Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 102/ШШ2023/02444

 

 

 

 

 

 

 

 

2023 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 102/ШШ2023/02444

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Зүмбэрэл даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: УБ ХНН

Хариуцагч: Б ХХК

 120,613,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, С.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөхөөр нарийн бичгийн дарга М.Баярмаа нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б ХХК нь манай УБ ХНН-тэй 2021 онд .... дугаартай Тээвэрлэгчид үл харьяалагдах тээврийн хэрэгслийг тээвэрлэлтэд оролцуулах гэрээг харилцан тохиролцон байгуулж 720060, 76000025, 76000082, 76000074, 76000090 дугаартай 5 вагоныг тээвэрт оролцуулж, хамтран ажиллаж байсан. Улмаар Б ХХК нь ийнхүү дээрх вагонуудыг тээвэрлэлтэд оролцуулах явцдаа буюу 2021 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 72000060 дугаартай вагон, 2021 оны 10 дугаар сарын 11-ны өдөр 72000025 дугаартай вагон, 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 72000082 дугаартай вагон, 2021 оны 10 дугаар сарын 14-ны өдөр 72000074 дугаартай вагон, 2021 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 72000090 дугаартай вагон тус тус манай УБ ХНН-ийн З дэх ... шилжүүлэн ачих ангийн ачилтын 3 дугаар талбайн 11,12,13 дугаар замуудад ирж зогсоосон. Зам тээврийн хөгжлийн яамны сайдын 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 154 дүгээр тушаалын 5 тавдугаар хавсралтаар батлагдсан Төмөр замаар ачаа тээвэрлэх журам-ын 23.6.1-д байгууллага, аж ахуйн нэгж иргэдийн өртөө зөрлөгт ачилт буулгалтад вагоныг тавьж өгөх, татаж авахад санамжийг үйлдэж тарифын мөрдлөгийн дагуу холбогдох төлбөр тооцоог бодож авна гэж заасан байдаг тул бид ирсэн даруйд вагон ачилт буулгалтад ирсэн тухай санамж нээж захирал Б.Б-ийн .... дугаарын утсаар мэдэгдсэн. Гэв Б ХХК нь дээрх хугацаанаас хойш тус вагонуудад ямар нэгэн ачилт хийхгүй буюу тээвэрлэлтэд оролцуулахгүй манай замыг эзлэн зогсоосоор байсан тул Замын-Үүд шилжүүлэн ачих ангиас манай эзэмшлийн замыг ашиглаж байгаатай холбогдуулан зам ашиглалтын төлбөр гарч байгаа талаар Төмөр замын тээврийн тухай хууль, Төмөр замаар ачаа тээвэрлэх журам, Тарифын 1 дүгээр мөрдлөгийн дагуу зам ашиглалтын төлбөр болон вагон таталт тавилтын төлбөрийг Б ХХК-иас шаардаж эхэлсэн. Улмаар 2022 оны 05 дугаар сарын 04-ны өдөр дээрх вагонуудыг М ТӨХК-ийн Зүүнбаян өртөө рүү татаж, манай замыг чөлөөлсөн бөгөөд вагон анх манай нийгэмлэгийн эзэмшлийн замыг ашиглаж зогссон хугацаанаас буюу 2021 оны 10 дугаар сарын 10,11,13,14,16-ны өдрөөс татан авсан буюу зам чөлөөлж өгсөн хугацаа болох 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр хүртэлх хугацааны зам ашиглалт, вагон таталт тавилт, зам ашиглалтын төлбөрийг хугацаанд нь төлөөгүйгээс үүссэн алданги нийт 120,613,000 төгрөг болсон. Б ХХК-иас зам ашиглалтын дээрх төлбөрийг төлөхийг удаа дараа шаардсан боловч төлөхгүй байсаар өнөөдрийг хүрээд байна. Иймд 720060, 76000025, 76000082, 76000074, 76000090 дугаартай 5 вагоны зам ашиглалтын төлбөр 120,613,000 төгрөгийг Б ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч хариу тайлбартаа: УБ ХНН-ээс Б ХХК-д холбогдуулж вагон зам ашиглалтын хөлсөнд 120,613,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн байх бөгөөд уг нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага нь тодорхойгүй байна гэж үзэж байна. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн агуулгадаа талуудын хооронд 2021 онд ТТГ/21/002 тоот Тээвэрлэгчид үл харьяалагдах тээврийн хэрэгслийг тээвэрлэлтэд оруулах гэрээ байгуулагдсан ба 720029, 76000025, 76000082, 76000074, 720094 дугаартай вагоныг тээвэрлэлтэд оруулсан гэдэг боловч уг гэрээгээ нэхэмжлэлдээ хавсаргаагүй нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ юугаар тодорхойлоод байгаа нь ойлгомжгүй байна. УБ ХНН болон Б ХХК нар нь 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр ТТГ/21/002 тоот Тээвэрлэгчид үл харьяалагдах тээврийн хэрэгслийг тээвэрлэлтэд оруулах гэрээг байгуулсан. Уг гэрээний 10.2-т гэрээний үйлчлэх хугацааг 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр хүртэл байна гэж тодорхой заасан байна. Мөн гэрээний 10.4-т талууд гэрээг дуусгавар болохоос өмнө үйлчилсэн хугацаанд дүгнэнэ. Гэрээний хугацааг сунгах тохиолдолд нэмэлт гэрээ байгуулж сунгана гэх тодорхой заасан байна. Нэхэмжлэгч тал хугацаа дуусгавар болсон гэрээний үүргийг Б ХХК-аас шаардаж байгаа бол тус компани хүчин төгөлдөр үйлчлээгүй гэрээний үүрэг, алданги зэргийг хариуцах хуулийн боломжгүй юм. Мөн нэхэмжлэлдээ Төмөр замаар ачаа тээвэрлэх журам, тарифын 1-р мөрдлөгийн дагуу төлбөр нэхэмжилж байна гэсэн боловч тухайн журам, тарифын талаарх нотлох баримтаа нэхэмжлэлдээ хавсаргаагүй нь ИХШХШТХ-ийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т заасан бүрдүүлбэр дутуу гэж үзэхээр байгаа бөгөөд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах нөхцөл байдлыг үүсгэж байна. Нэхэмжлэгч тал 2022 оны 05 дугаар сарын 04-ны өдөр дээрх вагонуудыг Монголын ТӨХК-ийн Зүүн баян өртөө рүү татсан гэжээ. Хэрэв нэхэмжлэгч тал гэрээг баримтална гэвэл уг гэрээнийхээ 2.1.1-т заасан үүргээ ноцтойгоор зөрчсөн болж таарч байна.

 
 

 


БНХАУ-с орж ирэх бараа, бүтээгдэхүүний ачилт хийхээр УБ ХНН-ийн эзэмшлийн талбайд байршуулсан бөгөөд байршуулсан огноог нэхэмжлэгч тал тодорхой дурджээ. Гэвч 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн Замын-Үүд, БНХАУ-ын Эрээн боомтууд Нийтийг хамарсан цар тахал халдварт өвчний дэгдэлтийн улмаас тодорхойгүй хугацаагаар хаагдсан болно. Б ХХК нь нийтийг хамарсан цар тахлын дэгдэлтийн улмаас хоёр улсын хилийн боомт бүрэн хаагдлаа, импортоор орж ирэх ачаа тээвэр, тэр дундаа манай компаниар үйлчлүүлэгчдийн ачаа, барааны урсгал бүрэн зогссон, тээвэрлэлтийн үйл ажиллагаа нь биднээс шалтгаалахгүй нөхцөл байдлаас үүдээд удаан хугацаагаар саатаад байгааг дурдаад санамжийн дагуу тооцогдох төлбөрөөс чөлөөлж өгөхийг хүссэн бичгийг 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр буюу ажлын 5 өдрийн дотор УБ ХНН-д хүргүүлсэн байдаг. Мөн М ТӨХК-ийн өмчлөлийн вагонуудыг тус компанид хүлээлгэн өгөх хүсэлтийг бичгээр удаа дараа гаргаж байсан бөгөөд энэ мэт хүсэлтүүдийг 2021 оны 10 сарын 20-ны өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл 7 удаа гаргасан байдаг. Мөн Б.Б УБ ХНН-д өөрийн биеэр очиж дээрх хүсэлтүүдийн маш олон удаа тавьдаг байсан ч тус нийгэмлэгийн удирдлагуудын зүгээс төлбөрийг бүтэн авах байр суурь илэрхийлж, боломжит хугацаанд хариу өгөлгүй тус компанийн эрх ашгийг улам хохироосоор байсан. УБ ХНН нь гэрээ ёсоор, хуулиараа ч тэр бусдын өмчлөлийн хөдлөх эд хөрөнгийг барьцаалах эрхгүй бөгөөд энэ хууль бус үйлдэлдээ маш удаан хугацаанд үргэлжлүүлсээр байсан. Хэрэв хохирсон гэж үзвэл гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж хуулийн байгууллагад хандах эрх нь нээлттэй байсан. Хэрэв нэхэмжлэгч тал талуудын хооронд байгуулагдсан гэрээний дагуу төлбөр нэхэмжилж байгаа бол тус гэрээний 9 дүгээр зүйлийн 9.1-т Хуульд заасан давагдашгүй хүчин зүйлийн улмаас талууд үүргээ гэрээнд зааснаар гүйцэтгэх боломжгүй бол асуудлыг хуульд зааснаар шийдвэрлэнэ гэж заажээ. Монгол Улсын Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.2 дахь хэсэгт Гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдал, эсхүл талуудын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үүднээс гэрээний хугацааг үргэлжлүүлэх, сунгахыг шаардах боломжгүй нөхцөл байдлыг хүндэтгэн үзэх үндэслэл гэж үзнэ, Мөн Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5-д Энэ хуулиар зохицуулаагүй, шууд нэрлэгдээгүй боловч гэрээний үндсэн шинж, хэлбэрийг илэрхийлсэн өвөрмөц агуулга бүхий гэрээг нэрлэгдээгүй гэрээ гэнэ. Нэрлэгдээгүй гэрээнд энэ хуулийн үүргийн тухай нийтлэг үндэслэл хамаарна.. гэж тус тус заажээ. Талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь маргаан бүхий хугацаанд үйлчилж байсан гэж үзвэл тус гэрээ нь нэрлэгдээгүй гэрээ учраас үүргийн тухай нийтлэг үндэслэл хамаарна гэж үзэж байна. Б ХХК-ийн үйл ажиллагаа нь гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлсийн нөлөөллөөс болж зогссон бөгөөд тус компани үүсээд буй нөхцөл байдлыг нотлуулахаар, шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлж Монголын Худалдаа Аж үйлдвэрийн танхимд хандсан. Тус байгууллагаас судалж үзээд Бомб ХХК-д 2021 оны 12 дугаар сарын 01-ний
өдөр 02/642 тоот Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээг олгосон. Тус компанийн зүгээс УБ ХНН-д дээрх гэрчилгээг хавсаргаж өнгөрсөн хугацаанд болон цаашид ч гэрээ үргэлжлэх боломжгүй байсныг дурдаад бодогдсон төлбөрөөс чөлөөлөх, вагонуудыг эцсийн өмчлөгчид хүлээлгэн өгөх хүсэлтийг удаа дараа гаргаж байсан. УБ ХНН нь гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл болоогүй гэх байр суурийг илэрхийлж ирсэн нь өөрөө хууль болоод шударга ёсонд нийцэхгүй бөгөөд УБ ХНН нь энэ нөхцөл байдлыг тогтоодог эрх бүхий байгууллага биш юм. Мөн талуудын хооронд байгуулсан гэрээ нь Монгол Улсын Иргэний хуулийн хэд хэдэн заалтыг зөрчсөн, талуудын тэгш эрхийн зарчмыг ноцтойгоор зөрчиж байгуулагдсан хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцогдох өндөр магадлалтай гэрээ болохыг энд дурдах нь зүйтэй байна. Б ХХК нь дээрх түрээсийн Вагонуудыг УБ ХНН-ийн эзэмшлийн замд сайн дураараа хадгалаагүй бөгөөд гагцхүү УБ ХНН нь хууль бусаар гуравдагч этгээдийн хөрөнгө гэдгийг мэдсээр байж саатуулан барьж байсан гэдгийг энд дурдах нь зүйтэй байна. УБ ХНН нь дээрх гаргасан үйлдлийнхээ эрх зүйн үр дагаврыг өөрсдөө хариуцах нь шударга ёсонд нийцнэ гэж үзэж байна. Бомб ХХК нь санаатайгаар эсхүл хариуцлагагүй үйлдлээсээ болж нэхэмжлэгчийг хохироогоогүй бөгөөд гагцхүү улс оронд дэгдсэн нийтийг хамарсан халдварт өвчин, төрийн эрх бүхий байгууллагын шийдвэр зэрэг гадаад хүчин зүйлээс шалтгаалж талуудын хооронд үүссэн хэлцлийг үргэлжлүүлэх боломжгүй болсон гэдгийг харгалзан үзэж, хуулийн хүрээнд шударгаар шийдвэрлэнэ гэдэгт итгэж байна. Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул УБТЗ ХНН-ийн Б ХХК-д холбогдуулж гаргасан 120,613,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

3. Нэхэмжлэгчээс Улаанбаатар төмөр замын Замын-Үүд шилжүүлэн ачих ангийн 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 53/488 дугаар албан бичиг /хх 6/, Б ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 43 дугаартай хүсэлт /хх 7-8/, Монгол-оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 10/629 дугаар хариу бичиг /хх 9-11/, Монгол-оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 03/3556 дугаар мэдэгдэл /хх 12/, М ТӨХК-ийн 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 03/42 дугаартай албан бичиг /хх 48/, Монгол-оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын даргын 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн А-361 дугаар тушаал, хавсралт /хх 49-50/, М ТӨХК-ийн 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 2-2/139 дугаар хариу албан бичиг /хх 56/, Б ХХК-ийн 2022 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 46 дугаартай хүсэлт /хх 57/, Улаанбаатар төмөр замын Замын-Үүд шилжүүлэн ачих ангийн 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 53/79 дугаар албан бичиг /хх 58/, Вагон хайлтын үр дүнгийн болон гэр ахуйн тавилга ачааны тээврийн гүйцэтгэлийн жагсаалт /хх 60-82/, Вагон ачилт, буулгалт, хүлээлгэнд тавьж өгсөн, хүлээлцсэн, буулгаж дууссан санамж /83-85/, Улаанбаатар төмөр замын тээвэр зохион байгуулалтын албаны 2023 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 03/500 дугаартай албан бичиг /хх 86/, Улаанбаатар төмөр замын шилжүүлэн ачих ангийн 2023 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 53/246 дугаар албан бичиг /хх 87/, Улаанбаатар төмөр замын хүснэгт /хх 88-90/, хариуцагчаас 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн ТТГ/21/002 дугаар Тээвэрлэгчид үл харьяалагдах тээврийн хэрэгслийг тээвэрлэлтэд оролцуулах гэрээ /хх 25-31/, Бомб ХХК-ийн 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 33 дугаартай хүсэлт /хх 32/, Бомб ХХК-ийн 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 34 дугаартай хүсэлт /хх 33/, Бомб ХХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 41 дугаартай хүсэлт /хх 34/, Бомб ХХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 44 дугаартай хүсэлт /хх 37/, Бомб ХХК-ийн 2022 оны 04 дүгээр сарын 11-ны өдрийн 46 дугаартай хүсэлт /хх 38/, Бомб ХХК-ийн 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 47 дугаартай хүсэлт /хх 39-40/, Бомб ХХК-ийн 2022 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 54 дугаартай хүсэлт /хх 43-44/, Гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлийн 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 02/642 дугаартай гэрчилгээ /хх 45/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 231 дугаар шийдвэр /хх 46-47/, зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

4. Шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв.

5. Нэхэмжлэгч нь гэрээний дагуу 5 вагоны зам ашиглалтын төлбөрт 80,408,500 төгрөг, алданги 40,204,500 төгрөг, нийт 120,613,000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, гэрээний хугацаа дууссан, нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаагүй, нэхэмжлэгч вагоныг шилжүүлснээр гэрээний үүргээ ноцтой зөрчсөн, гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдал үүссэн, нэхэмжлэгч өөрөө вагонуудыг саатуулан барьж байсан гэж маргажээ.

  6. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Зохигчид харилцан тохиролцож, .......нийгэмлэг нь Б ХХК-ийн эзэмшлийн вагоныг төмөр замын тээвэрт оролцуулах үйл ажиллагааг гүйцэтгэх, Бомб ХХК нь холбогдох төлбөр тооцоог гэрээнд заасан хугацаанд төлж барагдуулахаар харилцан тохиролцсон болох нь 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн ТТГ/21/002 дугаар Тээвэрлэгчид үл харьяалагдах тээврийн хэрэгслийг тээвэрлэлтэд оролцуулах гэрээ, түүний хавсралтуудаар тогтоогдож байна.

Мөн энэхүү гэрээнд заасан үйл ажиллагааг вагон тус бүрээр 2021 оны 10 дугаар сарын 10,11,13,14,16-ны өдөр хүртэл үргэлжлүүлж байсан болох нь Улаанбаатар төмөр замын Замын-Үүд шилжүүлэн ачих ангийн 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 53/488 дугаар албан бичиг, Б ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 43 дугаартай үйл ажиллагаа явуулснаа хүлээн зөвшөөрсөн хүсэлт, Монгол-оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 10/629 дугаар хариу бичиг, Монгол-оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 03/3556 дугаар мэдэгдэл, Вагон хайлтын үр дүнгийн болон гэр ахуйн тавилга ачааны тээврийн гүйцэтгэлийн жагсаалт, Вагон ачилт, буулгалт, хүлээлгэнд тавьж өгсөн, хүлээлцсэн, буулгаж дууссан санамж зэргээр тогтоогджээ.

Түүнчлэн 720060, 76000025, 76000082, 76000074, 76000090 дугаартай вагонууд гэрээнд заасан вагоны дугаараас өөр боловч зохигчид энэ талаар маргаагүй, харилцсан албан бичигтээ энэ вагоны дугаарыг дурдаж байснаас гадна 2021 оны 10 дугаар сарын 10,11,13,14,16-ны өдрүүдэд зам ашиглаж, тавигдсан вагон тус бүрийг 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдөр тээврийн бичиг баримт үйлдэгдэж, Зүүнбаян өртөө рүү илгээгдсэн болох нь Улаанбаатар төмөр замын тээвэр зохион байгуулалтын албаны 2023 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 03/500 дугаартай албан бичиг, Улаанбаатар төмөр замын шилжүүлэн ачих ангийн 2023 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 53/246 дугаар албан бичиг, Улаанбаатар төмөр замын хүснэгтээс харагдаж байна.

Хариуцагчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, татгалзах үндэслэлүүд хоорондоо харилцан зөрүүтэй байх тул үндэслэл бүрд нь дүгнэлт өгөх хэрэгтэй болжээ.

7. Хариуцагчийн гэрээний хугацаа дууссан тул хүчин төгөлдөр үйлчлээгүй гэрээний үүрэг, алданги зэргийг хариуцах боломжгүй гэсэн нь үндэслэл муутай байна.

Зохигч талуудын хооронд байгуулагдсан 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн ТТГ/21/002 дугаар Тээвэрлэгчид үл харьяалагдах тээврийн хэрэгслийг тээвэрлэлтэд оролцуулах гэрээ нь 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр хүртэл хугацаатай байжээ.

Гэхдээ Б ХХК нь 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 43 дугаартай албан бичигтээ 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд нийт 250 вагон буюу 16500 орчим тонн ачааг тээвэрлэж, УБ-д 207,000,000 төгрөгийн орлого оруулж ажилласан талаар дурдсан байгаагаас үзвэл зохигч талуудын хооронд өмнөх гэрээний харилцааг тодорхой бус хугацаагаар сунгагдсанд тооцохоор байна.

Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.3 дахь хэсэгт нэг талын хүсэл зоригийн илэрхийллийг нөгөө тал хүлээн авснаа өөрийн тодорхой үйлдлээр илэрхийлсэн бол уг хэлцлийг бодит үйлдлээр хийгдсэн гэж үзнэ зааснаар гэрээний хугацаа дууссанаас хойш 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл 250 вагон буюу 16500 орчим тонн ачааг дагалдах бичигт үндэслэн тээвэрлэж байсан тул өмнөх гэрээ үргэлжилсэн гэж үзэхээр байна.

Иймд талууд гэрээг өмнөх нөхцөлөөр үргэлжлүүлж, цуцлах талаар хэн аль нь санал гаргаагүй тул гэрээний агуулга өмнөх нөхцөлөөр үргэлжилнэ.

8. Мөн хариуцагчаас нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага ойлгомжгүй, төмөр замаар ачаа тээвэрлэх журам, тарифын талаар баримт байхгүй гэсэн боловч нэхэмжлэгч ямар гэрээний үүрэг, алдангид хэдэн төгрөг нэхэмжилсэн нь тодорхой, төмөр замаар ачаа тээвэрлэх тарифын өөрчлөлтийн тушаалыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхэд гарган өгсөн тул энэ талаарх тайлбар үндэслэлгүй болжээ.

9. Түүнчлэн хариуцагчийн зүгээс нэхэмжлэгч вагоныг шилжүүлснээр гэрээний үүргээ ноцтой зөрчсөн, нэхэмжлэгч өөрөө вагонуудыг саатуулан барьж байсан гэсэн нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.  

Б ХХК нь 2022 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 46 дугаартай хүсэлтийг У-ын Замын-Үүд дэх шилжүүлэн ачих ангийн дарга Г.Цогтбаатарт гаргахдаа ... манай компанийн хувьд УБ ХК-тай тооцох төлбөр тооцооны асуудлыг Монгол Улсад мөрдөж буй хууль, дүрэм, журмын дагуу үнэн зөв тодорхойлсны үндсэн дээр тооцож, шийдвэрлэх нь гарцаагүй тул танай байгууллагын зүгээс бусдын өмчийг барьцаалан үргэлжлүүлэн зогсоолгүйгээр 76000090, 76000025, 76000074, 76000082, 720060 дугаар бүхий вагонуудыг МТЗ ТӨХК-ны хүсэлтийн дагуу зохих өртөөнд нь явуулж өгөхийг санал болгож байна гэсний дагуу нэхэмжлэгчийн зөвшөөрлөөр 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдөр тээврийн бичиг баримт үйлдэгдэж, Зүүнбаян өртөө рүү шилжүүлжээ. Энэхүү үйл баримтаар хариуцагчийн дээрх тайлбар үгүйсгэгдэж байна.

10. Эдгээрээс гадна хариуцагч гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдал үүссэн гэсэн нь тогтоогдохгүй байна. Монгол Улсын Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 02/642 дугаар гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээг Бомб ХХК-д олгожээ. 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн ТТГ/21/002 дугаар Тээвэрлэгчид үл харьяалагдах тээврийн хэрэгслийг тээвэрлэлтэд оролцуулах гэрээний 2 дугаар хавсралтад эзэмшигчийн вагоны ачааг тээвэрлэх замнал нь БНХАУ-ын Эрээн өртөө-Амгалан өртөө, Замын-Үүд өртөө-Амгалан өртөө буюу дотооддоо ачаа зөөвөрлөхөөр байхаас гадна гэрээний 3.1.5-д тээвэрт ашиглаагүй үед вагоныг өөрийн эзэмшлийн салбар замд тавих ба техникийн бүрэн бүтэн байдал, галын аюулаас урьдчилан сэргийлэх, хариуцан хамгаалах үүрэгтэй зааснаар БНХАУ-д цар тахал гарсан нь вагонуудыг өөр замд шилжүүлэх, дотооддоо зорчиход нөлөөлөхгүй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх зааснаар хэргийн оролцогч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа шүүхэд өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд хариуцагч өөрийн татгалзлын үндэслэлээ баримтаар нотлоогүй байна.

11. Талууд төрөл бүрийн бараа, цахилгаан хэрэгсэл, барилгын материал, гэр ахуйн тавилгыг БНХАУ-ын Эрээн өртөөгөөс Амгалан өртөө, Замын-Үүд өртөөгөөс Амгалан өртөөний хооронд тээвэрлэхээр харилцан тохиролцсон тул Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1 дэх хэсэгт заасан тээвэрлэлтийн гэрээ талуудын хооронд байгуулагдсан байна.

2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн ТТГ/21/002 дугаар Тээвэрлэгчид үл харьяалагдах тээврийн хэрэгслийг тээвэрлэлтэд оролцуулах гэрээний 3.1.7-д хэрвээ өөрийн ашиглаж байгаа болон түрээсэлсэн салбар замд вагоноо хадгалаагүй бол зам ашиглалтын хөлсийг УБ-д мөрдөж буй тарифыг 3 дахин нэмэгдүүлсэн дүнгээр зардлыг төлнө гэсэн боловч нэхэмжлэгч нь Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын даргын 2019 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн А-361 дугаар тушаалын дагуу баталсан тарифын дагуу үндсэн тарифаар зам ашиглалтын төлбөрт 80,408,500 төгрөг нэхэмжилсэн тул талуудын хооронд байгуулсан гэрээ болон Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.2 дахь хэсэгт Зорчигч буюу ачаа, тээшийг тээвэрлэх нөхцөл, тээвэрлэлтийн талаар талуудын хүрээх хариуцлага нь хууль, хуульд нийцсэн тодорхой төрлийн тээврийн дүрмээр тодорхойлогдоно заасантай нийцжээ.

12. Иймд нэхэмжлэгч нь гэрээний үүргээ зөрчөөгүй, гэрээ хүчин төгөлдөр, хэрэгжүүлэх боломжтой, дуусгавар болоогүй байх тул 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн ТТГ/21/002 дугаартай Тээвэрлэгчид үл харьяалагдах тээврийн хэрэгслийг тээвэрлэлтэд оролцуулах гэрээний дагуу вагоны зам ашиглалтын хөлс 80,408,500 төгрөгийн төлбөрийг Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1 дэх хэсэгт заасны дагуу шаардах эрхтэй юм.

13. Мөн гэрээний 3.1.15-д Эзэмшигч нь төмөр замын тээвэрлэлттэй холбогдсон ажил үйлчилгээний хөлс хураамжийг УБТЗ-д мөрдөгдөж байгаа ачаа тээвэрлэлтийн тарифын мөрдлөгт заасан тарифаар төлөх бөгөөд дүрэм, журамд заасан хугацаанд нь төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй үнийн дүнгийн 0.5 хувьтай тэнцэх алдангийг УБТЗ-д төлнө гэж тохиролцсон байх бөгөөд уг тохиролцоо Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д заасантай нийцжээ.

14. Алдангийн хэмжээг вагонуудыг шилжүүлсэн хугацаа буюу 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдрөөс хойш нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл гүйцэтгээгүй үүрэг болох 80,408,500 төгрөгийн 0,5 хувиар тооцоход гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч байх ба нэхэмжлэгчээс алдангийн хэмжээг хууль болон гэрээнд заасан хэмжээгээр гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувь болох 40,204,500 төгрөг гаргуулахаар шаардах эрхтэй байна.

15. Иймд хариуцагч Б ХХК-иас тээвэрлэлтийн гэрээний үүрэгт 80,408,500 төгрөг, алданги 40,204,500 төгрөг, нийт 120,613,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замд олгох нь зүйтэй.

16. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаар нөхөн төлүүлэх үндэслэлтэй болжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б ХХК-иас тээвэрлэлтийн гэрээний үүрэгт 120,613,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч........УБ ТӨХК-д олгосугай.    

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 761,015 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдэж, хариуцагч Бомб ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 761,015 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч УБ ТӨХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гарсан өдрөөс хойш 14 хоногт гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      А.ЗҮМБЭРЭЛ