Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 210/МА2024/00241

 

“Б-” ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч М.Баясгалан, Ерөнхий шүүгч Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 181/ШШ2023/03586 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч “Б-” ХХК-ийн  нэхэмжлэлтэй хариуцагч “А-” ХХК-д холбогдуулан гаргасан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 12,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, Ерөнхий шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.З, хариуцагчийн өмгөөлөгч Р.Ч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Солонго нар оролцов.

               ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: “...“Б-” ХХК нь “А-” ХХК-тай 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр А/22/039 дугаар “Ажил гүйцэтгэх гэрээ” байгуулсан. Бид гэрээний дагуу Хан-Уул дүүргийн 2 дугаар хороонд байрлах “Астра ривер виев” хотхоны В блокны хар шал хийх ажлыг гүйцэтгэж дууссан. 1-8 давхрын ажлыг цаг хугацаандаа хийсэн ба 1-4 давхар тутамд гүйцэтгэсэн ажлаа хүлээлгэн өгч, хөлсөө авч байсан. Захиалагчаас шалтгаалан хугацаа хойшилсны улмаас 9-12 болон техникийн давхрын ажлыг гүйцэтгэх үед хүйтний улирал эхэлсэн. Улмаар алдаа гарах тохиолдол байсан боловч түүнийгээ бид засварлаад явж байсан. Нэгэнт 9-12 болон техникийн давхрын ажлыг хүлээн авсан атлаа хожим нь хийсэн ажил чинь алдаатай байсан гэх шалтаг зааж, хөлс төлөхөөс үндэслэлгүйгээр татгалзсан. Цутгасан шалыг тэгш бус гадаргуутай гэх боловч дээр нь өнгөн тэгшилгээг тэд өөрдсөө хийх ёстой байсан. Гэтэл өнгөн тэгшилгээг хийлгүйгээр шууд пракет шахсан. Зардлаа хэмнэж байгаа юм байна гэж ойлгосон. Бид гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн байхад ажлын хөлс болох 12,500,000 төгрөгийг одоог хүртэл төлөхгүй хохироож байна...” гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар татгалзлын агуулга: “...Хан-Уул дүүргийн 2 дугаар хороонд байрлах “Астра ривер виев” хотхоны В блокны хар шал хийх ажлыг гүйцэтгүүлэхээр “Б-” ХХК-тай 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр А/22/039 дугаартай “Ажил гүйцэтгэх гэрээ” байгуулсан. “Б-” ХХК нь тус барилгын 2-13 давхар хүртэл хар шал цутгасан бөгөөд технологийн алдаатай гүйцэтгэсэн. Манай зүгээс уг алдаатай, дутуу гүйцэтгэсэн ажлыг засварлаж өгнө үү хэмээн удаа дараа мэдэгдсэн боловч засварлаж өгөөгүй. Бид уг алдаатай, дутуу ажлыг өөр компаниар засварлуулж зарим давхрыг бүтэн хуулж, шинээр хийж цаг хугацаа болон эдийн засгийн хувьд хохирсон. Иймд нэхэмжлэлийг үндэслэлгүй гэж үзэж байна” гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 351 дүгээр зүйлийн 351.1.1-д заасныг баримтлан хариуцагч “А-” ХХК-аас 12,500,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Б-” ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 214,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 214,950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: “...“Б-” ХХК нь барилгын 9-12 давхар, техникийн давхарын хар шал цутгасан бөгөөд технологийн алдаатай гүйцэтгэсэн. Манай компанийн зүгээс удаа дараа дутуу гүйцэтгэсэн ажлыг засварлаж өгөхийг мэдэгдсэн боловч янзлаагүй. Уг дутуу ажлыг бид өөр компаниар хийж гүйцэтгүүлсэн бөгөөд цаг хугацаа, эдийн засгийн хувьд хохирсон. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү...гэжээ.

5.Нэхэмжлэгч тал давж заалдах гомдолд тайлбар гаргаагүй болно.

 

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад түүний гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч “Б-” ХХК нь хариуцагч “А-” ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 12,500,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу үнэлж, маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв тогтоосон байна.

4. Талууд 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч “Б-” ХХК нь Хан-Уул дүүргийн 2 дугаар хороонд байрлах “Астра ривер виев” хотхоны В блокны хар шал хийх ажлыг гүйцэтгэж захиалагчид хүлээлгэн өгөх, захиалагч “А-” ХХК нь ажлын хөлсийг төлөх үүргийг тус тус хүлээсэн болох нь талуудын тайлбар, ажил гүйцэтгэх гэрээ зэрэг нотлох баримтаар тогтоогджээ. /хх-ийн 4-5-р тал/. Улмаар талууд гэрээнд заасан ажил үйлчилгээг хүлээлцсэн талаар талуудын хэн аль нь тайлбарласан.  

4.а.Анхан шатны шүүх талуудын байгуулсан гэрээг Иргэний хуулийн 343 дүгээр зүйлийн 343.1 дэх хэсэгт заасанд нийцсэн, хүчин төгөлдөр гэрээ болох талаар зөв дүгнэсэн байна.

4.б.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан тул нэхэмжлэгч “Б-” ХХК нь гүйцэтгэсэн ажлын хөлсийг хариуцагч “А-” ХХК-аас шаардах эрхтэй.

4.в.Хариуцагч татгалзал болон давж заалдах гомдолдоо нэхэмжлэгч “Б-” ХХК нь гэрээнд заасан ажил үйлчилгээг доголдолтой гүйцэтгэсэн, энэ талаар нэхэмжлэгчид мэдэгдсэн боловч доголдлыг арилгах арга хэмжээ аваагүй гэжээ.

4.г.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар зохигч шаардлага, татгалзлын үндэслэлээ баримтаар нотлох үүрэгтэй. Хариуцагч “А-” ХХК-ийн хувьд нэхэмжлэгч компанийн хийж гүйцэтгэсэн ажил доголдолтой байсныг дээрх хуульд зааснаар нотолж чадаагүй байх тул энэ талаарх хариуцагч талын давж заалдах гомдлыг хангах боломжгүй.

Өөрөөр хэлбэл, шийдвэрийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргадаг бөгөөд хариуцагчийн хувьд өөрийн татгалзлыг нотолсон баримтыг шүүхэд гаргаагүй байна. Анхан шатны шүүх зохигчийн тайлбар, ажил гүйцэтгэх гэрээ зэргийг харьцуулан дүгнэж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэснийг буруутгах хуулийн үндэслэл тогтоогдсонгүй.

 

5.Иймд хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн                  167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 181/ШШ2023/03586 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас төлсөн 214,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Э.ЗОЛЗАЯА

 

                                                ШҮҮГЧ                               М.БАЯСГАЛАН

 

                             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Г.ДАВААДОРЖ