Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 212/МА2024/00009

 

    2024          01          19                                        212/МА2024/00009                                    

 

 

 

С.С-ийн нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

            Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Көбеш даргалж, Ерөнхий шүүгч С.Өмирбек, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй хийж,  

 

тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл даргалж шийдвэрлэсэн, 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 130/ШШ2023/00909 дүгээр шийдвэртэй, нэхэмжлэгч ***** оршин суух М.Х овогт С.С-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний газар /даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч А.Г/-д холбогдох, 

 

“Зүрхний хиймэл хавхалганы үнэ 3,000,000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэж 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.    

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Т.Еркегүл, нэхэмжлэгч С.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Айбек, орчуулагч Б.Жанерке нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн үндэслэл:   

1.1. Миний бие 2017 онд зүрхний өвчнөөр өвдөж, Улаанбаатар хотын Сонгдо эмнэлэгт шинжилгээ өгч, 2017 оны 7 дугаар сарын 21-ээс 7 дугаар сарын 28-ны өдөр хүртэл хэвтэн эмчлүүлсэн. Уг эмнэлгээс таны зүрх маш их өвддөг юм байна, та зүрхний хагалгаанд орохгүй бол болохгүй гэсэн. Түүний дагуу 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдөр тус эмнэлгээс зүрхний хагалгаанд орж зүрхний хиймэл хавхалга тавиулсан.

1.2. Хагалгаанд орохдоо нийт 8,000,000 төгрөгийн зардал гарсан ба үүнээс 3,000,000 төгрөгийг зүрхний хавхалганы үнэнд төлсөн. Тухайн үед халамжийн сангаас ийм хагалгаа хийлгэсэн хүмүүст 3 сая төгрөг олгодог юм байна. Энэ талаар би саяхан мэдсэн учраас шүүхэд нэхэмжлэл гаргасан. Өмнө нь 3 сая төгрөгийг халамжийн сангаас гаргаж өгдөг гэдгийг мэдээгүй байсан.

1.3. Би одоо хөгжлийн бэрхшээлтэй, хүний асрамжид байдаг. Ахмад настан хүн эмчилгээ хийлгэсэн зардлыг төрөөс буцаан олгохыг саяхан мэдсэн. Би хөдөө байдаг учир хууль журмыг сайн мэдэхгүй.

1.4. Засгийн газрын 2017 оны 198 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтад “Ахмад настанд үйлчилгээ үзүүлэх, дэмжлэг, хөнгөлөлт олгох журам” батлан гаргасан ба уг журмын 2 дахь хэсгийн 2-д “Ахмад настны тухай хуулийн 8.1.1 дэх хэсэг заасан протез, ортопедийн болон бусад тусгай хэрэгслийн үнийг олгоход Засгийн газраас тогтоосон хэмжээг баримтална” гэж хуульчилсан.

1.5. Засгийн газрын 2017 оны 316 дугаар тогтоолоор нийгмийн халамжийн сангаас олгох протез, ортопедеийн болон бусад тусгай хэрэгслийн жагсаалт, жишиг үнийг баталж тогтоосон. Уг тусгай хэрэгслийн жагсаалт, жишиг үнийг тогтоох Засгийн газрын тогтоолын 316-р хавсралтын 18-нд Зүрхний хиймэл хавхалганы үнийг 3,000,000 төгрөгөөр тогтоосон байдаг.

1.6. Мөн Хөгжлийн бэрхшээлтэй хүнд тусламж, хөнгөлөлт үзүүлэх журмын 2.21-д “суманд амьдарч байгаа хөгжлийн бэрхшээлтэй хүнд тусгай хэрэгслийн үнийг хөнгөлөлтийг сум, тосгоны Эрүүл мэндийн төвийн ерөнхий эмчийн тодорхойлолтыг үндэслэн олгох” талаар, мөн тус журмын 2.22-т “сумын Нийгмийн ажилтан нь энэхүү журмын 3.1-3.3-т заасан баримт бичгийг хүлээн авч протез, ортопедеийн болон бусад тусгай хэрэгслийн үнийн хөнгөлөлтийн мөнгийг гэрээ байгуулсан банкаар дамжуулан олгоно” гэж тус тус заасан байдаг. Энэ талаар Хөдөлмөр Нийгмийн хамгааллын Яамд хандсан боловч хууль журмын дагуу нийгмийн халамжийн сангаас аливаа хөнгөлөлт нөхөн олгохгүй болохыг мэдэгдье гэсэн хариу өгсөн.

1.7. Иймд зүрхэнд хиймэл хавхалга хийлгэсэн үнэ 3,000,000 төгрөгийг Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, Халамжийн Үйлчилгээний газраас гаргуулж олгож өгөхийг хүсье.

 

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, татгалзал:

2.1. Нэхэмжлэгч С.С нь 2017 онд зүрхний хиймэл хавхалга хийлгэсэн байна. Тухайн үед нэхэмжлэгчийн зүгээс хөнгөлөлт авах талаар манай байгууллагад хүсэлт гаргаж байгаагүй.

2.2. 2017 онд манай байгууллагаас ортопед протез хийлгэсэн хүмүүст хөнгөлөлт өгдөг байсан ба 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс ортопед протезын хөнгөлөлтийг манай байгууллагаас олгохгүй болсон.

2.3. Мөн ортопед протезын хөнгөлөлтийг ахмад настны хүмүүст, өөрөөр хэлбэл 60 насанд хүрсэн эрэгтэй, 55 насанд хүрсэн эмэгтэй хүнд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгох заалттай. 2017 онд нэхэмжлэгч С.С нь хуульд заасан ахмад настны хүний насны болзлыг хангахгүй байсан байна.

2.4. Түүнчлэн түүний хөгжлийн бэрхшээлтэй иргэн гэдгийг нотолсон ямар нэгэн нотлох баримт хэрэгт авагдаагүй байна. Тийм учраас нэхэмжлэгч С.Ст зүрхний хиймэл хавхалганы үнэ болох 3,000,000 төгрөгийг олгох боломжгүй ба нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна.  

 

3. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 130/ШШ2023/00909 дүгээр шийдвэрээр Ахмад настны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1 дэх хэсэг, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С.Сийн Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний газраас зүрхний хиймэл хавхалга тавиулсны үнэ 3,000,000 төгрөг гаргуулахыг хүссэн тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: 

4.1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа хэргийг тал бүрээс нь бүрэн дүгнэж үзээгүй.

4.2. Миний бие С.С нь 2017 онд зүрхний өвчнөөр өвдөж Улаанбаатар хотын Сонгдо эмнэлэгт шинжилгээ өгч, хэвтэн эмчлүүлсэн. Гэтэл тус эмнэлгийн эмч нар таны зүрх маш их өвддөг, та зүрхний хагалгаанд орохгүй бол болохгүй гэсэн. Тэгээд 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдөр тус эмнэлэгт хэвтэж байгаад зүрхний хагалгаанд орж, зүрхэнд хавхалга тавиулсан. Хагалгаанд орохдоо нийт 8.000.000 төгрөгийн зардал гарсан ба үүнээс 3.000.000 төгрөгийг зүрхний хавхалганд өгсөн.

4.3. Би одоо хөгжлийн бэрхшээлтэй, хүний асрамжид байдаг. Ахмад настан хүн эмчилгээ хийлгэсэн зардлыг төрөөс буцаан олгохыг саяхан мэдсэн ба хөдөө байдаг учир хууль журмыг сайн мэдэхгүй.

 

4.4. Засгийн Газрын 2017 оны 198 дугаар тогтоолын 1-р хавсралтад “Ахмад настанд үйлчилгээ үзүүлэх, дэмжлэг, хөнгөлөлт олгох журам” батлан гаргасан байв. Уг журмын 2 дахь хэсгийн 2.-д “Ахмад настны тухай хуулийн 8.1.1-д заасан протез, ортоподезийн болон бусад тусгай хэрэгслийн үнийг олгоход Засгийн Газраас тогтоосон хэмжээг баримтална” гэж хуульчилсан. Мөн Засгийн Газрын 2017 оны 316 дугаар тогтоолоор нийгмийн халамжийн сангаас олгох протез, ортоподезийн болон бусад тусгай хэрэгслийн жагсаалт, жишиг үнийг баталж тогтоосон.

4.5. Уг тусгай хэрэгслийн жагсаалт, жишиг үнийг тогтоох Засгийн Газрын тогтоолын 316-р хавсралтын 18-нд “Зүрхний хиймэл хавлагын үнийг 3.000.000 төгрөгөөр тогтоосон байдаг.

4.6. Мөн Хөгжлийн бэрхшээлтэй хүнд тусламж, хөнгөлөлт үзүүлэх журмын 2.21-нд “суманд амьдарч байгаа хөгжлийн бэрхшээлтэй хүнд тусгай хэрэгслийн үнийн хөнгөлөлтийг сум, тосгоны эрүүл мэндийн төвийн ерөнхий эмчийн тодорхойлолтыг үндэслэн олгох” талаар, мөн тус журмын 2.22-т “Сумын Нийгмийн ажилтан нь энэхүү журмын 3.1-3.3-т заасан баримт бичгийг хүлээн авч протез, ортопедийн болон тусгай хэрэгслийн үнийн хөнгөлөлтийн мөнгийг гэрээ байгуулсан банкаар дамжуулан олгоно” гэж тус тус заасан.

4.7. Энэ талаар тус шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэнд маш их гомдолтой байна.

4.8. Мөн С.С би Улаанбаатар хотоос 2023 оны 12 дугаар сарын 09-ний өдөр ирж, уг шийдвэрийг 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдөр шуудангаас хүлээн авч энэхүү гомдол гаргаж байна. Иймд анхан шатны шүүхийн 2 шийдвэрийг хянаж, өөрчлөлт оруулж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

5. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүйгээр хэргийг бүхэлд нь хянан хэлэлцэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

6. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, хэрэгт цугларсан нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг зөв тогтоосон, нэхэмжлэгчийн тайлбар болон хэрэгт авагдсан хуулийн шаардлага хангасан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг үнэлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан журмыг зөрчөөгүй байх тул шийдвэр мөн хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байна.

 

7. Нэхэмжлэгч С.С нь хариуцагч Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газарт холбогдуулж “Зүрхний хиймэл хавхалганы үнэ 3,000,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэл гаргаж үндэслэлээ “Миний бие 2017 онд зүрхний өвчнөөр өвдөж, ... зүрхний хагалгаанд орж зүрхний хиймэл хавхалга тавиулсан....халамжийн сангаас ийм хагалгаа хийлгэсэн хүмүүст 3,000,000 төгрөг олгодог юм байна. ...Би одоо хөгжлийн бэрхшээлтэй, хүний асрамжид байдаг. Ахмад настан хүн эмчилгээ хийлгэсэн зардлыг төрөөс буцаан олгохыг саяхан мэдсэн” гэж тайлбарлаж, хариуцагч байгууллага нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргасан бөгөөд үндэслэлээ “ортопед протезын хөнгөлөлтийг ахмад настанд, өөрөөр хэлбэл 60 насанд хүрсэн эрэгтэй, 55 насанд хүрсэн эмэгтэй хүнд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгох журамтай. 2017 онд нэхэмжлэгч С.С нь хуульд заасан ахмад настан хүний насны болзлыг хангахгүй байсан. Түүнчлэн түүнийг хөгжлийн бэрхшээлтэй иргэн гэдгийг нотолсон ямар нэгэн  баримт хэрэгт авагдаагүй. Тийм учраас нэхэмжлэгч С.Ст зүрхний хиймэл хавхалганы үнэ болох 3,000,000 төгрөгийг олгох боломжгүй гэж тайлбарлажээ.

 

8. Хавтаст хэрэгт  авагдсан бичгийн нотлох баримтуудаар нэхэмжлэгч С.С нь  2017 оны 7 дугаар сарын 21-ний өдрөөс 7 дугаар сарын 28-ны өдрийг дуустал хугацаанд Улаанбаатар хотын Сонгдо эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, улмаар зүрхний хагалгаанд орж, зүрхэндээ пейсмекер /Зүрхний дээд хэсэгт зүрхний үйл ажиллагааг удирддаг төхөөрөмж/ тавиулж эмчилгээний төлбөрт 8,368,091 төгрөг төлсөн нь тогтоогдсон бөгөөд талууд үүнд маргаагүй.

 

9.  Ахмад настны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1 дэх заалтад хөл, гарын протез, сонсох, харах эрхтний ортопедийн хэрэгсэл, тэргэнцэр худалдан авсан болон дотоодод хийлгэсэн зардлын үнийг таван жилд нэг удаа, шүд /үнэт металлаар хийхээс бусад/-ний протезийн дотоодод хийлгэсэн зардлын үнийг гурван жилд нэг удаа тус тус нийгмийн халамжийн, эсхүл эрүүл мэндийн даатгалын сангаас нөхөн олгохоор, мөн Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3 дахь хэсэгт үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас протез хийлгэх, сэргээн засалттай холбогдсон хөнгөлөлт авах эрх үүсээгүй хөгжлийн бэрхшээлтэй иргэний дотоодод хийлгэсэн протезын үнийг гурван жил тутам нэг удаа нөхөн олгохоор тус тус заасан ба уг тусламж, хөнгөлөлтийн хэмжээ, олгох журам, жишиг үнийг Засгийн газар батлахаар хуульчилжээ. 

 

10. Засгийн газрын 2017 оны 197 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар Ахмад настны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1 дэх заалтад заасан протез, ортопедийн болон тусгай хэрэгслийн үнийг нөхөн олгоход Засгийн газраас тогтоосон хэмжээг баримтлахаар,  2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 316 дугаартай тогтоолын хавсралтаар “Зүрхний хиймэл хавхалга, жишиг үнэ 3,000,000 төгрөг”, “хамрагдах бүлэг нь ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд” байхаар тус тус баталжээ.

 

11. Хууль тогтоомжийн дээрх зохицуулалтаас дүгнэвэл, нэхэмжлэгч С.Ст дээрх хуульд заасан нөхөх олговрыг авах эрх 2017 оны 7 дугаар сарын 21-28-ны өдрийн байдлаар үүсээгүй, уг нөхөх олговрыг авах урьдчилсан нөхцөлүүд бодит байдалд хангагдаагүй байх тул хариуцагчийн хариу тайлбар хууль зүйн үндэслэлтэй, түүний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр нь баталж шийдвэрлэв.

 

12. Шүүхийн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1 дэх хэсэгт заасан үндэслэлүүд тогтоогдоогүй тул нэхэмжлэгч С.Сийн “нэхэмжлэлийг хангаж өгнө үү” гэсэн агуулгатай давж заалдах гомдлыг дээрх үндэслэлүүдээр хангахгүй орхих нь зүйтэй. Хуульд зааснаар түүний давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж төрийн сангийн дансанд хэвээр үлдэнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтыг удирдлага болгож,

 

ТОГТООХ нь:

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 130/ШШ2023/00909 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч С.Сийн  давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалт, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 57.4 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62950 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн”, “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.    

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Д.КӨБЕШ

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Н.ТУЯА

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        С.ӨМИРБЕК