Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 212/МА2023/00134

 

М.М-гийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

            Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Көбеш, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй хийж,      

 

тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл даргалж шийдвэрлэсэн, 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 130/ШШ2023/00866 дугаар шийдвэртэй,  нэхэмжлэгч ***** оршин суух М.М-гийн нэхэмжлэлтэй, хариуцагч Баян-Өлгий аймгийн Өлгий сумын хүүхдийн ** дүгээр цэцэрлэг /эрхлэгч И.Г/-т холбогдох,

 

“Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ** дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн 2023 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн Ажилд томилох тухай Б/08 дугаартай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан эмчийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай” иргэний хэргийг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд М.Ж-, түүний өмгөөлөгч А.Серикжан нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч шүүгч Д.Көбешийн илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.   

 

Шүүх хуралдаанд М.М-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Зулхаш, хариуцагч байгууллагын төлөөлөгч И.Г, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Х.Ж-, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн өмгөөлөгчид Х.Тилеугавал, А.Серикжан, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.Еркегүл нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн агуулга: 

1.1. М.М- миний бие ЭМШУИС-ийн Говь-Алтай аймаг дахь салбар сургуулийг сувилагч мэргэжлээр Бакалавр зэрэгтэй төгсөөд Эрүүл Мэндийн Яамны 2018 оны Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн ****** дугаартай Гэрчилгээ бүхий Эмнэлгийн тусгай мэргэжлийн мэргэжилтэн байгаа билээ. Миний бие Баян-Өлгий аймгийн Нэгдсэн Эмнэлгийн Мэс заслын тасагт мэргэжлийн дагуу 2013 оноос эхлэн ажиллаж байгаад Өлгий сумын ** дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн Ажилд томилох тухай Б/04 дугаартай тушаалаар тус цэцэрлэгт цэцэрлэгийн эмч гэх орон тоонд томилогдсон юм.

1.2. Гэтэл цэцэрлэгийн эрхлэгч нарыг сэлгэн ажиллуулахад тус цэцэрлэгийн эрхлэгч И.А-ийн оронд Х.Гү томилогдсон бөгөөд тэрээр цэцэрлэгийн бүтэц орон тоонд эмчийн орон тоо батлагдаагүй байхад эмчийн тушаалд намайг томилсон хууль бус гэж намайг эмчийн ажилд томилсон асан И.А- тушаалыг хүчингүй болгож, намайг ажлаас чөлөөлсөн байсан. Түүнийг би эс зөвшөөрч тус шүүхэд нэхэмжлэл гаргахад шүүхээс миний нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосныг миний бие эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргасан байсан. Гэвч цэцэрлэгийн эрхлэгч нарыг буцааж өөрсдийн ажиллаж байсан цэцэрлэгийн эрхлэгчийн ажилд эгүүлэн томилоход тус цэцэрлэгийн эрхлэгч байсан асан И.А- нь намайг 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс эмчийн ажилд маань буцааж томилсноор миний бие давж заалдах гомдлоос уг үндэслэлээр гомдлоосоо татгалзаж байсан.

1.3. Улмаар миний бие 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Хөдөлмөрийн тухай хуулийн 137 дугаар зүйлийн 137.1 дэх хэсэгт зааснаар жирэмсний болон амаржсаны амралт авсан бөгөөд 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүү А-ыг төрүүлээд жирэмсний болон амаржсаны амралтын хугацаа дуусаж, урьд эрхэлж байсан Өлгий сумын ** дүгээр цэцэрлэгийн эмчийн албан тушаалд үргэлжлүүлэн ажиллах ёстой байтал Өлгий сумын ** дүгээр цэцэрлэгийн эрхлэгч асан И.А- нь тус цэцэрлэгийн эрхлэгчийн 2023 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн Ажилд томилох тухай Б/08 дугаартай тушаал гаргаж, намайг цэцэрлэгийн бэлтгэгч гэх албан тушаалд хууль бус томилон ажиллуулсныг зөвшөөрөхгүй байна. М.М- миний бие уг маргааныг урьдчилан хянан шийдвэрлүүлэхээр Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хооронд хандсан боловч шүүхээр шийдвэрлүүлэхээр шийдвэрлэсэн болно.

1.4. Энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийг ноцтой зөрчсөн, миний Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан Ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах эрхийг маань зөрчсөн.

1.5. М.М- би Өлгий сумын ** дүгээр цэцэрлэгт эмчийн албан тушаалд ажиллаж байгаад Хөдөлмөрийн тухай 137 дугаар зүйлийн 137.1 дэх хэсэгт зааснаар амаржсаны болон жирэмсний амралт авсан учраас мөн хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.3 дахь хэсэгт зааснаар урьд эрхэлж байсан эмчийн албан тушаал, ажлын байр хэвээр хадгалагдах тул Өлгий сумын ** дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн 2023 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн Ажилд томилох тухай Б/08 дугаартай тушаалаар өөр ажилд буюу цэцэрлэгийн бэлтгэгч гэх албан тушаалд шилжүүлэн ажиллуулсан нь хууль бус гэж үзнэ.

1.6. 2023 оны 5 дугаар сарын 20-ны өдөр ажилд орохдоо надад бэлтгэгчийн тушаал гаргасан. Тухайн үед тус аймгийн Өлгий сумын ** дүгээр цэцэрлэгийн эрхлэгчээс яагаад би бэлтгэгчийн орон тоонд ажиллах ёстой юм вэ гэж асуухад надад чиний тусгай зөвшөөрөл эрхлэх лицензийн хугацаа дуусах гэж байгаа тул бэлтгэгчийн орон тоонд ажиллана гэж хариулж байсан. Миний үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн хугацаа 2023 оны 8 дугаар сарын 3-ны өдөр дуусах тул 2023 оны 7 дугаар сард шалгалтаа өгч тусгай зөвшөөрөл эрхлэх лицензийн хугацаагаа сунгуулна гэдгийг хэлсэн. Намайг жирэмсний амралт авахаас нэг хоногийн өмнө буюу 2022 оны 12 дугаар сарын0 4-ний өдөр тус аймгийн Өлгий сумын ** дүгээр цэцэрлэгийн эмчийн ажлаас чөлөөлсөн гэдгийг мэдээгүй. Хавтаст хэрэгт бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Х.Ж-ийн гаргаж өгсөн нотлох баримттай танилцахад мэдсэн. Надад уг тушаалыг гардуулж, танилцуулж байгаагүй тул мэдээгүй. Би жирэмсний амралт авч, ажилд орж ирэхэд эмчийн ажилд томилж ажиллуулахаас татгалзаж өөр ажилд томилсны эс зөвшөөрч гурван талт болон маргаан таслах комисст хандаж байсан.

1.7. М.М- миний бие 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүү Айсултаныг төрүүлсэн бөгөөд хүүхэд маань 3 сартай байхад намайг өөр ажилд үндэслэлгүй шилжүүлэн томилсон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1 дэх хэсэгт зааснаар ажил олгогчийн санаачилгаар цуцлахыг хориглоно гэж заасныг зөрчсөн байна. Өлгий сумын ** дүгээр цэцэрлэгийн эрхлэгч И.А- нь ажилтан М.М- надтай 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр эмч гэх албан тушаалын ажлын байранд Хөдөлмөрийн гэрээ байгуулсан байгаа болно.

1.8. Гэтэл М.М- намайг Өлгий сумын ** дүгээр цэцэрлэгийн эмч гэх албан тушаалаас чөлөөлж, Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай шийдвэр гаргаагүй мөртлөө Өлгий сумын ** дүгээр хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн 2023 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн Ажилд томилох тухай Б/08 дугаартай тушаалаар цэцэрлэгийн бэлтгэгч гэх албан тушаалд давхар томилгоо хийсэн нь хууль тогтоомжид нийцэхгүй байна.

1.9. Улсын Дээд шүүхийн 2006 оны Хөдөлмөрийн хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай 33 дугаар тогтоолын 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэгт Ажилтан мэргэжил, ур чадварын хувьд тэнцэхгүй болсон гэдэг нь эрх бүхий байгууллагын мэргэжил ур чадварын хувьд тухайн албан тушаалд тэнцэхгүй болсныг тогтоосон мэргэжлийн болон аттестатчиллын комиссын дүгнэлт шийдвэр гарсан байхыг ойлгоно. Харин томилогдон ажиллаж байгаа хүнийг боловсролын үнэмлэхгүй, дээд боловсролгүй, гэх шалтгаанаар ажилтныг мэргэжил, ур чадварын хувьд тэнцэхгүй гэх үндэслэлээр Хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болохгүй гэж заасан байдаг.

1.10. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1 дэх хэсэгт зааснаар Өлгий сумын ** дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн 2023 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн Ажилд томилох тухай Б/08 дугаартай тушаалыг хүчингүй болгож, М.М- намайг Өлгий сумын ** дүгээр цэцэрлэгийн эмчийн ажилд эргүүлэн томилж өгнө үү.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзал:

2.1. М.М- нь 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн Б/04 дугаартай тушаалаар тус цэцэрлэгт Цэцэрлэгийн эмч гэх орон тоонд томилогдсон байсан. 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д зааснаар жирэмсний болон амаржсаны амралт авсан юм. Жирэмсний болон амаржсаны амралт дууссаны дараа М.М- нь Цэцэрлэгийн эмчийн орон тоонд ажиллахаар очсон боловч тус цэцэрлэгчийн эрхлэгчээр ажиллаж байсан И.А- нь 2023 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Б/08 дугаартай тушаал гаргаж М.М-г цэцэрлэгийн бэлтгэгчийн албан тушаалд томилсон байв.

2.2. Эмчийн албан тушаалын тодорхойлолтод тавигдах тусгай шаардлагад бакалавр ба түүнээс дээш боловсролын дипломтой байх, бага эмч мэргэжилтэй байх, мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан байх талаар тусгасан байгаа. Албан тушаалын тодорхойлолтын дагуу сувилагч мэргэжилтэй хүн цэцэрлэгийн эмчээр ажиллах шаардлагыг хангахгүй. Эмчийн бүтэц орон тоо нь 2022 оны 02 дугаар сарын 24-ны өдрийн А/**6 дугаартай захирамжийн дагуу батлагдсан. М.М-гийн оронд X.Ж-ийг томилсон байх ба одоо хүртэл ажиллаж байгаа.

2.3. Иймд нэхэмжлэгч М.М-гийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Х.Ж-ийн тайлбар, татгалзал:

3.1. Миний бие Х.Ж- Өлгий сумын ** дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/01 дугаартай тушаалаар тус цэцэрлэгт эмчээр томилогдон ажиллаж байгаа бөгөөд эх баригч бага эмч мэргэжилтэй, мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй. Уг эмчийн ажлын байрны тодорхойлолтод заасан бүх шаардлагыг хангаж байгаа юм. Намайг эмчийн албан тушаалд томилогдох үед эрх бүхий албан тушаалтнаас тухайн орон тоог шинээр баталж, төсөв хөрөнгийг нь цэцэрлэгийн төсөвт суулгаж өгсөн шинээр батлагдсан орон тоо байсан юм.

3.2. Харин нэхэмжлэгч М.М- анх 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр тус цэцэрлэгт эмчийн албан тушаалд томилогдсон байх бөгөөд түүнийг И.А- нь тус цэцэрлэгийн эрхлэгчийн ажлаас чөлөөлөгдөхийн өмнөхөн батлагдсан цалингийн сан, орон тооны хязгаарыг хэтрүүлж, 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр эмч гэх тус цэцэрлэгийн бүтэц орон тоонд огт байдаггүй ажлыг гүйцэтгүүлэхээр тушаал гаргасан байсныг, уг тушаал бодит байдал дээр огт хэрэгжиж байгаагүй болохыг илрүүлж, цэцэрлэгийн эрхлэгч Х.Гү-аас 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн Б/06 тушаалаар хүчингүй болгосон байна. Энэхүү асуудлаар иргэн М.М- тус шүүхэд хандаж, сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээс түүний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож 2022 оны 6 дугаар сарын 22-ны өдөр 604 дугаартай шийдвэр гаргасан ба улмаар уг шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан ч тэрээр өөрөө гомдлоосоо татгалзсан, уг шийдвэр одоо хүртэл хүчин төгөлдөр байгаа. Уг шийдвэр гарсны дараа ч эрхлэгч И.А- түүнийг төсөв мөнгө нь батлагдаагүй ч гэсэн зохицуулж ажиллуулж хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулж байсан байна. Үүний дараа түүнийг 2022 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн Б/17 дугаартай тушаалаар үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байдаг. Харин цэцэрлэгт эмчийн орон тоо 2023 оны 01 дүгээр сараас эхлэн албан ёсоор батлагдсан.

3.3. Уг эмчийн албан тушаалын ажлын байранд бага эмч мэргэжилтэй, эмчлэх эрхтэй мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан хүн ажиллахаар зохицуулсан. М.М-гийн хувьд сувилагч мэргэжилтэй бөгөөд маргаан бүхий албан тушаалд тавигдах мэргэжлийн шаардлагыг хангахгүй юм. Нэхэмжлэгч анх энэхүү эмчийн орон тоонд шүүхээр маргаад нэхэмжлэл нь хэрэгсэхгүй болсон байхад дахин сүүлд өөрийг нь бэлтгэгчийн албан тушаалд томилсон шийдвэрийг хүчингүй болгож, эмчийн албан тушаалд томилуулахыг даалгахаар маргаж байгаа нь үндэслэлгүй юм. Жирэмсний амралттай байх хугацаанд ажлаас чөлөөлсөн гэж маргаж байгаа нь үндэслэлгүй. Анхнаасаа тэрээр батлагдсан бүр орон тоонд ажиллаж байгаагүй учраас энэхүү маргах эрхгүй юм.

3.4. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын улмаас хууль ёсоор Өлгий сумын хүүхдийн ** дүгээр цэцэрлэгийн эмчийн албан тушаалд томилогдон ажиллаж байгаа миний эрх хууль ёсны эрх ашиг сонирхол маань зөрчигдөх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

4. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 130/ШШ2023/00866 дугаар шийдвэрээр 1.Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2, 158.2.2 дахь заалтуудыг тус тус баримтлан хариуцагч Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ** дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн 2023 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн “Ажилд томилох тухай” Б/08 дугаартай тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч М.М-г тус аймгийн Өлгий сумын ** дүгээр цэцэрлэгийн эмчийн ажилд эгүүлэн томилж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч М.М-гийн энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалт, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ** дүгээр цэцэрлэгээс улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг гаргуулан улсын орлого болгож шийдвэрлэжээ.  

 

5. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн давж заалдах гомдлын агуулга:

5.1. Анхан шатны шүүхээс үндэслэх хэсгийн 20 дахь заалтаар ажил олгогчоос хөдөлмөрийн хөдөлмөрийн хугацаагүй гэрээ байгуулж ажиллуулах байнгын орон тоонд хууль зөрчиж хугацаатай гэрээ байгуулан ажиллуулаад, улмаар жирэмсний амралт авч явсны дараа түүний ажлын байрыг хэвээр хадгалах ёстой атлаа түүний оронд өөр хүн томилж байгаа нь хариуцагч буюу ажил олгогчийн эрхийн акт хууль ёсны байх шаардлагыг хангаагүй, ажилтныг өөр ажилд шилжин томилсон шийдвэрийн үндэслэл бодиттой бус, Хөдөлмөрийн хуульд нийцээгүй гэж хууль зүйн дүгнэлт гаргасан явдлыг хүлээн зөвшөөрөхгүй.

5.2. Ажил олгогч нь 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Б/** дугаартай тушаалаар М.М-г ажилд томилох тухай тушаал гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.2-т “ туршилтын хугацаагаар ажиллуулах”, 64 дүгээр зүйлийн 64.1-т “ажил олгогч ажилтныг ажилд авахдаа тухайн ажлын байранд тавигдах шаардлагыг хангах эсэхийг шалгах зорилгоор туршилтын хугацаагаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээ байгуулж болно” гэх заалтыг үндэслэл болгосон байна.

5.3. Мөн хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2-т “ Туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээний хугацаа 3 сараас ирүүгүй байх”     гэх заалтыг хангасан гэж үзэж байна. М.М-г ажлаас чөлөөлөх тухай 2022 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Б/17 дугаартай тушаал гаргахдаа эрхлэгч И.А- нь Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1, 78.1.1-т “талууд харилцан тохиролцсон”, 78.1.3-т” хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж,цаашид сунгагдахгүй болсон”, 79 дүгээр зүйлийн 79.1-т “Хөдөлмөр эрхлэлтийн харилцах ажилтан санаачилж цуцлах эрхтэй” гэж хуульчлагдсан байдлыг тушаалд тодорхой заасан нь хууль зөрчөөгүй эрхийн акт болсон гэж үзэж байна.

5.4. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4-т “ ажил олгогч энэ хуулийн 65.4.2, 78.1.5, 80.1.1, 80.1.2, 80.1.3-т заасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлаагүй тул 30-аас доош хоногийн өмнө хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай М.М-д бичгээр мэдэгдэх шаардлагаа үүсэхгүй хуулийн заалтыг шүүхийн шийдвэрт хэрэглээгүй байна.

5.5. Гомдол гаргагч М.М-д 2022 оны 10 дугаар сард ажил олгогч хөдөлмөрийн гэрээ хийхдээ туршилтын хугацаагаар гэрээ хийгдсэн гэдгийг танилцуулан гарын үсэг зуруулсан байдлыг шүүх анхаарч үзээгүй, туршилтын хугацааны хөдөлмөрийн гэрээнд М.М- өөрөө гарын үсэг зурж баталгаажуулсан явдлыг шүүхээс үнэлээгүй байна.

5.6. М.М-д ажил олгогчоос жирэмсний болон амаржсаны амралт олгох талаар тушаал шийдвэр гаргаагүй байна. М.М-гийн шүүх хуралдааны үед гаргаж өгсөн өөрийн дансны хуулбар нь Нийгмийн даатгалын байгууллагаас олгосон жирэмсний болон амаржсаны тэтгэмж болохоос Өлгий сумын ** дүгээр цэцэрлэгийн данснаас шилжүүлэн олгосон тэтгэмж биш юм. М.М- нь Өлгий сумын ** дүгээр цэцэрлэгт 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 04-ний өдөр хүртэл 3 сар ажилласан ба үүнээс өмнө Нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасагт 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн сувилагчаар дараа нь халдвартын тасагт 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн сувилагчаар ажиллаж байсан байна. Энэ байдал нь Нийгмийн даатгалын байгууллагаас жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрх үүсэхэд нөлөөлсөн асуудалд шүүхээс буруу дүгнэлт хийсэн.

5.7. Мөн гомдол гаргагч М.М-гийн ажиллаж байсан албан тушаалын асуудлын талаар Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 130/ШШ2022/00604 дугаартай шийдвэрээр хууль зүйн дүгнэлт хийж шийдвэрлэсэн байхад 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 130/ШШ2023/00866 дугаартай шийдвэрээр нэг иргэний хэргийн нэг шүүх өөр дүгнэлт хийсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг буруугаар хэрэглэсэн, хоёрдмол утгатай шийдвэр гаргасан гэж үзэж байна.

5.8. Иймд гомдлыг давж заалдах журмаар хянаж, Баян-Өлгий аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн130/ШШ2023/00866 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.

 

6. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн өмгөөлөгч А.Серикжаны давж заалдах гомдлын агуулга:

6.1. Өлгий сумын хүүхдийн ** дүгээр цэцэрлэгийн эмчийн албан тушаалын тодорхойлолтод хүүхдийн бие бялдрын өсөлт, хөгжилт, эрүүл мэндийн байдалд байнгын хяналт тавьж, эрүүл мэндийн асуудлыг бүрэн хариуцах, багш, туслах багш, тогтооч, үйлчлэх ажилтны ажид зөвлөх, туслах, цэцэрлэгийн ариун цэвэр, эрүүл ахуйн нөхцөлд байнга хяналт тавих, хүүхдийн хоолны эрүүл ахуйд хяналт тавьж ажиллах, эрүүлжүүлэх чийрэгжүүлэх ажлын бүрэн хариуцах зэргийг албан тушаалын зорилт болгожээ. Мөн тодорхойлолтын “III.АЛБАН ТУШААЛД ТАВИГДАХ ТУСГАЙ ШААРДЛАГА” гэсний “Мэргэжил” гэсэн хэсэгт “Бага эмч” гэж, “Мэргэшил” гэсэн хэсэгт “Эмчлэх эрхтэй” гэж, “Ур чадвар” гэсэн хэсэгт “Эмчийн рецепт бичих болон ашиглах, өвчнийг урьдчилан сэргийлэх, эмчлэх талаар зөвлөгөө өгөх чадвартай; эмчийн ёс зүй, тангаргийг эрхэмлэн сахидаг;” гэжээ.

6.2. Нэхэмжлэгч М.М-гаас гаргаж өгсөн ЭМШУИС-ийн харьяа Говь-Алтай аймаг дахь Анагаах ухааны коллежоос олгосон гэх №Э201018177 дугаартай бакалаврын диплом болон Эрүүл мэндийн яамнаас олгосон гэх мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн 0023968, 85152 дугаартай гэрчилгээний хуулбаруудаас тус тус үзвэл Мадениет овогтой М- нь сувилагч мэргэжилтэй байна.

6.3. Эрүүл мэндийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3 дугаар зүйлийн 3.1.9-д "эмчлэх" гэж өвчнийг оношлох, эдгэрүүлэх, өвчтөнийг сэргээн засах, өвчлөхөөс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн эмчийн мэргэжлийн цогц үйл ажиллагааг гэж, 3.1.10-д "сувилах- гэж өвчлөхөөс урьдчилан сэргийлэх, өвчнийг эдгэрүүлэх, өвчтөнийг сэргээн засахад чиглэсэн сувилагчийн мэргэжлийн цогц үйл ажиллагааг" гэж заасан байна. Өөрөөр хэлбэл, холбогдох хуульд зааснаар сувилагч мэргэжилтэй хүн өвчнийг оношлох, эдгэрүүлэх, өвчтөнийг сэргээн засах, өвчлөхөөс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн эмчийн мэргэжлийн цогц үйл ажиллагааг эрхлэх эрхгүй байна.

6.4. Хэрэгт цугларсан нотлох баримт Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 130/ШШ2022/00604 дугаартай шийдвэрээр Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн “Бүтэц, орон тоо батлах тухай” А/764 дүгээр захирамж болон Баян-Өлгий аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Баян-Өлгий аймгийн 2021 оны төсөв батлах тухай” 16 дугаар тогтоолоор тус тус Өлгий сумын ** дүгээр цэцэрлэгт нийт 27 ажилтны бүтэц, орон тоо, цалингийн төсвийг баталсан бөгөөд үүнээс хойш ямар нэгэн шийдвэр гараагүй байхад тус цэцэрлэгийн эрхлэгч асан И.А- нь тус цэцэрлэгийн эрхлэгчийн ажлаас чөлөөлөгдөхийн өмнөхөн тус цэцэрлэгийн батлагдсан цалингийн сан, орон тооны хязгаарыг хэтрүүлж, М.М- гэгчийг 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр “эмч” гэх тус цэцэрлэгийн бүтэц орон тоонд огт байдаггүй ажлыг гүйцэтгүүлэхээр тушаал гаргасныг хууль бус гэж дүгнэж. нэхэмжлэгч М.М-гийн эмчийн ажилд эгүүлэн тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

6.5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт "Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж заасан. Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2022 оны 9 дүгээр сарын **-ний өдрийн А/542 дугаар захирамжаар Өлгий сумын хүүхдийн ** дүгээр цэцэрлэгийн бүтэц. орон тоог 34 хүний бүрэлдэхүүнтэйгээр шинэчлэн хавсралтаар баталсан байх бөгөөд уг хавсралтын 10 дугаар мөр хэсэгт “Эмч-1” гэжээ. Гэтэл цэцэрлэгийн эрхлэгч асан И.А- нь 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Б/** дугаартай тушаал гаргаж М.М- гэгчийг тус цэцэрлэгийн “эмч”-ээр ажиллуулах тухай шийдвэр гаргахдаа батлагдсан цалингийн сан, орон тооны хязгаарыг хэтрүүлснээс гадна “сувилагч” мэргэжилтэй хүнд бага насны хүүхдүүдийн амь нас, эрүүл мэндийг даатгасан үйлдэлд эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж хийх ёсгүй үйлдэл хийж бусдад давуу байдал бий болгосон, холбогдох хууль тогтоомжийг маш ноцтойгоор зөрчсөн нөхцөл байдалтай байна.

6.6. Хэргийн **-р талд авагдсан баримтаас үзвэл ажил олгогчоос 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр М.М-тай №916 дугаартай Хөдөлмөрийн гэрээ /хугацаатай/ байгуулсан боловч Өлгий сумын ** дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн 2023 оны 12 дугар сарын 04-ний өдрийн Б/17 дугаартай тушаалаар М.М-г үүрэгт ажлаас нь чөлөөлж шийдвэрлэсэн байх ба хэргийн 60-66 дугаар талд авагдсан нотлох баримтаас үзвэл ажил олгогч /хариуцагч/-оос 2023 оны 5 дугаар сарын 02-ны өдөр нэхэмжлэгч М.М-тай №32 дугаартай хөдөлмөрийн гэрээ байгуулсан байна. Мөн, хэргийн 44 дүгээр талд авагдсан баримтаар ажил олгогчоос 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Х.Ж-тэй №31 дугаартай Хөдөлмөрийн гэрээг байгуулсан байна.

6.7. Анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлээс үзвэл нэхэмжлэгч М.М- нь биеийн байцаалтаа өгөхдөө Өлгий сумын хүүхдийн **-р цэцэрлэгт бэлтгэгч буюу тогоочийн туслахаар ажилладаг гэж, гуравдагч этгээд Х.Ж- тус цэцэрлэгийн эмчээр ажилладаг гэжээ. Энэ нь хариуцагч болон гуравдагч этгээдийн шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байна.

6.8. Хэргийн 30, 39-р талд Өлгий сумын ** дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/01 дугаартай болон 5 дугаар сарын 02-ны өдрийн Б/08 дугаар тушаалууд авагдсан боловч эдгээр хоёр ажилтнуудын цалин олголттой холбоотой нотлох баримт хэрэгт байхгүй байна. Өөрөөр хэлбэл эдгээр ажилтнуудын хэн аль нь хэзээнээс эхэлж уг ажпаа хийж эхэлсэн бөгөөд тухайн ажилд нь тохирсон цалин хөлсийг хэзээнээс эхэлж авч ирснийг тогтоох боломжгүй байна.

6.9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5-д “Зохигч гагцхүү бодит байдалд нийцсэн тайлбар өгөх, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт гаргах үүрэгтэй" гэж мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 дахь хэсэгт “...хэргийн бодит байдлыг тогтооход туслах үүрэгтэй" гэж, мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт “..бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ” гэж, 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт “Зохигчийн шүүхэд гаргасан тайлбар бодит үнэнд нийцсэн байна" гэж тус тус заасан.

6.10. Дээрхээс дүгнэвэл нэхэмжлэгч М.М- нь Өлгий сумын ** цэцэрлэгийн эрхлэгчийн 2023 оны 12 дугар сарын 04-ний өдрийн Б/17 дугаартай тушаал болон хэргийн 60-66 дүгээр талд авагдсан №32 дугаар бүхий хөдөлмөрийн гэрээтэй холбоотой үнэн зөв тайлбар мэдүүлэг өгч байгаа эсэх нь эргэлзээтэй байна. Анхан шатны шүүхээс холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ эдгээр нөхцөл байдлуудыг анхаараагүй байна.

6.**. Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 130/ШШ2023/00866 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.

 

7. Нэхэмжлэгчийн давж заалдах шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

7.1. Миний бие М.М- 2022 оны 01 дүгээр  сарын 28-ны өдөр Өлгий сумын ** дүгээр цэцэрлэгийн эмчийн орон тоонд  бүр тушаалаар томилогдсон. 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр цэцэрлэгийн эрхлэгч нар хоорондоо солигдож ажиллаад манай цэцэрлэгт Өлгий сумын 17 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Х.ГҮ- гэдэг хүн ирээд ажилласан. Тэгээд тухайн эрхлэгч надад “ чамайг бүтэц орон тоо байхгүй байхад ажиллуулаад байгаа юм байна, чи бүтэц орон тоогоо батлуулж ир” гэсэн.

7.2. Үүнээс болж 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөс4 дүгээр сар хүртэл цалингүй ажилласан болохоор шүүхэд хандсан. Гэхдээ ажилд томилох тушаал гарахаас өмнө бүтэц орон тоо баталсан тушаал гарах ёстой гэж миний нэхэмжлэлийг шүүхээс хэрэгсэхгүй болгосон. Тухайн үед би Нэгдсэн эмнэлэгт түр ажиллаж байсан.  Тэр хугацаанд цэцэрлэгийн эрхлэгч нар дахиж солигдоод  өмнө нь ажиллаж байсан эрхлэгч дахиж өөрийн оронд ирж ажилласан.

7.3. Тэгээд намайг 2022 оны 9 дүгээр сарын 01-нд чиний орон тоо хэвээрээ байгаа ирж ажиллаарай гэж дуудсан. Тэгээд 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүртэл ажиллаад жирэмсний амралтад явсан. 2022 оны 12 дугаар сарын 04-ний өдөр ажлаас чөлөөлөх мэдэгдэх хуудсыг надад биш Х.Ж-д мэдэгдсэн байна. Намайг ажлаас чөлөөлсөн хуудсыг Х.Ж-ийн гаргаж өгсөн нотлох баримтуудаас харсан.

7.4. Би 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүүхдээ төрүүлээд 5 дугаар сарын 02-ны өдөр ажилдаа ороход “...чи бэлтгэгчээр түр ажиллаж байгаарай” гэж хэлсэн. Би яагаад тэгэх ёстой вэ гэж асуухад, “... зүгээр түр хугацаанд ажиллаж байгаарай, би өөрөө  ч шүүхээр явж байна” гэж хэлсэн.  Тэгээд бэлтгэгчээр ажиллаж байгаад шүүхэд хандсан.

 

8. Хариуцагч байгууллагын төлөөлөгч давж заалдах шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

8.1. Ажлын байрны тодорхойлолтод зааснаар сувилагч мэргэжилтэй хүн эмчээр ажиллах боломжгүй гэж үзсэн. Гуравдагч этгээд Х.Ж-, нэхэмжлэгч М.М- хоёр одоо өмнө нь ажиллаж байгаа орон тоонд хоёулаа ажиллаж байгаа.

8.2. Өмнөх эрхлэгч М.М-г сувилагч мэргэжилтэй учраас мэргэжил нь таарахгүй гэсэн үндэслэлээр ажлаас гаргасан байна. Гэхдээ жирэмсэн байхад нь ажлаас гаргасан нь буруу гэж үзэж байна. Х.Ж- эмчийн ажлаа хийж байгаа, М.М- бэлтгэгчийн ажил хийж байна. Хүний хувийн ариун цэвэр, биеэ авч явах байдал зэргийг харахад, эргэлзээ төрж байна. Х.Ж-ийн дипломд эх баригч, бага эмч гэж байна. Ажлын байрны тодорхойлолтод бага эмч ажиллаж болно гэсэн байгаа.

 

ХЯНАВАЛ:

 

9. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч М.М-гийн хариуцагч Баян-Өлгий аймгийн Өлгий сумын хүүхдийн ** дугаар цэцэрлэгт холбогдуулан гаргасан “Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ** дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн 2023 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн Ажилд томилох тухай Б/08 дугаартай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан эмчийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай” гомдлоор авч хэлэлцэх хэргийг давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүй, бүхэлд нь хянан үзэхэд, анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангаагүй байна.    

 

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **6 дугаар зүйлийн **6.2 дахь хэсэгт шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэж хуульчилсан. Шүүхийн шийдвэр хууль ёсны байна гэдэгт шүүх хэрэг, маргааны талаар материаллаг болон процессын хэм хэмжээг тэдгээрийн агуулга, зорилгод нийцүүлэн, хуулийн урьдчилсан нөхцөлүүд бодит байдалд бүрдсэн, нийцсэн эсэхэд дүгнэлт хийсний үндсэн дээр оновчтой, зөв тайлбарлаж хэрэглэснийг, харин үндэслэл бүхий байна гэдэгт шүүх хэрэгт хамааралтай бөгөөд хуульд заасан арга хэрэгслээр олж авсан нотлох баримтаар хэргийн үйл баримт, ач холбогдол бүхий бүх нөхцөл байдлыг бүрэн тогтоож, шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, шинжлэн судалсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр хууль зүйн үнэлэлт, дүгнэлт өгсөн байдлыг тус тус ойлгоно.

11. Гэтэл анхан шатны шүүх ажилтан, ажил олгогчийн хооронд үүссэн, ажлаас буруу шилжүүлсэн тухай маргааны үйл баримт, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий зарим нөхцөл байдлыг тодруулаагүйгээс болж эрх зүйн алдаатай дүгнэлт хийж, М.М-гийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай гомдлыг хангаж шийдвэрлэсэн нь хууль ёсны байх шаардлагыг зөрчсөн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.

 

12. Баян-Өлгий аймгийн Өлгий сумын хүүхдийн ** дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн 2023 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн Б/08 дугаартай “Ажилд томилох тухай” тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.2 дахь заалт, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэг, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэг, 49 дүгээр зүйл, 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэг, Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн ** дүгээр зүйлийн **.1.2 дахь заалтыг тус тус үндэслэн тус цэцэрлэгт эмчээр ажиллаж байсан М.М-г бэлтгэгчээр ажилд томилжээ.

 

13. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1 дэх заалтад зааснаар өөр ажилд шилжүүлсэн ажил олгогчийн шийдвэрийг эс зөвшөөрсөн тохиолдолд түүнийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандаж шийдвэрлүүлнэ.

 

Хэрэгт Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2023 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 27 дугаар тэмдэглэл нотлох баримтаар авагдсан хэдий ч нэхэмжлэгч М.М- нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын хүүхдийн ** дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн 2023 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн Б/08 дугаартай “Ажилд томилох тухай” тушаалыг хэдийд хүлээн авч, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хэзээ хандсан эсэх, хорооны шийдвэрийг ямар хугацаанд хүлээж авсан эсэх нь тодорхой бус байна. Өөрөөр хэлбэл хэрэгт цугларсан нотлох баримтаар нэхэмжлэгч М.М- нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1 дэх заалтад заасан хөөн хэлэлцэх хугацааны дотор Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандсан цаг хугацаа тогтоогдоогүй байна.

 

14. Түүнчлэн нэхэмжлэгч М.М- нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2023 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 27 дугаар тэмдэглэлийг хүлээн авсан хугацаа хэрэгт цугларсан баримтаар тогтоогоогүй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8 зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацааны дотор нэхэмжлэгч шүүхэд гомдол гаргасан эсэхэд дүгнэлт хийх боломжгүй нөхцөл байдал үүсжээ.

 

15. Хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлахад нэхэмжлэгч М.М- нь 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр жирэмсний болон амаржсаны амралт авахад Өлгий сумын хүүхдийн ** дүгээр цэцэрлэгт эмчээр ажиллаж байсан эсэх, тус байгууллагаас түүнийг жирэмсний болон амаржсаны амралт эдлүүлэх талаар эрхийн акт гарч байсан  эсэх, тэрээр ямар байгууллагад ажиллаж байгаад жирэмсний болон амаржсаны амралт авсан эсэхийг тодруулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн учир дутагдалтай болжээ.

 

16. Иймд дээр дурдсан үндэслэлээр, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий зарим үйл баримтыг тодруулсны эцэст уг хөдөлмөрийн эрхийн маргааныг эцэслэн шийдвэрлэх нь гомдлоор авч хэлэлцэх хэргийг хянан шийдвэрлэх журамд нийцэх учраас  анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шүүх хуралдаанаас дүгнэв.

 

17. Хэргийг анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр буцаасан тул бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд, түүний өмгөөлөгч А.Серикжаны маргааны үйл баримттай холбогдуулан тус тус гаргасан гомдлуудад давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэлт хийх боломжгүйг дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5.-д заасныг удирдлага болгож,

 

ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 130/ШШ2023/00866 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтаар бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        С.ӨМИРБЕК

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Н.ТУЯА                     

 

ШҮҮГЧ                                                                        Д.КӨБЕШ