Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 102/ШШ2023/01900

 

 

 

 

 

2023 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 102/ШШ2023/01900

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Е ХХК

 

Хариуцагч:З.А

 

Нэхэмжлэлийн шаардлага: 1,528,154 төгрөг гаргуулах

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: 300,000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогч:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнгөнсаран

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Хариуцагч З.Ад холбогдох нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нэхэмжлэгч дараах байдлаар тайлбарласан. Үүнд:

Нэхэмжлэгч З.А нь 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр манай компанид түгээлтийн жолоочийн ажилд туршилтаар ажиллаж байгаад 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр үндсэн ажилтнаар томилогдон ажилласан. Ингэхдээ З.А нь өөрийн өмчлөлийн автомашиныг албаны хэрэгцээнд ашиглуулах буюу өөрөө хувийн машинаараа ажил хийхээр тохирсон байсан. Харин байгууллагын зүгээс автомашины элэгдэл хорогдолд нь сар бүр 50,000 төгрөгийг нэмж олгохоор амаар тохиролцсон байсан юм.

Ингээд З.А нь 2022 оны 01 дүгээр сард ...автомашин эвдэрсэн гээд элэгдэл хорогдлын тухайн жилд авах ёстой мөнгөө нэг дор авах хүсэлтийг гаргасан бөгөөд түүний хүсэлтээр нийтдээ 550,000 төгрөгийг тухайн жилийнх нь элэгдэл хорогдлын мөнгөнд тооцон олгосон. Үүний дараа тэрээр дахин ...машин эвдэрсэн гээд компаниас элэгдэл хорогдлын мөнгө хүсэхэд олгоогүй. Харин компаниас хүсэлтийг нь дахин харгалзан үзээд сар бүр 333,333 төгрөгөөр эргэн төлөх нөхцөлтэй-гөөр 6 сарын хугацаатай 2,000,000 төгрөгийг зээлсэн. Уг мөнгийг талууд хариуцагчийн цалингаас суутгаж байхаар тохиролцсон. Ингээд эхний суутгал болоход З.А маргаан үүсгэж тус мөнгийг төлөхгүй гэж өөрийн хүсэлтээр ажлаас гарах өргөдөл өгч ажлаасаа гарсан юм.

Дээрх байдлаар хариуцагч З.А нь манай компаниас нийт 2,550,000 төгрөгийг авсан бөгөөд уг мөнгөнөөс 1,021,846 төгрөгийг буцаан төлсөн. Одоо үлдэх 1,528,154 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилж байна. Бид анх шүүхэд хандахдаа буруу тооцоолол хийж нэхэмжлэлийн үнийн дүнг 1,569,150 төгрөг гэж буруу бичсэн. Шүүх хуралдаанд 1,528,154 төгрөгийг хариуцагчаас гаргуулах шаардлагаа дэмжиж оролцож байна. Ер нь бол хариуцагчаас 1,200,000 төгрөгийг гаргуулан авахад ямар нэг гомдол саналгүй байж болно, энэ хэмжээгээр эвлэрэх боломжтой гэжээ.

 

2. Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Тус компани нь миний эд хөрөнгө болон цалингаар хохироогоод зогсохгүй ажлаас үндэслэлгүй халсан. З.А нь нэхэмжлэгч компанитай ...машинаа өөрөө гарган үйлчилгээнд явна гэж гэрээгээр тохирсон. Хариуцагч нь нэхэмжлэгчээс нийт 2,550,000 төгрөгийг хүлээн авсан болон нэхэмжлэгчийн хэлсэн 1,528,154 төгрөгийн тооцоолол дээр маргаангүй. Хариуцагч нь нэхэмжлэгчийн ажлыг хийж яваад өөрийн автомашиныг эвдэлсэн ба нийт 2,850,000 төгрөгөөр засуулсан гэжээ.

 

3. Нэхэмжлэгч Е ХХК-д холбогдох сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ хариуцагч дараах байдлаар тайлбарласан. Үүнд: З.А миний бие 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр ЕЕ ХХК-ийн түгээлтийн жолоочийн албан тушаалд томилогдож улмаар 1 жилийн хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Компанийн зүгээс өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслээр эмийн бүтээгдэхүүн түгээхийг шаардсан. Хариуцагч өөрийн Тоёота естима маркийн, 53-01УБН улсын дугаартай тээврийн хэрэгслийг компанийн эм түгээлтийн ажилд бүрэн ашиглаж, ажил үүргээ гүйцэтгэж байхад буюу 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр машины мотор цохиж эвдэрсэн. Тэр даруй дэд захирал Ц.Амаржаргал руу утсаар ярьж энэ тухайгаа хэлэхэд тэрээр ...иймэрхүү асуудлыг үйл ажиллагааны менежертэй ярь гэсэн. Үйл ажиллагааны менежертэй ярих гэтэл тэрээр утсаар аваагүй. Тэгэхээр нь Ерөнхий захирал н.Цогттуяатай ярихад ...машинаа хоёр хоногийн дотор яаралтай засуул. Амжихгүй бол хүний машин ч хамаагүй гуйж ирээд ажлаа хийнэ шүү гэж хэлсэн. Аргагүйн эрхэнд машиныхаа моторыг нийт 2,850,000 төгрөгөөр яаралтай засуулсан. Засварын төлбөрийг машины элэгдэл, хорогдлын мөнгөө урьдчилан тооцуулж компаниас 550,000 төгрөг авсан, өөрийн нагац ах Ш.Э-оос 2,000,000 төгрөг зээлсэн, үлдэгдэл 300,000 төгрөгийг өөрөөсөө гаргасан. Ингээд ерөнхий захирал н.Цогттуяагийн өгсөн үүрэг даалгаврын дагуу машинаа 2 өдрийн дотор засаж ажилд оруулсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.6 дахь хэсэгт ажилтныг ажлаас хангаж, ажил үүргээ гүйцэтгэхэд нь шаардлагатай тоног төхөөрөмж багаж хэрэгсэл, баримт бичиг бусад зүйлээр хангах, зааварчилгаа өгөх үүрэгтэй гэж, мөн хуулийн 126 дугаар зүйлд ажил олгогч ажилтыг ажил үүргээ гүйцэтгэхэд нь шаардлагатай багаж хэрэгслээр хангаагүйгээс ажилтан хувийн багаж хэрэгсэл, эд зүйлээ ашигласан, эсхүл ажилтны багаж хэрэгсэл, эд зүйлийг хэрэглэхээр харилцан тохиролцсон бол ажил олгогч гарах зардлыг нөхөн төлнө гэж тус тус заасан. Иймд хариуцагчаас тээврийн хэрэгслийн засвар, үйлчилгээний зардал болох 2,000,000 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийг анх гаргасан. Хариуцагч нь нэхэмжлэгчээс нийт 2,550,000 төгрөгийг хүлээн авсан. Харин тэрээр өөрийн автомашиныг нийт 2,850,000 төгрөгөөр засуулсан. Хариуцагч анх 2,000,000 төгрөгийг нэхэмжилсэн боловч шүүх хуралдаанд сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хэмжээгээ 300,000 төгрөг /2,850,000-2,550,000/ болгон багасгаж байна гэжээ.

 

4. Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: З.А нь Еврофарм фармаси ХХК-д 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрөөс туршилтын хугацаагаар ажиллаж байсан. Ингэхдээ өөрийн эзэмшлийн Тоёота естима маркийн 53-01 УБН улсын дугаартай тээврийн хэрэгслийг албаны хэрэгцээнд ашиглахаар, байгууллага сар бүр 50,000 төгрөг нэмж олгож байхаар тохиролцсон. З.А нь өөрийнхөө автомашины бүрэн бүтэн байдлыг шалгах үүрэгтэй. Гэтэл тэрээр өөрийн автомашины тосыг нь солиогүйгээс болж автомашины мотор нь цохиж эвдэрсэн. З.А нь автомашины асуудлаа шийдвэрлэж өгөхийг байгууллагаас хүссэн, шийдэж өгөхгүй бол ажлаасаа гарна гэдгээ өөрөө илэрхийлж байсан. Ингээд байгууллагын зүгээс З.Ад сар бүр олгох 50,000 төгрөгийг 1 жилийн хугацаагаар нийт 550,000 төгрөгийг олгосон. Мөн цаашид тасралтгүй ажиллана гэж найдаад бид зээл олгож, сар бүр суутгуулж болохыг хэлсэн. Үүнийг хариуцагч З.А өөрөө зөвшөөрч, байгууллагаас 2,000,000 төгрөгийн зээл авч сар бүр цалингаасаа 333,333 төгрөг суутгуулахаар, 6 сарын хугацаатай байхаар тохирсон боловч эхний суутгал дээр маргаан үүсгэсэн. Тодруулбал, тэрээр автомашиныг компани засаж өгөх үүрэгтэй, хүчээр автомашинаар минь ажил хийлгэсэн гэх зэргээр маргаан үүсгэж халагдах өргөдлөө өгч ажлаас гарсан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс Zangia.mn сайтад үзлэг хийлгэсэн. Үзлэгээр 2021 оны 11 дүгээр сарын нээлттэй ажлын байрны зард Еврофарм фармаси ХХК-иас Түгээлтийн жолооч ажилд авна, ажлын байранд тавигдах шаардлагад хувьдаа автомашинтай байх гэсэн шаардлага тавьсан байсан нь тогтоогдсон. З.А энэ шаардлагыг хангаж ажилд орохоор горилж туршилтын хугацаагаар анх ажилд ороод 1 сар ажиллаад өөрөө жинхэлж өгөөч гэсэн хүсэлтээ гаргасныг бид хүлээн авч түүнийг ажлын байраар хангасан. Түүнд сар бүр цалин дээр нь нэмж элэгдэл, хорогдлын 50,000 төгрөг болон 7 хоногт түлшинд 400,000 орчим төгрөгийг өгч ажиллуулж байсан. Байгууллагын зүгээс өөрийн тээврийн хэрэгслээр ажил үүрэг гүйцэтгэхийг шаардаж шахсан зүйл огт байхгүй болно. Мөн З.А 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн №17 дугаартай хөдөлмөрийн гэрээ, түүнд тусгагдсан эрх үүрэгтэйгээ танилцан гарын үсэг зурснаар гэрээ хүчин төгөлдөр болсон. Хариуцагчийн тайлбарлаж буй тоног төхөөрөмж гэдэгт материаллаг бүрэлдэхүүн хэсгүүдийг ойлгох ба ажлын багаж хэрэгсэл гэдэгт тээврийн хэрэгсэл багтахгүй юм. Иймд бид харилцан зөвшилцсөний үндсэн дээр өөрийнх нь саналыг хүлээн авч түүнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулсан бөгөөд хариуцагч өөрийнхөө тээврийн хэрэгслээр ажил үүргээ гүйцэтгэхийг шаардсан тухай үндэслэлгүй тайлбар гаргаж байна. Бид харин ч автомашины элэгдэл, хорогдолд нөхөн төлбөрийг өгдөг ба түгээлтийн жолооч нь өөрөө автомашины бүрэн бүтэн байдлыг ханган ажиллах үүрэгтэй. Ийм учраас сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Нэхэмжлэгчийн зүгээс дараах нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: компанийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх 4/, шүүхэд төлөөлөх итгэмжлэл /хх 5/, ажил сонирхогчийн анкетын хуулбар /хх 6-8/, 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 135 тоот З.Аийг ажилд авах тухай тушаалын хуулбар /хх 9, 50/, ажлын байрны тодорхойлолтын хуулбар /хх 10-12, 47-49/, Хөдөлмөрийн гэрээний хуулбар /хх 13-19, 22-28, 52-53/, 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 01/17 тоот З.А-ийг үндсэн ажилтанаар ажиллуулах тухай тушаалын хуулбар /хх 20, 51/, З.А-ийн өргөдлийн хуулбар /хх 21, 30, 32,, 38/, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх 29/, Хаан банкны шилжүүлгийн баримт /хх 31, 33/, З.А-ийн гомдлын хуулбар /хх 34/, 2022 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн №13 тоот хурлын протоколын хуулбар /хх 35-36/, 2022 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 01/28 тоот З.Аийг ажлаас чөлөөлөх тухай тушаалын хуулбар /хх 37/, харилцагчийн гүйлгээний дэлгэрэнгүй тайлан /хх 39-40/, Эд хөрөнгийн бүрэн харилцагын тухай гэрээний хуулбар /хх 45-46, 54-55/, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 182/ШЗ2022/03488 дугаар Иргэний хэрэг үүсгэх тухай захирамжийн хуулбар /хх 85/, НӨАТ-ын барим /хх 10-114, 116-121/, жолоочийн замын хуудас /хх 115, 122/ Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 182/ШШ2022/02587 дугаар шийдвэрийн хуулбар /хх 139-142/.

 

6. Хариуцагчийн зүгээс дараах нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: 2022 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 01/28 тоот З.А-ийг ажлаас чөлөөлөх тухай тушаалын хуулбар /хх 70/, А.Зоригтын Худалдаа хөгжлийн банк дахь харилцах дансны хуулга /хх 71-72/, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх 73, 106/, Е ХХК-д гаргасан өргөдөл /хх 74-76/, Хөдөлмөрийн гэрээний хуулбар /хх 77-80, 102-105/, З.А-ийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа /хх 81/, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 182/ШЗ2022/07471 дүгээр Нотлох баримт гаргуулахаар шүүх хуралдааныг хойшлуулах тухай захирамжийн хуулбар /хх 99-101/, жолоочийн замын хуудас /хх 130/, НӨАТ-ын баримт /хх 131/, Хаан банк ХХК-ийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх 168-170/, Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх 171/.

 

7. Нэхэмжлэгчийн хүсэлтээр дараах нотлох баримтыг шүүхийн зүгээс бүрдүүлсэн. Үүнд: Зангиа.мн /zangia.mn/ цахим хаяг үзлэг хийсэн үзлэгийн тэмдэглэл, хавсралт /хх 127-129/.

 

8. Хариуцагчийн хүсэлтээр дараах нотлох баримтыг шүүхийн зүгээс бүрдүүлсэн. Үүнд: З.А-ийн цалингийн дэлгэрэнгүй тооцоо /хх 196-197/, Д.Д-оос гэрчийн мэдүүлэг авсан.

 

9. Шүүхийн зүгээс дараах нотлох баримтыг бүрдүүлсэн. Үүнд: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 135 тоот албан бичиг, хавсралт /хх 148-163 /.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэг. Үндсэн нэхэмжлэл:

 

З.А нь хариуцагч Е ХХК-д холбогдуулж урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, ажилласан хугацааны цалинд 400,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гарган Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан.

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс З.А-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон. Харин давж заалдах шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 210/ма2022/01957 тоот магадлалаар ...З.А ...ажлаас чөлөөлөгдөх хүртэл хугацаанд ажилласан гэсэн үндэслэлээр түүнд ажилласан хугацааных нь цалинг олгож, түүний гомдлыг хэсэгчлэн хангасан ба шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болжээ.

 

Хариуцагч З.А-ээс 1,528,154 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн үндэслэлээ Е ХХК нь ...З.А нь манай компанид түгээлтийн жолоочоор ажиллаж байхдаа өөрийн автомашинаа засварлуулахаар 2,000,000 төгрөгийг зээлж авсан. Уг зээлийг 6 сарын сарын хугацаанд, сар бүр 333,333 төгрөгөөр төлөхөөр, төлбөрийг цалингаасаа суутгуулахаар тохиролцсон. Гэвч зээлээ буцаан төлөхгүй байгаа тул 1,528,154 төгрөгийг нэхэмжилнэ, ...хариуцагч З.Ад манай компаниас элэгдэл хорогдлын мөнгө 550,000 төгрөг /түүний хүсэлтээр нэг жилийн элэгдэл хорогдлын мөнгийг урьдчилж өгсөн/ зээл 2,000,000 төгрөг, нийт 2,550,000 төгрөгийг өгсөн. Хариуцагч нь уг төлбөрөөс 1,021,846 төгрөгийг буцаан төлснийг хасч тооцсон гэж тайлбарлав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4, 120 дугаар зүйлийн 120.4.-т зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нотлохгүй ба зохигч болон хэргийн бусад оролцогч шүүхээс нэгэнт тогтоогдсон үйл баримт, эрх зүйн харилцааны талаар маргах эрхгүй.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 210/ма2022/01957 тоот магадлалд ...З нь 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хариуцагч байгууллагад дахин өргөдөл гаргаж, 2,000,000 төгрөгийн мөнгөн тусламж үзүүлэхийг хүсч, сар бүр цалингаасаа суутгуулахыг зөвшөөрсөн, хариуцагч уг зээлийг олгосон байна гэж тусгагджээ.

 

Дээрх байдлаар Е ХХК-ийн ...хариуцагч зээл авсан ч буцаан төлөөгүй гэх тайлбар нотлогдож байх тул Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасны дагуу хариуцагчаас зээлийн төлбөр шаардах эрх нэхэмжлэгчид үүссэн.

 

Харин нэхэмжлэгчийн ...ер нь бол хариуцагчаас 1,200,000 төгрөгийг гаргуулан авахад ямар нэг гомдол саналгүй байж болно, энэ хэмжээгээр эвлэрэх боломжтой гэсэн тайлбарыг үндэслээд З.Аээс 1,200,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

Хоёр. Сөрөг нэхэмжлэл:

Е ХХК-д холбогдуулж гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ З.А ...Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.6 дахь хэсэгт ажилтныг ажлаас хангаж, ажил үүргээ гүйцэтгэхэд нь шаардлагатай тоног төхөөрөмж багаж хэрэгсэл, баримт бичиг бусад зүйлээр хангах, зааварчилгаа өгөх үүрэгтэй гэж, мөн хуулийн 126 дугаар зүйлд ажил олгогч ажилтыг ажил үүргээ гүйцэтгэхэд нь шаардлагатай багаж хэрэгслээр хангаагүйгээс ажилтан хувийн багаж хэрэгсэл, эд зүйлээ ашигласан, эсхүл ажилтны багаж хэрэгсэл, эд зүйлийг хэрэглэхээр харилцан тохиролцсон бол ажил олгогч гарах зардлыг нөхөн төлнө гэж тус тус заасан. З.А нь өөрийн автомашиныг компанийн хэрэгцээнд зориулан ашиглах явцад тухайн автомашинд эвдрэл гарсан. Уг эвдрэлийг засварлуулахад гарсан зардлаа нэхэмжилнэ гэж тайлбарласан.

 

Харин шүүх хуралдаанд хариуцагч нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хэмжээгээ 300,000 төгрөг /2,850,000-2,550,000/ болгон багасгасан.

 

Е ХХК-ийн зүгээс сөрөг нэхэмжлэлийг ...түгээлтийн жолоочийн ажлын байранд хувьдаа автомашинтай байх гэсэн шаардлагыг бид анхнаас нь тавьсан. Уг урьдчилсан нөхцөлийг З.А зөвшөөрч манай компанид ажилд орсон. Бид харин ч автомашины элэгдэл, хорогдолд нөхөн төлбөрийг өгдөг ба түгээлтийн жолооч нь өөрөө автомашины бүрэн бүтэн байдлыг ханган ажиллах үүрэгтэй. Ийм учраас З.А-ийн яриад байгаа Хөдөлмөрийн тухай хуулийн 43.2.6, 126 дугаар зүйлүүд дэх зохицуулалт бидэнд хамааралгүй гэсэн агуулгаар эс зөвшөөрсөн.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-т Ажил олгогч дараах үндсэн үүрэгтэй, 43.2.6-д ажилтныг ажлаар хангаж, ажил үүргээ гүйцэтгэхэд нь шаардлагатай тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, баримт бичиг, бусад зүйлээр хангах, зааварчилгаа өгөх, 126 дугаар зүйлийн 126.1-д Ажил олгогч ажилтныг ажил үүргээ гүйцэтгэхэд нь шаардлагатай багаж хэрэгслээр хангаагүйгээс ажилтан хувийн багаж хэрэгсэл, эд зүйлээ ашигласан, эсхүл ажилтны багаж хэрэгсэл, эд зүйлийг хэрэглэхээр харилцан тохиролцсон бол ажил олгогч гарах зардлыг нөхөн төлнө гэж тус тус заажээ.

 

Хэрэгт цугларсан баримтуудаар Хөдөлмөрийн тухай хуулийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Тодруулбал, ажил олгогч буюу Е ХХК нь З.А-тэй түүний тээврийн хэрэгслийг ашиглахаар тохиролцоогүй байх тул тухайн тээврийн хэрэгсэл эвдэрч гэмтсэнтэй холбоотой төлбөрийг ажил олгогч хариуцахгүй.

 

Иймд Е ХХК-иас 300,000 төгрөг гаргуулах тухай З.А-ийн сөрөг нэхэмжлэл хангагдах боломжгүй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч З.Аээс 1,200,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Е ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 328,154 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул Е ХХК-иас 300,000 төгрөг гаргуулах тухай З.А-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 40,060 төгрөг, хариуцагчаас төлсөн 46,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч З.А-ээс 33,350 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Е ХХК-д олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шүүхийн шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ХАНГАЛ