Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 102/ШШ2023/02443

 

 

 

 

 

 

 

 

 

2023 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 102/ШШ2023/02443

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Зүмбэрэл даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: С.М

 

Хариуцагч: НШШГГ

 

Үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л, гэрч Г.От, шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөхөөр нарийн бичгийн дарга М.Баярмаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эрхийн улсын бүртгэлийн .... дугаартай, .... орон сууцыг битүүмжлэн хурааж, С ХХК-иар үнэлгээ тогтоолгоход зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур буюу 165,171,720 төгрөгөөр үнэлсэн нь бидний эрх зүйн байдлыг дордуулж байх тул гомдол гаргаж байна. Иймд 2023 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн орон сууц үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү. Зах зээлийн ханд 180,000,000-190,000,000 төгрөгийн үнэтэй болно. гэжээ.

 

2. Хариуцагч хариу тайлбартаа: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 сарын 04-ний өдрийн захирамжаар хариуцагч С.М, Ц.М нараас 57,994,280 төгрөгийг гаргуулаад С ББСБ-т олгохоор шүүхийн шийдвэр гарсан. Дээрх шийдвэрийн дагуу үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан ........... орон сууцаар төлбөрийг хангуулахаар шийдвэр гарсан. Дээрх шийдвэрийн дагуу төлбөр төлөгч нар сайн дураар буюу 2022 оны 06 сарын 30-ны өдөр 10,000,000 төгрөг үүнээс хойш 17,000,000 төгрөг нийт 27,000,000 төгрөг төлсөн. Энэ хугацаанд төлбөр төлсөн боловч төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй учир үүргийн гүйцэтгэлд дурдсан барьцаа хөрөнгө болох Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, 51 дүгээр байрны 153 тоот хаягт байршилтай 40м.кв байрыг 2023 оны 01 сарын 26-ны өдөр хурааж, 2023 оны 02 сарын 13-ны өдрийн 47 дугаар тогтоолоор шинжээч Г.Отомилсон. Шинжээч нь тухайн хөрөнгийг үнэлж 2023 оны 02 сарын 24-ний өдрийн байдлаар 165,171,720 төгрөг гэж үнэлсэн. Дээрх эд хөрөнгийн үнэлгээгээр зах зээлийн бодит ханш ингэж үнэлэгдсэн гэдгийг 2023 оны 02 сарын 24-ний өдөр талуудад мэдэгдэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-т зааснаар үнэлгээг хүлээн зөвшөөрвөл сайн дураар сарын дотор худалдан борлуулах эрхтэй гэх мэдэгдэл өгсөн. Энэ үнэлгээг нэхэмжлэгч талаас хүлээн зөвшөөрөөгүй учраас шүүхэд нэхэмжлэл гаргасан. Ингээд шүүхээс түдгэлзүүлсэн захирамж гарч шийдвэр гүйцэтгэх ажиллагааг зогсоосон. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Нэхэмжлэгчээс Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 4-145/3814 дугаар албан бичиг /хх 4/, хариуцагчаас Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 725 дугаартай гүйцэтгэх хуудас /хх 17/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 7809 дугаартай шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамж /хх 18/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 10683 дугаар шүүгчийн захирамжид өөрчлөлт оруулах тухай шүүгчийн захирамж /хх 19/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 2469 дугаар шүүгчийн захирамж /хх 20-21/, С ХХК-ийн 2022 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 22/197 дугаар албан бичиг /хх 22/, 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 22370667 дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоол /хх 23/, 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 22370667/02 дугаартай төлбөр төлөгчийн эд хөрөнгийн мэдүүлэг /хх 24/, 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн төлбөр төлөгчийн эрх, үүрэг, хариуцлага танилцуулсан тухай тэмдэглэл /хх 25/, 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /хх 26/, 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл /хх 27/, 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн итгэмжлэл /хх 28/, Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 22370667/06 дугаар эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, жагсаалт /хх 30-31/,2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /хх 32/, 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл /хх 33/, С ХХК-ийн 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 11/341 дугаар албан бичиг /хх 34/, Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 4-145/2025 дугаар албан бичиг /хх 35/, 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 145-7 дугаар хөрөнгийн эрх түдгэлзүүлэх тухай тогтоол /хх 36/, Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 22370667/10 дугаартай эд хөрөнгө хураах тухай тогтоол /хх 37-38/, 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /хх 39/, нэхэмжлэгч С.М 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр гаргасан үнийн санал /хх 40/, Ц.Я 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр гаргасан үнийн санал /хх 41/, С ХХК-ийн 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 23/27 дугаартай албан бичиг /хх 42/, 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 2/47 дугаар шинжээч томилох тухай тогтоол /хх 43-47/, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 48-79/, Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 4-145/3814 дугаар өмчлөгчид хөрөнгийн үнэлгээ мэдэгдсэн тухай албан бичиг /хх 80/, Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 4-145/3815 дугаар төлбөр авагчид хөрөнгийн үнэлгээ мэдэгдсэн тухай албан бичиг /хх 81-82/, 2023 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /хх 83-84/ зэрэг баримтуудыг тус тус шүүхэд гаргаж өгсөн.

 

Шүүх хариуцагчийн хүсэлтээр гэрчээр Г.О асуусан байна.

 

Нэхэмжлэгчийн гарган өгсөн хэргийн 5-6, 107-114 дугаар хуудаст байгаа баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангахгүй байна.

 

 

ҮНДЭСЛЭХ нь: 

 

4. Шүүхээс нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

 

5. Нэхэмжлэгч нь эрхийн улсын бүртгэлийн .... дугаартай,..... орон сууцны үнэлгээ зах зээлийн ханшнаас доогоор үнэлэгдсэн тул 2023 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн орон сууц үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан гэж маргажээ.

 

6. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч хөрөнгийн үнэлгээг 2023 оны 2 дугаар сарын 24-ний өдөр мэдсэнээс хойш 2023 оны 3 дугаар сарын 02-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан тул гомдлыг шүүх хянан хэлэлцэх үндэслэл бүрджээ.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

7. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 10683 дугаар шүүгчийн захирамжид өөрчлөлт оруулах тухай шүүгчийн захирамж, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 2469 дүгээр шүүгчийн захирамжаар Ц.Я, С.М нар нь 57,994,280 төгрөгийг нэхэмжлэгч С ХХК-д төлөх үүргээ сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд эрхийн улсын бүртгэлийн......... дугаартай, .... орон сууцыг худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангахаар талууд харилцан тохиролцож эвлэрснийг баталгаажуулжээ.

 

8. Дээрх шийдвэрийг Ц.Я, С.М нар сайн дураар биелүүлээгүйгээс Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 725 дугаартай гүйцэтгэх хуудас, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 7809 дугаартай шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамжийг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдөр үүсгэж, шүүхийн шийдвэрийг биелүүлэх хугацааг 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс 7 хоногоор тогтоож, уг тогтоосон хугацаанд шүүхийн шийдвэрийг биелүүлээгүйгээс барьцаа хөрөнгийг битүүмжлэх, хураан авах ажиллагааг хийсэн байна.

 

Эд хөрөнгө хураах тухай тогтоолыг төлбөр төлөгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, нөхөр Д.Э-д мэдэгдэж, уг ажиллагааг мөн өдрийн тэмдэглэлээр баталгаажуулжээ. Энэхүү ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үйл явц, үр дүнг баталгаажуулах зорилгоор тэмдэглэл үйлдэнэ, мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт Шаардлагатай тохиолдолд энэ хуулийн 14.1-д заасан мэдэгдэх хуудсыг утас, ... мэдэгдэж болно., мөн зүйлийн 14.6 дахь хэсэгт Мэдэгдэх хуудсыг гардуулан өгвөл зохих хүн оршин суугаа газар, эсхүл ажлын байрандаа байхгүй бол мэдэгдэх хуудсыг түүний хамт амьдардаг арван найман насанд хүрсэн хүн, ...хүлээлгэн өгч, тэмдэглэл үйлдэн гарын үсэг зуруулна гэж заасантай нийцэж байна.

 

9. Шийдвэр гүйцэтгэгч нь эрхийн улсын бүртгэлийн .... дугаартай, үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилж, төлбөр төлөх хугацааг дахин 2023 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүртэл хугацаа тогтоосон боловч төлбөр төлөгдөөгүй байхаас гадна төлбөр төлөгч, төлбөр авагч нар үл хөдлөх хөрөнгийн үнэлгээний талаар санал зөржээ.

 

10. Иймээс Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасныг үндэслэн хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулахаар үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч нараас үнийн санал авсан боловч үнийг тохиролцоогүй тул шийдвэр гүйцэтгэгч үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ тогтоолгохоор 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 2/47 дугаар тогтоолоор шинжээч Г.О-г томилж, үнэлгээ тогтоолгожээ.

 

11. Шинжээч Г.О нь эрхийн улсын бүртгэлийн .....дугаартай, ... орон сууцыг нийт 165,171,720 төгрөгөөр үнэлж, хөрөнгийн үнэлгээний тайланг Сэлэнгэ эстимэйт ХХК-ийн нэрээр ирүүлсэн байна. Энэ нь тусгай мэдлэггүй этгээд дүгнэлт гаргасан эсхүл шинжээчээр томилогдоогүй этгээд үнэлгээ гаргасан гэсэн үндэслэлд хамаарахгүй байх тул Шүүх шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу дүгнэлт гаргуулах ажиллагаа явагджээ.

 

12. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлд хөрөнгийн үнэлгээг үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан үнэлгээний өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний стандарт, хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлохоор заасан.

 

Шинжээч хөрөнгийн үнэлгээг хөрөнгийн үнэлгээ хийх ҮОУСтандарт болон зах зээлийн, өртгийн хандлагаар тооцооллыг хийж, хөрөнгийн зах зээлийн үнэлгээг тогтоосон байна. Ийнхүү шинжээч хөрөнгийн зах зээлийн үнэлгээ гаргахдаа ойролцоо байршлын, ижил шинж чанарын 3-аас доошгүй хөрөнгөтэй харьцуулан, хөрөнгийн талбай, байршил, өмчлөх эрх, сайжруулалт, хөрөнгийн биет байдал зэрэгт тохируулга хийжээ. Дээрх хөрөнгийн үнэлгээний тайлангаас үзвэл хөрөнгийн үнэлгээний дүгнэлтүүд Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд нийцээгүй гэж үзэх бодит үндэслэл тогтоогдохгүй байна. Энэ талаарх гэрч Г.Омэдүүлэг үндэслэлтэй болжээ.

 

Нэхэмжлэгч болон төлбөрт төлөгч нарын үнийн саналд 400,000,000 төгрөгийн үнэтэй гэсэн нь үндэслэлгүй байх ба Шийдвэр гүйцэтгэгчийн шинжээч томилж, үнэлгээ гаргуулахтай холбоотой ажиллагаа нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

 

13. Хөрөнгийн үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт 2023 оны 02 дугаар сарын 24-ний өдөр гарч төлбөр төлөгчид мэдэгдсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт заасан Шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгосон бол шинжээчийн дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдэнэ гэсэн журмыг зөрчөөгүй байх тул үнэлгээг хүчингүй гэж үзэх үндэслэл болохгүй.

 

14. Иймд эрхийн улсын бүртгэлийн ......... дугаартай, ..... орон сууцыг үнэлсэн 2023 оны 02 дугаар сарын 24-ны өдрийн үнэлгээ нь хууль болон төлбөр төлөгч нарын эрхийг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

 

15. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлого болгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох, эрхийн улсын бүртгэлийн ...... дугаартай, үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн шинжээчийн 2023 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэгч С.М-н нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гарсан өдрөөс хойш 14 хоногт гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  А.ЗҮМБЭРЭЛ