мөнгө өгөөгүй. Дорнод аймгийн Прокурорын газрын прокурорын 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 5/54 дугаар тогтоолд ...иргэн Д.Э ын биед хүндэвтэр гэмтэл учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна, хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байна гэж тусгасан. Д.Э миний бие хохирч байгаа тул эрхээ хамгаалуулах зорилгоор 2018 оноос эхлэн шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан боловч Ц.Б ын хаяг нь олдохгүй, оршин суугаа газар нь тодорхойгүй гэх үндэслэлээр нэхэмжлэл шийдэгдэхгүй удааширсан. Иймээс Ц.Б ыг эрэн сурвалжлуулж олсон. Хэрвээ би Ц.Б ын буруугаас болж осолд орж хохироогүй байсан бол эрүүл саруул ажил төрөл хийх боломжтой байсан. Миний бие эрүүл мэнд, сэтгэл санаагаар их хохирч байна. Би нуруу гэмтсэний улмаас ажил төрөл хийж чадахгүй байгаа тул хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцон 2016 оны 09 дүгээр сараас 2022 оны 08 дугаар сар хүртэл хугацааны хөлс 23,808,000 төгрөг, такси хөлсөлсөн зардал 200,000 төгрөг, эмчилгээний зардал 314,750 төгрөг, манай гэр бүл айлын хашаа байшинг сарын 200,000 төгрөгөөр түрээсэлдэг, түрээсийн 12 сарын төлбөр 2,400,000 төгрөг, нийт 26,722,750 төгрөгийг Ц.Б оос гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Д.Э нь Дорнод аймгийн Халх гол сумын нутагт ажиллаж байгаад өвс унаад нуруу өвдөж байна хот руу буцна гэхээр нь эхнэр н.Э түүнийг авч явсан. Гэвч цаг агаарын байдлаас шалтгаалан цасанд дарагдсан ховилтой зам руу автомашин гулсаж унасан. Ингээд Гэмтлийн эмнэлэгт үзүүлж эмнэлгийн бүх төлбөр хураамжийг төлсөн. Дараа нь ажил хийгээгүй боловч хөдөө очсон өдрөөс буцсан өдөр хүртэлх хугацааны цалинг өгсөн. Гэтэл Д.Э нь 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр шүүхэд хандаж, намайг эрэн сурвалжилж цаг хугацаа алдаж хохирсон гэж байгаа нь үнэнд нийцэхгүй байгаагаас гадна надаас гаргасан эм, эмнэлгийн төлбөр, цалин хөлсний талаар дурдахгүй байгаа нь шүүхэд үнэн зөв мэдүүлээгүй. Шүүх эмнэлгийн шинжээчийн 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 15347 дугаар дүгнэлтэд Д.Э ын биед сээрний 7, 8 дугаар нугаламын их биеийн шахагдсан хугарлаар, сэртэнгийн хугарал, нурууны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо гэжээ. Нуруунд хугарал гэмтэл үүсээгүй, эмнэлэгт хэвтэх шаардлагагүй гэсэн тул эхнэртэйгээ гэр рүүгээ явсан. Мөн шинжээчийн 15347 дугаар дүгнэлтийн 4-д Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт гарснаас үзэхэд нэхэмжлэгч хаана ч ямар ч газарт ажил хөдөлмөр хийх боломжтой гэж ойлгож байна. Эмчилгээний зардал 314,750 төгрөг хэзээ ямар өвчин эмгэгт хэнд ямар зориулалтаар хэрэглэсэн нь тодорхойгүй баримт шүүхэд ирүүлсэн байна. Айлын хашаа байшин сарын 200,000 төгрөгөөр түрээсэлж байсан, нуруу гэмтсэнээс болж орлогогүй болж түрээсийн мөнгийг төлж чадаагүй гэж 2,400,000 төгрөг нэхэмжилжээ. Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангасан үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх түрээслүүлэх гэрээний харилцаа үүссэн эсэхийг нотолсон баримтгүй, нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний хууль зүйн үндэслэлээ нотлох үүргээ хэрэгжүүлээгүй, хариуцагч 26,722,750 төгрөг төлөх хууль зүйн үндэслэлгүй нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дүгээр зүйлийн 505.1, 505.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ц.Б оос 392,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Э од олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 26,330,750 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.7, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг тул түүний урьдчилан төлсөн 291,564 төгрөгийг улсын орлогоос гаргуулж буцаан олгож, хариуцагчаас 12,410 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Шүүх нэхэмжлэгч Д.Э намайг хариуцагч Ц.Б ын буруутай үйлдлээс болж биедээ гэмтэл авч эрүүл мэнд муудсанаас ажил хийх боломжгүй болж цалин орлогогүй байсныг тогтоож өгч эрүүл мэндэд учирсан хохирлыг нэхэмжилж байгааг хуулийн үндэслэлтэй гэж дүгнэж үнэн зөвийг олж өгсөн. Харин шүүх эрүүл мэндэд учирсан хохирол болон ажилгүй байсан хугацааны цалин орлогыг 30 хоногоор тооцож хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр бодож 192,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Учир нь хариуцагч Ц.Б нь Замын хөдөлгөөний хууль журмыг зөрчсөнөөс болж осол гаргасан буруутай үйлдлийн улмаас миний нурууны сээрний 7-8 нугаламын их бие шахагдсан хугаралтай, мөн арын сэртэн хугарч гэмтсэн. Миний эрүүл мэнд муудаж олон шөнө өвдөж зовиурлаж унтаж чадахгүй, босож чадахгүй хэцүү байдалтай байхад хохирлыг 7 долоогийн хугацаагаар эрүүл мэнд нь сарнисан гэж үзэж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Осолд орж гэмтсэнээс хойш 2 жилийн хугацаанд ажил хийж чадахгүй байсан нөхцөл байдлыг анхаарч үзээгүй. Эмчийн зааврын дагуу 1 сарын хугацаанд хэвтрийн байдалд байсан, дараа нь нурууны бүс бэхэлгээ зүүж 3 сар болсон. Хэрэгт нотлох баримт авагдсан. Би нурууны бүс бэхэлгээг 3 сараас илүү хугацаагаар зүүсэн, одоо ч гэсэн зарим үед зүүдэг. Гэтэл 30 хоногийн хугацаагаар эрүүл мэнд нь сарнисан гэж дүгнэж болохгүй. Манай гэр бүл тухайн үед ам бүл дөрвүүлээ, эхнэр, бага насны хоёр хүүхэдтэйгээ амьдардаг байсан бөгөөд айлын байшингийн өргөтгөлийн өрөөг сарын 200,000 төгрөгөөр хөлсөлж амьдарч байсан. Энэ үед осолд орсны улмаас болж байр хөлсөлсөн мөнгөө өгч чадахгүй хохирч одоо 2,400,000 төгрөгийн өртэй байгаа. Гэтэл 1 сарын түрээсийн мөнгө болох 200,000 төгрөгийг Ц.Б оос гаргуулахаар шийдвэрлэсэн гомдолтой байна. Бие муутай байхдаа н.Б-г гуйж машинаар нь үйлчлүүлж байхдаа шатахуун 200,000 төгрөг өгч байсан. Энэ мөнгийг хариуцагчаас гаргуулах ёстой байсан. Эмийн сангаас 314,750 төгрөгийн эм тариа авч хэрэглэсэн. Уг баримт хэрэгт авагдсан байхад гаргаж шийдвэрлээгүйд гомдолтой байна. Шүүхэд үнэн зүйлийг үнэнээр нь хэлж тайлбарлаж байгаа. Хариуцагч Ц.Б нь намайг гэмтлийн эмнэлэгт үзүүлэхэд хамт байсан бөгөөд миний нуруу хугарсан байна гэдгийг мэдсэн атлаа тэр өдрөөс хойш миний биеийг нэг ч удаа асуугаагүй, уулзаагүй алга болсон. 2018 онд шүүхийн байгууллагад нэхэмжлэл гаргасан боловч Ц.Б ын оршин суугаа хаяг нь олдохгүй, их удаан хугацаагаар эрэн сурвалжилж байж хариуцагчийг шүүхэд ирүүлсэн. Хариуцагч Ц.Б нь шүүхэд худлаа тайлбар өгсөнд гомдолтой байдаг. Тухайлбал, манай бригадын цалин болох 7,000,000 төгрөгийг бригадын цалин гэж гүйлгээний утган дээрээ бичиж миний данс руу шилжүүлсэн атлаа энэ мөнгийг миний эмчилгэ энд өгсөн гэж худлаа тайлбар шүүхэд өгсөн, мөн Ц.Б нь хөдөө ажлаар явсан хойгуур Д.Э гэрт ирж эхнэрээс минь 1,500,000 төгрөг нэхэж байгаад авсан гэж ямар ч баримтгүй зүйл бичиж гүтгэсэн. Би Ц.Б ын худал тайлбарын талаар шүүхэд хариу тайлбараа бичиж өгсөн байгаа. Хариуцагч Ц.Б нь намайг гэмтлийн эмнэлэгт ирж үзүүлэхэд тухайн үед эмнэлгийн шинжилгээ хийсэн зардалд 160,000 төгрөг өгөөд алга болсон юм. Эрүүл саруул байсан хүн нуруундаа гэмтэл авч эрүүл мэнд, сэтгэл санаагаар хохирсон байхад Ц.Б нь зөвхөн нэг нурууны бүс авч өгөөд эрүүл мэндийн хохирлыг төлөхгүй байгаа явдлыг шударга бус зүйл гэж үзэж байна. Миний бие одоо удаан хугацаагаар сууж, босоход зовиуртай байх болсон. Цаашид дэглэм сайн барих хэрэгтэй, курс эмчилгээ хийлгэх, сувилалд явж байх хэрэгтэй гэж зөвлөдөг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбарын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан. 2016 оны 10 дугаар сард гарсан Д.Э ын гэмтлийг хүндэвтэр гэж дүгнэсэн. 2016 оны Хууль зүйн дотоод хэргийн яам, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3-т зааснаар гэмтлийн зэрэг нь хүндэвтэр боловч 28 хоногийн дотор эдгэрэх бөгөөд ажлаас чөлөөлөх нөхцөл байдал үүсэхгүй гэж дүгнэсэн. Уг дүгнэлтийг үндэслэж, 1 сарын хугацаатай эмчилгээний зардлыг нэхэмжлээгүй. 2016 оны 10 дугаар сард Ц.Б нэхэмжлэгчийг эмнэлэгт үзүүлж байсан. 2018 онд нэхэмжлэл гаргасан бөгөөд тухайн үед Ц.Б нь өөрийн оршин суух хаягтаа байсан. Тухайн гэмтлийн зэргээс хамаарч анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэсэн. Эмчилгээний зардал 314,750 төгрөгийг нь хэзээ ямар эмчид үзүүлж, ямар заавар, зөвлөгөөгөөр авсан нь тодорхойгүй байна. 2016 оны 10 дугаар сард Ц.Б нь Д.Э ыг гэмтлийн эмнэлэгт үзүүлж, тухайн үеийн эмчилгээний зардлыг төлсөн. Д.Э 7 хоног ажилласан бөгөөд тухайн хугацааны ажлын хөлсөө авсан талаар анхан шатны шүүхэд мэдүүлсэн. Мөн 7,000,000 төгрөгийг тухайн үед ажилтны зардал гэж шилжүүлэхээс өөр нөхцөл байдал тогтоогдоогүй учраас цалин гэх утгаар өгсөн. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр 2018 оны 01 дүгээр сар хүртэл хөдөлмөр эрхлэхгүй байгаа талаарх эмчийн дүгнэлт гараагүй. Тухайн ослын улмаас хүний биед учирсан гэмтлийн зардлыг хариуцахаас биш таксины төлбөр хамаарахгүй. Түрээсийн төлбөрөө төлөөгүй гэх боловч 2016-2018 оны хооронд хөдөлмөр эрхлэх чадамжгүй байсан талаар нотолж чадаагүй. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 192,000 төгрөгөөр тооцож, нийт 392,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд анхан шатны шүүхийн шийдвэрийг хянав.

1.2. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, зохигчдын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлсон байх боловч хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй байх тул давж заалдах шатны шүүхээс залруулж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

2. Нэхэмжлэгч Д.Э нь хариуцагч Ц.Б од холбогдуулж эрүүл мэндэд учирсан хохирол буюу эмчилгээний зардал 314,750 төгрөг, ажилгүй хугацааны цалин 23,808,000 төгрөг, такси хөлсөлсөн зардал 200,000 төгрөг, түрээсийн 12 сарын төлбөр 2,400,000 төгрөг, нийт 26,722,750 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...хариуцагчийн учруулсан гэмтэлтэй холбоотойгоор удаан хугацаанд алхаж явах, зогсох, суух зэрэгт нуруу зовиурладаг, биеийн хүчний ажил хөдөлмөр эрхэлж чадахгүй болсон тул эмчилгээний зардал болон бусад зардлаа гаргуулна гэж тайлбарласан.

Хариуцагч нь татгалзлаа ...ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг олгосон, шинжээчийн дүгнэлтээр ажил хөдөлмөр эрхлэх чадваргүй гэж гараагүй, эмчилгээ хийлгэсэн эсэх нь тодорхойгүй баримтыг нотлох баримтаар гаргаж өгсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэх агуулгаар тайлбарлаж мэтгэлцжээ.

4. Хариуцагч Ц.Б нь 2016 оны 10 дугаар сарын 08-ны өдөр өөрийн өмчлөлийн 50-11 УБИ улсын дугаартай * маркийн автомашинаар Дорнод аймгаас Улаанбаатар хот руу явах замдаа автомашин онхолдож зам тээврийн осол гаргасан үйл баримтыг анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

4.1. Дээрх ослын улмаас нэхэмжлэгч Д.Э ын биед сээрний 7, 8-р нугаламын их биеийн шахагдсан хугарал, арын сэртэнгийн хугарал, нурууны зөөлөн эдийн няцрал гэмтэл учирсан байх бөгөөд уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан болох нь хэрэгт авагдсан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 15347 дугаар дүгнэлт, Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн компьютерт томографи, Дорнод аймгийн Прокурорын газрын 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 5/54 дугаар тогтоол, Дорнод аймгийн Прокурорын газрын прокурорын 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 5/54 дугаар тогтоол зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон байна. /хх-6, 7, 8-9/

4.2. Хариуцагч Ц.Б нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 505.2 дахь хэсэгт зааснаар бусдын эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулснаас үүссэн хохирлыг хариуцан арилгах үүрэгтэй талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

5. Нэхэмжлэгч Д.Э нь ажилгүй хугацааны цалин 23,808,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн ба анхан шатны шүүх 2016 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл хугацааны цалин орлогыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 192,000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журмыг зөрчсөн байна.

5.1. Хэрэгт авагдсан Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн компьютерт томографид ...Сээр нугаламын түвшинд хийгдсэн томографууд дээр Th7-8 нугаламын их бие шахагдсан хугаралтай. Мөн арын сэртэн хугарсан. Хэвтрийн дэглэм 1 сар, бүс бэхэлгээ 3 сар гэж, мөн шинжээчийн дүгнэлтээр ...шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэнд удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна, цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэж тусгагдсан байдлаас үзвэл нэхэмжлэгч Д.Э нь 3 сарын хугацаанд ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй байсан гэж үзнэ. Иймд ажилгүй хугацааны цалин хөлсийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож 576,000/192,000*3/ төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулна.

5.2. Мөн Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн компьютерт томографийн дүгнэлтийн ард бичигдсэн эмчилгээний заавар болон АРЖҮ ХХК-ийн эмийн сангийн зарлагын баримтаар 18 нэр төрлийн эм, эмнэлгийн хэрэгсэл худалдан авч эмчилгээ хийлгэсэн үйл баримт тогтоогдож байх тул эмчилгээний зардал 314,750 төгрөгт холбогдох хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

5.3. Түүнчлэн, бусдын хашаа байшинг нэг сарын 200,000 төгрөгөөр түрээсэлсэн зардал гэм буруутай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой хохирол биш боловч шүүх уг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэнтэй холбоотойгоор хариуцагч Ц.Б гомдол гаргаагүй байна. Иймд дээрх нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэсгийг шийдвэрлэсэн шийдлийг хэвээр үлдээж шийдвэрлэнэ.

6. Нэхэмжлэгч нь хариуцагчийн гэм буруутай үйлдлийн улмаас хашаа байшингийн түрээсийн төлбөр болон такси хөлсөлсөн зардал 200,000 төгрөгийн хохирол учирсан гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон ба уг хохирлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар өөрөө нотлох үүрэгтэй ба уг үүргээ биелүүлээгүй тул шүүх холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв болжээ.

6.1. Хариуцагч Ц.Б нь мөн хуулийн 497 дугаар зүйлийн 497.2 дахь хэсэгт зааснаар гэм буруугүй гэдгээ нотолж чадаагүй тул хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэлгүй.

7. Иймд талуудын тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тухайн хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь бодитойгоор харьцуулан үнэлээд нэхэмжлэгчийн биед хийсэн эмчилгээний зардал 314,750 төгрөг, мөн уг эмчилгээ хийлгэсэн хугацаанд хамаарах ажилгүй хугацааны цалин хөлс 576,000 төгрөг, хашаа байшингийн нэг сарын түрээсийн төлбөр 200,000 төгрөг, нийт 1,090,750 төгрөгийг хариуцагч Ц.Б оос гаргуулан нэхэмжлэгч Д.Э од олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй.

7.1. Мөн нэхэмжлэлийг хангасан дүнг өөрчилсөнтэй холбоотойгоор улсын тэмдэгтийн хураамжийн хуваарилалтад өөрчлөлт оруулна.

8. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт Анхан шатны шүүх хэрэг, маргааныг хамтран шийдвэрлэхдээ ил тод байдал, шударга ёс, олон нийтийн хяналтыг бий болгох зорилгоор иргэдийн төлөөлөгчийг хуульд заасан журмын дагуу оролцуулна гэж, мөн хуулийн 58 дугаар зүйлийн 58.2 дахь хэсэгт Иргэдийн төлөөлөгч хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх анхан шатны шүүх хуралдаанд хуульд заасан журмын дагуу оролцоно гэж тус тус заажээ. Анхан шатны шүүх хуралдаанд зохигчид иргэдийн төлөөлөгчийн эзгүйд шүүх хуралдааныг явуулахад татгалзах зүйлгүй гэх тайлбарыг гаргасан байх тул анхан шатны шүүх иргэдийн төлөөлөгчийг шүүх хуралдаанд оролцуулалгүй хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй байна.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 181/ШШ2023/01426 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтын 392,000 гэснийг 1,090,750 гэж, 26,330,750 гэснийг 25,632,000 гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтын 12,410 гэснийг 30,728 гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 291,564 төгрөгийг буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

 

ШҮҮГЧИД Д.БЯМБАСҮРЭН

Д.ЦОГТСАЙХАН