| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Авуталивын Жархынгүл |
| Хэргийн индекс | 130/2023/00613/И |
| Дугаар | 130/ШШ2023/00866 |
| Огноо | 2023-10-27 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2023 оны 10 сарын 27 өдөр
Дугаар 130/ШШ2023/00866
| 2023 10 27 | 130/ШШ2023/00866 |
| ||
|
|
|
|
| |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Ж даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: М. Хаяг: Б аймаг, Ө сум 12 дугаар багт оршин суух,
Хариуцагч: Б аймгийн Ө сумын 11 дүгээр цэцэрлэг /эрхлэгч Г /, Хаяг:Б аймаг, Ө сум 8 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг,
Нэхэмжлэлийн шаардлага: Б аймгийн Ө сумын 11 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн 2023 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн Ажилд томилох тухай Б/08 дугаартай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан эмчийн ажилд эгүүлэн тогтоолгохыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч М ,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч З ,
Хариуцагч байгууллагын төлөөлөгч Г ,
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ж , түүний өмгөөлөгч Т ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч М нь хариуцагч Б аймгийн Ө сумын 11 дүгээр цэцэрлэгт хологдуулан тус цэцэрлэгийн эрхлэгчийн 2023 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн Ажилд томилох тухай Б/08 дугаартай тушаалыг хүчингүй болгож, тус хүүхдийн цэцэрлэгийн эмчийн ажилд эгүүлэн тогтоолгохыг хүссэн тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон байна. Үүнд:
1.1 М миний бие Э -ийн Г аймаг дахь салбар сургуулийг “Сувилагч” мэргэжлээр “Бакалавр” зэрэгтэй төгсөөд Э ны 2018 оны Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн 0 дугаартай Гэрчилгээ бүхий Эмнэлгийн тусгай мэргэжлийн мэргэжилтэн байгаа билээ. Миний бие Б аймгийн Нэгдсэн Эмнэлгийн “Мэс заслын тасагт” мэргэжлийн дагуу 2013 оноос эхлэн ажиллаж байгаад Ө сумын 11 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн “Ажилд томилох тухай” 00 дугаартай тушаалаар тус цэцэрлэгт “Цэцэрлэгийн эмч” гэх орон тоонд томилогдсон юм.
1.2 Гэтэл цэцэрлэгийн эрхлэгч нарыг сэлгэн ажиллуулахад тус цэцэрлэгийн эрхлэгч А ийн оронд Г томилогдсон бөгөөд тэрээр намайг цэцэрлэгийн бүтэц орон тоонд эмчийн орон тоо батлагдаагүй байхад эмчийн тушаалд намайг томилсон хууль бус гэж намайг эмчийн ажилд томилсон асан А ийн тушаалыг хүчингүй болгож, намайг ажлаас маань чөлөөлсөн байсан. Түүнийг би эс зөвшөөрч тус шүүхэд нэхэмжлэл гаргахад шүүхээс миний нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосныг миний бие эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргасан байсан. Гэвч цэцэрлэгийн эрхлэгч нарыг буцааж өөрсдийн ажиллаж байсан цэцэрлэгийн эрхлэгчийн ажилд эгүүлэн томилоход тус цэцэрлэгийн эрхлэгч байсан асан А нь намайг 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс эмчийн ажилд маань буцааж томилсноор миний бие давж заалдах гомдлоос уг үндэслэлээр гомдлоосоо татгалзаж байсан.
1.3 Улмаар миний бие 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Хөдөлмөрийн тухай хуулийн 137 дугаар зүйлийн 137.1 дэх хэсэгт зааснаар жирэмсний болон амаржсаны амралт авсан бөгөөд 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүү А ыг төрүүлж. улмаар жирэмсний болон амаржсаны амралтын хугацаа дуусаж, урьд эрхэлж байсан Ө сумын 11 дүгээр цэцэрлэгийн эмчийн албан тушаалд үргэлжлүүлэн ажиллах ёстой байтал Ө сумын 11 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч асан А нь тус цэцэрлэгийн эрхлэгчийн 2023 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн “Ажилд томилох тухай” 00 дугаартай тушаал гаргаж, намайг цэцэрлэгийн бэлтгэгч гэх албан тушаалд хууль бус томилон ажиллуулсныг зөвшөөрөхгүй байна. М миний бие уг маргааныг урьдчилан хянан шийдвэрлүүлэхээр Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хооронд хандсан боловч шүүхээр шийдвэрлүүлэхээр шийдвэрлэсэн болно.
1.4 Энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийг ноцтой зөрчсөн, миний Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан “Ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах” эрхийг маань зөрчсөн.
1.5 М би Ө сумын 11 дүгээр цэцэрлэгт эмчийн албан тушаалд ажиллаж байгаад Хөдөлмөрийн тухай 137 дугаар зүйлийн 137.1 дэх хэсэгт зааснаар амаржсаны болон жирэмсний амралт авсан учраас мөн хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.3 дахь хэсэгт зааснаар урьд эрхэлж байсан эмчийн албан тушаал, ажлын байр хэвээр хадгалагдах тул Ө сумын 11 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн 2023 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн “Ажилд томилох тухай” 00 дугаартай тушаалаар өөр ажилд буюу “цэцэрлэгийн бэлтгэгч” гэх албан тушаалд шилжүүлэн ажиллуулсан нь хууль бус гэж үзнэ.
1.6 2023 оны 5 дугаар сарын 20-ны өдөр ажилд орохдоо надад бэлтгэгчийн тушаал гаргасан. Тухайн үед тус аймгийн Ө сумын 11 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчээс яагаад би бэлтгэгчийн орон тоонд ажиллах ёстой юм вэ гэж асуухад надад чиний тусгай зөвшөөрөл эрхлэх лицензийн хугацаа дуусах гэж байгаа тул бэлтгэгчийн орон тоонд ажиллана гэж хариулж байсан. Миний үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн хугацаа 2023 оны 8 дугаар сарын 3-ны өдөр дуусна би 2023 оны 7 дугаар сард шалгалтаа өгч тусгай зөвшөөрөл эрхлэх лицензийн хугацаагаа сунгуулна гэдгийг хэлсэн. Намайг жирэмсний амралт явахаас нэг хоногийн өмнө буюу 2022 оны 12 дугаар сарын 4-ний өдөр тус аймгийн Ө сумын 11 дүгээр цэцэрлэгийн эмчийн ажлаас чөлөөлсөн гэдгийг мэдээгүй. Хавтаст хэрэгт бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ж ийн гаргаж өгсөн нотлох баримттай танилцахад мэдсэн.Надад уг тушаалыг гардуулж, танилцуулж байгаагүй тул мэдээгүй. Би жирэмсний амралт авч, ажилд орж ирэхэд эмчийн ажилд томилж ажиллуулахаас татгалзаж өөр ажилд томилсны эс зөвшөөрч гурван талт болон маргаан таслах комисст хандаж байсан.
1.7 М миний бие 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүү А ыг төрүүлсэн бөгөөд хүүхэд маань 3 сартай байхад намайг өөр ажилд үндэслэлгүй шилжүүлэн томилсон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1 дэх хэсэгт зааснаар ажил олгогчийн санаачилгаар цуцлахыг хориглоно гэж заасныг зөрчсөн байна. Ө сумын 11 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч А нь ажилтан М надтай 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр эмч гэх албан тушаалын ажлын байранд Хөдөлмөрийн гэрээ байгуулсан байгаа болно.
Гэтэл М намайг Ө сумын 11 дүгээр цэцэрлэгийн эмч гэх албан тушаалаас чөлөөлж, Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай шийдвэр гаргаагүй мөртлөө Ө сумын 11 дүгээр хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн 2023 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн “Ажилд томилох тухай” 00 дугаартай тушаалаар цэцэрлэгийн бэлтгэгч гэх албан тушаалд давхар томилгоо хийсэн нь хууль тогтоомжид нийцэхгүй байна.
1.8 Улсын Дээд шүүхийн 2006 оны “Хөдөлмөрийн хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай” 33 дугаар тогтоолын 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэгт “Ажилтан мэргэжил, ур чадварын хувьд тэнцэхгүй болсон” гэдэг нь эрх бүхий байгууллагын мэргэжил ур чадварын хувьд тухайн албан тушаалд тэнцэхгүй болсныг тогтоосон мэргэжлийн болон аттестатчиллын комиссын дүгнэлт шийдвэр гарсан байхыг ойлгоно. Харин томилогдон ажиллаж байгаа хүнийг боловсролын үнэмлэхгүй, дээд боловсролгүй, гэх шалтгаанаар ажилтныг мэргэжил, ур чадварын хувьд тэнцэхгүй гэх үндэслэлээр Хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болохгүй гэж заасан байдаг.
1.9 Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1 дэх хэсэгт зааснаар Ө сумын 11 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн 2023 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн “Ажилд томилох тухай” 00 дугаартай тушаалыг хүчингүй болгож, М намайг Ө сумын 11 дүгээр цэцэрлэгийн эмчийн ажилд эргүүлэн томилж өгнө үү гэв.
2.Хариуцагч Б аймгийн Ө сумын 11 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч Г хариу тайлбар, татгалзал:
2.1 М нь 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн Б/04 дугаартай тушаалаар тус цэцэрлэгт “Цэцэрлэгийн эмч” гэх орон тоонд томилогдсон байсан. 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д зааснаар жирэмсний болон амаржсаны амралт авсан юм. Жирэмсний болон амаржсаны амралт дууссаны дараа М нь Цэцэрлэгийн эмчийн орон тоонд ажиллахаар очсон боловч тус цэцэрлэгчийн эрхлэгчээр ажиллаж байсан А нь 2023 оны 7 дугаар сарын 02-ны өдөр 00 дугаартай тушаал гаргаж М г цэцэрлэгийн бэлтгэгчийн албан тушаалд томилсон байв.
2.2 Эмчийн албан тушаалын тодорхойлолтод тавигдах тусгай шаардлагад бакалавр ба түүнээс дээш боловсролын дипломтой байх, бага эмч мэргэжилтэй байх, мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан байх талаар тусгасан байгаа. Албан тушаалын тодорхойлолтын дагуу сувилагч мэргэжилтэй хүн цэцэрлэгийн эмчээр ажиллах шаардлагыг хангахгүй. Эмчийн бүтэц орон тоо нь 2022 оны 02 дугаар сарын 24-ны өдрийн 00 дугаартай захирамжийн дагуу батлагдсан.
2.3 Урьд өмнө цэцэрлэгийн эмчээр ажиллаж байсан М г ямар учраас бэлтгэгчийн албан тушаалд бууруулсан талаар би мэдэхгүй байна. Харин түүний оронд X.Жанаргүлийг томилсон байх ба одоо хүртэл ажиллаж байгаа.
2.4 Иймд нэхэмжлэгч М гийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ж ийн тайлбар, татгалзал:
3.1 Миний бие тус шүүхийн шүүгчийн 2023 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 00 дугаартай захирамжаар М гийн нэхэмжлэлтэй, Ө сумын 11 дүгээр цэцэрлэгт холбогдох иргэний хэрэгт бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн хувьд оролцож байгаа.
3.2 Нэхэмжлэгч М гаас “Ө сумын 11 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн 2023 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн ажилд томилох тухай 00 дугаартай тушаалыг хүчингүй болгож, тус хүүхдийн цэцэрлэгийн эмчийн албан тушаалд эгүүлэн тогоолгохыг" хүсэж нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. Миний бие Ж Ө сумын 11 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 00 дугаартай тушаалаар тус цэцэрлэгт эмчээр томилогдон ажиллаж байгаа бөгөөд “Эх баригч бага эмч” мэргэжилтэй, мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй. Уг эмчийн ажлын байрны тодорхойлолтод заасан бүх шаардлагыг хангаж байгаа юм. Намайг эмчийн албан тушаалд томилогдох үед эрх бүхий албан тушаалтнаас тухайн орон тоог шинээр баталж, төсөв хөрөнгийг нь цэцэрлэгийн төсөвт суулгаж өгсөн шинээр батлагдсан орон тоо байсан юм.
3.3 Харин нэхэмжлэгч М анх 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр тус цэцэрлэгт эмчийн албан тушаалд томилогдсон байх бөгөөд түүнийг А нь тус цэцэрлэгийн эрхлэгчийн ажлаас чөлөөлөгдөхийн өмнөхөн батлагдсан цалингийн сан, орон тооны хязгаарыг хэтрүүлж, 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр эмч гэх тус цэцэрлэгийн бүтэц орон тоонд огт байдаггүй ажлыг гүйцэтгүүлэхээр тушаал гаргасан байсныг, уг тушаал бодит байдал дээр огт хэрэгжиж байгаагүй болохыг илрүүлж, цэцэрлэгийн эрхлэгч Гүлжайнагаас 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 00 тушаалаар хүчингүй болгосон байна. Энэхүү асуудлаар иргэн М тус шүүхэд хандаж, сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээс түүний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож 2022 оны 6 дугаар сарын 22-ны өдөр 00 дугаартай шийдвэр гаргасан ба улмаар уг шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан ч тэрээр өөрөө гомдлоосоо татгалзсан, уг шийдвэр одоо хүртэл хүчин төгөлдөр байгаа. Уг шийдвэр гарсны дараа ч эрхлэгч А түүнийг төсөв мөнгө нь батлагдаагүй ч гэсэн зохицуулж ажиллуулж хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулж байсан байна. Үүний дараа түүнийг 2022 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 00 дугаартай тушаалаар үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байдаг. Харин цэцэрлэгт эмчийн орон тоо 2023 оны 01 дүгээр сараас эхлэн албан ёсоор батлагдсан юм.
3.4 Уг эмчийн албан тушаалын ажлын байранд бага эмч мэргэжилтэй, эмчлэх эрхтэй мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан хүн ажиллахаар зохицуулсан. М гийн хувьд сувилагч мэргэжилтэй бөгөөд маргаан бүхий албан тушаалд тавигдах мэргэжлийн шаардлагыг хангахгүй юм. Нэхэмжлэгч анх энэхүү эмчийн орон тоонд шүүхээр маргаад нэхэмжлэл нь хэрэгсэхгүй болсон байхад дахин сүүлд өөрийг нь бэлтгэгчийн албан тушаалд томилсон шийдвэрийг хүчингүй болгож, эмчийн албан тушаалд томилуулахыг даалгахаар маргаж байгаа нь үндэслэлгүй юм. Жирэмсний амралттай байх хугацаанд ажлаас чөлөөлсөн гэж маргаж байгаа нь үндэслэлгүй. Анхнаасаа тэрээр батлагдсан бүр орон тоонд ажиллаж байгаагүй учраас энэхүү маргах эрхгүй юм.
3.5 Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын улмаас хууль ёсоор Ө сумын хүүхдийн 11 дүгээр цэцэрлэгийн эмчийн албан тушаалд томилогдон ажиллаж байгаа миний эрх хууль ёсны эрх ашиг сонирхол маань зөрчигдөх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
4.Нэхэмжлэгчээс Б аймгийн Ө сумын 11 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн 2023 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн Б/08 дугаартай “Ажилд томилох тухай”, 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 00 дугаартай “Ажилд томилох тухай”, Б аймгийн Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 00 дугаартай захирамж болон хавсралт, 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 00 дугаартай хөдөлмөрийн гэрээ, З.А ы төрсний гэрчилгээ, нэхэмжлэгчийн №00 бакалаврын диплом, М гийн сувилах үйл ажиллагаа эрхлэх 0 дугаартай гэрчилгээ, иргэний үнэмлэх, Б аймгийн Засаг даргын 2023 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 00 дугаартай “Бүтэц, орон тоо батлах тухай” захирамж болон хавсралт зэргийн нотариатаар батлуулсан хуулбарууд, Б аймгийн Ө сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны тэмдэглэл, 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 21 дугаартай өмгөөлөгч З тай байгуулсан өмгөөллийн гэрээ, нэхэмжлэгч М гийн Төрийн банкин дахь харилцах дансны хуулга зэргийг нэхэмжлэгчээс,
5.Хариуцагчаас 2023 оны 7 дугаар сарын 27-ны өдөр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч гаргасан тайлбар, Б аймгийн Ө сумын 11 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн 2023 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн Б/08 дугаартай “Ажилд томилох тухай”, 2022 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 00 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тушаал, Б аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын даргын 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 00 дугаартай тушаалуудын нотариатаар батлуулсан хуулбаруудыг шүүхэд гаргаж өгсөн байна.
6.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ж ээс бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр татан оролцуулах хүсэлт, Ж ийн 00 дугаартай диплом, эх барих үйл ажиллагаа эрхлэх 00 дугаартай гэрчилгээ, Б аймгийн Ө сумын 11 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 00 дугаартай “Ажилд томилох тухай”, Ө сумын хүүхдийн 11 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн эмч Хумархан овогтой Жанаргүлийн албан тушаалын тодорхойлолт, 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 0 дугаартай хөдөлмөрийн гэрээ, Б аймгийн Ө сумын 11 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 00 дугаартай “Ажилд томилох тухай”, 2022 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 00 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай”, 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 00 дугаартай, 2023 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 00 дугаартай хөдөлмөрийн гэрээ, Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 00 дугаартай шийдвэр зэргийн нотариатаар батлуулсан хуулбаруудыг, 2023 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр гаргасан тайлбар, 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 00 дугаартай өмгөөлөгч Х.Тилуегавалтай байгуулсан өмгөөллийн гэрээ зэргийг шүүхэд гаргаж өгсөн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
7.Шүүх талуудын шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан, хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
8.Нэхэмжлэгч М нь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ... Миний бие тус цэцэрлэгийн эмчийн орон тоонд 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн томилогдон ажиллаж байгаад улмаар 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр жирэмсний амралт авч 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүү А ыг төрүүлж, эргэж эмчийн ажилд орох гэхэд цэцэрлэгийн эрхлэгчээс эмчийн ажилд бус бэлтгэгчийн ажилд томилсныг зөвшөөрөхгүй байна. Намайг жирэмсний амралтад явахаас нэг хоногийн өмнө буюу 2022 оны 12 дугаар сарын 04-ний өдөр тус аймгийн Ө сумын 11 дүгээр цэцэрлэгийн эмчийн ажлаас чөлөөлсөн гэдгийг мэдээгүй. Хавтаст хэрэгт бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ж ийн гаргаж өгсөн нотлох баримттай танилцахад мэдсэн. Надад уг тушаалыг гардуулж, танилцуулж байгаагүй тул мэдэхгүй. Би жирэмсний амралт авч, ажилд орж ирэхэд эмчийн ажилд томилж ажиллуулахаас татгалзаж өөр ажилд томилсныг эс зөвшөөрч байна гэжээ.
9.Хариуцагч Б аймгийн Ө сумын 11 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч Г нь нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: ... Миний бие тус цэцэрлэгийн эрхлэгчээр 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр томилогдсон тул урьд өмнө цэцэрлэгийн эмчээр ажиллаж байсан М г ямар учраас бэлтгэгчийн албан тушаалд бууруулж томилсон талаар би мэдэхгүй байна. Харин түүний оронд X.Жанаргүлийг томилсон байх ба одоо хүртэл ажиллаж байгаа. Эмчийн албан тушаалын тодорхойлолтод тавигдах тусгай шаардлагад бакалавр ба түүнээс дээш боловсролын дипломтой байх, бага эмч мэргэжилтэй байх, мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан байх талаар тусгасан байгаа. Албан тушаалын тодорхойлолтын дагуу сувилагч мэргэжилтэй хүн цэцэрлэгийн эмчээр ажиллах шаардлагыг хангахгүй байгаа тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргажээ.
10.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ж нь нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд...Маргаан бүхий эмчийн албан тушаалын ажлын байранд бага эмч мэргэжилтэй, эмчлэх эрхтэй мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан хүн ажиллахаар зохицуулсан. Нэхэмжлэгч М гийн хувьд сувилагч мэргэжилтэй бөгөөд маргаан бүхий албан тушаалд тавигдах мэргэжлийн шаардлагыг хангахгүй. Нэхэмжлэгч анх энэхүү эмчийн орон тоонд шүүхээр маргаад нэхэмжлэл нь хэрэгсэхгүй болсон байхад дахин сүүлд өөрийг нь бэлтгэгчийн албан тушаалд томилсон шийдвэрийг хүчингүй болгож, эмчийн албан тушаалд томилуулахыг даалгахаар маргаж байгаа нь үндэслэлгүй юм. Жирэмсний амралттай байх хугацаанд ажлаас чөлөөлсөн гэж маргаж байгаа нь үндэслэлгүй. Анхнаасаа тэрээр батлагдсан бүр орон тоонд ажиллаж байгаагүй учраас энэхүү маргах эрхгүй гэжээ.
11.Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад хэрэгт хамааралтай, ач холбогдолтой дараах үйл баримтууд тогтоогдов:
-Б аймгийн Ө сумын 11 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч А ийн 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн Б/04 дугаартай тушаалаар нэхэмжлэгч М г тус цэцэрлэгийн эмчээр томилсон байна.
-Тус аймгийн Ө сумын цэцэрлэгийн эрхлэгч нарыг сэлгэн ажиллуулахад тус аймгийн Ө сумын 11 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчээр томилогдсон Г нь 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 00 дугаартай тушаалаар нэхэмжлэгч М г тус цэцэрлэгийн эмчийн ажилд томилсон дээрх тушаалыг хүчингүй болгосон байх бөгөөд уг тушаалыг М нь эс зөвшөөрч тус шүүхэд гомдол гаргаснаар Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 00 дугаар шийдвэрээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
-Нэхэмжлэгч М нь уг шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргасан боловч тэрээр гомдол гаргаснаас хойш нөхцөл байдал өөрчлөгдөж, миний бие ажилд томилогдсон учраас давж заалдах гомдлоосоо татгалзаж байна гэж хүсэлт гаргаснаар Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 00 дугаартай шүүгчийн захирамжаар түүний давж заалдах гомдлыг нь гаргаагүйд тооцсон.
-Б аймгийн Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн А/116 дугаар захирамж, түүний хавсралтаар тус аймгийн Ө сумын 11 дүгээр цэцэрлэгийн бүтэц, орон тоог нийт 29 хүнээр баталсан ба эмчийг 1 орон тоогоор баталсан байна. Мөн Засаг даргын 2023 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 00 дугаар захирамж, түүний хавсралтаар тус аймгийн Ө сумын 11 дүгээр цэцэрлэгийн бүтэц орон тоог 34 хүний бүрэлдэхүүнтэйгээр шинэчлэн баталсан байх бөгөөд эмчийн 1 орон тоо хэвээр батлагдсан байжээ.
-Ажил олгогчоос 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн Б/11 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1, 50 дугаар зүйлийн 50.1.2, 64 дүгээр зүйлийн 64.1 дэх заалтуудыг тус үндэслэн М г 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн тус цэцэрлэгийн эмчээр томилж, улмаар 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 16 дугаартай Хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулсан байна.
Харин нэхэмжлэгч М нь 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр жирэмсний амралт авч 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүүхэдтэй болж, тус аймгийн Ө сумын 11 дүгээр цэцэрлэгээс жирэмсний амралтын тэтгэмжээ авсан болох нь нэхэмжлэгчийн ХААН банкны дансны хуулга, хүүхдийн төрсний гэрчилгээгээр тогтоогдож байна.
-Ажилтан М нь жирэмсний амралтаа дуусгаж ажилд ороход нь урьд эрхэлж байсан тус цэцэрлэгийн эмчийн ажилд бус ажил олгогч байгууллагын даргын 2023 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 00 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.2, 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1, 49 дүгээр зүйл, 50 дугаар зүйлийн 50.1 дэх заалтуудыг үндэслэж цэцэрлэгийн бэлтгэгчээр томилж, хөдөлмөрийн гэрээ байгуулсныг нэхэмжлэгчээс эс зөвшөөрч шүүхэд гомдол гаргасан байна.
-Гэтэл ажил олгогч буюу хариуцагч тус аймгийн Ө сумын 11 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч байсан асан А нь 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 00 дүгээр тушаалаар бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ж ийг мөн өдрөөс эхлэн тус цэцэрлэгийн эмчийн ажилд томилж ажиллуулж байжээ.
12.Дээрх үйл баримтуудаас дүгнэвэл, эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр батлагдсан бүтэц, орон тоонд багтаж буй тус аймгийн Ө сумын 11 дүгээр цэцэрлэгийн эмчийн ажилтны байнгын орон тоонд М г анхлан томилж ажиллуулахдаа хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулж, ажилтныг ажилд түр томилсон ажил олгогчийн үйл ажиллагаа Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт нийцээгүй байна. Ажил олгогчоос энэ талаар батлагдсан орон тоо хүчинтэй байхад ажилтан М г эмчийн орон тоонд бус бэлтгэгчийн орон тоонд томилж байгаа үйлдэл нь өөрөө ажлаас халсантай адилхан тул уг тушаал нь хууль бус шийдвэр болсон гэж гаргасан нэхэмжлэгчийн гомдол үндэслэлтэй ба Б аймгийн Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 00 дугаар захирамж, түүний хавсралт, мөн Засаг даргын 2023 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 00 дугаар захирамж, түүний хавсралт талуудын тайлбараас үзвэл тус цэцэрлэгийн эмчийн ажлын байранд Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1-50.1.6 дахь заалтад заасан аль нэг үндэслэлээр хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.
13.Хариуцагч болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээс эмчийн албан тушаалын тодорхойлолтод тавигдах тусгай шаардлагад бакалавр ба түүнээс дээш боловсролын дипломтой байх, бага эмч мэргэжилтэй байх, мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласныг нэхэмжлэгч М нь хангахгүй байсан тул хариуцагч буюу ажил олгогчоос 2022 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 00 дугаар тушаалаар М г тус цэцэрлэгийн эмчийн ажлаас чөлөөлсөн гэж тухайн тушаалыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгчээ.
14.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй, 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэж заасан. Хуулийн энэхүү зохицуулалтаар хариуцагч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг үгүйсгэх, татгалзах үндэслэлээ нотлох үүрэгтэй.
15.Иймээс хариуцагч буюу ажил олгогч тус аймгийн Ө сумын 11 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчээс ажилтан М г 2022 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 00 дугаар тушаалаар тус цэцэрлэгийн эмчийн ажлаас чөлөөлсөн тушаалаа түүнд гардуулсан эсэхээ нотолж чадаагүй бөгөөд М нь 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр жирэмсний амралт авч 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүүхэдтэй болж, тус цэцэрлэгийн санхүүгээс жирэмсний амралтын тэтгэмжээ авсан болох нь тогтоогдсон.
16.Хэрэгт авагдсан 00 дугаартай Бакалаврын дипломоор нэхэмжлэгч М нь бакалаврын сувилагч мэргэжилтэй байх ба тэрээр сувилах үйл ажиллагааг эрхлэх 2018 оны 8 дугаар сарын 09-ний өдрөөс 2028 оны 8 дугаар сарын 30-ны өдөр хүртэл хугацаатай гэрчилгээтэй болох нь Э ны Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх гэрчилгээгээр нотлогдож байна.
17.Хэрэв ажилтан М нь эмчийн албан тушаалын тодорхойлолтод тавигдах тусгай шаардлагыг хангахгүй байсан бол ажил олгогчоос түүнийг анх тухайн орон тоонд томилох эрхгүй байсан ба нэгэнт эмчийн орон тоонд шаардлага хангахгүй хүнийг томилсон бол тэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2 дахь заалтаар энэ тухай ажилтанд өмнө нь анхааруулж, мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлээ сайжруулах боломжит хугацаа олгосон байвал зохих тул уг үндэслэлээр томилогдон ажиллаж байгаа ажилтныг өөр ажилд шилжин томилсон нь дээрх заалтыг зөрчсөн гэж үзнэ.
18.Хэдийгээр ажил олгогчоос ажилтан М тай байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлаагүй байгаа боловч түүнийг урьд эрхэлж байсан эмчийн ажилд бус бэлтгэгчийн ажилд томилж байгаа үйлдэл нь өөрөө ажлаас халсантай адилхан тул нэхэмжлэгч М нь 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдөр төрсөн одоо 9 сартай хүүтэй болох нь хэрэгт авагдсан хүүхдийн төрсний гэрчилгээгээр нотлогдож байгаа бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1 дэх заалтад “Энэ хуулийн 80.1.4, 80.1.5, 80.1.6-д заасан болон аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсанаас бусад тохиолдолд жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эх /ганц бие эцэг/-ийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлахыг хориглоно” гэж заасныг ажил олгогчоос зөрчсөн байна.
19.Мөн хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт ажилтан ажил үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд ажилтны ажлын байрыг хэвээр хадгалах 13 үндэслэл заасны 60.1.3 дахь заалтад “жирэмсний болон амаржсаны амралттай, хүүхэд асрах чөлөөтэй” байсан бол түүний ажлын байрыг хэвээрээ хадгалахаар заасан тул тус аймгийн Ө сумын 11 дүгээр цэцэрлэгийн эмч ажилтан М нь жирэмсний амралт авч, ажилдаа эргэж ирэхэд түүнийг урьд эрхэлж байсан эмчийн ажилд бус бэлтгэгчийн ажилд томилж байгаа хариуцагч буюу ажил олгогчийн эрхийн акт нь ажлаас халагдсантай адилхан тул нэхэмжлэгчийн гомдол нь үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
20.Түүнчлэн ажил олгогчоос ажилтныг хөдөлмөрийн хугацаагүй гэрээ байгуулж ажиллуулах байнгын орон тоонд хууль зөрчиж хугацаатай гэрээ байгуулж ажиллуулаад, улмаар жирэмсний амралт авч явсны дараа түүний ажлын байрыг хэвээр хадгалах ёстой атлаа түүний оронд өөр хүн томилж, түүнийг урьд эрхэлж байсан эмчийн ажилд бус бэлтгэгчийн ажилд томилж байгаа хариуцагч буюу ажил олгогчийн эрхийн акт нь хууль ёсны байх шаардлагыг хангаагүй, ажилтныг өөр ажилд шилжин томилсон шийдвэрийн үндэслэл бодитой бус, Хөдөлмөрийн тухай хуульд нийцээгүй мөн Монгол улсын Үндсэн хуульд заасан хүн бүр хуулийн өмнө тэгш эрхтэй байх тэгш эрхийн болон шударга ёсны зарчмыг тус тус ажил олгогчоос алдагдуулсан байна гэж шүүх үзлээ.
21.Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Б аймгийн Ө сумын 11 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн 2023 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн “Ажилд томилох тухай” 00 дугаартай тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч М г урьд эрхэлж байсан эмчийн ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэв.
22.Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасны дагуу энэхүү нэхэмжлэл нь гомдлоор авч хэлэлцэх маргаан тул нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагч Б Ө сумын 11 дүгээр цэцэрлэгээс улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг гаргуулан улсын орлого болгож шийдвэрлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2, 158.2.2 дахь заалтуудыг тус тус баримтлан хариуцагч Б аймгийн Ө сумын 11 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн 2023 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн “Ажилд томилох тухай” 00 дугаартай тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч М г тус аймгийн Ө сумын 11 дүгээр цэцэрлэгийн эмчийн ажилд эгүүлэн томилсугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч М гийн энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалт, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч Б аймгийн Ө сумын 11 дүгээр цэцэрлэгээс улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг гаргуулан улсын орлого болгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.Ж