Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 130/ШШ2023/00846

 

 

 

 

 

 

 

 

2023 10 20

130/ШШ2023/00846

 

 

 

 

 

         

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Ж даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Х, Хаяг: Б аймаг, Ө  сум 11 дүгээр багт оршин суух,

 

Хариуцагч: Х.Х , Хаяг:Б аймаг, Ө  сум 6 дугаар багт оршин суух,

 

Хамтран хариуцагч: А  ХХК /захирал Б /. Хаяг:Б аймаг, Ө  сум 6 дугаар багт үйл ажиллагаа явуулах,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Ажлын хөлс 2,000,000 /хоёр сая/ төгрөг гаргуулахыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Хариуцагч бөгөөд хамтран хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Х ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А нар оролцов.

 

Нэхэмжлэгч Х нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-т зааснаар шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах, тэрээр мөн хуулийн 77 дугаар зүйлийн 77.8-д зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа үед хаягаа өөрчилбөл энэ тухай шүүхэд мэдэгдэх үүргээ тус тус биелүүлээгүй болно.

Иймээс нэхэмжлэгч Х нь оршин суугаа хаягтаа байгаагүй тул тус шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.6-д зааснаар Ө  сумын 11 дүгээр багийн Засаг даргад шүүх хуралдааны товыг мэдэгдэх, мэдэгдэх хуудсыг хүргүүлсэн бөгөөд тус багийн Засаг дарга С.Х нь нэхэмжлэгч Х К  улс руу түр хугацаагаар ажиллаж, амьдрахаар явсан тухай тодорхойлолтыг гаргаж өгсөн байна.

Гэтэл хариуцагч Х.Х аас нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх тухай хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2-т зааснаар нэхэмжлэгчийн эзгүйд хэргийн нотлох баримт болон бусад нөхцөл байдлыг харгалзан хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

 1.Нэхэмжлэгч Х нь хариуцагч Х.Х , хамтран хариуцагч А  ХХК /захирал Б / нарт холбогдуулан ажлын хөлс 2,000,000 /хоёр сая/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан байна. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

1.1 А  ХХК-ний захирал Х.Х  нь зургаан сарын өмнө надтай хөлсөөр ажиллуулах гэрээ байгуулсан юм. А  ХХК-ний захирал Х.Х  надад ирээд ...би блокийн үйлдвэр барих гэж байна. Тэрэнд зуух хэрэгтэй гээд бид хоёр блокийн үйлдвэрт ямар зуух хэрэгтэй, яаж хийх талаар ярилцсан.

1.2 Тэрээр 100 сая төгрөгийн зээл аваад 50 сая төгрөгт нь тоног төхөөрөмж авсан гэж хэлж байсан. Тэгээд бүх юм бэлэн болохоор нь мөнгийг чинь өгнө гэж хэлсэн. Тэгээд бараг 3 сар мөнгө өгөөгүй, зээл бүтэхгүй байна гэсэн тайлбар хэлсэн. Миний хийсэн ажлуудыг байхгүй болгосон.

1.3 Би гэрээний дагуу үүргээ цаг хугацаанд  биелүүлсэн боловч тохиролцсон хөлсийг өгөхгүй байна. Би зураг төслийн дагуу тухайн блокийн үйлдвэр барина гэсэн газрыг хэмжээд зориулалтын тоног төхөөрөмж суурилсан. Аюулгүй ажиллагааны зааварчилгаа зөвлөгөө өгсөн. Иймд миний хийсэн ажлын хөлс 2,000,000 төгрөгийг А  ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

2.Хариуцагч бөгөөд хамтран хариуцагч А  ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Х ын хариу тайлбар, татгалзал:

2.1 Нэхэмжлэгч Х тай А  ХХК-ний захирлын зөвшөөрлөөр үйлдвэрийн зуухыг зураг төслийн дагуу хийж, угсрах амиллуудыг хийлгэхээр тус компанийн нягтлангийн хувьд захиалагч А  ХХК-нийг төлөөлж Х.Х  би гэрээгээ байгуулсан нь үнэн.

2.2 Анх шинээр зуух хийлгэхээр Х тай гэрээ байгуулсан. Тухайн гэрээний дагуу Д  гэдэг хүнтэй уулзаж, тохиролцож зуух хийхэд шаардлагатай материалыг авч өгөхөөр болсон. Энэхүү хугацаанд би А  ХХК-ний нэрээр банкнаас зээл авахаар хөөцөлдөж байсан. Зуух хийхэд шаардлагатай материал нь 3,000,000 төгрөг гарсан ба зээл бүтэхгүй болохоор нь зуух хийхээ больсон.

 2.3 Дараа нь А гэдэг хүнээс бэлэн зуухыг зээлээр авсан. Уг зуухыг хийсэн хүн нь нэхэмжлэгч Х  мөн байсан. Маргаан бүхий зуухыг Х  хийж А гэх хүнд худалдсаны дараа А ээс зээлээр худалдаж авсан. Одоо А нь маргаан бүхий зуухыг өөрөө буцааж авсан. Х нь бэлэн байгаа зуухыг угсарч, бетон цутгаж 2 өдөр нь ажилчдад заавар, зөвлөгөө өгч байсан. Х ын зааж өгсөн зааврын дагуу ажлыг туслах ажилчид хийсэн. Энэхүү хугацаанд гагнуурчин Н , туслах ажилтан Ж , М нарыг авч ажиллуулсан. Тухайн үед бусад ажилчид ажил хийсэн хөлсөө авсан.

2.4 Гэхдээ нэхэмжлэгч Х нь тухайн зуухыг би хийж өгсөн гэж гэрээний дагуу ажлын хөлс 2,000,000 төгрөг нэхэмжилсэн байна. 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 0 дугаартай шийдвэрээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхийн дээрх шийдвэрийг хариуцагч талаас эс зөвшөөрч Б аймаг дахь эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргасан. Давж заалдах шатны шүүхээс 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 00 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин анхан шатны шүүхэд буцаасан.

2.5 Нэхэмжлэгч Х ын гүйцэтгэсэн ажилд нь шинжээч томилж өгөх хүсэлт гаргасан ба уг хүсэлтийг анхан шатны шүүхээс ханган шийдвэрлэсэн. Шинжээчийн зүгээс зураг төсөл гаргаж өгсөн байна. Тухайн зураг төсөл дээр 1,596,052 төгрөгөөр энэхүү ажил хийгдэж дууссан мөн инженер техникийн ажилтны хөлсийг тооцоолж гаргасан байна.

2.6 Бэлэн байгаа зуухыг авчирч цутгасны төлөө 2 сая төгрөг авна гэдэг нь ямар ч үндэслэлгүй байна. Тухайн газарт 10 хувийн ажил хийгдсэн. Өөр хийгдсэн ажил байхгүй. Нэхэмжлэгч Х 2 өдөр ажилласан. Шинжээчийн дүгнэлтэд энэхүү ажлыг 30 хоногт багтаан дуусгах боломжтой гэж тусгаж өгсөн тул нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа 2,000,000 төгрөгөөс 2 өдөр ажилласан хөлс болох 132,000 төгрөгийг өгөхөд татгалзах зүйлгүй гэв.

3.Нэхэмжлэгчээс 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 03 дугаартай Хөлсөөр ажиллуулах гэрээ, А  ХХК-ний газоблокны үйлдвэрийн зураг гэх 5 хуудас материал, нэхэмжлэгчийн 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хамтран хариуцагчаар А  ХХК-ийг татан оролцуулах тухай хүсэлт, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Тоног төхөөрөмжийн техник ашиглалтын дүрмүүд ХАБЭБ-н зөвлөл гэх нэртэй хавтас, А  ХХК-ийн захирал Х.Х т хүлээлгэж өгсөн бичиг баримтын жагсаалттай хавтас, нэхэмжлэгчийн 2023 оны 6 дугаар сарын 08-ны өдөр хийсэн гэх ажилд нь шинжээчээр үнэлгээ гаргуулах тухай хүсэлт, шинжээч томилох тухай хүсэлт зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

4.Хариуцагчаас 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч гаргасан тайлбар, уг тайлбарт А  ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээг нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, гэрч асуулгах тухай хүсэлт, М ыг гэрчээр асуулгах тухай хүсэлтийг гаргаагүй тооцох тухай хүсэлт, нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэсэн ажилд нь шинжээчээр үнэлгээ гаргуулах тухай хүсэлт,

5.Мөн хамтран хариуцагч байгууллагын төлөөлөгчөөс 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч гаргасан тайлбар, 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлэх болон гэрч асуулгах хүсэлт, 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр гаргасан нэмэлт тайлбар, тайлбартай хамт 2 ширхэг А4 хэмжээний маргаан бүхий зуухны фото зураг, 2023 оны 5 дугаар сарын 24-ний өдөр 22 дугаартай албан бичгээр хариуцагч Х.Х т олгосон итгэмжлэл зэрэг бичгийн нотлох баримтуудыг хариуцагч нараас тус тус шүүхэд гаргаж өгсөн байна.

6.Шүүхийн журмаар хариуцагч болон хамтран хариуцагч байгууллагын төлөөлөгч нарын хүсэлтээр Б.Д , Х.Н , Х.А , Х.Ж , Ө , Б.Н , Х.А нарыг гэрчээр асуусан гэрчийн тэмдэглэл, 2023 оны 5 дугаар сарын 25-ны өдөр А  ХХК-ний хашаанд байгаа маргаан бүхий зууханд үзлэг хийсэн тэмдэглэл, тэмдэглэлд хавсаргасан зуухны угсралтын байгаа байдлын талаарх фото зураг, 2023 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн №01 дугаартай шинжээчийн дүгнэлт, дүгнэлтэд хавсаргаж ирүүлсэн ажилчдын хөдөлмөр зарцуулалт, хөдөлмөрийн хөлсний тооцоо, маргаан бүхий зуухны фото зураг 4 хуудас зэрэг баримтуудыг бүрдүүлсэн болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 

7.Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох хамтран хариуцагч А  ХХК-аас ажлын хөлс 376,167 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х д олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 1,623,833 төгрөг болон хариуцагч Х.Х -д холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

8.Нэхэмжлэгч Х дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ...Миний бие Х.Х тай 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр А  ХХК-ийн үйл ажиллагаанд зориулж Хөлсөөр ажиллуулах гэрээ байгуулж уур гарах зуухыг суурилуулах ажлыг гүйцэтгэсэн тул гэрээнд заасан ажлын хөлс 2,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

9.Хариуцагч бөгөөд хамтран хариуцагч А  ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Х  нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:... нэхэмжлэгч Х тай А  ХХК-ний захирлын зөвшөөрлөөр үйлдвэрийн зуухыг зураг төслийн дагуу хийж, угсрах амиллуудыг хийлгэхээр тус компанийн нягтлангийн хувьд  захиалагч А  ХХК-нийг төлөөлж Х.Х  би гэрээгээ байгуулсан нь үнэн. Гэрээний дагуу зуухыг хийлгээгүй, бэлэн зуухыг А гэдэг хүнээс зээлээр авч А  ХХК-ний хашаанд сурлуулсан ба Х нь зуухыг холбох, угсрах ажлуудыг дутуу хийсэн. Бэлэн байгаа зуухыг авчирч суутгасны төлөө 2 сая төгрөг авна гэдэг нь ямар ч үндэслэлгүй. Нэхэмжлэгч Х 2 өдөр ажилласан. Шинжээчийн дүгнэлтэд энэхүү ажлыг 30 хоногт багтаан дуусгах боломжтой гэж тусгаж өгсөн тул нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа 2,000,000 төгрөгөөс 2 өдөр ажилласан хөлс болох 132,000 төгрөгийг өгөхөд татгалзах зүйлгүй гэж тайлбарлажээ.

10.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

10.1.Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн 000208248 дугаартай гэрчилгээгээр А  ХХК-ний захирлаар 2017 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Б  бүртгэгдсэн байна.

10.2 Хэрэгт авагдсан хөлсөөр ажиллуулах тухай 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 03 дугаартай гэрээгээр нэг талаас Ө  сумын 10 дугаар баг А ХХК нь нөгөө талаас Э ХК-ны зөвлөх инженер, 11 багт, 00000 регистрийн дугаартай Х  нарын хооронд, захиалагчийг төлөөлж хариуцагч Х.Х , хөлсөөр ажиллагч талыг төлөөлж нэхэмжлэгч Х нар гарын үсэг зурж гэрээгээ байгуулсан байна. Талуудын тайлбар болон гэрээгээр захиалагч тал нь хариуцагч Х.Х  бус хамтран хариуцагч А  ХХК, ажил гүйцэтгэгч тал нэхэмжлэгч Х болох нь тогтоогдсон тул нэхэмжлэгчийн хариуцагч Х.Х тай хологдуулсан гаргасан хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

10.3 Талуудын хооронд байгуулсан хөлсөөр ажиллах гэрээний 1.2 дахь заалтад 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн 14 хоног хугацаанд зуухыг байрлуулж өгөх ажил үүргийг хийж гүйцэтгэх хүртэл байхаар,

  2 дахь бүлэгт захиалагч хүлээх үүрэг нь 2.1 дэх заалтаар хөсөөр ажиллагч иргэн Х зөвлөх инженерээр үйлдвэрийн зуухыг зураг төслийн дагуу хийж, угсрах ажиллуулах ажил үүрэг гүйцэтгүүлэхээр, 2.2 дахь заалтаар угсрах ажилтай холбоотой материал, сэлбэг ажлын шаардлагатай тоног, төхөөрөмж, шаардлагатай хүн хүч, нөөц, тээвэр хангаж өгөхөөр, 2.4 дэх заалтаар гагнах угсрах, суурилуулах, холбох ажил гүйцэтгүүлэхийн тулд дээрх бүх ажиллагаа гүйцэтгэх ажилд хоёр сая төгрөгийн хөлс өгөхөөр болж,

3 дахь бүлгээр хөлсөөр ажиллагчийн хүлээх үүрэг нь 3.1 дэх заалтаар А  ХХК-ний захиалгаар уурын зуух, уурын тогоо, угсрах, ашиглах үүргийг 14 хоногт хугацаанд өндөр чанарын түвшинд гүйцэтгэхээр, 3.2 дахь заалтаар уурын тогтоог угсрах ашиглах үүргийг А  ХХК-ний ажлын байранд гүйцэтгэхээр,

4 дэх бүлгээр гэрээг дүгнэх журам, хариуцлага нь 4.1 дэх заалтаар уурын зуух болон тогоог угсрах ажлыг дуусгаж бүрэн ажиллуулж хүлээлгэж өгсний дараа болон найдвартай ажиллуулсан нөхцөлд биелэгдсэн гэж үзэж 20 хоногийн дотор хөлсөөр ажилласан төлбөр болох хоёр сая төгрөгийг нэхэмжлэгчийн төрийн банкны дахь дансанд бэлнээр шилжүүлэхээр, мөн гэрээний биелэлтийн уурын зуух, уурын тогоо угсрах ажлыг дуусгасны дараа хоёр тал харилцан дүгнэж гэрээ, протокол үйлдэхээр болж талууд тус тус харилцан тохиролцсон байна.

11.Хэдийгээр талууд хоорондоо байгуулсан гэрээгээ Хөлсөөр ажиллуулах гэрээ гэж гарчигласан байх боловч хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг харьцуулан шинжлэн судлахад нэхэмжлэгч болон хамтран хариуцагч нарын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн байна гэж шүүх дүгнэлээ.

12.Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.1-д хуульд өөрөөр заагаагүй бол гүйцэтгэсэн ажлын хөлсний хэмжээ болон хөлс төлөх арга, журам, хугацааг талууд тохиролцон тодорхойлно гэж заасан бөгөөд захиалагчийн материалаар нэхэмжлэгч Х нь хамтран хариуцагч А  ХХК-ний хашаанд уурын зуух угсрах ажлыг дуусгаж бүрэн ажиллуулж хүлээлгэж өгсний дараа болон найдвартай ажиллуулсан нөхцөлд биелэгдсэн гэж үзэж 20 хоногийн дотор хөлсөөр ажилласан төлбөр болох 2,000,000 төгрөгийг төлөхөөр гэрээндээ харилцан тохиролцсон байна.

13.Гэвч гэрээний дагуу ажил гүйцэтгэгч тал болох нэхэмжлэгч Х нь үйлдвэрийн зуухыг зураг төслийн дагуу хийх ёстой байсан боловч хийгээгүй ба уурын зуухыг захиалагч талаас К.А гэх хүнээс зээлээр авч А  ХХК-ний хашаанд суурилуулсан болох нь гэрч К.А ийн гэрчийн мэдүүлэг болон талуудын тайлбараар нотлогдсон ба түүнд талууд маргаагүй болно.

14.Харин нэхэмжлэгч Х нь захиалагч А  ХХК-тай байгуулсан гэрээний дагуу үүргээ биелүүлсэн, уурын зуухны гандах тоосго өрөх ажил болон янданг суурилуулах краныг хариуцагч талаас бэлдэж өгөөгүй тул уг ажил л үлдсэн тул тохиролцсон хөлсөө авна гэж, хамтран хариуцагч А  ХХК нь гэрээний дагуу ажлыг дуусгаж хүлээлгэж өгөөгүй, хоёр хоног зааварчилгаа өгсөн ба туслах ажилтнууд болон гагнуурын ажлыг хийж гүйцэтгэсэн ажилтнуудын цалин хөлсийг тухай бүр өгсөн тул хоёр хоног зааварчилгаа өгч ажилласны хөлсийг өгнө гэж талууд маргажээ.

15.Гэтэл шүүхээс талуудын хүсэлтээр маргаан бүхий уурын зуух байрлаж буй хамтран хариуцагч А  ХХК-ний хашаанд 2023 оны 5 дугаар сарын 25-ны өдөр зохигчийг байлцуулж үзлэг хийхэд нэхэмжлэгч Х нь зуух болон усны сав /бак/-ыг холбосон нэмэлт усны шугам, Зуух болон тэжээлийн насосыг холбосон шугам, Тэжээлийн насосын бетонон суурийг туслах ажилтнуудтай зааварчилгаа өгч хамт цутгаж хийлгэсэн, яндангийн бетонон суурийг туслах ажилтнуудтай зааварчилгаа өгч хамт цутгаж хийлгэсэн, арматурыг нь тохсон, яндан угсрах ажлыг хийж гүйцэтгэсэн болох нь тухайн үзлэгээр тогтоогдсон.

16.Харин нэхэмжлэгч болон хамтран хариуцагч нарын хооронд байгуулагдсан гэрээгээр нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэсэн ажлын хөлсийг тодорхойлох боломжгүй бөгөөд Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.2-т ... гүйцэтгэсэн ажлын шинж, ажил гүйцэтгэх болсон нөхцөл байдал зэргээс шалтгаалан захиалагч тухайн төрлийн ажил гүйцэтгэхэд мөрддөг эрх бүхий байгууллагаас баталсан жишиг үнэлгээний жагсаалт байвал тухайн жагсаалтыг үндэслэн, тийм жагсаалт байхгүй бол тухайн үеийн зах зээлийн дундаж үнэлгээгээр бодож хөлс төлнө гэж тус тус заасан.

17.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талуудын хүсэлтээр шүүхээс маргаан бүхий хамтран хариуцагч А  ХХК-ний хашаанд байрлаж буй уурын зууханд нэхэмжлэгч Х ын хийж гүйцэтгэсэн гэх ажил болон  нэхэмжлэгч Х нь ямар ажил гүйцэтгэсэн эсэх болон хийсэн ажлын үнэлгээг тогтоолгохоор Монгол улсын зөвлөх инженер, Мэргэшсэн төсөвчин Б ийг шинжээчээр томилсон ба шинжээчийн 2023 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн №01 дугаартай дүгнэлтээр нэхэмжлэгч Х нь хамтран хариуцагч А  ХХК-ний хашаанд байрлаж буй маргаан бүхий уурын зуух  болон усны сав /бак/-ыг холбосон нэмэлт усны шугам, Зуух болон тэжээлийн насосыг холбосон шугам, Тэжээлийн насосын бетонон суурийг туслах ажилтнуудтай зааварчилгаа өгч хамт цутгаж хийлгэсэн, яндангийн бетонон суурийг туслах ажилтнуудтай зааварчилгаа өгч хамт цутгаж хийлгэсэн, арматурыг нь тохсон, яндан угсрах зэрэг ажлыг хийж гүйцэтгэснийг тогтоож, уг гүйцэтгэсэн ажлын үнэлгээг 376,167 төгрөг гэж тогтоосон байна. 

18.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасны дагуу ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээсэн байдаг ба гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байхаар хуульчилсан мөн талуудын хооронд байгуулсан гэрээгээр хамтран хариуцагч А  ХХК-ний уурын зуух болон тогоог угсрах ажлыг дуусгаж бүрэн ажиллуулж хүлээлгэж өгсний дараа болон найдвартай ажиллуулсан нөхцөлд биелэгдсэн гэж үзэж 20 хоногийн дотор хөлсөөр ажилласан төлбөр болох  хоёр сая төгрөгийг нэхэмжлэгчийн төрийн банкны дахь дансанд бэлнээр шилжүүлэхээр, мөн гэрээний биелэлтийн уурын зуух, уурын тогоо угсрах ажлыг дуусгасны дараа хоёр тал харилцан дүгнэж гэрээ, протокол үйлдэхээр болж тус тус харилцан тохиролцсон байх боловч нэхэмжлэгч Х уурын зуух угсрах ажлыг дутуу хийсэн, хамтран хариуцагч А  ХХК нь нэхэмжлэгч гэрээндээ заасан ажлыг хийгээгүй хоёр хоног зааварчилгаа өгч 10 хувийн ажлыг хийсэн гэж талууд хооронд маргаан үүсэж, нэхэмжлэгч болон хамтран хариуцагч нар гэрээгээ цуцалсан байх тул гэрээ цуцлах хүртэлх хугацаанд нэхэмжлэгч Х ын уурын зуух  болон усны сав /бак/-ыг холбосон нэмэлт усны шугам, Зуух болон тэжээлийн насосыг холбосон шугам ажлын хөлс нь 60,979 төгрөг, Тэжээлийн насосын бетонон суурийг туслах ажилтнуудтай зааварчилгаа өгч хамт цутгаж хийлгэсэн, яндангийн бетонон суурийг туслах ажилтнуудтай зааварчилгаа өгч хамт цутгаж хийлгэсэн, арматурыг нь тохсон зэрэг ажлын хөлс нь 274,536 төгрөг, яндан угсрах ажлын хөлс нь 40,652 төгрөг, нийт 376,167 төгрөгийг  хамтран хариуцагч А  ХХК-иас гаргуулан нэхэмжлэгч Х д олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 1,623,833 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

19.Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-д  зааснаар  нэхэмжлэгч Х ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хамтран хариуцагч А  ХХК-аас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хангасан хэмжээ болох 376,167 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж болох 11,935 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х д олгох нь зүйтэй байна.

20.Нэхэмжлэгч Х нь шүүх хуралдааны шатанд нотлох баримтаар 2 /хоёр/ ширхэг хавтасласан бичмэл нотлох баримт гаргаж өгсөн ба нэг хавтаст нь Тоног төхөөрөмжийн техник ашиглалтын дүрмүүд ХАБЭБ-н зөвлөл гэх, 2 дахь хавтаст ХХК-ийн захирал Х.Х т хүлээлгэж өгсөн бичиг баримтын жагсаалт гэх хаягтай хавтасласан бичмэл баримтуудын аль баримт нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад хамааралтай эсэх нь тодорхойгүй, ажлын хөлс 2,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад хамааралтай эсэх нь нотлогдон тогтоогдохгүй байх тул энэхүү бичмэл баримтуудыг нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад хамааралтай нотлох баримтаар үнэлээгүй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,

 

ТОГТООХ нь:

 

 

1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасныг баримтлан хамтран хариуцагч А  ХХК-аас ажлын хөлс 376,167 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х д олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 1,623,833 төгрөг болон хариуцаг Х.Х -д холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хамтран хариуцагч А  ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 11,935 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х д олгосугай

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      А.Ж