Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 08 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2023/01665

 

 

 

 

 

 

 

 

2023 08 25 210/МА2023/01665

 

 

 

Э.А гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч С.Энхбаяр, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 102/ШШ2023/02229 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Э.А

Хариуцагч: Д ТӨХК

Нэхэмжлэлийн шаардлага: урамшуулалт цалин, алданги нийт 9,391,691 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч М.Баясгалангийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Э.А , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Эрдэмбилэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Минжинхүү, хариуцагчийн өмгөөлөгч Д.Оросоо, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Золзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1 Э.А нь Д ТӨХК-ийн үйлдвэрчний эвлэлийн хорооны даргаар 2015 оны 03 дугаар сарын 02-ны өдөр сонгогдсон. Улмаар 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр 2 дахь удаагаа улиран сонгогдон ажиллаж байна.

1.2 Хөдөлмөрийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.3.5, 4 дүгээр зүйлийн 4.1.7, 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсгийг тус тус үндэслэн Д ТӨХК-ийн захиргаа болон Үйлдвэрчний эвлэлийн хорооны хооронд хамтын гэрээг байгуулсан. Д ТӨХК нь хамтын гэрээний 7.4 дэх хэсэгт ҮЭ-ийн хорооны даргыг компанийн ажилтны нэг адил хамтын гэрээнд хамруулан жилийн болон сарын ажлын үр дүнгийн шагналт цалин, мэргэшлийн нэмэгдэл, нийгмийн хамгааллын хөнгөлөлт олгоно гэж заасныг зөрчиж, хорооны дарга Э.А гийн жилийн ажлын үр дүнгийн урамшуулалт цалинг олгоогүй.

1.3 Компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрээр 2022 оны жилийн ажлын үр дүнгийн урамшуулалт цалинг 4 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээгээр тогтоож, 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн олгож байгаа боловч Д ТӨХК-ийн ажилтнуудад жилийн ажиллагааны үр дүнгээр урамшуулал олгох журмын 5.2.3-т компанийн удирдлага, инженер, техникийн болон зарим ажилтны албан тушаалын цалингийн сүлжээний 1-11 дүнгээр ангиллын ажилтан бүр жилийн тайлан хамгаалж үнэлгээ авсан байх... гэснийг үндэслэн тайлан хамгаалахыг аман хэлбэрээр шаардаж, авбал зохих урамшууллыг нэхэмжлэгчид өгөөгүй.

1.4 Үйлдвэрчний эвлэлийн хорооны даргын албан тушаал нь ажил олгогч буюу захиргаанаас хараат бусаар ажиллах ёстой бөгөөд Монголын Үйлдвэрчний холбооны дүрмийн 11.7-д Үйлдвэрчний эвлэлийн хороо нь гишүүддээ болон төлөөлөгчдөд жилд нэгээс доошгүй удаа үйл ажиллагааныхаа тайланг тавьж, сонгуулийг 4 жилд нэг удаа явуулна гэж зааснаар хорооны бүх гишүүдийн хуралдаа тайлан тавьж, хэлэлцүүлдэг. Компанийн захирал нь хараат бусаар ажиллах ёстой хорооны үйл ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлж, хорооны даргыг өөрийнхөө өмнө ажлын тайлангаа хамгаалахыг шаардаж байгаа нь хууль тогтоомжийг зөрчсөн, хамтын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхээс татгалзсан үйлдэл.

1.5 Хөдөлмөрийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт Цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, ээлжийн амралтын цалин, шагнал урамшууллаас бүрдэнэ гэж, мөн хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт цалин хөлсийг тогтоосон хугацаанд олгоогүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд алданги тооцох гэж заасныг үндэслэн Д ТӨХК-аас жилийн үр дүнгийн урамшуулалт цалин 7,430,136 төгрөг, 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдөр хүртэлх алданги 1,961,555 төгрөг, нийт 9,391,691 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1 Д ТӨХК болон Үйлдвэрчний эвлэлийн хорооны хооронд байгуулсан 2021-2022 оны хамтын гэрээний 7.4-т ҮЭХ-ны даргыг компанийн ажилтны нэг адил хамтын гэрээнд хамруулан жилийн болон сарын үр дүнгийн шагналт цалин, мэргэшлийн нэмэгдэл, нийгмийн хамгааллын хөнгөлөлт олгоно гэж заасан. Энэ зохицуулалт нь Үйлдвэрчний эвлэлийн хорооны даргад жилийн үр дүнгийн шагналт цалинг шууд буюу 100 хувь бүрэн олгоно гэсэн утга илэрхийлэхгүй. Компанийн ажилтны нэгэн адил үзэж, компанид мөрдөгдөж байгаа дотоод журам, эрх зүйн актын дагуу шагналт цалин олгох утга илэрхийлж байна.

2.2 Компанийн ажилтнуудад жилийн ажиллагааны үр дүнгээр урамшуулал олгох журмын 5.2.3-т компанийн удирдлага, инженер техникийн болон зарим ажилтны албан тушаалын цалингийн сүлжээний 1-11 дүгээр ангиллын ажилтан бүр жилийн тайлан хамгаалж үнэлгээ авсан байх гэж заасан. Тухайн ажилтны жилийн ажлын үр дүнгийн шагнал нь тухайн хүний ажлыг зохих ёсоор үнэлэх, үнэлгээнд үндэслэн урамшуулал олгох зохицуулалттай. Ажилтны жилийн ажлын үр дүнг үнэлэхийн тулд ажлын тайлангаа заавал бичиж дүгнүүлж, хамгаалсан байх ёстой. Энэ нь компанийн хэмжээнд үйлчилж байгаа журам. Уг журмыг зөрчиж ажлын тайлан бичээгүй, үнэлгээ дүгнэлт аваагүй этгээдэд жилийн ажлын үр дүнгийн урамшуулал олгох үндэслэлгүй.

2.3 Түүнчлэн, ажилтан жилийн ажлын тайлангаа үнэлүүлж хамгаалаагүй нөхцөлд түүнд олгох урамшууллын хувь хэмжээг тогтоох боломжгүй. ҮЭХ-ны дарга нь жилийн ажлын үр дүнгийн урамшууллыг компаниас авахын тулд дээрх журмын 5.2.3-т зааснаар зарим ажилтан, ажилтан бүр гэж заасан тул ажлын тайлангаа бичиж, зохих шатны хуралд тайлагнаж, үнэлүүлж, хамгаалах үүрэгтэй. Мөн журмын 5.3.2-т жилийн тайлангаа хүндэтгэн үзэх шалтгаанаар хамгаалаагүй бол урамшуулал олгохгүй хэмээн заасан.

ҮЭХ-ны даргын хувьд 2022 онд хийсэн ажлын тайлангаа бичиж үнэлүүлж, хамгаалаагүй тул түүнд жилийн ажлын үр дүнгийн урамшуулал олгох үндэслэлгүй. 2022 онд хөндлөнгийн хараат бус аудитын хяналт шалгалтаар Үйлдвэрчний эвлэлийн хорооны даргад жилийн ажиллагааны үр дүнгээр урамшуулал олгохдоо тайлан, дүгнэлт, баримтгүйгээр олгосон гэх анхааруулга өгсөн. Компанийн хэмжээнд мөрдөгдөж байгаа дотоод журмыг биелүүлэх шаардлагыг тухайн журмын дагуу жилийн ажлын урамшуулал авах гэж байгаа ажилтанд тавих нь ҮЭХ-ны үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцсон, нөлөөлсөн үйлдэл болохгүй. Компанийн ажилтны нэгэн адил урамшуулал авах болон ҮЭХ-г төлөөлөн ажиллах нь хоёр өөр харилцаа.

Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.5, 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан Д ТӨХК-аас 9,391,691 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э.А д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 176,280 төгрөгийг улсын орлогоос гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгож, Д ТӨХК-аас 176,280 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1 Д ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн А/112 дугаар Хөдөлмөрийн дотоод журам шинэчлэн батлах тухай тушаал-ын 2-т Хөдөлмөрийн дотоод журмыг компанийн нийт ажилтанд сурталчлан таниулах, үйл ажиллагаандаа мөрдөж ажиллахыг алба, хэлтэс, цехийн дарга нарт хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Захиргаа удирдлагын хэлтэст тус тус үүрэг болгосугай гэж тушааснаар Захиргаа удирдлагын хэлтсээс нэхэмжлэгч ҮЭХ-ны дарга Э.А д үр дүнгийн тайлангаа тайлагнах талаар удаа дараа сануулж, шаардсан. Гэтэл нэхэмжлэгч нь ...би танайд тайлагнахгүй, тайлагнах албагүй гэсэн. Нэхэмжлэгч нь байгууллагын хэмжээнд дагаж мөрдөж буй хэм хэмжээг биелүүлэхгүй, санаатай зөрчиж байгаа тул түүнийг үүргээ биелүүлсэн гэж үзэх үндэслэлгүй. Манай зүгээс тайлан тавьсан бусад ажилтан, хаагчид үр дүнгийн гэрээгээр заасан урамшууллыг хуульд нийцүүлэн олгосон.

4.2 Шүүхээс үр дүнгийн тайлангаа тайлагнаагүй, бичгээр ирүүлээгүй ажилтанд үр дүнгийн нэмэлт урамшуулал олгох хууль зүйн зохицуулалт байхгүй. Нэхэмжлэгчийн нэхэмжилж буй мөнгө бол үндсэн цалин хөлс биш, хүлээсэн үүргээ биелүүлсэн буюу амжилт, үр дүн гаргасан тохиолдолд олгодог болзолт шагналт хөлс. Үүрэгт ажлаа хийсний хөлсөө авсан этгээд онцгой үр дүн, амжилт гаргасан тохиолдолд ажил олгогч уг үр дүнг тооцож, хэмжиж, үнэлгээ хийж олгох хөлс юм, иймд ажлын хөлс, цалинтай адилтгаж гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Иймд шүүхээс үр дүнгийн тайлангаа ирүүлээгүй буюу шагналт хөлс авах болзол хангаагүй ажилтанд үр дүнгийн урамшууллыг олго гэсэн нь хуульд нийцээгүй.

4.3 Шүүх шийдвэртээ ...Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Дулааны хоёрдугаар цахилгаан станцын дэргэдэх үйлдвэрчний эвлэлийн хороо нь 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хорооны бүх гишүүдийн хурлаа хийж, тайлангаа тавьсан байна. Ийнхүү тайлангаа тавьсан нь Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны дүрмийн 11.7-д Үйлдвэрчний эвлэлийн хороо нь гишүүддээ болон төлөөлөгчдөд жилд нэгээс доошгүй удаа үйл ажиллагааны тайлангаа тавьж, сонгуулийг 4 жилд нэг удаа явуулна гэж заасантай нь нийцсэн буюу нэхэмжлэгч Э.А г холбогдох дүрэм, журмаар хүлээсэн үүргээ биелүүлсэн гэж үзэхээр байна. гэж шийдвэрлэсэн нь буруу. Учир нь, энэ дурдсан ажил бол үйлдвэрчний эвлэлийн хорооны хувьд хийсэн ажил. Харин ажил олгогч, нэхэмжлэгч хоёрын хооронд үүссэн харилцааны хувьд ажил олгогч үр дүнгийн хөлс олгохын тулд тайланг шаардах зүй ёсны хэрэг. Тайлан, үр дүнг тооцохгүйгээр үр дүнгийн хөлс олгох шударга ёсны зарчимд нийцэхгүй.

4.4 Нэхэмжлэгч нь үр дүнгийн тайлангаа хариуцагчид тайлагнасан талаар нотлоогүй. Тухайн ажилтны жилийн ажлын үр дүнгийн шагнал нь тухайн хүний ажлыг зохих ёсоор үнэлэх, үнэлгээнд үндэслэн урамшуулал олгох зохицуулалттай. Ажилтны жилийн ажлын үр дүнг үнэлэхийн тулд ажлын тайлангаа заавал бичиж дүгнүүлж, хамгаалсан байх ёстой. Энэ нь компанийн хэмжээнд үйлчилж байгаа журам болно. Уг журмыг зөрчиж ажлын тайлан бичээгүй, үнэлгээ дүгнэлт аваагүй хэн нэг этгээдэд жилийн ажлын үр дүнгийн урамшуулал олгох нь компанийн ажилтнуудад тэгш бус хандсан явдал.

Түүнчлэн, ажилтан жилийн ажлын тайлангаа үнэлүүлж хамгаалаагүй нөхцөлд түүнд олгох урамшууллын хувь хэмжээг тогтоох боломжгүй. Иймд ҮЭХ-ны даргын хувьд 2022 онд хийсэн ажлын тайлангаа бичиж үнэлүүлж, хамгаалаагүй тул түүнд жилийн ажлын үр дүнгийн урамшуулал олгох үндэслэлгүй байхад шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

4.5 2022 оны хөндлөнгийн хараат бус аудитын хяналт шалгалтаар ҮЭХ-ны даргад жилийн ажиллагааны үр дүнгээр урамшуулал олгохдоо тайлан, дүгнэлт, баримтгүйгээр олгосон гэх анхааруулга өгсөн. Энэ зөрчил гаргаж байсан гэсэн үг. Зөрчил гаргаж байсан этгээд шагналт цалингаа шүүхийн журмаар гаргуулахаар шүүхэд хандсан.

Компанийн хэмжээнд мөрдөгдөж байгаа дотоод журмыг биелүүлэх шаардлагыг тухайн журмын дагуу жилийн ажлын урамшуулал авах гэж байгаа ажилтанд тавих нь ҮЭХ-ны үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцсон, нөлөөлсөн үйлдэл болохгүй.

Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.9, Д ТӨХК-ийн ажилтнуудад жилийн ажиллагааны үр дүнгээр урамшуулал олгох журмын 5.2.3, 5.3.2-т заасныг тус шүүхээс үр дүнгийн тайлангаа тайлагнасан гэж илт хууль бус, хуулийг буруу тайлбарласан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:

5.1 Үйлдвэрчний эвлэлийн хорооны даргыг гишүүдийн хурлаас сонгодог. Бүх гишүүдийн хуралдаанд Үйлдвэрчний эвлэлийн дүрмийн дагуу 4 жилд нэг удаа сонгогдож жилд нэгээс доошгүй удаа тайлан тавина. Үүнийг анхан шатны шүүхээс зөв дүгнэсэн. 2022 оны 11 дүгээр сард тайланг танилцуулсан. 2022 оны тайланг танилцуулахдаа 2021 оны тайланг танилцуулсан. 2022 он дуусаагүй байхад 2022 оны хийж гүйцэтгэсэн ажлыг тайлагнах боломжгүй. Үүнийг дараагийн жил буюу 2022 он дууссаны дараа буюу 2023 онд танилцуулах боломжтой.

5.2 Хамтын гэрээний 7.4-т Үйлдвэрчний хорооны дарга компанийн ажилтны нэгэн адил хамтын гэрээнд хамааруулан жилийн болон сарын үр дүнгийн урамшууллыг авна гэж заасан. Сонгуульт ажилтны үйл ажиллагаандаа баримтлах дүрэм журам нь Үйлдвэрчний эвлэлийн хороо болон холбоо бусад хуульд тогтоомжид заасан агуулгаар зохицуулагддаг. Тухайн байгууллагатай хөдөлмөр эрхлэлтийн харилцаанд ороогүй. Тухайн байгууллагын ажилтан болоогүй, хөдөлмөрийн харилцаанд ороогүй байж тухайн байгууллагын дотоодод мөрдөгддөг хэм хэмжээнүүдийг мөрдөх шаардлагагүй. Энэ талаар анхан шатны шүүхээс зөв тайлбарласан.

5.3 Хамтын гэрээ болон хэм хэмжээнүүд зөрчилдсөн тохиолдолд ажилтанд илүү ашигтай хувилбарыг сонгоно. Манай нэхэмжлэгч нь ажилтан биш. Иймд дотоод хэм хэмжээг мөрдөх шаардлагагүй.

5.4 Анхан шатны шүүх хуралдаан 2023 оны 6 дугаар сарын 06-ны өдөр хуралдсан. Шүүхийн шийдвэр 2023 оны 6 дугаар сарын 28-ны өдөр албажиж гарсан бөгөөд үүнийг нэхэмжлэгч, хариуцагч талд хоёуланд нь мэдэгдсэн. Гомдол гаргах хугацаа өнгөрсөн байхад гомдол гаргасан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.8-д заасан шүүхийн буруутай үйл ажиллагааны улмаас гэх заалтыг баримтлах боломжгүй.

5.5 Компанийн жилийн урамшуулалд олгох журмын 5.2.3-т дагуу цалингийн сүлжээний 1-11-т хамаардаг хүмүүс тайлан хамгаалах ёстой. Цалингийн сүлжээг компанийн гүйцэтгэх захирал баталдаг. Компаниас хөдөлмөрийн гэрээгээр ажилдаг ажилтны үндсэн цалингийн сүлжээ байгаа. Миний бие Үйлдвэрчний эвлэлийн хороон дарга нь Үйлдвэрчний эвлэлийн гишүүдийн татвараар буюу хороонд төвлөрсөн хөрөнгөөс үндсэн цалингаа авдаг. Цалингийн сүлжээнд хамаарах ажилтнууд тайлан хамгаална. Тус журмын 4.1-т хамаарах ажилтан, талуудыг заасан ба компанийн хөдөлмөрийн гэрээ байгуулсан ажилтан, албан хаагчид хамаарна. Энэхүү журам нь Үйлдвэрчний эвлэлийн хороон даргад хамааралгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн заалтын дагуу компанийн захиргаатай Үйлдвэрчний эвлэлийн байгуулсан хамтын гэрээний биелэлт, 7.4-т нэгэнт байгуулсан гэрээг мөрдөж биелүүлэх үүрэгтэй гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн төлөөлөгчийн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгов.

 

2. Нэхэмжлэгч Э.А нь хариуцагч Д ТӨХК-д холбогдуулан үр дүнгийн урамшуулалт цалин 7,430,136 төгрөг, алданги 1,961,555 төгрөг нийт 9,391,691 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

2.1 Нэхэмжлэгч нь шаардлагын үндэслэлээ ...хамтын гэрээнд заасны дагуу нэхэмжлэгч нь үр дүнгийн урамшуулалт цалин авах эрхтэй, ...нэхэмжлэгч нь хариуцагч байгууллагын ажилтан биш тул хариуцагчид ажлаа тайлагнах үүрэггүй гэж тодорхойлсон. Хариуцагч шаардлагын үндэслэлийг ...нэхэмжлэгч журамд заасны дагуу ажлаа дүгнүүлж хамтын гэрээнд заасан үр дүнгийн урамшуулалт цалин авах эрх үүснэ. Нэхэмжлэгч нь ажлаа дүгнүүлээгүй тул 2022 оны үр дүнгийн урамшуулалт цалин олгохгүй гэж тайлбарласан.

 

3. Нэхэмжлэгч нь шаардлагаа үр дүнгийн урамшуулалт цалин гэж тодорхойлсон боловч агуулга нь Хөдөлмөрийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт заасан цалин хөлсний бүрдэл хэсэг болох шагнал урамшуулал авах эрхтэй эсэх нь талуудын хооронд үүссэн маргааны зүйл болжээ.

 

4. Хэрэгт авагдсан нотлох баримт болон талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдсон байна.

4.1 Э.А нь 2015 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн Д ТӨХК-ийн үйлдвэрчний эвлэлийн хорооны даргаар сонгогдон ажиллаж байгаа.

4.2 Д ТӨХК-ийн захиргаа болон Үйлдвэрчний эвлэлийн хорооны хооронд байгуулагдсан 2021-2022 оны хамтын гэрээний 7.4 дэх хэсэгт зааснаар Үйлдвэрчний эвлэлийн хорооны даргыг компанийн ажилтны нэг адил хамтын гэрээнд хамруулан жилийн болон сарын ажлын үр дүнгийн шагналт цалин, мэргэшлийн нэмэгдэл, нийгмийн хамгааллын хөнгөлөлт олгохоор тохиролцсон.

4.3 Д ТӨХК-ийн дэргэдэх үйлдвэрчний эвлэлийн хорооны бүх гишүүдийн 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн хурлаар Үйлдвэрчний эвлэлийн хорооны 2021 онд зохион байгуулсан ажлыг тайлагнаж, хангалттай гэж дүгнэсэн.

 

5. Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай БНМАУ-ын хуулийн 6 дугаар зүйлийн 4-т Үйлдвэрчний эвлэл, түүний сонгуульт ажилтныг үйл ажиллагаагаа явуулах нөхцөл, бололцоогоор хангах асуудлыг хамтын гэрээнд тусгаж хэрэгжүүлнэ. Үндсэн ажлаасаа чөлөөлөгдсөн үйлдвэрчний эвлэлийн сонгуульт ажилтанд хамтын гэрээ нийт ажилтны нэг адил хамаарна гэж заасны дагуу талууд 2021-2022 оны хамтын гэрээний 7.4 дэх хэсэгт ҮЭ-ийн хорооны даргыг компанийн ажилтны нэг адил хамтын гэрээнд хамруулан жилийн болон сарын ажлын үр дүнгийн шагналт цалин, мэргэшлийн нэмэгдэл, нийгмийн хамгааллын хөнгөлөлт олгоно гэж харилцан тохиролцсон байна. /хх 28/

5.1 Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт зааснаар хүсэл зоригийн агуулгыг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарна. Мөн зүйлийн 41.2 дахь хэсэгт хүсэл зоригийн илэрхийллийн утга ойлгомжгүй бол хүсэл зоригоо илэрхийлэгчийн хэрэгцээ, шаардлага, үг болон үйлдэл, эс үйлдэхүй, бусад нөхцөл, байдалд дүн шинжилгээ хийх замаар тайлбарлана гэж заасан.

Хамтын гэрээний 7.4 дэх хэсэгт ҮЭ-ийн хорооны даргыг компанийн ажилтны нэг адил хамтын гэрээнд хамруулан жилийн болон сарын ажлын үр дүнгийн шагналт цалин, мэргэшлийн нэмэгдэл, нийгмийн хамгааллын хөнгөлөлт олгоно гэж заасан үгийн шууд утга нь Үйлдвэрчний эвлэлийн хорооны даргад шагнал урамшуулал буюу үр дүнгийн шагналт цалин олгох нөхцөлийг ажилтантай ижил журмын дагуу олгохоор тохиролцсон гэж үзэх боловч олгох нөхцөл, шаардлагыг тухайлан зохицуулаагүй байна. Энэ тохиолдолд хамтын гэрээний дээрх хэсгийг Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2 дахь хэсэгт заасны дагуу тайлбарлавал Үйлдвэрчний эвлэлийн хорооны даргад шагнал урамшуулал буюу үр дүнгийн шагналт цалин олгох тохиолдолд Д ТӨХК-ийн ажилтнуудад жилийн ажиллагааны үр дүнгээр урамшуулал олгох журам нэгэн адил үйлчлэхээр байна.

 

6. Д ТӨХК-ийн ажилтнуудад жилийн ажиллагааны үр дүнгээр урамшуулал олгох журмын 5.2-т ажилтанд урамшуулал олгох нөхцөл, шаардлагыг заасан байх бөгөөд нэхэмжлэгч нь тухайн нөхцөл, шаардлагыг хангасан гэж үзэх үндэслэл баримтаар тогтоогдоогүй байхад анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.5, 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсгийг тайлбарлан хэрэглэсэн нь үндэслэлгүй болжээ.

Тодруулбал, Үйлдвэрчний эвлэлийн хорооны бүх гишүүдийн 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн хурлаар тус хорооны 2021 онд зохион байгуулсан ажлыг тайлагнаж, хангалттай үнэлгээ авсан нь 2022 оны урамшууллыг шаардах үндэслэл болохгүй.

Иймд нэхэмжлэгч нь хамтын гэрээний дагуу шагнал урамшуулал буюу үр дүнгийн шагналт цалинг хариуцагчаас шаардах эрхгүй тул энэ талаарх хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлтэй.

 

7. Нэгэнт нэхэмжлэгч нь хариуцагчаас шагнал урамшуулал буюу үр дүнгийн шагналт цалин шаардах эрхгүй байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт заасан алданги шаардсан нь үндэслэлгүй.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 102/ШШ2023/02229 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.5, 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч Д ТӨХК-д холбогдох, урамшуулалт цалин 9,391,691 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Э.А гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 165,217 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД

 

ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР

 

М.БАЯСГАЛАН