Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 212/МА2024/00006

 

    2024          01           19                                       212/МА2024/00006                                    

 

 

 

Д.П-ын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

 

            Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Көбеш даргалж, Ерөнхий шүүгч С.Өмирбек, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй хийж,  

 

тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Бүлдирген даргалж шийдвэрлэсэн, 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 130/ШШ2023/00834 дүгээр шийдвэртэй, нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн Өлгий сумын  ** дугаар багт оршин суух Д.П-ын нэхэмжлэлтэй, хариуцагч Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ** дугаар багт оршин суух Д.Я-д холбогдох,

 

“Хэлмэгдэгч Е.Д-д олгосон нөхөх олговроос 5.000.000 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэж 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.    

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Н.Айгерим, нэхэмжлэгч Д.П-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Я.Сьезд, хариуцагч Д.Я-, хариуцагчийн өмгөөлөгч С.Нургайып нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн үндэслэл:    

1.1. Миний эцэг Е.Д нь Баян-Өлгий аймгийн шүүхийн 1951 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 03 дугаар хурлын тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 66.1-д зааснаар 5 жилийн хорих ял шийтгүүлжээ. Гэвч Д- нь тухайн үед хилс хэрэгт хэлмэгдсэн тул БНМАУ-ын Дээд шүүхийн эрүүгийн коллегийн 178 дугаар магадлалаар цагаатгасан. Е.Д нь 1987 оны 6 дугаар сарын 25-ны өдөр нас барсан. Хилс хэрэгт хэлмэгдэгчийн үр хүүхдүүдэд нэг удаа төрөөс 40.000.000 төгрөг олгох хууль батлагдсан. Миний бие эцэг Д-д 40.000.000 төгрөгийн нөхөн олговор олгох нөхцөл байдлыг тухайн үед сайн мэдэж байсан ба өөрөө өндөр настан, чөлөөтэй явж чадахгүй буюу биеийн эрүүл мэнд сайнгүй тул хүү Я-д уг нөхөн олговрыг хөөцөлдөн авах асуудлаар ярилцаж, улмаар Я- нь уг нөхөх олговрын мөнгөнөөс надад 6.000.000 төгрөг өгөхөөр хоорондоо тохиролцсон.

1.2. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 130/ШШ2021/00001 дугаартай шийдвэрээр Д.Я-д 40.000.000 төгрөг олгохоор шийдвэрлэсэн. Ингээд Д.Я- нь 2023 оны 4 дүгээр сард уг нөхөн олговрын 40.000.000 төгрөгийг өөрийн дансанд шилжүүлэн авч өндөр настан надад 1.000.000 төгрөгийг өгч, үлдсэн 5.000.000 төгрөгийг өнөө маргааш өгнө гэж өгөлгүй өдийг хүрлээ. Өөрөөр хэлбэл өнгөрсөн хугацаанд Д.Я-гаас үлдсэн 5.000.000 төгрөгийг өгөхийг удаа дараа шаардсан боловч Д.Я- нь өгөхгүй намайг хохироож байна.

1.3. Иймд хариуцагч Д.Я-гаас миний эцэг болох хэлмэгдэгч Е.Д-д олгосон  нөхөх олговроос 5.000.000 төгрөг гаргуулж өгнө үү.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзал:

2.1. Би Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд заасны дагуу улс төрийн хилс хэрэгт ял шийтгүүлж байсан Е.Дий төрсөн хүүхдийн хувьд нөхөх олговор авахаар тус шүүхэд нэхэмжлэл гаргаж, шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 130/ШШ2021/00001 дугаартай шийдвэрээр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Төрийн сангийн санхүүгээс хэлмэгдэгч Е.Дий нөхөх олговрын мөнгө 40.000.000 төгрөг гаргуулан Д.Я- надад олгохоор шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрийн дагуу дээрх мөнгийг авч эгч Д.П-т 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдөр 1.000.000 төгрөг бэлэн өгсөн. Тэр үед эгч баярлалаа гэж тухайн мөнгийг хүлээж авсан.

2.2. Би анх шүүхэд нэхэмжлэл гаргах үед нэхэмжлэгч Д.П- нь Баримт: “2020.12.07, Өлгий сум. Миний бие Бахат овгийн Д- П- нь 72 настай, эмэгтэй, ам бүл-4, хүүхдүүдийн хамт Өлгий сумын 8-р багт оршин суудаг билээ. Е.Дийг хилс хэрэгт хэлмэгдүүлж ял эдэлж цагаатгасан билээ. Цагаатгалын тухай хуулиар төрсөн аав болох Е.Д-д 40.000.000 төгрөг олгохоор шийдвэрлэсэн юм. Иймд Е.Д-д олгохоор шийдвэрлэсэн 40.000.000 төгрөгийг миний төрсөн дүү болох Д-ий Я-д олгохыг зөвшөөрч байна. Д.П- би ямар нэгэн асуудлаар маргахгүй гэдгийг баримтлан баримт бичсэн. Баримт бичсэн Д.П-, утас:********” гэж баримт бичээд нотариатаар гэрчлүүлж өгсөн.

2.3. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2. “Энэ зүйлийн 1 дэх хэсгийн 3, 4-д заасан хүмүүст нөхөх олговрыг адил хэмжээгээр тэгш хувааж олгоно. Хэрэв аль нэг нь дангаараа буюу өөр өөр хувь хэмжээгээр нөхөх олговрыг авахаар нэхэмжлэгчид харилцан тохиролцвол шүүх түүний дагуу шийдвэрлэнэ” гэж заасан. Шүүх дээрх баримтыг үндэслэн шийдвэр гаргасан.

2.4. Тухайн үед эгч Д.П-, бид нарын хооронд 5,000,000 төгрөг өгөх талаар ямар нэгэн тохиролцоо хийгдээгүй, эгч өөрөө баримт бичиж өгөхдөө “...Д.П- би ямар нэгэн асуудлаар маргахгүй...” гэж тодорхой бичиж өгсөн.

2.5. Гэтэл бүх асуудал шийдэгдсэний дараа ингэж маргаан үүсгэж, шүүхэд хандаж байгаа явдалд гайхаж байна. Би айлын бага хүүхэд бөгөөд казахын зан заншил ёсоор аавын том гэрт амьдарч гал голомтыг нь авч явж байгаа. Нэгэнт би гал голомтыг нь авч явж зохих хариуцлагыг нь үүрч явж байгаа учир аавын нөхөх олговрыг авч зарцуулах эрхтэй гэж үзэж байна.

2.6. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

 

3. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 130/ШШ2023/00834 дугаар шийдвэрээр:

3.1. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Я-гаас хэлмэгдэгч Е.Дийн нөхөн олгорын мөнгөнөөс 5.000.000 /таван сая/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.П-т олгож,

3.2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч Д.П-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 94,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.П-т олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1.  Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2.-т “энэ зүйлийн 1 дэх хэсгийн 3, 4-д заасан хүмүүст нөхөх олговрыг адил хэмжээгээр тэгш хувааж олгоно. Хэрэв аль нэг нь дангаараа буюу өөр өөр хувь хэмжээгээр нөхөх олговрыг авахаар нэхэмжлэгчид харилцан тохиролцвол шүүх түүний дагуу шийдвэрлэнэ” гэж заасныг анхан шатны шүүх буруу тайлбарлан шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч Д.П- нь “нөхөн олговрын мөнгийг дүү Д.Я-д олгоход татгалзах зүйлгүй, энэ талаар ямар нэгэн маргаангүй” гэж нотариатаар батлуулан баримт бичиж өгч, тухайн нөхөн олговрын мөнгийг би авахаар болж харилцан тохиролцсон. Үүний дагуу Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 00001 дугаартай шийдвэр гарсан. Тухайн шийдвэрээр надад олгосон мөнгийг Д.П- нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Хэрэв Д.П- тухайн үед тэнцүү хувааж авна, шүүхэд хамт материал бүрдүүлж нэхэмжлэл гаргана гэвэл өөрийнх нь эрх байсан. Эгч Д.П- тухайн мөнгөнөөс татгалзаж, нөхөн олговрын мөнгийг өөрөө хөөцөлдөж аваарай гэж надтай харилцан тохиролцож 1 сая төгрөг авч байсан. Би эгчдээ 5 сая төгрөг өгнө гэж хэлээгүй.

4.2. Шүүхийн шийдвэр хуулийг буруу үндэслэсэн. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2 дахь хэсгийг үндэслэн Д.П-ын нэхэмжлэлийн шаардлагыг хангасан нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн явдал байна. Иргэдийн хоорондын харилцааг Иргэний хуулийн дагуу шийдвэрлэдэг атлаа анхан шатны шүүх Иргэний хуулийн заалтыг огт хэрэглэхгүйгээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 10 дугаар зүйлийг зөвхөн Засгийн газраас нөхөн олговор гаргуулан шийдвэрлэхдээ хэрэглэнэ. Нэг ёсондоо ЗГ-ын нөөц сангаас нэхэмжлэл гаргахдаа баримталдаг хуулийн заалтыг иргэдийн хоорондын шаардах эрхийг хэрэгжүүлэхдээ хэрэглэж хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн.

4.3. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

            5. Нэхэмжлэгчийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

            5.1. Би эцгийнхээ бага охин нь байсан. Би ч бас тухайн нөхөн олговроос авах эрхтэй. Хариуцагч болон түүний эхнэрийн цалингаас авах гэж байгаа биш. Би элэгний хорт хавдрын 4 дүгээр зэргийн хүнд өвчтэй хүн. Эцгийнхээ нөхөн олговрын мөнгөөр эмчилгээ хийлгэх зорилготой байсан. Дүү болон бэр хоёртоо хэлсэн боловч бидэнд мөнгө байхгүй хуулийн байгууллагаар шийдвэрлүүлж аваарай гэснээр шүүхэд хандсан. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгөхийг хүсье.

 

            6. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

6.1. Анхан шатны шүүхээс хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 10 дугаар зүйлд нөхөн олговрыг нэхэмжлэх талаар хуульчилж өгсөн. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчид олгох нөхөх олговрыг дор дурдсан этгээд нэхэмжлэх эрхтэй” гэж заасан. Мөн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 10.1 дэх хэсэгт “улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч өөрөө” гэж заасан. Мөн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 10.1.3 дахь хэсэгт “хэлмэгдэгчийг амьд байхад нь төрсөн болон үрчилж авсан, түүнчлэн хэлмэгдэгчийг нас барснаас нь хойш 10 сараас илүүгүй хугацааны дотор төрсөн хүүхэд” гэж зааснаар Д.П- нь Е.Дий төрсөн охин болох нь тогтоогдсон.

6.2. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ зүйлийн 1 дэх хэсгийн 3, 4-д заасан хүмүүст нөхөх олговрыг адил хэмжээгээр тэгш хувааж олгоно. Хэрэв аль нэг нь дангаараа буюу өөр өөр хувь хэмжээгээр нөхөх олговрыг авахаар нэхэмжлэгчид харилцан тохиролцвол шүүх түүний дагуу шийдвэрлэнэ” гэж заасан. 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн баримтыг хариуцагч тал нотлох баримтаар гаргаж өгсөн. Нэхэмжлэгч олон удаа эмчилгээ хийлгэж байсан. Өнөөдөр эмнэлгээс ирсэн. Нэхэмжлэгч өндөр настан, чөлөөтэй явж чадахгүй буюу биеийн эрүүл мэнд сайнгүй тул хүү Я-д уг нөхөн олговрыг хөөцөлдөн авах асуудлаар ярилцаж, улмаар Я- нь уг нөхөн олговрын мөнгөнөөс 6,000,000 төгрөг өгөхөөр хоорондоо тохиролцсон байна. Анхан шатны шүүх хуралдаанд хариуцагч тухайн 40,000,000 төгрөгөөр байшин барьсан надад мөнгө байхгүй гэдгээ хэлсэн.

6.3. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье.

 

 

 

ХЯНАВАЛ:

 

            7. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангасан байх тул шийдвэрийг хэвээр нь үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг дараах үндэслэлүүдээр хангахгүй орхиж шийдвэрлэв.

 

            8. Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагч Д.Я-гийн “нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн давж заалдах гомдлыг үндэслэж хэргийг бүхэлд нь хянасан болно.

 

            9. Нэхэмжлэгч Д.П- нь хариуцагч Д.Я-д холбогдуулж “хэлмэгдэгч эцэг Е.Дд олгосон нөхөх олговроос 5.000.000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ Миний бие эцэг Д-д 40.000.000 төгрөгийн нөхөн олговор олгох нөхцөл байдлыг тухайн үед сайн мэдэж байсан ба өөрөө өндөр настан, чөлөөтэй явж чадахгүй буюу биеийн эрүүл мэнд сайнгүй тул хүү Я-д уг нөхөн олговрыг хөөцөлдөн авах асуудлаар ярилцаж, улмаар Я- нь нөхөх олговроос надад 6.000.000 төгрөг өгөхөөр хоорондоо тохиролцсон. Гэтэл Д.Я- нь 1.000.000 төгрөгийг өгч, үлдсэн 5.000.000 төгрөгийг өгөхгүй байна” гэж тайлбарласан бол хариуцагч Д.Я- нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “Д.П- нь “нөхөн олговрын мөнгийг дүү Д.Я-д олгоход татгалзах зүйлгүй, энэ талаар ямар нэгэн маргаангүй” гэж нотариатаар батлуулан баримт бичиж өгч, тухайн нөхөн олговрын мөнгийг би авахаар болж харилцан тохиролцсон. Эгч Д.П-, бид нарын хооронд 5,000,000 төгрөг өгөх талаар ямар нэгэн тохиролцоо хийгдээгүй, эгч өөрөө баримт бичиж өгөхдөө “...Д.П- би ямар нэгэн асуудлаар маргахгүй гэсэн...” гэж татгалзлаа тайлбарлажээ.

 

            10. Хэрэгт Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.2 дахь заалт, 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт зааснаар хэлмэгдэгч Е.Дийн нөхөх олговорт 40.000.000 төгрөгийг төрийн сангийн санхүүгээс гаргуулж түүний хүүхэд Д.Я-д олгосон Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 130/ШШ2021/00001 дүгээр шийдвэр, мөн Д.П-ын 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдөр үйлдэж, нотариатчаар гэрчлүүлсэн “Миний бие Бахат овогтой Д-ийн П- нь 72 настай, эмэгтэй, ам бүл 4, хүүхдүүдийн хамт Өлгий сумын 8 дугаар багт оршин суудаг билээ. Е.Дийг хилс хэрэгт хэлмэгдүүлж, ял эдэлж цагаатгасан билээ. Цагаатгалын тухай хуулиар төрсөн аав болох Е.Дд 40 сая төгрөг олгохоор шийдвэрлэсэн юм. Иймд Е.Дд олгохоор шийдвэрлэсэн 40 сая төгрөгийг миний төрсөн дүү болох Д-ий Я-д олгохыг зөвшөөрч байгаа юм. Д.П- би ямар нэгэн асуудлаар маргахгүй...” гэсэн баримт, мөн бусад бичмэл баримтуудыг талууд шүүхэд гаргаж өгчээ.

 

            11. Нэхэмжлэгч Д.П- болон хариуцагч Д.Я- нар хэлмэгдэгч Е.Дийн хүүхдүүд мөн болох талаар маргаангүй нь Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 130/ШШ2021/00001 дүгээр шийдвэрээр тогтоогдсон бөгөөд тэд Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2 дахь хэсэгт “Энэ зүйлийн 1 дэх хэсгийн 3, 4-д заасан хүмүүст нөхөх олговрыг адил хэмжээгээр тэгш хувааж олгоно” гэж заасны дагуу нөхөх олговрыг адил хэмжээгээр тэгш хувааж авах эрхтэй.

 

            12. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2 дахь хэсэгт “...Хэрэв аль нэг нь дангаараа буюу өөр өөр хувь хэмжээгээр нөхөх олговрыг авахаар нэхэмжлэгчид харилцан тохиролцвол шүүх түүний дагуу шийдвэрлэнэ” гэж заасан, хэлмэгдэгч Е.Дийн хүү Д.Я-д нөхөх олговор олгох тухай Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 130/ШШ2021/00001 дүгээр шийдвэртэй иргэний хэргийг хянан шийдвэрлэх үед хэлмэгдэгч Е.Дийн охин Д.П-ын үйлдсэн “Е.Дд олгохоор шийдвэрлэсэн 40 сая төгрөгийг миний төрсөн дүү болох Д-ий Я-д олгохыг зөвшөөрч байгаа юм. Д.П- би ямар нэгэн асуудлаар маргахгүй...” гэсэн баримтыг шүүх тухайн үед шүүхэд мэдүүлэх, шийдвэр гаргуулах зорилгоор нөхөх олговрыг дангаараа хүү Д.Я-д олгохыг охин Д.П- зөвшөөрсөн боловч нөхөх олговор авахаас бүр мөсөн татгалзсан гэж үзэх хууль зүйн болон бодит үндэслэлгүй гэж дүгнэв.

Тодруулбал, Д.П-ын тухайн үед үйлдсэн тус баримт нь түүний хүсэл зоригийг үндэслэвэл, хэлмэгдэгч Е.Дд олгох нөхөх олговроос бүр мөсөн татгалзсан агуулгатай бус, харин тухайн үед шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг Д.Я-д олгож түүнд уг нөхөх олговрыг олгохыг зөвшөөрсөн агуулгатай байна.

 

            13. Учир нь, хариуцагч Д.Я- нь анхан шатны шүүхийн шийдвэрээр хэлмэгдэгч Е.Дд олгох 40.000.000 төгрөгийн нөхөх олговрыг өөртөө авсны дараа уг олговроос 1.000.000 төгрөгийг Д.П-т өгсөн талаар зохигчийн хэн аль нь маргаагүй, мөн нэхэмжлэгч Д.П-ын анхан шатны шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан эцэг Д-д 40 сая төгрөгийн нөхөн олговор олгох нөхцөл байдлыг тухайн үед сайн мэдэж байсан. Би өөрөө өндөр настан, чөлөөтэй явж чадахгүй тул хүү Я-д уг нөхөн олговрыг хөөцөлдөн авах асуудлаар ярилцаж, улмаар Я- нь уг нөхөн олговрын мөнгөнөөс надад 6,000,000 төгрөг өгөхөөр хоорондоо тохиролцсон байсан. 2020 оны 12 дугаар сард шүүхийн шийдвэрээр Д.Я-д 40,000,000 төгрөг олгохоор шийдвэрлэсэн. Ингээд Д.Я- нь 2023 оны 04 дүгээр сард уг нөхөн олговрын 40 сая төгрөгийг өөрийн дансанд шилжүүлэн авсан байна. Тухайн үед би мөнгө орсон уу гэж удаа дараа асуухад, ороогүй гэж хэлдэг байсан. Дараа  нь мөнгө орсон гэдгийг сонсоод хэлэнгүүт надад 1 сая төгрөгийг өгч, үлдсэн 5 сая төгрөгийг өгөөгүй. Би хотод очиж эмчилгээ хийлгэхээр болсон гэж удаа дараа мөнгө асуусан боловч мөнгө өгөхгүй, сүүлдээ намайг бараг шоолсон маягтай харьцсан учраас хоорондоо маргалдаж, би шүүхэд нэхэмжлэл гаргасан гэсэн тайлбарыг үндэслэж, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.П- нь хэлмэгдэгч Е.Дийн төрсөн хүүхэд мөн болохын хувьд түүнд олгосон нөхөх олговрыг түүний бусад хүүхдүүдтэй адил тэгш хувааж авах эрхтэй тул, нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хариуцагчаас 5.000.000 төгрөг гаргуулж Д.П-т олгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль ёсны болон шударга ёсны зарчимд нийцсэн гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

 

            14. Иймээс хариуцагч Д.Я-гийн “Би эгчдээ 5.000.000 төгрөг өгнө гэж хэлээгүй, анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн” гэсэн агуулгатай давж заалдах гомдлыг дээрх үндэслэлүүдээр хангахгүй орхиж, давж заалдах гомдолд зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлд зааснаар өөрчлөх, хүчингүй болгох үндэслэл тогтоогдоогүй тул хэвээр нь үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтыг удирдлага болгож, 

 

ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 130/ШШ2023/00834 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Д.Я-гийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалт, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 57.4 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94.950 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн”, “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.    

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.КӨБЕШ

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Н.ТУЯА

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        С.ӨМИРБЕК