Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 130/ШШ2023/00909

 

 

 

 

 

 

 

 

2023 11 10

130/ШШ2023/00909

 

 

 

 

 

         

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Б дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Ж даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: С. Хаяг: Б аймаг, Д  сум, 8 дугаар баг, Бүргэд гэх газарт оршин суух,

 

Хариуцагч: Б аймгийн Х /даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Г /.  Хаяг: Б аймаг, Ө  сум, 5 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зүрхний хиймэл хавхалга тавиулсны үнэ  3,000,000 төгрөг гаргуулахыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч С / цахимаар/

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А ,

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч  Е ,

Орчуулагч Ж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

1.Нэхэмжлэгч С нь хариуцагч Б аймгийн Х газарт холбогдуулан 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдөр зүрхний хагалгаанд орж зүрхний хиймэл хавхалга тавиулсны үнэ 3,000,000 төгрөг гаргуулахыг хүссэн тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1 Миний бие 2017 онд зүрхний өвчнөөр өвдөж У  хотын С  эмнэлэгт шинжилгээ өгч, 2017 оны 7 дугаар сарын 21-ээс 7 дугаар сарын 28-ны өдөр хүртэл хэвтэн эмчлүүлсэн юм. Уг эмнэлгээс таны зүрх маш их өвддөг юм байна, та зүрхний хагалгаанд орохгүй бол болохгүй гэсэн юм. Түүний дагуу 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдөр тус эмнэлгээс зүрхний хагалгаанд орж зүрхний хиймэл хавхалга тавиулсан.

1.2 Хагалгаанд орохдоо нийт 8,000,000 төгрөгийн зардал гарсан ба үүнээс 3,000,000 төгрөгийг зүрхний хавхалганы үнэд төлсөн юм. Тухайн үед  халамжийн сангаас ийм хагалгаа хийлгэсэн хүмүүст 3 сая төгрөг олгодог юм байна. Энэ талаар би саяхан мэдсэн учраас шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа. Өмнө нь 3 сая төгрөгийг халамжийн сангаас гаргаж өгдөг гэдгийг мэдээгүй байсан.

1.3 Би одоо хөгжлийн бэрхшээлтэй,хүний асрамжид байдаг юм. Ахмад настан хүн эмчилгээ хийлгэсэн зардлыг төрөөс буцаан олгохыг саяхан мэдсэн юм. Би хөдөө байдаг учир хууль журмыг сайн мэдэхгүй юм.

1.4 Засгийн газрын 2017 оны 198 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтад Ахмад настанд үйлчилгээ үзүүлэх, дэмжлэг, хөнгөлөлт олгох журам батлан гаргасан ба уг журмын 2 дахь хэсгийн 2-д Ахмад настны тухай хуулийн 8.1.1 дэх хэсэг заасан протез, ортопедийн болон бусад тусгай хэрэгслийн үнийг олгоход Засгийн газраас тогтоосон хэмжээг баримтлан гэж хуульчилсан.

1.5 Засгийн газрын 2017 оны 316 дугаар тогтоолоор нийгмийн халамжийн сангаас олгох протез, ортопедеийн болон бусад тусгай хэрэгслийн жагсаалт, жишиг үнийг баталж тогтоосон юм. Уг тусгай хэрэгслийн жагсаалт, жишиг үнийг тогтоох Засгийн газрын тогтоолын 316-р хавсралтын 18-нд Зүрхний хиймэл хавхалганы  үнийг 3,000,000 төгрөгөөр тогтоосон байдаг юм.

1.6 Мөн Хөгжлийн бэрхшээлтэй хүнд тусламж, хөнгөлөлт үзүүлэх журмын 2.21-д суманд амьдарч байгаа хөгжлийн бэрхшээлтэй хүнд тусгай хэрэгслийн үнийг хөнгөлөлтийг сум, тосгоны Э төвийн ерөнхий эмчийн тодорхойлолтыг үндэслэн олгох талаар, мөн тус журмын 2.22-т сумын Нийгмийн ажилтан нь энэхүү журмын 3.1-3.3-т заасан баримт бичгийг хүлээн авч протез, ортопедеийн болон бусад тусгай хэрэгслийн үнийн хөнгөлөлтийн мөнгийг гэрээ байгуулсан банкаар дамжуулан олгоно гэж тус тус заасан байдаг. Энэ талаар Хөдөлмөр Н Яамд хандсан боловч хууль журмын дагуу нийгмийн халамжийн сангаас аливаа хөнгөлөлт нөхөн олгохгүй болохыг мэдэгдье гэсэн хариу өгсөн билээ.

1.7 Иймд зүрхэнд хиймэл хавхалга хийлгэсэн үнэ 3,000,000 төгрөгийг Б аймгийн Х газраас гаргуулж олгож өгөхийг хүсье гэв.

2.Хариуцагч Б аймгийн Х газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Е ийн хариу тайлбар, татгалзал:

2.1 Нэхэмжлэгч С нь 2017 онд зүрхний хиймэл хавхалга хийлгэсэн байна. Тухайн үед нэхэмжлэгчийн зүгээс хөнгөлөлт авах талаар манай байгууллагад хүсэлт гаргаж байгаагүй.

2.2 2017 онд манай байгууллагаас ортопед протез хийлгэсэн хүмүүст хөнгөлөлт өгдөг байсан ба 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс ортопед протезын хөнгөлөлтийг манай байгууллагаас олгохгүй болсон.

2.3 Мөн ортопед протезын хөнгөлөлтийг ахмад настны хүмүүст, өөрөөр хэлбэл 60 насанд хүрсэн эрэгтэй, 55 насанд хүрсэн эмэгтэй хүнд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгох заалттай. 2017 онд нэхэмжлэгч С нь хуульд заасан ахмад настны хүний насны болзлыг хангахгүй байсан байна.

2.4 Түүнчлэн түүний хөгжлийн бэрхшээлтэй иргэн гэдгийг нотолсон ямар нэгэн нотлох баримт хэрэгт авагдаагүй байна. Тийм учраас нэхэмжлэгч С т зүрхний хиймэл хавхалганы үнэ болох 3,000,000 төгрөгийг олгох боломжгүй ба нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна гэв

3.Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн хамт улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Монгол улсын иргэний үнэмлэх, амбулаторийн карт зэргийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, УБ С  эмнэлгээс олгосон Эмчилгээний төлбөр тооцооны тасалбар хоёр хуудас,Д  сумын ЭМТөвийн даргын 2021.09.29-ний өдрийн 00 дугаартай албан бичгээр олгосон тодорхойлолт, Монгол улсын Э яамны Төрийн нарийн бичгийн дарга Э ийн 2022.06.28-ны өдрийн 00 дугаартай нэхэмжлэгч С т хаягласан албан бичиг, Н ерөнхий газрын бодлогын хэрэгжилт, судалгааны газрын дарга Г  ийн 2022.07.29-ний өдрийн 05/1373 дугаартай Э даатгалын ерөнхий газарт хаягласан албан бичиг, Монгол улсын Х яамны Нийгмийн халамжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын 2022.04.22-ны өдрийн 08/122 дугаартай нэхэмжлэгч С т хаягласан албан бичиг, 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдөр нэхэмжлэгч С ын өмгөөлөгч А тэй байгуулсан 41 дугаартай Иргэний хэрэгт эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт зэргийг нэхэмжлэгчээс,

4.Хариуцагч байгууллагын төлөөлөгчөөс 2023 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 1/203 дугаар албан бичгээр тус байгууллагын хяналт-шинжилгээ үнэлгээ хариуцсан ахлах мэргэжилтэн Е ийг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилсон итгэмжлэл, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт зэргийг тус тус шүүхэд гаргаж өгсөн байна. 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 

5.Шүүхээс хэргийн оролцогчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй  болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

6.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ... Миний бие 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдөр У  хотын С  эмнэлэгт зүрхний хагалгаанд орж зүрхний хиймэл хавхалга тавиулсан. Хагалгаанд орохдоо нийт 8,000,000 төгрөгийн зардал гарсан ба үүнээс 3,000,000 төгрөгийг зүрхний хавхалганы үнэд төлсөн юм. Би одоо хөгжлийн бэрхшээлтэй, хүний асрамжид байдаг юм. Ахмад настан хүн эмчилгээ хийлгэсэн зардлыг төрөөс буцаан олгохыг саяхан мэдсэн юм. Би хөдөө байдаг учир хууль журмыг сайн мэдэхгүй. Мөн Хөгжлийн бэрхшээлтэй хүнд тусламж, хөнгөлөлт үзүүлэх журамд протез, ортопедийн болон бусад тусгай хэрэгслийн  үнийн хөнгөлөлтийн мөнгийг гэрээ байгуулсан банкаар дамжуулан олгоно гэж заасан тул зүрхэнд хиймэл хавхалга хийлгэсэн үнэ 3,000,000 төгрөгийг Б аймгийн Х газраас гаргуулж олгож өгөхийг хүсье гэжээ.

7.Хариуцагч тус аймгийн Х газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Е  нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: ... Нэхэмжлэгч С нь 2017 онд зүрхний хиймэл хавхалга хийлгэсэн ба тухайн үед нэхэмжлэгчийн зүгээс хөнгөлөлт авах талаар манай байгууллагад хүсэлт гаргаж байгаагүй. Мөн ортопед протезын хөнгөлөлтийг ахмад настны хүмүүст, өөрөөр хэлбэл 60 насанд хүрсэн эрэгтэй, 55 насанд хүрсэн эмэгтэй хүнд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгох заалттай боловч  С нь хуульд заасан ахмад настны хүний насны болзлыг хангахгүй. Түүний хөгжлийн бэрхшээлтэй иргэн гэдгийг нотолсон ямар нэгэн нотлох баримт хэрэгт авагдаагүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

8.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

8.1 Нэхэмжлэгч С нь зүрхний хиймэл хавхалга тавиулсны төлбөрийг гаргуулах тухай эрх бүхий байгууллагад өргөдөл гаргаснаар Монгол улсын Э яамны Төрийн нарийн бичгийн дарга Э ийн 2022.06.28-ны өдрийн 0 дугаартай албан бичгээр тухайн асуудлыг харьяалах аймгийн Х т хандана уу гэж, Н ерөнхий газрын бодлогын хэрэгжилт, судалгааны газрын дарга Г  ийн 2022.07.29-ний өдрийн 00 дугаартай албан бичгээр С ын өргөдөл нь манай байгууллагын эрх хэмжээнд хамаарахгүй асуудал гэж үзэж уг өргөдлийг Э даатгалын ерөнхий газарт шилжүүлсэн, мөн Монгол улсын Х яамны Нийгмийн халамжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын 2022.04.22-ны өдрийн 08/122 дугаартай албан бичгээр “...2017 онд нийгмийн халамжийн сангаас ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүнд протез, ортопедийн болон бусад тусгай хэрэгслийн жишиг үнийг олгоход Засгийн газрын 2017 оны 316 дугаар тогтоолыг мөрдөж байсан бөгөөд тогтоолын хавсралтаар баталсан жагсаалтын протезын төрөлд “зүрхний хавхалга” гэж заасан байсан. Харин жагсаалтад “зүрхний пейсмекер” ороогүй байсан тул Б аймгийн Х газрын холбогдох асуудал хариуцсан мэргэжилтэн таны өргөдөл, бүрдүүлсэн эмнэлгийн байгууллагын дүгнэлт, тодорхойлолтыг нягтлан үзээд нийгмийн халамжийн сангаас хөнгөлөлт олгох боломжгүй болохыг тайлбарласан байна. Мөн таны хувьд 2017 онд зүрхэнд пейсмекер тавиулсан болохыг тодорхойлсон сумын МТөвийн эмчийн тодорхойлолт байгаа тул холбогдох хууль, журмын дагуу нийгмийн халамжийн сангаас аливаа хөнгөлөлт нөхөн олгох болохгүй” гэдгийг нэхэмжлэгч С т тус тус мэдэгдэж байсан байна.

8.2 Нэхэмжлэгч С нь 2017 оны 7 дугаар сарын 21-ний өдрөөс 7 дугаар сарын 28-ны өдөр дуустал хугацаанд У  хотын С  эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, улмаар зүрхний хагалгаанд орохдоо зүрхний хиймэл хавхалга бус зүрхэнд пейсмекер тавиулж төлбөрт 8,368,091 төгрөг төлсөн болох нь хэрэгт авагдсан түүний амбулаторийн картад эмчийн бичсэн тэмдэглэл, тус аймгийн Д  сумын ЭМТөвийн даргын 2021 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 154 дугаар албан бичгээр олгосон тодорхойлолт, тус эмнэлгээс олгосон эмчилгээний төлбөр тооцооны тасалбар зэрэг бичгийн нотлох баримтаар тогтоогдсон.

8.3 У  хотын С  эмнэлгийн эмчилгээний төлбөр тооцооны баримтаар 2017.07.21-2017.07.28 ор хоногт өдөр нь 379,000 төгрөгөөр, эмчийн үзлэг 26,950 төгрөг, хоол 54,000 төгрөг, эм 15,875 төгрөг, тариа 103,676 төгрөг, мэдээгүйжүүлэх 28,000 төгрөг, мэс засал 2,000,000 төгрөг, шинжилгээ 405,000 төгрөг, рентген 23,000 төгрөг эмчилгээний материал 5,290,590 төгрөг, ЭХО 42,00 төгрөг, нийт үнэ 8,368,091 төгрөгөөс урьдчилж 5,150,090 төгрөг төлж, тооцооны үлдэгдлээ хувааж 218,000 төгрөг, дараа нь 3,000,000 төгрөгийг тус тус төлсөн тухай бичигдсэн ба тухайн баримтаар нэхэмжлэгч С  нь тус эмнэлэгт мэс засалд орж, төлбөр төлсөн нь тогтоогдож байгаа боловч зүрхний хиймэл хавхалга тавиулсан болох нь тогтоогдохгүй байна.

9.Нэхэмжлэгч С нь нэхэмжлэлийн үндэслэлээ би ахмад болон хөгжлийн бэрхшээлтэй хүн учраас тухайн зүрхний хиймэл хавхлаг тавиулсны зардал болох 3,000,000 төгрөгийг би авах ёстой гэж тайлбарлажээ.

10.Ахмад настны тухай хуулийн  8 дугаар зүйлийн 8.1.1 дэх хэсэгт “хөл, гарын протез, сонсох, харах эрхтний ортопедийн хэрэгсэл, тэргэнцэр худалдан авсан болон дотоодод хийлгэсэн зардлын үнийг таван жилд нэг удаа, шүд /үнэт металлаар хийхээс бусад/-ний протезийн дотоодод хийлгэсэн зардлын үнийг гурван жилд нэг удаа тус тус нийгмийн халамжийн, эсхүл Э даатгалын сангаас нөхөн олгох”-оор мөн Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3 дахь хэсэгт “үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас протез хийлгэх, сэргээн засалттай холбогдсон хөнгөлөлт авах эрх үүсээгүй хөгжлийн бэрхшээлтэй иргэний дотоодод хийлгэсэн протезын үнийг гурван жил тутам нэг удаа нөхөн олгох”-оор тус тус заасан ба уг тусламж, хөнгөлөлтийн хэмжээ, олгох журам, жишиг үнийг Засгийн газар батлахаар хуульчилсан байна.

11.Засгийн газрын 2017 оны 197 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан Ахмад настанд үйлчилгээ үзүүлэх, дэмжлэг, хөнгөлөлт олгох журмын 2.1 дэх хэсэгт Ахмад настны тухай хуулийн 8.1.1-д заасан протез, ортопедийн болон тусгай хэрэгслийн үнийг нөхөн олгоход Засгийн газраас тогтоосон хэмжээг баримтална гэж журамласан бөгөөд мөн газрын 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 316 дугаартай тогтоолоор Нийгмийн халамжийн сангаас олгох протез, ортопедийн болон тусгай хэрэгслийн жагсаалт, жижиг үнийг баталсан ба уг тогтоолын хавсралтын А-3 протезийн бусад хэрэгслийн 18-рт Зүрхний хиймэл хавхалга, жишиг үнэ (төгрөг)-өөр 3,000,000 төгрөг, хамрагдах бүлэг нь ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд авахаар баталсан байжээ.

12.Гэтэл Ахмадын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “Энэ хуулийн үйлчлэлд 60, түүнээс дээш настай эрэгтэй, 55, түүнээс дээш настай эмэгтэй Монгол Улсын иргэн хамаарна” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч С ын Монгол улсын Иргэний үнэмлэхээр 1964 оны 7 дугаар сарын 19-ний өдөр төрсөн байх ба тэрээр зүрхний хагалгаанд орох 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдөр 53 нас 9 хоногтой буюу ахмад настны насанд хүрээгүй байх тул тухайн мөнгийг авах эрх зүйн шаардлага хангаагүй байна.

13.Түүнчлэн нэхэмжлэгч С нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь заалт, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь өөрийн татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй байна.

14.Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 дэх хэсэгт "хөгжлийн бэрхшээлтэй хүн" гэдэгт бие махбодь, оюун санаа, сэтгэл мэдрэл, мэдрэхүйн байнгын согог нь орчны бусад саадтай нийлсний улмаас бусдын адил нийгмийн амьдралд бүрэн дүүрэн, үр дүнтэй оролцох чадвар нь хязгаарлагдсан хүнийг хэлнэ гэж тодорхойлсон бөгөөд нэхэмжлэгчээс өөрийгөө би хөгжлийн бэрхшээлтэй хүн гэж тайлбарлаж байгаа боловч нэхэмжлэгчээс хөгжлийн бэрхшээлтэй хүн эсэх талаарх бичгийн нотлох баримтыг гаргаж өгч нотолж чадаагүй ба энэ нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдохгүй байгаа тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхээс бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 15.Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3,116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

 

1.Ахмад настны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1 дэх хэсэг, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С ын Б аймгийн Х газраас зүрхний хиймэл хавхалга тавиулсны үнэ  3,000,000 төгрөг гаргуулахыг хүссэн тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

5.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              А.Ж