Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 08 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2023/01624

 

 

 

 

 

 2023 08 18 210/МА2023/01624

 

 

С.*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Д.Нямбазар, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 20-ний өдрийн 102/ШШ2023/02443 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: С.*******ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэбаян, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Содномдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эрхийн улсын бүртгэлийн Ү-2205006498 дугаартай, Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, 51 дүгээр байрны 153 тоотод байрлах орон сууцыг битүүмжлэн хурааж, Сэлэнгэ-Эстимэйт ХХК-аар үнэлгээ тогтоолгоход зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур буюу 165,171,720 төгрөгөөр үнэлсэн нь бидний эрх зүйн байдлыг дордуулж байх тул гомдол гаргаж байна. Зах зээлийн ханш 180,000,000 төгрөгөөс 190,000,000 төгрөг болно. Иймд 2023 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн орон сууц үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн захирамжаар хариуцагч С.*******, Ц.Янжмаа нараас 57,994,280 төгрөгийг гаргуулж, Саран финанс ББСБ ХХК-д олгосон. Дээрх шийдвэрийн дагуу үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 04 дүгээр хороолол, 51 дүгээр байрны 153 тоот хаягт байршилтай 40 м.кв орон сууцаар төлбөрийг хангуулахаар шийдвэрлэсэн.

2.2. Төлбөр төлөгч нар 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 10,000,000 төгрөг үүнээс хойш 17,000,000 төгрөг, нийт 27,000,000 төгрөг төлсөн.

2.3. Төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй учир үүргийн гүйцэтгэлд дурдсан барьцаа хөрөнгө болох Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 04 дүгээр хороолол, 51 дүгээр байрны 153 тоот хаягт байршилтай 40 м.кв байрыг 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хурааж, 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 47 дугаар тогтоолоор шинжээч Г.Отгонбаярыг томилсон. Шинжээч нь тухайн хөрөнгийг 2023 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар 165,171,720 төгрөг гэж үнэлсэн.

2.4. Зах зээлийн бодит ханш үнэлгээг 2023 оны 02 дугаар сарын 24-ний өдөр талуудад мэдэгдэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт зааснаар үнэлгээг хүлээн зөвшөөрвөл сайн дураар сарын дотор худалдан борлуулах эрхтэй гэх мэдэгдэл өгсөн. Үнэлгээг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрөөгүй учраас шүүхэд нэхэмжлэл гаргасан. Ингээд шүүхээс түдгэлзүүлсэн захирамж гарч шийдвэр гүйцэтгэх ажиллагааг зогсоосон. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох, эрхийн улсын бүртгэлийн Ү-2205006498 дугаартай, Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 04 дүгээр хороолол, 51 дүгээр байрны 153 тоот, 40 м.кв талбайтай, 3 өрөө үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн шинжээчийн 2023 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэгч С.*******ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эрхийн улсын бүртгэлийн Ү-2205006498 дугаартай, Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 04 дүгээр хороолол, 51 дүгээр байр 153 тоот байрлах 40 м.кв талбайтай, хуучны 2 өрөө байрны үнэлгээг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шинжээч томилж, үнэлүүлэхэд Сэлэнгэ-Эстимэйт ХХК зах зээлийн үнэлгээнээс доогуур 165,171,720 төгрөг гэж үнэлсэн.

Тус үнэлгээг эс зөвшөөрч анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан ба Үндэсний статистикийн хорооны улирал бүр гаргадаг шинэ, хуучин орон сууцны үнэлгээ, мөн Үнэгүй.мн цахим хуудаснаас ижил орон сууцны үнэ ханшийг нотлох баримтаар өгсөн боловч баримтуудыг нотлох баримтаар үнэлээгүй.

4.2. Мөн өмгөөлөгчтэй оролцох хүсэлт тавьсан ба өмгөөлөгч Н.Энхтуяаг хүсэлтээр оролцуулах тухай хүсэлтийг гаргаж, мөн тухайн 2023 оны 06 дугаар сарын 20-ний өдөр өмгөөлөгч Н.Энхтуяа нь Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд шүүх хурал давхцсан талаар нотлох баримтыг шүүхэд өгсөн.

Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс өмгөөлөгчтэй байгуулсан гэрээ байхгүй гэсэн үндэслэлээр миний өмгөөлүүлэх хууль зүйн туслалцаа авах эрхийг зөрчиж шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулж, шийдвэр гаргасан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох өмгөөлөгчийн төлөөлөх эрх нь эрхзүйн туслалцаа авч байгаа талын хүсэлтээр тодорхойлогдоно. гэж заасан.

Иймд Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 20-ний өдрийн 102/ШШ2023/02443 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

5. Хариуцагч давж заалдах гомдолд хариу тайлбар гаргаагүй болно.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч С.******* нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нь эс зөвшөөрч маргажээ. /1хх.-ийн 1, 119 дүгээр тал/

3. Хэргийн үйл баримтын талаар:

3.а. Төлбөр төлөгч С.*******, Ц.Янжмаа нараас 47,500,000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 259,061 төгрөгийг тус тус гаргуулж Саранфинанс ББСБ ХХК-д олгож, шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд эрхийн улсын бүртгэлийн Ү-2205006498 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 04 дүгээр хороолол, Дилав хутагт Жамсранжавын гудамж 51 дүгээр байрны 153 тоот, 40 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шийдвэрлэсэн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 102/ШШ2021/02469 дугаар захирамж, хуулийн хүчин төгөлдөр болжээ. /1хх-ийн 20-21 дүгээр тал/

3.б. Дээрх хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааны хүрээнд хариуцагч байгууллага 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, нэхэмжлэлд дурдагдсан үл хөдлөх хөрөнгийг 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 22370667/06 тоот тогтоолоор битүүмжилж, 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 22370667/10 тоот тогтоолоор хураан авсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49, 54 дүгээр зүйлд тус тус заасан зохицуулалтад нийцжээ. / 1хх-ийн 23, 30-31, 37-38 дугаар тал/

3.в. Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг төлбөр төлөгч, төлбөр авагч нар тохиролцоогүй тул Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 2/47 тоот тогтоолоор үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээг тогтоолгохоор Сэлэнгэ-Эстимэйт ХХК-ийн үнэлгээчин Г.Отгонбаярыг шинжээчээр томилж, шинжээч Сэлэнгэ-Эстимэйт ХХК-аас улсын бүртгэлийн Ү-2205006498 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 04 дүгээр хороолол, Дилав хутагт Жамсранжавын гудамж 51 дүгээр байрны 153 тоот, 40 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны зах зээлийн үнэ цэнийг 2023 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар 165,171,720 төгрөг гэж тогтоожээ. /1хх-ийн 40-41, 49 дүгээр тал/

4. Хөрөнгийн үнэлгээний тайлангаас үзэхэд шинжээч орон сууцны үнийг өртгийн, орлогын болон зах зээлийн хандлагын аргаар тус тус тооцоолохдоо www.unegui.mn /үнэгүй.мн/ зарын сайт дээр худалдахаар зарлагдсан тухайн үнэлэгдэх хөрөнгөтэй нэг байршилтай, шинж чанарын хувьд ижил төстэй, зах зээлд худалдан борлуулагдахаар санал болгосон хөрөнгүүдийг харьцуулах замаар хөрөнгийн үнэ цэнийг тогтоожээ. Иймд уг орон сууцны зах зээлийн үнэлгээг 165,171,720 төгрөг гэсэн дүгнэлт нь хуульд нийцсэн байна.

4.а. Уг үнэлгээний талаарх мэдэгдлийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2023 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 4-145/3815 дугаар албан бичгээр төлбөр төлөгч С.*******, Ц.Янжмаа нарт хүлээлгэн өгсөн, энэ мэдэгдэлд төлбөр төлөгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч гарын үсэг зурсан болох нь тогтоогдож байна. /1хх.-ийн 81 дугаар тал/

4.б. Хөрөнгийг үнэлсэн дээрх ажиллагаа нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйл 42.1 дэх хэсэг, 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасантай нийцсэн талаар анхан шатны шүүхийн дүгнэлт зөв.

4.в. Нэхэмжлэгч нь зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур үнэлсэн гэх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй тул энэ талаар гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

5. Нэхэмжлэгч С.******* нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасан хугацааны дотор шүүхэд гомдол гаргажээ.

6. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийг өмгөөлөгчтэй оролцох, хууль зүйн туслалцаа авах боломжоор хангаж 2023 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн шүүх хуралдааныг хойшлуулсан, түүнчлэн өмгөөлөгчтэй байгуулсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ хавтаст хэрэгт авагдаагүй, өмгөөлөгчийн шүүх хуралдаа давхацсан байдал баримтаар тогтоогдохгүй гэх үндэслэлээр нэхэмжлэгчийн шүүх хуралдаан хойшлуулах хүсэлтийг хангахгүй орхиж, шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн нь хууль зөрчөөгүй байна.

Шүүх 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдөр иргэний хэрэг үүсгэсэн бөгөөд нэхэмжлэгчийг өмгөөлөгчтэй оролцох эрхийг хангасан тул өмгөөлөгчтэй оролцох боломжоор хангаагүй гэх агуулгатай гомдол үндэслэлгүй.

6.а. Хэрэгт цугларсан баримтаас харахад шүүгчийн 2023 оны 06 дугаар сарын 20-ний өдрийн 102/ШЗ2023/11611 дүгээр захирамжаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгчтэй шүүх хуралдаанд оролцох хүсэлтийг хангахгүй орхиж, өмгөөлөгч авах эрхийг хязгаарласан талаарх давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

7. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэбаяны гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 20-ний өдрийн 102/ШШ2023/02443 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэбаяны гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгч талаас төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.  

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Ш.ОЮУНХАНД

  ШҮҮГЧИД  Д.НЯМБАЗАР

С.ЭНХБАЯР