Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 181/ШШ2023/03586

 

 

 

 

 

2023 11 13

181/ШШ2023/03586

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Билгүүн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:  Б ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:  А ХХК -д ехолбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 12,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А оролцож, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Буянхишиг тэмдэглэл хөтлөв. 

/Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.З нь шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасны дагуу түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б ХХК нь хариуцагч А ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 12,500,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

...Б нь А ХХК-тай 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр А/22/039 дүгээр Ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Бид гэрээний дагуу Хан-Уул дүүргийн 2 дугаар хороонд байрлах Астра ривер виев хотхоны В блокны хар шал хийх ажлыг гүйцэтгэж дууссан. 1-8 давхрын ажлыг цаг хугацаандаа хийсэн ба 1-4 давхар тутамд гүйцэтгэсэн ажлаа хүлээлгэн өгч, хөлсөө авч байсан. Захиалагчаас шалтгаалан хугацаа хойшилсны улмаас 9-12 болон техникийн давхрын ажлыг гүйцэтгэх үед хүйтний улирал эхэлсэн. Улмаар алдаа гарах тохиолдол байсан боловч түүнийгээ бид засварлаад явж байсан. Нэгэнт 9-12 болон техникийн давхрын ажлыг хүлээн авсан атлаа хожим нь хийсэн ажил чинь алдаатай байсан гэх шалтаг зааж, хөлс төлөхөөс үндэслэлгүйгээр татгалзсан. Цутгасан шалыг тэгш бус гадаргуутай гэх боловч дээр нь өнгөн тэгшилгээг тэд өөрдсөө хийх ёстой байсан. Гэтэл өнгөн тэгшилгээг хийлгүйгээр шууд пракет шахсан. Зардлаа хэмнэж байгаа юм байна гэж ойлгосон. Бид гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн байхад ажлын хөлс болох 12,500,000 төгрөгийг одоог хүртэл төлөхгүй хохироож байна. ... гэжээ.

 

2. Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, дараах тайлбарыг гаргасан. Үүнд:

...Хан-Уул дүүргийн 2 дугаар хороонд байрлах Астра ривер виев хотхоны В блокны хар шал хийх ажлыг гүйцэтгүүлэхээр Б ХХК-тай 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр А/22/039 дүгээр Ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Б ХХК нь тус барилгын 2-13 давхар хүртэл хар шал цутгасан бөгөөд технологийн алдаатай гүйцэтгэсэн. Манай зүгээс уг алдаатай, дутуу гүйцэтгэсэн ажлыг засварлаж өгнө үү хэмээн удаа дараа мэдэгдсэн боловч засварлаж өгөөгүй. Бид уг алдаатай, дутуу ажлыг өөр компаниар засварлуулж зарим давхрыг бүтэн хуулж, шинээр хийж цаг хугацаа болон эдийн засгийн хувьд хохирсон. Иймд нэхэмжлэлийг үндэслэлгүй гэж үзэж байна. гэжээ.

 

3. Хэргийн оролцогчоос шүүхэд гаргаж өгсөн баримтын тухайд:

 

3.1. Нэхэмжлэгчээс: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Б ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, А ХХК-тай байгуулсан 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн А/22/039 дүгээр Ажил гүйцэтгэх гэрээ, А ХХК-д хүргүүлсэн 2022 оны 12 дугаар сарын 29, 2023 оны 2 дугаар сарын 15-ны өдрүүдийн нэхэмжлэхүүд, гүйцэтгэсэн ажлын тайлан бүхий тайлбар, гэрэл зургийн үзүүлэлтүүд, С.Баяраа, А.Алтантуяа нарт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох шүүхэд төлөөлөх эрх олгосон итгэмжлэл /хх 3-7, 19-21, 28-32, 37/-ийг,

 

3.2. Хариуцагчаас: Б.З т хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох шүүхэд төлөөлөх итгэмжлэл, А ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хувилсан хувь/, хар шал засварлаж цутгасан байдал гэх тайлбар бүхий гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 10-11, 16-18, 36/-ийг тус тус гаргаж өгсөн.

 

3.3. Хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлээгүй болно.

 

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4 дэх хэсгүүдэд заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад,   

 

ҮНДЭСЛЭХ нь:

  1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч Б ХХК нь хариуцагч А ХХК-иас 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр байгуулсан А/22/039 дүгээр Ажил гүйцэтгэх гэрээний дагуу Хан-Уул дүүргийн 2 дугаар хороонд байрлах Астра ривер виев хотхоны В блокны 9-12 давхарт хар шал хийж гүйцэтгэсний ажлын хөлс 12,500,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон.

3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, нэхэмжлэгч хар шал хийхдээ технологийн алдаатай, дутуу гүйцэтгэсэн бөгөөд энэ талаар бид удаа дараа мэдэгдсэн боловч засварлаж өгөөгүй тул эдгээр ажлыг өөр компаниар нөхөн гүйцэтгүүлсэн хэмээн тайлбарлажээ.

4. Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараас үзвэл:

Талуудын хооронд байгуулагдсан 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн А/22/039 дүгээр Ажил гүйцэтгэх гэрээгээр гүйцэтгэгч Б ХХК нь Хан-Уул дүүргийн 2 дугаар хороонд байрлах Астра ривер виев хотхоны В блокны хар шал хийх ажлыг 2022 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн 1 хоногт 1 давхар гүйцэтгэж захиалагчид хүлээлгэн өгөх, захиалагч А ХХК нь шаардагдах бараа материалыг шилжүүлж, 1 м.кв хар шалны ажлыг 9000 төгрөгөөр тооцон ажлын хөлсийг төлөх үүргийг тус тус хүлээсэн байна.

Дээрх гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлж, чөлөөтэй байгуулах эрхийн хүрээнд байгуулагдсан мөн хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ байх ба тэдгээрийн хүсэл зоригийн илэрхийлэл нь 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар, бичгээр байгуулсан гэрээнд хүсэл зоригоо илэрхийлэгч талууд гарын үсэг зурснаар мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт зааснаар гэрээ хүчин төгөлдөр болсон байна.

Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг.

5. Талууд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан болон хариуцагч тал гэрээний дагуу ажил гүйцэтгүүлж, тодорхой үр дүнг хүлээн авсан эсэх, гүйцэтгэсэн ажлын хэмжээ, хугацаа, ажлын хөлсний үлдэгдлийн талаар маргаагүй.

Харин гүйцэтгэсэн ажлын үр дүн доголдолтой байсан эсэх асуудлаар маргаж байна.

 

6. Гүйцэтгэсэн ажлын үр дүн доголдолтой тохиолдолд захиалагч нь доголдлыг арилгуулах, эсхүл ажлыг шинээр гүйцэтгүүлэх, доголдлыг өөрөө арилгасан бол гарсан зардлаа нөхөн төлүүлэх, доголдлын улмаас үнэ буурсан хэмжээнд хувь тэнцүүлэн төлбөл зохих хөлсийг бууруулах зэрэг Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2 дахь хэсэгт заасан шаардлагын аль нэгийг мөн хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1 дэх хэсэгт заасан хугацааны дотор гүйцэтгэгчид гаргах эрх бий.

Хариуцагчийн зүгээс ийнхүү шаардлага гаргасан гэх нөхцөл байдал тогтоогдоогүйн гадна, нэхэмжлэгч хар шал хийхдээ технологийн алдаатай, дутуу гүйцэтгэсэн бөгөөд энэ талаар бид удаа дараа мэдэгдсэн боловч засварлаж өгөөгүй тул эдгээр ажлыг өөр компаниар нөхөн гүйцэтгүүлсэн хэмээх тайлбараа нотлох, түүнтэй холбоотой нотлох баримтыг гаргаж өгөх, цуглуулах талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан үүргээ биелүүлээгүй гэж үзэв.

 

7. Хэргийн баримтаар хариуцагч нь ажлын хөлсний үлдэгдэл болох 12,500,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул төлөгдөөгүй гэж дүгнэв.

 

Нэхэмжлэгч нь ажил гүйцэтгэх гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлын үр дүнг Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1, 343 дугаар зүйлийн 343.3 дахь хэсэгт заасны дагуу хүлээлгэн өгснийг хариуцагч үгүйсгээгүй тул мөн хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.1-д заасан ажлын үр дүнг хүлээн авмагц зохих журмын дагуу хөлс төлөх үүргээ биелүүлэхийг хариуцагчаас шаардах эрхтэй.

 

Иймээс шүүх ажлын хөлсний үлдэгдлийг хариуцагч төлөхгүй байх хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж, нэхэмжлэгчийн шаардлагаар хариуцагчаас 12,500,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.

8. Ийнхүү шийдвэрлэсэнтэй холбогдуулан улсын тэмдэгтийн хураамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасанд нийцүүлэн хуваарилав.

9. Шүүх хуралдаан хэзээ, хаана болохыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.З т мэдэгдсэн бөгөөд тэрээр шүүх хуралдааны тов мэдэгдэх хуудас /Баримт №9/-тай танилцаад гарын үсгээ зурж баталгаажуулжээ.

Гэвч товлон зарласан шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүйд хүндэтгэх шалтгаан тогтоогдоогүй, шүүх хуралдааныг хойшлуулах талаар хүсэлт /баримт/ ирүүлээгүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасны дагуу түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 351 дүгээр зүйлийн 351.1.1-д заасныг баримтлан хариуцагч А ХХК-иас 12,500,000 /арван хоёр сая таван зуун мянга/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б ХХК-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 214,950 /хоёр зуун арван дөрвөн мянга есөн зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 214,950 /хоёр зуун арван дөрвөн мянга есөн зуун тавь/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсгүүдэд зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй явдал давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БИЛГҮҮН