Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 102/ШШ2023/02118

 

 

 

 

 

2023 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 102/ШШ2023/02118

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч:  Ц.Э

 

Нэхэмжлэгч: Х ХХК

 

Хариуцагч: С- 

 

Нэхэмжлэлийн шаардлага: 3,330,000 төгрөг гаргуулах;

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: 9,057,827 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогч:

Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.О

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.МөнгөнС-

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Хариуцагч Х.С-д холбогдох нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нэхэмжлэгч Ц.Э болон Х ХХК-иуд дараах байдлаар тайлбарласан. Үүнд:

Х ХХК нь тусгай зөвшөөрлийн үндсэн дээр тархи, мэдрэлийн Баяр хувийн эмнэлгийг ажиллуулдаг, Ц.Э нь тус эмнэлгийн захирал юм. Тус эмнэлэг нь Хан-Уул дүүрэг, 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах оффис, үйлчилгээний зориулалттай М-1 блокийн 9 давхарт байрлах нийт 416.37 м2 талбайтай үл хөдлөх хөрөнгийг эмнэлэгийн зориулалтаар ашиглах үүднээс тус барилгын халаалт, халуун хүйтэн усан хангамж, бохир ус зайлуулах систем, сантехникийн холболтууд, цахилгаан шугам сүлжээ, дохиолол холбоо, шилэн кабель, интернэт, гал команд болон бусад техникийн зураг төсөл боловсруулах, дотоод засал, интерьерийг хийлгэх шаардлагатай болсон. Ингээд хариуцагч Х.С-тай Зураг төсөл боловсруулах талаар захиалагч, гүйцэтгэгч хоорондын ажил гүйцэтгэх гэрээ-г байгуулсан. Гэрээг нэг талаас захиалагч Х ХХК, гүйцэтгэгч Х.С- нар 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдөр 1 сарын хугацаатай байгуулсан ба компанийг төлөөлж үүсгэн байгуулагч Ц.Э гарын үсэг зурсан. Захиалагчийн зүгээс гэрээний үүргийнхээ дагуу урьдчилгаа төлбөрт 2,500,000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн. Мөн хариуцагч Х.С-гийн хүсэлтийн дагуу түүнийг манай Баяр хувийн эмнэлэгт 10 хоног хэвтэж эмчилсэн. Уг зардал 830,000 төгрөг /эмчийн үзлэг 30,000 төгрөг, ор хоногийн төлбөр 800,000 төгрөг/ болсон бөгөөд төлбөрийг зураг төслийн ажлын хөлсөнд тооцсон. Гэвч өнөөдрийг хүртэл хариуцагч нь гэрээгээр хүлээсэн ажлаа гүйцэтгэж хийгээгүй, ажлаа шаардахаар утсаа авдаггүй, мессеж бичихээр хариу өгдөггүй. Маш удаан хугацаанд шаардан байж ирүүлсэн зураг нь техникийн ямар ч шаардлага хангадаггүй. Ирүүлсэн зургийг нь үзүүлэхээр халаалт, цэвэр бохир ус, цахилгаан, агааржуулалт, холбоо дохиолол, галын зураг байхгүй. 00-ийн өрөөнүүдийг нар тусдаг ашигтай байрлал болох цонхон талд нь гаргаж байрлуулсан бохир зайлуулах системд холбох ямар ч боломжгүй, өрөөнүүдийн тойм зураг хийж өгөөд холбоо барихаа больж зугтаасан. Барилгын архитекторууд болон мэргэжлийн хүмүүст үзүүлэхэд тэд ийм зураг бас байх уу гэж доог тохуу хийж, техникийн ямар ч шаардлага хангахгүй зураг байна гэж үзээд дахин зураг хийлгэхийг шаардсан. Гэрээний хугацаа дууссанаас хойш 9 сар гаран болж байхад гэрээний үүргээ биелүүлэхгүй байх учир бид гэрээг цуцалж, урьдчилгаанд мөнгөөр төлсөн 2,500,000 төгрөг, мөн гэрээний төлбөрт тооцсон буюу эмнэлэгт түүний хэвтэн эмчлүүлсэн 10 хоногийн төлбөр 830,000 төгрөг нийт 3,330,000 төгрөгийг Х.С-гаас гаргуулж нэхэмжлэгч нарт олгуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Ц. Э нь төдийгөөс өдий хүртэл намайг ашиглах гэж л эмнэлэг дээрээ байн байн дуудсан. Юм хийгээд өгөөч гээд өдөр шөнөгүй шаардан гуйна. Шаардсан хойноо намайг эмчилгээ хийлгээд зугтаасан болгосон. Хэрэв намайг оргон зугтаасан гэж байгаа бол тухайн үед нь гэрт ирээд цагдаа сэргийлэх гээд явахгүй яасан юм. Би энэ хаягтаа сүүлийн 7 жил амьдарч байна. Одоо бол цэвэр гүтгэн мушгин гуйвуулж, гутаах, залхаах байдлаар удаа дараалан ийм ажиллагаа явуулж байна гэж бодож байна. Энэ мэтчилэнгийн ажилгүй явган хэрүүлтэй хүмүүс миний өвчнөөр далимдуулж, гүтгэн доромжиллоо гэж би дахин шүүхдэнэ. Хэрэв ямар нэгэн байдлаар гүтгэн доромжилж, шүүхэд байн байн дуудагдаж, миний үнэтэй цаг хором бүрийг бусниулж, шинжилгээ, эмчилгээг минь тасалдуулсан энэ мэт байдал удаан үргэлжилбэл мөн бусад дайралтын хувьд манай ар гэрийнхэн бүгд мэдэж байгаа тул би цаашид ямар нэгэн юм тохиолдвол амь насны өр нэхнэ. Тухайн үед зааланд сууж байсан хирнээ намайг дуудаагүй гээд хээв нэг тэнд утсаа авахгүй суугаад л, дуудуулан барин суугаад л байж байдаг. Тухайн үед миний нүдэн дээр шүүгчийн туслах утсаар яриад дуудаж байсан шүү. Ямар хүн гэхээрээ ийм зоргоороо, дураараа байдаг юм бэ. Мөн өмнөх сөрөг нэхэмжлэх дээр шаардсаны дагуу хийсэн ажлын хөлсийг үнэлснээс гэрээн дотор чинь энэ бүхэн хийгдэх гэж бичигдсэн гэдгийг ахин сануулъя. Эдгээр хүмүүсийн сүүлийн тайлбараас харахад интерьерийн зураг төсөл гэдэгт юу багтаж, юу хийдгийг огт мэддэггүй гэдэг нь харагдаж байна. Надаас цоо шинэ барилгын зураг нэхэж байгаа нь гэрээг ч зөрчсөн хэрэг болж байна. Мөн ахин сануулан хэлэхэд интерьер дизайны ажлын зурагт дараах зургийн жагсаалт багтдаг болно. Үүнд: Байгуулалт, нураах ханын байгуулалт, шинээр хийгдэх ханын байгуулалт, технологийн байгуулалт, шалны байгуулалт, таазны байгуулалт, гэрэлтүүлгийн байгуулалт, разетканы байгуулалт, унтраалгын байгуулалт, худалдаж авах тавилгын тэмдэглэгээ, ханын дэлгээс тэмдэглэгээ, ханын дэлгээс, захиалгаар хийгдэх тавилгын тэмдэглэгээ, тавилгын байгуулалт гэсэн зургийн бүрдлээр бий болдог. Энэ ажлуудын дарааллаар зохих зураг төслүүд гараад явж байхад дахин эхнээс өөрчлүүлэхийг шаардсан, энэ бол зураг төслийн ажлын явцад гардаг хамгийн ноцтой хүндрэл бэрхшээл. Ажлыг дахин дахин өөрсдийнх нь хүсэлтийн дагуу засварлах нь уг ажлыг хэд дахин шинээр хийхтэй тэнцэх тийм цаг хугацааг зарцуулдаг. Гэтэл энэ тал дээр харилцан ойлголцоогүй болно. Энэ нь тухайн захиалагчийн зураг төсөл интерьерийн ажлын талаарх оюуны ачаалал болон мэргэжлийн онцлогийг огт мэддэггүй бас үнэлдэггүйтэй холбоотой гэж үзэж байна. Ямар ч төлөвлөсөн ажил өгсөн захиалсан даалгаврын дагуу хийгдээд, түүнийг өгөхөд оршдог. Гэтэл энэ үйл ажиллагааны процесс шууд зөрчигдсөн. Зүй нь захиалагчийн зүгээс тухайн эмнэлгийн интерьер дизайныг ямар нэгэн засваргүйгээр маш сайн төлөвлөөд зургийг хийлгэх захиалгыг өгөх ёстой. Ямар ч байгууллагын интерьер дизайн ингэж явдаг зарчимтай. Дээрх зураг төслийг хийхэд, бий болгоход план төлөвлөлт, төлөвлөлтийн дагуу нийт босголт, рендер зураг хийгдэхэд программ хангамж, түүнийг хангах хэрэгслүүд, альбом катологи, үндсэн хөрөнгийн элэгдэл, цагийн үнэлгээ, байрны ашиглалт болон бусад зүйлс мөн 30 моделиуд гэх мэт үнэлэгдэх зүйлүүд орж байгааг тайлбарлах нь зүйн хэрэг байх. Миний ажил мэргэжлийг гутаан доромжилж, хийсэн ажлыг минь хийгээгүй мэт гүтгэн, гутаасан, өөрийн энэ салбарт 12 жил хүчин зүтгэсэн хөдөлмөрийг минь үл хүндэтгэж байгаа тул салбарынхаа өмнөөс өөрсдийн хөдөлмөрийг зөв зохистой үнэлүүлж байх үүднээс, Ц.Э эмч мэтийн захиалагч нарыг хүний хөдөлмөр, ажил мэргэжлийг үнэгүйдүүлж, хүн ашигладаг байдлын эсрэг хатуу зогсож гомдлоо барагдуулмаар байна. Тухайн үед 10 хоногт хажууд нь байхад план төлөвлөлт баталчихсан, рендер зураг руу орчихсон ажлын 50-иас илүү хувь явчихсан эмнэлгээс гарч байхад ахин дахин эмч болон найзуудаасаа асуулаа, ингэмээр байна тэгмээр байна гэсэн өөрчлөлтүүдийг оруулан ажлыг удаашруулсан. Ажил зарчмын дагуу явагдсаныг мэйл болон чатын хэсгүүд батална. 2 хүн хоорондоо тохиролцон ажлаа явуулж байгаа тохиолдолд хурлын тэмдэглэл хөтлөхгүй. Мөн захиалагчийн өгсөн даалгаврын дагуу интерьерийн зураг төсөл боловсруулагддаг. Хавсралтаар захиалагчийн өөрийнх нь гараар сараачсан болон надад хэвлэн өгсөн даалгаврын ахин оруулав. Миний бие цаашид эмчилгээ болон хяналтад байнга байх бөгөөд хотод суурин байх боломжгүй тул үнэн зөв шударгаар шүүн асуудлыг минь даруй шийдэж өгнө үү гэжээ.

 

3. Нэхэмжлэгч Ц.Эт холбогдох сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ хариуцагч Х.С- дараах байдлаар тайлбарласан. Үүнд: Миний бие Х.С- нь Г ХХК-д захирлын алба хашдаг. Баяр эмнэлгийн захирал буюу эмч Ц.Эын эмнэлэгт анх 2021 оны 4 дүгээр сард хэвтэн эмчлүүлж байсан. Тухайн үед эмнэлэгт нь ажлын холбогдолтой хүмүүс их холбогдох учир суурин компьютертой хэвтэн эмчлүүлж байсан. Хэвтэн эмчлүүлж байхдаа өдөрт нэг цаг компьютер дээрээ ажиллаж байсан билээ. Тэр үед Ц.Э эмч надад би удахгүй эмнэлгээ шинэчлэх гэж байгаа, тэр үед эгчдээ туслаад өгөөрэй гээд өнгөрсөн. Дараа нь 2022 онд Ц.Э эмч холбогдон манайх шинэ салбартаа интерьерийн зураг төсөл хийлгэх гэсэн юм гээд надтай холбогдсон бөгөөд би тухайн үед таны саналыг хүлээн авах боломжгүй гэсэн. Гэвч удаа дараа холбогдон надад санал тавьсаар байсан бөгөөд манайд хэвтэн эмчлүүлж байх хооронд зураг төслөө гүйцэтгээд эхэлчих, эгч нь эмчилгээг нь үнэ төлбөргүй хийгээд өгье, харин үнэ хөлсөө сайн доошоо буулгаад тохиролцооч гээд хэд хэдэн удаа шалж, санал тавьсны эцэст, ажлыг нь зөвшөөрөн, хэвтэн эмчлүүлж байх өдрөөс эхлэн ажлыг нь, гүйцэтгэж эхэлсэн. Тухайн үед иж бүрэн компьютер эмнэлэгт авчран ажлыг эхлүүлсэн бөгөөд ажлын явцын дагуу бүх зүйл эхэлсэн: Үүнд: 1/ Захиалагчаас ажлын даалгавар болон барилгын холбогдолтой бүхий л мэдээллийг авах /Гэвч захиалагч хангалтай сайн мэдээлэл өгөөгүй/. Өөрсдийнх нь өгсөн даалгавар, мэдээллийн дагуу план боловсруулсан бөгөөд тухайн үед захиалагч баталсан. Надад өгсөн даалгаврыг хавсаргав. 2/ Консепт дизайн батлуулах, 3/ План батлуулах, 4/ Рендер зураг батлуулах, 5/ Ажлын зураг гэсэн дарааллын дагуу явагдсан бөгөөд эмнэлгээс гарсны дараа захиалагч рендер зураг эхнээсээ батлагдаад явж байсан ажлыг ахин өөрчилж план буюу давхарын байгуулалт дээрээ хэд хэдэн удаа өөрчлөлт оруулсан. Ажлын үйл явцын хувьд байж болох хувилбарыг аль хэдийн баталчихсан план зургийг өөрчлүүлсэн, ажлыг олон дахин хийлгэсэн, өөрийн хүсэл сонирхол, шаардлагаар тухайн ажилд нийцэхээргүй, зургийн техникийн хувьд байж боломгүй өөрчлөлтүүдийг шаардсан. Эдгээр нь зураг төслийн ажил хийгдэж байх явцыг тухайн захиалагч өөрийнхөө зүгээс саатуулж, зогсооход хүргэсэн. Зохих интерьер дизайны ажлын зурагт дараах зургийн жагсаалт багтдаг болно. Үүнд: 1/ Байгуулалт, 2/ Нураах ханын байгуулалт, 3/ Шинээр хийгдэх ханын байгуулалт, 4/ Технологийн байгуулалт, 5/ Шалны байгуулалт, 6/ Таазны байгуулалт, 7/ Гэрэлтүүлгийн байгуулалт, 8/ Розетканы байгуулалт, 9/ Унтраалгын байгуулалт, 10/ Худалдаж авах тавилгын тэмдэглэгээ, 11/ Ханын дэлгээс тэмдэглэгээ, 12/ Ханын дэлгээс, 13/ Захиалгаар хийгдэх тавилгын тэмдэглэгээ, 14/ Тавилгын байгуулалт гэсэн зургийн бүрдлээр бий болдог бөгөөд захиалагч интерьер дизайны ажлын зураг гэдэг утгаа үл ойлгон бусад өөр төрлийн инженерийн хийх ажлыг надаас шаардан ажлыг мөн удаашруулсан, үл ойлголцолд хүрсэн. Үүнд: барилгын халаалт, халуун хүйтэн усан хангамж, бохир ус зайлуулах систем, сантехникийн холболтууд, цахилгаан шугам сүлжээ, холбоо дохиолол, шилэн кабель, гал команд зэрэг. Энэ ажлуудын дарааллаар зохих зураг төслүүд гараад явж байхад дахин эхнээс өөрчлүүлэхийг шаардсан, энэ бол зураг төслийн ажлын явцад гардаг хамгийн ноцтой хүндрэл бэрхшээл. Ажлыг дахин дахин өөрсдийнх нь хүсэлтийн дагуу засварлах нь уг ажлыг хэд дахин шинээр хийхтэй тэнцэх тийм цаг хугацааг зарцуулдаг. Гэтэл энэ тал дээр харилцан ойлголцоогүй болно. Энэ нь тухайн захиалагчийн зураг төсөл интерьерийн ажлын талаарх оюуны ачаалал болон мэргэжлийн онцлогийг огт мэддэггүй бас үнэлдэггүйтэй холбоотой гэж үзэж байна. Ямар ч төлөвлөсөн ажил өгсөн захиалсан даалгаврын дагуу хийгдээд, түүнийг өгөхөд оршдог. Гэтэл энэ үйл ажиллагааны процесс шууд зөрчигдсөн. Зүй нь захиалагчийн зүгээс тухайн эмнэлгийн интерьер дизайныг ямар нэгэн засваргүйгээр маш сайн төлөвлөөд зургийг хийлгэх захиалгыг өгөх ёстой. Ямар ч байгууллагын интерьер дизайн ингэж явдаг зарчимтай. Тус эмнэлгийн 2022 оны 12 дугаар сарын 16-нд гаргасан нэхэмжлэх дээрээ худал гүтгэлэг хийж, миний нэр төрд халдсан тул маш их гомдолтой байгаа бөгөөд нэхэмжлэх гарган намайг нааш цааш явуулж хэвийн үргэлжилж байсан ажлыг тасалдуулсанд маш их гомдолтой байгаа тул гомдлыг минь барагдуулж өгнө үү. Мөн миний ажил мэргэжлийг гутаан доромжилж, хийсэн ажлыг минь хийгээгүй мэт гүтгэн, гутаасан тул өөрийн энэ салбарт 12 жил хүчин зүтгэсэн хөдөлмөрийг минь үл хүндэтгэж байгаа тул салбарынхаа өмнөөс хүчтэй дугарч нэр төр болоод салбар нэгт хүмүүсийнхээ өмнөөс өөрсдийн хөдөлмөрийг зөв зохистой үнэлүүлж байх үүднээс, Ц.Э эмч мэтийн захиалагч нарыг хүний хөдөлмөр, ажил мэргэжлийг үнэгүйдүүлж хүн ашигладаг байдлын эсрэг хатуу зогсож гомдлоо барагдуулмаар байна. Мөн худал хэлж, залилан миний биеийн муу байдлыг ашиглан хэт хямд ямар ч ашиггүй гэрээ хийлгэн, ажлаас минь чөлөө авхуулж, эмнэлэг дээрээ өөрийн эмнэлгийн ажлыг эмчилгээний хажуугаар сайн амарч хэвтэн эмчлүүлэх байтал ажлаар шахан намайг дарамтад оруулан ажлаа хийлгэсэн тул миний бие тус ажилд хийсэн үнэлгээгээр тухайн болоод одоогийн ханшаар зургийн үнэлгээгээ тооцуулан авах хүсэлтэйг минь гаргуулж өгнө үү. Үүнд:

1/ Рендер зургийн тухайн үеийн үнэ ханшаар тооцуулан гаргасан ажлын хөлс. Нийт 100м2 буюу 4,500,000 төгрөг.

2/ Ажлын зураг нийт 70% хувьтай үйл явц, нийт 416.37м2 буюу 6,557,827 төгрөг.

3/ 416.37 м2 босголт 500,000 төгрөг. Нийт 11,557,827 төгрөгөөс урьдчилгаа 2,500,000 төгрөгийг хасаад 9,057,827 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

4. Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Х.С-тай анх 2021 онд тус эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байхад нь танилцсан ба барилгын зураг төсөл хийдэг мэргэжилтэй гэж ойлгосон. 2022 онд манай эмнэлэг Мишээл лайф стайл ХХК-иас эмнэлгийн зориулалтаар ашиглахаар худалдан авч байгаа Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Мишээл сити хотхонд баригдаж буй 9 давхарын 3, 4, 5, 6, 7 дугаар өрөөний нийт 416.37 м2 талбайд барилгын зураг төсөл хийлгэх хэрэгтэй байсан. Х.С-тай утсаар холбогдож танайхтай гэрээ хийгээд хийлгэвэл болох уу, би танай ажил дээр яваад очих уу гэж асуусан. Тэгэхэд Х.С- би ойрд ядраад байгаа танай, эмнэлэгт хэвтэж эмчлүүлье гэж бодоод байж байсан юм, тэгвэл намайг хэвтэхээр үзэж хараад ярилцаад шийдье гээд хэвтсэн. Хэвтэхдээ ажлын холбогдолтой хүмүүс их холбогддог, ажлаа бас хажуугаар нь хийхгүй бол болдоггүй гээд палатандаа том ширээ тавьж ажлын суурин компьютер байрлуулсан. Х.С-г эмчлүүлж байх үед нь барилгын зураг төсөл хийх талаар ярилцаж тохиролцоод 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл 1 сарын хугацаанд хийж дуусгах Зураг төсөл боловсруулах талаар захиалагч, гүйцэтгэгч хоорондын ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Гэрээний дагуу бид урьдчилгаа төлбөр болох 2,500,000 төгрөгийг 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдөр шилжүүлсэн. Гэрээнд гүйцэтгэгч /С- /нь дараах ажил үүргийг гүйцэтгэж ажлыг гэрээний заасан хугацаанд бүрэн, чанартай хийж захиалагчид хүлээлгэж өгнө гэж заасан байгаа. Гэрээгээр хийх гүйцэтгэгчийн ажил, хүлээх хариу болон биелэлтийн хувьд:

1/ Интерьерийн бүрэн зураг төсөл /Эмнэлгийн өрөөнүүдийн план зураг, бүтэц зохион байгуулалт/: Ажлын даалгаврын дагуу боловсруулсан өрөө тасалгаануудын байршил, хэмжээ, 1 хүнд ноогдох талбайн хэмжээ стандарт зөрчсөн, банн, шүршүүр, гар угаалтуур, 00 өрөөнүүдийн байршлыг дурын газар байрлуулж зурснаас болж цэвэр, бохир усан хангамжийн системд холбох, бохирыг дамжуулах гадагшлуулах инженерийн шугам сүлжээнд холбох ямар ч боломжгүй инженерийн шийдэлгүй зураг хийсэн, эмнэлгээр үйлчлүүлэгчид хэвтэх өрөөнүүдийн ашигтай талбайг багасгаж 00 өрөөнүүдийг наран талд нь цонхны дагуу байршуулсан, угаалга, гал тогооны өрөөнүүдийг халуун хүйтэн усанд холбох, бохир усыг зайлуулах ямар ч боломжгүй, инженерийн шугам сүлжээгүй газар байрлуулж зурсан план зураг [email protected] хаягаар ирүүлсэн. Шаардлага огт хангахгүй энэ план зураг дээр хийсэн 3D интерьер дизайн, 3D босголт А4 дээр хийсэн ажлын зураг нь нэгэнт барилгын суурь план зураг буруу зурагдсан учраас хэрэггүй болсон. Барьж буй барилгын компани болон инженерүүдтэй нэг ч холбогдоогүй, асууж тодруулаагүй. Бохир зайлуулах хоолой хаана хийхийг ч асуулгүй мэдэхгүй байж худлаа зураг зурж биднийг залилсан.

2/ Гэрэлтүүлэг болон разетка, унтраалгын байгуулалт /цахилгаан хангамжийн хэлхээний зураг/-ын тухайд: Зургийн ажил огт хийгдээгүй.

3/ Цэвэр, бохир усны хоолой явах ерөнхий зураглал /Усан хангамжийн сүлжээний зураг/-ын тухайд: Зургийн ажил огт хийгдээгүй.

4 / Хүчилтөрөгчийн хоолойн схем зураг /эмнэлгийн орнуудыг хүчилтөрчтэй холбох зураг/-ийн тухайд: Зургийн ажил огт хийгдээгүй.

5/ Барилгын зургийн дагуу үүсэх аливаа хариуцлагыг бүрэн хариуцах тухайд: Х.С- эмнэлгээс гараад эргэж уулзаагүй зугтаасан. /Утсаа авдаггүй, мессежиндээ хариу өгдөггүй/.

6 / Мэргэжлийн туршлагатай ажилтнуудыг багаар ажиллуулах тухайд: Мэргэжлийн хүн ажилуулаагүй, ядаж зөвлөгөө аваагүй.

7/ Гүйцэтгэгч гэрээнд заасан ажлыг Монгол улсын хууль тогтоомж, дүрэм журам, заавар стандартын дагуу шуурхай удирдлагаар хангаж ажиллана гэсний хувьд: Огт хэрэгжээгүй. Х.С- бол эмнэлэгт хэвтэж байхдаа зургийн гэрээ хийж мөнгө авах, эмнэлгийн төлбөрөө гэрээний үнэнд оруулж үнэгүй эмчилгээ авах муу санааны зорилгоо хэрэгжүүлж аваад зугтаасан. Эмнэлгээс гараад эргэж холбогдоогүй, одоо л шүүх дээр уулзах гэж байна. Х.С-гийн сөрөг нэхэмжлэлийг дараах байдлаар зөвшөөрөхгүй. Үүнд:

1/ Рендер зураг 100 м2 буюу ханш нь 4,500,000 төгрөг байна гэсэн үг өгүүлбэр гэрээнд байхгүй. Барилгын суурь зургаа хийгээгүй байж гоёл чимэглэлийн рендер зураг зурах нь хэнд ч хэрэггүй ажил юм. Бид рендер 100 м2 зураг хүлээж аваагүй. Бид уулзаагүй. Үндсэн суурь зураг цахилгаан, цэвэр бохир усны хоолойн зургийн ажил огт хийгдээгүй учраас рендер зураг хүлээн авах ямар ч боломж үгүй.

2/ Ажлын зураг нийт 70 хувьтай байна, нийт талбай 416.37 м2 буюу үнэлгээ нь 6,557,827 төгрөг болжээ гэсэн ажил болон харилцан уулзаж ярилцсан хурлын тэмдэглэл протокол байхгүй. Гэрээнд ийм заалт байхгүй.

3/ Нийт 416.37 м2 талбайн зургийн босголтын үнэ 500,000 байна гэж гэрээнд заагаагүй. Иргэний болон Барилгын бусад хууль тогтоомжийн дагуу Зураг төсөл боловсруулах талаар захиалагч, гүйцэтгэгч хоорондын ажил гүйцэтгэх гэрээ-г гүйцэтгэгч Х.С-тай 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдөр 2022030102 дугаар бүхий гэрээ 1 сарын хугацаатай байгуулсан юм. Гэрээний үнийн дүн нийт 5,000,000 төгрөг. Гэтэл Х.С- гэрээний үнийн дүнгээс давсан 11,557,827 төгрөгийн ажил гүйцэтгэсэн үндэслэл байсан бол яагаад нэхэмжлэхгүй зугтаад явсан юм бэ. Гэрээний дутуу төлбөр 2,500,000 төгрөгөө яагаад нэхэмжлэхгүй байгаа юм бэ. Энэ нь ямар ч баримт нотолгоогүй, гэрээ хэлцлийн гадуур асуудал үүсгэжээ гэж харагдаж байна. Бид гэрээний хүрээнд л асуудлаа ярих ёстой гэж ойлгож байна. Х.С- нь мэргэжлийн давуу байдлаа ашиглан биднийг хууран мэхэлж мөнгө олох 5,000,000 төгрөгийн үнийн дүнтэй гэрээ байгуулж эмнэлэгт хэвтэж байхдаа зураг зурж байгаа дүр үзүүлж байгаад эмнэлгээс гарахдаа эмчилгээний төлбөрөө төлөлгүй эргэж уулзаж гэрээний дагуу ажиллана гэж хэлээд зугтсан нь анхнаасаа эхлээд залилангийн шинжтэй байсан нь тодорхой гэж үзэж байна. Х.С- нь утсаа авдаггүй, мессеж бичихээр хариу өгдөггүй, бид гэрийн хаягийн дагуу очиж уулзах гэхээр тодорхой хаяг дээр байдаггүй Улаанбаатарт түр оршин суугч гэсэн статустай амьдардаг хүн гэдэг нь тодорхой болсон. Барилгын архитектор, мэргэжлийн хүмүүст Х.С-гийн хийсэн зургийг үзүүлэхэд ийм зураг гэж байхгүй ээ, архитектор техникийн ямар ч шаардлага хангахгүй зураг байна. Халаалт, цэвэр бохир ус, цахилгаан, агааржуулалт, холбоо дохиолол, галын зураг байхгүй байна, 00-ийн өрөөнүүдийг нар тусдаг ашигтай байрлал болох цонхон талд нь гаргаж байрлуулсан, бохир зайлуулах системд холбох ямар ч боломжгүй өрөөнүүдийн тойм зураг л байна гэж дүгнээд үзээд дахин зураг хийлгэхийг шаардсаны дагуу дахин зураг төслийн гэрээ байгуулж хийлгэсэн. Х.С- нь хохирогч биднийг битгий хэл шүүхийг дуудахад ирдэггүй, албадан ирүүлж шүүхийн ажилд хүндрэл учруулдаг, 2023 оны 3 дугаар сарын 17-ны болон 2023 оны 4 дүгээр сарын 03-ны шүүх хурлуудад хүндэтгэх шалтгаангүйгээр ирээгүй зэрэг нь ямар хүн болохыг нь харуулж байна гэжээ.  

 

5. Нэхэмжлэгч нарын зүгээс дараах нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: Ц.Э-ын иргэний үнэмлэхийн хуулбар /хх 3/, план зураг /хх 5, 8-13, 106/, 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн Зураг төсөл боловсруулах талаар захиалагч, гүйцэтгэгч хоорондын ажил гүйцэтгэх гэрээ /хх 6-7, 109-110/ , Х.С-гийн бакалаврын дипломын хуулбар /хх 14/, эмчилгээний төлбөрийн нэхэмжлэх /хх 15, 107/, шүүхэд төлөөлөх итгэмжлэл /хх 117/, Б.С-ын иргэний үнэмлэхийн хуулбар /хх 120/, тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар /хх 121/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх 172/.

6. Хариуцагчаас дараах нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: захиалагчаас ирсэн даалгавар /хх 48-57/, консепт дизайн /хх 58-66/, интерьер дизайн /хх 67-85/, ажлын зураг /хх 86-94/, 3Д босголт /хх 95-97/, 2022 оны 3 дугаар сарын 21-нд Батлагдсан план төлөвлөгөө /хх 127-136/, төлөвлөлтийн ноорог /хх 137-139/, телеграм чат /хх 139-141/.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

2022 оны 3 дугаар сарын 01-ний өдөр захиалагч Х ХХК болон гүйцэтгэгч Х.С- нар №2022030102 тоот Зураг төсөл боловсруулах талаар захиалагч, гүйцэтгэгч хоорондын ажил гүйцэтгэх гэрээ байгуулжээ. Уг гэрээний зорилгыг талууд 420м2 талбайтай, Баяр эмнэлгийн интерьер зураг төслийг хийж гүйцэтгэх, үүний хариуд тохирсон төлбөрийг төлөх гэж тодорхойлсон ба дараах гол нөхцөлүүдийг харилцан тохиролцжээ. Үүнд:

1/ Гүйцэтгэгч нь интерьерийн бүрэн зураг төсөл, гэрэлт гэрэлтүүлэг, разетка, унтраалгын байгуулалт, цэвэр, бохир усны хоолой явах хэсгийн ерөнхий зураглал, хүчилтөрөгчийн хоолойн схем зургуудыг Монгол улсад дагаж мөрдөгдөж буй зураг төслийн ажлын техникийн нөхцөл, стандарт, барилгын норм, дүрэмд нийцсэн байдлаар хийж гүйцэтгэх;

2/ Ажил гүйцэтгэх хугацаа: 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр;

3/ Гэрээгээр гүйцэтгэх ажлын хөлс: 5,000,000 төгрөг.

 

Нэг талаас ажил гүйцэтгэгч тодорхой ажлын үр дүнг нийлүүлэх, нөгөө тал буюу захиалагч нь тохирсон хөлс төлөх 2 талт үүрэг бүхий гэрээг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д тодорхойлсон бөгөөд шүүхээс 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн №2022030102 тоот Зураг төсөл боловсруулах талаар захиалагч, гүйцэтгэгч хоорондын ажил гүйцэтгэх гэрээ-ний дагуу Х ХХК болон Х.С- нарын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч Ц.Э болон Х ХХК-иуд нь хариуцагч Х.С-гаас 3,330,000 төгрөг гаргуулахаар шүүхэд хандсан.

 

Дээрх шаардлагын үндэслэлээ нэхэмжлэгч ...гэрээгээр тохирсон ажил үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй тул гэрээг цуцалж, урьдчилгаанд мөнгөөр төлсөн 2,500,000 төгрөг, мөн гэрээний төлбөрт тооцсон буюу эмнэлэгт түүний хэвтэн эмчлүүлсэн 10 хоногийн төлбөр 830,000 төгрөг, нийт 3,330,000 төгрөгийг гаргуулна гэж тайлбарласан.

 

Хариуцагч Х.С- нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн татгалзлаа ...нэхэмжлэгчээс шалтгаалж ажил удааширсан, ...гэрээгээр тохирсон ажлаа хангалттай хийсэн гэх агуулгаар тайлбарласан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Ц.Э-т холбогдуулж 9,057,827 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг гаргасан. Тэрээр өөрийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...рендер зургийн ажлын хөлс 4,500,000 төгрөг, 416.37м2 талбайн ажлын зураг 70 хувьтай үргэлжилж байсан, төлбөр нь 6,557,827 төгрөг, 416.37 м2 талбайн босголт 500,000 төгрөг, нийт 11,557,827 төгрөгөөс урьдчилгаанд авсан 2,500,000 төгрөгийг хасаад үлдэх 9,057,827 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулна гэсэн агуулгаар тайлбарлажээ.

 

Нэг. Үндсэн нэхэмжлэл:

 

Нэхэмжлэлийн шаардлагын агуулгаас үзэхэд нэхэмжлэгч нь ...хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэсэн үндэслэлээр гэрээг нэг талын санаачилгаар дуусгавар болгож, урьдчилгаанд өгсөн төлбөрийг нэхэмжилсэн гэж үзэхээр байна.

 

Дээр дурдсанчлан талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн ба талуудын байгуулсан гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл хэрэгт цугларсан баримтуудаар тогтоогдсонгүй. Аливаа гэрээ хүчин төгөлдөр тохиолдолд гэрээнд заасан үүргээ талууд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэл, үр дагавар, учирсан хохирлыг шаардах эрхтэй.  

 

Гэрээг тогтвортой, талуудын итгэл, найдварыг баталгаатай байлгах зорилгоор үндэслэлгүйгээр, дуртай үедээ гэрээнээс татгалзах, гэрээг цуцлахыг хуулиар хязгаарласан байдаг. Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээх хуулийн зохицуулалттай ба Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1-д зааснаар гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол энэ хуулийн 225, 226 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл, журмын дагуу нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй. Мөн Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж заасан.

 

2022 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн №2022030102 тоот Зураг төсөл боловсруулах талаар захиалагч, гүйцэтгэгч хоорондын ажил гүйцэтгэх гэрээ-гээр хүлээсэн үүргээ Х.С- тохирсон хугацаанд биелүүлсэн нөхцөл байдал хэрэгт цугларсан баримтуудаар тогтоогдохгүй байна. Иймд хариуцагч Х.С-гаас 3,330,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х ХХК-д олгох нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсгүүдэд нийцнэ.

 

Харин 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн №2022030102 тоот Зураг төсөл боловсруулах талаар захиалагч, гүйцэтгэгч хоорондын ажил гүйцэтгэх гэрээ-ний захиалагч тал нь Х ХХК тул Ц.Эын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоно.

 

Хоёр. Сөрөг нэхэмжлэл

 

Сөрөг нэхэмжлэлийн агуулгаас үзэхэд хариуцагч Х.С- 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн №2022030102 тоот Зураг төсөл боловсруулах талаар захиалагч, гүйцэтгэгч хоорондын ажил гүйцэтгэх гэрээ-ний дагуу хийсэн ажлын хөлсийг гаргуулахаар шүүхэд хандсан гэж үзэхээр байна.

 

Дээр дурдсанчлан 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн №2022030102 тоот Зураг төсөл боловсруулах талаар захиалагч, гүйцэтгэгч хоорондын ажил гүйцэтгэх гэрээ-ний захиалагч тал нь Х ХХК, харин гүйцэтгэгч тал нь Х.С- байна. Ц.Э нь гэрээний оролцогч биш байх тул түүнээс 9,057,827 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч Х.С-гаас 3,330,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х ХХК-д олгож, нэхэмжлэгч Ц.Эын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан Ц.Э-аас 9,057,827 төгрөг гаргуулах тухай Х.С-гийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 68,230 төгрөг, хариуцагчаас төлсөн 159,875 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.С-гаас 68,230 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х ХХК-д олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шүүхийн шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ХАНГАЛ