Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 08 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2023/01545

 

 

 

 

 

 

 

 

2023 08 04 210/МА2023/01545

 

 

*** ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Д.Нямбазар, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 102/ШШ2023/01900 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: *** ХХК

Хариуцагч: *.*

Нэхэмжлэлийн шаардлага : 1,528,154 төгрөг гаргуулах,

Сөрөг нэхэмжлэл: 300,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалангийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Буяндэлгэр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Чулуунчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. *.* нь 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр *** ХХК-д түгээлтийн жолоочийн ажилд туршилтаар ажилд орсон. Улмаар 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр үндсэн ажилтнаар томилогдсон. *.* нь өөрийн өмчлөлийн автомашиныг албаны хэрэгцээнд ашиглуулах, автомашины элэгдэл хорогдолд нь сар бүр 50,000 төгрөгийг нэхэмжлэгчийн зүгээс нэмж олгохоор амаар тохиролцсон.

1.2 Хариуцагч нь 2022 оны 01 дүгээр сард автомашин эвдэрсэн үндэслэлээр тухайн жилд олгох автомашины элэгдэл хорогдлын төлбөр болох нийт 550,000 төгрөгийг бүтэн олгох хүсэлт гаргасны дагуу нэхэмжлэгчийг зүгээс түүнд 550,000 төгрөгийг олгосон.

1.3 Улмаар хариуцагч нь ...автомашины мотор эвдэрсэн, засуулах шаардлагтай гээд дахин 2,000,000 төгрөгийг зээлсэн. Уг зээлийг 6 сарын хугацаанд сар бүр 333,333 төгрөгийг цалингаас нь суутгаж буцаан төлөхөөр тохиролцсон. Гэвч хариуцагч нь зээлийн төлбөрийг төлөхгүй ажлаас гарсан.

1.4 Хариуцагч нь нэхэмжлэгчээс нийт 2,550,000 төгрөгийг зээлж авсан бөгөөд уг төлбөрөөс 1,021,846 төгрөгийг буцаан төлсөн.

Иймд хариуцагчаас үлдэх 1,528,154 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. *.* нь нэхэмжлэгчтэй автомашинаа өөрөө гарган үйлчилгээнд явна гэж гэрээгээр тохирсон. Хариуцагч нь нэхэмжлэгчээс нийт 2,550,000 төгрөгийг хүлээн авсан болон үлдэх 1,528,154 төгрөгийн тооцоололд маргаангүй. Харин нэхэмжлэгчийн ажлыг хийж яваад өөрийн автомашиныг эвдэрсэн ба нийт 2,850,000 төгрөгөөр засуулсан гэжээ.

 

3. Сөрөг нэхэмжлэлийн шаардлага түүний үндэслэлийн агуулга:

3.1. *.* нь 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр *** ХХК-ийн түгээлтийн жолоочийн албан тушаалд томилогдож, 1 жилийн хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Хариуцагч нь өөрийн өмчлөлийн Тоёота естима маркийн, **-** ХХХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг компанийн эм түгээлтийн ажилд бүрэн ашиглаж, ажил үүргээ гүйцэтгэж байсан. Улмаар 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр автомашины мотор цохиж эвдэрч, нийт 2,850,000 төгрөгөөр засуулсан.

Засварын төлбөрийг машины элэгдэл, хорогдлын мөнгөө урьдчилан тооцуулж нэхэмжлэгчээс 550,000 төгрөг авсан. Хариуцагч нь нэхэмжлэгчээс нийт 2,550,000 төгрөг хүлээн авсан. Автомашиныг 2,850,000 төгрөгөөр засуулсан. Зөрүү 300,000 төгрөгийг Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.6, 126 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгчээс гаргуулж өгнө үү гэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбарын агуулга:

4.1. *.* нь автомашиныхаа бүрэн бүтэн байдлыг шалгах үүрэгтэй. Сөрөг нэхэмжлэлд дурдсан тоног төхөөрөмж гэдэгт материаллаг бүрэлдэхүүн хэсгүүдийг ойлгох ба ажлын багаж хэрэгсэл гэдэгт тээврийн хэрэгсэл багтахгүй. Харилцан зөвшилцсөний үндсэн дээр өөрийнх нь саналыг хүлээн авч түүнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Хөдөлмөрийн гэрээнд энэ талаар тохиролцоогүй. Иймд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

5.1 Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *.* ээс 1,200,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *** ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 328,154 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул *** ХХК-аас 300,000 төгрөг гаргуулах тухай *.* ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 40,060 төгрөг, хариуцагчаас төлсөн 46,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *.* ээс 33,350 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *** ХХК-д олгож шийдвэрлэсэн байна.

 

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

6.1 *.* нь өөрийн өмчлөлийн автомашинаа албаны хэрэгцээнд ашиглуулах, нэхэмжлэгч сар бүр үндсэн цалин дээр 50,000 төгрөгийг автомашины элэгдэл хорогдолд нэмж олгохоор амаар тохиролцсон. Үүний дагуу нөхөн төлбөрт тооцож 550,000 төгрөгийг өгсөн. Гэтэл анхан шатны шүүх талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэхдээ хэдэн төгрөгийн зээлийн төлбөрийн үүрэг үүссэн эсэх, зээлийн төлбөрөөс хэдэн төгрөг төлсөн эсэх талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй атлаа зөвхөн нэхэмжлэгчийн тайлбарыг үндэслэн Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас 1,200,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

6.3. Хариуцагч нь өөрийн өмчлөлийн тээврийн хэрэгслийг нэхэмжлэгчийн эм түгээлтийн ажилд бүрэн ашиглаж, ажил үүргээ гүйцэтгэж байсан нөхцөл байдал тогтоогдсон байхад анхан шатны шүүх Хөдөлмөрийн хуулийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй буюу ажил олгогч *** ХХК нь *.* тэй түүний тээврийн хэрэгслийг ашиглахаар тохиролцоогүй гэх үндэслэлээр сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

Иймд нэхэмжлэлийн шаардлагаас 228,847 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

7. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:

7.1. Тухайн автомашины мотор цохьсон. Энэ нь манай компанийн ажлыг хийж байх явцад эвдрэл үүссэн шалтгаант холбоо байхгүй. Автомашины эвдрэлийг байгууллага хариуцах үндэслэлгүй. Хариуцагч *.* нь 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр манай компанид түгээлтийн жолоочийн ажилд туршилтаар ажиллаж байгаад 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр үндсэн ажилтнаар томилогдон ажилласан. Зээлийн гэрээ байгуулагдсан. Нэхэмжлэгч тал 1,520,000 төгрөг нэхэмжилсэн боловч манай компанид ажиллаж байсан гэдэг үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаа 320,000 төгрөгөөр багасгасан. Шүүхийн шийдвэр 1,200,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд гарсан. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй тул шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх гомдлоор хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч *** ХХК нь хариуцагч *.* д холбогдуулан 1,528,154 төгрөг гаргуулахаар шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, 300,000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

 

3. Хэргийн үйл баримтын талаар:

3.а. Талуудын хооронд 550,000 төгрөг болон 2,000,000 төгрөг, нийт 2,550,000 төгрөгийн зээлийн гэрээний харилцаа үүссэн талаар талууд маргахгүй байна.

 

3.б. Хариуцагч нь нэхэмжлэгч байгууллагын ажилтнаар ажиллах хугацаандаа автомашины элэгдэл, хорогдлын төлбөрт нэхэмжлэгчээс 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 550,000 төгрөгийг, 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдөр өөрийн өмчлөлийн автомашинаа засварлуулахтай холбоотой нэхэмжлэгчээс 2,000,000 төгрөг зээлэх хүсэлт гаргасны дагуу нэхэмжлэгчээс тухайн өдөр түүнд 2,000,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн үйл баримтууд Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 182/ШШ2022/02587 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 210/МА2022/01957 дугаар магадлал болон шилжүүлгийн мэдээлэл гэх баримтаар тус тус тогтоогдсон байна. /хх 30-31, 33, 65-66, 149-163/

 

3.в. Хариуцагч нь нэхэмжлэгчээс нийт 2,550,000 төгрөгийг зээлж авснаас 1,021,846 төгрөгийг буцаан төлсөн, 1,528,154 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа гэж нэхэмжлэгч тайлбарласныг хариуцагч няцаагаагүй байна.

 

3.г. Нэхэмжлэлийн шаардлагаас 1,200,000 төгрөгийг хангаж шийдвэрлэсэнд нэхэмжлэгч давж заалдах журмаар гомдол гаргаагүй.

 

4. Зохигч ажилтнаас ажил үүргээ гүйцэтгэхтэй холбоотой зардлыг ажил олгогчоос нөхөн төлөх эсэх нь маргааны зүйл болжээ.

 

4.а. Анхан шатны шүүх нэхэмжлэгчээс хариуцагчид автомашины элэгдэл, хорогдлын төлбөрт сарын 50,000 төгрөгийг 1 жилээр тооцон нэг доор нийт 550,000 төгрөг олгосон болон хариуцагчийн өмчлөлийн автомашиныг засварлахтай холбоотой нэхэмжлэгчээс хариуцагчид шилжүүлсэн 2,000,000 төгрөгийн хүрээнд талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт нийцсэн.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчээс нийт 2,550,000 төгрөгийг ажил үүргээ хэвийн гүйцэтгэхтэй холбоотой зээлсэн байхаас гадна нэхэмжлэгчид хөдөлмөрийн гэрээний дагуу тухайн мөнгөн хөрөнгийг хариуцагчид төлөх үүрэг үүссэн гэж үзэх үндэслэл баримтаар тогтоогдоогүй байна.

 

4.б. Иймд үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас 228,847 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгуулах хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй.

 

5. Ажил олгогч *** ХХК нь ажилтан *.* ийн автомашиныг ашиглахаар тохиролцоогүй байхад уг тээврийн хэрэгслийн эвдрэл, гэмтэлтэй холбоотой гарсан зардлыг хариуцахгүй тул анхан шатны шүүхийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах боломжгүй. Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн сөрөг нэхэмжлэлийг хангуулах тухай давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

 

6. Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 102/ШШ2023/01900 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 17,166 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД

 

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

 

М.БАЯСГАЛАН