Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 130/ШШ2023/00834

 

 

 

 

      2023           10            18     

                           130/ШШ2023/00834

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Б даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б аймгийн Ө сумын 12 дугаар багт оршин суух, Б овогт Д-ний П

Хариуцагч: Б аймгийн Ө сумын 6 дугаар багт оршин суух, Б овогт Д-ий Я

Нэхэмжлэлийн шаардлага: Хэлмэгдэгч Е-ийн Д-ний нөхөн олговрын мөнгөнөөс 5,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгч Д.П, түүний өмгөөлөгч Я.С,

Хариуцагч Д.Я,

Орчуулагч А.А

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Е нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

1. Нэхэмжлэгч Д.П нь хариуцагч Д.Яд холбогдуулан хэлмэгдэгч Егийн Д-ний нөхөн олговрын мөнгөнөөс 5,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан байна. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. Миний бие Д.Пыг төрүүлсэн эцэг Еийн Д нь Б аймгийн шүүхийн 1951 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 3 дугаар хурлын тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 66.1-д зааснаар 5 жилийн хорих ял шийтгүүлжээ. Гэвч Д нь тухайн үед хилс хэрэгт хэлмэгдсэн тул БНМАУ-ын Дээд шүүхийн эрүүгийн коллегийн 178 дугаар магадлалаар цагаатгасан байна. Е.Д нь 1987 оны 06 дугаар сарын 25-ны өдөр нас барсан. Хилс хэрэгт хэлмэгдэгчийн үр хүүхдүүдэд нэг удаа төрөөс 40,000,000 төгрөг олгох хууль батлагдсан байна. Миний бие эцэг Д-д 40,000,000 төгрөгийн нөхөн олговор олгох нөхцөл байдлыг тухайн үед сайн мэдэж байсан ба өөрөө өндөр настан, чөлөөтэй явж чадахгүй буюу биеийн эрүүл мэнд сайнгүй тул хүү Яд уг нөхөн олговрыг хөөцөлдөн авах асуудлаар ярилцаж, улмаар Я нь уг нөхөн олговрын мөнгөнөөс надад 6,000,000 төгрөг өгөхөөр хооронд тохиролцсон байна.

1.2. Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 111111111 дугаартай шийдвэрээр Д.Яд 40,000,000 төгрөг олгохоор шийдвэрлэсэн. Ингээд Д.Я нь 2023 оны 04 дүгээр сард уг нөхөн олговрын 40,000,000 төгрөгийг өөрийн дансанд шилжүүлэн авч өндөр настан надад 1,000,000 төгрөгийг өгч үлдсэн 5,000,000 төгрөгийг өнөө маргааш өгнө гэж өгөлгүй өдий хүрлээ. Өөрөөр хэлбэл өнгөрсөн хугацаанд Д.Ягаас үлдсэн 5,000,000 төгрөгийг өгөхийг удаа дараа шаардсан боловч Д.Я нь өгөхгүй намайг хохироож байна.

1.3. Иймд хариуцагч Д.Ягаас миний эцэг болох хэлмэгдэгч Е-гийн Д-ний нөхөн олговрын мөнгөнөөс 5,000,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч Д.Ягийн шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

2.1. Би Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд заасны дагуу улс төрийн хилс хэрэгт ял шийтгүүлж байсан Е.Д-ний төрсөн хүүхдийн хувьд нөхөх олговор авахаар тус шүүхэд нэхэмжлэл гаргаж, шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 11111111 дугаартай шийдвэрээр Б аймгийн Ө сумын Төрийн сангийн санхүүгээс хэлмэгдэгч Е.Дөйтений нөхөх олговрын мөнгө 40,000,000 /дөчин сая/ төгрөг гаргуулан Д.Я надад олгохоор шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрийн дагуу дээрх мөнгийг авч эгч Д.Пт 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдөр 1,000,000 төгрөг бэлэн өгсөн. Тэр үед эгч баярлалаа гэж тухайн мөнгийг хүлээж авсан.

2.2. Би анх шүүхэд нэхэмжлэл гаргах үед нэхэмжлэгч Д.П нь “Баримт, 2020.12.07, Ө сум. Миний бие Б овгийн Д П нь 72 настай, эмэгтэй, ам бүл-4, хүүхдүүдийн хамт Ө сумын 8-р багт оршин суудаг билээ. Егийн Д-ийг хилс хэрэгт хэлмэгдүүлж ял эдэлж цагаатгасан билээ.Цагаатгалын тухай хуулиар төрсөн аав болох Е.Д-д 40,000,000 төгрөг олгохоор шийдвэрлэсэн юм. Иймд Е.Д-д олгохоор шийдвэрлэсэн 40,000,000 төгрөгийг миний төрсөн дүү болох Д-ний Я-д олгохыг зөвшөөрч байгаа юм. Д.П би ямар нэгэн асуудлаар маргахгүй гэдгийг баримтлан баримт бичсэн байна.Баримт бичсэн Д.П, утас:111111” гэж баримт бичээд нотариатаар гэрчлүүлж өгсөн.

2.3. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2.Энэ зүйлийн 1 дэх хэсгийн 3, 4-д заасан хүмүүст нөхөх олговрыг адил хэмжээгээр тэгш хувааж олгоно. Хэрэв аль нэг нь дангаараа буюу өөр өөр хувь хэмжээгээр нөхөх олговрыг авахаар нэхэмжлэгчид харилцан тохиролцвол шүүх түүний дагуу шийдвэрлэнэ гэж заасан. Шүүх дээрх баримтыг үндэслэн шийдвэр гаргасан.

2.4. Тухайн үед эгч Д.П, бид нарын хооронд 5,000,000 төгрөг өгөх талаар ямар нэгэн тохиролцоо хийгдээгүй, эгч өөрөө баримт бичиж өгөхдөө “...Д.П би ямар нэгэн асуудлаар маргахгүй...” гэж тодорхой бичиж өгсөн.

2.5. Гэтэл бүх асуудал шийдэгдсэний дараа ингэж маргаан үүсгэж, шүүхэд хандаж байгаа явдалд гайхаж байна. Би айлын бага хүүхэд бөгөөд казахын зан заншил ёсоор аавын том гэрт амьдарч гал голомтыг нь авч явж байгаа. Нэгэнт би гал голомтыг нь авч явж зохих хариуцлагыг нь үүрч явж байгаа учир аавын нөхөх олговрыг авч зарцуулах эрхтэй гэж үзэж байна.

2.6. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

3. Нэхэмжлэгчээс Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 11111111 дугаартай шийдвэр, Я.С-д олгосон итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, өмгөөлөгч Я.С-тэй байгуулсан өмгөөллийн гэрээ, Б аймгийн сум дундын шүүхийн 2002 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 641 дугаартай шийдвэр, 1960 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 178 дугаартай магадлал, Үндэсний төв архивын 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 03-8/3593 дугаартай лавлагаа, Гадаадын иргэн, харьяатын газрын баруун бүс дэх газрын 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 178 дугаартай лавлагаа, 15855 дугаартай үнэмлэх, 114/005275 дугаартай нас барсны бүртгэлийн лавлагаа, Д.К-ийн гарын баримт, 114/005277 дугаартай гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, 1-01/020297, 1410/001543, 1410/001544 дугаартай нас барсны бүртгэлийн лавлагаа, Д.Ян төрсний гэрчилгээ, Б аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 1758 дугаартай архивын лавлагаа, Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 111111111 дугаартай тэмдэглэл улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт зэргийг гаргаж өгсөн байна.

 

4. Хариуцагчаас нэхэмжлэгч Д.Пын гарын баримтыг гаргаж өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 

5. Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. 

 

6. Нэхэмжлэгч Д.П дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд Миний бие Д.Пын төрүүлсэн эцэг Е.Д-д нөхөн олговрын 40,000,000 төгрөг олгосон ба уг нөхөн олговрыг Д.Я авсан ба надад уг нөхөн олговрын мөнгөнөөс 6,000,000 төгрөг өгөхөөр хооронд тохиролцсон боловч олгоогүй юм. Иймд хариуцагч Д.Ягаас миний эцэг болох хэлмэгдэгч Егийн Д-ний нөхөн олговрын мөнгөнөөс 5,000,000 төгрөг гаргуулж өгнө үү гэв.

 

7. Хариуцагч Д.Я нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Би аав Д гэдэг хүний гэрт нь байгаа. 2017 оноос хойш хөөцөлдөж байж энэ мөнгийг бүтээсэн. Тухайн үед Д.П эгч чи өөрөө мэдээд өг гэхээр нь 1 сая төгрөг өгсөн. Дараа нь надад гарын баримт бичиж өгсөн. Одоо яагаад нөхөн олговор нэхэмжилж байгааг мэдэхгүй байна. Одоо надад ямар ч мөнгө байхгүй гэв.

 

8. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.Үүнд:

8.1. Нэхэмжлэгч Д.П нь төрүүлсэн эцэг Е.Д-д нөхөн олговрын 40,000,000 төгрөг олгосон ба уг нөхөн олговрыг Д.Я авсан ба надад уг нөхөн олговрын мөнгөнөөс 6,000,000 төгрөг өгөхөөр хооронд тохиролцсон боловч 1,000,000 төгрөг өгч, үлдсэн 5,000,000 төгрөгийг өгөхгүй байна гэж, хариуцагч Д.Я нь эгч Д.П, бид нарын хооронд 5,000,000 төгрөг өгөх талаар ямар нэгэн тохиролцоо хийгдээгүй, эгч өөрөө баримт бичиж өгөхдөө “...Д.П би ямар нэгэн асуудлаар маргахгүй...” гэж тодорхой бичиж өгсөн. Гэтэл бүх асуудал шийдэгдсэний дараа ингэж маргаан үүсгэж, шүүхэд хандаж байгаа явдалд гайхаж байна. Би айлын бага хүүхэд бөгөөд казахын зан заншил ёсоор аавын том гэрт амьдарч гал голомтыг нь авч явж байгаа.Нэгэнт би гал голомтыг нь авч явж зохих хариуцлагыг нь үүрч явж байгаа учир аавын нөхөх олговрыг авч зарцуулах эрхтэй гэж тус тус тайлбарлаж зохигчид маргасан болно.

8.2. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулийн 10 дугаар зүйлд нөхөн олговрыг нэхэмжлэх эрх, 10 дугаар зүйлийн 10.1-т  улсын төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчид олгох нөхөн олговрыг дор дурдсан этгээд нэхэмжлэх эрхтэй , 10.1.1.улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч өөрөө; 10.1.2.хэлмэгдэгч нас барсан бол түүний эхнэр буюу нөхөр нь түүнийг нас барснаас хойш өөр хүнтэй гэрлэсэн эсэхээс үл хамааран; 10.1.3.хэлмэгдэгчийг амьд байхад нь төрсөн болон үрчилж авсан, түүнчлэн хэлмэгдэгчийг нас барснаас нь хойш 10 сараас илүүгүй хугацааны дотор төрсөн хүүхэд; 10.1.4.энэ зүйлийн 1 дэх хэсгийн 1, 2, 3-т заасан хүмүүс байхгүй бол хэлмэгдэгчийн төрсөн эцэг, эх, ах, эгч, дүү, ач, зээ гэж тус тус заасан байна.

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2-т энэ зүйлийн 1 дэх хэсгийн 3, 4-д заасан хүмүүст нөхөх олговрыг адил хэмжээгээр тэгш хувааж олгоно. Хэрэв аль нэг нь дангаараа буюу өөр өөр хувь хэмжээгээр нөхөх олговрыг авахаар нэхэмжлэгчид харилцан тохиролцвол шүүх түүний дагуу шийдвэрлэнэ гэжээ.

 

9. Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 1111111 дугаартай шийдвэрээр Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.2, 16 дугаар зүйлийн 16.1-д зааснаар Б аймгийн Ө сумын Төрийн сангийн санхүүгээс хэлмэгдэгч Егийн Д-ний нөхөн олговрын мөнгө 40,000,000 /дөчин сая/ төгрөгийг гаргуулан хүүхэд нь болох Бахат овогт Д-ий Яд олгосугай гэж шийдвэрлэснээр хариуцагч Д.Я нь хэлмэгдэгч Егийн Дөйтены нөхөн олговрын мөнгийг авсан болох нь нотлогдох ба хариуцагч Д.Я нь хэлмэгдэгч Егийн Д-ны нөхөн олговрын мөнгийг авч түүнээс 1,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Д.П /эгч нь/-т өгсөн болох нь нэхэмжлэгч хариуцагч нарын шүүхэд гаргасан тайлбараар тус тус нотлогдож байна.

9.1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасан байна.

9.2. Хариуцагч Д.Я нь хавтаст хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн нэхэмжлэгч Д.П нь надад өгсөн гарын баримт “нөхөн олговрын мөнгийг дүү Д.Яд олгоход татгалзах зүйлгүй, энэ талаар ямар нэгэн маргаангүй” гэж бичиж өгсөн ба одоо надаас мөнгө гаргуулж өгнө үү гэж маргаж байгаад гайхаж байна гэсэн тайлбар гаргаж байгаа боловч Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 111111111 дугаартай шийдвэрээр  хариуцагч Д.Я нь нөхөн олговрыг авсан учир Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2-т заасан үндэслэлээр ... нөхөх олговрыг адил хэмжээгээр тэгш хувааж олгоно гэж зааснаар хариуцагч Д.Я нь 1,000,000 төгрөгийг өгсөн ба нэхэмжлэгч Д.Пын шаардаж байгаа үлдсэн 5,000,000 төгрөгийг хариуцагч сайн дураар өгөөгүй учир шаардсан хэмжээнд хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.

9.3. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2-т ... Хэрэв аль нэг нь дангаараа буюу өөр өөр хувь хэмжээгээр нөхөх олговрыг авахаар нэхэмжлэгчид харилцан тохиролцвол шүүх түүний дагуу шийдвэрлэнэ гэж заасан ба энэ талаар нэхэмжлэгч Д.П нь надад 6,000,000 төгрөг өгөхөөр тохиролцсон боловч 1,000,000 төгрөг өгч үлдсэн 5,000,000 төгрөгийг өгөхгүй байгаа учраас шүүхэд хандсан гэж тайлбарлаж байгаа боловч хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нэхэмжлэгч, хариуцагч нар харилцан тохиролцсон үндэслэл нотлогдохгүй байгаа боловч нэхэмжлэгч Д.П нь хэлмэгдэгч Егийн Д-ийн охин болох нь дээрх шүүхийн шийдвэрээр нотлогдож байгаа учраас шаардах эрхтэй гэж үзлээ.

 

10. Иймд дээрх нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч Д.Ягээс хэлмэгдэгч Егийн Д-ний нөхөн олговрын мөнгөнөөс 5,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Пт олгох нь зүйтэй байна.

 

11. Нэхэмжлэгч Д.Пын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар хариуцагч Д.Ягаас 94,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Пт олгох нь зүйтэй байна.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

 

1.Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Ягаас хэлмэгдэгч Егийн Д-ний нөхөн олговрын мөнгөнөөс 5,000,000 /таван сая/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Пт олгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Пын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94,950  төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 94,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Пт олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцогч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж  шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

 

4.Энэ шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  К.Б