Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 102/ШШ2023/02229

 

 

 

 

 

2023 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 102/ШШ2023/02229

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Э.А

 

Хариуцагч:  Д ХК

 

Нэхэмжлэлийн шаардлага: 9,391,691 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогч:

Нэхэмжлэгч Э.А

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Ш

Хариуцагчийн төлөөлөгч Ц.М

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т

Хариуцагчийн өмгөөлөгч Л.И

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнгөнсаран

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Хариуцагч Д ХК-д холбогдуулж гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ Э.А-гийн зүгээс дараах байдлаар тайлбарлав. Үүнд: Э.А миний бие Д ХК-ийн үйлдвэрчний эвлэлийн хорооны даргын сонгуульт албан тушаалд анх 2015 оны 3 дугаар сарын 02-ны өдөр сонгогдсон. Улмаар 2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр 2 дахь удаагаа улиран сонгогдон ажиллаж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.3.5, 4 дүгээр зүйлийн 4.1.7, 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсгийг тус тус үндэслэн Д ХК-ийн захиргаа болон ҮЭ-ийн хорооны хооронд Хамтын гэрээ-г байгуулж, Баянгол дүүргийн Засаг даргын тамгын газарт 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр бүртгүүлсэн. Тус хамтын гэрээний 8 дугаар зүйлийн 8.6 дахь хэсэгт энэхүү гэрээг ЗДТГ-т бүртгүүлсэн өдрөөс эхлэн хоёр жилийн хугацаанд хүчинтэй байхаар заасан. Гэтэл Д ХК-ийн захиргаа нь Хамтын гэрээний 7 дугаар зүйлийн 7.4 дэх хэсэгт ҮЭ-ийн хорооны даргыг компанийн ажилтны нэг адил хамтын гэрээнд хамруулан жилийн болон сарын ажлын үр дүнгийн шагналт цалин, мэргэшлийн нэмэгдэл, нийгмийн хамгааллын хөнгөлөлт олгоно гэж заасныг зөрчиж, хорооны дарга Э.А миний жилийн ажлын үр дүнгийн урамшуулалт цалинг одоог хүртэлх хугацаанд олгохгүй байна. Компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрээр 2022 оны жилийн ажлын үр дүнгийн урамшуулалт цалинг 4 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээгээр тогтоож 2023 оны 02 дугаар сарын 10-наас эхлэн олгож байгаа боловч нэхэмжлэгч надад Д ХК-ийн ажилтнуудад жилийн ажиллагааны үр дүнгээр урамшуулал олгох журмын 5 дугаар 5.2.3-т компанийн удирдлага, инженер, техникийн болон зарим ажилтны албан тушаалын цалингийн сүлжээний 1-11 дүнгээр ангиллын ажилтан бүр жилийн тайлан хамгаалж үнэлгээ авсан байх... гэснийг үндэслэн тайлан хамгаалах-ыг аман хэлбэрээр шаардаж, авбал зохих урамшууллыг өгөхгүй байна. Үйлдвэрчний эвлэлийн хорооны даргын албан тушаал нь ажил олгогч буюу захиргаанаас хараат бусаар ажиллах ёстой бөгөөд Монголын Үйлдвэрчний холбооны дүрмийн 11.7-д Үйлдвэрчний эвлэлийн хороо нь гишүүддээ болон төлөөлөгчдөд жилд нэгээс доошгүй удаа үйл ажиллагааныхаа тайланг тавьж, сонгуулийг 4 жилд нэг удаа явуулна гэж зааснаар хорооны бүх гишүүдийн хуралдаа тайлан тавьж, хэлэлцүүлдэг. Компанийн захирал нь хараат бусаар ажиллах ёстой хорооны үйл ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлж, хорооны даргыг өөрийнхөө өмнө ажлын тайлангаа хамгаалахыг шаардаж байгаа нь хууль тогтоомжийг зөрчсөн, хамтын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхээс татгалзсан үйлдэл юм. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2-т зааснаар Д ХК- ийн дэргэдэх хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хандсан боловч тус маргаан таслах комисс нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3-т заасан 10 хоногийн хугацаанд маргааныг шийдвэрлэж, дүгнэлтээ гаргаж ирүүлэхгүй, улмаар хуулийн хугацаа хэтрүүлэн 2023 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр миний гарт ирүүлсэн болно. Хөдөлмөрийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-т Цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, ээлжийн амралтын цалин, шагнал урамшууллаас бүрдэнэ гэж заасан тул энэхүү жилийн ажлын үр дүнгийн урамшуулал нь цалин хөлсний нэг бүрэлдэхүүн хэсэг. Тиймээс Хөдөлмөрийн хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1-т цалин хөлсийг тогтоосон хугацаанд олгоогүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд алданги тооцох гэсний дагуу би анх Д ХК-иас жилийн үр дүнгийн урамшуулалт цалин 7,430,136 төгрөг, алданги 1,159,101 төгрөг нийт 8,589,237 төгрөгийг гаргуулахаар шүүхэд хандсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрийн шаардлагыг дараах үндэслэлээр ихэсгэсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1-т заасны дагуу нийт 89 хонгийн хугацаа хэтэрсэн /2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдөр хүртэлх хугацаа тооцов/ нийт алдангийн хэмжээ 1,961,555 төгрөг гаргуулах хүсэлтэй байна. Өмнө нь 2023 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр гаргасан нэхэмжлэлдээ 1,159,101 төгрөгийн алданги байсан бол нэхэмжлэлийн шаардлагаа 802,454 төгрөгөөр ихэсгэж нийт алдангийн хэмжээ 1,961,555 төгрөг болсон. Дээрх үндэслэлээр хариуцагчаас нийт 9,391,691 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Тус компани болон ҮЭ хорооны хооронд байгуулсан 2021-2022 оны Хамтын гэрээний 7.4-т ҮЭХ-ны даргыг компанийн ажилтны нэг адил хамтын гэрээнд хамруулан жилийн болон сарын үр дүнгийн шагналт цалин, мэргэшлийн нэмэгдэл, нийгмийн хамгааллын хөнгөлөлт олгоно гэж заасан. Энэ зохицуулалт нь ҮЭХ-ны даргад жилийн үр дүнгийн шагналт цалинг шууд буюу 100 хувь бүрэн олгоно гэсэн утга илэрхийлэхгүй бөгөөд ҮЭХ-ны даргыг компанийн ажилтны нэгэн адил үзэж, компанид мөрдөгдөж байгаа дотоод журам, эрх зүйн актын дагуу шагналт цалин олгох утга илэрхийлж байна. Компанийн ажилтнуудад жилийн ажиллагааны үр дүнгээр урамшуулал олгох журам-ын 5.2.3-т компанийн удирдлага, инженер техникийн болон зарим ажилтны албан тушаалын цалингийн сүлжээний 1-11 дүгээр ангиллын ажилтан бүр жилийн тайлан хамгаалж үнэлгээ авсан байх гэж заасан. Тухайн ажилтны жилийн ажлын үр дүнгийн шагнал нь тухайн хүний ажлыг зохих ёсоор үнэлэх, үнэлгээнд үндэслэн урамшуулал олгох зохицуулалттай. Ажилтны жилийн ажлын үр дүнг үнэлэхийн тулд ажлын тайлангаа заавал бичиж дүгнүүлж, хамгаалсан байх ёстой. Энэ нь компанийн хэмжээнд үйлчилж байгаа журам болно. Уг журмыг зөрчиж ажлын тайлан бичээгүй, үнэлгээ дүгнэлт аваагүй хэн нэг этгээдэд жилийн ажлын үр дүнгийн урамшуулал олгох нь компанийн ажилтнуудад тэгш бус хандсан явдал болно. Түүнчлэн, ажилтан жилийн ажлын тайлангаа үнэлүүлж хамгаалаагүй нөхцөлд түүнд олгох урамшууллын хувь хэмжээг тогтоох боломжгүй. ҮЭХ-ны дарга нь жилийн ажлын үр дүнгийн урамшууллыг компаниас авахын тулд дээр дурдсан журмын 5.2.3-т зарим ажилтан, ажилтан бүр гэж заасан тул ажлын тайлангаа бичиж, зохих шатны хуралд тайлагнаж, үнэлүүлж, хамгаалах үүрэгтэй. Мөн журмын 5.3.2-т жилийн тайлангаа хүндэтгэн үзэх шалтгаанаар хамгаалаагүй бол урамшуулал олгохгүй хэмээн заасан. Иймд ҮЭХ-ны даргын хувьд 2022 онд хийсэн ажлын тайлангаа бичиж үнэлүүлж, хамгаалаагүй тул түүнд жилийн ажлын үр дүнгийн урамшуулал олгох үндэслэлгүй болно. 2022 онд хөндлөнгийн хараат бу аудитын хяналт шалгалтаар ҮЭ хороон даргад жилийн ажиллагааны үр дүнгээр урамшуулал олгохдоо тайлан, дүгнэлт, баримтгүйгээр олгосон гэх анхааруулга өгч байсан. Компанийн хэмжээнд мөрдөгдөж байгаа дотоод журмыг биелүүлэх шаардлагыг тухайн журмын дагуу жилийн ажлын урамшуулал авах гэж байгаа ажилтанд тавих нь ҮЭХ-ны үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцсон, нөлөөлсөн үйлдэл болохгүй. Компанийн ажилтны нэгэн адил урамшуулал авах болон ҮЭХ-г төлөөлөн ажиллах нь хоёр өөр харилцаа болно. Иймд компанийн ажилтны нэгэн адил үзэж урамшуулал олгохын тулд тавьсан зүй ёсны шаардлагыг ҮЭХ-ны үйл ажиллагаа, түүнд нөлөөлөх үйлдэл хэмээн үзэх үндэслэлгүй юм. Удаа дараА-гийн хурал уулзалтад бүх гишүүдийн хурлаар үнэлүүлсэн тайлан, үнэлгээгээ Д ХК-д ирүүлэхийг хүссэн боловч хүлээн зөвшөөрөлгүй өнөөдрийг хүрсэн. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Нэхэмжлэгчээс дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: иргэний үнэмлэхийн хуулбар /хх 5/, Д- дэргэдэх үйлдвэрчний эвлэлийн хорооны улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх 6/, Д- дэргэдэх үйлдвэрчний эвлэлийн хорооны 2023 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 22 тоот албан бичиг /хх 7/, Д- дэргэдэх үйлдвэрчний эвлэлийн хорооны даргын жилийн үр дүнгийн шагналт цалинг тооцсон тооцоолол /хх 8/, Д- дэргэдэх үйлдвэрчний эвлэлийн хорооны 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 9 тоот Хөдөлмөрийн маргаан таслах комисс-т гаргасан гомдол /хх 9/, Д- дэргэдэх үйлдвэрчний эвлэлийн хорооны 2023 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 21 тоот Баянгол дүүргийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсийн даргад гаргасан гомдол /хх 10/, Д ХК-ийн Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын 2023 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн хуралдааны тэмдэглэл /хх 11-12/ Баянгол дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулалт гурван талт хорооны 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн тэмдэглэл, шийдвэрийн хуулбар /хх 41-42/, Д ХК-ийн дэргэдэх ҮЭ хорооны бүх гишүүдийн хурлын 2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 2 тоот тогтоолын хуулбар /хх 43/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүгчийн 2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 102/ШЗ2018/05039 дүгээр захирамжийн хуулбар /хх 44-45/, 2018 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 1 тоот Эвлэрлийн гэрээ-ний хуулбар /хх 46/, Нийслэлийн Хөдөлмөрийн маргааныг шуурхай зохицуулах салбар хорооны 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 6 тоот зөвлөмжийн хуулбар /хх 47/, Баянгол дүүргийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн 2023 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 260 тоот албан бичгийн хуулбар /хх 48/, Д- дэргэдэх үйлдвэрчний эвлэлийн хорооны 2023 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 21 тоот гомдлын хуулбар /хх 49/, Д- дэргэдэх үйлдвэрчний эвлэлийн хорооны бүх гишүүдийн 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 01 тоот Тайланд үнэлгээ өгөх тухай тогтоол, тэмдэглэлийн хуулбар /хх 50-52/, фото зураг /хх 53-54/, Д ХК-ийн 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 5-04/64 тоот албан бичгийн хуулбар /хх 55/, Голомт банкны дансны хуулга /хх 56-62/, Д ХК-ийн захиргаа, ҮЭ-иийн хорооны хооронд байгуулсан 2021-2022 оны хамтын гэрээ /нийт 17 хуудас/.

 

4. Хариуцагчаас дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх 23/, Д ХК-ийн ажилтнуудад жилийн ажиллагааны үр дүнгээр урамшуулал олгох журам /хх 24-26/, Д ХК-ийн захиргаа, ҮЭ-ийн хорооны хооронд байгуулсан 2021-2022 оны хамтын гэрээ /хх 27-28/, шүүхэд төлөөлөх итгэмжлэл /хх 29/, 2019-2020 оны хамтын гэрээ /нийт 19 хуудас/, Эрчим хүчний салбарын 2021-2022 оны хамтын хэлэлцээр /нийт 23 хуудас/ Д ХК-ийн захиргаа, ҮЭ-иийн хорооны хооронд байгуулсан 2021-2022 оны хамтын гэрээ /нийт 17 хуудас/, Эрчим хүчний салбарын 2023-2024 оны хамтын хэлэлцээр /нийт 20 хуудас/.

 

5. Нэхэмжлэгчийн хүсэлтээр дараах нотлох баримтыг шүүхээс бүрдүүлсэн. Үүнд: Д ХК-ийн Сарын үр дүнгээр шагнал олгох журам /хх 74-79/; Д ХК-ийн гүйцэтгэх захиралын тушаалаар баталсан 2022, 2023 оы цалингийн сүлжил 1-11 /хх 80-92/, Төрийн аудитын 2021, 2022 оны Д ХК-д хийсэн шалгалтын дүгнэлт /хх 93-121/.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. 2023 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр Э.А нь хариуцагч Д ХК-д холбогдуулж 9,391,691 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гарган шүүхэд хандсан.

 

2. Улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрийн шаардлагыг ихэсгэж нийт 9,391,691 төгрөг гаргуулахаар болсон ба өөрийн шаардлагын үндэслэлээ ...сонгуульт ажлын хүрээнд хийх ёстой ажлаа хийсэн, ажлаа холбогдох газарт тайлагнасан байхад үндэслэлгүйгээр урамшуулал олгоогүй учир уг мөнгийг алдангийн хамт гаргуулна гэж тайлбарласан бол хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрсөн татгалзлаа ...жилийн тайлангаа удирдлагад танилцуулаагүй, хамгаалаагүй учир урамшуулал олгохгүй гэсэн агуулгаар тайлбарлаж байна.

 

3. Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай БНМАУ-ын хуулийн 6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт Үйлдвэрчний эвлэл, түүний сонгуульт ажилтныг үйл ажиллагаагаа явуулах нөхцөл, бололцоогоор хангах асуудлыг хамтын гэрээнд тусгаж хэрэгжүүлнэ. Үндсэн ажлаасаа чөлөөлөгдсөн үйлдвэрчний эвлэлийн сонгуульт ажилтанд хамтын гэрээ нийт ажилтны нэг адил хамаарна гэж, Д ХК-ийн захиргаа, ҮЭ-ийн хорооны хооронд байгуулсан 2021-2022 оны хамтын гэрээний 7.4-т ҮЭ-ийн хорооны даргыг компанийн ажилтны нэг адил хамтын гэрээнд хамруулан жилийн болон сарын ажлын үр дүнгийн шагналт цалин, мэргэшлийн нэмэгдэл, нийгмийн хамгааллын хөнгөлөлт олгоно гэж тус тус заажээ.

 

4. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Д- дэргэдэх үйлдвэрчний эвлэлийн хороо нь 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хорооны бүх гишүүдийн хурлаа хийж, тайлангаа тавьсан байна. Ийнхүү тайлангаа тавьсан нь Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны дүрмийн 11.7-д Үйлдвэрчний эвлэлийн хороо нь гишүүддээ болон төлөөлөгчдөд жилд нэгээс доошгүй удаа үйл ажиллагааны тайлангаа тавьж, сонгуулийг 4 жилд нэг удаа явуулна гэж заасантай нь нийцсэн буюу нэхэмжлэгч Э.Аг холбогдох дүрэм, журмаар хүлээсэн үүргээ биелүүлсэн гэж үзэхээр байна.

 

5. Хөдөлмөрийн хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэх ба Хөдөлмөрийн эрх зүйн хэм хэмжээ тогтоосон актуудын үйлчлэх эрэмбийг Хөдөлмөрийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1, 2.3 дахь хэсгүүдэд заасан. Хөдөлмөрийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.3.5хамтын гэрээ, 2.3.6хөдөлмөрийн гэрээ, 2.3.7аж ахуйн нэгж, байгууллагын хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ гэжээ. Харин хөдөлмөрийн эрх зүйн хэм хэмжээ тогтоосон актууд хоорондоо зөрчилдвөл ажилтанд илүү таатай нөхцөлийг олгосон зохицуулалтыг хэрэглэхийг Хөдөлмөрийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.5 дахь хэсгээр зохицуулжээ.

 

6. Д ХК-ийн ажилтнуудад жилийн ажиллагааны үр дүнгээр урамшуулал олгох журам, сарын ажлын үр дүнгээр шагнал олгох журам, Д ХК-ийн захиргаа, ҮЭ-ийн хорооны хооронд байгуулсан 2021-2022 оны хамтын гэрээний заалтуудыг хянан үзэхэд Д- дэргэдэх үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга нь тус байгууллагын удирдлагад сонгуульт ажлын тайлангаа танилцуулах үүргийг хүлээсэн, танилцуулснаар шагнал урамшуулал авах эрх нь нээгдэх буюу ҮЭ-ийн хорооны даргад компанийн ажилтнуудад жилийн ажиллагааны үр дүнгээр урамшуулал олгох журам хамааралтай болох, түүнчлэн уг журмыг баримтлах талаар талууд урьдчилсан тохиролцсон нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

7. Иймд хариуцагч байгууллагаас жилийн үр дүнгийн урамшуулалт цалин 7,430,136 төгрөг, алданги 1,961,555 төгрөг, нийт 9,391,691 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэх нь Хөдөлмөрийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-т Цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, ээлжийн амралтын цалин, шагнал урамшууллаас бүрдэнэ, 124 дүгээр зүйлийн 124.1-т цалин хөлсийг тогтоосон хугацаанд олгоогүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд алданги тооцох гэж заасантай нийцнэ гэж шүүхээс үзэв.

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 176,280 төгрөгийг улсын орлогоос гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгож, Д ХК-иас 176,280 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.2, 116, 118 дугаар дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.5, 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан Д ХК-иас 9,391,691 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э.А-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 176,280 төгрөгийг улсын орлогоос гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгож, Д ХК-иас 176,280 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ХАНГАЛ